Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 00036

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 01 сарын 04 өдөр                        Дугаар 142/ШШ2017/00036                                     Орхон аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: “Эрдэнэт фүүдс” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1987 онд төрсөн, 29 настай эмэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг Зүүн дэнжийн 04 дүгээр гудамжны 22 тоотод оршин суух Сөрт овгийн Хатанбаатарын Жавхлантуяа /регистрийн дугаар ФЖ87082505/,

Хариуцагч: 1983 онд төрсөн,  33 настай эмэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг 2-23-148 тоотод оршин суух Махранз овгийн Рэнцэнгийн Байгалмаа /регистрийн дугаар ГЮ83102206/ нарт холбогдох дутагдуулсан гурилын үнэ 20 928 350 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Лхагва-Орлом, Л.Мөнхзаяа, Л.Хишигтогтох, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Энхтуяа, хариуцагч Р.Байгалмаа, Х.Жавхлантуяа, хариуцагч Х.Жавхлантуяагийн өмгөөлөгч Х.Оюунбат, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 “Нэхэмжлэгч “Эрдэнэт Фүүдс” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “2014 оны 07 дугаар сард “Эрдэнэт Фүүдс” ХХК-ийн гурилын үйлдвэр ашиглалтанд орж бэлэн бүтээгдэхүүн борлуулж эхэлсэн тул борлуулалтын ажилтанг байнгын албан тушаалд Хатанбаатар овогтой Жавхлантуяагтай 27/14 тоот хөдөлмөрийн гэрээ байгуулан борлуулагчийн албан тушаалд ажиллуулж эхэлсэн. Х.Жавхлантуяа нь 2014 оны 08 дугаар сараас 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 5 сарын хугацаанд нийт 1,337,63 тонн гурил борлуулж, 911 762 150 төгрөгийг бэлэн болон бэлэн бусаар байгууллагын санхүүд тушааж тооцоог тулгахад 20 928 350 төгрөгөөр зөрсөн... Дээрх зөрүүг Х.Жавхлантуяад 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр танилцуулж, холбогдох материалуудыг танилцуулахад ажилтан өөрийн гар тайлантай тулгаж үзээд 2014 оны 8, 9, 10 дугаар саруудын зөрүү болох 3 005 100 төгрөгийг хүлээн зөвшөөрч, харин 2014 оны 11, 12 дугаар саруудын борлуулалтын зөрүү болох 17 923 250 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй

байна.Иймд ажилтны гаргасан хүсэлтийг үндэслэн зөрүүг дахин нягтлан гэрээт хамгаалалтын “Бамбай харуул” ХХК-ийн бүртгэлийн дэвтэртэй тулган үзэхэд борлуулалт хийж бэлэн бүтээгдэхүүн гаргасан нь нотлогдсон. Хөдөлмөрийн гэрээний 7.2.2, эд хөрөнгийн хариуцлагын гэрээний 4.1, 4.2 дахьзаалтуудыг үндэслэн компанид учирсан хохирол болох нийт 20 928 350 төгрөгийн борлуулалтын орлогын зөрүүг Х.Жавхлантуяа, Р.Байгалмаа нараас төлүүлж байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ” гэжээ.

Хариуцагч Х.Жавхлантуяа шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие Х.Жавхлантуяа нь Эрдэнэт Фүүдс ХХК-нд 2014 оны 6 сард анх ажилд орсон билээ. 2015.03.31-ний өдрөөр жирэмсний амралт аваад одоо гэртээ хүүхдээ хараад байж байгаа. Гэтэл 2016 оны 4 сарын сүүлээр чам дээр өр гарлаа гээд дуудсан. Ингээд гайхаад яваад очтол надад шинэ тооцоогоор чамд 16.711.300 төгрөгний тооцоо гарч ирлээ гэсэн. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй гэтэл 6 ширхэг падаан үзүүлж үүнээс өр авлага гарсан, хүлээн зөвшөөрч төл гэсэн. Дээрх падааныг үзтэл данс тооцоо нь хэвийн орсон падаанууд байсан. Дээрх тооцоо баримтад тооцогдон орсон баримтууд болох нь тодорхой байсан. Дээрх баримтууд тооцоонд байгаа талаар шүүж гаргаж үзүүлж тайлбарлангуут, өөр падаан буюу миний нэр ус гарын үсэггүй падаануудыг гаргаж ирээд эдгээр падаанаас авлага өр үүсээд байна гэсэн. Ингээд дээрх падаан нь миний падаан биш болохыг тайлбарласан боловч чинийх л гээд дайраад байсан. Яагаад миний гарын үсэг байхгүй падааныг миний тооцоонд оруулж тооцоод байгааг нягтлан Мөнхзаяагаас асуухад би мэдэхгүй байна, Хуучин нягтлангууд программ шинэчлэхэд чиний нэр дээр шивэгдсэн байх, энэ талаар би мэдэх зүйл байхгүй, би программд шивэгдсэн баримт болон анхан шатны баримт шүүгээд өр гарч байгааг хэлж байна гэсэн ойлгомжгүй зүйлийг хэлж эхэлсэн. Мөн аудитын дүгнэлтээр тогтоогдож байгаа гэсэн. Ингээд хаанахын аудитын дүгнэлтээр тогтоогдоод байгаа талаар асууж, танилцах хүсэлт гаргахад, танилцуулах боломжгүй 2016 онд гарсан дүгнэлт байгаа гэсэн. 2014,2015 оны дотоод аудитын дүгнэлтээр надад ямар ч өр төлбөр гараагүй. Гэтэл 2016 онд программ шинэчилсэн чинь өр гараад байна гэсэн. Ийм ойлгомжгүй тайлбар надад хэлсэн учир энэ талаар гомдож, дарга Алтанхуягтай уулзахад учир нь олдох байх, хуучин нярав нягтлангаас асуу та нар хоорондоо учраа ол, нягтлан няравыг өөрөө дуудаж учраа ол, манай байгууллагаас гарсан учир бид дуудах боломжгүй гэх болсон. Хуучин нярав нягтлан Мөнх-Эрдэнэ, Байгальмаа нартай нь холбоо барихад байгууллага дээр очиж чадахгүй, ажлаа хүлээлгээд өгсөн ямар нэгэн өр төлбөр байгаагүй, одоо бидэнд хариулт хэлэх зүйлгүй гэсэн. Энэ талаар эргээд даргадаа хэлэхэд ямар ч байсан чамайг шүүхэд өгье тэгэхээр тэр нягтлан няравууд дуудагдаж очих байх тэгээд учир нь олдох байх гэсэн. Ийм байдлаар намайг шүүхэд өгч байгаа юм байна гэж ойлгож байна. Би байгууллагаас нэг төгрөг аваагүй, би тооцоогоо цаг бүрт хийж актаа үйлдэж байсан, мөн шаардлагатай баримтууд хуулбарлан авч, давхар хяналт тавьдаг байсан. Бүх баримтад би гарын үсгээ зурдаг байсан. Гарын үсэггүй нэг ч зарлага хийж байгаагүй. Дээрх байдлуудыг нотлох баримт нягтлан бүртгэлийн анхан шатны баримтуудаар нотлогдоно” гэжээ.

Хариуцагч Р.Байгалмаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа “Миний бие Р.Байгалмаа нь 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдөр “Эрдэнэт фүүдс” ХХК-нд бэлэн бүтээгдэхүүний няравын ажилд томилогдон ажилласан ажлын байрны тодорхойлолтын дагуу үйлдвэрийн агуулахад орлогод авсан бэлэн бүтээгдэхүүнийг Улаанбаатар хотын салбар агуулахад вагоноор ачуулах, бэоэн болон дараа тооцоогоор борлуулах мөн дотор борлуулалт болох борлуулалтыг менежерийн захиалгын дагуу гэрээт боруулалгчид руу бэлэн бүтээгдэхүүнээ ачуулан гаргадаг байсан. 2014 оын борлуулалтанд 33-48 ОРО гэсэн улсын дугаартай машинаар борлуулалт хийдэг байсан. Борлуулалтын машин өдөрт 3 рейс, сарын эцэс захиалга ихтэй үед өдөрт 5 удаагийн рейс хийн түгээлтэнд гардаг. Борлуулалтын менежер Жавхлантуяа тухайн өдөр ямар бараа материал гаргахаа урьдчилан надад мэдэгдээд түүнийг нь би өөрийн норогт тэмдэглэн аваад борлуулалтанд гаргадаг байсан. Падан бичилт орой нь хийж баталгаажуулан гарын үсгээ зуралцдаг байсан. 2014 оны 9 сараас анхүүгийн программд падан шивилт хийж эхэлсэн. Гаралт хийх болгонд программд шилит хийж амждаггүй, ажлын нөхцөл боломжгүй, техникийн саатал зэрэг зүйлс гарч падан шивэлтэнд орж хэвлэн гаргах боломжгүй үед тухайн өдрийн орой эсвэл маргааш нь хэлэн гаргадаг байсан. Энэ үед зарим нэг падан баримт борлуулалтын менежерт очоогүй тохиолдол гарах магадлалиай. Борлуулалтын менежер Жавхлантуяагийн тухайн сарын тооцоог 25-ны өдрөөр тасалбар болгон тооцоо нийлж, түүнээс хойших өдрийн борлуулалтыг дараа сарын борлуулалтанд оруулж тооцоо нийлдэг байсан. Агуулахаас гарсан тухайн борлуулалтын өдрүүдийн падан гаралтаа тулгасны дараа борлуулагч бэлэн бүтээгдэхүүний нягтлан бодогчтой өглөг авлагын тооцоогоо хийдэг байсан. Учир нь түүнээс хойш гарсан борлуулалт дараа сардаа ордог байсан тул сарын сүүлийн өдрөөр эсвэл дараа сарын 1-ний өдрөөр программд шивилт хийдэг байсан. Ийм процессийн үед зарим падан борлуулалтын менежер Жавхлантуяад очоогүй эсвэл гарын үсэг нь зурагдаагүй үлдсэн байж болно. Компаний нэхэмжлэлд дурьдагдсан 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31+-ний өдрийн хоорондох паданууд гарын үсэг зурагдаагүй болон борлуулалтын мененжер Жавхлантуяагийн тайланд тусгагдаагүй падан нь санхүүгийн албаны гарах зөвшөөрөл, Бамбай хамгаалалтын албаны бүртгэлийн дэвтэр, борлуулалтын машины жолооч /33-48ОРО/ хар дэвтэрт бүртгэгдсэн бөгөөд миний хариуцсан агуулахаас сар өдөр цаг хугацаатайгаа үйлдвэрийн хашаанаас гарч гэрээт борлуулагчдад хүргэн өгсөн нь нотлох баримтаар гэрчлэгдэж байгаа тул борлуулалтын авлагын зөрүү болох 20 928 350 төгрөг нь миний биед ямар ч хамааралгүй тул хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч “Эрдэнэт фүүдс” ХХК хариуцагч Х.Жавхлантуяа, Р.Байгалмаа нараас дутагдуулсан гурилын үнэ 20 928 350 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч “Эрдэнэт фүүдс” ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...хариуцагч Х.Жавхлантуяа нь “Эрдэнэт фүүдс” ХХК-д борлуулалтын менежерээр ажиллаж байхдаа 2014 оны 8-12 сард нийт 20 928 350 төгрөгийн бүтээгдэхүүн дутаасан.Энэ нь байгууллагын дотоодын аудитаар тогтоогдсон. Х.Жавхлантуяа энэ аудитаар тогтоогдсон дутагдалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа ч түүний байгууллагаас бүтээгдэхүүн авч гарсан нь “Бамбай” харуул хамгаалалтын бүртгэл, жолооч Г.Чинзаяагийн мэдүүлэг, хамгаалагч Б.Батхуяын мэдүүлгээр нотлогдож байгаа.Мөн Х.Жавхлантуяагийн дансанд гурилын үнэ гэж шилжиж орж ирсэн мөнгөнүүд нь дандаа манай бүтээгдэхүүний үнэ гэж үзэж байгаа. Иймд Х.Жавхлантуяагаас 13 746 000 төгрөгийг нэхэмжилж байгаа.

Харин Р.Байгалмаа нь бараа борлуулалтын падаан дээр гарын үсэг зураагүй учраас түүнийг ажилдаа хариуцлагагүй хандсан, түүний энэ үйлдэлээс байгууллагад хохирол учирсан гэж үзэж хариуцагч Р.Байгалмаа, Х.Жавхлантуяа нараас 7 182 350 төгрөг нэхэмжилж байна” гэж тайлбарлаж байгаа.

Хариуцагч Р.Байгалмаа, Х.Жавхлантуяа нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа.

Хариуцагч Х.Жавхлантуяа нь 2014 оны 06 сараас 2015 оны 03 дугаар сарын 31 хүртэл борлуулалтын менежерээр, Р.Байгалмаа нь 2014 оны 08 дугаар сараас 2015 оны 06 сар хүртэл бэлэн бүтээгдэхүүний няраваар “Эрдэнэт фүүдс” ХХК-нд ажиллаж байсан нь зохигчдын тайлбар, хөдөлмөрийн гэрээ, ажилд авах тухай тушаалуудаар тогтоогдож байгаа.

Нэхэмжлэгч анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагч Х.Жавхлантуяа 20 928 350 төгрөгийн гурилын үнийг байгууллагад тушаагаагүй гэж түүнээс нэхэмжилж байсанаа хариуцагчаар Р.Байгалмааг нэмж татах хүсэлт гаргасны дагуу шүүх Р.Байгалмааг хамтран хариуцагчаар татан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж хариуцагч Х.Жавхлантуяагаас 7 115 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Эрдэнэт фүүдс” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 13 813 350 төгрөгийг, мөн хариуцагч Р.Байгалмаад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Үндэслэл нь  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэж буй 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн “...авлага өглөгийн тулган баталгаажуулалт хийсэн ажлын тайлан”, 2014 оны 12 дугаар сарын 27-30-ны хооронд бэлэн бүтээгдэхүүний агуулахаас борлуулахаас авч гаргасан бүтээгдэхүүний тулгалт, 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 15/16 тоот “Нүүдэлчин групп” ХХК-ийн ТУЗ-ийн дэргэдэх аудитын хорооны Х.Жавхлантуяагийн авлагын тайланг баталгаажуулсан тухай шийдвэр зэрэг баримтууд нь зөвхөн нэхэмжлэгч талын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан тооцоо байх ба дээрхи тайланг үндэслэн хариуцагч нараас төлбөр гаргах үндэслэлгүй гэж үзсэн.

Мөн борлуулалтын урамшуулал, хөнгөлөлт олгох тухай 71, 200 тоот, борлуулалтын урамшуулалд өөрчлөлт оруулах тухай 142 тоот, бүтээгдэхүүний үнийг шинэчлэн тогтоох тухай 150 тоот, үнийн хөнгөлөлт олгох тухай 184 тоот тушаалууд нь хэрэгт хамааралгүй гэж үзэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд “...Х.Жавхлантуяа 2014 оны 08 сард 1 644 750 төгрөг, 2014 оны 09 сард 3 730 250 төгрөг, 2014 оны 11 дүгээр сард 19 716 950 төгрөг нийт 25 019 950 төгрөгийн гурилын үнийг байгууллагад тушаагаагүй дутагдуулснаас 2014 оны 10 дугаар сард 2 369 900 төгрөг, 2014 оны 12 дугаар сард 1 793 700  төгрөгийг байгууллагад тушаасан тул үлдэх 20 928 350 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжилнэ” гэсэн тайлбар гаргасан.

“Эрдэнэт фүүдс” ХХК нь хариуцагч Х.Жавхлантуяа Р.Байгалмаа нараас 20 928 350 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч хэнээс нь хэдэн төгрөг нэхэмжилж байгаагаа тодорхойлоогүй, харин шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад Х.Жавхлантуяагаас 13 746 000 төгрөг, хариуцагч Р.Байгалмаа, Х.Жавхлантуяа нараас 7 182 350 төгрөг нэхэмжилж байна гэж тайлбарласан.

Нэхэмжлэгч хариуцагч Х.Жавхлантуяаг “...2014 оны 08 сард 1 644 750 төгрөг, 2014 оны 09 дүгээр сард 3 730 250 төгрөг, 2014 оны 11 сард 19 716 950 төгрөгийн гурилын үнийг өөртөө ашигласан гэж тайлбарлаж байгаа боловч дээрхи тайлбартайгаа холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй.

Тухайлбал нэхэмжлэгч хариуцагч Х.Жавхлантуяад 2014 оны 08-12 дугаар сарын хооронд нийт 932 690 500 төгрөгийн гурил хүлээлгэн өгсөн болохоо, Х.Жавхлантуяа 932 690 500 төгрөгийн гурилыг үйлдвэрээс гаргаж, зарж борлуулан өөртөө 20 928 350 төгрөгийн ашиг олсон гэсэн тайлбараа нотлоогүй.

Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн “Бамбай” харуул хамгаалалтын бүртгэлээр Х.Жавхлантуяа хэдэн кг гурил гаргасан нь тодорхойгүй, Х.Жавхлантуяа гарын үсэг зураагүй байх тул уг баримтыг үндэслэн Х.Жавхлантуяаг 20 928 350 төгрөгийн гурил дутаасан гэж үзэх боломжгүй.

Түүнчлэн нэхэмжлэгчийн хариуцагч нарыг буруутгаж байгаа барааны борлуулалтын падаанууд нь гарын үсэг зурагдаагүй, хэн авсан нь тодорхойгүй байх тул дээрхи баримтуудыг үндэслэн хариуцагч нараас төлбөр гаргах үндэслэлгүй гэж үзлээ.

Харин хариуцагч Х.Жавхлантуяагийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр “Цагаан Алт” ХХК-иас гурилын үнэ гэж шилжин орж ирсэн 5 000 000 төгрөг, Д.Даваа / 1 100 000 ₮/ , М.Солонго / 200 000 ₮/ , Л.Норовсамба / 815 000 ₮ / нараас Х.Жавхлантуяад шилжиж ирсэн гурилын үнэ 7 115 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэстэй гэж үзлээ.

Учир нь хэдийгээр нэхэмжлэгч хариуцагч Х.Жавхлантуяаг 20 928 350 төгрөгийн гурил дутагдуулсаныг нотолж чадаагүй боловч хариуцагч түүний дансанд гурилын үнэ гэж “Цагаан Алт” ХХК-иас шилжүүлсэн 5 000 000 төгрөгийг “...нөхөр маань “Эрдэнэт фүүдс” ХХК-нд гэрээгээр ажилласан.Тээврийн хөлсөнд “Эрдэнэт фүүдс” ХХК-иас гурил авсан.Энэ гурилыг би “Цагаан Алт” ХХК-д зарсан.Энэ 5 000 000 төгрөг бол “Эрдэнэт фүүдс” ХХК-ийн гурилын үнэ биш” гэсэн тайлбараа нотлох баримт ирүүлээгүй.

Мөн Л.Норовсамба шүүхэд “...миний бие 2014 оны 07 дугаар сараас эхлэн одоог хүртэл “Эрдэнэт фүүдс” ХХК-ийн гэрээт борлуулагчаар ажиллаж байна.Би төлөлтийг 5090415945 тоот дансаар 99364191 дугаарын утаснаас хийдэг”, Д.Даваа “...миний бие 2014 оны 07 дугаар сарын 01-нээс “Эрдэнэт фүүдс” ХХК-ийн гэрээт борлуулагчаар ажиллаж байна.Төлбөрөө 99364918 дугаарын утаснаас мөн, Хаан банкны 5094271464 тоот данснаас төлдөг”, М.Солонго “...миний бие 2014 оны 07 дугаар сараас эхлэн одоог хүртэл “Эрдэнэт фүүдс” ХХК-ийн гэрээт борлуулагчаар ажиллаж байна.Би төлөлтийг 5090456754 тоот дансаар 99367521 дугаарын утаснаас хийдэг” гэсэн тодорхойлолт гаргаж нотариатаар баталгаажуулан ирүүлсэн.

Д.Даваа, М.Солонго, Л.Норовсамба нарын тодорхойлолтод дурьдагдсан дансны дугаар, утасны дугаараас хариуцагч Х.Жавхлантуяагийн дансанд мөнгө шилжиж орж ирсэн нь хариуцагч Х.Жавхлантуяагийн депозит дансны хуулгатай тохирч байх тул дээрхи хүмүүсээс Х.Жавхлантуяад шилжүүлсэн төлбөрийг “Эрдэнэт фүүдс” ХХК-ийн гурилын үнэ гэж үзэж буй нэхэмжлэгчийн тайлбар үндэстэй гэж үзсэн.

            Нэхэмжлэгч хариуцагч Х.Жавхлантуяагийн дансанд харилцагчидаас шилжиж орж ирсэн нийт 14 186 300 / өег 440 000, бусад 13 746 300 / төгрөг бүгд “Эрдэнэт фүүдс” ХХК-ийн гурилын үнэ гэж тайлбарлаж байгаа боловч дээрхи харилцагч нараас орж ирсэн мөнгөний утгыг гурилын үнэ гэж бичээгүй, бусад эх сурвалжаар давхар нотлогдоогүй учраас  Х.Жавхлантуяагийн дансанд орж ирсэн бүх мөнгийг гурилын үнэ гэж дүгнэх нь үндэслэлгүй юм.

Иймд хариуцагч Х.Жавхлантуяагаас 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр “Цагаан Алт” ХХК-иас гурилын үнэ гэж түүний дансанд шилжин орж ирсэн 5 000 000 төгрөг, Д.Даваа, М.Солонго, Л.Норовсамба нараас шилжүүлсэн гурилын үнэ 2 115 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож нэхэмжлэлийн шаардлагаас 13 813 350 төгрөгийг, хариуцагч Р.Байгалмаа Х.Жавхлантуяагаар борлуулалтын падаанд гарын үсэг зуруулаагүй нь түүнийг гурил дутаасан, “Эрдэнэт фүүдс” ХХК-ийн эзэмшлийн гурилыг санаатай, дур мэдэн авч ашиглан ашиг орлого олж үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэл биш гэж үзэж түүнд холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэлийг хэсэгчлэн хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 262 600 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Х.Жавхлантуяагаас 128 790 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1, 495.2-д заасныг баримтлан хариуцагч Х.Жавхлантуяагаас 7 115 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Эрдэнэт фүүдс” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 13 813 350 төгрөг, хариуцагч Р.Байгалмаад холбогдох хэсгийг  тус тус хэрэгсэхгүй болгосугай. 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 262 600 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Х.Жавхлантуяагаас 128 790 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Эрдэнэт фүүдс” ХХК-нд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй  болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Р.ҮҮРИЙНТУЯА