Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 14

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Нямдаваа

            Улсын яллагч М.Мэндбаяр

            Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Мэндбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Б.Б холбогдох 2040000000012 тоот эрүүгийн хэргийг 2020 оны 03 сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Төв аймгийн Баянцогт суманд төрсөн, яс үндэс халх, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ковшны оператор мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3-р багт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 05 сарын 25-ны өдрийн 211 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах, мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хөнгөн ялыг хүндэд нь багтааж оногдуулсан ялыг 1 жилийн хугацаагаар хянан харгалзах ялаар шийтгүүлж байсан, Б.Б

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 02 сарын 06-ны орой 00 цаг 30 минутын орчимд гэртээ согтуугаар хамтран амьдрагч П.О зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

Т О Д О Р Х О Й Л О Х нь:

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Хохирогч П.О 2020 оны 02-р сарын 14-ний өдөр өгсөн: “Би Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд 2 хүүхэд, хамтран амьдрагч Б.Б нарын хамт амьдардаг юм. 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр намайг гэртээ ганцаараа байж байхад хамтран амьдрагч Б.Б нь оройн 19 цагийн орчимд гаднаас нилээн согтуу орж ирээд хэнээс юу гээд сонссон юм мэдэхгүй “Чи ямар олон юм солиордог юм” гээд миний өмсөж байсан цамцны захнаас зүүн гараараа зуурч байгаад баруун гараа атгаж байгаад миний нүүрэн тус газар 3-4 удаа цохиход миний уруулнаас цус гарч, толгой тархи хөндүүр болоод би гэрийн баруун талд байх орон дээр суусан. Тэгсэн Б.Б миний цамцны захнаас гараа тавьж гэрийн зүүн талд байх ширээний дэргэд байсан шар өнгийн модон сандлаар миний баруун талын хөл нь тус газар 2 удаа цохиход уг сандал нь салаад эвдэрчихсэн. Тэгэхээр нь “Чи юу гээд солиороод байгаа юм гар” гэж хэлээд гэрээс хөөж гаргасан. Ингээд Б.Б гарахад нь би цагдаагийн байгууллагад “хүнд зодуулчихлаа” гэсэн дуудлага өгсөн. Ингээд би дуудлага өгчихөөд эмнэлэгт очиж Гантулга эмчид үзүүлэхэд миний уруул гадна хэсэгтээ сэтэрчихсэн байсан тул 1 оёдол тавиулсан. Намайг эмнэлэг дээр байхад цагдаа нар ирсэн. Энэ үед Б.Б  намайг эмнэлэг явсныг мэдээд миний хойноос ирсэн байсан. Тэгсэн цагдаа нар аваад явчихсан. Тухайн үед ийм л зүйл болж өнгөрсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8/

-Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 02 сарын 07-ны өдрийн №12 тоот: 

1.П.О биед дээд уруулын язарсан шарх, духны зүүн хэсэг, зүүн хацарын төвгөр хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын зүүн хажуу хэсгийн зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

            2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

            3.Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

                        4.Цаашид дээрх гэмтэл нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

            5.Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 12-13/,   

            -Яллагдагч Б.Б ын 2020 оны 02-р сарын 14-ний өдөр өгсөн: “Би Улаанбаатар хотын Багахангай дүүрэгт ээж болон охины хамтаар амьдардаг байж байгаад 2019 оны 04 дүгээр сард Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд эртний танил болох О  холбогдож байгаад ажил хөдөлмөр эрхлэх гэж ирсэн. Ингээд Бор-Өндөрт ирэхэд О нь 2 хүүхдийн хамтаар амьдарч байсан. Манай эхнэр олон жилийн өмнө нас барсан байсан учир О бид 2 хайр сэтгэлийн холбоо үүсгэж хамтран амьдарч эхэлсэн юм. Би архи согтууруулах ундааны зүйл нээх хэрэглээд байдаггүй, хааяа л найз нөхдийн хүрээнд уудаг юм. 2020 оны 02 дугаар сарын 06-ны өглөө О бид 2 хамт ажилдаа явсан юм. Бид 2 Бор-Өндөр сумын урд байх гаалийн талбай дээр хамт ажилладаг юм. Ингээд ажилдаа очоод байж байхад миний ашиглаж байсан хөдөлмөрийн багаж маань хугарахад хамт ажилладаг С гэх ах надад “Манай хүргэн гагнуур хийж байгаа, би гагнуулаад өгье” гэхээр нь С ах бид 2 хамт хүргэнийх нь гэр рүү эвдэрсэн багажаа аваад явсан. Ингээд бид 2 хугарсан багажаа гагнуулж дуусаад буцаж ажил руугаа алхаж явахдаа би дэлгүүрээс 0.5 литрийн хараа гэх нэртэй архинаас 1 шилийг аваад “Баярласан шүү ах” гээд С ахад өгсөн. Ингээд бид 2 авто вокзалын урд гарч уг архиа хувааж уусан. Ингээд бид 2 архиа ууж дуусаад гаалийн талбай орж С ах бид 2 өөр өөрсдийн ажлын талбай руугаа явцгаасан. Ингээд архи уусан байсан учир ажил хийх сонирхолгүй болоод дахин архи уумаар санагдаад хамт ажилладаг залуу болох Б  гэгчээс 10.000 төгрөг зээлээд буцаж сумын төв рүү алхаж ирээд Уурхайчин гэх дэлгүүрээс 0.5 литрийн архи 1 шилийг авч гаалийн хойд талд байх овооны дэргэд сууж байгаад ганцаараа уусан юм. Ингээд л би цаашаа юу болсон эсэхийг санахгүй байгаа юм. Нэг сэргэхэд О  төрсөн дүү Г  гэрт сэрсэн. Ингээд би тэдний гэрээс гараад гэр рүүгээ явсан. Би салхинд цохиулсан бололтой буцаж тасараад Г  гэрээс хаашаа явсанаа санахгүй байгаа юм. Нэг сэргэхэд цагдаагийн хэлтэс дээр ирчихсэн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/ 

-Хохирогч П.О : “Миний бие ямар нэгэн гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй” гэх хүсэлт /хх-ийн 51/

                        -Шүүгдэгч Б.Б ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би П.О цохьсон нь үнэн. Гэмт хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох тухайд:

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэвэл:

Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 02 сарын 06-ны орой 00 цаг 30 минутын орчимд Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар баг Говийн 5-4 тоотод буюу гэртээ согтуугаар хамтран амьдрагч хохирогч П.О-ийг зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч П.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Б.Б ын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 02 сарын 07-ны өдрийн №12 тоот шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна.  

            Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2 дахь хэсгийн 2.4.1-д “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан” гэж тодорхойлжээ. Шүүх эмнэлгийн шинжээч эмч дээрх шалгуур шинжийг үндэслэн П.О бие махбодид учирсан гэмтлийг “хөнгөн” зэрэгт тооцсон нь үндэслэлтэй байх бөгөөд улсын яллагч, шүүгдэгч нарын зүгээс хүсэлт гаргаагүй тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явууллаа.

Хэрэгт авагдсан Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 02 сарын 07-ны өдрийн №12 тоот шинжээчийн дүгнэлтээр хохирогч П.О биед хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогдсон байна.

  Хэнтий  аймгийн  Бор-Өндөр  сум  дахь  Сум  дундын  Прокурорын  газрын

хяналтын прокуророос шүүгдэгч Б.Б од холбогдох эрүүгийн хэргийг зүйлчлэн ирүүлсэн Эрүүгийн хуулийн зүйл, заалт тохирсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Гэмт хэрэг үйлдэхэд шүүгдэгч Б.Б ын хууль бус, зүй бус үйлдэл, архидан согтуурсан, хувийн таарамжгүй харилцаа нь нөлөөлсөн байна.

   Хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.   

Шүүгдэгч Б.Б-д холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг байх бөгөөд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ойлгон, хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Б нь “өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан” байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг өмгөөлөгч оролцуулахгүйгээр хянан шийдвэрлэсэн болно.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар

Гэмт  хэргийн улмаас хохирогч П.О биед хөнгөн хохирол учирсан нь тогтоогдсон байна.

Хохирогч П.О нь “гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлгийг өгсөн байх тул шүүгдэгч Б.Б нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухайд:

Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлгээр тогтоогдож байгаа мөн улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлттэй нийцэж байна.

Шүүгдэгч Б.Б од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал”, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” тогтоогдоогүй болно. 

Шүүгдэгч Б.Б нь гэмт хэргийг согтуугаар үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Б ын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч П.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Б нь урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 05 сарын 25-ны өдрийн 211 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах, мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хөнгөн ялыг хүндэд нь багтааж, оногдуулсан ялыг 1 жилийн хугацаагаар хянан харгалзах ялаар шийтгүүлж байсан нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбараар тогтоогдож байна. /хх-ийн 24, 42-45/

Дээрх бүх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Б.Б од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас 500 нэгж буюу 500000 төгрөгөөр торгох ялыг сонгон хэрэглэж, улсын яллагчийн санал болгосон хэмжээгээр оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Б ын эрхэлсэн ажил, сарын орлого, торгох ялын хэмжээ зэргийг харгалзан үзээд шүүхээс түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл,

36.1 дүгээр зүйл, 36.2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10,

36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 Т О Г Т О О Х нь: 

 

          1.Шүүгдэгч Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

   2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Их монгол овогт Батсүхийн Б.Б 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.  

  3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б од оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 03 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

          4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

              5.Шүүгдэгч Б.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

              6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5

дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн авсугай.

              7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.    

  8.Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   М.ЭНХМАНДАХ