Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 293

 

 

 

 

 

 

 2020        04          13                                   2020/ШЦТ/293

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр, 

улсын яллагч Г.Анармөнх,

  шүүгдэгч А.Б  /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Домч овгийн А.Б д холбогдох эрүүгийн 2011000000304 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Домч овгийн А.Б , 1997 оны 2 дугаар сарын 1-ний өдөр Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, газрын тосны инженер мэргэжилтэй, Сүхбаатар дүүргийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн хэлтэст мэргэжилтнээр ажилладаг, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, “Чимэг төв” байрны 4 давхарт түр оршин суух хаягтай /Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын 5 дугаар баг, Сайн уст гэх газарт оршин суух бүртгэлтэй/, ял шийтгэлгүй, регистрийн дугаар

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч А.Б  нь 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 63-845 тоотод иргэн Б.Пүрэвтэй “хэл амаар доромжиллоо” гэх шалтгааны улмаас маргалдан, улмаар баруун хацар, дагзанд нь гар болон чулуугаар тус бүр нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч А.Б  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 4/,

Хохирогч Б.Пүрэв нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:  “...Батжаргал намайг хэл амаар доромжлоод байхаар нь би босоод бид хоёр гэрээс нь гараад маргалдаад би түүнээс хожсон 30.000 төгрөгийг чинь өгье гэхэд би авахгүй гээд аваагүй ба бид хоёр барилцаж авах үед Есөнтөмөр гарч ирээд болиулаад бид нар гэрт орсон. Тэгээд гэрт ороод байж байгаад Батжаргал 06 цагийн орчим гараад явсан ба бид нарыг газар унтаж байтал 07.30 цагийн орчим Батжаргал миний нүүрний баруун хэсэг болон мөр орчим цохихоор нь эргээд доошоо харахад хойноос толгой руу чулуугаар цохисон. ...Миний толгойноос цус гараад бие рүү урсахаар нь гэрээс гарахад Батжаргал хамт ирсэн хоёр залуугийнхаа хамт гарч гүйгээд яваад өгсөн. ...Миний толгой ар хэсэгтээ хагарсан, нүүрний баруун хэсэгт шалбарсан, мөн хавдсан зэрэг гэмтэл учирсан...” гэх мэдүүлэг /хх 8-9/,

Гэрч Г.Есөнтөмөр нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Батжаргал, Пүрэв хоёр хоорондоо маргалдаад, гадаа гараад барилцаад, заамдалцаад авахаар нь би гарч салгаад гэрт ороод унтсан. Унтаж байгаад сэрэхэд Пүрэв гэрээс гараад явчихсан байсан. Тэгээд Пүрэв удалгүй орж ирэхээр нь харахад хацар нь шалбараад, толгой нь хагараад цус гарчихсан байсан. Ийм зүйл болсон бөгөөд яасан талаар нь асуухад Батжаргал орж ирээд чулуугаар цохичихсон гэж хэлсэн. ...Намайг унтаж байхад цохисон гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх 11/,

Гэрч М.Лхагвадорж нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Пүрэвийн араас гарахад Пүрэв өөрөө ороод ирсэн. Түүний толгой нь ар талдаа хагарчихсан, нүүрний баруун талд шалбараад хавдчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх 12/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 3850 дугаар дүгнэлтэд: “...Б.Пүрэвийн биед баруун хацар, дагзанд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх 16-17/,

Шүүгдэгч А.Б  нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Пүрэв надруу мөнгө төгрөг шидээд, зайл одоо гэх мэтээр хэл амаар доромжлоод байсан. ...үүдэнд байсан чулууг авч гартаа бариад ороход Пүрэв газар унтаж байхаар нь эхлээд гараараа цохиход босоод ирсэн тэгэхээр нь толгойных нь хэсэгт чулуугаараа нэг цохиход доошоо тонгойгоод тэр чигтээ гэрээс гараад яваад өгсөн ...Өөрийн буруугаа ойлгож, үйлдсэн хэрэгтээ харамсаж байна...” гэх мэдүүлэг /хх 22-23/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 25/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 26/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 28/, шүүгдэгч А.Б ын хувийн байдлыг тодорхойлох баримт /хх 24, 27/, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 77 дүгээр тогтоол /хх 34/, шүүгдэгч А.Б ын гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 32/, хохирогч Б.Пүрэвийн гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 31/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч А.Б  нь 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 63-845 тоотод иргэн Б.Пүрэвтэй “хэл амаар доромжиллоо” гэх шалтгааны улмаас маргалдан, улмаар баруун хацар, дагзанд нь гар болон чулуугаар тус бүр нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 4/, хохирогч Б.Пүрэвийн “...Батжаргал миний нүүрний баруун хэсэг болон мөр орчим цохихоор нь эргээд доошоо харахад хойноос толгой руу чулуугаар цохисон. ...Миний толгойноос цус гараад бие рүү урсахаар нь гэрээс гарахад Батжаргал хамт ирсэн хоёр залуугийнхаа хамт гарч гүйгээд яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх 8-9/, гэрч Г.Есөнтөмөрийн “...Тэгээд Пүрэв удалгүй орж ирэхээр нь харахад хацар нь шалбараад, толгой нь хагараад цус гарчихсан байсан. Ийм зүйл болсон бөгөөд яасан талаар нь асуухад Батжаргал орж ирээд чулуугаар цохичихсон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх 11/, гэрч М.Лхагвадоржийн “...Пүрэвийн араас гарахад Пүрэв өөрөө ороод ирсэн. Түүний толгой нь ар талдаа хагарчихсан, нүүрний баруун талд шалбараад хавдчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх 12/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 3850 дугаар дүгнэлт /хх 16-17/, шүүгдэгч А.Б ын “...Пүрэв газар унтаж байхаар нь эхлээд гараараа цохиход босоод ирсэн тэгэхээр нь толгойных нь хэсэгт чулуугаараа нэг цохиход доошоо тонгойгоод тэр чигтээ гэрээс гараад яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх 22-23/,  зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Хохирогч Б.Пүрэв нь “...Миний бие А.Б д ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгч А.Б  нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Иймд шүүх шүүгдэгч А.Б ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгчийн улсын яллагчтай тохиролцсоноор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгийн торгох ял шийтгэв.

Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх, болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б д оногдуулсан торгох ялыг түүний цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн хугацаанд төлөхөөр тогтоож, уг торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Шүүгдэгч А.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Домч овгийн А.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5. Шүүгдэгч А.Б  нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Б д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.ХАЛИУН