| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2019/0203/Э |
| Дугаар | 212 |
| Огноо | 2019-02-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Ариунтуяа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 212
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,
улсын яллагч Ц.Ариунтуяа,
хохирогч, шүүгдэгч Д.Б.............л,
хохирогч, шүүгдэгч Б.Ц.............ш нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:
- Зээрдүүд овогт Д.............нгийн Б.............лыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан,
- Тайжнар овогт Балчингийн Ц.............шыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808 0297 01467 дугаартай 1 хавтаст хэргийг 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Зээрдүүд овогт Д.............нгийн Б.............л, Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Дарьганга суманд 1975 оны 3 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, эмэгтэй, 44 настай, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт .........................., урьд
- Дүүргийн Эрүүгийн хэргийх анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 412 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 960.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлснийг, Монгол Улсын дээд шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 269 дугаар тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т заасан үндэслэлээр холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
2. Тайжнар овогт Балчингийн Ц.............ш, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1956 оны 8 дугаар сарын 10-ны төрсөн, 63 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, автын цахилгаанчин мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт байдаг, ам бүл 4, нөхөр, хүүхдийн хамт .................................
Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)
Яллагдагч Зээрдүүд овогт Д.............нгийн Б.............л нь 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хилчин хотхоны талбай дээр “урилга өгсөнгүй гэх” шалтгааны улмаас иргэн, Б.Ц.............шийн баруун нүд рүү нь гараараа цохиж, түүний эрүүл мэндэд баруун нүдний доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод зовхины зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан,
Яллагдагч Тайж нар овогт Балчингийн Цэн-Аюуш нь 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “урилга нэхлээ гэх” шалтгааны улмаас иргэн Д.Б.............лын нүүрэн тус газар нь цохиж, зодож түүний эрүүл мэндэд хамрын таславчийн мурийлт, хамарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нар мэдүүлэхдээ
1. Д.Б.............л
- Шүүгдэгчээр өгсөн: “...2018 оны 6 дугаар сарын 8-ны өдөр 3 хүүхдээ дагуулаад Ардчилсан намын уулзалт зохиож байгаа гээд цэргийн ангиас Хилчин хүртэл алхаад их халууцсан явж байсан. Намайг очиход хүн болгонд сугалаа өгсөн байсан. Сугалаа тарааж байгаа хүмүүс дээр очоод сугалаа байна уу, гэж асуухад нэг охин сугалаа байхгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би хажууд байгаа хүмүүс олон сугалаа барьсан байна. Яагаад нэг хүн сугалааг олноор барьсан байгаа юм бэ гэхэд нэг хүн ирээд “энэ хүн юу асуусан юм бэ” гэсэн чинь сугалаа асуусан гэсэн чинь тэр хүн сугалаа авч чадаагүй бол “хохино гичий минь” гэж олон янзаар доромжилсон. Шүүгдэгчээр өгсөн мэдүүлгийг дутуу өгсөн юм шиг байна. Би хувь хүний хувьд мөрдөх ажиллагаа дутуу явагдсан гэж санагдаж байна. Би шударга болохоор миний өгсөн мэдүүлэг шударга байгаа. Би урьд нь бас хүнд гүтгүүлээд алдаж, хэлмэгдэж байсан. Энэ удаа хэлмэгдэхгүй гэж бодож байна... “гэв.
- Хохирогчоор өгсөн: “...2018 оны 6 дугаар сарын 8-ны өдөр Ардчилсан намын өдөрлөг дээр очсон. Тухайн өдөр зайрмаг тарааснаас болж маргаагүй. Хувь хүмүүс биш, нам ард түмнийг цуглуулсан болохоор тэр өдөрлөг дээр очсон. Бие биенээ хүндэтгэх хэрэгтэй. Намайг хүүхдээ авч явж байгаа, эх хүн гэж хараагүй, нохой шиг харсан гэж цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Надад нэхэмжилж байгаа зүйл байхгүй, одоо өвдөж зовоод байгаа юм байхгүй. Миний хамар мурийсан байгаа үзүүлж харуулах байх. Ц.............ш миний нүүр рүү хэд хэдэн удаа цохисон...” гэв.
2. Б.Ц.............ш
- Шүүгдэгчээр өгсөн: “... 2018 оны 6 дугаар сарын 8-ны өдөр өдөрлөг болно гээд манай охин урилга өгсөн. Тэр өдөрлөгт зээ охин Болороо сугалааг нугалж байсан. Манай охинтой Ц.............ш хэрэлдэж охиныг маань биеэ худалдаж ажил хийж байгаа гэж хэлсэн. Охиныг маань олон хүн дотор арай дэндүү хэлж байсан. Би Д.Б.............лыг “гичий нохой” гэж хэлээгүй, цагдаа ирээд салгасан. Тухайн үед “Тесо” компани зайрмаг тарааж байсан. Би айлын тэрэгтэй хүүхэд хараад зогсож байсан. Б.............л ирээд дахиад хэрүүл хийгээд намайг цохисон. Би цагдаа дуудсан. Би таяг тулдаг болоод 2 жил болж байна. Би ерөөсөө Б.............лтай зууралдаагүй. Цагдаа ирэхээр нь энэ хүүхнийг цааш салгахгүй яасан юм бэ гэсэн чинь та хэлтэс дээр өргөдөл гаргаж болно гэж хэлсэн. Д.Б.............л нь хөхний сүүний хараал хийнэ гэж миний нүүр рүү хөхний сүүгээ цацаж байсан...” гэв.
- Хохирогчоор өгсөн: “...Би Б.............лтай хэрэлдээгүй. Б.............л намайг цохисон. Одоо гомдол байхгүй. Томографикт үзүүлсэн 120.000 төгрөгийг нэхэмжилж байна. Б.............л нь дараа хүнийг элдэв бусаар доромжилж болохгүйг ойлгох байх...” гэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:
1. Хохирогч Б.Ц.............шийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 15 цагт Хилчин хотхоны голын талбайд Ардчилсан намын өдөрлөг болсон бөгөөд тэр өдөрлөгт манай хүүхдүүд бүгд очсон. Манай охин У.............р Ардчилсан намын 7-р үүрийн нарийн бичгийг даргаар ажилладаг бөгөөд тухайн өдөрлөг дээр урилга тараасан, тэр нь сугалаатай байсан юм. Тухайн өдөр манай охин У.............р, М.............л нар сугалааны хайрцагны хажууд зогсож байсан бөгөөд нэг танихгүй эмэгтэй ирээд манай хоёр охинтой хэрүүл хийгээд байхаар нь би очоод “энэ эмэгтэй яагаад байгаан” гэж асуусан чинь “урилга нэхээд байгаа юм” гэж хэлсэн бөгөөд манай охин тэр хүнд “урилга авч чадаагүй бол хохино” гээд хэлчихсэн юм байна лээ. Тэгтэл тэр эмэгтэй уурлаад орилоод байсан бөгөөд над дээр ирээд хэрүүл хийгээд байхаар нь би тэр эмэгтэйд “чи хэрэлддэг хүнтэйгээ хэрэлд, надад хамаа байхгүй. Чи цаашаа зайл” гээд хэлчихсэн чинь тэр эмэгтэй миний нүд рүү цохисон бөгөөд миний нүд рүү юугаар цохисон талаар мэдээгүй тэгээд цагдаа нар хүрээд ирсэн юм...Д.Б.............лыг зодож цохиогүй бөгөөд намайг цохино гэж бодоогүй байж байтал миний нүд рүү цохисон бөгөөд Б.............л гэгч миний нүд рүү гараараа нэг удаа цохисон өөр зүйл болоогүй бөгөөд манай охин Уланбаяртай тэр эмэгтэй бие биенийхээ үснээс зулгаалцсан юм шиг байна лээ би байгаагүй болохоор мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-21)
2. Хохирогч Д.Б.............лын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 06-р сарын 07-ны өдөр манай хүүхэд гадаа явж байхад нь нэг хүн Ардчилсан намаас зохион байгуулж байгаа Монголоо сонсьё гэсэн сэдэвт өдөрлөгийн урилга өгсөн байсан бөгөөд маргааш нь буюу 2018 оны 06-р сарын 08-ны өдөр би уг өдөрлөгт гурван хүүхдийн хамт очсон бөгөөд би нэг газар зогсож байтал хажуугаар хүмүүс гартаа олон тооны урилга барьчихсан байсан. Тэгэхээр нь би сугалааг нь хийж байгаа охин дээр очоод ахиад урилга байгаа юу, гэж асуусан чинь байхгүй гэсэн. Тэгэхээр нь би тэр охинд яагаад зарим хүмүүс нь арав хориор нь барьчихсан байгаа юм бэ, гэж хэлээд эргэсэн чинь нэг эмэгтэй ирээд юу асуусан юм бэ? гэж хэлтэл нөгөө охин тэр хүнд юм хэлж байгаа байсан. Тэгээд нөгөө эмэгтэй надаас юу асуусан юм бэ гэхээр нь зарим нь яахаараа урилга олноор нь барьчихдаг юм бэ? гэж хэлтэл нөгөө эмэгтэй “чи авч чадаагүй бол хохь чинь зайлаач, халтайсан гичий минь” гэх зэргээр хэл амаар доромжилсон бөгөөд маргалдаж байгаад эргээд явсан. Тэгтэл нэг хүүхдийн тэрэгний хажууд зогсож байсан хөгшин эмэгтэй намайг “чи шар хадны муу гичий минь зайлаач” гэж хэлсэн тэгээд миний үснээс зулгааж татсан мөн миний хамарлуу цохисон бөгөөд юугаар цохьсоныг нь мэдээгүй бөгөөд бас миний тэвэрч явсан 8 сартай хүүхдийг бас тэр хөгшин эмэгтэй нуруу руу нь цохисон. Тэр үед 2-3 цагдаа ирсэн бөгөөд бид нарыг салгаад цагдаагийн хэлтэст ирсэн... Намайг хөгшин эмэгтэй нь миний биеийн нүүр рүү цохисон бөгөөд хэдэн удаа цохисон гэдгийг нь санахгүй байна. Мөн миний үснээс зулгаасан бас миний тэвэрч явсан 8 сартай хүүхдийг хүртэл нуруу руу нь цохисон. Би тухайн үед хөгшин эмэгтэйн нүүр рүү нь гараараа нэг л удаа цохисон бөгөөд би тухайн үед хүүхэд тэвэрчихсэн явж байсан учраас тэр эмэгтэйтэй зууралдаад байж чадаагүй юм... Миний хамар муруйсан бөгөөд шүүх эмнэлэгт үзүүлэх үед хамраа томографийн зураг авахуул гэсэн боловч надад мөнгө байгаагүй учраас авахуулж чадаагүй юм. Манай хүү Энхжаргал тухайн үед нуруу нь хөхөрсөн байсан бөгөөд одоо манай хүүхэд ээрдэг болчихоод байгаа юм... 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр би Б.Ц.............ш гэх эмэгтэй бид хоёр бие биенийгээ цохиж байхад бид нарын хажууд ямар ямар хүмүүс байсан эсэхийг мэдэхгүй байна баахан танихгүй хүмүүс л байсан. Хөгшин эмэгтэй намайг охинтойгоо нийлээд намайг хэл амаар доромжилсон бөгөөд анх маргалдсан залуухан эмэгтэй нь миний үснээс зулгаасан мөн миний хөлрүү өшиглөсөн хүн байгаа юм...би гомдолтой байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-27),
3. Гэрч Б.М.............лын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Ардчилсан намаас Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны Хилчин хотхоны талбай дээр аян зохион байгуулагдаж байсан юм. Би гэртээ байж байгаад уг арга хэмжээг үзэх гээд очсон. Ээж У.............р уг арга хэмжээнд оролцож урилга тараагаад зогсож байхаар нь би тус болоод ээжийг амраагаад би урилгыг нь тарааж байсан чинь үл таних эгч ирээд та нар хэрэгтэй хүндээ өгөхгүй хүүхдүүдэд тараагаад байна гэж хэлээд хэл ам болоод над руу тэр эгч үг хэлээр доромжилсон чинь ээж У.............р ирээд өмөөрсөн. Тэгтэл тэр эмэгтэй манай ээжийг үг, хэлээр бас доромжилж хажууд байсан цагдаа ирээд тэр эмэгтэйг холдуулсан чинь буцаж ирээд дахиад үг хэлээр доромжлоод байсан. Тэгтэл эмээ Ц.............ш чи одоо боль гэсэн чинь ээж У.............р эмээ Ц.............ш хоёрыг янз бүрийн үг хэлээр хэлж доромжилж байгаад цаашаа яваад өгсөн.Тэр хооронд би гэрлүүгээ түр явчихаад буцаад ирсэн чинь эмээ Ц.............шийн нүд рүү тэр эмэгтэй цохьчихсон гээд эмээгийн баруун нүд...улаачихсан, цаана нь ээж У.............ртай нөгөө эмэгтэй маргалдаад зогсож байсан... Шалтгаан нь болохоор ардчилсан намын сугалааны урилга дуусчихсан гээд хэлсэн чинь уурлаад чи надад өгөлгүй танил хүмүүсдээ тараачихлаа гээд тэр хүн уурлаж ээж У.............рыг “чи бөгсөөрөө ажлаа хийдэг биздээ” гээд орилоод байсан. Эмээг болохоор “банзал, янхан” гээд янз бүрийн юм яриад байсан. ...Манай ээж У.............р Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын 7 дугаар үүрийн нарийн бичгийн дарга байгаа юм. Эмээ болохоор урилгаар уг арга хэмжээнд оролцож байсан юм. Уг арга хэмжээ нь болохоор Ардчилсан намын өдөрлөг байсан юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32-34),
4. Гэрч А.У.............рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр нь Сонгинохайрхан 7 дугаар хорооны иргэдэд ...урилга тараасан урилга нь сугалаатай байсан юм. Тэгээд 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр тус өдөрлөг Хилчин хотхоны голын талбайд болсон бөгөөд би тухайн өдөрлөг дээр сугалааны хайрцагыг хариуцаж байсан ...охин М.............лд сугалааны хайрцгаа үлдээгээд цаашаа явчихаад эргээд ирсэн чинь манай охин М.............лыг нэг танихгүй эмэгтэй загнаад байж байсан. Тэгэхээр нь би очоод яасан юм бэ гэж асуусан чинь “нэг сугалаа өгөөч” гэхээр нь би “байхгүй тараагаад дууссан” гэж хэлтэл тэр эмэгтэй та нар ах, дүү нараараа нийлж идэж уудаг гээд байсан. Тэгэхээр нь би тэр эмэгтэйд олж авч чадаагүй бол “хохь чинь” гэж хэлсэн юм. Тэгтэл тэр эмэгтэй намайг “чи муу янхан, бөгсөөрөө мөнгө олж иддэг авгай, би чиний хаагуур явдагыг чинь мэднэ” гээд хүн доромжлоод байхаар нь би цаашаа явчихсан чинь араас хүүхдээ тэвэрч хүрч ирээд ахиад намайг доромжилсон бөгөөд эмэгтэй цагдаа миний хажууд ирээд намайг та цаашаа яв гэж хэлсэн. Тэгээд би цаашаа холдоод зогсчихсон байсан бөгөөд нэг харсан чинь хүмүүс шуугилдаад байхаар нь яваад очсон чинь манай ээж Ц.............шийн баруун нүд нь хавдсан байсан ба нөгөө надтай маргалдаад байсан эмэгтэй манай ээж Ц.............шийн хажууд байж байсан. ...ээж надад хэлэхдээ энэ хүүхэн намайг гартаа барьж байсан гар утсаараа цохьчихлоо гээд надтай анх маргалдсан Б.............л гэх эмэгтэйг зааж байсан бөгөөд тухайн үед Б.............лын хамар нь халцарсан байсан бөгөөд Б.............лыг хэн цохьсоныг нь мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 43-44),
6. Гэрч Э.Н.............гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Хилчин хотхонд Ардчилсан намын “Монголоо сонсъё” гэсэн өдөрлөгт очиж ажилласан юм. Тухайн өдөрлөгт би эргүүл хийгээд явж байтал нэг эмэгтэй ирээд цагдаа нэг хүн намайг хэл амаар доромжлоод байна гэхээр нь би хаана гээд яваад очсон чинь хүүхэд тэвэрсэн нэг эмэгтэйг зааж өгсөн бөгөөд би юунаас болж маргалдсан талаар асуусан чинь хүүхэд тэвэрсэн эмэгтэй нь наадах чинь зайрмаг өгөөгүй гэж хэлсэн. Тэгээд тэр хоёр маргалдаад хүмүүс тойроод хараад эхлэхээр нь би Б.............м цагдаа руу утсаар залгаж дуудсан чинь О............р цагдаатай хамт Б.............м хүрээд ирсэн. Тэгтэл хөгшин эмэгтэй нь гараа далайгаад дайрсан чинь хүүхэд тэвэрч байсан эмэгтэй нь тэр хөгшин эмэгтэйн нүдний хэсэг рүү гар утсаараа цохьчихсон...Тэгээд тэр хоёр эмэгтэйг бие биенээс нь холдуулаад байж байтал бие биенийгээ хэл амаар доромжлоод байсан бөгөөд ахиад л зодолдож эхэлсэн. Тэгээд бид нар ахиад салгасан бөгөөд хөдөлгөөнт эргүүлийн машин ирж тэр хоёр эмэгтэйг аваад явсан юм... Хүүхэд тэвэрчихсэн эмэгтэйгийн хамар хэсэгт шалбарсан харин нөгөө хөгшин эмэгтэйн нүд хөхөрсөн байсан өөр гэмтэл харагдаагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40-41),
7. Гэрч Я.Б.............мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хэв журмын ахлах байцаагч цагдаагийн ахмад Ц.Б..........рын өгсөн үүргийн дагуу Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Хилчин хотхонд Ардчилсан намын “Монголоо сонсъё” гэсэн өдөрлөгт очиж ажил гэсэн үүргийн дагуу хороон цагдаа ахлах ахлагч О............р, олон нийтийн цагдаа Болдбаатар, олон нийтийн цагдаа Н.............г нарын хамт үүрэг гүйцэтгэсэн юм. Тухайн үед өдөрлөг дээр зайрмаг тараасан чинь “нэг хүүхэд тэвэрсэн эмэгтэй, нэг хөгшин эмэгтэй хоёр” хүүхдэд зайрмаг өгсөнгүй гэсэн шалтгаанаар маргалдсан бөгөөд хүүхэд тэвэрсэн эмэгтэй нь настай эмэгтэйг үснээс нь гараараа татсан тэгтэл нөгөө хөгшин эмэгтэй нь хүүхэд тэвэрч явсан эмэгтэйг хүүхэдтэй нь хамт цохиод унагаасан бөгөөд бид нар очиж салгасны дараа тэр хоёр эмэгтэй цаашаа яваад 12 дугаар байрны гадаа очоод ахиад зодолдсон бөгөөд хүүхэд тэвэрсэн нь эмэгтэй нь хөгшин эмэгтэй нүдний хавьцаа гараараа цохисон бөгөөд бөгжтэй гараараа цохьчихлоо гээд байх шиг байсан. Тэгээд бид нар ахиж тэр хоёр хүнийг салгасан бөгөөд манайхаас алаг тэрэг ирээд тэр хоёр эмэгтэйг аваад явсан юм. Хүүхэд тэвэрсэн эмэгтэйг нь Д.Б.............л гэж байсан харин нөгөө хөгшин эмэгтэйг нь Ц.............ш гэж байсан. Ц.............ш гэх эмэгтэйн нүд нь хөхөрсөн харин Д.Б.............л гэх эмэгтэй нь хамар хэсэгт шалбарсан байсан өөр гэмтэл харагдаагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36-37),
8. Гэрч Г.О............рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр миний хариуцсан хороо болох Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Хилчин хотхонд Ардчилсан намын “Монголоо сонсъё” гэсэн өдөрлөгт очиж ажилласан юм. Тухайн өдөрлөгт оролцсон хүмүүст тухайн арга хэмжээг зохион байгуулсан хүмүүсээс зайрмаг тараасан чинь хоёр эмэгтэй зайрмагнаас болж маргалдсан бөгөөд манай хүүхдэд өгсөнгүй гээд нэг хүүхэд тэвэрсэн эмэгтэй яриад байсан бөгөөд тэгж маргалдаж байхдаа бие биенийхээ хувцаснаас зуураад байсан бөгөөд хүүхэд тэвэрчихсэн байсан эмэгтэй гартаа байсан гар утсаар хөгшин эмэгтэйн нүүр рүү цохисон бөгөөд хөгшин эмэгтэйгийн нүд нь хавдсан байсан юм. Тэгээд бид нар салгасны дараа цаашаа явж байхдаа ахиад зодолдсон бөгөөд бид нарыг ахиад яваад очиход хөгшин эмэгтэй нь хүүхэд тэвэрч байсан эмэгтэйн хамар руу нь шууд гараараа нэг удаа цохисон. Тэгээд ахиад зууралдаад авахаар нь бид нар салгасан бөгөөд удалгүй манай хэлтсийн хөдөлгөөнт эргүүлийн машинтай хоёр цагдаа ирээд тэд нарыг аваад явсан юм... Би тэр хоёр эмэгтэйн нэрийг тухайн үед асууж байсан бөгөөд одоо бол санахгүй байна. Хөгшин эмэгтэйн нүд нь хөхөрсөн өөр гэмтэл харагдаагүй, нөгөө хүүхэд тэвэрч явсан эмэгтэйн хамар шалбарсан байсан өөр гэмтэл харагдаагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38-39),
9. Гэрч Б.А...........агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр би эхнэр Ц.............шаас юу болсон талаар асуусан чинь Ц.............ш надад Б.............л гэх эмэгтэйг заагаад энэ миний нүд рүү гартаа барьж байсан гар утсаараа цохьчихлоо гэж хэлж байсан юм. Д.Б.............лыг хэн цохьсоныг нь мэдээгүй нүүрэнд гэмтэл учирсан байсан эсэхийг мэдэхгүй байна. Гэхдээ би Ц.............шийг тэр Б.............л гэх эмэгтэй цохиж байхыг нь хараагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 46-47)
10. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 7373 дугаар дүгнэлт
“...Хэсэг газрын үзлэг: Хамрын нуруунд 1х0.4см улаан өнгийн зулгаралттай, орчны эд хавдсан, хамрын нуруу баруун тийш мурийлттай, эмзэглэлтэй...ДҮГНЭЛТ
1. Д.Б.............лын биед хамрын таславчийн мурийлт, хамарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 49),
11. Шинжээч эмч Ш.Цэцэгмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Д.Б.............л нь рентген зураг авахуулаад ир гэсэн боловч мөнгө байхгүй гээд авчирч өгөөгүй бөгөөд хамрын зулгаралт зөөлөн эдийн няцрал нь шинэ гэмтэл байсан бөгөөд тогтоолд дурьдсан цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байсан...хамрын таславч мурийлтаас буюу хамар зулгаралт, зөөлөн эдийн няцрал нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 57-58)
12. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 7348 дугаар дүгнэлт
“...Хэсэг газрын үзлэг: Баруун нүдний доод зовхи овойж хавдсан, тод хөх өнгийн цус хуралттай. Доод зовхинд 0.5х0.2см хүрэн бор өнгийн зулгаралттай. Биед өөр ил харагдах гэмтэлгүй.
2018-06-08-ны ГССҮТ-н эмчийн үзлэгт: ... Тархи доргилт, баруун нүдний зөөлөн эдийн няцрал гэжээ.
2018.06.09-ний өдрийн “Med trauma” эмнэлгийн толгойн КТГ-т: ...баруун талын нүдний болон тодорхойлогдохгүй бөгөөд тус хэсэгт 0.6х0.2см хэмжээтэй +50HU нягтралтай хавтгай хэлбэртэй бүтэц тодорхойлогдоно...баруун талын нүдний эргэн тойронд зөөлөн эдэд хаван хавдартай...ДҮГНЭЛТ
1. Б.Ц.............шийн биед баруун нүдний доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод зовхины зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 52),
13. Шүүгдэгч Д.Б.............лын мөрдөн байцаалтад өгсөн: “....2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр манай хүүхэд гадаа явж байхад нь нэг хүн Ардчилсан намаас зохион байгуулж байгаа “Монголоо сонсьё” гэсэн сэдэвт өдөрлөгийн урилга өгсөн байсан бөгөөд маргааш нь буюу 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр би уг өдөрлөгт гурван хүүхдийн хамт очсон бөгөөд би нэг газар зогсож байтал нэг хажуугаар хүмүүс гартаа олон тооны урилга барьчихсан байсан. Тэгэхээр нь би сугалааг нь хийж байгаа охин дээр очоод би ахиад урилга байгаа юу гэж асуусан чинь байхгүй гэхээр нь би тэр охинд яагаад зарим хүмүүс нь арав хориор нь барьчихсан байгаа юм бэ гэж хэлээд эргэсэн чинь нэг эмэгтэй ирээд юу асуусан юм бэ гэж хэлтэл нөгөө охин тэр хүнд юм хэлж байгаа байсан бөгөөд нөгөө эмэгтэй надаас “юу асуусан юм бэ” гэхээр нь “зарим нь яахаараа урилга олноор нь барьчихдаг юм бэ” гэж хэлтэл нөгөө эмэгтэй “чи авч чадаагүй бол хохь чинь зайлаач халтайсан гичий минь” гэх зэргээр хэл амаар доромжилсон бөгөөд маргалдаж байгаад эргээд явсан. Тэгтэл нэг хүүхдийн тэрэгний хажууд зогсож байсан хөгшин эмэгтэй нь намайг чи шар хадны муу гичий минь зайлаач гэж хэлсэн. Тэгээд л миний үснээс зулгааж татсан мөн миний хамар руу цохисон бөгөөд юугаар цохьсоныг нь мэдээгүй бас миний тэвэрч явсан 8 сартай хүүхдийг...тэр хөгшин эмэгтэй нуруу руу нь цохисон бөгөөд 2-оос 3 цагдаа ирсэн бид нарыг салгаад цагдаагийн хэлтэс ирсэн надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй... Би Ц.............ш гэх эмэгтэйн нүүр рүү нь гараараа цохисон бөгөөд би гартаа гар утсаа барьчихсан байсан байж магадгүй бөгөөд тухайн үед их халуун бас дээр нь хүүхдээ тэвэрчихсэн бас хүмүүстэй маргалдаад бөөн юм болж байсан учраас би гартаа гар утсаа барьж байсан эсэхийг сайн санахгүй байна. Ц.............ш гэх эмэгтэй бас миний нүүр рүү гараараа цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 115-119)
14. Шүүгдэгч Б.Ц.............шийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Хилчин хотхоны дотор талд байх талбай дээр нь Ардчилсан намын “Монголоо сонсьё” гэсэн өдөрлөг болсон юм. Тухайн өдөрлөг болохын өмнөх өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах айл өрхүүдэд тухайн өдөрлөгийн урилга тараасан бөгөөд тухайн өдөрлөгийн урилга нь сугалаатай байсан юм. 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Ардчилсан намын “Монголоо сонсьё” гэсэн өдөрлөг 15 цагт эхэлсэн бөгөөд өдөрлөг эхлэхийн өмнө бүх урилга тарааж дууссан юм. Сугалаа хийж байсан шилэн хоргон дээр хүмүүсийн сугалааны дугаарыг хуйлж хийх ажилд манай зээ охин М.............л ажиллаж байсан ба манай охин У.............р бол Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны Ардчилсан намын үүрийн нарийн бичгийн даргын албан тушаалд ажилладаг юм. Тэгээд манай охин У.............р тэр хавиар юм хийж байгаад эргээд ирсэн чинь нэг танихгүй эмэгтэй охин М.............лыг нь хэл амаар доромжлоод зогсож байсан гэсэн тэгэхээр нь манай охин У.............р чи юу гээд хүүхэд хэл амаар доромжлоод байгаан чи сугалаа авч чадаагүй юм бол хохь чинь гэж хэлсэн чинь тэр маргалдсан гэх эмэгтэй нь манай охин У.............рыг чи Ардчилсан намд алаа худалддаг авгай, чиний будалт чинь янхны будалт, би чиний очдог газрыг чинь мэднэ, би чамайг харж байсан гэж хэлсэн гэсэн тэгэхээр нь манай охин чи муу хар авай гээд хэлчихсэн. Тэгээд л маргаан гарсан гээд хэлчихсэн юм гэсэн чи намайг хар авгай гэлээ гэж хэлээд л бөөн хэрүүл болсон юм байна лээ би тухайн үед нь ойрхон зогсож байсан ба би Б.............лыг чи болиочээ гэж хэлтэл У.............р, Б.............л хоёр барилцаад авсан тэгтэл цагдаа очоод салгаад Б.............лыг аваад явсан бөгөөд нэг харахад Б.............л хойно байрны хажууд зогсож байсан юм. Тэгтэл удалгүй хүүхдүүдэд үнэгүй зайрмаг тарааж байсан бөгөөд нэг мэдэхэд Б.............л миний хажууд ирчихсэн намайг янхан, банзал авгай, үхээсэй, бөгсөө худалддаг авгай үхээсээ, хүүхдүүдийг нь хараарай гэж хэлэхээр нь би Б.............лд чи ямар заваан юм ярьдаг юм бэ чи цаашаа зайл гэж хэлтэл миний нүүр рүү гараараа цохиод авсан бөгөөд миний нүдэнд юм харагдахгүй болчихсон бөгөөд би тэр хүүхний биед бол хүрээгүй тэгтэл миний баруун нүд хавдаж хөхөрсөн байсан. Тэгээд би шууд Хилчин хотхоны үүдэнд очоод цагдаад дуудлага өгсөн бөгөөд машинтай хоёр цагдаа ирээд нөгөө Б.............л гэх эмэгтэйг асарт сууж байхад нь аваад цагдаагийн хэлтэст ирсэн юм...Б.............л гэх эмэгтэй намайг мэдээгүй байхад миний баруун нүд рүү цохисон бөгөөд би тэр эмэгтэйг цохиж зодсон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 105-109),
15. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хохирогч Б.Ц.............шийн гаргаж өгсөн гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 59-60), хохирлын баримт (хавтаст хэргийн 61),
- шүүгдэгч, хохирогч Д.Б.............лын иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 79, 93), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 80), шүүхийн шийдвэрийн хуулбар (хавтаст хэргийн 85-88), хувийн байдлын талаарх баримтууд (хавтаст хэргийн 94), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 96, 98)
- шүүгдэгч, хохирогч Б.Ц.............шийн үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 65, 67), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 66), тэтгэврийн дэвтрийн хуулбар (хавтаст хэргийн 63), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 69, 71-77) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Д.Б.............л, Ц.............ш нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:
I. Гэм буруугийн талаар.
Улсын яллагчаас шүүгдэгч Д.Б.............л, Б.Ц.............ш тус бүрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцуулж, бусдад төлөх төлбөргүй гэх дүгнэлтийг гаргав.
Шүүгдэгч Б.Ц.............ш улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй би хохирогч Д.Б.............лд гэмтэл учруулаагүй гэж,
Шүүгдэгч Д.Б.............л улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй би хохирогч Б.Ц.............шд гэмтэл учруулаагүй гэж тус тус мэтгэлцсэн болно.
Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр Хилчин хотхоны талбай дээр, 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдөр болсон Ардчилсан намын “Монголоо сонсьё” өдөрлөг дээр Д.Б.............л нь “ямар хүмүүс нь олон урилгатай явж байгаа юм, хэрэгтэй хүндээ өгөхгүй хүүхдүүдэд тараагаад байна, дахиад урилга байна уу” гэх шаардлагыг сугалааны хайрцаг хариуцаж байсан Б.Ц.............шийн зээ охин болох Б.М.............лд тавьсан байна. Ийнхүү шаардлага тавихад нь Ардчилсан намын 7 дугаар үүрийн нарийн бичгийн дарга ажилтай А.У.............р нь охин Б.М.............лыгаа өмөөрч “урилга авч чадаагүй бол хохино” гэж хэлсэн шалтгаан нөхцөлийн улмаас тэдний хооронд маргаан болж, тухайн маргаанд Б.Ц.............ш нь охин, зээ охиноо өмөөрөн оролцохдоо “чи хэрэлддэг хүнтэйгээ хэрэлд, надад хамаа байхгүй. Чи цаашаа зайл” гэж хэлсний улмаас шүүгдэгч Д.Б.............л нь Б.Ц.............шийг, Б.Ц.............ш нь Д.Б.............лыг шууд санаатай үйлдлээр тус тус харилцан цохиж, бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь
- Хохирогч Б.Ц.............шийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 15 цагт Хилчин хотхоны голын талбайд Ардчилсан намын өдөрлөг болсон. ...Манай охин У.............р Ардчилсан намын 7-р үүрийн нарийн бичгийг даргаар ажилладаг бөгөөд тухайн өдөрлөг дээр урилга тарааж, У.............р, М.............л нар сугалааны хайрцагны хажууд зогсож байсан. ...Нэг танихгүй эмэгтэй ирээд манай хоёр охинтой хэрүүл хийгээд байхаар нь би очоод “энэ эмэгтэй яагаад байгаан” гэж асуусан чинь “урилга нэхээд байгаа юм” гэж хэлсэн бөгөөд манай охин тэр хүнд “урилга авч чадаагүй бол хохино” гээд хэлчихсэн юм байна лээ. Тэгтэл тэр эмэгтэй уурлаад орилоод байсан бөгөөд над дээр ирээд хэрүүл хийгээд байхаар нь би тэр эмэгтэйд “чи хэрэлддэг хүнтэйгээ хэрэлд, надад хамаа байхгүй. Чи цаашаа зайл” гээд хэлчихсэн чинь тэр эмэгтэй миний нүд рүү цохисон. ...Б.............л гэгч миний нүд рүү гараараа нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-21)
- Хохирогч Д.Б.............лын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 06-р сарын 08-ны өдөр би уг өдөрлөгт гурван хүүхдийн хамт очсон бөгөөд би нэг газар зогсож байтал хажуугаар хүмүүс гартаа олон тооны урилга барьчихсан байсан. Тэгэхээр нь би сугалааг нь хийж байгаа охин дээр очоод ахиад урилга байгаа юу? гэж асуусан чинь байхгүй гэсэн. Тэгэхээр нь би тэр охинд яагаад зарим хүмүүс нь арав хориор нь барьчихсан байгаа юм бэ? гэж хэлээд эргэсэн чинь нэг эмэгтэй ирээд “юу асуусан юм бэ?” гэж хэлтэл нөгөө охин тэр хүнд юм хэлж байгаа байсан. Тэгээд нөгөө эмэгтэй надаас “юу асуусан юм бэ?” гэхээр нь “зарим нь яахаараа урилга олноор нь барьчихдаг юм бэ?” гэж хэлтэл нөгөө эмэгтэй “чи авч чадаагүй бол хохь чинь зайлаач, халтайсан гичий минь” гэх зэргээр хэл амаар доромжилсон. ...Тэгтэл нэг хүүхдийн тэрэгний хажууд зогсож байсан хөгшин эмэгтэй намайг “чи шар хадны муу гичий минь зайлаач” гэж хэлсэн тэгээд миний үснээс зулгааж татсан мөн миний хамарлуу цохисон. ...Намайг хөгшин эмэгтэй нь миний биеийн нүүр рүү цохисон бөгөөд хэдэн удаа цохисон гэдгийг нь санахгүй байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-27),
- Гэрч Б.М.............лийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ээж У.............р уг арга хэмжээнд оролцож урилга тараагаад зогсож байхаар нь би тус болоод ээжийг амраагаад би урилгыг нь тарааж байсан чинь үл таних эгч ирээд та нар хэрэгтэй хүндээ өгөхгүй хүүхдүүдэд тараагаад байна гэж хэлээд хэл ам болоод над руу тэр эгч үг хэлээр доромжилсон чинь ээж У.............р ирээд өмөөрсөн. ...би гэрлүүгээ түр явчихаад буцаад ирсэн чинь эмээ Ц.............шийн нүд рүү тэр эмэгтэй цохьчихсон гээд эмээгийн баруун нүд...улаачихсан, цаана нь ээж У.............ртай нөгөө эмэгтэй маргалдаад зогсож байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32-34),
- Гэрч А.У.............рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр тус өдөрлөг Хилчин хотхоны голын талбайд болсон бөгөөд би тухайн өдөрлөг дээр сугалааны хайрцагыг хариуцаж байсан ...охин М.............лд сугалааны хайрцгаа үлдээгээд цаашаа явчихаад эргээд ирсэн чинь манай охин М.............лыг нэг танихгүй эмэгтэй загнаад байж байсан. Тэгэхээр нь би очоод яасан юм бэ гэж асуусан чинь “нэг сугалаа өгөөч” гэхээр нь би “байхгүй тараагаад дууссан” гэж хэлтэл тэр эмэгтэй та нар ах дүү нараараа нийлж идэж уудаг гээд байсан. Тэгэхээр нь би тэр эмэгтэйд олж авч чадаагүй бол “хохь чинь” гэж хэлсэн юм. ...нэг харсан чинь хүмүүс шуугилдаад байхаар нь яваад очсон чинь манай ээж Ц.............шийн баруун нүд нь хавдсан байсан ба нөгөө надтай маргалдаад байсан эмэгтэй манай ээж Ц.............шийн хажууд байж байсан. ...ээж надад хэлэхдээ энэ хүүхэн намайг гартаа барьж байсан гар утсаараа цохьчихлоо гээд надтай анх маргалдсан Б.............л гэх эмэгтэйг зааж байсан бөгөөд тухайн үед Б.............лын хамар нь халцарсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 43-44),
- Гэрч Э.Н.............гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдөрлөгт би эргүүл хийгээд явж байтал нэг эмэгтэй ирээд цагдаа нэг хүн намайг хэл амаар доромжлоод байна гэхээр нь би хаана гээд яваад очсон чинь хүүхэд тэвэрсэн нэг эмэгтэйг зааж өгсөн. ...хөгшин эмэгтэй нь гараа далайгаад дайрсан чинь хүүхэд тэвэрч байсан эмэгтэй нь тэр хөгшин эмэгтэйн нүдний хэсэг рүү гар утсаараа цохьчихсон... холдуулаад байж байтал бие биенийгээ хэл амаар доромжлоод байсан бөгөөд ахиад л зодолдож эхэлсэн. ... Хүүхэд тэвэрчихсэн эмэгтэйгийн хамар хэсэгт шалбарсан харин нөгөө хөгшин эмэгтэйн нүд хөхөрсөн байсан өөр гэмтэл харагдаагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40-41),
- Гэрч Я.Б.............мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...хүүхэд тэвэрсэн эмэгтэй нь настай эмэгтэйг үснээс нь гараараа татсан тэгтэл нөгөө хөгшин эмэгтэй нь хүүхэд тэвэрч явсан эмэгтэйг хүүхэдтэй нь хамт цохиод унагаасан бөгөөд бид нар очиж салгасны дараа тэр хоёр эмэгтэй цаашаа яваад 12 дугаар байрны гадаа очоод ахиад зодолдсон бөгөөд хүүхэд тэвэрсэн нь эмэгтэй нь хөгшин эмэгтэй нүдний хавьцаа гараараа цохисон бөгөөд бөгжтэй гараараа цохьчихлоо гээд байх шиг байсан. ...Хүүхэд тэвэрсэн эмэгтэйг нь Д.Б.............л гэж байсан харин нөгөө хөгшин эмэгтэйг нь Б.Ц.............ш гэж байсан. Ц.............ш гэх эмэгтэйн нүд нь хөхөрсөн харин Д.Б.............л гэх эмэгтэй нь хамар хэсэгт шалбарсан байсан өөр гэмтэл харагдаагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36-37),
- Гэрч Г.О............рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...хүүхэд тэвэрчихсэн байсан эмэгтэй гартаа байсан гар утсаараа хөгшин эмэгтэйн нүүр рүү цохисон бөгөөд хөгшин эмэгтэйгийн нүд нь хавдсан байсан юм. Тэгээд бид нар салгасны дараа цаашаа явж байхдаа ахиад зодолдсон бөгөөд бид нарыг ахиад яваад очиход хөгшин эмэгтэй нь хүүхэд тэвэрч байсан эмэгтэйн хамар руу нь шууд гараараа нэг удаа цохисон. Тэгээд ахиад зууралдаад авахаар нь бид нар салгасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38-39),
- Гэрч Б.А...........агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би эхнэр Ц.............шаас юу болсон талаар асуусан чинь Ц.............ш надад Б.............л гэх эмэгтэйг заагаад энэ миний нүд рүү гартаа барьж байсан гар утсаараа цохьчихлоо гэж хэлж байсан юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 46-47)
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 7373 дугаар дүгнэлт “..1. Д.Б.............лын биед хамрын таславчийн мурийлт, хамарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна....” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 49),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 7348 дугаар дүгнэлт “...1. Б.Ц.............шийн биед баруун нүдний доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод зовхины зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 52) зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.Б.............лын үйлдлийн улмаас Б.Ц.............шийн биед, Б.Ц.............шийн үйлдлийн улмаас Д.Б.............лын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсныг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ. Дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.
Тиймээс улсын яллагчаас шүүгдэгч Д.Б.............л, Б.Ц.............ш нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч Д.Б.............л, Б.Ц.............ш нарын бие биендээ гэмтэл учруулаагүй гэх дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нар нь бие биендээ гэмтэл учруулсан болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр мэдүүлэг өгсөн А.У.............р, Э.Н.............г, Я.Б.............м, Г.О............р нарын мэдүүлгээр тогтоогдсон. Мөн тухайн цаг хугацаанд бие биенийгээ цохисоны улмаас Эрүүгийн хуульд заасан хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Ц.............ш нь 120.000 төгрөгний баримтыг (хавтаст хэргийн 61) хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гаргаж өгсөн байх бөгөөд тухай хохирлыг шүүгдэгч Д.Б.............л нь төлж барагдуулаагүй байна. Иймд Иргэний хуульд заасны дагуу дээрх хохирол болох 120.000 төгрөгийг шүүгдэгч Д.Б.............лаас гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Улсын яллагчаас шүүгдэгч Д.Б.............л, Б.Ц.............ш нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 560 нэгжээр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгуулийн ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх дүгнэлтийг
Шүүгдэгч Б.Ц.............ш нь улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй. Харин шүүгдэгч Д.Б.............л нь хүлээн зөвшөөрөхгүй гэх дүгнэлтийг гаргаж мэтгэлцэв.
Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэг гаргах болсон шалтгаан, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн эрүүгийн хариуцлага ялгамжтай хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.Б.............л, Б.Ц.............ш нарын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн хэсгийн 1.4 дэх заалтад заасан “...хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” зэрэг нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба тэдэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Тиймээс шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлыг харгалзахын зэрэгцээ шүүгдэгч Б.Ц.............шийн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, шүүгдэгч Д.Б.............лын эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрөөгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж үзэв. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.Б.............л, Б.Ц.............ш тус бүрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 560 нэгж буюу 560.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Харин улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтээс шүүх торгох ял төлүүлэх 5 сарын хугацааг 9 сарын хугацаагаар тогтоох нь зүйтэй гэж үзэв. Учир нь шүүгдэгч Д.Б.............л нь ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн хамт амьдардаг, шүүгдэгч Б.Ц.............ш нь өндөр насны тэтгэвэрт байдаг болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Эрүүгийн 1808 0297 01467 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар тооцогдсон эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Ц.............ш нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Зээрдүүд овогт Д.............нгийн Б.............лыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн,
- Тайжнар овогт Балчингийн Ц.............шийг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар
- шүүгдэгч Д.Б.............лыг 560 (таван зуун жар) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 560.000 (таван зуун жаран мянга) төгрөгөөр,
- шүүгдэгч Б.Ц.............шыг 560 (таван зуун жар) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 560.000 (таван зуун жаран мянга) төгрөгөөр тус тус торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 9 (ес) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б.............л, Б.Ц.............ш нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Ц.............ш нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 505 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Б.............лаас 120.000 (зуун хорин мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Б.Ц.............шд олгосугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нар авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХЗУЛ