Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2018/00450

 

         Б.Я, Б.Я нарын

       нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2017/01842 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2391 дүгээр магадлалтай,

Б.Я, Б.Я нарын нэхэмжлэлтэй,

“Г” ХХК-д холбогдох,

30.000.000 төгрөг гаргуулах тухай үндсэн,

15.750.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ууганбаярын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Я, Б.Я, өмгөөлөгч Б.Баясгалан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Т.Ууганбаяр, Б.Гантөмөр, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Я, Б.Я нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: бид “Г” ХХК-ийн бариулсан Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг 11 дүгээр хороололд байрлах 3-3 дугаар байрны 107 м.кв 3 өрөө орон сууцыг гаражийн хамт 305.000.000 төгрөгөөр худалдан авахаар 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр “Г” ХХК-тай Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж байрандаа нүүж орсон. Гэрээний 2.1-д заасны дагуу төлбөрийг 8 удаагийн төлөлтөөр 17 сарын хугацаанд төлж барагдуулан  байрны өмчлөх эрхийг шилжүүлэн авахаар харилцан тохиролцсон байсан.  Нэхэмжлэгч нар “Г” ХХК-д 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 20.000.000 төгрөг, 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 10.000.000 төгрөг нийт 30.000.000 төгрөг төлсөн. Б.Я, Б.Я нарыг амьдарч байх хугацаанд барилгын материалын чанараас шалтгаалж дээд айлаас байнга ус алдах, хажуу айлын хана цуурч нурах, 00-ын өрөөний хана нурах, байнга өмхий үнэртэх зэрэг асуудлууд гардаг байсан. Иймд гэрээний хуваарьт заасан төлбөрийг төлөхөө зогсоож 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр байрнаас гарахаа мэдэгдсэн. “Г” ХХК-ийн зүгээс гэрээнээс татгалзах саналыг хүлээн авч байрыг хүлээн авч, улмаар уг байрыг бусдад худалдсан. Иймд 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Орон сууц захиалан бариулах гэрээнээс 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр татгалзсан тул Г ХХК-д төлсөн 30.000.000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Г” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Барилга доголдолтой байгаагүй бөгөөд нэхэмжлэгч нар энэ шалтгааны улмаас байрнаас гараагүй. Нэхэмжлэгч Б.Я нь 2016 оны 03 дугаар байдлаар тус компанид гаргасан хүсэлтдээ “...өмнө нь 2 байр авч байрны зээл төлөлтөө хийж байсан. 3 дахь байрны хувьд эдийн засгийн хямралын болон олон байрны зээлтэй учир зээл өгөхгүй болсон учир дээрх байраа авч чадахгүйд хүрсэн, урьдчилж өгсөн мөнгөндөө гражаа авья, уг байрыг зарахын төлөө хамтран ажиллая...” гэсэн. Энэ нь нэхэмжлэгч байрны төлбөрийг төлөөгүй, байрнаас гарсан бодит шалтгааныг тодорхой илтгэнэ. Мөн нэхэмжлэгч нар нь гэрээний дагуу байрыг хүлээн авч байрандаа нүүж орсноос хойш манай байрыг ашигласан, байранд элэгдэл явагдсантай холбоотой манай компанид хохирол учирсан. Дээрх үндэслэлүүдээр  нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч “Г” ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Захиалагч нар төлбөрийг гэрээний 2.1-д заасан ёсоор хувааж төлөх үүрэгтэй байсан боловч төлөөгүй. Мөн байрыг худалдан авч чадахгүй болсон гэж байрыг хүлээн авахаас татгалзаж, орхин гарсан. Орон сууц захиалан бариулах гэрээний 2.4 дэх хэсэгт захиалагч энэхүү гэрээг дангаараа зөрчиж байраа авахгүй тохиолдолд орон сууцны үнийн нийт төлбөрийн 15 хувийг алдангид төлж, үлдсэн хэсгийг авна гэж заасны дагуу байрны нийтийн үнийн дүнгийн 15 хувийг шаардах эрхтэй. Гэрээний нийт үнийн дүн 305.000.000 төгрөг, үүний 15 хувь нь 45.750.000 төгрөг байна. Одоогийн байдлаар нэхэмжлэгч нараас манай компанид 30 сая төлөгдсөн тул үлдэгдэл төлбөр болох 15.750.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.Я, Б.Я нар сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Орон сууц захиалан бариулах гэрээний 2.4 дэх заалт нь талуудын хооронд үүссэн маргаанд хамааралгүй. Учир нь нэхэмжлэгч Б.Я, Б.Я нар Орон сууц захиалан бариулах гэрээний дагуу захиалгаар бариулсан байраа хүлээн авахаас татгалзаагүй, харин ч хүлээн авсан. Үүнээс гадна алдангийг гэрээний талуудын үүргийн зөрчилтэй холбоотойгоор бус гүйцэтгээгүй үүрэгтэй холбоотойгоор төлдөг. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2017/01842 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Г” ХХК-иас 30.000.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Я, Б.Я нарт олгож, хариуцагч “Г” ХХК-ийн 15.750.000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Я, Б.Я нараас гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Я, Б.Я нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307.950 төгрөг, хариуцагч “Г” ХХК-иас төлсөн 236.700 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “Г” ХХК-иас 307.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Я, Б.Я нарт олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2391 дүгээр магадлалаар: Чингэлтэй дүүргийн шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2017/01842 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 544.650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ууганбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 01842 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ний өдөр 2391 дугаартай магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Хариуцагчийн хувьд анхан шатны болон давж заалдах шатны шүүхийг шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж гомдол гаргаж байна. Учир нь: Шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Худалдах-худалдан авах гэрээний харилцаа гэж зөв тодорхойлсон боловч нэхэмжлэгчид гэрээнээс татгалзах эрх үүсээгүй, үүсэх боломжгүй, гэрээнээс татгалзаж байгаа тухайгаа албан ёсоор мэдэгдэж байгаагүй байхад нэхэмжлэгчийг гэрээнээс татгалзах эрхтэй гэж дүгнэн үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнд буруу, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэж харж байна. Анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүхийн талуудын маргааныг тодорхойлон дүгнэлт хийж Худалдах-худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа мөн гэж үзсэн мөртлөө Иргэний хуулийн 254 дүгээр зүйл эд хөрөнгийн талаарх худалдан авагчийн үүрэг, иргэний хуулийн 255 дугаар зүйл худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдах үндэслэлүүдийг тогтоогоогүй түүнд ач холбогдол өгч хуулийн зохих заалтыг хэрэглээгүй бөгөөд хэрэглэх ёсгүй шаардлагагүй хуулийн зохицуулалтыг хэрэглэж хуулийг буруу тайлбарласан юм. Худалдах-худалдан авах гэрээнээс худалдан авагч татгалзаж байгаа тохиолдолд Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дэх хэсэгт зааснаар “худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1 -д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй” гэж зааж өгсөн байна. Хамгийн гол нь нэхэмжлэгч нар гэрээний үүргийн зөрчлийн улмаас эд хөрөнгийн доголдолтой байснаас байрнаас гараагүй, байрны үлдэгдэл төлбөрийг төлөх боломжгүй гэх шалтгаанаар байрнаас гаргасан байрыг манай компанид хүлээлгэн өгөөгүй шүүх манай талын гаргаж өгсөн нотлох баримтыг гал бүрээс нь судалж, үнэн зөв дүгнэлт хийгээгүй Иргэний хуулийн буруу хэрэглэсэн, хуулийн буруу тайлбарласан нь анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалаар харагдаж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулжээ.

Нэхэмжлэгч Б.Я, Б.Я нар нь хариуцагч “Г” ХХК-д холбогдуулан 30.000.000 төгрөг нэхэмжлэхдээ шаардлагаа гэрээнээс татгалзсан тул орон сууцны төлбөрт төлсөн мөнгийг буцаан гаргуулна гэжээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч улмаар алданги 15.750.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч нар нь хариуцагчтай  2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулан Орхон аймгийн Баян-өндөр сумын Хүрэнбулаг баг, 11 дүгээр хорооллын 3-3 дугаар байрны 107 м.кв орон сууцыг 305.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, 30.000.000 төгрөг төлжээ.

Нэхэмжлэгч нь гэрээний зүйл болох орон сууцыг 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авсан боловч гэрээнээс татгалзаж,  орон сууцыг 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр буцаан өгсөн нь хэргийн баримтаар тогтоогджээ.

Зохигчийн хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан болон нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн татгалзал, сөрөг нэхэмжлэлийн талаар шүүх хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт өгч, үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.6-т нийцжээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.-т заасан шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчийн гомдлын агуулгаар шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2017/01842 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2391 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ууганбаярын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр төлсөн 307.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ