Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 124

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “2” танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Б.Ө.

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг дарга.

Гуравдагч этгээд: Х.Ц .

Нэхэмжлэлийн шаардлага: “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 276 дугаар захирамжийн Х.Ц д холбогдох хэсэг болон газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Номин, нэхэмжлэгч Б.Ө , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.П, хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, Ц.О, гуравдагч этгээд Х.Ц , гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А нар оролцлоо. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлээ: “Ц.Ц ид “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай” хуулийн 12 дугаар зүйлийн 1.3-ийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2005 оны 74 дүгээр захирамжаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлсэн Баянзүрх дүүрэг 12 дугаар хороо Чулуут амины орон сууц 8 тоот хаягт байрлах газрыг түүний хууль ёсны өв залгамжлагч болох хүү Ц.Б аас 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдөр газар худалдах, худалдан авах гэрээ байгуулан 10 сая төгрөг төлж авсан. 

Гэтэл Ц.Ц  хууль ёсоор 2005 онд өмчлүүлсэн газар дээр иргэн Х.Ц д Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 276 дугаар захирамжаар газар эзэмшүүлэх шийдвэр гарч давхардуулан гэрчилгээ олгосны улмаас иргэн Б.Ө  миний өмчлөлийн 315м2 газраа эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх хязгаарлагдаад удаж байна. Х.Ц д эзэмшүүлсэн газар нь кадастрын мэдээллийн санд бүртгэлгүй байдаг болно. 

Өөрийн өмчлөлийн газраас Х.Ц д холбогдох газар чөлөөлүүлэхээр дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд хандсан боловч 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 21263 дугаар захирамж болон 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 65 дугаар тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Учир нь уг маргаан бүхий газарт Б.Ө ийн газар өмчлөх эрхийн гэрчилгээ, Х.Ц гийн газар эзэмших гэрчилгээ нь тус тус хүчин төгөлдөр байна гэж үзсэн юм. Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу уг асуудлаар Нийслэлийн Засаг даргад 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр гомдол гаргасан. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас уг гомдлыг Нийслэлийн Газрын албанд шилжүүлсэн боловч Нийслэлийн Газрын алба нь Баянзүрх дүүргийн Засаг даргын газрын албанд шилжүүлсэн хүлээнэ үү гэж утсаар мэдэгдэж байсан бөгөөд уг дүүргийн газрын албаны мэргэжилтэн нь ажилтай байна, амралтаа авсан гэх шалтгаанаар 2 сарыг өнгөрөөсөн. Нийслэлийн газрын албанаас 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 03/2887 тоот "шүүхийн журмаар шийдвэрлүүлнэ үү" гэх агуулга бүхий албан бичгийг 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Нийслэлийн газрын албаны Баянзүрх дүүргийн Засаг даргыг хариуцсан мэргэжилтэн н.Баярмагнайгаас гардаж аваад Захиргааны хэргийн шүүхэд хандаж байна.

Иймээс миний өмчлөх эрхийг баталгаажуулж Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 276 дугаар захирамжийн Х.Ц д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахаас өмнө нэг зүйлийг тодруулах шаардлагатай байх гэж бодож байна.  Гуравдагч этгээдийн зүгээс Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрх гэж хэлж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд Монгол улсын иргэн аливаа зүйлийг шударгаар өмчилж авах эрхтэй гэсэн байгаа. Шударгаар гэдэг нь хуулийн дагуу гэсэн үг. Манай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон Баянзүрх дүүргийн засаг даргын захирамж нь газар эзэмших гэрчилгээ олгосон захирамж байгаа. Энэ захирамж нь Монгол Улсын Газрын тухай хууль болон Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, Түүний удирдлагын тухай хуульд заасан Дүүргийн Засаг даргын эрх хэмжээний хүрээнд гарсан Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамж байгаа. Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамж нь 2005 онд Монгол Улсын иргэн Ц ид 2002 оны Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд заасан үндэслэлээр өмчлүүлсэн газар дээр давхардуулж олгоод, давхардуулж олгохдоо Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд 31.3-т хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэснийг зөрчсөн байдаг. Гэтэл давхцуулаад Баянзүрх дүүргийн засаг даргаас Х.Ц д газар олгоод шийдвэрлэсэн. Үүнтэй холбоотой давхцлыг ярих нь шаардлагагүй байх гэж үзэж байна. Өмнө нь энэ тухай Газар зохион байгуулалт, Геодези зураг зүйн газраас нотлох баримтууд ирсэн байгаа. Түүнтэй холбоотой сольболцолын тоонуудын сүүлийн 4 оронтой тоо нь яагаад зөрдөг гэдэг талаар хариуцагч тодорхой тайлбарласан нь өмнөх хурлын тэмдэглэлд тусгагдсан болохоор дахиж ярих шаардлагагүй гэж бодож байна. 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлсэн байна. Газар өмчлүүлсэн нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрхийн дагуу шударгаар буюу хуульд заасан үндэслэлээр байх ёстой. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т зааснаар .Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх, хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг өөрчлөлтийг эрхийг Улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжиж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэсний дагуу иргэн Ц ийн хүү Б т өв залгамжлан ирсэн газрыг 10,000,000.00 сая төгрөгөөр худалдаж аваад холбогдох гэрээ, материалаа шүүхэд гаргаж өгсөн байгаа. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль, Монгол Улсын Үндсэн хуульд заасан өмчлөх эрхийг зөрчөөд эзэмших эрхийн гэрчилгээг олгосон байгаа учраас шүүхэд хандаж хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа.

Учир нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх, эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээ хэрэгжүүлж чадахгүй нэхэмжлэгч Б.Ө  хохирч байгаа тул Захиргааны хэргийн шүүхэд хандаж зөрчигдсөн эрхээ сэргээхээр нэхэмжлэл гаргасан учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Тус дүүргийн Засаг даргад иргэн Х.Ц  нь 2001 онд дүүргийн 12 дугаар хорооны Чулуутын задгайд анх бууж, 2008 он хүртэл оршин суух хугацаанд хашааны эзэн гэх хүн ирээгүй тул тус газрыг өөрт нь эзэмшүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг 2008 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр гаргасны дагуу дүүргийн Засаг дарга 2008 оны 276 дугаар захирамжаар 12 дугаар хороо, Чулуут-Овоот АОС 7-8 тоотод 497 м.кв газрыг амины хашааны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна. Газрын кадастрын мэдээллийн санд одоогийн байдлаар 12 дугаар хороо, Чулуутын АОС гудамжны 8 тоот 520 м.кв газар нь иргэн Б.Ө ийн нэрээр бүртгэлтэй байна.

Иргэн хүсэлтээ гаргасны дагуу дүүргийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3-т “Дүүргийн Засаг дарга энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хамжээнд иргэн, аж ахуй нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах, 33.1-д энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана” гэж заасныг үндэслэн газар эзэмшүүлсэн байх тул  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Дүүргийн засаг дарга нь Х.Ц гээс гаргасан хүсэлтийн дагуу Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3-т зааснаар Дүүргийн Засаг дарга  21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах; 33 дугаар зүйлийн 33.1.1-т 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана гэсэн заалтуудыг үндэслээд 2008 онд 276 дугаар захирамжаар иргэн Х.Ц д маргаан бүхий Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, Чулуун овоотын 497 м.кв газрыг 15 жилийн хугацаатай амины  зориулалтаар эзэмшүүлсэн байдаг. Иймд Баянзүрх дүүргийн Засаг даргын бичгээр ирүүлсэн тайлбарыг дэмжиж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн тайлбартай байна.” гэжээ.

Гуравдагч этгээд шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “2008 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Баянзүрх дүүргийн Засаг даргын 276 дугаар захирамжаар иргэн Х.Ц  надад тус дүүргийн 12 дугаар хороо Чулуун овоот АОС-ны 7-8 тоот бүхий амины хашааны зориулалтаар 497 м2 газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн билээ. 

Уг газрын тухай хуульд зааснаар баримт бүрдүүлэн эзэмшиж авсан бөгөөд гэрээний дагуу газрын төлбөрийг төлж байгаа ба өнөөдрийн байдлаар уг газар дээрээ амьдарч байгаа болно. Гэтэл 2014 оноос эхлэн үл таних этгээд миний эзэмшил газар руу дайран давшилж хашаа руу тулгаж байшин барьсан ба иргэний хэргийн шүүхэд дуудан хууль ёсны эзэмшигчийн газрыг булаан авах оролдлого хийж байсныг тухайн үеийн харьяалах шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байсан.

Нэхэмжлэгчийн маргаад байгаа газар бодит байдал дээрээ нэгж талбарын дугаараар манай газартай давхцаагүй байдаг ба дүүргийн газрын албаны мэргэжилтний хэлснээр нэхэмжлэгч этгээд мэдээллийн санд оруулсан зургийн зөрүүгээр миний эзэмшил газрыг булаан авах оролдлого хийж байгаа үйлдэл гэж тайлбарласан болно.

Одоогийн бодит байдалд бидний газар ямар нэгэн давхцал байхгүй харин нэхэмжлэгч этгээд миний эзэмшил газар руу багагүй хэмжээгээр хэтрэн орж байшин барьсан ба энэ үйлдлийг би Монгол хүний уужуу тайван сэтгэлээр хандан ямар нэгэн асуудал маргаан гаргахгүй байгаа болно.

Иймд иргэн Б.Ө ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү:”

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэн Х.Ц д Баянзүрх дүүргийн Засаг дарга өөрт хуулиар олгогдсон эрхийн дагуу газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээ олгосон байдаг. Эзэмшүүлэхдээ 2002 онд батлагдсан Газрын тухай хуулийн, заалтыг барьж эзэмшүүлсэн байдаг. Уг газар нь Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2007 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 04 тоот тогтоолоор батлагдсан Баянзүрх дүүргийн газар зохион байгуулах ерөнхий төлөвлөгөөнд батлагдсан газар байдаг. Маргаан бүхий газар нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлж байгаагаар 2001 онд уг газрыг эзэмшүүлээгүй, өмчлүүлээгүй, ашиглуулаагүй байхад худалдаж авч байсан гэж байна. Энэ нь тухайн цаг хугацаанд мөрдөгдөж байсан хууль, тогтоомжийг зөрчсөн байна. Монгол Улсад ашиглах, эзэмших, өмчлөлгүй газар нь төрийн өмчид байдаг. Төрийн өмчийн газрыг нэхэмжлэгч 2001 онд өөрт олгоогүй эрхээр худалдаж авч байсан нь уг газрыг анхнаасаа маргаантай байсан нь харагдаж байна.

Мөн 2001 онд иргэн Ц ид уг газрыг эзэмшүүлж байсан гэдэг боловч хэрэгт авагдсан нотлох баримтаар Нийслэлийн Засаг даргын 2001 оны 361 дүгээр захирамж нь иргэнд газар эзэмшүүлэх ямар нэг утга агуулаагүй. 2001 оноос 2005 он хүртэл иргэн Ц  Монгол Улсын Газрын тухай хуульд заасан газар эзэмшиж байгаа төлбөрөө төлсөн баримт нь нотлох баримтаар авагдаагүй байдаг. Ийм хууль зөрчсөн газрыг Нийслэлийн Засаг дарга өмчлүүлсэн байна гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Ө  Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 276 дугаар захирамжийн Х.Ц д холбогдох хэсэг болон газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч маргаан бүхий газрыг иргэн Ц.Ц  өөрийн төрсөн хүү Ц.Б т өвлүүлж өмчлүүлсэн бөгөөд уг 520 м кв газрыг 2014 онд худалдах-худалдан авах гэрээгээр худалдан авч өмчлөх эрхийн гэрчилгээгээр баталгаажуулсан байхад дүүргийн Засаг даргын захирамжаар 2008 онд давхцуулан өөр этгээдэд эзэмшүүлсэн нь хууль бус гэж маргажээ.

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Маргаан бүхий газрыг анх иргэн Ц.Ц ид Дүүргийн Засаг даргын 2001 оны 07 дугаар сарын 24-ны өдрийн 361 дүгээр захирамжаар Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуутын АОС 2-5 тоот хаягт 500 м кв газрыг амины орон сууцын зориулалтаар эзэмшүүлсэн бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2005 оны 74 дүгээр захирамжаар уг газрыг гэр бүлийн зориулалтаар өмчлүүлж, дээрх хорооны 8 тоот хаягт байрлах уг газрыг хүү Ц.Б т өвлүүлж шилжүүлснийг нэхэмжлэгч Б.Ө   2014 оны 02 дугаар сарын 24-ны өдрийн газар худалдах-худалдан авах гэрээгээр худалдан авч өмчилжээ.

Газрын тухай хууль-(1994 оны)-ийн 22 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...., нийслэлийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, энэ хэсгийн 4-д “....... нийслэлийн хөгжилд чухал ач холбогдол бүхий ажил, үйлдвэрлэл эрхлэх иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах талаар шийдвэр гаргах;” гэсэн бүрэн эрхийн дагуу Нийслэлийн Засаг даргын 2001 оны 361 дүгээр захирамжийн 1 дэх заалтад “Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Амгаланд барих амины орон сууцны хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэхийг Хот байгуулалт, газрын харилцааны газарт даалгасугай.” гэжээ.

Нийслэлийн Засаг даргын дээрх 361 дүгээр захирамжийг үндэслэн Ц.Ц ид тус дүүргийн 12 дугаар хороо Чулуутын АОС 2-5 тоотод 500 м кв газрыг эзэмшүүлж 12-512 дугаар бүхий газар эзэмших гэрчилгээ олгож, дүүргийн Хот байгуулалт, Газрын харилцааны албаны даргын баталсан “Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны /Амгалан/ нутаг дэвсгэрт амины орон сууц барих иргэдийн газар ашиглах гэрээ”-г байгуулсан байна.

Ийнхүү ашиглаж, эзэмшиж байсан газраа Нийслэлийн Засаг даргын 2005 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 74 дүгээр захирамжаар Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3, 21 дүгээр зүйлийн 21.1-д заасныг тус тус үндэслэн  өмчилж авсан нь хууль зөрчөөгүй. 

Иргэн Ц.Ц  Нийслэлийн Засаг даргын 2001 оны 361 дүгээр захирамжийг үндэслэн Дүүргийн Хот байгуулалт, Газрын харилцааны албатай амины орон сууц барих зориулалтаар газар ашиглах гэрээ байгуулж, Барилгын тэг тэнхлэг газар дээр байгуулсан акт, Архитектур төлөвлөлтийн даалгавар тус тус батлуулж хууль, журамд зааснаар тухайн газрыг эзэмшиж байгаад төрсөн хүү Ц.Б т өвлүүлж, өмчлүүлсэн байна.

Маргаан бүхий газрыг өмчлөгч Ц.Б  өмчлөлийн газраа захиран зарцуулах эрхийн хүрээнд нэхэмжлэгч Ө д худалдаж шилжүүлсэн нь хууль зөрчөөгүй гэж дүгнэхээр байна.

Газрын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д “Газрын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, энэ хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжоос бүрдэнэ.” гэж заасны дагуу газрыг эзэмших, ашиглах, өмчлөхтэй холбоотой харилцаанд Иргэний хууль нөхөн зохицуулах хууль зүйн боломжтой байна.

Үүнд, Иргэний хуулийн  110 дугаар зүйлийн 110.1-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно.” гэж, маргаан бүхий газрыг өмчлөх эрх нэхэмжлэгч Б.Ө д шилжсэнийг баталж Нийслэлийн Улсын бүртгэлийн газраас 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Г-2204021007 дугаарт бүртгэж газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгожээ. 

Харин тус дүүргийн Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 276 дугаар захирамжийн Х.Ц д холбогдох хэсэг  Газрын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн хууль бус захиргааны акт гэж дүгнэв.

Учир нь  Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу өмчилж авсан маргаан бүхий газарт дүүргийн Засаг дарга Х.Ц д 497 м кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн 276 дугаар захирамжийн холбогдох хэсэг Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна.” гэсэнтэй нийцээгүй.  

Маргаан бүхий газарт нэхэмжлэгч Ө  2000 оноос, гуравдагч этгээд Ц  2001 оноос амьдарч байсан, өөрсдийн амьдарч байгаа газартаа үл хөдлөх хөрөнгө барьж хашаалсан хэдий ч 2008 онд уг газраа эзэмшихээр хүсэлт гаргах үед тухайн газар нь өөр этгээдэд өмчлүүлснийг шалгаж тогтоолгүй давхцуулан Х.Ц д 497 м кв газар эзэмшүүлсэн хариуцагчийн 276 дугаар захирамжийн холбогдох хэсэг хууль бус байна. 

Нэхэмжлэгч Б.Ө ийн нэгж талбарын 18647310794352 дугаар бүхий газар нь Нийслэлийн Газрын кадастрын мэдээллийн санд өмчлөх эрхтэйгээр бүртгэгдсэн бөгөөд “Геосет” ХХК-ийн үйлдсэн иргэн Х.Ц /РД:ОЖ76120605/-гийн нэгж талбарын байршлын кадастрын зураг дахь солбицлын утгыг QuantumGIS 2.18.3 программ хангамжид оруулан дээрх өмчлөх эрхтэйгээр бүртгэгдсэн газартай давхцуулахад 492 м кв талбайгаар давхцалтай” болох нь Газар зохион байгуулалт, Геодези, зураг зүйн газрын 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1/2302 дугаар албан бичиг түүний хавсралтуудаар давхар нотлогджээ.

Гэтэл хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга түүний газрын алба Х.Ц гийн 2008 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн газар эзэмших өргөдлийн дагуу хүсэлтийг шийдвэрлэхдээ Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5-д “Хүсэлт, түүнд хавсаргасан баримт бичгийг.....дүүргийн газрын алба нягтлан хянаж, шаардлага хангаагүй бол энэ талаарх үндэслэлийг хүсэлт гаргагч этгээдэд мэдэгдлээр өгч, бүртгэлээс хасна.” гэсэн хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй байна. 

Иймд Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу өмчилж авсан газарт эзэмшүүлэх эрх олгосон Дүүргийн Засаг даргын маргаан бүхий 276 дугаар захирамжийн Х.Ц д холбогдох хэсэг хууль бус байх тул уг захирамжийн Х.Ц д холбогдох хэсэг болон газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгох нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12-т заасныг баримтлан ТОГТООХ нь:

 

1.”Газрын тухай хууль”/1994 оны/-ийн 22 дугаар зүйлийн 2 дахь хэсийн 4, “Газрын тухай хууль”/2002 оны/-ийн 2 дугаар зүйлийн 2.1, 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.5, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 5 дугаар зүйлийн 5.1.4, Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Ө ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 276 дугаар захирамжийн Х.Ц д холбогдох хэсэг хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 70200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       А.НАСАНДЭЛГЭР