Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2021/0466

 

С.Сын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч Д.Баатархүү, Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, нэхэмжлэгч С.С, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 400 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор С.Сын нэхэмжлэлтэй, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисст холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 400 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.4, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.3, 47.1.6, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан С.Сын гаргасан “2019 оны байгуулсан үр дүнгийн гэрээг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Ажлын албаны даргын 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/06 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “ ... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн гол зарчмууд болох шүүхийн өмнө эрх тэгш байх, бусад байдлаар ялгаварлахгүй эрх тэгш байх, зарчимд үндэслэх, захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэг хүлээснээ тус тус зөрчиж, эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэлгүй ялгаварлаж, нотлох баримтыг дутуу үнэлж, буруу гаргасан үр дүнгийн гэрээнүүдийг гаргуулахыг хүссэн шүүхэд гаргасан хүсэлт болон нэхэмжлэлд дурдсан хэрэгт ач холбогдол бүхий үйл баримтуудыг харгалзан үзээгүй болно.

Байгууллагад үйлчилсэн нэг талыг барьсан ялгаварласан шийдвэр гаргаж, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Ажлын албаны даргын 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/06 дугаар захиргааны акт илт хууль бус болохыг тогтоож чадаагүй. Нэхэмжлэлд дурдсан хэргийн нөхцөл байдлыг тодруулах шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болон эмчийн магадалгааг дутуу үнэлсэн, хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзан үзээгүй, хэрэг ач холбогдол бүхий үйл баримтуудын ач холбогдлыг үнэлээгүй байна.

Намайг сэтгэцийн өвчнөөр өвдсөн байх үед үр дүнгийн гэрээгээ буруу гаргасан гэж ажлаас гарах өргөдлийг бичүүлж авсан тул хүчин төгөлдөр бусд тооцуулах, буруу гаргасан үр дүнгийн гэрээнүүд болон сэтгэцийн эмчийн магадалгаа болон хэлсэн тайлбарт ажиллагаа хийгээгүй. Шүүхийн өмнө эрх тэгш байх, бусад байдлаар ялгаварлахгүй эрх тэгш байх, зарчимд үндэслэх, захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэг хүлээснээ тус тус зөрчиж, эрүүл мэндийн байдлыг миний харгалзан үзэлгүй ялгаварлаж, хүндэтгэн үзэх шалтгааныг тогтоогоогүй, нотлох баримтыг дутуу үнэлсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох,

Сэтгэцийн эрүүл мэндийн улмаас 2019 оны үр дүнгийн гэрээг байгуулахад буруу гаргасан. Дахин зөв гаргаж үр дүнгийн гэрээгээ байгуулсан боловч буруу гаргасан гэж үр дүнгийн гэрээний оноо хассан. Уг байгуулсан үр дүнгийн гэрээ илт хууль бус болох тул үүнд үндэслэн гарсан Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Ажлын албаны даргын 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/06 дугаар захиргааны акт илт хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчээс “2019 оны үр дүнгийн гэрээ, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Ажлын албаны даргын 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/06 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “...Сэтгэцийн өвчний улмаас эрх зүйн бүрэн бус чадамжтай болсон байсан тул энэ үед байгуулсан гэрээ, хэлцэл бүгд хүчин төгөлдөр бус ... сэтгэцийн өвчнөөр өвдсөн байх үед үр дүнгийн гэрээгээ буруу гаргасан гэж бичүүлсэн өргөдөл болон гаргасан тушаал захиргааны илт хууль бус актад орно” гэж тайлбарлажээ.

1. Анхан шатны шүүх “2019 оны үр дүнгийн гэрээг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасны дагуу хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь зөв байна.

Захиргааны хэргийн шүүх нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д заасны дагуу тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон, захирамжилсан захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан этгээдийн нэхэмжлэлийг хянан шийдвэрлэдэг.  

Нэхэмжлэгчийн илт хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн үр дүнгийн гэрээ нь төрийн жинхэнэ албан хаагчаас хэрэгжүүлэх ажил, үүрэг, мэдлэг чадвараа дээшлүүлэх зорилт, тэдгээрийн гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийг тусгасан төсвийн шууд захирагч болон төрийн жинхэнэ албан хаагч хооронд байгуулагдсан гэрээ тул үүнтэй холбоотой маргааныг захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх үндэслэлгүй.

 

2. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Ажлын албаны даргын 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/06 дугаар тушаалаар “өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт” гаргасан гэсэн үндэслэлээр С.Сыг Комиссын гомдол, хяналт шалгалтын хэлтсийн референтийн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж Захиргааны ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасанчлан Захиргааны байгууллага өөрийн санаачилгаар хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх, дээд шатны захиргааны байгууллагаас өгсөн үүргийг биелүүлэх, эсхүл оролцогчийн гаргасан өргөдөл, гомдлыг үндэслэн захиргааны шийдвэр гаргах ажиллагааг эхлүүлэх зэрэг үндэслэл байгаагүй, тухайн захиргааны акт огт эрх зүйн үндэслэлгүй гарах зэргээр “хуульд үндэслэх” зарчмыг зөрчсөн байхыг ойлгоно.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгчийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Ажлын албаны дарга Ч.Алтангэрэлд гаргасан “... ажлаас чөлөөлөгдөх хүсэлтэй байгаа тул ... зохих журмын дагуу шийдвэрлэж өгнө үү” гэсэн өргөдлийг хүлээн авч Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.4-д заасныг үндэслэн чөлөөлснөөс үзэхэд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл бүрдээгүй байхад үүрэгт ажлаас нь чөлөөлсөн гэж үзэх боломжгүй байна.

Тодруулбал, хэрэгт авагдсан баримтуудаар Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан захиргааны актыг илт хууль бусд тооцох нөхцөл байдал тогтоогдохгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Шүүхийн өмнө эрх тэгш байх, бусад байдлаар ялгаварлахгүй эрх тэгш байх, зарчимд үндэслэх, захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэг хүлээснээ тус тус зөрчсөн” талаарх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

Түүнчлэн нэхэмжлэгчээс “сэтгэцийн эрүүл мэндийн улмаас үр дүнгийн гэрээгээ буруу гаргасан ... сэтгэцийн өвчнөөр өвдсөн байх үед ажлаас гарах өргөдлийг бичүүлж авсан” гэж тайлбарлах хэдий боловч хавтаст хэрэгт “2020 оны 10 дугаар сарын 14-ний огноотой “эмнэлгээс өвчтөн илгээх хуудас”-аас өөр баримт байхгүй, шүүх хуралдаанд “...нэхэмжлэгчийн эрх зүйн чадамжтай холбоотойгоор асран хамгаалагч эсхүл харгалзан дэмжигч тогтоосон эрх бүхий байгууллагын ямар нэгэн шийдвэр гаргаагүй” гэж тайлбарлаж байгаагаас үзэхэд шүүх нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөгдөх үедээ эрх зүйн чадамжгүй байсан гэж шууд дүгнэх боломжгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 400 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                           Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН