Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 814

 

Ч.Б-өд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Д.Гансүх, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Н.Гэрэлмаа,

хохирогч Д.Б, түүний өмгөөлөгч Б.Н,

шүүгдэгч Ч.Б, түүний өмгөөлөгч Ц.А,

нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 564 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ч.Б, түүний өмгөөлөгч Ц.Алтанцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Ч.Бөд холбогдох 201625013875 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

С овогт Ч,Б, 1963 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Булган аймагт төрсөн, 54 настай, эрэгтэй, дээд боловсролтой, аграномич мэргэжилтэй, “Мандах” сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн дарга ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт _____________тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ............................../;

Ч.Б нь 2016 оны 10 дугаар сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 14 дүгээр байрны гадна зохих зөвшөөрлийн дагуу хүүхдийн тоглоомын талбайд барилгын ажлыг эхлүүлэхээр түр хашаа барихаар очсон Д.Бийг барилга бариулахгүй гэх шалтгаанаар эсэргүүцэн маргалдаж улмаар түүнийг түлхсэний улмаас Д.Б нь унаж биед нь зүүн шаант ясны далд хугарал гэмтэл учирсан буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Баянзүрх дүүргийн Прокурорын газар: Ч.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ч.Бийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Бийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ч.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд төлөхийг тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ч.Б оногдуулсан хорих ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногийн хорих ялаар сольж болохыг дурдаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Ч.Бөөс 541.450 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Бөд олгох, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Сидиг хэрэгт хадгалах, Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Ч.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, Ч.Бөд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ч.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би “Мандах-2” СӨХ-ны төлөөлөн удирдах зөвлөлийн даргын хувьд 2016 оны 10 дугаар сарын 4-ний өдөр оршин суугчид болон төлөөлөн удирдах зөвлөлийн бусад удирдлагуудын дуудсанаар 14 дүгээр байрны гадна талбайд очсон. Энэ өдөр би хохирогч гэх Д.Бтэй огт маргалдаагүй, түүнийг зодож цохиогүй, харин өөдөөс тулж ирж, нүүр нүд рүү чичих үед нь түүнийг биеэсээ холдуулж түлхсэн бөгөөд Д.Б нь хүмүүсийн барьж явсан хашааны завсарт хөлөө хавчуулж унаснаас нь биед нь гэмтэл учирсан юм. Би түүнийг санаатай зодох, цохих ямар ч үйлдэл хийгээгүй, гэмт хэрэг үйлдээгүй гэж үзэж байна. Д.Бийн оршин суугчдын гарын үсэг зөвшөөрлийг хуурамчаар бүрдүүлэн хүүхдийн тоглоомын талбайд барилга барих зөвшөөрлийг хууль бусаар гаргуулж авсан асуудлыг захиргааны хэргийн шүүх хянаж байгаа. “Мандах-2” СӨХ-ны дарга, ТУЗ-ийн гишүүд солигдсоноор энэ байдал илэрч, бидний зүгээс дээрх барилгыг бариулахгүй байх, зөвшөөрлийг хүчингүй болгуулах асуудлыг зохих журмын дагуу хөөцөлдөж эхэлсэн үед Д.Б нь хашаа барих, барилгын ажлаа эхлүүлэхээр шамдаж, удаа дараа хэрүүл маргаан үүсгэж, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулж байсан. Энэ өдөр ч мөн олон хүн авч ирэн эмх замбараагүй байдал үүсгэсэн, бидний зүгээс цагдаагийн байгууллагад дуудлага өгч холбогдох хүмүүс ирсэн. СӨХ болон оршин суугчдын зүгээс гаргаж байгаа эсэргүүцлийг намайг голлон зохион байгуулж байгаа гэж үзэж, намайг зориуд өдөөн хоргоож, нүүр нүд рүү чичлэн, эцэст нь гэмт хэрэгт холбогдуулж байгаад маш их гомдолтой байна. Надад бусдыг зодох, цохих, гэмтээх ямар ч санаа зорилго байхгүй, би энэ хүний биед санаатай гэмтэл учруулаагүй. Харин Д.Б нь өөрийн буруутай энэ үйлдлийг хэлдэггүй, тэр ч байтугай өөрсдийн ачиж авч явсан хашааг биднийг эвдэлсэн, гэмтээсэн гэж гүтгэж их хэмжээний мөнгө нэхэж байсан юм. Дүүргийн прокурорын газраас энэ хэргийг 2 ч удаа хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байсан бөгөөд Д.Б нь барилгын зөвшөөрлийг хүчингүй болгуулах гэсэн асуудалд хонзогнож намайг гүтгэж байна гэж үзэж байна. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 564 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү ...” гэв.

Шүүгдэгч Ч.Бийн өмгөөлөгч Ц.А давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Ч.Б нь 2016 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс “Мандах-2” СӨХ-ны төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажилласан бөгөөд уг СӨХ нь Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 14, 22а байрнуудын 504 өрхийн 2000 гаруй оршин суугчдад үйлчилгээ үзүүлж, тэднийг ая тухтай цэвэр тохилог орчинд амьдруулах үүрэг хүлээдэг юм. 2016 оны 10 дугаар сарын 4-ний өдөр хохирогч гэх Д.Б нь 14 дүгээр байрны гаднах хүүхдийн тоглоомын талбайд барилгын хашаа барихаар очихдоо уг барих гэж байгаа барилгын зөвшөөрлийг хууль бус гэсэн үндэслэлээр шүүхэд хандах, оршин суугчдын гомдол саналыг төлөөлж байгаа Ч.Б болон “Мандах-2” СӨХ-ны ТУЗ-ийн гишүүдийн эсэргүүцлийг зогсоох, зориуд хэрүүл маргаан үүсгэх, хэрэг зөрчилд холбогдуулах зорилготой очсон нь болсон үйл явдлыг баримтжуулах зорилгоор хийж байсан бичлэг, Ч.Бийг зориуд дагаж араас нь бичлэг хийх хүн томилж бичүүлээд өөрөө урдаас нь бичлэг хийж баруун гараараа нүд рүү нь чичиж мангасдан өдөж турхирсан байдлаас тодорхой харагдана. Ч.Б нь хохирогч Д.Бийг зодоогүй, цохиогүй, түүний хугарсан гэх зүүн хөлөнд Ч.Бийн гар хөл аль нь ч хүрээгүй юм. Д.Б нь СӨХ-ны удирдлага, оршин суугчид, тэр ч байтугай болж буй маргааныг зохицуулахаар дуудлагаар ирсэн цагдаагийн байгууллагын ажилтнуудын шаардлагыг үл хэрэгсэн, хүчээр тулгаж, олон хүн авч ирэн, хашаа буулган зөөж, хэрүүл маргаан үүсгэх явцдаа Ч.Бийн нүүр лүү чичлэх үед нь Ч.Б биеэ хамгаалах, өөрөөсөө холдуулах зорилгоор түүнийг түлхсэн бөгөөд хохирогч гэх Д.Б нь ардаа байсан, ажилчдынхаа өргөж байсан төмөр хашаан дээр биеийн жингээрээ сууж, хөлөө хавчуулж унаснаас биед нь гэмтэл учирсан. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Сиди дээрх бичлэгт энэ бүх байдал тодорхой харагддаг бөгөөд хохирогч гэх Д.Б нь зүүн гартаа барьсан утсаар бичлэг хийн, Ч.Бийн өөдөөс тулж ирж байгаа нь мөн тодорхой харагддаг. Гэтэл өөрийн утсан дээр хийсэн бичлэгээ хэрэгт нотлох баримтаар өгөхгүй, баруун гараараа Ч.Бийн нүд рүү чичээгүй гэдгээ баталж чадахгүй байгаагаас гадна гэрч Ч.Оюунчимэг, Ж.Мягмаржав нарын мэдүүлгээр хохирогчийн нүд рүү цохисон, чичсэн гэдэг нь батлагдаж байгаа юм. Анхан шатны шүүх Ч.Бөд ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов гэж заасан атлаа Ч.Б нь барилга бариулахгүй гэх шалтгаанаар эсэргүүцэн, маргалдаж улмаар түүнийг түлхсэний улмаас Д.Б унаж зүүн шаант ясны далд хугарал гэмтэл учирсан, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэж дүгнэсэн нь учир дутагдалтай нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн дүгнэлт гэж үзэж байна. Ч.Б өөрт нь хүч хэрэглэн нүд рүү нь чичих гэсэн үйлдлийг эсэргүүцэж зөвхөн өөрийгөө хамгаалах зорилгоор хохирогч гэх Д.Бийг биеэсээ холдуулж түлхсэн бөгөөд түүний энэ үйлдлийг бусдын биед санаатай хохирол учруулсан гэмт хэрэг гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 564 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ч.Бөд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгнө үү...” гэв.

Хохирогч Д.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 14 дүгээр байрны хүүхдийн тоглоомын талбайд газар доорх автозогсоол бүхий дээрээ хүүхдийн тоглоомын иж бүрэн тохижилттой, төсөл ажлыг хийхээр зохих журмынх нь дагуу материалаа бүрдүүлж, 9 дүгээр сарын 14-ний өдөр барилга барих зөвшөөрлөө аваад, 9 дүгээр сарын 16-ны өдөр барилгын түр хашаа барихаар очоод барьж чадаагүй. 2 дахь удаагаа буюу 10 дугаар сарын 4-ний өдөр очоод дээрх асуудал болсон. Энэ хэрэг болох болсон гол шалтгаан нь Ч.Бийн эхнэр ирээд биднээс 200.000.000 төгрөг нэхсэн ба тэрээр “... 200.000.000 төгрөг өгчих, тэгвэл бид нар хашааг чинь бариулъя, ингэж тэмцэлдэх шаардлага байхгүй...” гэж хэлж байсан. Бид энэ талаар нь бичлэг хийж баримтжуулсан. Тэгэхээр нь бид мөнгө өгөх шаардлагагүй гээд бичлэгийг нь фэйсбүүк дээр тавьсан. Харин дараа нь Ч.Б надтай тааралдаад “энэ хашааг чинь ямар ч байсан бариулахгүй” гэж хэлж байсан. Надад Ч.Бийг санаатайгаар дагаж бичлэг хийе гэсэн санаа зорилго байгаагүй. Урьд нь хашаа эвдэлж байсан учраас бичлэг хийгээрэй гэж тэнд байсан нэг хүүхдэд хэлсэн. Харин би өөрөө бичлэг хийсэн боловч унахдаа утсаа унагаагаад, тухайн бичлэг нь хадгалагдаагүй. Шүүгдэгчийн өмгөөлөгч “намайг Ч.Бийг мангасдсан ба Ч.Бийн хойд талаас бичлэг хийгдсэн тул түүний үйлдэл мангасдаж, чичсэн үйлдэл харагдахгүй байна” гэж хэлж байна. Харин ч тухайн Сиди бичлэг дээрх зүйл маш тодорхой харагддаг гэж миний зүгээс үзэж байна. Хэрвээ би Бийг мангасдсан бол бичлэг дээр миний гар дээр байрлалтай харагдах байсан. Гэтэл тухайн бичлэг дээр миний гарын байрлал хаана байгаа нь тодорхой харагдаж байсан тул энэ талаар нэмж тайлбарлах зүйлгүй. Харин тухайн хүүхдийн тоглоомын талбайд авто зогсоол барихтай холбоотой Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр 2 дугаар сард гарсан ба иргэдийн эрх ашиг хохирч болзошгүй байна гэсэн үндэслэлээр Засаг даргын захирамжийг хэрэгсэхгүй болгосон. Дараа нь давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд нь буцааж шийдвэрлэсэн. Гэтэл 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр дахин анхан шатны шүүхийн шүүх хуралдаан болж мөн л иргэдийн эрх ашиг хохирч болзошгүй гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Миний хувьд маш их гомдолтой байна. Би зөвхөн Ч.Бийг дагаж бичлэг хийсэн зүйл байхгүй, хашаагаа хамгаалж бичлэг хийж байсан. Гэтэл өнөөдрийг хүртэл шүүгдэгчийн зүгээс надаас уучлалт гуйж, хохирлоо нөхөн төлсөн зүйл байхгүй ...” гэв.

Хохирогч Д.Бийн өмгөөлөгч Б.Н тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Сидиг мөрдөн байцаагч тэмдэглэл болгон үйлдэхдээ “хүчтэй түлхсэн” гэсэн байдаг. Хүнийг хүчтэй түлхэнэ гэдэг санаатай үйлдэл юм. Үүнийг болгоомжгүй гэж үзэж хэрхэвч болохгүй. Магадгүй хүчтэй түлхэлтийн улмаас илүү хүнд гэмтэл ч учрах боломж байдаг. Миний үйлчлүүлэгчийн хувьд Ч.Бийг мангасдсан, чичсэн ямар ч үйлдэл гаргаагүй болох нь тухайн Сиди бичлэгт тодорхой харагдаж байгаа. Бичлэг хийж байгаад өөрөө хүчтэй түлхүүлсэн. Ч.Бийн үйлдэл, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоотой юм. Санаатайгаар түлхэж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байна. Миний үйлчлүүлэгч өөрөө газрын гэрчилгээтэй биш юм. Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газар энэ хүнтэй гэрээ байгуулж, миний үйлчлүүлэгч тухайн газар дээр авто зогсоолын ажил хийхээр болсон. Тухайн газар нь Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын 15 жилийн хугацаатай эмзэмших эрхтэй газар юм. Энэ хэрэгт бас нэг чухал зүйл байдаг нь олон тооны хашаагаа эвдэлж, сүйтгүүлсэн явдал юм. Хашааг нь эвдэлж, хүнийг нь түлхэж байгаа нь бүгд санаатай үйлдэл гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Харин бусдын эд зүйлийг эвдэлж, сүйтгэсэн асуудлыг мөрдөгч шалгаагүй тул үүнийг жич шалгуулна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гарсан гэж үзэж байна ...” гэв.

Прокурор Н.Гэрэлмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Энэ хэргийн 2016 онд нэг удаа хэрэгсэхгүй болгож байсан. Харин дээд шатны прокуророос гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байна гэж сэргээсэн байгаа. Хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч, шүүгдэгчийн мэдүүлгүүд, Сиди бичлэг зэргээс Ч.Бийн үйлдэл нотлогдон тогтоогддог. Харин хохирогч Д.Бийн хувьд зөвхөн шүүгдэгчийг дагаж бичлэг хийсэн асуудал байхгүй, тэрээр орчин тойрныг бүхэлд нь бичсэн байдаг. Шүүгдэгч Ч.Бийн хувьд хохирогчийг түлхэж байгаа бичлэг нь тодорхой харагддаг. Хэдийгээр Ч.Б нь хохирогчийн хөл, гарт хүрээгүй гэж өөрийгөө хамгаалж хэлдэг ч гэсэн түлхэж байгаа үйлдэл нь санаатай ба түүнд учрах хор уршгийг мэдэх бүрэн боломжтой байсан. Иймд Ч.Бийн үйлдэл санаатай гэдэг нь хангалттай тогтоогдож байх ба гэмт хэргийн бүрэлдэхүүний бүхий л шинжийг хангаж байна. Мөн хохирогчийг түлхсэний улмаас биед нь хүндэвтэр гэмтэл учирсан нь хоорондоо шалтгаант холбоотой юм. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 564 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Ч.Б нь 2016 оны 10 дугаар сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 14 дүгээр байрны гадна зохих зөвшөөрлийн дагуу хүүхдийн тоглоомын талбайд барилгын ажлыг эхлүүлэхээр түр хашаа барихаар очсон Д.Бийг барилга бариулахгүй гэх шалтгаанаар эсэргүүцэн маргалдаж улмаар түүнийг түлхсэний улмаас Д.Б нь унаж биед нь зүүн шаант ясны далд хугарал гэмтэл учирсан буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Д.Бийн “... 2016 оны 10 дугаар сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 14 дүгээр байрны баруун талд Нийслэлээс хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийн дагуу хүүхдийн тоглоомын талбайд доороо дулаан зогсоол бүхий дээрээ хүүхдийн тоглоомын иж бүрэн тохижилттой барилгын түр хашаа барихаар очсон. Ингээд барилгын хашаануудыг портер машинаас буулгаж зөөх явцад тус байрны оршин суугч Б, О, М, Б, С, Д зэрэг хүмүүс хашааг бариулахгүй гэж бидний зөөж явсан хашааг эвдэлж, түлхэж, сүйтгэн улмаар Б гэх хүн намайг 2-3 удаа хүчтэй түлхэж байснаа би хашааны нөгөө талд тойрч очиход намайг хоёр гараараа цээж рүү хүчтэй цохин би хойш савж унахдаа зүүн хөл хашааны дунд хавчуулагдан хойш савж унасан. Тэгээд босох гэтэл миний зүүн хөл өвдөж, хөлөө татаж авахад мэдээгүй болсон байсан...” /хх-30-31/,

гэрч Ж.М-ын “... 2016 оны 10 дугаар сарын 4-ний өдөр би Ч.Бийн баруун гар талд зогсож байсан. Тэгтэл эхлээд Д.Б нь Ч.Бийг баруун гараараа түлхсэн чинь Ч.Б нь хариу үйлдэл хийгээд өөрийг нь цааш түлхэхэд Д.Б нь ард талд нь ажилчид өргөөд зогсож байсан төмөр хашааны дээр нэг хөлөөрөө халтирч, тэнцвэр алдаж унаад хашаан дээрээ суусан. Мөн унахдаа хашааны завсар хөлөө хавчуулж унасан. Ч.Бийн хувьд Д.Бийг санаатай цохиж, зодсон зүйл байгаагүй...” /хх-39-40/,

гэрч Ч.О-ийн “... 2016 оны 10 дугаар сарын 4-ний өдөр нөхөр Ч.Бийг дуудахаар гэрээсээ гарахад нилээн олон хүн цугларсан, бужигнасан, хэрүүл маргаан үүссэн, цагдаа нар ирчихсэн байсан. Намайг нөхөр лүүгээ дөхөж очих үед түүний яг өөдөөс нь саарал цамцтай, хар жилеткатай, намхан эрэгтэй хүн тулаад хэрэлдээд байх шиг байсан. Тэр хавьд хүмүүс төмөр хашааг буулгаад, зөөгөөд байх шиг байсан. Тэгээд намайг нөхөр лүүгээ ойртоод явж байтал өмнөөс нь тулж хэрүүл хийгээд байсан хүн нүүр лүү нь цохиод авах шиг болсон. Тэгтэл манай нөхөр түүнийг түлхсэн ба тэр хүн нь хойшоо унасан. Тэгэхэд хүмүүс орилолдоод цаанаас цагдаа ирсэн...” /хх-41-43/,

гэрч Д.С-ийн “... 2016 оны 10 дугаар сарын 4-ний өдөр Д.Б намайг хашаа зөөгөөд өгөөч гэж дуудсан ба би очоод нэг хүнтэй хашаагаа бариад зогсож байтал Д.Б ах гартаа утас барьчихсан бичлэг хийгээд байсан. Тэгтэл нэг өндөр, хар куртиктэй, хар өнгийн саравчтай малгайтай ах хүмүүсийг тойрч ирээд Д.Б ахыг шууд гараараа түлхсэн. Тэгтэл Д.Б ах бид хоёрын бариад зогсож байсан хашааны доор хөлөө оруулаад дараад унасан ба бид хоёр барьж явсан хашаагаа газарт алдсан. Тэгэхээр нь би хүмүүсийг холдооч, хүн хашаанд даруулчихлаа, хүний гар хөл гэмтээлээ гэж хэлсэн. Тэгтэл тухайн хүмүүс сонсож байгаа шинжгүй, зарим нэг хүмүүс хашаан дээр нь гарч зогсоод газарт унасан байсан Б ахыг тойрч зогсоод хэрүүл хийгээд байсан...” /хх-84-86/,

шүүгдэгч Ч.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... 2016 оны 10 дугаар сарын 4-ний өдөр Д.Б гэдэг хүн над дээр ирж маргаан үүсгэсэн. Д.Б нь над руу тулж ирээд миний нүд рүү чичиж мангасдсан. Тэгэхэд нь би өөрөөсөө холдуулж түлхсэн. Д.Б над руу цээжээрээ тулж, зүүн гартаа утсаа бариад бичлэг хийж байсан, баруун гараараа миний нүүр лүү чичсэн. Энэ үедээ миний араас хүн дагуулж бас бичлэг хийсэн байна. Ер нь намайг зориуд өдөж цохиулаад хэрэгт оруулах гэж өдөж, үүнийгээ бичиж авах гэсэн зохион байгуулалттай, урдаас төлөвлөсөн үйлдэл гэж үзэж байна. Би тэр хүнийг биеэсээ холдуулж, цээж рүү нь түлхсэн. Түүний хөл рүү цохиогүй, өшиглөөгүй, надаас намхан, тэгээд миний араас бичсэн учраас тэр хүний миний нүүр лүү цохиж байгаа нь харагдахгүй байна. Гэхдээ үүнийг харсан хүн байгаа. Би нүүр лүү цохих, нүд рүү мангасдах гэхээр нь хойшоо зайлж, гэдийж байгаа байдал ч энэ бичлэг дээр тодорхой байна. Би биеэ хамгаалж энэ хүнийг өөрөөсөө зайлуулж түлхсэн. Тэр өөрийнхөө хүмүүсийн барьж явсан хашаанд тээглээд өөрөө хашаан доогуур тийрч, өөрийнхөө хүчээр хашаан дээр тээглэж унаснаас хөл дээр нь унаж байна. Миний хувьд түүнийг зодож цохисон асуудал огт байхгүй. Намайг мангасдаагүй, нүд рүү чичээгүй бол би түүнийг өөрөөсөө холдуулж, түлхэх шаардлага байхгүй...” /хх-47-48/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “... Д.Бийн биед зүүн шаант ясны далд хугарал, зүүн шилбэнд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх 2016 оны 10 дугаар сарын 7-ний өдрийн 13795 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-11/, сиди бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-24-28/, хохирлын баримтууд /хх-80-81/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 Ч.Бөд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан байх ба мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

            Анхан шатны шүүхээс Ч.Бийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Бийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байна.

Шүүгдэгч Ч.Б нь хохирогч Д.Бийг түлхсэн үйлдэл, түүний биед учирсан хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоотой байх тул үйлдэлдээ санаатай, үр дагавар нь болгоомжгүй үйлдэгдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Харин анхан шатны шүүх шийтгэх тогтоолынхоо тодорхойлох хэсэгт Ч.Бийн үйлдэлд “2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх үндэслэлтэй” гэж дүгнэсэн атлаа тогтоолын тогтоох хэсэгт тухайн заалтыг журамлаагүй орхигдуулж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэжээ.

Түүнчлэн анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу бичсэн байх тул залруулах нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч Ч.Б, түүний өмгөөлөгч Ц.А нарын гаргасан “... хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 564 дүгээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 564 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Бийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Бийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.” гэж,

- 6 дахь заалтад “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар ...” гэснийг “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар ...” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Ч.Б, түүний өмгөөлөгч Ц.А нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.ОЧ

                                    ШҮҮГЧИД                                                       Д.ГАНСҮХ

                                                                                                           Д.ОЮУНЧУЛУУН