Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 00040

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 01 сарын 05 өдөр                  Дугаар 142/ШШ2017/00040                        Орхон аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хийж,

Нэхэмжлэгч: 1969 онд төрсөн, 47 настай эрэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 11-3-3-302 тоотод оршин суух Цогт овгийн Гаадангийн Буянжаргалын /регистрийн дугаар ЦГ69012914/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Эрд сүлж” ХХК-нд холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Буянжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Оюунбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чимгээ, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Г.Буянжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Р.Буянжаргал нь Эрд сүлж ХХК-нд ахлах нягтлан бодогчоор 2007 оноос ажиллаж байна. Тус компанийн гүйцэтгэх захирлын 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/88 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 131 дүгээр зүйлийн 131.1.3, компанийн дотоод журмын 8.1, 8.9.7 дахь заалт, ТУЗ-ийн 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 07 тоот тогтоолыг үндэслэн Нийтийн албанд болон нийтийн болон хувийн ашиг сонирхолыг зохицуулахашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хуулийг зөрчсөн, шүүхийн шийдвэртэй өр, авлагыг 2015 он болон 2016 оны хагас жилийн санхүүгийн тайланд тусгаагүй нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг зөрчсөн, гүйцэтгэх захирлын 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/63 тоот тушаалаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй зэрэг ажил олгогчийн итгэлийг ноцтойгоор алдсан гэж үзэн хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халсан. Уг тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд намайг хууль зүйн үндэслэлгүй халлаа гэж үзэж байна. Намайг ажлаас халсан нь үндэслэлгүй гэж үзэж байгаа тул “Эрд сүлж” ХХК-нд ахлан нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тготоож, ажилгүй байсан хугацааны үндсэн цалин хөлс 1 350 000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч “Эрд сүлж” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: “Тус компанийн ахлах нягтлан бодогчоор ажиллаж байсан Гаадангийн Буянжаргал нь компанийн гүйцэтгэх захирлын 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/88 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачлагаар цуцалж, сахилгын шийтгэлээр халсныг хууль бус гэж үзэж шүүхэд гомдол гаргасныг хүлээн авч танилцлаа. Г.Буянжаргалын гомдол үндэслэлгүй гэж үзэх дараах үндэслэлүүд байна.

  1. Г.Буянжаргал нь компанийн санхүүгийн тайланг гаргах, хянах, зохих газарт тайлагнахдаа компанийн 812 304 688 төгрөгийн буюу онц их хэмжээний өглөг, авлагыг тайланд тусгаагүй, санхүүгийн тайлан мэдээг буруу гаргасан болох нь Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1030 тоот шийдвэр, 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 1253 тоот захирамж, 2015 оны 4 дүгээр улирал, 2016 оны 3 дугаар улирлын санхүүгийн тайлангууд, санхүүгийн хяналт шалгалтын тайлангаар тогтоогдсон бөгөөд үүнийгээ өөрөө хүлээн зөвшөөрсөн болно. Түүний энэ зөрчил нь Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1.1-84.1.3 дахь заалт, Компанийн дүрмийн тав дугаар зүйл, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5.14, 20.2.5, 20.2.9 дэх заалтыг зөрчсөн болно.
  2. Г.Буянжаргал нь Компанийн татварын тайланг үнэн зөв гаргаагүйн улмаас татварын албаны хяналт шалгалтаар 2 997 440,2 төгрөгийн нөхөн татвар, 2 397 952,2 төгрөгийн торгууль алдангийг улсын байцаагчийн актаар ноогдуулсан нь түүнийг үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандаж байсныг давхар нотолно.
  3. Г.Буянжаргал нь өөрийн эхнэр Б.Мандахын “Талст хаш” ХХК-иас компанид илүүдэл нөөцтэй байгаа 29,5 сая төгрөгийн даавууг худалдан авсан орлогыг бүртгэж, үнийн төлбөрийг 2 дугаар гарын үсэг зурж шилжүүлсэн нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхолыг зохицуулах, ашиг сонихролын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн холбогдох заалтууд болон Компанийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн нь тогтоогдсон. Одоо харин Г.Буянжаргал ийнхүү маргаж байгаа нөхцөлд бид энэ маргаан шийдвэрлэгдсэний дараа “Талст хаш” ХХК-тай байгуулсан гэрээг хууль зөрчсөн үндэслэлээр хүчингүйд тооцуулж, илүүдэл нөөцтэй даавууг буцаан өгч мөнгөө буцаан нэхэмжлэн авах боломжтой болж байна.
  4. Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Тэргүүн дэд захирал Б.Шинэбаатарын баталсан “Хяналт шалгалт хийх ажлын удирдамж”-ийн дагуу хийгдсэн ажлын хэсгийн шалгалтын 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн тайлангийн нэгдсэн дүгнэлтэд:

“Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1030 тоот шийдвэрийн дагуу Аж үйлдвэрийн яаманд төлөхөөр шийдвэрлэгдсэн 812,3 сая төгрөгийг өр төлбөр, Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 1253 дугаар захирамжийн дагуу “Подиум” ХХК-с гаргуулж авахаар шийдвэрлэгдсэн 812,3 сая төгрөгийн авлагыг 2015 он, 2016 оны эхний хагас жилийн тайлан тэнцэлд тусгаагүй зөрчил нь Монгол Улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5.1.4-р заалтын дагуу үнэн зөв байх зарчмыг алдагдуулж СТОУС-д нийцээгүй Санхүүгийн тайлан тэнцэл бэлтгэсэн зөрчил гаргасан. Энэхүү зөрчил нь Эрдсүлж ХХКомпани төдийгүй Эрдэнэт үйлдвэр ХХК- ийн нэгдсэн санхүүгийн тайлан тэнцлийг буруу тайлагнахад хүргэсэн ноцтой алдаа гэж үзэж байна. “Подиум” ХХК-с авах шүүхийн тэмдэгтийн хураамж, өмгөөлөгчийн хөлс болох 11,7 сая төгрөгийг төлүүлэх талаар 2015 оны 10 дугаар сараас хойш дорвитой ажил зохион байгуулаагүй байна. Шүүхийн шийдвэрийн дагуу “Подиум” ХХК-с гаргуулан авах ёстой 812,3 сая төгрөгийг нэхэж авах нь байтугай Санхүүгийн тайлан тэнцэлдээ ч тусгаагүй байна. Ийнхүү компанийн 2015 он, 2016 оны эхний хагас жилийн тайлан тэнцлийг материаллаг хэмжээний зөрүүтэй тайлагнасан нь ахлах нягтлан бодогч Г.Буянжаргал ажилдаа хайнга хандаж, СТОУС-д нийцээгүй тайлан бэлтгэсэнтэй холбоотой. 2015 оны 08 дугаар сарын 31-ний байдлаар 65 нэр төрлийн 310,9 сая төгрөгийн түүхий эд, үндсэн материал тоологдсон. 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн үлдэгдэлтэй харьцуулахад харьцуулахад 150,1 сая төгрөг буюу 93,4%-иар өссөн байна. Энэ нь худалдан авалтын гэрээг байгуулахдаа нийлүүлэлтийн болон төлбөрийн хуваарийг сайтар тусгаагүйгээс үүдэлтэй байна. Эрдсүлж ХХК-ийн орлогч дарга М.Олонжаргал, эдийн засагч О.Батхишиг нар нь гэрээг байгуулах үед гэрээний нөхцөлийг сайтар судлаагүйгээр компанид хохиролтой гэрээг удаа дараа байгуулсан. Тухайлбал ахлах нягтлан бодогч Г.Буянжаргалын эхнэр Б.Мандах захиралтай “Талст хаш” ХХК-тай бараа материал худалдах, худалдан авах тухай 29,45 сая төгрөгийн үнийн дүн бүхий гэрээг 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан. Ийнхүү гэрээ байгуулсан нь 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр батлагдсан “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хуулийн 3.1.2,байгуулсан нь 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр батлагдсан “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хуулийн 3.1.2, 3.1.3, 3.1.5, 6.3, 6.5, 8.2, 8.6, 11.1, 12.1 заалтуудыг зөрчсөн байна. Энэхүү хууль нь 2012 оны 05 дугаар сарын 01-ээс хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа болно” гэсэн дүгнэлтийг гаргасан болно.

5. Компанийн ТУЗ-өөс 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр баталсан орон тоо, бүтцээр 65 ажилтантай уг компанид ахлах нягтлан бодогч байх шаардлагагүй гэж үзэж энэ орон тоог хассан болохыг мөн дурдаж байна. Түүнчлэн тэрээр Гүйцэтгэх захирлын 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/63 тоот тушаалаар нэрлэсэн тодорхой үүрэг хүлээсэн байдаг боловч түүнийгээ биелүүлээгүйгээр барахгүй харин ч эсрэгээр санхүүгийн тайлангаас нууж компанийн эсрэг ажилласан байдаг юм.

Иймд Компанийн гүйцэтгэх захирльтн Б/88 тоот тушаал бодит байдлын хувьд болон хууль зүйн хувьд үндэслэлтэй болно” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Буянжаргал нь “Эрд сүлж” ХХК-нд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Талст хаш ХХК-тай байгуулсан гэрээг би хийгээгүй, манай компанид гэрээ хийх эрхтэй 2 хүн байдаг. Нэг нь н.Бэхбаатар захирал, нөгөөх нь орлогч захирал бөгөөд үнэ, тоо хэмжээгээ тохироод хэлцэл хийгээд ахлах ня-бо танилцдаг. Ахлах ня-бо бол хийгдсэн гэрээ хэлэлцээрт байгаа барааг орлогод авахдаа тоо хэмжээ тохирч байна уу гэж шалгадаг. 2016 оны 10 дугаар сарын 22-нд Аж үйлдвэрийн яамтай хийсэн гэрээ болон “Подиум” ХХК-ийн өр авлагын асуудлыг тайланд тусгаагүй гэж 2 дахь удаагаа ажлаас халж байгаа. Хуучин ТУЗ болон гүйцэтгэх захирал нарт байнга мэдэгдэж тайланд тусгая гэж байсан боловч зөвшөөрдөггүй байсан. Гэтэл 2016 онд шинээр томилогдсон ТУЗ болон гүйцэтгэх захирал миний буруу гэж ажлаас халсан. Хуучин шинэ удирдлагын зөрчлөөс болж ажлаас халж байгаа нь үнлдэслэлгүй юм” гэж тайлбарлаж байгаа.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “...Г.Буянжаргал нь бараа худалдан авахдаа Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхолыг зохицуулах, ашиг сонихролын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг илт зөрчсөн болно. “Подиум” ХХК-тай холбоотой өр авлагыг тайланд тусгаагүй, санхүүгийн тайлан тэнцлийг буруу гаргасан, мөн компанийн 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр баталсан орон тоо бүтцээр ахлах нягтлан бодогч гэсэн орон тоо байхгүй болсон. Энэ хүнийг өмнө ажлаас халаад ажилд нь эргүүлэн авахдаа “Подиум” компанийн өр авалгыг барагдуулах үүрэг өгсөн боловч тэр үүргээ биелүүлээгүй. 2016 оны хагас жилийн тайланд шалгалт орж ирээд 5,9 сая төгрөгийн хүү торгууль тавигдсан. Тайланг үнэн зөв гаргаагүй учраас торгууль тавигдсан зэргийг үндэслэж ажлаас халсан” гэж тайлбарлаж байгаа.

Г.Буянжаргал нь 2011 оны 05 дугаар сараас “Эрд сүлж” ХХК-нд ахлах нягтлан бодогчоор ажиллаж байгаад 2014 онд ажлаас чөлөөлөгдсөн байна.

Тэрээр ажил олгогчийн шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд хандан улмаар Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 528 дугаар шийдвэрээр ажилдаа эгүүлэн тогтоогдон ажиллаж байгаад 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/88 тоот тушаалаар дахин ажлаас халагдсан болох нь зохигчдын тайлбар, 2011 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 10 тоот хөдөлмөрийн гэрээ, 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/63 тоот Г.Буянжаргалыг ажилд эгүүлэн авах тухай тушаал, 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн хөдөлмөрийн гэрээг цуцласан Б/88 тоот тушаал зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт ажил олгогч Г.Буянжаргалыг 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр ажилд эгүүлэн авахдаа түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүйгээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд ийнхүү ажил олгогч ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр  зүйлийн 24.1-д заасан ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний 1 хувийг ажилтанд өгөх үүрэгтэй гэсэн заалтыг зөрчжээ.

Ажил олгогч Г.Буянжаргалтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон үндэслэлээ “...нягтлан бодогч Г.Буянжаргал нь эхнэр Б.Мандахын “Талст хаш” ХХК-тай 29,4 сая төгрөгийн бараа, материал худалдан авах гэрээ байгуулсан нь Компанийн дүрмийн 5.2, 5.4 дэх заалт, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхолыг зохицуулах, ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчсөн, Шүүхийн шийдвэрээр Аж үйлдвэрийн яаманд төлөх 812 304 608 төгрөгийн өглөг, мөн шүүхийн шийдвэрээр Подиум ХХК-с авах 812 304 608 төгрөгийн авлагыг 2015 оны болон 2016 оны эхний хагас жилийн санхүүгийн тайландаа тусгаагүй, Подиум ХХК-с авах авлагыг барагдуулах талаар гүйцэтгэх захиралын Б/63 тоот тушаалаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл тул Г.Буянжаргалтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй” гэж дурьджээ.

Шүүх нэхэмжлэгч Г.Буянжаргалыг “Эрд сүлж” ХХК-ийн ахлах нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэв.Үндэслэл нь нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Учир нь нэхэмжлэгчийг эхнэр Б.Мандахын “Талст хаш” ХХК-тай 29,4 сая төгрөгийн бараа, материал худалдан авах гэрээ байгуулсан нь Компанийн дүрмийн 5.2, 5.4 дэх заалт, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхолыг зохицуулах, ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчсөн гэж буруутгаж байгаа боловч 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр “Талст хаш” ХХК-ийн захирал Б.Мандахтай бараа бүтээгдэхүүн худалдан борлуулах тухай гэрээг “Эрд сүлж” ХХК /орлогч захирал М.Олонжаргал/ байгуулсан нь 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн бараа бүтээгдэхүүн худалдан борлуулах тухай гэрээгээр тогтоогдож байна.

Дээрхи гэрээний талууд нь “Эрд сүлж” ХХК, “Талст хаш” ХХК-иуд байх тул Г.Буянжаргалыг “Талст хаш” ХХК-тай 29,4 сая төгрөгийн бараа, материал худалдан авах гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэлгүй байна.Түүнчлэн Г.Буянжаргалын ажлын байрны тодорхойлолтод түүнд байгууллагыг төлөөлөн гэрээ, хэлцэл хийх эрх олгогдоогүй, харин компанийн дүрмийн 10 дугаар зүйлийн 10.4.13-д зааснаар компанийн гүйцэтгэх захирал ТУЗ-ийн өгсөн чиглэлийн дагуу гэрээ, хэлэлцээр хийх эрхтэй нь тогтоогдож байна.

2рт: Н.Буянжаргалыг ажлаас чөлөөлсөн бас 1 үндэслэл болох “...Шүүхийн шийдвэрээр Аж үйлдвэрийн яаманд төлөх 812 304 608 төгрөгийн өглөг, мөн шүүхийн шийдвэрээр Подиум ХХК-с авах 812 304 608 төгрөгийн авлагыг 2015 оны болон 2016 оны эхний хагас жилийн санхүүгийн тайландаа тусгаагүй, “Подиум” ХХК-с авах авлагыг барагдуулах талаар гүйцэтгэх захиралын Б/63 тоот тушаалаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл” гэсэн үндэслэл нь Г.Буянжаргалын буруутай үйлдэл гэдэг нь тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Учир нь нэхэмжлэгч Аж үйлдвэрийн яаманд төлөх 812 304 608 төгрөгийн өглөг, “Подиум” ХХК-с авах 812 304 608 төгрөгийн авлагыг 2015 оны болон 2016 оны эхний хагас жилийн санхүүгийн тайландаа тусгаагүй нь тогтоогдсон боловч нэхэмжлэгч санаатайгаар өөрийн буруутай үйлдлийн улмаас энэ өр, авлагыг тайландаа тусгаагүй гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй.

Харин тухайн үед байгууллагын удирдлагын зүгээс дээрхи өр, авлагыг тайланд тусгахгүй байх чиг үүрэг өгч байсан нь “Эрд сүлж” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 01, 02 тоот хурлын тэмдэглэлээр тогтоогдож байгаа ба 01 тоот хурлын тэмдэглэлийн 7 дугаар талд “...ТУЗ-с балансад ерөөсөө тусгаж болохгүй гэсний дагуу тусгаагүй ээ.Ажлын хэсэг ч гэсэн тийм дүгнэлтэнд хүрсэн ш дээ”, 02 тоот хурлын тэмдэглэлийн 2 дугаар тал “...түрүүчийн хуралдааны дараа “Подиум” ХХК-с ирүүлсэн албан бичиг байна.Үүн дээр манай компани нь 1 008 000 000 төгрөгийг өөрийн тайлан дээрээ тусгаад явсан болно гэж бичсэн байгаа.Бид нарын тайландаа тусгаагүй гээд байгаа нь компани өөрийн тайланд тусгачихсан учраас давхардуулан тусгахгүй гэсэн юм” гэж дурьдагдсан байгаагаас үзэхэд “Эрд сүлж” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр Г.Буянжаргал Аж үйлдвэрийн яаманд төлөх 812 304 608 төгрөгийн өглөг, “Подиум” ХХК-с авах 812 304 608 төгрөгийн авлагыг тайландаа тусгаагүй нь тогтоогдож байна. Тиймээс Г.Буянжаргалыг санаатай, өөрийн буруутай үйлдлээр өр, авлагыг тайланд тусгаагүй гэж дүгнэх боломжгүй байна.

3-рт нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх үндэслэл болж байгаа “...“Подиум” ХХК-с авах авлагыг барагдуулах талаар гүйцэтгэх захиралын Б/63 тоот тушаалаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй” гэсэн үндэслэлийн хувьд 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/63 тоот тушаалаар Г.Буянжаргалыг “Подиум” ХХК-тай холбоотой өр, авлагыг барагдуулах нягтлан бодогчийн ажилд томилон ажиллуулсан байна.

Гэвч Г.Буянжаргалыг “Подиум” ХХК-ийн өр, авлагатай холбоотой яг ямар ажлыг хийж гүйцэтгээгүй гэж үзэж байгаа нь тодорхойгүй. Харин 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 1253 дугаар шүүгчийн захирамжаар “Подиум” ХХК-с 812 304 608 төгрөг гаргуулж “Эрд сүлж” ХХК-нд олгохоор шийдвэрлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байгаа нь 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 02 тоот “Эрд сүлж” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн тэмдэглэл, 1253 дугаар шүүгчийн захирамжаар тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/88 тоот тушаал үндэслэлгүй гэж үзэж нэхэмжлэгчийг “Эрд сүлж” ХХК-ийн ахлах нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 1 350 000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан боловч хэдэн төгрөгийн дундаж цалин хөлс авдаг байсан талаархи нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул шүүх дээрхи шаардлагыг шийдвэрлэх боломжгүй байна.

Нэхэмжлэгч нь холбогдох баримтаа бүрдүүлэн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах нэхэмжлэлээ гаргах эрхтэйг дурьдаж шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгч Г.Буянжаргалын гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч “Эрд сүлж” ХХК-иас 70 200 төгрөг гаргуулж төрийн санд оруулах нь зүйтэй гэж үзсэн.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Буянжаргалыг “Эрд сүлж” ХХК-ийн ахлах нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2.Нэхэмжлэгч нь нотлох баримтаа бүрдүүлэн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах нэхэмжлэлээ гаргах эрхтэйг дурьдсугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Г.Буянжаргалын гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч “Эрд сүлж” ХХК-иас 70 200 төгрөг гаргуулж төрийн санд оруулсугай.

         4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5.Шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Р.ҮҮРИЙНТУЯА