Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 215

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

улсын яллагч Р.Очирсүрэн               

хохирогч Л.У................г,

шүүгдэгч Х.Б................г, түүний өмгөөлөгч Г.Хандсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Цагаан гэрүүд овогт Х...............ны Б................гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808 0505 30026 дугаартай 1 хавтаст хэргийг 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Цагаан гэрүүд овогт Х...............ны Б................г, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1974 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн, 44 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, хувиараа “............................

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Яллагдагч Х.Б................г нь 2018 оны 10 дугаар сарын 26-ны үүрээр 05 цагийн үед Сонгинохайрхандүүгийн ...................... ар талд байрлах “........................” нэртэй цайны газарт иргэн Л.У................гтэй маргалдаж түүний нүүрэн тус газар нь цохиж зодон эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нар мэдүүлэхдээ:

Шүүгдэгч Х.Б................г мэдүүлэхдээ: “....Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Хохирогч Л.У................г мэдүүлэхдээ: “...Тухайн үед би хоёр ширхэг пиво уусан байсан. Би шүүгдэгч Х.Б................гийн ажиллуулдаг хуушуурны газарт хуушуур авахаар ороход дотор нь 3 үйлчлүүлэгч байсан. Тэгээд би 10 ширхэг хуушуур авах гэсэн юм, гадна машин хүлээлгэсэн байгаа гэж хэлэхэд Х.Б................г нь би юм хийж байна...яасан архичин авгай бэ гэж хэлсэн.  Тэгэхээр нь би миний ууж идэх чамд ямар ч хамаагүй, би зүгээр үйлчлүүлэх гэж, хуушуур авах гэж орж ирсэн гэж хэлсэн. Тэгээд намайг балай авгай минь чимээгүй бай, юугаа хуцаад байгаа юм гэж хэлээд...текны араасаа гарч ирээд намайг үсдэж авсан. Гэтэл текин дээр байсан ус, ундаа газар унасан байгаа. Тэгэхээр нь би нүүр нь цохих гэсэн боловч чадахгүй байсан. Тэгээд Х.Б................г нь гараа атгаж байгаа миний нүүр рүү хоёр удаа цохисон байгаа...би эмчилгээний зардлаа бүрэн барагдуулж авсан тул цаашид нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

1. Хохирогч Л.У................гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 25-ны орой 23 цагийн үед ................. нэрийг нь мэдэхгүй нийтийн караокед ажлын газрын Н...............л, М...............ай хоёртой хамт дуу дуулж “Сэнгүр” пиво 3 шилийг уусан юм. Караокед ороод 1 цаг орчим болж байхад Н...............л гэр рүүгээ явсан. Тэгээд М...............ай бид хоёр караокед үлдэж дуулж байгаад караоке хаахаар нь 4 цаг өнгөрч байхад гараад М...............ай Цамбагаравын буудал дээрээс такси бариад явсан. Би үлдээд буудлын ард байрлах “Амтат” хуушуур гэсэн хаягтай цайны газарт хоол идэх гэж ороход нэг махлаг бор хүүхэн текныхээ ард юм хийгээд...3 залуу хуушуур идээд сууж байсан. Тэгээд би тэр тогооч эмэгтэйд хандан “хуушуур явъя” гэхэд тэр эмэгтэй “би юм хийж байна, битгий орилоод бай” гэхээр нь би “гадаа машин хүлээлгэчихсэн, байгаа жоохон яараад байна” гэхэд тэр эмэгтэй “юм хийж байна гар зайл” гэхээр нь “чи битгий хүн загнаад бай” гээд гарын салаавчаа гаргахад тэр эмэгтэй муу “пиздаа авгай минь дуугүй бай гар зайл” гээд текны цаанаасаа гарч ирээд намайг үсдэж доошоо дараад зүүн талын нүд рүү гараараа цохиод цайны газраасаа хөөгөөд гаргасан. Тухайн үед цайны газарт сууж байан 3 залуу хараад сууж байсан. Мөн намайг тэр эмэгтэй доошоо дараад байж байхад текин дээр байсан ус ундаанууд унасан. Тэгээд би хөөгдөж гараад цагдаад дуудлага өгсөн. ...Би тэр эмэгтэйгийн гарыг нь тавиулах гээд ноцолдсон боловч дийлэхгүй байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18),

2. Гэрч Г.А.............агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 26-ны үүрийн 04 цагийн үед ажлаа хаагаад ...................... цайны газарт хамт ажилладаг бармен М................лтай хамт орж хуушуур идээд сууж байхад манай нийтийн караокед үйлчлүүлсэн ахимаг насны намхан туранхай биетэй эмэгтэй хоол иднэ гээд араас цайны газарт ороод ирсэн. Тэгээд тэр эгч чи үйлчилгээний байгууллагын ажилтан байж хүнд хурдан үйлчил гээд тэр хоёр хоорондоо маргалдаад эхэлсэн. Тэгээд тогооч эгч лангууныхаа араас гарч ирээд чи гар чамд үйлчлэхгүй гээд намхан биетэй эгчийг хөөгөөд түлэхэд намхан эгч өөдөөс эсэргүүцээд цохиод авах шиг болсон. Тэгтэл тогооч эгч зөрүүлээд нүд хавьцаан гараараа цохисон. Тэгээд тэр хоёр эгч хоорондоо түлхэлцээд лангуун дээр байсан ундаанууд нь газар унаад байхаар та хоёр болиоч ээ хөгшин хүмүүс байж гэж хэлэхэд тоохгүй хоорондоо зодолдоод байсан. Тэгээд тэр хоёр салаад хоорондоо маргалдаж байхад нь хартал намхан биетэй эгчийн одоо аль нүдийг нь сайн санахгүй нэг нүд нь жоохон хавдсан байсан. Тэгээд би зөрөөд гарахад намхан эгч цагдаа дуудна чи намайг зодлоо гээд үлдсэн. Тэр намхан биетэй эгч манай нийтийн караокед үйлчлүүлж байгаад хаахаар нь гарсан. Манай караокед ямар нэгэн зодоон цохион хийсэн асуудал байхгүй. Тэр эгч “Амтат” хуушуурын газарт орж ирэхэд нүд нь зүгээр байсан...тогооч эгч тэр эгчийн толгой нүд хавьцаан гараараа 2-3 удаа цохисон. Мөн нөгөө эгчийн нүүр, толгой руун гараараа цохиод байсан...Намхан биетэй эгч орж ирээд хуушуур авъя гэхэд тогооч эгч завгүй байна гэснээс болоод тэр хоёр хоорондоо маргалдсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22),

3. Гэрч Х.Б.............рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Бүргэд 112 дугаарын чиглэлд Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо Цамбагаравын автобусны буудал орчим эргүүл шалгалт хийж байгаад үүрийн 05 цагийн орчимд “Амтат” хуушуур цайны газрын үүдэнд орилж чарласан хоёр эмэгтэй хүн маргалдаж байхаар нь очоод юу болсон талаар асуухад тус хоолны газрын эзэн гэх Б................г гэдэг эмэгтэй наад согтуу авгай чинь хэл амаар доромжлоод ажил хийлгэхгүй байна гэж хэлсэн, зодуулсан гэх У................г гэх эмэгтэй нь бага зэрэг согтуу хоолны газрын хүүхэн намайг зодсон миний нүүрийг хар гэж хэлэхээр нь хартал зүүн талын хөмсөг нь жоохон овоож хавдсан байхаар нь тэр хоёр эмэгтэйгээс гомдол санал байна уу, гэж асуухад хоёулаа гомдол саналтай гэхээр нь бүртгэд-10-т хүлээлгэж өгөөд дараагийнхаа ажилд шилжсэн...Тухайн үед Б................г гэдэг эмэгтэйгийн нүүрэнд ил харагдах гэмтэл бэртэл байхгүй байсан. Харин нөгөө зодуулсан гэх эмэгтэйгийн зүүн талын хөмсөг нь бага зэрэг хавдсан байсан...Тэр У................г гэх эмэгтэйгийн зүүн талын хөмсөг хавдаж улайсан байсан. Тухайн үед У................г гэдэг эмэгтэй Б................гийн гараараа нүд рүү цохисон гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26)

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 13082 дугаар дүгнэлт

“...Хэсэг газрын үзлэг: Зүүн дээд зовхинд захаасаа шарлаж шимэгдэж буй хүрэн ягаан өнгийн цус хуралттай, хавдсан, зүүн хөмсөг хавдсан. Зүүн бугалганы гадна дунд хэсэгт 3х2см шимэгдэж буй хөхөлбөр өнгийн цус хуралттай.

2018.10.30-ны өдөр Толгойн КТГ-д: ...Тархины бор ба цагаан эдийн ялгарал буурсан буюу бага зэргийн хавантай...ДҮГНЭЛТ

1. Л.У................гийн биед тархи доргилт, зүүн зовхи, зүүн хөмсөг, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32)

5. Шүүгдэгч Х.Б................гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 26-ны үүрийн 04 цаг өнгөрч байхад ажил дээрээ ирээд хоолны бэлтгэлээ хийж байхад зүс таньдаг баарны хоёр хамгаалагч залуу хүрч ирээд идэх юм байна уу, өлсөөд байна гэж орж байгаад тухтай сууж байгаад идье гээд гуйхаар нь оруулаад мантуун бууз өгч байхад...У................г гэдэг эмэгтэй гаднаас согтуу байдалтай орж ирээд хуушуур авъя гэхээр нь хуушуур байхгүй манайх хаалттай ажилаагүй байна гэж хэлэхэд У................г та нар үйлчилгээний байгууллага байж хурдан үйлчил чи муу гуйлгачин гээд над руу салаавчаа гаргаад орилж хашгараад нүүр рүү нулимаад хэл амаар доромжлоод байхаар нь би У................гийг гаргах гээд текны араас гараад иртэл миний нүүр рүү шууд гараараа цохиод чи муу яадаг юм бэ гээд текны хажуу талын баганаас зуураад хамаг ус, ундаа нурж унасан. Тэгээд би гараа арай гэж тавиулаад хоолны газраасаа түлхээд гарахад буудал дээр цагдаагийн машин зогсож байхаар нь цагдааг дуудаад энэ хүүхэн хэрүүл маргаан хийгээд танхайраад хамаг ус ундаа унагаачихлаа гээд харуулсан. Тэгтэл У................г гэдэг эмэгтэй цагдаа руу дайраад...орилж хашгараад байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41-42),

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, (хавтаст хэргийн 52, ), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 46), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 49, 55-62), хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тухай баримт (хавтаст хэргийн 83) зэрэг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн, хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Х.Б................гт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Х.Б................г нь Со...................... цайны газар, 2018 оны 10 дугаар сарын 26-ны үүрээр 05 цагийн үед, хувийн таарамжгүй харилцааны улмаас, шууд санаатай үйлдлээр иргэн Л.У................гтэй маргалдаж түүний нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:

- Хохирогч Л.У................гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...караоке хаахаар нь 4 цаг өнгөрч байхад гараад...Цамбагаравын...буудлын ард байрлах “Амтат” хуушуур гэсэн хаягтай цайны газарт хоол идэх гэж ороход нэг махлаг бор хүүхэн текныхээ ард юм хийгээд...3 залуу хуушуур идээд сууж байсан. Тэгээд би тэр тогооч эмэгтэйд хандан “хуушуур явъя” гэхэд тэр эмэгтэй “би юм хийж байна, битгий орилоод бай” гэхээр нь би “гадаа машин хүлээлгэчихсэн, байгаа жоохон яараад байна” гэхэд тэр эмэгтэй “юм хийж байна гар зайл” гэхээр нь “чи битгий хүн загнаад бай” гээд гарын салаавчаа гаргахад тэр эмэгтэй муу “пиздаа авгай минь дуугүй бай гар зайл” гээд текны цаанаасаа гарч ирээд намайг үсдэж доошоо дараад зүүн талын нүд рүү гараараа цохиод цайны газраасаа хөөгөөд гаргасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18),

- Гэрч Г.А.............агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 26-ны үүрийн 04 цагийн үед...“Амтат” хуушуурын цайны газарт...орж хуушуур идээд сууж байхад манай нийтийн караокед үйлчлүүлсэн ахимаг насны намхан туранхай биетэй эмэгтэй хоол иднэ гээд араас цайны газарт ороод ирсэн. Тэгээд тэр эгч чи үйлчилгээний байгууллагын ажилтан байж хүнд хурдан үйлчил гээд тэр хоёр хоорондоо маргалдаад эхэлсэн. Тэгээд тогооч эгч лангууныхаа араас гарч ирээд чи гар чамд үйлчлэхгүй гээд намхан биетэй эгчийг хөөгөөд түлэхэд намхан эгч өөдөөс эсэргүүцээд цохиод авах шиг болсон. Тэгтэл тогооч эгч зөрүүлээд нүд хавьцаан гараараа цохисон. ...намхан биетэй эгчийн одоо аль нүдийг нь сайн санахгүй нэг нүд нь жоохон хавдсан байсан. ...тогооч эгч тэр эгчийн толгой нүд хавьцаа гараараа 2-3 удаа цохисон.  ...Намхан биетэй эгч орж ирээд хуушуур авъя гэхэд тогооч эгч завгүй байна гэснээс болоод тэр хоёр хоорондоо маргалдсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22),

- Гэрч Х.Б.............рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Бүргэд ................... эргүүл шалгалт хийж байгаад үүрийн 05 цагийн орчимд “Амтат” хуушуур цайны газрын үүдэнд орилж чарласан хоёр эмэгтэй хүн маргалдаж байхаар нь очоод юу болсон талаар асуухад тус хоолны газрын эзэн гэх Б................г гэдэг эмэгтэй наад согтуу авгай чинь хэл амаар доромжлоод ажил хийлгэхгүй байна гэж хэлсэн, зодуулсан гэх У................г гэх эмэгтэй нь бага зэрэг согтуу хоолны газрын хүүхэн намайг зодсон миний нүүрийг хар гэж хэлэхээр нь хартал зүүн талын хөмсөг нь жоохон овоож хавдсан байсан. ... зодуулсан гэх эмэгтэйгийн зүүн талын хөмсөг нь бага зэрэг хавдсан байсан. ...У................г гэдэг эмэгтэй Б................гийн гараараа нүд рүү цохисон гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26)

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 13082 дугаар дүгнэлт “...1. Л.У................гийн биед тархи доргилт, зүүн зовхи, зүүн хөмсөг, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32) зэрэг нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч ...Х.Б................г, хохирогч ...Л.У................г нар нь хоорондоо хувийн шалтгаан нөхцөл буюу биеийн хэлэмжийн зохисгүй харилцсан шалтгаан нөхцөлөөр, “хуушуур авъя гэхэд нь битгий орилоод бай” гэх сэдэлтээр, хохирогчийн нүүрэн тус газар цохисон шууд санаатай үйлдлийн улмаас  гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Х.Б................г нь хохирогч ...Л.У................гийн нүүрэн тус газар гараараа цохисон болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба цохиулснаас болж хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.

Иймд шүүгдэгч Х.Б................гийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Харин шүүгдэгчийн өмгөөлөгчийн Х.Б................гийг Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлд заасан араггүй хамгаалалт хэрэглэсэн гэж мэтгэлцсэнийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй буюу хохирогчийн зүй бус үйлдлийн эсрэг үзүүлж байгаа цохисон гэх үйлдлийг  өөрийнхөө амь нас эрүүл мэндийг хамгаалж үйлдсэн гэж үзэхгүй бөгөөд энэ нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Л.У................г нь  эмчилгээний зардалд баримтаар 120.000 төгрөг нэхэмжилсэн шүүгдэгч Х.Б................г нь хохирогчид учирсан 120.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан байх тул шүүгдэгч Х.Б................г нь хохирогчид энэ тогтоолоор төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч Б................гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Б................г нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирогчид учирсан хохирлоо нөхөн төлсөн, хувиараа хөдөлмөр эрхэлдэг зэрэг нөхцөл байдлыг харгалзан түүнийг торгох ялын доод хэмжээгээр торгуулийн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Х.Б................г нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...учруулсан хохирлыг төлсөн”, мөн зүйлийн 1.4 дэх заалтад заасан “...хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Х.Б................гийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, учруулсан хохирлыг төлсөн, хохирогчийн бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн, хувиараа “Амтат” хуушуур цайны газар түрээслэн ажиллуулдаг, өрх толгойлсон зэрэг зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн торгуулийн ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Х.Б................гт торгох ял оногдуулсантай холбогдуулан дээрх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.  

Эрүүгийн 1808 0505 30026 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Цагаан гэрүүд овогт Х...............ны Б................гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Б................гийг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б................гт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Х.Б................г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдол, саналгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус  дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.МӨНХЗУЛ