| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2019/0208/Э |
| Дугаар | 217 |
| Огноо | 2019-02-19 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Т.Нансалмаа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 217
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,
улсын яллагч Т.Нансалмаа
хохирогч Б.Я................г,
шүүгдэгч Б.С................в нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Харчу овогт Б................жийн С................выг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1808 0520 70149 дугаартай 1 хавтаст хэргийг 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Харчу овогт Б................жийн С................в, Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн Тарагт суманд 1984 оны 8 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, ................................
Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)
Яллагдагч Б.С................в нь 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ...................... тоотод байрлах өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Б.Я................гийг “бусадтай хардаж” нүүрэн тус газар нь гараараа цохиж, өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нар мэдүүлэхдээ:
1. Шүүгдэгч Б.С................вын өгсөн: “...Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.
2. Хохирогч Б.Я................гийн өгсөн: “...Мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;
1. Хохирогч Б.Я................гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ....................тоот гэртээ ганцаараа байхад нөхөр Б.С................в гаднаас согтуу орж ирээд хэл амаар доромжлоод “хүүхэд хүргэж өгчихөөд яасан удаж ирдэг юм” гэх шалтгаанаар намайг үсдээд нүүр рүү 2-3 удаа өшиглөсөн. Тэр үед дүү Ур..........яа орж ирж салгасан...Миний биед зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, оочны зулгаралт бүхий гэмтлийг нөхөр Б.С................в хөлөөрөө 2-3 удаа өшиглөж учруулсан...Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 09-10)
2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 13452 дугаар дүгнэлт
“...Хэсэг газрын үзлэг: Зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, шанаа нилээд хавдартай, хүрэн улаан, хөх ягаан цус хуралттай, оочны зүүн доод хэсэгт 0.3х0.6см, 0.3х1см улаан хүрээн зулгаралттай, толгойн оройн хуйх, цээжний дээд хэсгээр үл ялиг эмзэглэлтэй, ил харагдах гэмтэлгүй...ДҮГНЭЛТ
1. Б.Я................гийн биед зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, оочны зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 15)
3. Шүүгдэгч Б.С................вын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 09-ний орой гэртээ харих замдаа зүс танил ахтай 1 шил архи уучихаад Сонгинохайрхан дүүргийн ................... тоотод гэртээ иртэл гэр цоожтой гал түлээгүй эзэнгүй байсан. Тэгэхээр нь хадамындаа очтол эхнэр тэнд байж байхаар нь эхнэртээ “гэртээ байхгүй, галаа түлэхгүй яасан юм” гээд хэлтэл “чи архи уусан байна” гээд өөдөөс хэрэлдэж бид хоёр хоорондоо маргалдсан. Тэгэхээр нь би эхнэр Я................гийн нүүрэнд гараараа 1-2 удаа алгадаж цохисон чинь Я................гийн дүү нь намайг зайл гэж хөөсөн удалгүй цагдаа ирээд намайг саатуулсан...Гэртээ байхгүй айлд байлаа галаа түлээгүй байна гэх шалтгаанаар Я................гтэй маргалдаж байхдаа нүүрэнд нь гараа атгаж байгаад 1-2 удаа цохисон өөр нэмж цохиж зодоогүй...Дээрх гэмтлийг би эхнэр Я................гтэй маргалдаж байх үедээ гараараа нүүрэнд нь цохиж байхдаа учруулсан гэмтэл байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26),
4. Гэр бүлийн хүчирхийлэлийн нөхцөл байдлын үнэлгээний маягт (хавтаст хэргийн 42-50), Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны хүүхэд хамгааллын хамтарсан багийн хурлын тэмдэглэл (хавтаст хэргийн 40-41), Цагдаагийн ерөнхий газрын бүртгэл мэдээллийн нэгдсэн сангийн баримт (хавтаст хэргийн 30-34),
- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 28, 38), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 39) зэрэг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.С................вд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:
I. Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Б.С................в нь Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал овоогийн ......................... тоотод гэртээ, 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, хувийн таарамжгүй сэдэлтээр, шууд санаатай үйлдлээр, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Б.Я................гийг “хүүхэд хүргэж өгчихөөд удаж ирлээ, галаа түлсэнгүй” гэх шалтгаанаар түүний нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
- Хохирогч Б.Я................гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал Овоогийн 17 дугаар гудамжны 40 тоот гэртээ ганцаараа байхад нөхөр Б.С................в гаднаас согтуу орж ирээд хэл амаар доромжлоод “хүүхэд хүргэж өгчихөөд яасан удаж ирдэг юм” гэх шалтгаанаар намайг үсдээд нүүр рүү 2-3 удаа өшиглөсөн....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 09-10)
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 13452 дугаар дүгнэлт “...1. Б.Я................гийн биед зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, оочны зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. ...3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 15)
- Шүүгдэгч Б.С................вын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Сонгинохайрхан дүүргийн ................... тоотод гэртээ иртэл гэр цоожтой гал түлээгүй эзэнгүй байсан. Тэгэхээр нь хадамындаа очтол эхнэр тэнд байж байхаар нь эхнэртээ “гэртээ байхгүй, галаа түлэхгүй яасан юм” гээд хэлтэл “чи архи уусан байна” гээд өөдөөс хэрэлдэж бид хоёр хоорондоо маргалдсан. Тэгэхээр нь би эхнэр Я................гийн нүүрэнд гараараа 1-2 удаа алгадаж цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26) зэрэг нотлох баримтуудаар хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Б.С................в нь хууль зүйн хувьд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “танхайн” сэдэлтээр, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хохирогч Б.Я................гийг зодож, шууд санаатай үйлдлээр, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.С................в нь хохирогч Б.Я................гийг зодсон болох нь хохирогчийн мэдүүлгээр тогтоогдсон ба зодуулснаас болж хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.
Иймд шүүгдэгч Б.С................выг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Я................г нь эмчилгээний зардалд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгч Б.С................выг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Улсын яллагчаас шүүгдэгч Б.С................вын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 280 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлтийг,
Шүүгдэгч нь улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй тус тус мэтгэлцээгүй болно.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.С................в Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Б.С................в нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт тус тус заасны дагуу гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчтой эвлэрсэн баталгааг гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ. Ийнхүү хүсэлтийг хангаж Б.С................вт эрүүгийн хариуцлага хүлээлгэх санал гаргахдаа улсын яллагчаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасныг баримталсан байна.
Иймд шүүгдэгч Б.С................в нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн гэх хувийн байдал болон тэрээр эрхэлсэн тодорхой ажилгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 280 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлд зааснаар Б.С................вт нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдрийн 4 цагийн хугацаагаар хийлгэхээр тогтоож, тэрээр нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй байна.
Эрүүгийн 1808 0520 70149 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Харчу овогт Б................жийн С................выг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С................выг 280 (хоёр зуун наян) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдрийн 4 (дөрвөн) цагийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.С................в нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хэрэгт шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХЗУЛ