| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2019/0165/Э |
| Дугаар | 233 |
| Огноо | 2019-02-22 |
| Зүйл хэсэг | 11.1.2.1., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 22 өдөр
Дугаар 233
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж, шүүгч Т.Алтантуяа, Л.Баатар нарын бүрэлдэхүүнтэй
иргэдийн төлөөлөгч Д.Цэцэгмаа,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,
улсын яллагч Д.Ганчимэг,
хохирогч Б.З........о,
шүүгдэгч Д.О...............л, түүний өмгөөлөгч Н.Дэмбэрэлдагва (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0984)
гэрч Г.Г.............г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Бэрх овогт Д..............нгийн О...............лыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1808 0511 51587 дугаартай, 1 хавтаст хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Бэрх овогт Д..............нгийн О...............л, Монгол Улсын иргэн, Булган аймгийн Дашинчилэн суманд 1977 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн, 41 настай, эрэгтэй, бага боловсролтой, сантехникч мэргэжилтэй, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 81 дүгээр цэцэрлэгт галч, слесарь ажилтай, ам бүл 1, .........................
Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)
Яллагдагч Д.О...............л нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ................. гудамжинд 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр иргэн Б.З........огийн цээжин тус газар өшиглөж түүний биед зүүн уушгины авчилт, цээжний зүүн хөндийд хий, шингэн хуралдалт, зүүн 6, 7-р хавирганы хугарал, цээжний зөөлөн эдийн няцрал, баруун гуянд зулгаралт гэмтлүүдийг учруулж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад заасан хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч, гэрч нар мэдүүлэхдээ:
1. Шүүгдэгч Д.О...............лын өгсөн: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.
2. Хохирогч Б.З........огийн өгсөн “...10 дугаар сарын 02-ны өдөр гэртээ хамт ажиллаж байсан залуутай 1 шил архи хувааж уусан. Орой 21 цаг өнгөрөөгөөд дэлгүүр ороод 0.5 граммын Хараа архи ганцаараа уух сонирхолтой авсан. Дэлгүүрийн үүдэнд Г.............гийн хүргэнтэй таараад архиа гацаараа барахгүй байна гээд хамт уухаар хойшоо алхаж байхад Д.О...............лтай таарсан. Манайх сүүлийн 2, 3 хоног галаагүй болохоор хүйтэн байгаа манай гэр рүүгээ оръё гэсэн чинь Б.................д танайх галлаагүй хүйтэн байгаа манай гэр рүү оръё гээд Г.............г эгчийн гэр рүү ороод 1 жил архиа гурвуулаа хуваагаад уусан. Би тамхи татах гээд тамхиа гаргатал Г.............г эгч нялх хүүхэдтэй айлд тамхи татах гэлээ гэхээр нь гарсан. Г.............г эгч манай ээжийн биеийг муу байхад тариа хийж өгдөг ээжтэй дотно байсан болохоор Г.............г эгчийг намайг хүргээд өгөөч гэж хэлсэн. Г.............г эгч гэрийн үүдэнд ирээд манай гэрийн хаалгыг тогшсон байсан. Манай гэрийн түлхүүр надад байсан болохоор Г.............г намайг гэрийн үүдэнд орхиод явсан байсан. Нэг мэдсэн газар хэвтэж байсан. Д.О...............лыг би болно шдээ чи хэрээ мэдээрэй гэж хэлсэн. Хаалгаа түлхүүрээрээ онгойлгож гэр рүүгээ 2 цагийн дараа босоод орсон. 2 цагийн дараа гэртээ орчоод байхад ус уух гэж байхад гэмтэл авснаа мэдсэн. Г.............г эгчийн гэрээс манай гэр хоёрын хооронд 10 метрийн зайтай байдаг. Г.............г эгчийн гэрээс 2 хүнээр түшүүлж байснаа мэдэж байгаа. Зогсож байхад Д.О...............л нүүр рүү цохиход нь унагаасан. Унасны дараа цээж рүү өшиглөсөн. Одоо гомдол байхгүй. Д.О...............л нь 3 хүүхдээ тэжээдэг, эхнэр нь салсан юм байна. Намайг эмнэлэгт хэвтэж байхад гаднаас авсан эм, тарианы зардлыг төлсөн...” гэв.
3. Гэрч Г.Г.............гын өгсөн: “...Намайг ажлаас ирэхэд З.................о, Д.О...............л, Б.................д нар архи уугаад согтуу байсан. З.................о намайг гэрт хүргээд өг гэж хэлэхээр нь гэрт нь хүргэж өгөх гээд гэрээс аваад гарсан. Хоорондоо юунаас болж маргасныг мэдэхгүй. З.................ог хүргэж өгөхөд гэрийнх нь хаалгыг тогшсон надад гэр эзэнгүй гэж надад хэлээгүй. Хаалгыг нь тогшиж байхад цээж рүү нь 1 удаа өшиглөж байсан...” гэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:
1. Хохирогч Б.З........огийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр манай эхнэр “гэртээ ирэхгүй хүүгийнд хононо” гээд утсаар ярихаар нь гэртээ ганцаараа хагас шил архи уучихаад нэлээн халж аваад 18 цагийн үед гэрээсээ гараад дэлгүүрээс дахин 1 шил архи авсан. Тэгээд харьж явахдаа манай гудамжны зүүн доод үзүүрт байдаг Г.Г.............г эгчийн хүргэн залуутай тааралдсан. Тэгээд түүнтэй хамт Г.Г.............г эгчийнд орж авсан 0.5 литрийн “Хар экспорт” гэдэг архийг хувааж уусан. ...архи ууж байгаад нэг харахад миний хажууд манай зүүн хойно гэр нь байдаг зүс таних Д.О...............л гэх залуу орж ирсэн сууж байсан. Тэгээд л би согтсон байсан цаашаа юу болсныг мэдэхгүй байна. ...нэг мэдэхэд хүн намайг харанхуйд цохиод өшиглөж байсан. Би “хөөе хэн бэ” гээд харахад тэр Д.О...............л гэх залуу намайг зодож байсан...гэртээ ганцаараа ороод хувцсаа харахад нил цус болсон хамраас цус гарсан байсан...өглөө босоод ирэхэд зүүн талын хавирга өвдөөд босож чадахгүй амьсгаа авч болохгүй байсан. Тэгээд л хавирга хугарсан байна гэж мэдсэн. Тэр өдөр нь хэнтэй ч ярихгүй хэвтэж өнжсөн. Маргааш нь манай ах орж ирэхээр нь би хүнд зодуулчихаж гэж хэлсэн. Тэгээд 2018 оны 11 дүгээр сарын 4-нд гэмтлийн эмнэлгийн Нуруу, цээжний хавсарсан гэмтлийн тасагт очиж хэвтсэн...миний цээжний зүүн талын 2 хавирга хугараад уушгаа дараад зүүн уушигний багтаамж багассан байна гэж хэлсэн. Нарийн тоймтой юм надад ойлгуулаагүй...хамар хавдсан байсан. Өөр гэмтэл учраагүй. Одоо миний зүүн талын хавирга хөндүүрлэж амьсгалахад хатгаж өвдөж байгаа...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17),
“...миний биеийн байдал одоо гайгүй байгаа. Зүүн хавирганы орчим жаахан хөндүүрлэж өвдөж байгаа. Өөр зовиур алга байна...Надад нийт эмчилгээний зардал 150.850 төгрөг гарсан. Үүн дотор шатахууны 19.000 төгрөг орсон байгаа. Шүүх эмнэлэгт үзүүлэхэд 8000 төгрөг, цээжний рентген зураг 2 удаа авахуулсан нийт 40.000 төгрөг болсон...надад гомдол санал байхгүй...эмчилгээний зардлаа нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19)
2. Гэрч С.Б.................дын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр би гэртээ эхнэр Г.................г хүүхдүүдийн хамт...байсан. Би гэгээ тасарч бүрэнхий болж байхад гэрээс гараад дэлгүүр орохоор Чулуутын гудамжны доор явж байхад 35 тоот хашаанд амьдардаг З.................о ахтай тааралдсан. З.................о ах нэлээн халамцуу 1 шил архи барьчихсан явж байсан. З.................о ах надад энэ архийг хуваагаад ууя гэсэн. Хаана уух юм гэхэд тэрээр манай гэрт ороод уучихая би ганцаараа байгаа гэсэн. Би түүнийг гэртээ ганцаараа байгаа гэхээр нь дотроо дургүйцээд манайд орж ууя гэсэн. Тэгээд бид хоёр тэндээс холдоогүй байтал манай арын Хамбын гудамжинд байдаг зүс таних Жааяа гэж дууддаг О...............лтай тааралдсан. Түүнийг бид хоёр мэнд мэдээд “хаашаа явах нь вэ” гэхэд тэр “холдохгүй” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр манайх руу ороход тэр дуугай л дагаад орсон. Бид хоёрыг архи барьсан байсан учир уулцах гээд л дагаад орсон бололтой байсан. Манайд тэр архийг бид гурав хувааж уусан. Тэгээд тэр архийг уугаад дуусаж байхад манай хадам ээж Г.............г гаднаас орж ирсэн. З.................о ах “гэрт тамхи татна” гэсэн манай хадам ээж “манайх нялх бага хүүхэдтэй, гэртээ тамхи татдаггүй” гэж хэлсэн. З.................о ах явахаар болоод босоход манай хадам ээж гэрт нь хүргэж өгөхөөр аваад гарсан. Манай хадам ээж, бэр эгч Н.............л, О...............л нар бүгд хамт гарсан. Тэгээд 10-20 минутын дараа манай хадам ээж, Н.............л эгч хоёр хашааных нь гадаа хүргэж өгчихөөд ирлээ гээд орж ирсэн. ...Маргааш нь намайг ажилтай байхад манай хадам ээж Г.............г утасдаад “нөгөө З.................о ахын чинь хавирга нь хугарсан гэртээ хэвтэж байна гэнэ. Нөгөө арын гудамжны жижиг залуу чинь өшиглөөд байсан нэг дорын улс байж ямар аймаар зодоо вэ?” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24),
3. Гэрч Г.Г.............гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 02-ны...орой 21 цаг болж байхад гэртээ ирэхэд манай гэрт манай хүргэн Б.................д...З.................о хоёр жоохон халамцуу, мөн миний танихгүй манай гудамжинд амьдардаг зүс таних нэг залуу хамт байсан. З.................о нэлээн согтуу байсан. Тэгээд сууж байгаад...З.................о гэртээ харихаар болохоор нь би түүнийг хүргэж өгөхөөр Б............агийн эхнэр Н............а болон...манай гудамжны танихгүй залуугийн хамтаар гэрээсээ гарсан.. З.................ог Н............а бид 2 сугадаад хашаанаас гараад тэдний гэрлүү явсан. Араас манай гудамжны нөгөө зүс таних залуу дагаад явсан. ...З.................огын хашааны үүдэнд бид 4 явж... очоод Н............а бид хоёр хаалгыг нь цохиход хүнгүй байсан. Энэ үед З.................о согтуу босож чадахгүй мөлхөөд нэлээн холдоод Баярсайхан, Болд хоёрын хашааны хооронд оччихсон газар хэвтсэн тэр хоёр хоорондоо юм яриад байсан. ...Энэ үед нөгөө залуу З.................ог газар дөрвөн хөллөөд доошоо хараад хэвтэж байхад нь 2 удаа цээж орчимд нь хажуунаас нь өшиглөөд авсан. Тэгэхээр нь би “хөөе чи болиоч яагаад хүн зодоод байгаа юм” гэхэд тэр залуу надад хандаж “Чамд хамаагүй янхан минь чи мөрөөрөө яв” гэсэн. Тэгэхээр нь би айгаад Н............аг дагуулаад шууд гэр лүү гээ яваад харьсан. З.................ог урагшаа хараад хэвтэж байхад нь баруун талд нь гараад зогссон байсан бөгөөд цээж орчим руу нь хоёр удаа өшиглөсөн. ...Тэр зодоон болсны маргааш...өдөр З.................огийн ах...манай хашааны гадаа ирээд надаас “манай дүү танайд архи уусны дараа зодуулсан байна” гэхэд нь би дээрх харсан зүйлээ хэлж өгсөн. Хэн зодсон юм гэхэд нь би тэр өшиглөөд байсан залууг зүс танина. Танай дүү З.................о өөрөө тэр залууг Октябраа гээд дуудаад байсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22)
4. Гэрч Г.Г.................гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр манай нөхөр Б.................д 19 цагийн үед л дэлгүүр орж пиво авна гээд гараад явснаа 20-30 минутын дараа буцаж орж ирэхдээ манай гудамжны З.................о ах болон арын гудамжны зүс таних залуугийн хамт 3-лаа орж ирсэн. Тэр гурав 1 шил архи барьж орж ирсэн. Архиа ууж дуусчихаад тэр хоёр хүн гараад явсан. ...Манай ээж Г.............г нь З.................о ахыг их согтсон байна гээд гэрт хүргэж өгөхөөр Н.............л эгчийн хамт аваад гарсан. Нөгөө залуу нь дагаад бас гарсан... Манай ээж орж ирээд цуг яваа залуу нь З.................о ахыг чинь хэвтэж байхад нь өшиглөөд байх юм. Боль гэсэн чинь урдаас янз бүрээр доромжлоод хараагаад байхаар нь айгаад ороод ирлээ гэсэн. З.................о ахынх манайхаас холгүй 30-40 метр газарт л байдаг юм. Тэр хоёрыг орхичихоод ирлээ. Нөгөө залуу нь цуг үлдлээ гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26)
5. Гэрч З.Тэ............нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 21 цагийн үед аавдаа сүү авчирж өгөхөөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо ................. тоот нь ирэхэд аав...хавирга эвгүй болчихлоо гэж хэлэхээр нь гэмтлийн эмнэлэг рүү дагуулж явж үзүүлсэн юм. Тэгээд эмчээс биеийн байдлыг нь асуухад “Хавирга хугарч уушиг руу хатгаж уушгинаас хийх гарч уушгины хэмжээ багассан байна. Яаралтай энд хэвтэж эмчлүүлэх хэрэгтэй...гэхээр нь цагдаад дуудлага өгье гэж бодоод хандсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20)
6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 13365 дугаар дүгнэлт
“...Хэсэг газрын үзлэгт: Цээжний зүүн талд зүүн хөхний харалдаа суганы урд шугамаар мэс заслын оёдол бүхий шархтай, баруун гуяны гадна дээд хэсэгт Зх2см захаасаа тав нь хуурч буй хүрэн зулгаралттай...
ГССҮТ эмнэлгийн №14458 тоот өвчний түүхээс: 2018.11.04. 22:10. Хэвтэх үеийн зовиур: Цээжээр өвдөнө, амьсгаадна, цайвар хөхөрсөн гэнэ. Ерөнхий үзлэгт: Биеийн байдал хүнд, ухаан санаа саруул, орчиндоо харьцаатай, байрлал албадмал, арьс салст хэвийн бус, тууралтгүй, тунгалагийн булчирхай хэвийн, эмзэглэлгүй, үе мөчдийн хөдөлгөөн өөрчлөгдсөн. Хэсэг газрын үзлэгт: Цээжээр тэмтрэхэд эмзэглэл ихтэй, зүүн талд арьсан дор хий тодорхойлогдоно. Гэмтлийн эмчийн үзлэгт: биеийн ерөнхий байдал маш хүнд, ухаан санаа саруул, арьс салст хэвийн, зүрхний хил хэвийн, авиа тод, хэл ердийн, өнгөц тэмтрэлтээр ердийн. Глазго 15. Клиникийн урьдчилсан онош: Цээжний дарагдал, няцрал, зүүн талын олон хавирганы хугарал, уушгины тэлэгдэлт. 2018.11.06-ны Цээжний эгц байрлалын рентген зурагт: Цээжний хэлбэр зөв. Цээжний зүүн талд гуурс тавигдсан. Зүүн уушиг сэргэсэн. Зүүн уушгины агааржилт бага зэрэг буурсан. Уушигинд голомтот болон нэвчдэст өөрчлөлтгүй. Уушгины зураглал 2 талд олширсон. Уушгины угууд өргөссөн. Өрцний сүүдэр хэвийн. Хавирга өрцний синус баруун талд чөлөөтэй. Зүүн талд хаалттай /7, 8 түвшинд/, бага хэмжээний шингэнтэй. Зүрх болон голтын сүүдэр хазайлтгүй. Цээжний зүүн талаар арьсан дор бага хэмжээний хийтэй. 2018.11.05-ны Цээжний эгц рентген зурагт: зүүн уушиг бүрэн атлектазтай. Баруун уушиг ердийн. Уушгины уг өргөсөөгүй. Хавирга, өрцний синус баруун талд чөлөөтэй. Зурагт багтсан хавирганы ясанд шинээр 7-р хавирга зөрөөтэй хугаралтай. 2018.11.05-ны Цээжинд гуурс тавьсан тухай: Өвчтөнг орон дээр зүүн хажуугаар дээш харуулан байрлуулж суганы дунд шугамаар, хөхний шугамтай огтлолцох цэгт 5-6-р хавирга завсар иодын уусмалаар арчин новокайны уусмалаар хэсгийн мэдээ алдуулалт нэвчүүлэн хийв. 1см орчим босоо зүслэг хийж, мохоо аргаар шарх тэлэв. 30 тай жадаар плеврт хатгаж, гуурс байрлуулан бсм оруулав. Жане шпирицээр ахин дахин соруулж вакум үүсгэв. Аппаратад холбов. Ажиллагаа хэвийн. Цэвэр боолт хийв. Клиникийн оношийн үндэслэл: Зовиураас: Цээжээр өвдөнө, амьсгаадна, амьсгал авах, гаргахад төвөгтэй. Асуумжаас: бусдад зодуулсан. Бодит үзлэгээс: Өвчтөний ерөнхий биеийн байдал дунд, цээжний хэнхэрцэг тэмтрэхэд зүүн талдаа эмзэглэл, хөндүүр ихтэй, зүүн талд гуурс тавигдсан... Лабораторийн шинжилгээ: онц өөрчлөлтгүй. Үндсэн онош: Цээж дарагдал, няцрал, зүүн 6-р хавирганы хугарал, зүүн плеврит шингэн гэжээ...ДҮГНЭЛТ
1. Б.З........огийн биед зүүн уушгины авчилт, цээжний зүүн хөндийд хий, шингэн хуралдалт, зүүн 6, 7-р хавирганы хугарал, цээжний зөөлөн эдийн няцрал, баруун гуяанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдангид нөлөөлөхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30)
6. Шүүгдэгч Д.О...............лын мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ажлаа тараад гэртээ...ганцаараа 200 граммын шилтэй “Хараа” архи уусан. Тэгээд гэрээс гараад гудамж уруудаад доошоо дэлгүүр лүү идэх юм авахаар явсан. Дэлгүүрийн гудамжны үзүүр дээр хохирогч, Г.............г эгчийн хүргэн хоёртой тааралдсан. Тэр хоёр нэг шил архи барьсан хохирогч ах нэлээн халамцуу явж байсан. Тэр хоёр манай гэрт очиж ганц юм архи ууя гэхээр нь би манай гэр галлаагүй хүйтэн байгаа ш дээ гэхэд Г.............г эгчийн хүргэн манай гэрт орьё гээд тэднийд орсон юм. Тэдний гэрт ороод тэр хоёрын авч явсан 1 шил 0,75 граммын архийг хувааж уусан. Бид гурав л уусан. ...Тэр архийг ууж дуусаад бид нэлээн согтсон. Хохирогч ах бас бүр согтсон байсан. Ингээд архи уугаад дууссаны дараа Г.............г эгч ажлаа тараад гэртээ орж ирсэн. Тэр орж ирээд та нар одоо архи ууж болно. Гэр гэртээ харьцгаа гэсэн. Тэгээд би явахаар болоод гарсан. Би энэ үед нэлээн согтсон байсан. Нэг ухаан ороход би тэр хохирогч ахыг хоёр эгчтэй хамт сугадалцаад хамжаад гэрлүү нь хүргэж өгөхөөр алхаж байсан. Хохирогч ах гэрийнхээ хашааны хаалганы эсрэг талд хашааны ёроолд хэвтчихээд босохгүй байсан. Г.............г эгч тэр ахын хаалгыг цохиход хүн хаалга тайлж өгөхгүй байсан. Бараг 30 орчим минут болсон. Хохирогч ахыг би дуудаад босохгүй болохоор нь Чи босооч хөлдөж үхэх гээ юу гээд цээж рүү нь 1-2 удаа өшиглөсөн. Энгэ үед Г.............г эгч яваад өгсөн. Би тэгээд түүнийг босохгүй болохоор нь бас хаяаад гэрлүүгээ хариад унтаад өгсөн юм...би түүний биед гэмтэл учруулж өшиглөснөө хүлээн зөвшөөрч байна. Энэ үйлдэлдээ харамсаж байгаа. Согтуудаа тэр ахыг зодсондоо гэмшиж уучлалт гуйсан. Тэгээд тэр ахын эмчилгээний зардлыг төлж хохирлоо бүрэн барагдуулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42-45),
7. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 8-10),
Хохирогчийн өвчний түүх (хавтаст хэргийн 51-57), хохирлын талаарх баримтууд (хавтаст хэргийн 47-49), хохирлын 144.997 төгрөгний баримт (хавтаст хэргийн 47-49),
- шүүгдэгчийн иргэний үнэмлэх лавлагаа, оршин суугаа хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 58, 59), урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 61), Сонгинохайрхан дүүргийн 81 дүгээр цэцэрлэгийн тодорхойлолт (хавтаст хэргийн 60, 111), хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 110), хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 13) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Д.О...............лд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:
I. Гэм буруугийн талаар.
Улсын яллагчаас шүүгдэгч Д.О...............лыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, бусдад төлөх төлбөргүй гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Дэмбэрэлдагва “...Хэргийн материалаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй. Учир нь хохирогч Б.З........огийн биед ямар зэргийг гэмтэл учирсан, хохирогчийн эрүүл мэндэд ямар хохирол учирсан гэдгийг хуульд нийцүүлэн гаргасан гэмтлийн зэрэг тогтоох журмын дагуу хөдөлбөргүй тогтоогоогүй.
Шинжээч Нандинцэцэгийн 13365 тоот дүгнэлтэд хохирогчийн биед “учрах үедээ амь насанд аюултай” гэмтэл учирсан гэж дүгнэлт гаргасныг өмгөөлөгчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д “цээж, хэвлий, аарцгийн хөндий болон хэвлийн гялтангийн гаднах эрхтний битүү гэмтэл, Үүнд цээж, хэвлий, аарцгийн хөндийн эрхтнүүд болон хэвлийн гялтангийн гаднах эрхтнүүд бяцрах, няцрах, тасрах, урагдах, задрах, үүний улмаас цээж, үнхэлцэг, хэвлийн хөндийд цус, агаар хуралдах гэмтэл хамаарах ба харин эрхтэн доргих, хальсанд цус харвах, хальс язрах гэмтэл үүссэн тохиолдолд амь насанд аюултай гэмтэл үүссэн гэж үздэг. Хохирогч З.................огийн биед хавирга хугарсан байгаа хэдий ч гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан цээжний эрхтнүүд болон хэвлийн гаднах эрхтэнүүдэд бяцрах, няцрах, тасрах, урагдах, задрах гэмтлүүд учраагүй байна. Ийм учраас шинжээч нь амь насанд аюултай гэж гаргасан шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд гэмтлийн зэргийг зөвтгөн тогтоох боломжгүй байх тул хэргийг прокурорт буцааж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв. Учир нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүнд зэргийн гэмтэл нь зөвхөн “...цээж, хэвлий, аарцгийн хөндийн эрхтнүүд болон хэвлийн гялтангийн гаднах эрхтнүүд бяцрах, няцрах, тасрах, урагдах, задрах...” гэсэн шинжээр тодорхойлогдохгүй. Нөгөө талаас хуульд заасан эрх, үүргийг танилцан дүгнэлт гаргасан шинжээчийн дүгнэлтэд “...Б.З........огийн биед зүүн уушгины авчилт, цээжний зүүн хөндийд хий, шингэн хуралдалт...” гэмтэл тогтоогдсон байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт үндэслэлгүй.
Харин улсын яллагчаас шүүгдэгч Д.О...............лыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт заасан буюу хохирогчийн бие хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүнд гэмтэл санаатай учруулсан гэж яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч, гэрч нарын өгсөн буюу
- Хохирогч Б.З........огийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...нэг мэдэхэд хүн намайг харанхуйд цохиод өшиглөж байсан. Би “хөөе хэн бэ” гээд харахад тэр О...............л гэх залуу намайг зодож байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17),
- Гэрч Г.Г.............гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...З.................о...Баярсайхан, Болд хоёрын хашааны хооронд оччихсон газар хэвтсэн тэр хоёр хоорондоо юм яриад байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22) мэдүүлгүүдээр “хохирогчийн биеэ хамгаалах чадваргүй болохыг мэдсээр байж” гэх улсын яллагчийн дүгнэлт үгүйсгэгдэж байх тул шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Д.О...............лд холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Шүүгдэгч Д.О...............л нь ................. гудамжинд 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, хувийн таарамжгүй харилцааны улмаас, шууд санаатай үйлдлээр, иргэн Б.З........огийн цээжин тус газар өшиглөж түүний биед зүүн уушгины авчилт, цээжний зүүн хөндийд хий, шингэн хуралдалт, зүүн 6, 7-р хавирганы хугарал, цээжний зөөлөн эдийн няцрал, баруун гуянд зулгаралт гэмтэл буюу хүний эрүүл мэндэд нь хүнд гэмтэл санаатай учруулсан болох нь
- Хохирогч Б.З........огийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр...гэртээ ганцаараа хагас шил архи уучихаад нэлээн халж аваад 18 цагийн үед гэрээсээ гараад дэлгүүрээс дахин 1 шил архи авсан. Тэгээд харьж явахдаа манай гудамжны зүүн доод үзүүрт байдаг Г.............г эгчийн хүргэн залуутай тааралдсан. Тэгээд түүнтэй хамт Г.............г эгчийнд орж авсан 0.5 литрийн “Хар экспорт” гэдэг архийг хувааж уусан. ...архи ууж байгаад нэг харахад миний хажууд манай зүүн хойно гэр нь байдаг зүс таних О...............л гэх залуу орж ирсэн сууж байсан. Тэгээд л би согтсон байсан цаашаа юу болсныг мэдэхгүй байна. ...нэг мэдэхэд хүн намайг харанхуйд цохиод өшиглөж байсан. Би “хөөе хэн бэ” гээд харахад тэр О...............л гэх залуу намайг зодож байсан...гэртээ ганцаараа ороод хувцсаа харахад нил цус болсон хамраас цус гарсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17),
- Гэрч С.Б.................дын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...З.................о ах явахаар болоод босоход манай хадам ээж гэрт нь хүргэж өгөхөөр аваад гарсан. Манай хадам ээж, бэр эгч Н.............л, О...............л нар бүгд хамт гарсан. Тэгээд 10-20 минутын дараа манай хадам ээж, Н.............л эгч хоёр хашааных гадаа хүргэж өгчихөөд ирлээ гээд орж ирсэн....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24),
- Гэрч Г.Г.............гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...З.................о нэлээн согтуу байсан. Тэгээд сууж байгаад...З.................о гэртээ харихаар болохоор нь би түүнийг хүргэж өгөхөөр Б............агийн эхнэр Н............а болон...манай гудамжны танихгүй залуугийн хамтаар гэрээсээ гарсан.. З.................ог Н............а бид 2 сугадаад хашаанаас гараад тэдний гэрлүү явсан. Араас манай гудамжны нөгөө зүс таних залуу дагаад явсан. ...З.................огын хашааны үүдэнд бид 4 явж... очоод Н............а бид хоёр хаалгыг нь цохиход хүнгүй байсан. Энэ үед З.................о согтуу босож чадахгүй мөлхөөд нэлээн холдоод Баярсайхан, Болд хоёрын хашааны хооронд оччихсон газар хэвтсэн тэр хоёр хоорондоо юм яриад байсан. ...Энэ үед нөгөө залуу З.................ог газар дөрвөн хөллөөд доошоо хараад хэвтэж байхад нь 2 удаа цээж орчимд нь хажуунаас нь өшиглөөд авсан. ...З.................ог урагшаа хараад хэвтэж байхад нь баруун талд нь гараад зогссон байсан бөгөөд цээж орчим руу нь хоёр удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22)
- Гэрч Г.Г.................гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...З.................о ах болон арын гудамжны зүс таних залуугийн хамт 3-лаа орж ирсэн. Тэр гурав 1 шил архи барьж орж ирсэн. Архиа ууж дуусчихаад тэр хоёр хүн гараад явсан. ...Манай ээж Г.............г нь З.................о ахыг их согтсон байна гээд гэрт хүргэж өгөхөөр Н.............л эгчийн хамт аваад гарсан. Нөгөө залуу нь дагаад бас гарсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26)
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 13365 дугаар дүгнэлт “...1. Б.З........огийн биед зүүн уушгины авчилт, цээжний зүүн хөндийд хий, шингэн хуралдалт, зүүн 6, 7-р хавирганы хугарал, цээжний зөөлөн эдийн няцрал, баруун гуяанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ....4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30)
- Шүүгдэгч Д.О...............лын мөрдөн байцаалтад өгсөн: “...архи уугаад дууссаны дараа Г.............г эгч ажлаа тараад гэртээ орж ирсэн. Тэр орж ирээд та нар одоо архи ууж болно. Гэр гэртээ харьцгаа гэсэн. Тэгээд би явахаар болоод гарсан. Би энэ үед нэлээн согтсон байсан. Нэг ухаан ороход би тэр хохирогч ахыг хоёр эгчтэй хамт сугадалцаад хамжаад гэрлүү нь хүргэж өгөхөөр алхаж байсан. Хохирогч ах гэрийнхээ хашааны хаалганы эсрэг талд хашааны ёроолд хэвтчихээд босохгүй байсан. Г.............г эгч тэр ахын хаалгыг цохиход хүн хаалга тайлж өгөхгүй байсан. Бараг 30 орчим минут болсон. Хохирогч ахыг би дуудаад босохгүй болохоор нь Чи босооч хөлдөж үхэх гээ юу гээд цээж рүү нь 1-2 удаа өшиглөсөн. Энэ үед Г.............г эгч яваад өгсөн. Би тэгээд түүнийг босохгүй болохоор нь бас хаяаад гэрлүүгээ хариад унтаад өгсөн юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42-45) зэрэг нотлох баримт болно.
Иймд шүүгдэгч Д.О...............лыг гэм буруугийн санаатай хэлбэр, идэвхтэй үйлдлээр хохирогч Б.З........огийн цээжин тус газар өшиглөж түүний биед зүүн уушгины авчилт, цээжний зүүн хөндийд хий, шингэн хуралдалт, зүүн 6, 7-р хавирганы хугарал, цээжний зөөлөн эдийн няцрал, баруун гуянд зулгаралт гэмтлүүдийг учруулж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул тухайн гэмт хэрэгт гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Тус гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан ба хохирогч нь 144.997 төгрөгний хохирлын баримт хэрэгт ирүүлсэн нь нөхөн төлөгдсөн байх ба хохирогч нь гомдол, саналгүй гэсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Улсын яллагчаас шүүгдэгч Д.О...............лыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, цагдан хоригдсон хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцуулах дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: О...............л нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн хохирлоо нөхөн төлсөн, 3-7 насны 3 хүүхэдтэй, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй, тэрээр эрхэлсэн тодорхой ажилтай зэрэг хувийн байдлыг харгалзан, хорих ял оногдуулахгүйгээр торгуулийн ял оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүх шүүгдэгч Д.О...............л эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч О...............л нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн” байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг үндэслэн эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал буюу хохирогчид учруулсан бодит хохирлыг төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эрхэлсэн тодорхой ажилтай, гэм буруу, эрүүгийн хариуцлагын талаар маргаагүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.О...............лыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.
2. Шүүгдэгч Боржигон овогт Д..............нийн О...............лыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.О...............лыг 10.000 (арван мянга) нэгж буюу 10.000.000 (арван сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О...............лд оногдуулсан 10.000 нэгжийн торгох ялыг 3 (гурван) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О...............л нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, хохирогч нь гомдол, саналгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.О...............лд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХЗУЛ
ШҮҮГЧИД Т.АЛТАНТУЯА
Л.БААТАР