Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 245

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

прокурор О.Пүрэвсүрэн,

хохирогч Д.Ц............д

яллагдагч Д.Ж............н, түүний өмгөөлөгч Т.Баасанжаргал (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0002) нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Олхнууд овогт Д.........вийн Ж............нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808 0238 51233 дугаартай 1 хавтаст хэргийг 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Олхнууд овогт Д.........вийн Ж............н, Монгол Улсын иргэн, Ховд аймгийн  Чандмань суманд 1971 оны 06 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, 47 настай, эмэгтэй,  дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, 5 хүүхдийн хамт ........................, урьд

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 86 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хорих ял шийтгүүлж,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 320 дугаар шүүгчийн захирамжаар 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсоныг 2015 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт нийцүүлж эдлэх ялыг 7 жил 9 сар 7 хоногоор тогтоосон,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 118 дугаар магадлалаар 320 дугаар захирамжид өөрчлөлт оруулж 2015 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт гэснийг 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэг болгож, биечлэн эдлэх хорих ялыг 7 жил 9 сар 7 хоног гэснийг 4 жил 4 сар 26 хоног болгон өөрчилж нэн даруй суллаж шийдвэрлэсэн.

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Яллагдагч Д.Ж............н нь 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн хооронд ........................... тоотод байх гэрээсээ иргэн Д.Ц............дийн Хаан банкны данснаас Герман улсаас Мерседэс бенз Жи-500 маркийн тээврийн хэрэгслийг оруулж ирүүлэхээр захиалсан гэж удаа дараагийн үйлдлээр 16.085.000 төгрөгийг хуурч, зохиомол байдлыг зориудаар би болгон, бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нар мэдүүлэхдээ:

1. Шүүгдэгч Д.Ж............н мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.

2. Хохирогч Д.Ц............д мэдүүлэхдээ: “...Би 2017 онд төмөр замын эмнэлэгт хэвтэж байхад Д...............н Ж............нтэй нар ирсэн. Тэгэхэд Ж............н өөрийгөө Германд ажиллаж байгаад ирсэн гэж танилцуулж байсан. Ж............н ганц төрсөн ах нь Ховд аймагт байдаг бие нь муу байна явах гэсэн чинь замыг зардалгүй болчихлоо гэхээр нь мөнгө шилжүүлж байсан. Шүүгдэгч Ж............нтэй манай найз сууна гэж байсан болохоор найздаа итгэсэн. Би мөнгө шилжүүлэхдээ мобайл банкаар нийт 16.085.000 төгрөг шилжүүлсэн. Үлдэгдэл хохирлоо авах хүсэлтэй байна. Хохирлоо авбал гомдол санал байхгүй...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

1. Хохирогч Д.Ц............дийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2017 ны 10 дугаар сарын дундуур...надтай хамт ажилладаг Д...............н намайг эмнэлэгт эргэхээр ирэхдээ хамт амьдрахаар болоод танилцсан гэх эмэгтэйгийнхээ хамтаар ирсэн. Тэр эмэгтэй нь Ц.........н гэж нэрээ танилцуулсан ба Герман Улсад олон жил амьдарсан гэж хэлж байсан. Тэр эмэгтэй Герман улсад амьдарч байхдаа “Mercedes Benz” компанд төсөл бичдэг ажил хийж байсан, тэндээс чөлөө аваад хүрээд ирсэн гэж хэлж байсан. Тэгээд танилцсан бөгөөд тэр эмэгтэй нь Монгол иргэншилтэй биш Герман Улсын иргэншилтэй ...дансанд маань 200-300 сая төгрөг байгаа боловч Олон Улсын картны хугацаа дууссан, Германаас би картынхаа хугацааг сунгуулах гэсэн чинь ирдэггүй гэж ярьж байсан...би найз Д...............нд өөрийнхөө унаж байгаа машиныг өөрчилчихмөөр байна гэж хэлсэн чинь ...Цэнгүүн гэх эмэгтэй “Mercedes Benz G-500” маркийн авто машиныг 30 сая төгрөгөнд оруулж ирнэ гэж хэлсэн...Тэгээд Ц.........н гэх эмэгтэй...над руу өөрийнхөө 99207370 дугаараас залгаад мөнгөний хэрэг гараад байна 1 сая төгрөг явуулаач гэхээр нь би...”ХААН” банкны мобайл банкны үйлчилгээгээр уг мөнгийг түүний 5675076906 гэсэн данс руу шилжүүлсэн. Тэгээд нөгөө эмэгтэй хааяа яриад мөнгө шилжүүлээч гэсээр 6 сая төгрөгийг дансаар шилжүүлж авсан... 2017 оны 12 дугаар сард найз Д...............нд 3 сая төгрөгийг бэлнээр өгөөд Ц.........нд өгчих гэж хэлсэн. Тэгээд дараа нь 4,5 сая төгрөгийг 2018 оны 01 дүгээр сард эмчилгээний мөнгө гэж Д...............нд бэлнээр өгөөд тэр Ц.........н гэх хамт амьдрах гэж байсан эмэгтэйд нь өгүүлсэн. Дараа нь манай эхнэр У............а маань 1 сая төгрөгийг хадгаламжнаасаа бэлнээр авч нөгөө Ц.........н гэх эмэгтэйд Москва хорооллын урд талд байдаг МТ колонк дээр 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр аваачиж өгсөн ба тэр мөнгийг бас эмчилгээнд хэрэглэнэ гэж хэлээд зээлж авсан юм. Уг мөнгийг Ц.........н гэх эмэгтэй авахдаа намайг машины урьдчилгаанд өгч байна гэж бодоорой би миний карт Германаас ирэхээр уг авсан мөнгөө машин авах мөнгөнд чинь суутгаад төлчихнө гэж хэлсэн. Тэгээд дансаар 6 сая төгрөг бэлнээр 8.5 сая төгрөгийг авч нийт 14.500.000 төгрөгийг өгсөн...Тэгээд хамгийн сүүлд 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр мөнгөний хэрэг гараад байна гэхээр нь 150.000 төгрөгийг манай эхнэр утсаараа мобайл банкны үйлчилгээгээр нөгөө Ц.........н гэх хүүхэн руу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19),

“...Ж............н 6.000.000 төгрөгийн хохирол төлж барагдуулсан. Үлдэгдэл хохирол болох 10.085.000 төгрөгийг нэхэмжилж байна. Би өмнө...мэдүүлэг өгөхдөө дансны хуулгаа тулгаж хараагүйгээс болоод 14.500.000 төгрөгийн хохирол учирсан гэж мэдүүлсэн байсан. Гэхдээ дансны хуулгаа нэг бүрчлэн тулгаад үзэхэд 16.085.000 төгрөгийн хохирол учруулсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21)

2. Гэрч Д.У............агийн (хохирогчийн эхнэр) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 10 сард манай нөхөр Төмөр замын эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн юм. Тэр үеэр цуг ажилладаг Д...............н гэх хүн нь эргэхээр очихдоо Ц.........н гэх эмэгтэйтэй цуг очсон байсан. Тэр эмэгтэй нь Герман Улсад олон жил амьдарсан, бенз машины үйлдвэрт ажилладаг байсан гэж ярьсан байсан. Тэгээд манай нөхөр Герман улсаас хямдхан 30 сая төгрөгөнд “Mercedes Benz G-500” маркийн машин оруулж ирэхээр ярилцаж тохиролцсон байсан. Тэгээд нөгөө эмэгтэй нь анх ахтайгаа хөдөө явж байна мөнгө хэрэгтэй байна гээд 1 сая төгрөг өгөөч гэхээр нь манай нөхөр 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Москва хороололд байх гэрээсээ мобайл банкны үйлчилгээгээр өөрийн хаан банкны 5019...617 дугаарын данснаас нөгөө эмэгтэйгийн өгсөн 5676076906 дугаарын данс руу 1 сая төгрөг хийсэн. Тэгээд түүнээс хойш хүний дансаар цувуулан нийт 14 сая төгрөгийг шилжүүлэн авсан юм. Тэгсэн хэрнээ машинаа оруулж ирсэн зүйл байхгүй байхаар нь холбогдоод машинаа нэхэж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11)

3. Гэрч П.Д...............нгийн (хохирогчийн найз) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 10 сард ажлынхаа Эрдэнээ гэх залуугаар дамжуулан танилцаж байсан. Тэгэхдээ тэр эмэгтэй Герман улсад 17 жил амьдраад 2017 оны 9 сард ирсэн. Герман Улсдаа том төслийн группт том албан тушаалд ажилладаг гэж хэлсэн. Тэгээд манай найз Ц............д маань...эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан ба би түүний эргэхээр очихдоо нөгөө Ц.........н гэх эмэгтэйтэй хамт очсон юм. Тэгээд анх Ц............д маань машинаа солих гэж байна гэсэн ба манай найз бид хоёр Герман улсаас “Mercedes Benz G-500” маркийн автомашин авах гэсэн юм чи оруулаад ирж чадах уу гэж нөгөө эмэгтэйгээс асуухад тэгье чадна 30 сая төгрөг болох байх гэсэн...тэгээд мөнгө хэрэгтэй байна зээлээч гээд анх 4.500.000 төгрөгийг би Ц............дээс аваад Ц.........н гэх эмэгтэйд өгсөн...дараа нь 2018 оны 03 сард..Ц............дээс 3.000.000 төгрөгийг бэлнээр нь аваачиж өгсөн...Би Ц.........н гэх нэртэй эмэгтэйг Ж............н гэдэг нэртэйг нь сүүлд хамт хэвтэн эмчлүүлж байсан дуучин Бямбажавын эхнэр Эрдэнэцэцэг гэх хүнээс мэдсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12),

“...Ц............д Ж............нгээс машин авахаар болоод мөнгө төгрөг шилжүүлж байсан юм. Яг хэдэн төгрөг Ж............нд Ц............д өгсөн талаар сайн мэдэхгүй байна...Ж............н над руу утсаар залгаад би хагалгаанд орох гээд байна бөөрний чулуу авахуулах гэж байна. Мөнгө байвал туслаач гэхээр нь би Ц............дэд хэлээд бид хоёр хамт очиж 4 сая гаран төгрөг өгч байсан. Тэрнээс өөрөөр би Ц............дээс мөнгө авч Ж............нд аваачиж өгч байсан удаа байхгүй. Ц............д бид хоёр 4 сая гаран төгрөг аваачиж өгөхөд “би голомт банкны олон улсын вика карттай, тэрийг сунгуулаад мөнгөтэй болчихно. Энэ авсан мөнгийг чинь машины урьдчилгааны мөнгөнд тооцоод оруулчихья” гэж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14),

4. Хохирогч Д.Ц............дийн “ХААН” банкны 5019....17 дугаартай депозит дансны хуулга (хавтаст хэргийн 23-33),

- Хохирлын тооцоо гаргасан мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 141),

5. Д.Ж............нгийн мөрдөн байцаалтад

- Сэжигтнээр өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын сүүлээр би Увс аймаг руу очиж найз Э...................ртай уулзсан. Увсаас буцах болоод Ц............д рүү утсаар залгаад мөнгөний хэрэг байна 1 сая төгрөг зээлээч гэсэн. Тэгтэл Ц............д надад 1.000.000 төгрөг зээлсэн...үүний дараа би Ц............дээс увуулж цувуулаад 11.150.000 төгрөг авсан...2017 оны 12 сард Д...............н надад мөнгөний хэрэг гарлаа яаж мөнгө олох уу гэхээр нь би Ц............д рүү утсаар яриад ах нас барчихсан мөнгө хэрэгтэй байна гэж хэлээд 3.000.000 төгрөгийг Д...............нд авч өгсөн. Ц............д тухайн үед надад 3.000.00 төгрөгийг Хархорин зах дээр зогсодог хүнээс зээлж авсан шүү гэж хэлж байсан. Уг мөнгийг Д...............н Ц............дээс очиж авсан. Намайг Ц............дээс 3.000.000 төгрөгийг худлаа хэлж авсныг Д...............н мэдээгүй...би Ц............дэд хэлэхдээ Германаас 30 сая төгрөгөнд Жи 500 маркийн машин оруулж ирж өгнө гээд худлаа хэлчихсэн байсан юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39-41)

- Яллагдагчаар өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 20-ны үед Увс аймаг руу явж хамтран амьдарч байгаа Э...................р дээр очсон. Буцах гэтэл мөнгөгүй болчихоор нь Ц............д рүү яриад найз нь хөдөө ирчихсэн байна зардлын мөнгө байна уу гээд 1.000.000 төгрөгийг хүний данс өгөөд шилжүүлж авсан. Тэгээд дараа нь 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 900.000 төгрөг, 11 дүгээр сарын 27-нд 100.000 төгрөг, 12 дугаар сарын 06-ны өдөр 250.000 төрөг, 12 дугаар сарын 24-ний өдөр 600.000 төгрөг, 12 дугаар сарын 27-ны өдөр 300.000 төгрөг, 12 дугаар сарын 29-ний өдөр 100.000 төгрөг,

2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 900.000 төгрөг, 01 дүгээр сарын 13-ны өдөр 260.000 төгрөг, 01 дүгээр сарын 20-ны өдөр 200.000 төгрөг, 01 дүгээр сарын 23-ны өдөр 120.000 төгрөг, 01 дүгээр сарын 24-ний өдөр 200.000 төгрөг, 01 дүгээр сарын 31-ний өдөр 180.000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 200.000 төгрөг 02 дугаар сарын 06-ны өдөр 45.000 төгрөг, 2 дугаар сарын 08-ны өдөр 150.000 төгрөг, 02 дугаар сарын 09-ний өдөр 100.000 төгрөг, мөн өдрөө 900.000 төгрөг, 2 дугаар сарын 11-ний өдөр 300.000 төгрөг, 2 дугаар сарын 12-ны 2.100.000 төгрөг 3 дугаар сарын 10-ны өдөр 100.000 төгрөг, 3 дугаар сарын 22-ны өдөр 50.000 төгрөг, 3 дугаар сарын 28-ны өдөр 150.000 төгрөг зэргийг дансаар шилжүүлж авсан. 2017 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Ц............дийн эхнэр У............агаас бэлнээр 1.000.000 төгрөг авсан. 2018 оны 01 дүгээр сарын 15-ны 450.000 төгрөгийг Ц............дтэй уулзаад бэлнээр авсан. 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Д...............н ирж уулзаад мөнгөний хэрэг байна яаж мөнгө олох уу гэж асуухаар нь би Ц............д рүү залгаад манай ах нас барчихсан мөнгө хэрэгтэй байна гэж хэлээд 3.000.000 төгрөг авахаар болсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 48-49),

“...Би Ц............дээс нийт 16.085.000 төгрөгийг залилж авсан. Энэ мөнгийг би өөрийнхөө ахуйн хэрэгцээнд зарцуулсан. Д...............нд 3 сая төгрөгийг зээлж өгсөн. 16.085.000 төгрөг авсан нь үнэн. Би үүнээс хохирлын 6.000.000 төгрөгийг нь өгчихөөд байгаа бөгөөд одоо 10.085.000 төгрөгийг нь төлж барагдуулна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 50-51),

6. Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 35), цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүхийн шийдвэр (хавтаст хэргийн 57-58), цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр (хавтаст хэргийн 70-71), Барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсан прокурорын шийдвэр (хавтаст хэргийн 73), мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 74),

- Хохирогчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 22), хохирол төлсөн тухай тэмдэглэл, банкны хуулга (хавтаст хэргийн 76, 174, 186 187),

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 99, 80, 103), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 83), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 84-87), шүүхийн шийдвэр, мэдэгдэх хуудас (хавтаст хэргийн 131-132), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 94, 96, 97, 105-116), гэрч Г.Б..........сээ, Ж.Э...................р нарын мэдүүлэг (хавтаст хэргийн 136-140), хувийн байдлын талаарх баримт (хавтаст хэргийн 176-185, 188, 189-195) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гурав. Шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.Ж............нд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

I. Гэм буруугийн талаар.

Улсын яллагчаас шүүгдэгч Д.Ж............нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг,

Улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй хохирогч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч мэтгэлцээгүй болно. 

Шүүгдэгч Д.Ж............н нь 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн хооронд “өөрийгөө Ц.........н гэж танилцуулан Герман Улсад ажиллаж амьдардаг” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, “Mercedes Benz G-500” маркийн автомашин оруулж ирж чадна” гэж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, шунахайн сэдэлтээр, хялбар аргаар мөнгө олох зорилгоор, хохирогчийн гэнэн итгэмтгий байдлыг далимдуулан, шууд санаатай үйлдлээр, Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо Москва хороолол 137 дугаар байрны 66 тоотод оршин суух Д.Ц............дээс түүний “ХААН” банкны дансаар дамжуулан 23 удаагийн гүйлгээгээр 7.585.000 төгрөг шилжүүлж, бэлнээр 8.500.000 төгрөг буюу нийт 16.085.000 төгрөгийг хуурч аван залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь  

- Хохирогч Д.Ц............дийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэр эмэгтэй нь Ц.........н гэж нэрээ танилцуулсан ба Герман Улсад олон жил амьдарсан гэж хэлж байсан. ...би найз Д...............нд өөрийнхөө унаж байгаа машиныг өөрчилчихмөөр байна гэж хэлсэн чинь..Ц.........н гэх эмэгтэй “Mercedes Benz G-500” маркийн авто машиныг 30 сая төгрөгөнд оруулж ирнэ гэж хэлсэн. ...мөнгийг Ц.........н гэх эмэгтэй авахдаа машины урьдчилгаанд өгч байна гэж бодоорой би миний карт Германаас ирэхээр уг авсан мөнгөө машин авах мөнгөнд чинь суутгаад төлчихнө гэж хэлсэн. Тэгээд дансаар 6 сая төгрөг бэлнээр 8.5 сая төгрөгийг авч нийт 14.500.000 төгрөгийг өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19),

“...Би өмнө...мэдүүлэг өгөхдөө дансны хуулгаа тулгаж хараагүйгээс болоод 14.500.000 төгрөгийн хохирол учирсан гэж мэдүүлсэн байсан. Гэхдээ дансны хуулгаа нэг бүрчлэн тулгаад үзэхэд 16.085.000 төгрөгийн хохирол учруулсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21)

- Гэрч Д.У............агийн (хохирогчийн эхнэр) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай нөхөр Төмөр замын эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх...үеэр цуг ажилладаг Д...............н гэх хүн нь эргэхээр очихдоо Ц.........н гэх эмэгтэйтэй цуг очсон байсан. Тэр эмэгтэй нь Герман Улсад олон жил амьдарсан, бенз машины үйлдвэрт ажилладаг байсан гэж ярьсан байсан. Тэгээд манай нөхөр Герман улсаас хямдхан 30 сая төгрөгөнд “Mercedes Benz G-500” маркийн машин оруулж ирэхээр ярилцаж тохиролцсон байсан. Тэгээд нөгөө эмэгтэй нь ...дансаар цувуулан нийт 14 сая төгрөгийг шилжүүлэн авсан юм. Тэгсэн хэрнээ машинаа оруулж ирсэн зүйл байхгүй байхаар нь холбогдоод машинаа нэхэж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11)

- Гэрч П.Д...............нгийн (хохирогчийн найз) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 10 сард ажлынхаа Эрдэнээ гэх залуугаар дамжуулан танилцаж байсан. Тэгэхдээ тэр эмэгтэй Герман улсад 17 жил амьдраад 2017 оны 9 сард ирсэн. Герман Улсдаа том төслийн группт том албан тушаалд ажилладаг гэж хэлсэн. Тэгээд манай найз Ц............д маань...эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан ба би түүний эргэхээр очихдоо нөгөө Ц.........н гэх эмэгтэйтэй хамт очсон юм. Тэгээд анх Ц............д маань машинаа солих гэж байна гэсэн ба манай найз бид хоёр Герман улсаас “Mercedes Benz G-500” маркийн автомашин авах гэсэн юм чи оруулаад ирж чадах уу гэж нөгөө эмэгтэйгээс асуухад тэгье чадна 30 сая төгрөг болох байх гэсэн. ...Би Ц.........н гэх нэртэй эмэгтэйг Ж............н гэдэг нэртэйг нь сүүлд хамт хэвтэн эмчлүүлж байсан дуучин Бямбажавын эхнэр Эрдэнэцэцэг гэх хүнээс мэдсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12),

- Хохирогч Д.Ц............дийн “ХААН” банкны 5019....17 дугаартай депозит дансны хуулга (хавтаст хэргийн 23-33),

- Хохирлын тооцоо гаргасан мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 141),

- Д.Ж............нгийн мөрдөн байцаалтад

Сэжигтнээр өгсөн: “...би Ц............дэд хэлэхдээ Германаас 30 сая төгрөгөнд Жи 500 маркийн машин оруулж ирж өгнө гээд худлаа хэлчихсэн байсан юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39-41)

Яллагдагчаар өгсөн: “...Би Ц............дээс нийт 16.085.000 төгрөгийг залилж авсан. Энэ мөнгийг би өөрийнхөө ахуйн хэрэгцээнд зарцуулсан. ...Би үүнээс хохирлын 6.000.000 төгрөгийг нь өгчихөөд байгаа бөгөөд одоо 10.085.000 төгрөгийг нь төлж барагдуулна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 50-51) зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.Ж............н нь хууль зүйн хувьд хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч бусдад үлэмж хэмжээний буюу 16.085.000 төгрөгний хохирол учруулсан болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг болон “ХААН” банкны депозит дансны хуулга, хохирлын тооцоо гаргасан мөрдөгчийн тэмдэглэл зэрэг нотлох баримтаар тогтоогджээ. Дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

Тиймээс улсын яллагчаас шүүгдэгч Д.Ж............нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч нь, улсын яллагчаас гаргасан гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүйг тэмдэглэх нь зүйтэй байна

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Ц............д нь 16.085.000 төгрөгний хохирол учирснаас шүүгдэгч Д.Ж............н нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 6.800.000 төгрөг төлсөн (хавтаст хэргийн 76, 174, 186 187) байна. Мөн шүүгдэгч Д.Ж............нд прокуророос 500.000 төгрөгийн барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авч уг барьцааны мөнгө Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын Улаанбаатар хотын банкны 2601....92 дугаартай дансанд байгаа (хавтаст хэргийн 76) болох нь тогтоогдож байх тул уг таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож барьцааны мөнгө болох 500.000 төгрөгийг хохиролд тооцуулахаар хохирогчид хүлээлгэн өгөх нь зүйтэй. Тиймээс хохирогчид учирсан 16.085.000 төгрөгийн хохирлоос 7.300.000 төгрөгийг төлөгдсөн гэж үзэж хохирлоос хасч үлдэх хохирол болох 8.785.000 төгрөгийг Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгчээс 4 сарын хугацаанд сонсоорой гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

- Улсын яллагчаас Д.Ж............нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, түүний цагдан хорих талсан сэргийлэх арга хэмжээ авагдсан 28 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шүүгдэгчид авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлэх авах дүгнэлтийг,

- Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Д.Ж............н нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол тодорхой хэмжээгээр төлж барагдуулж байгааг болон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өөрчилж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүх шүүгдэгчид Д.Ж............нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.Ж............нд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Тиймээс Д.Ж............нгийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн (хавтаст хэргийн 173), өрх толгойлсон (хавтаст хэргийн 185), биеийн эрүүл мэндийн байдал (хавтаст хэргийн 189-195) зэрэг хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хөнгөрүүлж түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 1 жилийн хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх нь зохимжтой гэж үзэв. Хэдийгээр шүүгдэгч Д.Ж............н нь урьд энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгүүлж эрүүгийн хариуцлага хүлээж байсан боловч түүний энэхүү байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй”-тай нийцнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх...гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно.” гэж заасан байна.

Тиймээс шүүгдэгч Д.Ж............нгийн хувийн байдал буюу Баянгол дүүргийн 20 дугаар хороо, ТЭЦ-2 дугаар гудамжны 1 дүгээр байрны 10 тоотод байнга, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо 16 дугаар байрны 72 тоотод түр оршин суух бүртгэлтэй гэснийг болон “хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн” зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах”, мөн хэсгийн 2.5 дахь заалтад заасан “оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд авах нь хохирогчийн гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгийг хангана гэж үзэв.

Эрүүгийн 1808 0238 51233 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,  шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч Д.Ж............н нь 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс (хавтаст хэргийн 57-58) 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл (хавтаст хэргийн 70-71) 28 хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Олхнууд овогт Д.........вийн Ж............нг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.Ж............нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Шүүгдэгч Д.Ж............нд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ж............н нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулж болохыг анхааруулсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ж............нгээс 8.785.000 (найман сая долоон зуун наян таван мянга) төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 сарын хугацаанд гаргуулж, хохирогч Д.Ц............дэд энэ тогтоолын хавсралт ёсоор олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ж............нд авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож барьцаа болох 500.000 төгрөгийг хохирогчийн хохиролд тооцуулахаар олгосугай. 

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгтээ 28 хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус  дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Г.МӨНХЗУЛ