Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 248

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

улсын яллагч Ж.ЭнхЖ..............л,

шүүгдэгч Ж.Г..................х, түүний өмгөөлөгч Д.Гомбо (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2130) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Хатан Суудаг Хайрхан овогт Ж..............лын Г..................хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1803 0101 40028 дугаартай 1 хавтаст хэргийг 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Хатан суудаг хайрхан овогт Ж..............лын Г..................х, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1989 оны 5 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Нийслэлийн түргэн тусламжийн төвд жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн .......................

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр):

Яллагдагч Ж.Г..................х нь 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 19 цаг 50 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг Орчлон хорооллын замд Нийслэлийн түргэн тусламжийн төвийн “Хьюднай Старекс” маркийн ............ улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох 2018 оны Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.14 дэх хэсэгт заасан “бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч Д.Б............мыг мөргөж эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Г..................х мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв, дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

1. Хохирогч Д.Б............мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 19 цаг 40 минутын үед би Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Орчлон хорооллын зүүн талд байрлах “Тайхар” хүнсний дэлгүүрийн хажуугаар гараад Орчлон хорооллын 40-р байрны 1-р давхарт байдаг хүнсний дэлгүүр орж тамхи аваад буцаж гараад гэр рүүгээ орох санаатай ертөнцийн зүгээр хойноос урагшаа чиглэлтэй Орчлон хорооллын голын замаар зам хөндлөн гарч явтал нэг түргэн тусламжын машин ухарч ирээд намайг мөргөсөн, мөргүүлээд унасан чинь машины жолооч бууж ирээд эмээ гайгүй юу гэхээр нь би гайгүй юм шиг байна ямар ч байсан гэр рүүгээ орье гээд жолоочийн хамт гэр рүү орсон. Гэрт манай нөхөр, дүүгийн 3 хүүхэд байсан ба жолооч болон 103 эмч хоёр намайг гэмтлийн эмнэлэг рүү авъя гээд байсан. Тухайн үед гайгүй юм шиг болохоор нь зүгээр зүгээр гэмтлийн эмнэлэгт үзүүлэхгүй гээд жолооч эмч хоёрыг явуулсан. Тэгээд гэртээ хэвтэж байсан чинь манай ээж орж ирээд удаагүй өөр түргэн тусламжийн машин ирээд намайг гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан. Гэмтлийн эмнэлэгт ирээд үзүүлсэн чинь намайг тархиндаа гэмтэлтэй байна гээд гэмтлийн эмнэлэгт хэвтүүлсэн...би машиныг анзаарч хараагүй аль хэсгээрээ мөргөснийг мэдэхгүй байна. Мөн миний биеийн аль хэсэгт мөргөснийг мэдэхгүй байна. Би зам дээр хэвтэж байсан...Тархинд гэмтэл учирсан, мөн зүүн гуянд цус хуралт үүсээд хөхөрсөн байсан, мөн духны баруун хэсэгт тархины хатуу хальсан доорхи цус хуралт, тархины доод ясны шугаман хугарал духны хоёр талд цус хуралт, няцралтай байсан...би өөрөөсөө мөнгө зарцуулаагүй жолооч  эмчилгээний бүх мөнгийг гаргасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн  20-21),

“...Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл алга байна эмчилгээнд зарцуулсан баримт алга байна миний эмчилгээнд гарч байгаа бүх зардлыг мөргөсөн жолооч Г..................х бүгдийг нь дааж байгаа би ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй болохоор шүүх хуралд суухгүй дахин энэ талаар гомдол гаргахгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22),

2. Гэрч А.О.............огийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр би жолооч Ж.Г..................хын хамт жижүүрт гарч байсан. Орой 19 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн урд Орчлон хороолол дотор дуудлаганд ирээд хүнээ үзчихээд дараагийн дуудлаганд Тахилт руу явах байсан ба жолооч машинаа жолоодоод Орчлон хорооллын гарцаар гараад баруун гар тийш дөнгөж эргээд зогссон тэгсэнээ Дүүргийн ар талаар гараад явъя гэснээ буцаад ухартал замын эсрэг талд буюу замын зүүн талд явж байсан хүн хүүе ард чинь хүн гээд орилтол манай жолооч машинаа зогсоогоод бид хоёр буугаад машины ард талыг харсан чинь нэг эмэгтэй хүн машины ард зам дээр хэвтэж байсан. Тэгээд бид хоёр тэр эмэгтэйг босгоод машин дотор оруулж суулгаад зүгээр үү гэсэн чинь эгч нь ухаан алдаж ундаг юм би 3 хүүхэд харж байгаа даатгал төлөөгүй эмнэлэг рүү явж чадахгүй одоо гэр рүүгээ орлоо гээд байсан. Явуулахгүй гэсэн чинь машинаас буугаад замын зүүн талд гэрийнхээ хашаа руу яваад орсон. Би жолоочийн хамт араас нь ороод нөхөртэй нь уулзаад гэмтлийн эмнэлэг рүү аваад явъя гэсэн чинь манай эхнэр татаж ундаг, сүүлийн 1 жил татаж унаагүй эмнэлэгт үзүүлэх эсэхийг би сайн мэдэхгүй байна гэсэн тэгээд 103-ын төвөөс над руу залгахад нь би болсон явдлыг хэлсэн ба өөр түргэн тусламжийн машин ирж тэр хүнийг аваад явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29)

3. Иргэний хариуцагч В.Тү...............рийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ж.Г..................х нь манай байгууллагын түргэн тусламжийн жолооч ажилтай манай байгууллагад 5 дахь жилдээ ажиллаж байгаа жолооч юм. Тухайн өдөр өөрийн ээлжийн дээрээ ажил үүргээ гүйцэтгээд уг машиныг жолоодоод явж байсан...хохирлын мөнгийн жолооч өөрөө төлнө...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27)

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 26 дугаар дүгнэлт

“...Хэсэг газрын үзлэгт: Зүүн гуяны гадна дунд хэсгэт 4.5х4см хүрэн ягаан өнгийн цус хуралттай.

- ГССҮТөвийн гавал тархины гэмтлийн тасгийн №15834 тоот өвчний түүхээс: ...2018.12.07-ны хэвтэх үед зовиур: Толгой дүүрч лугшиж өвдөнө. Ерөнхий үзлэгт: Биеийн ерөнхий байдал хүндэвтэр, ухаан санаа бүдгэрсэн, орчиндоо харьцаатай, байрлал хагас суугаа...судасны цохиолт 1 минутад 91 удаа, АД 158-97...хэсэг газрын үзлэгт ил харагдах шарх сорвигүй. Мэдрэлийн үзлэгт хүүхэн хараа 2 талд ижил хамар уруулын гурвалжин ижил, мөчдөд саа саажилтгүй.

2018.12.07-ны толгойн томограммуудад гавал ясанд дагз яс foramen magnum хүрсэн шугаман хугаралтай, зүүн нүдний ухархайн дотор хана хуучин хугаралтай ...тархины бор цагаан эдийн ялгарал буурсан хавантай, субарахнойдал зайнууд цус харвалттай, духны баруун талыг хамарсан 0.4см хүртэлх зузаантай субдурал цус хуралттай, баруун тал бөмбөлгийн духны дэлбэнгийн тархины эдэд 0.6х0.5см хэмжээтэй +55HU нягтралтай, баруун тал бөмбөлгийн духны дэлбэнгийн тархины эдэд 1.3х0.5см +70HU нягралтай тархины эдийн цус хуралт няцрал голомттой...эмч Б.Олз-Эрдэнэ,

2018.12.08-ны 00:30-н жижүүр эмчийн үзлэг: Өвчтөний биеийн байдал хүндэвтэр...тархины няцрал, дунд зэрэг, тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорхи цусан хураа, гавлын суурь ясны хугарал, тархи хаван гэжээ...ДҮГНЭЛТ

1. Д.Б............мын биед дагз ясны шугаман хугарал, тархины баруун дух хэсгийн хатуу хальсан доорхи цусан хураа, тархины хоёр талын дух хэсгийн цус хуралт, няцрал, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүгнэээс хамаарна.

4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 35),

5. Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 272 дугаар магадалгаа

“...23-15УБҮ улсын дугаартай Хуандай старекс маркийн автомашиныг жолоодож явсан Ж..............лын Г..................х нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.14-д заасан “Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй.” Гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна...” гэх баримт (хавтаст хэргийн 46),

6. Ж.Г..................хын мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 07-ны өглөө 08 цаг 30 минутаас Нийслэлийн түргэн тусламжийн төвийн Хьюндай Старикс маркийн ............ улсын дугаартай автомашинтай Сонгинохайрхан дүүрэгт ажил үүрэг гүйцэтгэсэн юм. Тэгээд ажлаа хийгээд дуудлагаа аваад явж байгаад орой 19 цаг 30 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр, Орчлон хорооллын 41 дүгээр байранд дуудлагад очоод уг байрнаас гараад дараагийн дуудлага руу явах гээд Орчлон хорооллын хойд замд баруунаас зүүн чиглэлтэй явж байтал машин тэрэгний хөдөлгөөн маш их гацаатай байхаар нь туслах зам руу ухраад гарах санаатай явтал хажуугаар гарч явсан хүн хойно чинь хүн мөргүүлчихлээ гэхээр нь машинаа зогсоогоод буугаад иртэл миний машины ар хэсэгт нэг эмэгтэй мөргүүлээд ард уначихсан байсан. Тэгээд хамт дуудлагад явж байсан эмчээрээ үзүүлтэл толгой нь өвгүй болсон байна гэхээр нь шууд цагдаа дуудсан. Уг ослоос болж мөргүүлсэн эмэгтэй толгойдоо гэмтэл авч ГССҮТ-д 10 хоног хэвтээд гарсан би ухарч байхдаа анзаараагүй мөргөсөн нь миний буруу, ухрахдаа их аажуухан ухарч байсан голын цонх хар тентэй дундаа тасалгаатай болохоор харагдаагүй дараа нь машинаасаа буугаад ирэх үед нөгөө эгчийг мөргөсөн хэсгийн шороо нь арчигдсан байсан гэхдээ их л аажуухан мөргөсөн хүн мөргөсөн талаар бол машинд дотор мэдэгдээгүй бид хоёр толиндоо харж л ухарсан би энэ хохирсон хүний эмчилгээнд одоогоор сайн дураараа 1.000.000 төгрөг зарцуулж байна. Харагдах орчин чөлөөтэй зам халтиргаа гулгаа байхгүй машин тэрэгний хөдөлгөөн маш их цаг агаар таатай байсан...Ухарч байгаад хүн мөргөсөн нь миний буруу ямар ч байсан эмчилгээний зардлыг нь сайн дураараа бүрэн төлж барагдуулах болно...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 65-67)

8. Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоогдсон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч (хавтаст хэргийн 6-11), зам тээврийн осол, хэргийн газар хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 2-5), жолооч болон явган зорчигчийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (хавтаст хэргийн 13, 15), хохирогчийн өвчний түүх (хавтаст хэргийн 47-55), Түргэн тусламжийн дуудлагын хуудас MCJL16950658 (хавтаст хэргийн 30), тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 68),

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоочийн лавлагаа мэдээлэл, мэргэшсэн жолоочийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 75, 74, 73, 72), урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 79), хувийн байдлын талаарх баримтууд (хавтаст хэргийн 69, 76, 77, хүүхдийн төрсний гэрчилгээ 123, бүртгэл хяналтын карт 124-125), шүүгдэгчээс хохирогчийн эм, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн 1.016.293 төгрөгний баримт (хавтаст хэргийн 80-99, 101), шүүгдэгч хохирогч нарын хооронд байгуулсан хохирол барагдуулсан тухай хэлцэл 2.000.000 төгрөг (хавтаст хэргийн 126) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ж.Г..................хад холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

I. Гэм буруугийн талаар.

Улсын яллагчаас шүүгдэгч Ж.Г..................хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах, бусдад төлөх төлбөргүй гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч, түүний  өмгөөлөгч улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй, гэм буруу дээр маргаагүй болно.

Шүүгдэгч Ж.Г..................х нь Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг Орчлон хорооллын доторх замд, 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 19 цаг 50 минутын үед, болгоомжгүйгээр, Нийслэлийн түргэн тусламжийн төвийн “Hyundai Starex” маркийн ............ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.14 дэх хэсэгт заасан “бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч Д.Б............мыг ухрах үйлдэл хийхдээ мөргөж эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь;

- Хохирогч Д.Б............мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 19 цаг 40 минутын үед...Орчлон хорооллын 40-р байрны 1-р давхарт байдаг хүнсний дэлгүүр орж тамхи аваад буцаж гараад гэр рүүгээ орох санаатай ертөнцийн зүгээр хойноос урагшаа чиглэлтэй Орчлон хорооллын голын замаар зам хөндлөн гарч явтал нэг түргэн тусламжын машин ухарч ирээд намайг мөргөсөн. ...Миний биеийн аль хэсгэт мөргөснийг мэдэхгүй байна. ...Тархинд гэмтэл учирсан, мөн зүүн гуянд цус хуралт үүсээд хөхөрсөн байсан, мөн духны баруун хэсэгт тархины хатуу хальсан доорхи цус хуралт, тархины доод ясны шугаман хугарал духны хоёр талд цус хуралт, няцралтай байсан...би өөрөөсөө мөнгө зарцуулаагүй жолооч эмчилгээний бүх мөнгийг гаргасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн  20-21),

- Гэрч А.О.............огийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр би жолооч Г..................хын хамт жижүүрт гарч байсан. Орой 19 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн урд Орчлон хороолол дотор дуудлаганд ирээд хүнээ үзчихээд дараагийн дуудлаганд Тахилт руу явах байсан ба жолооч машинаа жолоодоод Орчлон хорооллын гарцаар гараад баруун гар тийш дөнгөж эргээд зогссон тэгсэнээ Дүүргийн ар талаар гараад явъя гэснээ буцаад ухартал замын эсрэг талд буюу замын зүүн талд явж байсан хүн хүүе ард чинь хүн гээд орилтол манай жолооч машинаа зогсоогоод жолооч бид хоёр буугаад машины ард талыг харсан чинь нэг эмэгтэй хүн машины ард зам дээр хэвтэж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29)

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 26 дугаар дүгнэлт “...1. Д.Б............мын биед дагз ясны шугаман хугарал, тархины баруун дух хэсгийн хатуу хальсан доорхи цусан хураа, тархины хоёр талын дух хэсгийн цус хуралт, няцрал, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...4.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна....” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 35),

- Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 272 дугаар магадалгаа “...123-15УБҮ улсын дугаартай Хуандай старекс маркийн автомашиныг жолоодож явсан Ж..............лын Г..................х нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10-14-д заасан “Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй.” Гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна...” гэх баримт (хавтаст хэргийн 46),

- Шүүгдэгч Ж.Г..................хын мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 07-ны өглөө 08 цаг 30 минутаас Нийслэлийн түргэн тусламжийн төвийн Хьюндай Старикс маркийн ............ улсын дугаартай автомашинтай Сонгинохайрхан дүүрэгт ажил үүрэг гүйцэтгэсэн юм. ...орой 19 цаг 30 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр, Орчлон хорооллын 41 дүгээр байранд дуудлагад очоод уг байрнаас гараад дараагийн дуудлага руу явах гээд Орчлон хорооллын хойд замд баруунаас зүүн чиглэлтэй явж байтал машин тэрэгний хөдөлгөөн маш их гацаатай байхаар нь туслах зам руу ухраад гарах санаатай явтал хажуугаар гарч явсан хүн хойно чинь хүн мөргүүлчихлээ гэхээр нь машинаа зогсоогоод буугаад иртэл миний машины ар хэсэгт нэг эмэгтэй мөргүүлээд уначихсан байсан. ...Ухарч байгаад хүн мөргөсөн нь миний буруу ямар ч байсан эмчилгээний зардлыг нь сайн дураараа бүрэн төлж барагдуулах болно...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 65-67) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь захиргааны хэм хэмжээ тогтоосон акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.14 дэх хэсэгт заасан “бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэснийг зөрчсөнийг Замын цагдаагийн албаны техникийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон. Мөн явган зорчигчийг мөргөснөөс болж хохирогчид хүнд зэргийн гэмтэл учирсныг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байна. Дээрх нөхцөл байдлууд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Иймд улсын яллагчаас шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн дээрх зүйл хэсэг, заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч нь баримтаар хохирол нэхэмжилсэн зүйлгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Ж.Г..................х нь хохирогчийн хохирол, хор уршигт 1.016.293 төгрөгний эм, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж, бэлнээр 2.000.000 төгрөг тус тус төлсөн болох нь (хавтаст хэргийн 80-99, 101, 126) тогтоогдсон. Нөгөө талаас шүүгдэгч, хохирогч нар нь хохирол барагдуулсан талаар сайн дураараа хэлцэл байгуулсан (хавтаст хэргийн 126) байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

- Улсын яллагчаас шүүгдэгч Ж.Г..................хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялын нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Г..................х нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан миний үйлчлүүлэгч Ж.Г..................хыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эрүүгийн хариуцлагыг оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүгдэгч нь гэм буруу болон эрүүгийн хариуцлага дээр маргахгүй, надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэж тус тус мэтгэлцэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ж.Г..................х нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтээс шүүх тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасах талаар гаргасан дүгнэлтийг хүлээн авч, хорих ял оногдуулах талаар гаргасан дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзэв.

Тодруулбал шүүгдэгч Ж.Г..................хын холбогдсон эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах ба тухайн гэмт хэрэг нь мөн хуулийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар болгоомжгүй үйлдэгддэг. Нөгөө талаас шүүгдэгчийн хувийн байдал буюу гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас хохирогч Д.Б............мд (хавтаст хэргийн 80-99, 101, 126), учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан үндэслэлээр шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх нь зохимжтой гэж шүүх үзэв.

Эрүүгийн 1803 0101 40028 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж.

Шүүгдэгч Ж.Г..................хад Эрүүгийн хуульд заасан эрх хасах ял хэрэглэсэнтэй холбогдуулан хэрэгт хураагдан ирсэн түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн “В, С” ангиллын 478099 дугаартай үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хатан Суудаг Хайрхан овогт Ж..............лын Г..................хыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Ж.Г..................хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Г..................хын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хураагдсан шүүгдэгч Ж.Г..................хын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн “В, С” ангиллын 478099 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсүгэй.

5. Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тэмдэглэж, хохирогч нь өөрт учирсан хор уршгийн зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй

7. Шийтгэх тогтоолыг, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Г.МӨНХЗУЛ