| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2019/0234/Э |
| Дугаар | 249 |
| Огноо | 2019-02-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Гансүлд |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 249
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,
улсын яллагч Ц.Гансүлд,
шүүгдэгч А.Б.............о,
шүүгдэгч Ө.Г........а, тэдний өмгөөлөгч А.Очбадрал (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2184) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос
- Баяндалай овогтой А........агийн Б.............ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан,
- Уйгаржин овогт Ө........рын Г........аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн, эрүүгийн 1808 0557 60051 дугаартай, 1 хавтаст хэргийг 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Баяндай овогт А........агийн Б.............о, Монгол Улсын иргэн, Хөвсгөл аймгийн Ханх суманд 1999 оны 5 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 19 настай, эрэгтэй, суурь боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ах, эгч, дүү нарын хамт .............................,
2. Уйгаржин овогт Ө........рын Г........а, Монгол Улсын иргэн, Хөвсгөл аймгийн Ханх суманд 1997 оны 03 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эх, 2 ах, дүү нарын хамт ............................
Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)
- Яллагдагч А.Б.............о нь 2018 оны 12 дугаар сарын 03-наас 4-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Вест” баарны гадна талд иргэн Б.М................тыг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,
- Яллагдагч Ө.Г........а нь 2018 оны 12 дугаар сарын 03-наас 4-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Вест” баарны гадна талд иргэн Д.Б................мыг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар мэдүүлэхдээ:
1. Шүүгдэгч А.Б.............огийн өгсөн: “...мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв...” гэв.
2. Шүүгдэгч Ө.Г........агийн өгсөн: “...мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв...” гэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;
1. Хохирогч Б.М................тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 04-ний үүрээр 03 цагийн үед найз Б................мын хамт Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Вест” бааранд үйлчлүүлэхээр орсон. Бид хоёр тэр бааранд хүн тус бүр 2 шил пиво уучихаад гэртээ харихаар гарсан. Тэгээд явах гэж байгаад тус баарны зогсоол дээр шорлог зарж байсан Д....а гэх зүс таних залуу дээр очсон. Түүний хажууд 5 танихгүй залуу зогсож байсан. Тэгтэл тэр хүмүүсийн нэг нь манай найзтай маргалдаж байхад нь нэг залуу нь пивны шилээр миний толгой, гар руу цохиод зугтаагаад явчихсан...миний толгой зүүн талдаа хагарч оёдол тавиулсан. Баруун гар сарвуугаараа хугарсан байна. Тэр залуучууд шорлогны мөнгө өгөхгүй байсан. Түүнээс болж маргалдсан. Тэр шорлог зардаг хүүхдийн мөнгийг өгөхгүй байна гэж бодоод яагаад хүүхэд дээрэлхээд байсан гэснээс болж маргалдсан. Тэрнээсээ болж таарамжгүй харьцаа үүсээд ноцолдож байгаад шилээр цохиулсан...Эмчилгээний зардалд 300.000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13),
2. Хохирогч Д.Б................мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 04-ний үүрээр 4 цагийн үед найз Б.М................тын хамт... “Вест” баарданд пиво ууж сууж байгаад гарсан...баарнаас гараад урд талын зогсоолын ойролцоо шорлог зарж байхаар нь очиход шорлог зарж байсан залуутай 5 залуу маргалдаад байх шиг байсан. Тэр шорлог зарж байгаа залууг бид хоёр зүс мэддэг. Тэгээд М................т та нар яагаад хүүхэд дээрэлхээд байна гэж хэлсэн. Тэгтэл урдаас хэрэлдээд...маргалдсан...Энэ үед тэр 5 залуугийн нэг нь М................тын толгойд нь барьж байсан пивныхоо шилээр цохисон. Дахиад гаранд нь 1 удаа цохисон. Энэ үед би нэг залуутай нь маргалдаад барилцаж авсан байсан чинь араас пивны шилээр толгой руу цохиод зугтаагаад яваад өгсөн...миний толгой хойд талдаа дагз орчимд хагарч оёдол тавиулсан...Миний араас цохисон учир хараагүй. Ганцхан удаа л толгой руу шилээр цохичихоод зугтаасан...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18),
3. Гэрч Б.М.............лын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 12 дугаар сарын 03-ны орой 18 цагийн үед Улаанбаатар хотод амьдарч байгаа манай Хөвсгөл аймгийн Ханх сумын харьяат багын найзууд Б.............о, Б.............н, Г........а, Ренчинлхүмбэ сумын харьяат Заяа нартай Хархорин зах дээр уулзалдсан. Тэгээд бид нар Драгон орчихоод буцаад 21 цагийн үед ирээд “Вест” бааранд орсон. Тэнд ороод би хүн болгонд нэг, нэг шил пиво авч өгсөн. Тэгээд бид тэнд бүжиглэсэн. Дараа нь Б.............н бас нэг нэг пиво авсан. Мөн нэг шил 0,75 граммын архи авч хувааж уусан. Тэгээд бид нар баар хаасны дараа гадаа гараад шорлог авч идээд зогсож байсан. Тэгсэн чинь шорлог зарж байсан залуу 5 ширхэг шорлог авбал 4000 төгрөгөөр өгнө гэсэн. Тэгсэн Б.............о бид нарт 3500 төгрөг л байна. Энэ мөнгөөр 5 ширхэг шорлог өгчих гэсэн. Тэгсэн чинь тэр залуу тэгж өгөхгүй гэсэн чинь хажууд зогсож байсан 2 танихгүй ах манай найз Б.............о руу уурлаад “шорлог зардаг байлаа гээд хүүхдэд та нар битгий томроод бай” гэсэн. Тэгээд л тэр махлаг шар ахтай нь Б.............о заамдалцаж аваад гараараа нүүр рүү цохисон. Тэр ах буцаагаад Б.............ог цохисон. Б.............о баарнаас гарч ирэхдээ уугаад барьж явсан пивныхоо шилээр толгой руу нь цохисон. Б.............о дараа нь тэр ахын гар руу бас пивны шилээр цохисон. Энэ үед Г........а нөгөө хамт байсан ахтай нь зууралдаж аваад толгой руу нь мөн пивны шилээр цохисон. Би тэгээд тэд нарыг салгах гээд дундуур нь ороод зууралдаж байхад манай найзууд бүгд зугтаасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-21)
4. Гэрч Б.М.............агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 03-ны орой...Хархорингийн “Вест” пабад ороод 03 цаг өнгөрч байхад гарч ирээд шорлог зарж байсан хүнээс 5 ширхэг шорлог 5000 төгрөгөөр аваад мөнгөө өгөх гэсэн чинь танай нэг хүн нэгийг илүү авсан гэхээр нь бид хэд мөнгөө цуглуулаад өгье гэсэн чинь Б.............о тэр өндөр тарган ахтай маргалдаад тэр хоёр хоорондоо зодолдож эхэлсэн. Тэгэхэд М.............л Б.............ог барьж аваад одоо боль гээд салгаж байсан чинь Б.............о тэр өндөр ахыг газар байсан пивны шилийг авч толгой руу цохиод зугтаагаад явсан араас нь нэг бор цоохор куртиктэй ах пивны шил шидээд хөөгөөд явсан тэр хооронд толгойдоо цохиулсан ах М.............лыг бариад авсан. ...Г........а шорлог зарж байсан ах намайг цохисон гээд хамраас нь цус гарсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23)
5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 90 дугаар дүгнэлт
“...Хэсэг газрын үзлэг: Зүүн чамархайн хуйханд 3 см, дээд уруулын 1.8 см мэс заслын оёдол бүхий шархтай. Баруун гарын 3-р хурууны 3-р үед 0.7х0.6 см ногоон идээ тастан зулгаралттай. З-р хурууны 3-р үенд 0.7х0.3см хүрэн тав бүхий зулгаралттай. Цээжний баруун хэсгээр хөндүүртэй байв...ДҮГНЭЛТ
1. Б.М................тын биед зүүн чамархай, дээд уруулын няцарсан шарх, цээжний баруун хэсэгт болон баруун гарын сарвуу, 3-р хуруунд зөөлөн эдийн няцралт, зулгаралт гэмтэл учирсан нь тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 31),
6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 91 дугаар дүгнэлт
“...Хэсэг газрын үзлэг: Дагзны дээд хэсэгт 3 см мэс заслын оёдол бүхий шархтай байв...ДҮГНЭЛТ
1. Д.Б................мын биед дагз хэсгийн няцарсан шарх, тархины доргилт гэмтэл учирсан нь тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 35),
7. Шүүгдэгч А.Б.............огийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 04-ний орой 22 цаг 10 минутын үед Г........а, М.............л, М.............а гэдэг гурван найзтайгаа “Вест” бааранд ороод нэг хүний хоёр, хоёр шил Нийслэл нэртэй пиво авч уугаад шөнө 04 цагийн үед баар хаах үед гарахад гадаа нь шорлог зарж байсан. Шорлогноос авах гээд очсон чинь шорлог зарж байсан залуу пивноос чинь нэг балгая гэсэн тэгэхээр нь би барьж явсан пивоо өгсөн. Би баарнаас нэг шил пиво ууж дуусаагүй бариад гарч ирсэн байсан. Тэгээд 5 ширхэг шорлог аваад мөнгийг нь өгөх гээд 600 төгрөг дутаад Г........а гаргаж өгөх гэж байхад шорлог зарж байсан залуугийн хажууд зогсож байсан залуу мөнгөө дутуу өгөөд чи яаж амьдраад байгаа юм бэ, гээд хэл амаар доромжилсон. Тэгээд бид хоёр муудалцаад барилцаж авсан байсан. Тэгэхэд тэр залуу эхлээд миний баруун талын шанаанд нэг удаа цохисон. Би урдаас нь зодолдсон. Бид хоёр харилцан зодолдож байгаад салаад явах гэсэн чинь тэр залуу манай найз М.............лыг бариад нүүрний хэсэг рүү цохих гээд байхаар нь би газар хэвтэж байсан пивны шил аваад тэр залуугийн толгой руу нь нэг удаа, гар руу нэг удаа цохисон. Тухайн үед би нэлээд халамцуу байсан. Найзыг минь барьж аваад зодох гээд байхаар нь би уурандаа цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 53-54),
8. Шүүгдэгч Ө.Г........агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 03-ны орой М.............а бид хоёр ажил дээрээ байхад манай найз М.............л, Б.............о хоёр утсаар яриад хүрээд ир уулзъя гэсэн. Бид хоёр ажлаа тараад 21 цагийн үед Хархорин захын ард ирсэн. Б.............н, Б.............о, М.............л гурав гадаа хүлээж байсан. Тэгээд бид нар Цамбагаравын гадуур алхаж байгаад “Вест” бааранд орсон. Бааранд ороод бид нар нэг нэг шил пиво авч уусан. Бүжиглэж байгаад 03 цаг өнгөрөөд баар хаах гэж байхад гарцгаасан. Баарнаас гараад бид нар зогсоол дээр шорлог зарж байсан залуугаас шорлог авч идсэн. 5 ширхэг шорлог аваад 500 төгрөг дутсан. Тэгээд яриад зогсож байтал 2 ах ирээд та нар шорлог зарж байгаа хүүхэд дээрэлхээд байна уу гэж хэлсэн. Тэрнээс болж Б.............о нэг ахтай нь маргалдаад барьцалдаад авсан. Тэгээд Б.............о тэр ахын толгой руу 1 удаа дараа нь гар луу нэг удаа барьж байсан пивны шилээр цохисон. Би нөгөө хажууд нь байсан ахын толгойд бас барьж байсан пивны шилээр нэг удаа цохисон. Тэгээд бид нар зугтаад явцгаасан. Тэр хоёр ах өөсрдөө бид нарыг мөнгө өгөхгүй байна гэж буруу ойлгоод хэрэлдэж маргалдсан юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 46-48),
9. Шүүгдэгч А.Б.............огийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 55, 56), урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 60), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 57-58),
- Шүүгдэгч Ө.Г........агийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 61, 62), урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 66), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 63-64), хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 08) зэрэг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч А.Б.............о, Ө.Г........а нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:
I. Гэм буруугийн талаар
Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Вест” баарны гадна талд, 2018 оны 12 дугаар сарын 03-наас 4-нд шилжих шөнө, хувийн таарамжгүй харилцааны улмаас, шууд санаатай үйлдлээр, пивны шилийг зэвсгийн чанартай ашиглаж,
шүүгдэгч А.Б.............о нь иргэн Б.М................тын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,
шүүгдэгч Ө.Г........а нь иргэн Д.Б................мын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:
- Хохирогч Б.М................тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 04-ний үүрээр 03 цагийн үед найз Б................мын хамт Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Вест” бааранд ...пиво уучихаад гэртээ харихаар гарсан. Тэгээд явах гэж байгаад тус баарны зогсоол дээр шорлог зарж байсан Д....а гэх зүс таних залуу дээр очсон. Түүний хажууд 5 танихгүй залуу зогсож байсан. Тэгтэл тэр хүмүүсийн нэг нь манай найзтай маргалдаж байхад нь нэг залуу нь пивны шилээр миний толгой, гар руу цохиод зугтаагаад явчихсан. ...шорлог зардаг хүүхдийн мөнгийг өгөхгүй байна гэж бодоод яагаад хүүхэд дээрэлхээд байсан гэснээс болж маргалдсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13),
- Хохирогч Д.Б................мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 04-ний үүрээр 4 цагийн үед найз Б.М................тын хамт... “Вест” баарданд пиво ууж сууж байгаад гарсан...баарнаас гараад...шорлог зарж байхаар нь очиход шорлог зарж байсан залуутай 5 залуу маргалдаад байх шиг байсан. ...Тэгээд М................т та нар яагаад хүүхэд дээрэлхээд байна гэж хэлсэн. ...Энэ үед тэр 5 залуугийн нэг нь М................тын толгойд нь барьж байсан пивныхоо шилээр цохисон. Дахиад гаранд нь 1 удаа цохисон. Энэ үед би нэг залуутай нь маргалдаад барилцаж авсан байсан чинь араас пивны шилээр толгой руу цохиод зугтаагаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18),
- Гэрч Б.М.............лын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б.............о, Б.............н, Г........а, Заяа...бид нар баар хаасны дараа гадаа гараад шорлог авч идээд зогсож байсан. Тэгсэн чинь шорлог зарж байсан залуу 5 ширхэг шорлог авбал 4000 төгрөгөөр өгнө гэсэн. Тэгсэн Б.............о бид нарт 3500 төгрөг л байна. Энэ мөнгөөр 5 ширхэг шорлог өгчих гэсэн. Тэгсэн чинь тэр залуу тэгж өгөхгүй гэсэн. Тэгсэн чинь хажууд зогсож байсан 2 танихгүй ах манай найз Б.............о руу уурлаад “шорлог зардаг байлаа гээд хүүхэд та нар битгий томроод бай” гэсэн. Тэгээд л тэр махлаг шар ахтай нь Б.............о заамдалцаж аваад...баарнаас гарч ирэхдээ уугаад барьж явсан пивныхоо шилээр толгой руу нь цохисон. ...дараа нь тэр ахын гар руу бас пивны шилээр цохисон. Энэ үед Г........а нөгөө хамт байсан ахтай нь зууралдаж аваад толгой руу нь мөн пивны шилээр цохисон. Би тэгээд тэд нарыг салгах гээд дундуур нь ороод зууралдаж байхад манай найзууд бүгд зугтаасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-21)
- Гэрч Б.М.............агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б.............о тэр өндөр тарган ахтай маргалдаад тэр хоёр хоорондоо зодолдож эхэлсэн. ...Б.............о тэр өндөр ахыг газар байсан пивны шилийг авч толгой руу цохиод зугтаагаад явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23)
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 90 дугаар дүгнэлт “...1. Б.М................тын биед зүүн чамархай, дээд уруулын няцарсан шарх, цээжний баруун хэсэгт болон баруун гарын сарвуу, 3-р хуруунд зөөлөн эдийн няцралт, зулгаралт гэмтэл учирсан нь тогтоогдлоо. ...3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 31),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 91 дугаар дүгнэлт “...1. Д.Б................мын биед дагз хэсгийн няцарсан шарх, тархины доргилт гэмтэл учирсан нь тогтоогдлоо. ...3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 35),
- Шүүгдэгч А.Б.............огийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би баарнаас нэг шил пиво ууж дуусаагүй бариад гарч ирсэн байсан. Тэгээд 5 ширхэг шорлог аваад мөнгийг нь өгөх гээд 600 төгрөг дутаад Г........а гаргаж өгөх гэж байхад шорлог зарж байсан залуугийн хажууд зогсож байсан залуу мөнгөө дутуу өгөөд чи яаж амьдраад байгаа юм бэ, гээд хэл амаар доромжилсон. Тэгээд бид хоёр муудалцаад ...би газар хэвтэж байсан пивны шил аваад тэр залуугийн толгой руу нь нэг удаа, гар руу нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 53-54),
- Шүүгдэгч Ө.Г........агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Баарнаас гараад бид нар зогсоол дээр шорлог зарж байсан залуугаас шорлог авч идсэн. 5 ширхэг шорлог аваад 500 төгрөг дутсан. Тэгээд яриад зогсож байтал 2 ах ирээд та нар шорлог зарж байгаа хүүхэд дээрэлхээд байна уу гэж хэлсэн. Тэгээд тэрнээс болж Б.............о нэг ахтай нь маргалдаад барьцалдаад авсан. Тэгээд Б.............о тэр ахын толгой руу 1 удаа дараа нь гар луу нэг удаа барьж байсан пивны шилээр цохисон. Би нөгөө хажууд нь байсан ахын толгойд бас барьж байсан пивны шилээр нэг удаа цохисон....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 46-48) зэрэг нотлох баримтуудаар хангалттай тогтоож байна.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл А.Б.............о, Ө.Г........а нар нь хууль зүйн хувьд хохирогчийн зүй бус үйлдэл болох хувийн таарамжгүй сэдэлтээр, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн шалтгаан нөхцлөөр, шууд санаатай үйлдлээр, хохирогч Б.М................т, Д.Б................м нарын толгойн тус газар цохиж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч А.Б.............о, Ө.Г........а нар нь хохирогч Б.М................т, Д.Б................м нарын толгой тус газар пивны шилээр цохисон болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба цохиулснаас болж хохирогч нарт хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.
Тиймээс шүүгдэгч А.Б.............о, Ө.Г........а нарыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нар болон тэдний өмгөөлөгч улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.М................т нь эмчилгээний зардалд баримтаар мөнгө нэхэмжлээгүй боловч шүүгдэгч Ө.Г........а нь хохирогч Б.М................тад 300.000 төгрөг төлсөн (хавтаст хэргийн 08) байна. Нөгөө хохирогч Д.Б................м нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч А.Б.............о, Ө.Г........а нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Улсын яллагчаас шүүгдэгч А.Б.............о, Ө.Г........а нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг,
Шүүгдэгч, тэдний өмгөөлөгч нь улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ө.Г........а нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн”, шүүгдэгч А.Б.............о нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан “хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба тэдэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч А.Б.............о, Ө.Г........а нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлыг нөхөн төлсөн, тэдний хувийн байдал буюу Хөвсгөл аймгийн Ханх суманд амьдардаг гэх хувийн байдлыг харгалзан, эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан улсын яллагчийн торгуулийн ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч тус бүрийг 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч А.Б.............о, Ө.Г........а нарт торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.
Эрүүгийн 1808 0557 60051 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нар нь гомдолгүй, энэ хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баяндай овогт А........агийн Б.............ог Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн,
- Уйгаржан овогт Ө........рын Г........аг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар
- шүүгдэгч А.Б.............ог 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр,
- шүүгдэгч Ө.Г........аг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр тус тус торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 5 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б.............о, Ө.Г........а нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солиж болохыг анхааруулсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.МӨНХЗУЛ