| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Өлзийн Уянга |
| Хэргийн индекс | 181/2016/00452/и |
| Дугаар | 1546 |
| Огноо | 2016-12-14 |
| Маргааны төрөл | Эдийн бус гэм хорын арилгах /нэр, төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 1546
2016 оны 12 сарын 14 өдөр Дугаар 181/ШШ2016/01546 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, шүүгч Д.Нямбазар, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Нарны зам гудамжны 89 дүгээр 4 давхарт байрлах, “Саммитмедикал сервис” ХХК /РД:5465249/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, МАЭ-ийн 701 тоотод бүртгэлтэй, одоо Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө-23, “Юу Би Эйч центр” 5 давхар 507 тоотод байрлах, “Өглөөний сонин” ХМХ /РД:9169814/-д холбогдох,
Ажил хэргийн нэр хүнд сэргээлгэх, эдийн бус гэм хор арилгуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Халиун, С.Ууганбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Сүхбаатар, хариуцагчийн төлөөлөгч З.Боргилмаа, хариуцагчийн өмгөөлөгч Ш.Буянжаргал, иргэдийн төлөөлөгч Б.Алтанцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
Өглөөний сонин үндэсний өдөр тутмын хэвлэл нь өөрийн сонин болон www.morningnews.mn сайтад 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр “С.Ламбаа эрүүл мэндийн салбарт бизнес хийж байна”, 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр “Саммит медикал засварын мөнгөө ч авна, орлогын талыг ч авна”, 2016 оны 6 дугаар сарын 26-ны өдөр “Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвд 18 саяын бодисыг 10 дахин өндөр үнээр шахах гэж байна”, мөн 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдөр ЭМСЯ-ныхан “Саммит медикал Сервис” компанитай хамтран шахааны бизнес цэцэглүүлж байна уу?” гэсэн гарчигтай нийтлэсэн 4 мэдээнд “Саммит медикал сервис” ХХК-ийн талаар худал, гүтгэлгийн чанартай мэдээллийг олон нийтэд түгээж тус компанийн ажил хэргийн нэр хүндийг гутааж байна.
Эхний нийтлэлд “Саммит медикал сервис” ХХК нь 2012 онд MRI аппаратыг Гэмтэл согог судлалын үндэсний төвд нэг тэрбум төгрөгөөр үнэлэн нийлүүлж, үүнээсээ болоод АТГ-т шалгагдаж байсан. Уг аппарат нь өмнө нь хэрэглэгдэж байсан хуучин аппарат атлаа нэг тэрбум төгрөгийн үнэ хүрч байв. Гэтэл тус компани хуучин аппаратаа тухайн үед улсын эмнэлэгт өндөр үнээр шахаж ихээхэн хэмжээний ашиг олсон хэрнээ одоо буцаагаад түрээслэж авахаар С.Ламбааг лоббидсоны учир юу вэ? гэх мэдээлэл, мөн 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр “Саммит медикал засварын мөнгөө ч авна, орлогын талыг ч авна” гэх мэдээлэл бичигдсэн байна. Уг мэдээлэл нь огт үндэслэлгүй, худал мэдээлэл бөгөөд энэ нь манай компанийн ажил хэргийн нэр хүндэд халдсан байна.
Энэхүү MRI аппараттай холбоотой асуудлаар хууль хяналтын байгууллагаас 2015 онд шалгаж, Дүүргийн 1 дүгээр прокурорын газрын 2015 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 91 дүгээр тогтоолоор Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүлээлгэн өгч суурилуулсан уг аппарат нь чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан, шинэ аппарат болох нь тогтоогдсон гэж дүгнэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Түүнчлэн нийтлэлд бичигдсэн Түрээсийн гэрээ гэсэн гэрээний төслийг “Саммит медикал сервис" ХХК боловсруулаагүй бөгөөд уг гэрээг байгуулах талаар ямар ч хэлэлцээр хийж, харилцан тохиролцсон зүйлгүй. Уг гэрээг Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв санал болгосон ба энэхүү гэрээ нь огт байгуулагдаагүй юм.
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн MRI аппарат нь тухайн үед хөргөлтийн систем нь гэмтэж шингэн гелийн хэмжээ хурдацтай багасаж ажиллахгүй болсон, шаардлагатай засвар үйлчилгээг хийгээгүй тохиолдолд аппарат илүү ноцтой байдлаар эвдрэх аюултай нөхцөл байдалд хүрээд байсан юм. Тус компани нь анх уг аппаратыг Эрүүл мэндийн яамны тендерт шалгарсан оролцогч болсон “Лабтех” ХХК-ийн захиалгаар 2012 оны 8 дугаар сард Гэмтэл Согог Үндэсний төвд суурилуулан 2 жилийн хугацаанд баталгаат засварыг хариуцан ажиллахаар гэрээ байгуулан ажиллаж ирсэн. Хэдийгээр 2 жилийн хугацаанд баталгаат засварыг хариуцан ажиллаж, 2014 оны 9 дүгээр сард баталгаат хугацаа дууссан боловч тус компани хууль болон гэрээгээр үүрэг хүлээгээгүй ч уг аппаратыг хэвийн ажиллагаатай байлгах үүднээс засвар үйлчилгээг өөрсдийн боломжийн хэмжээнд хийж гүйцэтгэж ирсэн.
Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж аппаратад гарсан эвдрэлийг засварлуулах талаар Эрүүл мэнд, спортын яам болон Гэмтэл Согог Үндэсний төвөөс санал гаргаж дээр дурдсан Түрээсийн гэрээний төслийг манай компанид И-мэйлээр ирүүлсэн.
Иймд тус компани нь хариуцагч байгууллагын эрхлэн гаргадаг сонины нийтлэлд бичсэнчлэн Эрүүл мэнд, спортын яам болон Гэмтэл Согог Үндэсний төвийг лоббидож тус аппаратыг засварлах нэрээр улсын хөрөнгийг өөрийн компанид завших гэсэн санаа зорилго огт байхгүй болно.
Гэмтэл Согог Үндэсний төвийн MRI аппаратыг засварлах талаар 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Эрүүл мэнд, спортын яам, Гэмтэл согог судлалын үндэсний төв болон манай компанийн хооронд Ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан бөгөөд манай компани нь гэрээнийхээ үүргийг биелүүлэн аппаратыг засварлан одоогийн байдлаар MRI аппарат нь хэвийн үйл ажиллагаатай болсон байгаа болно.
Түүнчлэн 18 сая төгрөгийн гелийг 10 дахин илүү үнээр Гэмтэл Согог Үндэсний төвд шахсан болон шахах гэж оролдсон ажиллагаа огт хийгдээгүй бөгөөд ажил гүйцэтгэх гэрээний үнэд гелийн үнэ багтаж, бид гели оруулж ирдэг компанитай гэрээ байгуулан, оруулж ирэн, аппаратыг цэнэглэсэн болно. Гэтэл Өглөөний сонины 2016 оны 6 дугаар сарын 26-ны өдөр нийтлэгдсэн нийтлэлд “... Гэмтэл Согог Үндэсний төвийн MRI аппаратын засвар үйлчилгээг хариуцаж байгаа “Саммит медикал” компани зах зээлд 18 сая төгрөгөөр нийлүүлэгдэж байгаа 800,000 литр буюу нэг тонн хүрэхгүй хэмжээний гелийг 175,000,000 төгрөгөөр худалдан авах гэж байна ... Тэгэхээр улсын эмнэлгийн нэрээр төсвөөс ийм өндөр үнэтэй худалдан авалт хийж, зах зээлийн үнээс хэд нугарсан ашгийг хэсэг бүлэг хүмүүс олохоор завдаж байгаа гэж ойлгогдож байна. ...энэхүү баримжаагүй өндөр үнэтэй худалдан авалтыг төсвийн хөрөнгөөс өнөө маргаашгүй гаргахаар Эрүүл мэнд, спортын яамны удирдлагууд ихэд яаравчилж байгаа аж. Энэ худалдан авалтаас арай яамны холбогдох албан тушаалтнууд хувь авдаг юм биш биз гэх хардлага төрж байгааг ч нуух юун” гэх зэргээр илт гүтгэлгийн чанартай мэдээлэл тарааж байна.
Тус нийтлэлд тусгагдаад буй үнийн дүн буюу Ажил гүйцэтгэх гэрээний үнийн дүн болох 176,000,000 төгрөгт тус аппаратны хөргөлтийн толгойн эд ангиудыг солих, хөргөлтийн гелийн компрессорт үйлчилгээ хийх, гелийн шүүлтүүр солих, MRI аппаратны усны хөргүүрийн моторыг бүрэн солих, PHILIPS компанийн мэргэжлийн инженерийн ажлын хөлс зэрэг зардлууд багтсан болно.
Дээрх нийтлэл нь “Саммитмедикал сервис” ХХК-ийг төртэй хамтран хууль бусаар ашиг орлого олох гэж байна гэх ойлголтыг бусдад төрүүлсэн, бодит байдалд нийцээгүй нийтлэл болсон.
Хариуцагчаас 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдөр гаргасан нийтлэлдээ тус компанийн ажил хэргийн нэр хүндэд маш бүдүүлгээр халдсан, ямар нэгэн өрсөлдөгчгүй, давуу байдлыг хууль бусаар өөртөө бий болгосон гэх ойлголт төрүүлсэн мэдээллийг цацаж, энэхүү мэдээллийг хэд хэдэн веб сайтууд нийтлээд байна.
Дээр дурдсанчлан энэхүү үйл явдал нь гэрээний үндсэн дээр явагдаж байгаа бөгөөд бид гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэн MRI аппаратыг засварлаж, хэвийн ажиллагаатай болгосон ба Эрүүл мэнд, спортын яам болон Гэмтэл Согог Үндэсний төв нь гэрээнд заасанчлан ажлын хөлсийг төлөх үүрэгтэй юм.
Гэтэл үүнийг илтэд гуйвуулан тус компанийг шахааны бизнес хийж, нугалсан их ашиг олох гэж байна хэмээн гүтгэн бичиж, манай компанийн ажил хэргийн нэр хүндэд маш их хохирол учруулаад байна. Энэхүү худал гүтгэлгийн улмаас харилцагч байгууллагууд гэрээ хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзаж, үүрэг гүйцэтгүүлэгч байгууллага, иргэд үүргийн гүйцэтгэлээ хугацаанаасаа өмнө шаардаж эхлээд байна.
Манай компаниас “Өглөөний сонин”-д удаа дараа хандан, уг мэдээлэлдээ залруулга хийх талаар мэдэгдсэн боловч бидэнд хариу өгөхгүй байгаа бөгөөд энэ нь дээр дурдсан худал, гүтгэлгийн чанартай мэдээлэлдээ залруулга хийх бодолгүй байгааг илтгэж байна.
Ийнхүү бодит байдалд нийцэхгүй, үндэслэлгүй, худал мэдээллийг гаргаж байгаа нь Иргэний болон Улс төрийн эрхийн тухай олон улсын пакт /Монгол улс 1974 онд нэгдэн орсон/-ын 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсгийн “а” болон Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13, 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т “хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх” гэсэнтэй нийцэхгүй байна.
Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ”, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь өөрийн нийтэлж, нэвтрүүлж байгаа зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээнэ” гэж тус тус заасны дагуу тус компанийн ажил хэргийн нэр хүндийг гутаасан, худал мэдээлэл тараасан үйлдлийнхээ хариуцлагыг хүлээж, гэм хорыг арилгах ёстой гэж үзэж байна.
Иймд “Саммитмедикал Сервис” ХХК-ийн ажил хэргийн нэр хүндийг сэргээж, мэдээ тараасан хэлбэр буюу өөрийн сонинд нийтэлсэн гүтгэлгийн няцаалтыг хэвлэсэн нүүр, хэмжээ, тоогоор хэвлэн нийтлүүлж няцаалт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэв.
Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Өглөөний сонин” үндэсний өдөр тутмын сонин болон өөрийн веб сайт www.morningnews.mn сайтад нэхэмжлэгч “Саммитмедикал сервис” ХХК болон Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хооронд гэрээгээр зохицуулагдаж байгаа ажил, үйлчилгээний талаар дөрвөн удаагийн дугаарт мэдээлсэн. Эдгээрийг бэлтгэн нийтлэхдээ тодорхой баримт, эх сурвалжийн мэдээлэлд тулгуурласан болно. Тэдгээр нийтлэлүүдэд дурдагдсан баримт тус бүрд нэхэмжлэгч тал нэхэмжлэлээрээ дамжуулан тодорхой тайлбар хийсэн байх ба тайлбараас харвал сонинд нийтлэгдсэн баримтууд үнэн зөв болохыг өөрсдөө нотолсон шинжтэй байна. Манай сонины нийтлэлүүд тэдгээр баримтыг дамжуулан нийтлэхдээ баримтын алдаа гаргаагүй, ямарваа засвар өөрчлөлт хийгээгүй болох нь нэхэмжлэгч талын шүүхэд гаргасан нэхэмжлэл дэх тайлбараас тодорхой байх тул нэхэмжлэлийг няцааж, гомдлыг хангахаас татгалзаж байгаа болно.
Нэхэмжлэгч “Саммит медикал сервис” ХХК-ийн үйл ажиллагаатай холбоотой баримтуудыг нийтлэхдээ үүгээр дамжуулан Эрүүл мэнд, спортын яам салбарын байгууллагуудаа нэгдсэн бодлого, удирдлагаар хангаж чадахгүй байгаа байдлыг шүүмжилж, үүссэн асуудлын учир шалтгаан, үр дагаврыг дүгнэн бичсэн.
Нийгмийн эрх ашгийг эн түрүүнд тавих нь сэтгүүл зүйн үүрэг ба баримт юу харуулж байгааг учир шалтгааны холбоон дунд дүгнэх, хардах эрхтэй гэж бид үзэж байна. Иймд юуны өмнө өөрсдийн хөндөн бичсэн үйл явдал, баримтын үнэн худал, Гэмтэл Согог Үндэсний төвийн болон Эрүүл мэнд спортын яамны холбогдох шийдвэр хуульд нийцсэн эсэхийг АТГ, холбогдох хууль хяналтын байгууллагад хүсэлт гарган шалгуулж, үнэн мөнийг тогтоолгосны дараа нэхэмжлэгч талын нэр хүндэд халдсан эсэхээ шүүхээр тогтоолгох, гомдлыг барагдуулах эсэхээ шийдүүлэх хүсэлттэй байгаа болно.
2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр нэхэмжлэгч болон Гэмтэл согог судлалын үндэсний төвтэй гэрээ байгуулсан. Эхний нийтлэл бол Гэмтэл согог судлалын үндэсний төвийн МRI аппарат эвдэрсэн цаг хугацаанд иргэдийн эрүүл мэндийн асуудал зөрчигдөж байна гэх асуудлыг тавьсан. Энэ асуудлыг шийдвэрлэх явцдаа гэрээ байгуулахаас өмнө төрийн нарийн С.Ламбаа нь Төрийн өмчийн хорооны Тамгын газрын дарга Б.Шинэбаатарт албан бус байдлаар шар цаасан дээр нэхэмжлэгчид мөнгө шийдэх талаар гарын үсэг бүхий бичиг хийж өгсөн байсан. Ийнхүү танил талаар асуудалд хандаж байгаа сайд С.Ламбаа нь Эрүүл мэндийн салбарыг толгойлж чадах эсэх асуудлыг бид хөндсөн. Түүнээс биш нэхэмжлэгчийн ажил хэргийн нэр хүндийг гутаах зорилго байгаагүй.
С.Ламбаа сайд асуудлыг лоббигоор шийдэх гэж байгаа болохоор бид нийтийн эрх ашгийн үүднээс нийтлэл бичсэн. Энэ нийтлэлийн үр дүнд С.Ламбаа сайд шуурхай арга хэмжээ авч ажил гүйцэтгэх гэрээ байгуулж аппарат ажилд орсон.
Энэ хугацаанд зохицуулалтгүй орчинд түрээсийн гэрээ хийгдэх гэж байсан тул энэ тухай 2 дугаар нийтлэлд бичсэн. Түүнээс гэрээ байгуулсан гэж огт бичээгүй. Гэмтэл согог судлалын үндэсний төв нь боловсруулсан түрээсийн гэрээндээ MRI аппаратаа нэхэмжлэгчид буцааж түрээслүүлэх, түрээсийн орлогоос 50 хувийг засвар үйлчилгээний мөнгө болгон авах, гэрээний 3.3, 3.2-т зааснаар үлдэх 50 хувийг ашиг болгон авахаар драфт оруулсан нь нийтийн эрх ашигт сөрөг нөлөөтэй гэж үзсэн. 1 үйлчлүүлэгчийн үзүүлсэн төлбөрийн 50 хувь нь шууд түрээслүүлэгчид орох байсан учир энэ асуудлыг хөндөж тавьсан.
3 дугаар нийтлэлийн тухайд. 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн гэрээний хавсралтаар нэхэмжлэгч ажил үйлчилгээний үнийн санал явуулсан байдаг. Түүнд 176,000,000 төгрөгийн дүн тусгагдсан байсан. Бид 176,000,000 төгрөгийн 50 хувиар гель авах гэж байна гэж тусгаагүй. Тэгвэл гүтгэлэг болно. Бид сонин дээр гэрээний үнийн дүнгийн задаргааг ямар ч зөрүүгүй нийтэлсэн. Бид гүтгээгүй. Бид яг ижил MRI аппарат үйлчилгээ үзүүлдэг бусад эмнэлэг 18,000,000 төгрөгөөр худалдан авдаг гелийг Гэмтэл согог судлалын үндэсний төв 65,000,000 төгрөгөөр худалдан авч байгаа нь нийгмийн даатгал төлдөг татвар төлөгчийн эрх ашгийг зөрчиж байна гэж үзсэн.
Бид нийтлэл бичихдээ ОХУ-ын Оренбург хотоос оруулж ирж гаалийн бүрдүүлэлт хийж, нэхэмжлэгчид гель зарсан “Супер проб” ХХК-ийн инженерийн тайланд үндэслэсэн. Энэ компани нийт 1,000 л гелийг 31,000,000 төгрөгийн бүрдүүлэлт төлж оруулж ирээд 500 литрийг нь 18,000,000 төгрөгөөр Мөнгөн гүүр эмнэлэгт, 500 литрийг 65,000,000 төгрөгөөр Гэмтэл согог судлалын үндэсний төвийн MRI аппаратанд зориулж шилжүүлсэн байсан. ГССҮТ-ийн MRI аппаратад үйлчилгээ үзүүлэх үүрэг нь нэхэмжлэгчид байгаагаас үзвэл 1 доороос 1 ижил хэмжээгээр авсан гель нь 2 өөр дүнгээр зарагдаж байгаа нь улсын төсвийн мөнгийг үргүй зарж байгаа явдал гэж дүгнэж энэ тухай нийтлэсэн.
Эхний нийтлэл дээр бид нэхэмжлэгч анх MRI аппаратыг улсын төсвийн хөрөнгөөр нийлүүлсэн асуудлыг эрүүгийн журмаар шалгуулсан гэж бичсэн. Энэ нь үнэн тул ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэж үзэхгүй байна.
Нэхэмжлэгчийн таамаглал гэж байгааг бид хардлага гэж үзэж байна. Бид энэ таамаглал гэх зүйлийг сэтгүүл зүйн хардлага гэж үздэг. Сэтгүүл зүйд хардах эрх бий, харин хардах үндэслэлээ тайлбарлах ёстой. Энэ аппаратыг нийлүүлэх тендерийг шалгаруулсан Эрүүл мэндийн яамны н.Түмэндэмбэрэл гуай авилгын хэргээр шийтгүүлсэн. Иймд бид “Саммитмедикал Сервис” ХХК-д итгэхгүй байсан тул хардаж бичсэн. Мэдээллийн тэнцвэр хангаагүй гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарт хэлэх тайлбар байхгүй болно. Гэхдээ үйл баримт тодорхой байсан. Бид нэхэмжлэгчтэй 4 нийтлэлийн асуудлаар 1 л удаа уулзсан. Түүнээс олон удаа уулзаагүй юм шүү.
Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Саммитмедикал сервис” ХХК нь хариуцагч “Өглөөний сонин” ХМХ-д холбогдуулан ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, мэдээ тараасан хэлбэр буюу “Өглөөний сонин”-д нийтлэсэн нүүр, хэмжээ, тоогоор няцаалт хийхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан байна.
Шүүх энэхүү нэхэмжлэлийн хувийг “Өглөөний сонин” ХМХ-ийн хувьцаа эзэмшигч Г.Анархүүгээс 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдөр олгосон итгэмжлэлд үндэслэн мөн өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Саруултөгсөд гардуулсан ба 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдөр сонины Ерөнхий эрхлэгч З.Боргилмаагаас хариу тайлбар ирүүлснээр 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гаргаж, З.Боргилмаа, Р.Саруултөгс нарыг оролцуулан хийсэн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдааныг хариуцагчийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийг тодруулах үндэслэлээр хойшлуулж, тус шүүх хуралдааныг товлосон байна.
Хариуцагч тал нэхэмжлэлийг гардуулсан ажиллагаанд маргаагүй тул шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулж, хариуцагчийн төлөөлөгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдлэх эрх, хүлээх үүргийг шүүх хуралдааны болоод хуралдааны бус үед тайлбарлаж, шүүх хуралдаанаас өмнө хариуцагчийн төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эрх зүйн байдлыг тодорхойлсны үндсэн дээр Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8-д зааснаар хариуцагчийг төлөөлөх эрхтэй З.Боргилмааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д заасан төлөөлөгч гэж үзэж шүүх хуралдаанд оролцуулсан нь хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчихгүй гэж үзсэн болно.
Өглөөний сонины Ерөнхий эрхлэгч З.Боргилмаагийн хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдрөөс итгэмжлэлээр, 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8-д зааснаар тус тус оролцож, бичгээр болон амаар тайлбар гаргаж ирсэн боловч татгалзлаа нотлох баримтыг шүүхэд гаргаагүйн дээр хэргийн материалтай танилцах замаар мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлээгүй байна.
Хариуцагчийн өмгөөлөгч Ш.Буянжаргалын тухайд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож эхэлсэн боловч шүүх хуралдааны өмнөх өдөр хэргийн материалтай танилцсан байна.
Хариуцагч тал ийнхүү 4 сар 10 хоногийн хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож ирэхдээ нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй үндэслэлээ тайлбараас өөр байдлаар нотлоогүй, хэргийн материалтай танилцах замаар хуулиар олгогдсон эрх, үүргийн дагуу нотлох баримт бүрдүүлэх, цуглуулах ажиллагааг санаачлагаараа хийгээгүй, аливаа үндэслэл бүхий хүсэлтийг шүүхэд гаргаагүй, мэтгэлцээнд идэвхтэй оролцоогүй байдалд нь хүндэтгэх шалтгаан тогтоогдоогүй тул шүүх энэ хэмжээнд нь хэргийг хянан шийдвэрлэх нь талуудын зарчимд нийцнэ гэж үзсэнийг дурдах нь зүйтэй.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
“Өглөөний сонин”-ы 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 071 дугаарт “С.Ламбаа эрүүл мэндийн салбарт бизнес хийж байна” /цаашид 1 дүгээр нийтлэл гэх/, 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 074 дугаарт “Саммит медикал засварын мөнгөө ч авна, орлогын талыг ч авна” /цаашид 2 дугаар нийтлэл гэх/, 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 122 дугаарт “ГССҮ-д 18 саяын бодисыг 10 дахин өндөр үнээр шахах гэж байна” /цаашид 3 дугаар нийтлэл гэх/, 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 127 дугаарт “ЭМСЯ-ныхан Саммитмедикал сервис компанитай хамтран шахааны бизнес цэцэглүүлж байна уу” /цаашид 4 дүгээр нийтлэл гэх/ гэсэн гарчиг бүхий 4 нийтлэл гарсан байна.
1 дүгээр нийтлэлд: ...“Саммит медикал сервис” ХХК нь 2012 онд тус аппаратыг ГССҮТ-д нэг тэрбум төгрөгөөр үнэлэн нийлүүлж, үүнээсээ болоод АТГ-т шалгагдаж байсан. Уг аппарат нь өмнө нь хэрэглэгдэж байсан хуучин аппарат атлаа нэг тэрбум төгрөгийн үнэ хүрч байв. Гэтэл тус компани хуучин аппаратаа тухайн үед улсын эмнэлэгт өндөр үнээр шахаж ихээхэн хэмжээний ашиг олсон хэрнээ одоо буцаагаад түрээслэж авахаар С.Ламбааг лоббидсоны учир юу вэ?...,
2 дугаар нийтлэлд: ...Хараахан батлагдаагүй байгаа ч дээрх Түрээсийн гэрээгээр бол “Саммит медикал” компани MRI аппаратыг 5 жилийн хугацаагаар түрээсээр эзэмших ба түрээсийн орлогоос засвар үйлчилгээний 160 сая төгрөгөө суутган авахаас гадна илүү гарсан орлогыг Гэмтэл, согог судлалын төвтэй тэнцүү хэмжээгээр хуваан авахаар тохиролцжээ. ...Ийм ашигтай нөхцлөөр гэрээ байгуулахаар “Саммит медикал” компани салбар яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаагаар зөвшөөрүүлж, холбогдох байгууллага руу “лоббидуулсан” хэрэг байх нь...,
3 дугаар нийтлэлд: ...“Саммаит медикал” компани зах зээлд 18 сая төгрөгөөр нийлүүлэгдэж байгаа 800,000 литр буюу 1 тонн хүрэхгүй хэмжээний гелийг 175 сая төгрөгөөр худалдан авах гэж байна. ... Тэгэхээр улсын эмнэлгийн нэрээр төсвөөс ийм өндөр үнэтэй худалдан авалт хийж, зах зээлийн үнээс хэд нугарсан ашгийг хэсэг бүлэг хүмүүс олохоор завдаж байгаа гэж ойлгогдож байна...,
4 дүгээр нийтлэлд: ...Үнэндээ ЭМСЯ-ны удирдлагууд, бас бус албан тушаалтнууд тус компанитай үгсэн тохирч төсвийн хөрөнгөөс дээрх мөнгийг гаргаж байгаа нь гэмт хэрэг гэж хэлж болохоор байгаа юм. ...ГССҮТ-ийн MRI аппаратын хэвийн ажиллагаа, засвар үйлчилгээг хариуцдаг “Саммит медикал сервис” компани энэхүү гелийг ОХУ-аас бүх зардал нь ороод 18 сая төгрөг болсон гэдгийг мэдэж буй хэрнээ яагаад дээрх 176 сая төгрөгийг төсвийн хөрөнгөөс гаргуулах болов. Энэ мөнгийг гаргахад ЭМСЯ-ны хэн, хэн гэгч удирдлагууд лоббийдов гээд асуудал цааш хөврөх нь дамжиггүй. ...Эцэст нь хэлэхэд ГССҮТ-д дээрх оношлогооны аппаратыг “Саммит медикал сервис” компани анх нийлүүлсэн бөгөөд өдгөө засвар үйчилгээг нь хариуцах нэрээр өнгөрсөн хугацаанд төсвөөс хэчнээн төгрөг энэ мэтээр гаргуулж авч байсан бол гэдэг нь ч асуудал юм гэсэн агуулга тусгагджээ.
Дээрх 4 нийтлэлийн эдгээр агуулга нь нэхэмжлэгч “Саммитмедикал сервис” ХХК-ийн ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэж үзэж тус компани шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
1 дүгээр нийтлэлийн тухайд “Саммитмедикал сервис” ХХК нь өмнө хэрэглэгдэж байсан хуучин MRI аппаратыг 1,000,000,000 төгрөгийн үнэ хүргэж, улсын эмнэлэгт хуучин аппаратаа өндөр үнээр шахсан гэх ойлголтыг олон нийтэд төрүүлсэн байх ба энэ нь бодит байдалд нийцээгүй гэж үзлээ.
Учир нь, хэрэгт авагдсан Дүүргийн нэгдүгээр прокурорын газрын прокурорын 2015 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн “сэжигтэн, яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 91 тоот тогтоолд “...дээрх аппаратыг Гэмтэл, согог судлалын үндэсний төвд хүлээлгэн өгч суурилуулсан бөгөөд уг аппарат нь чанар, аюулгүй, байдлын шаардлага хангасан шинэ аппарат болох нь Улсын мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2012 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн шинжээчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад баримтаар тогтоогдсон байна” гэж дүгнэснээр “хуучин аппарат” гэх байдал нь няцаагдаж байна.
2 дугаар нийтлэлийн тухайд Өглөөний сонин нь байгуулагдаагүй түрээсийн гэрээний тухай дурдаж, энэхүү гэрээгээр “Саммитмедикал сервис” ХХК-ийг Эрүүл мэнд, спортын яамны төрийн нарийн бичгийн даргын тусламжтайгаар олон нийтэд хохиролтой өөртөө илтэд ашигтай давуу байдлыг хууль бусаар олж авч буй мэт ойлголтыг төрүүлэх агуулга бүхий нийтлэл гаргахдаа байгуулагдаагүй гэх гэрээнийхээ тохиролцоог хийгдсэн мэтээр “Саммитмедикал” засварын мөнгөө ч авна, орлогын талыг ч авна гэсэн гарчгаар нийтлэсэн нь бодит байдалд мөн нийцээгүй гэж үзнэ.
Хэрэгт авагдсан баримтаар Гэмтэл, согог судлалын үндэсний төв болон “Саммитмедикал сервис” ХХК-ийн хооронд түрээсийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үйл баримт тогтоогдоогүй болно.
3 дугаар нийтлэлийн тухайд “Гэмтэл, согог судлалын үндэсний төвд 18,000,000 төгрөгийн бодисыг 10 дахин өндөр үнээр шахах гэж байна” гэсэн гарчиг бүхий нийтлэлээс “Саммитмедикал сервис” ХХК нь зах зээл дээрх 1 зүйлийн үнийг 10 дахин ихэсгэсэн баримжаагүй өндөр үнэтэй зүйлийг улсын эмнэлэгт шахаж, зах зээлийн үнээс хэд нугарсан ашгийг хэсэг бүлэг хүмүүстэй нийлж төсвийн хөрөнгөөс олохоор завдаж байгаа гэх ойлголтыг олон нийтэд шууд төрүүлсэн байна.
Гэвч энэхүү нийтлэлд бичигдсэн гелийг худалдан авах 175,000,000 төгрөг нь дан ганц гелийн үнэ бус гелий болон бусад тоног төхөөрөмж, засвар үйлчилгээний үнэ бүгд багтсан дүн болох нь нь 4 дүгээр нийтлэлд бичигдсэн задаргаанаас харагдана.
Иймд 3 дугаар нийтлэлээр олон нийтэд төрүүлсэн ойлголт нь үндэслэлгүй болох нь тогтоогдож байна.
4 дүгээр нийлэлийн тухайд “Эрүүл мэнд, спортын яамны удирдлагууд, бас бус албан тушаалтнууд “Саммитмедикал сервис” ХХК-тай үгсэн тохирч төсвийн хөрөнгөөс дээрх мөнгө гаргаж байгаа нь гэмт хэрэг гэж хэлж болохоор гэсэн нь “Саммит Медикал сервис” ХХК-ийг төрийн албан хаагч, албан тушаалтнуудтай хуйвалдан гэмт хэргийн шинжтэй хууль бус үйл ажиллагаа явуулж, төсвийн хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авдаг компани болох нь тогтоогдсон мэт ойлголтыг олон нийтэд төрүүлэхээр байна. Гэвч энэхүү нийтлэлийн үнэн зөвийг нотлосон баримт хэрэгт авагдаагүй байна.
Дээрх нийтлэлүүдээс дүгнэвэл хариуцагч “Өглөөний сонин” ХМХ нь бодит байдалд нийцээгүй мэдээ тараасны дээр тогтоогдоогүй үйл баримтыг тогтоогдсон мэт дүгнэж, “Саммитмедикал сервис” ХХК-ийг төрийн албан хаагч, албан тушаалтнуудтай хуйвалдах буюу гэмт хэргийн шинжтэй хууль бус үйл ажиллагаа явуулах замаар ямар нэг өрсөлдөгчгүйгээр төсвийн хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авдаг, түүнээсээ их хэмжээний ашиг олдог, олсон ашгаа хуйвалдсан хүмүүстэйгээ хувааж авдаг компани мэтээр бодит байдлаас зөрүүтэй, ташаа ойлголтыг олон нийтэд шууд төрүүлсэн гарчиг бүхий нийтлэл гаргасан байх тул нэхэмжлэгч “Саммитмедикал сервис” ХХК-ийн ажил хэргийн нэр хүндэд халдсан гэж үзэх үндэслэлтэй.
Хариуцагч нь бодит мэдээлэл баримтад тулгуурлаж, олон нийтийн эрх ашгийн төлөө “Саммит медикал сервис” ХХК-ийн үйл ажиллагаатай холбоотой баримтуудыг нийтлэхдээ үүгээр дамжуулан Эрүүл мэнд, спортын яам салбарын байгууллагуудаа нэгдсэн бодлого, удирдлагаар хангаж чадахгүй байгаа байдлыг шүүмжилж, үүссэн асуудлын учир шалтгаан, үр дагаврыг дүгнэн бичсэн гэж тайлбарлах боловч мэдээллийн бодитойг нотлох баримтыг гаргах замаар татгалзлаа нотлоогүй тул хариуцагчийн энэхүү тайлбар нь бусдын ажил хэргийн нэр хүндийг гутаах шалтгаан болохгүй бөгөөд мөн “Өглөөний сонин” ХМХ-ийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж шүүх үзнэ.
Иймд “Саммитмедикал сервис” ХХК-ийн ажил хэргийн нэр хүндийг сэргээж, Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.3, 511 дугаар сарын 511.2, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасны дагуу “Өглөөний сонин” ХМХ-ийг мэдээ тараасан хэлбэр, хэрэгсэл болох сониноор дамжуулан няцаалт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэв.
Хариуцагч “Өглөөний сонин” ХМХ нь нэхэмжлэгч “Саммитмедикал сервис” ХХК-ийн талаарх 4 нийтлэлийг Өглөөний сонины 071, 074, 122, 127 дугаараас гадна www.morningnews.mn сайтаар олон нийтэд түгээсэн болох нь талуудын тайлбараар тогтоогдсон боловч нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг сайтад үзлэг хийлгэх хүсэлт гаргаагүйн гадна шүүх хуралдааны явцад сонины мэдээллийг иш татах замаар мэтгэлцэж, няцаалтыг сониноор дамжуулан хийлгэхийг шаардсан тул шүүх нэхэмжлэлийн шаардлага, талуудын зарчимд хязгаарлагдаж, хэргийг сонины нийтлэлийн хүрээнд ийнхүү шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.3, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1-т заасныг тус тус баримтлан“Өглөөний сонин”-ы 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 071 дугаарт “С.Ламбаа эрүүл мэндийн салбарт бизнес хийж байна”, 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 074 дугаарт “Саммит медикал засварын мөнгөө ч авна, орлогын талыг ч авна”, 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 122 дугаарт “ГССҮ-д 18 саяын бодисыг 10 дахин өндөр үнээр шахах гэж байна”, 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 127 дугаарт “ЭМСЯ-ныхан Саммитмедикал сервис компанитай хамтран шахааны бизнес цэцэглүүлж байна уу” гэсэн гарчиг бүхий нийтлэлд “Саммитмедикал сервис” ХХК-ийн ажил хэргийн нэр хүнд гутаагдсаныг сэргээж, уг мэдээ тараасан хэлбэр, хэрэгслээр буюу сониноор дамжуулан няцаалт хийхийг “Өглөөний сонин” ХМХ-д даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал нь энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа гардаж авах үүрэгтэй, хэрэв шийдвэрийг эс зөвшөөрвөл ийнхүү шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатнышүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Ө.УЯНГА
ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР
С.ЭНХБАЯР