| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2019/0245/Э |
| Дугаар | 258 |
| Огноо | 2019-02-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Нямбат |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 258
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,
улсын яллагдагч Д.Нямбат
шүүгдэгч Ж.О............р, түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Өөлд овогт Ж............жийн О............рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн, эрүүгийн 1908 0052 10232 дугаартай, 1 хавтаст хэргийг 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Өөлд овогт Ж............жийн О............р, Монгол Улсын иргэн, Архангай аймгийн Өгийнуур суманд 1977 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн, эмэгтэй, боловсролгүй, “Цагаан Хунх Батжил” ХХК-д гэрээт засал чимэглэлчнээр ажилладаг, ам бүл 8, нөхөр, 6 хүүхдийн хамт амьдардаг, ......................................
Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)
Яллагдагч Ж.О............р нь 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт, автобусны ард талд баригдаж байгаа 8 давхар барилга дотор төрсөн дүү эмэгтэй Ж.О................хийг “ажлаас олон удаа чөлөө авдаг” гэх шалтгаанаар төмөр багажаар нуруун хэсэгт зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.О............р мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;
1. Хохирогч Ж.О................хийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 15 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Нефтийн ойролцоо байдаг барилга дээр эгч О............р, ах Б................х хоёртой хамт ажиллаж байсан. Тэр өдөр би нөхөртэйгөө хамт айлд очих болчихоод гээд эгчээсээ чөлөө гуйсан чинь эгч О............р чөлөө өгөхгүй гэсэн. Тэгэхээр нь дахиад хэд хэдэн удаа гуйхад өгөхгүй гээд байхаар нь хувцасны өрөөндөө ороод явах гээд хувцсаа бэлдэж байтал эгч араас орж ирээд намайг түлхэж газар унагаасан. Тэгэхээр нь би босоод куртикээ хаяад өрөөнөөс гараад шатаар бууж байтал эгч О............р тэгш ус хэмждэг багажаар араас нуруу руу 2 удаа цохиод ...надад эмчилгээ хийлгэсэн баримт бичиг байхгүй...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-24)
2. Гэрч Ж.Б................хийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 13 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Нефть баазын ойролцоо байдаг 9 давхар барилга дээр ажил хийж байтал манай төрсөн дүү О................х төрсөн эгч О............р хоёр хоорондоо цалин мөнгөнөөс болж маргалдсан. Тэгсэн манай эгч О............р дүү О................хийг тэгш ус хэмждэг багажаар нуруу руу нь нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26)
3. Гэрч Х.Л................вын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 15 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутагт байрлах Нефтийн байрны ойролцоо эхнэр О................хийг хүлээгээд машинд сууж байсан чинь О................х уйлчихсан гараад ирэхээр нь яасан юм бэ гэж асуухад О............р эгч намайг хоёр гурван удаа цохисон гэж хэлсэн. Тэгэхээр нь уур хүрээд цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29),
4.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1460 дугаар дүгнэлт
“...Хэсэг газрын үзлэг: Зүүн далны дунд хэсэгт 14х7.5см, 1х1.5см, 4х2см, 2х5см, зүүн өгзөгний дээд хэсэгт 3х8см, 3х3см, хүрэн ягаан, хөх өнгийн цус хуралтуудтай, бага зэрэг эмзэглэлтэй, баруун далны доод хэсэг, баруун хөхний доод хэсэгт бага зэрэг эмзэглэлтэй...ДҮГНЭЛТ
1. Ж.О................хийн биед зүүн дал, зүүн өгзөгний цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2.4.5. Дээрх гэмтэл нь нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
6. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 32),
5. Шүүгдэгч Ж.О............рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 14 цагийн үед барилгын ажил дээрээ ажлаа хийж байсан чинь манай төрсөн дүү О................х нь ажил гарлаа чөлөө авмаар байна нөхөр Л................в гадаа хүлээж байгаа гэхээр нь Л................выг ганцааранг нь явуулчих нэг өдөр ажиллаад нэг өдөр нь яваад байхаар ажил шахагдаад байна ш дээ гэж хэлсэн. Тэгтэл уурлаад хэрэгтэй болоод явах гээд байна гээд өөдөөс хэрэлдээд байхаар нь хажууд байсан тэгш ус хэмждэг багажийг гартаа барьж байгаад О................хийн нуруу руу нэг удаа цохисон. Тэгтэл манай дүү Б................х гүйж ирээд болиулсан...Ж.О................хийн нуруу руу нь тэгш бус хэмждэг багажаар нэг удаа цохиж зүүн далны цус хуралт гэмтлийг учруулсан. Харин зүүн өгзөгний цус хуралт гэмтлийг яаж учруулсан гэдгийг санахгүй байна....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39-43),
6. Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 50, 72), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 51), хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 73-78), ажлын газрын тодорхойлолт (хавтаст хэргийн 79) зэрэг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ж.О............рт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:
I. Гэм буруугийн талаар.
Шүүгдэгч Ж.О............р нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, Нефть баазны хажууд баригдаж байгаа “Цагаан Хунх Батжил” ХХК-н найман давхар барилга дотор, 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн дүү Ж.О................хийг “ажлаас олон удаа чөлөө авдаг” гэх хувийн таарамжгүй харилцааны улмаас, шууд санаатай үйлдлээр, Ж.О................хийн нурууг тэгш ус хэмжигч төмөр багажаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
- Хохирогч Ж.О................хийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 15 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Нефтийн ойролцоо байдаг барилга дээр эгч О............р, ах Б................х хоёртой хамт ажиллаж байгаад... айлд очих болчихоод эгчээсээ чөлөө гуйсан чинь эгч О............р чөлөө өгөхгүй гээд байхаар нь хэд хэдэн удаа гуйгаад өгөхгүй гээд байхаар нь хувцасны өрөөндөө ороод ...хувцсаа солиод шатаар бууж байтал эгч О............р тэгш ус хэмждэг багажаар араас нуруу руу 2 удаа цохиод авсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-24)
- Гэрч Ж.Б................хийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...барилга дээр ажил хийж байтал манай төрсөн дүү О................х төрсөн эгч О............р хоёр хоорондоо...маргалдсан. Тэгсэн манай эгч О............р дүү О................хийг тэгш ус хэмждэг багажаар нуруу руу нь нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26)
- Гэрч Х.Л................вын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...эхнэр О................хийг хүлээгээд машинд сууж байсан чинь О................х уйлчихсан гараад ирэхээр нь яасан юм бэ гэж асуухад О............р эгч намайг хоёр гурван удаа цохисон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1460 дугаар дүгнэлт “...1.Ж.О................хийн биед зүүн дал, зүүн өгзөгний цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. ...6.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 32),
- Шүүгдэгч Ж.О............рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...О................х нь ажил гарлаа чөлөө авмаар байна...гэхээр нь ...нэг өдөр нь яваад ажил хийхгүй байна гэж хэлсэн чинь уурлаад хэрэгтэй болоод явах гээд байна гээд өөдөөс хэрэлдээд байхаар нь хажууд байсан тэгш ус хэмждэг багажийг гартаа барьж байгаад О................хийн нуруу руу нэг удаа цохисон....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39-43) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Ж.О............р нь хохирогчийн зүй бус үйлдлийн шалтгаан нөхцөлөөр, “ажлаас чөлөө авах гэлээ” гэх сэдэлтээр, хохирогч Ж.О................хийг зодож, шууд санаатай үйлдлээр, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ж.О............р нь хохирогч ...Ж.О................хийг зодсон болох нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба зодуулснаас болж хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.
Иймд шүүгдэгч Ж.О............рыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч, түүний өмгөөлөгч улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ж.О................х нь эмчилгээний зардалд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, гомдолгүй гэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч Ж.О............рыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Улсын яллагчаас шүүгдэгч Ж.О............рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг,
Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь улсын яллагчийн гаргасан дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ж.О............р нь хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Ж.О............р, хохирогч Ж.О................х нар нь хоорондоо эвлэрч, хэн аль нь гомдол саналгүй гэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ. Ийнхүү хүсэлтийг хангаж Ж.О............рт ял оногдуулах санал гаргахдаа улсын яллагчаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасныг баримталсан байна.
Иймд шүүгдэгч Ю.П..............жийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогчтой эвлэрсэн гэх хувийн байдал болон түүний хувийн байдал болон олон хүүхэдтэй зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн торгуулийн ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Ж.О............рт торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.
Эрүүгийн 1908 0052 10232 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Өөлд овогт Ж............жийн О............рыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Ж.О............рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дуаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.О............р нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солиж болохыг анхааруулсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.МӨНХЗУЛ