Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 5

 

                                  ******* ******* Засаг даргын Тамгын

                                        газрын  нэхэмжлэлтэй иргэний

                                                      хэргийн тухай

                                                                        Хэргийн индекс: ******************

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч

Ерөнхий шүүгч                   Б.Батзориг

Шүүгчид                              Л.Амарсанаа

                                            Г.Давааренчин

 Оролцогчид

            Нэхэмжлэгчийн төлөөлөгч  *******

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцож,

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 546 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагчийн давж заалдах гомдлоор ******* ******* Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй, *******т холбогдох “Сум хөгжүүлэх сангийн зээл 10.802.412 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Тодорхойлох нь:

Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн ******* ******* Засаг даргын тамгын газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Иргэн Дамба овогтой Соёлбаатар нь ”Сум хөгжүүлэх сан”-гийн хөнгөлөлттэй зээлд хамрагдаж, ******* Засаг даргатай 2011 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 10 сая төгрөгийн зээл авсан бөгөөд зээлийн гэрээ 2014 оны 09 дүгээр сарын 03-нд дуусгавар болсон.

Иймд хариуцагчаас үндсэн зээл болох 9 сая төгрөг, хүү 1.802.412 төгрөг, бүгд 10.802.412 төгрөгийг гаргуулж сумыг хохиролгүй болгох нэхэмжлэл гаргав. Бид удаа дараа шаардсан болно гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

******* нь Засгийн газрын 134 дүгээр тогтоолын дагуу ”Сум хөгжүүлэх сан”-ийн хөнгөлөлттэй зээлд хамрагдаж, Засаг даргатай 2011 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр зээлийн гэрээ хийж 10 сая төгрөгийг 1 жилийн 3 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатайгаар авч, зээлийн гэрээ 2014 оны 09 дүгээр сарын 03-нд дуусгавар болсон. Уг зээлээс 1.000.000 төгрөгийг төлсөн. Үлдэх үндсэн зээл 9 сая төгрөг, хүү 1.802.412 төгрөг, нийт 10.802.412 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би энэ зээлийг авсан нь үнэн боловч төлөхгүй. Учир нь би “Хувийн эздийн    холбоо”-ны даргаар ажилладаг бөгөөд энэ зээлийг тус холбооны нэр дээр авч, ******* ******* балгас болсон нурах шахсан байрыг засаж янзлан үсчин, халуун ус, саун болгон тохижуулж, ******* Засаг даргын Тамгын газарт хүлээлгэж өгсөн. Үсчний багаж хэрэгслэлийг бүгдийг нь авч өгсөн. Сум авчихаад намайг “түрээслэн ажиллуул” гэхээр нь нэг сар хувь хүмүүст түрээслэсэн боловч цахилгааны үнээ төлж чадахгүй байсан учраас гаргаж дахин үйл ажиллагаа явуулаагүй хаасан. Энэ байр нь миний хувийн эд хөрөнгө биш ******* мэдлийн хөрөнгө юм. Үүнийг тохижуулахад би өөрөөсөө 3.864.000 төгрөг гаргасан. Би энэ зээлийг төлөхгүй.

Сум хөгжүүлэх сангаас би ганцаараа зээл аваагүй, өөр бусад хүмүүс авсан боловч бүгд гэрээнд заасан үйл ажиллагаа явуулаагүй хувьдаа хэрэглээд алга болцгоосон. Сонгууль явагдах болохоор намайг шүүхэд өгдөг нь цэвэр улс төржилт гэж үзэж байна. “Барс” хувийн эздийн холбооны эзэн нь би учраас энд түүнийг нотолсон баримт гаргаж өгөх шаардлагагүй гэж үзэж байна. Би энэ зээлийг авч хувьдаа ашиглаагүй учраас төлөхгүй гэжээ.

Анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 546 дугаартай шийдвэрээр:

-Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д тус тус зааснаар *******аас 10.802.412 төгрөг гаргуулан Сэлэнгэ аймгийн ******* ******* Засаг даргын Тамгын газарт олгохоор,

-Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар ******* ******* Засаг даргын тамгын газрыг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар *******аас 160.012 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулахаар дурьдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль бус гэж үзэж байна. Учир нь:

  1. Сум хөгжүүлэх сангийн мөнгийг ******* удирдлагын хүсэлтээр суманд нь ахуй үйлчилгээний  зориулалтаар тохижуулж өгсөн.
  2. Тухайн байр объект нь ******* өмч,
  3. Тухайн үеийн дарга нар нь хүлээж авсан баримт нь байгаа,
  4. “Барс холбоо” гэдэг төрийн бус байгууллага, хуулийн этгээд гэрээ хийж авч, ажил үйлчилгээ хийсэн. Иймд хууль бус шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэл бүхий гарсан гэж үзэж байгаа. Хариуцагч ******* нь Сум хөгжүүлэх сангаас өөрийн нэрээр зээлийн гэрээ байгуулан авч харин зээлийн мөнгийг өөрийн хүсэлтээр “Барс холбоо”-ны дансанд хийлгүүлсэн. Тус зээлийг ******* авсан тул зээлээ өөрөө л төлөх ёстой гэж бодож байна. Иймд түүний гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Үндэслэх нь:

Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн ******* ******* Засаг даргын тамгын газар нь  хариуцагч *******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 10.802.412 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, шүүх нэхэмжлэлийн шаардлагыг  хангаж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч ******* нь давж заалдах гомдлынхоо үндэслэлийг  “Барс” холбоо гэдэг төрийн бус байгууллагын нэрийн өмнөөс зээлийн гэрээ байгуулан Сум хөгжүүлэх сангаас зээл авч ******* ахуй үйлчилгээний барилгыг зориулалтаар нь тохижуулж өгсөн. Тус ахуйн үйлчилгээний байрыг тухайн үеийн ******* дарга нар хүлээж авсан. Зээлийг сум орон нутагтаа барилга байгууламжийг засан сайжруулахад зарцуулсан тул буцаан төлөх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэр  хууль бус гэж тайлбарлажээ.

Дээрх гомдлыг үндэслэн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаж үзвэл: Хариуцагч ******* нь Сэлэнгэ аймгийн ******* ******* “Сум хөгжүүлэх сан”-гаас 10.000.000 төгрөгийг жилийн 3 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай авахаар тохирч 2011 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 09 дугаартай зээлийн гэрээг Сумын засаг даргын тамгын газартай байгуулжээ.

Зээлийн гэрээний хугацаа 2014 оны 02 дугаар сарын 01-ний өдөр дууссан,  зээлдэгч нь гэрээний хугацаанд зээлийн төлбөрт 1.000.000 төгрөг төлсөн болох нь зохигч талуудын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна. 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзалаа зээлийг орон нутгийг хөгжүүлэх ажиллагаанд зарцуулсан гэж тайлбарлаж байгаа боловч талуудын хооронд байгуулсан 09 тоот гэрээнээс үзвэл /хх-ийн 4-5/ энэхүү зээлийн гэрээний зорилго нь суманд жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх ажлын байр нэмэгдүүлэх зорилготой бөгөөд зээлийг эргэн төлөгдөх нөхцөлөөр байгуулжээ.

 Мөн хариуцагч *******ын Сэлэнгэ аймгийн ******* ******* засаг дарга болон төрийн санхүүчид гаргасан /хх-ийн 7/ зээлийн мөнгийг хувийн эздийн “Барс холбоо”-ны *********** тоот дансанд шилжүүлж өгнө үү гэсэн хүсэлт болон талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ зэргээс үзвэл хариуцагч ******* нь зээлийн гэрээг өөрийн нэрээр байгуулж харин зээлийн мөнгийг өөрөө хүсэлт гарган хуулийн этгээдийн дансаар шилжүүлсэн авсан гэж үзэхээр байна.

 Хариуцагч *******ын зээлийг өөрөө аваагүй “Барс холбоо” төрийн бус байгууллага авсан тул зээлийг төлөх үүрэг хүлээгээгүй, сум орон нутгийг хөгжүүлэх өөрөөр хэлбэл ******* нийтийн ахуйн үйлчилгээний барилгыг засварлахад зээлийг зарцуулж ******* захиргаанд хүлээлгэн өгсөн гэсэн нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа өөрөө нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна гэж үзлээ.

Хариуцагч ******* нь Иргэний хуулийн  281 дүгээр зүйлийн 281.1-т заасан   зээлийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байх тул   нэхэмжлэгчийн зээлийн гэрээний үүргээ биелүүлэхээр гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй, анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааныг зөв тодорхойлж,  хэрэгт үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэсэн байна.

Иймд давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн хэргийг хэлэлцээд анхан шатны шүүх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч *******ын давж заалдах гомдлыг хангахгүй үлдээх нь зүйтэй гэж  дүгнэлээ. 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хугацаанд зохигч болон оролцогчдоос гаргасан хүсэлт шийдвэрлэх, шүүхээс гарсан эрх зүйн актыг хэргийн зохигч, оролцогчдод гардуулах, давж заалдах гомдлыг хүлээн авснаас хойш хэргийг гомдлын хамт 3 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон хугацааг хүндэтгэн үзэх ямар нэгэн шалтгаангүйгээр хэтрүүлж байгаад цаашид анхаарах нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх  хэсэгт  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 546 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч *******ын гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 187.789 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

                                       ДАРГАЛАГЧ                                         Б.БАТЗОРИГ

                                    ШҮҮГЧИД                                       Л.АМАРСАНАА

                                                                                           Г.ДАВААРЕНЧИН