Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2021/0468

 

 

 “Ш Т М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Сарангэрэл даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг, нэхэмжлэгчийн төлөөлөгч О.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 463 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор “Ш Т М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 463 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.5, 37 дугаар зүйлийн 37.1, 37.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ш Т М” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Ш Т М” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тус компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргахыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “ ... нэхэмжлэгч нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасны дагуу гаргаж байгаагүй энэ нь зөвхөн дүүргийн Газар зохион байгуулалтын албанд гаргаж байсан хүсэлт болохоос дүүргийн Засаг даргад хандаж хүсэлт гаргаж байгаагүй болно.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасны дагуу эзэмшил газраа зориулалтын дагуу ашиглаагүй тул ашиглаагүй зарим хэсгийг хүчингүй болгохоор судалж байгаа талаараа дүүргийн Газрын албанаас албан бичиг нэхэмжлэгчид байгууллагад хүргүүлсэн болохоос нэхэмжлэгчийн эрх ашиг хөндсөн ямар нэгэн шийдвэр гаргаагүй бөгөөд дүүргийн Засаг даргын зүгээс эс үйлдэхүй гаргасан зүйлгүй байхад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасны дагуу нотлох баримт цуглуулах үүргээ бүрэн дүүрэн хэрэгжүүлээгүй, хэргийн нөхцөл байдлыг тодруулаагүй байна.

Иймд хэргийн нөхцөл байдлыг тодруулж, нотлох баримтыг цуглуулах үүргээ бүрэн дүүрэн хэрэгжүүлэн хэргийг тал бүрээс нь судлуулахаар анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Б/454 дүгээр захирамжаар 21 дүгээр хорооны “Ар гүнт” нэртэй газарт хүүхдийн зуслангийн зориулалттай 80 000 м.кв газрыг “Х” ХХК-иас “Ш Т М” ХХК-д шилжүүлж, 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн А/417 дугаар захирамжаар ашиглалтын талбайн хэмжээг 100 000 м.кв болгон нэмэгдүүлж, 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн, улмаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн хугацаа 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр дуусахаар байжээ.

Нэхэмжлэгчээс газар эзэмших эрхийн хугацаагаа сунгуулахаар 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, тус дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тус тус хүргүүлсэн, уг хүсэлтийг Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын алба 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, улмаар 3 сарын дараа буюу 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 17/7787 дугаар албан бичгээр “...танай байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох болсон тул Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу “Сонсох ажиллагаа”-г зохион байгуулж буйгаа үүгээр мэдэгдэж байна” гэсэн хариу өгсөн байна.

Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө газар эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах ...”-аар заасны дагуу нэхэмжлэгч “Ш Т М” ХХК-иас 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга болон Газар зохион байгуулалтын албанд тус тус гаргасан, уг хүсэлтийг Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын алба бүртгэж авсан болох нь ирсэн бичгийн бүртгэл хяналтын картаар тогтоогдсон байна.

Мөн дээрх хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба бүртгэнэ” хэмээн газар эзэмших эрхийн хугацаа сунгуулах хүсэлт гаргасан тохиолдолд хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор дүүргийн Засаг дарга хугацааг сунгах эсэхийг шийдвэрлэхээр хуульчилжээ.

Тодруулбал, газар эзэмшигч нь газар эзэмших эрхийн хугацаа нь дуусахаас хэд хоногийн өмнө хүсэлтээ хэнд, хаана гаргах, хүсэлтийг хүлээн авсан тохиолдол хэд хоногийн дотор шийдвэрлэж хариу өгөх журмын талаар Газрын тухай хуульд тодорхой заасан байна.

Гэтэл газар эзэмших эрхийн хугацаа сунгах эрх бүхий захиргааны байгууллага нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн хугацаа сунгуулах хүсэлтийг хүлээн авсан боловч хуулийн хугацаанд шийдвэрлэлгүй, 3 сар гаруй хугацаа өнгөрсний дараа Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас “Хариу хүргүүлсэн тухай” албан бичгээр “газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох” талаар мэдэгдэж байгаа нь Газрын тухай хуульд нийцэхгүй.

Учир нь Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана, эсхүл тус хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэл бүрдсэн гэж үзэх тохиолдол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох шийдвэрийн аль нэгийг гаргахаар байна.

Анхан шатны шүүх “...нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлэх үүргээ хуульд заасан хугацаанд биелүүлээгүй эс үйлдэхүйг хариуцагч гаргасан гэж үзэхээр байна” хэмээн үндэслэл бүхий дүгнэлт хийж, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн нь зөв байх боловч нэхэмжлэгч компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргахыг даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Газар эзэмшигч нь хуульд заасан хугацаанд “газар эзэмших эрхийн гэрчилгээ”, “газрын төлбөрийг төлсөн тухай баримт”, “байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээр гарсан дүгнэлтийг хэрэгжүүлсэн талаархи тодорхойлолт”-ыг хүсэлтдээ хавсаргаж өгөх, ингэсэн тохиолдолд хариуцагч захиргааны байгууллага уг баримтуудад үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд л газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргахаар байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь газар эзэмших эрхийн хугацааг сунгуулах хүсэлтдээ дээрх хуульд заасан баримтуудыг хавсаргасан эсэх нь тодорхойгүй, “Ирсэн бичгийн бүртгэл хяналтын карт”-д “ирсэн бичгийн мэдээлэл”-д “5 хуудас” гэснээс үзэхэд ямар баримт хавсаргаж өгсөн нь тодорхойгүй, энэ тохиолдолд шүүхээс нэхэмжлэгчийг хүсэлтдээ “газар эзэмших эрхийн гэрчилгээ”, “газрын төлбөрийг төлсөн тухай баримт”, “байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээр гарсан дүгнэлтийг хэрэгжүүлсэн талаархи тодорхойлолт”-ыг хавсаргаж өгсөн, эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан гэж үзэж, эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргахыг шууд даалгаж шийдвэрлэх боломжгүй.

Өөрөөр хэлбэл, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга өөрийн бүрэн эрхийн хүрээнд эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргахаар байх тул шүүхээс захиргааны байгууллагад хуулиар олгосон бүрэн эрхэд халдах үндэслэлгүй учир холбогдох хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж үзлээ.

Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...зөвхөн дүүргийн Газар зохион байгуулалтын албанд гаргаж байсан хүсэлт байгаа болохоос дүүргийн Засаг даргад хандаж хүсэлт гаргаж байгаагүй” талаарх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй. Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д зааснаар дүүргийн газрын алба нь дүүргийн газар зохион байгуулалтын үйл ажиллагааг эрхлэх, Засаг даргын шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох хүрээнд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах хүсэлтийг хүлээн авч, судлан дүүргийн Засаг даргад танилцуулж, мэдээллээр хангах чиг үүргийг хэрэгжүүлэхээр байх тул нэхэмжлэгчийг Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хүсэлтээ гаргасныг буруутгахгүй.  

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 463 дугаар шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 35.1.5, 37 дугаар зүйлийн 37.1, 37.2-т заасныг баримтлан “Ш Т М” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, “Ш Т М” ХХК-ийн гаргасан газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгаж, “хүсэлтийн дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргахыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                           А.САРАНГЭРЭЛ

ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН