Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 815

 

Д.Шт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Д.Гансүх, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор С.Батгэрэл,

шүүгдэгч Д.Ш,

нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 989 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор С.Батгэрэлийн бичсэн улсын яллагчийн эсэргүүцлээр Д.Шт холбогдох 201726020778 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

Б  овогт Д.Ш, 1988 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Төв аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мэргэн буудагч мэргэжилтэй, Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Коко банана” бааранд хамгаалагч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ________________тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ........................./;

Д.Ш нь 2017 оны 3 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө 00 цагийн үед Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Коко банана” нэртэй баарны гадна үүдний орчим иргэн З.М-ыг бусадтай хэрүүл маргаан үүсгэж, зодоон хийлээ гэх шалтгаанаар эрүүн тус газар нь гараараа цохиж эрүүний оочны зүүн тал болон баруун салаанд хугарал бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Баянгол дүүргийн Прокурорын газар: Д.Шын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д.Шт холбогдох хэрэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн тогтоолгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт “... гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг хүлээн авах, бүртгэх, шалгах ажиллагаа хуулийн хүрээнд явагдаж байгаа эсэхийг хянах...” гэж, мөн хуулийн 30.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “... хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн нь энэ хуульд заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэл болно” гэж заасныг тус тус зөрчжээ. Түүнчлэн, прокурорын 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 44 дугаартай яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай тогтоолын олсон нь хэсэгт “... 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсан зүйл хэсгийг өөрчлөх шаардлагатай байна” гэж дүгнэсэн атлаа уг тогтоолын тогтоох хэсэгт “... 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчилсүгэй” гэсэн нь ойлгомжгүй байх бөгөөд хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Иймд  яллагдагч Д.Шт холбогдох хэргийг Баянгол дүүргийн прокуроын газарт буцааж, хэргийг прокурорт очтол Д.Шт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор С.Батгэрэл бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... 2017 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэг, 173 дугаар зүйлд заасныг удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж эхэлсэн. Иймд 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээх шаардлагагүй, мөн хуулийн 30.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-1.3 дахь хэсэгт заасны дагуу 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хойш цагдаагийн байгууллагад хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл ирүүлсэн, ирүүлсэн гомдол мэдээлэл нь гэмт хэргийн шинжтэй бол хэрэг бүртгэлтийн хэрэг нээх үндэслэл болох тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэл байхгүй байна. 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Д.Шт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож яллагдагчаар татсан. 2015 оны Эрүүгийн хууль 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн. Тус хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан бол хоёр зуун тавин нэгээс дөрвөн зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж,

Харин 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан нь оногдуулах ялыг 2002 оны Эрүүгийн хуульд зааснаас хөнгөрүүлсэн байх тул урьд Д.Шт сонсгосон 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан ялыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчилсөн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлгүй юм. Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 989 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү ...” гэв.

Шүүгдэгч Д.Ш тус шүүх хуралдаанд тайлбаргүй гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь  хянаж үзлээ.

Шүүгдэгч Д.Шт холбогдох хэргийг прокурорт буцаасан Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 989 дүгээр шүүгчийн захирамж хуулийн шаардлага хангаагүй байна гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Д.Ш нь 2017 оны 3 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө 00 цагийн үед Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Коко банана” нэртэй баарны гадна үүдний орчим иргэн З.М-ыг бусадтай хэрүүл маргаан үүсгэж, зодоон хийлээ гэх шалтгаанаар эрүүн тус газар нь гараараа цохиж эрүүний оочны зүүн тал болон баруун салаанд хугарал бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон байна.  

Д.Шт холбогдох хэрэг 2002 оны Эрүүгийн хуулийн үйлчлэлийн үед буюу 2017 оны 3 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө үйлдэгдэж, 2017 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж эхэлсэн тул 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу мөрдөгч хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн тогтоолыг нөхөн гаргах шаардлагагүй байна.

Мөн Д.Шт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах явцад шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хууль мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан түүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх хуулийн заалтад нийцүүлэн прокуророос түүнд сонсгосон ялыг өөрчлөн сонсгосон байна.

Ингэхдээ Д.Шыг яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай прокурорын 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 44 дүгээр тогтоолын үндэслэх хэсэгт “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт ...” гэхийг “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ...” гэж бичсэн нь техникийн шинжтэй алдаа байна гэж үзлээ.

Харин дээрх тогтоолын тогтоох хэсэгт “... 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар сонсгосон ялыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчлөн...” яллагдагчаар татсан тул Д.Шт холбогдох хэргийг хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокуророос үйлдсэн яллах дүгнэлтийн хүрээнд хууль зүйн дүгнэлт өгч, шийдвэрлэх боломжтой гэж үзэв.   

Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэхтэй холбоотой харилцааг уг хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд тодорхой заасан тул хуулийн дээрх заалтыг журамлан шийдвэрлэх эрх шүүхэд байгааг дурдах нь зүйтэй.

Иймд прокурор С.Батгэрэлийн бичсэн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 13 дугаар улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч, Д.Шт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 989 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Д.Шт холбогдох эрүүгийн хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцаасугай.

2. Хэрэг шүүхэд очтол Д.Шт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл тэдэнд давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргаж, прокурор эсэргүүцэл бичиж болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Ц.ОЧ

ШҮҮГЧИД                                                                   Д.ГАНСҮХ

                                                                                    Д.ОЮУНЧУЛУУН