Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2018/00048

 

    Ц-ийн нэхэмжлэлтэй

    иргэний хэргийн тухай

       Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар       

            Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 139/ШШ2017/00279 дүгээр шийдвэр,

       Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 218/МА2017/00018 дугаар магадлалтай,      

            Ц-ийн нэхэмжлэлтэй,

            Дундговь аймгийн Сайнцагаан сумын 1 дүгээр цэцэрлэгт холбогдох

           Тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 05 сарын 12-ны өдрийн Б/12 тоот, 2017 оны 01 сарын 24-ний өдрийн Б/2 тоот тушаалуудыг хүчингүй болгож, үр дүнгийн урамшуулалд авах байсан 268.248 төгрөгийг гаргуулах, эрхэлж байсан нярвын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй,

            төмөр хашааны үнэ 936.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц , түүний өмгөөлөгч Х.Отгонжаргал, хариуцагчийн төлөөлөгч М.Борхүүхэн, хариуцагчийн өмгөөлөгч Д.Дарьсүрэн, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нар оролцов.

           Нэхэмжлэгч Ц-ийн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие Дундговь аймгийн Сайнцагаан сумын 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2009 оны 10 сарын 06-ны өдрийн 28 дугаартай тушаалаар тус цэцэрлэгийн нярваар ажилд орсон. Ажиллах хугацаандаа ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй. Гэтэл 2017 оны 05 сарын 12-ны өдөр Б/12 тоот тушаал гаргаж намайг ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн. Чөлөөлөхдөө байгууллагын 960.000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгө болох 80 метр төмөр хашааг үрэгдүүлсэн гэж үзэж намайг ажлаас чөлөөлсөн. Энэ дутагдуулсан гэж үзээд байгаа эд хөрөнгө манай байгууллагын данс балансад байхгүй. Яг ямар төмөр хашааг, хэзээ, хэрхэн үрэгдүүлснийг би огт мэдэхгүй байна. Надад хувьдаа авч ашигласан ийм өртөг бүхий төмөр хашаа огт байхгүй. Иймээс намайг ямар ч үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлж миний хөдөлмөрлөх эрхийг зөрчиж байгаад гомдолтой байх тул Дундговь аймгийн Сайнцагаан сумын 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 05 сарын 12-ны өдрийн Б/12 тоот тушаалыг хүчингүй болгуулах, эрхэлж байсан албан тушаал болох нярвын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү. Мөн миний бие Дундговь аймгийн Сайнцагаан сумын 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 01 сарын 24-ний өдрийн Б/2 тоот тушаалыг хүчингүй болгуулж, үр дүнгийн урамшуулалд авах байсан 268.248 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Учир нь эрхлэгч намайг хүүхдийн хоол хүнсэнд хориглосон, он, саргүй бүтээгдэхүүн авч хэрэглэсэн, хэрүүл маргаан удаа дараа хийсэн, үүрэгт ажлаа чанартай хийгээгүй, цаг хугацаанд биелүүлээгүй гэж үзэж 2017 оны 01 сарын 24-ний өдрийн Б/2 тоот тушаалаар сануулах арга хэмжээ авсан. Энэ тушаал нь ямар ч үндэслэлгүй. Би дээрх алдаа дутагдлыг гаргаагүй байхад надад арга хэмжээ авсан. Мөн уг тушаалаа өөрөө гараараа засаж янзалсан. Тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2-ыг үндэслэсэн. Энэ нь үндсэн цалинг 3 сар хүртэлх хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах гэсэн заалтыг барьсан хэрнээ надад сануулах арга хэмжээ авсан нь өөрөө хууль зүйн алдаатай байгаа юм. Уг тушаал гарснаар би сар бүр авдаг үр дүнгийн урамшуулал болох цалингийн 15 хувийн нэмэгдлээ авч чадахгүй болсон. Би 2017 оны 1 сараас эхлэн сар бүр 67.062 төгрөг, ажлаас чөлөөлөгдөх хүртэл нийт 268.248 төгрөг авах байсан. Иймд эрхлэгчийн 2017 оны 01 сарын 24-ний өдрийн Б/2 тоот тушаалыг хүчингүй болгож, үр дүнгийн урамшуулалд авах байсан 268.248 төгрөгийг гаргуулж өгнө үү. Энэхүү тушаалыг эс зөвшөөрч миний бие байгууллагынхаа Хөдөлмөрийн маргаан таслах комисст 2017 оны 02 сарын 22-ны өдөр өргөдөл гаргасан боловч шийдвэрлэхгүй байсаар 2017 оны 06 сарын 02-ны өдөр хуралдаж дараагийн шатанд ханд гэсэн шийдвэр гаргаж тэмдэглэлээр хариу ирсэн.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд: 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч М.Борхүүхэн нь хашааны үнэ 936.000 төгрөгийг нэхэмжилснийг эс зөвшөөрч байна. Учир нь энэ нэхэмжлээд байгаа хашаа нь бодит байдлаар 153 метр биш 130 орчим метр хашаа байсан юм. Үүнийг анхнаасаа данс бүртгэл дээр бүртгэхдээ метрийг нь буруу бүртгэсэн юм шиг байна. Одоо байгаа суурийг хэмжихэд нарийн хэмжээ нь гарна. Уг хашааг данснаас хассан боловч дахин үнэлж байгууллага дээр байж байсан ба энэ хашааг 4  дүгээр цэцэрлэг, 7 дугаар цэцэрлэгүүд хашаагүй тул түр хэрэглэж байгаад өгье гэж тухайн үеийн эрхлэгчээс зөвшөөрөл авч энэхүү хашааг хувааж авсан юм. 2015 оны 10 сард 4 дүгээр цэцэрлэг буцааж өгсөн. 18 ширхэг хашааг анх авч хэрэглээд буцааж өгөхдөө 13 ширхгийг өгсөн. 7 дугаар цэцэрлэг нь 2017 оны 04 сард мөн буцааж өгсөн ба өгөхдөө анх 29 ширхэг хашаа аваад 19 ширхгийг буцааж өгсөн. Энэ хашааны ашиглах хугацаа хэтэрсэн, чанарын шаардлага хангахгүй болсон байсан тул нэгийг нь нөгөөгөөр нь сэлбэж хэрэглэж байсан. Иймд энэ нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна гэжээ.

        Хариуцагч Дундговь аймгийн Сайнцагаан сумын 1 дүгээр цэцэрлэгийн төлөөлөгч /эрхлэгч/ М.Борхүүхэний гаргасан тайлбар болон сөрөг нэхэмжлэлд: Нярав ажилтай Ц ийг 2017 оны 05 сарын 12-ны өдрийн Б/12 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн үндэслэл нь байгууллагын эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангаж ажиллаагүй, байгууллагын өмч хөрөнгө болох төмөр хашааг дутаасан, хариуцсан ажлын чиглэлээр тайлан мэдээ, судалгаа хийх, нэгтгэл дүгнэлт гаргах, үр дүнг үндэслэн санал төсөл боловсруулах, удирдлага болон бусад ажилчдыг мэдээллээр хангах үүрэгтэй боловч ажлын байрны тодорхойлолтын дагуу байгууллагын өмч хөрөнгө болох төмөр хашаанд судалгаа, дүгнэлт хийж ажилчид болон удирдлагыг мэдээллээр хангаж ажиллах үүргээ гүйцэтгээгүй, хариуцлагагүй ажилласан, байгууллагын өмч хөрөнгө болох төмөр хашааг дутаасан тул нярав Ц т хашааг төлүүлэх шаардлага тавьсан боловч төлөөгүй учраас нярвын ажлын байрны тодорхойлолт, байгууллагын дотоод журам, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 3.4.5,5 дахь заалтын дагуу хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажил олгогчийн санаачилгаар ажлаас нь чөлөөлсөн. Дундговь аймгийн Сайнцагаан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 06 сарын 17-ны өдрийн 111 дүгээр тогтоолоор 1 дүгээр цэцэрлэгийн 1 төрлийн 2.830.500 төгрөгийн барилга байгууламж /төмөр хашаа/ хөрөнгийг акталж тус байгууллагын данснаас хассан шийдвэр гарсан байдаг. Дундговь аймгийн Сайнцагаан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 06 сарын 17-ны өдрийн 114 дүгээр  тогтоолоор 153 метр төмөр хашааг 1.836.000 төгрөгөөр дахин үнэлж, эд хөрөнгийг худалдан борлуулж, өөрийн орлогод оруулж, дансанд төвлөрүүлж, хөрөнгө бэлтгэхийг байгууллагын удирдлагад даалгасан шийдвэр гарсан байдаг. Иймээс байгууллагын өмч хөрөнгө болох төмөр хашааг худалдан борлуулахаар 2017 оны 03 сард Сайнцагаан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд 1.836.000 төгрөгийн үнэтэй 153 метр төмөр хашааг үнэ бууруулж 1.200.000 төгрөгөөр борлуулах саналыг хүргүүлж Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас шийдвэр гаргуулан, үнэлгээний комисс газар дээр нь ирж төмөр хашааг үзтэл 153 метр биш 73 метр хашаа байсан тул дутсан хашааг тодруулах албан бичиг ирсэн. Үүний дагуу нярав Ц , нягтлан Л.Буян-Эрдэнэ нараас асууж, ярилцаж, хуралдаж хариу тайлбар авсан боловч дутсан хашааг тодруулаагүй тул хариуцлага тооцож Хөдөлмөрийн хуулийн дагуу ажлаас нь чөлөөлсөн. Иймээс тушаалыг хүчингүй болгох үндэслэлгүй.

Нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Ц т 2017 оны 01 сарын 24-ний өдрийн Б/2 дугаартай тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан. Энэхүү тушаалын үндэслэл нь Ц  хүүхдийн хоол хүнсэнд хориглосон, он, сар, хугацаагүй бүтээгдэхүүн авч хэрэглэсэн, эрхлэгчийн баталсан хоолны цэс өөрчилж тогоочид хоолны цэсний дагуу материал нийлүүлээгүй, хэрүүл маргаан удаа дараа хийж эрхлэгчийн өөдөөс 3 удаа хэрэлдэж ёс зүйгүй аашилсан, үүрэгт ажлаа чанартай хийгээгүй, өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлээгүй тул хариуцлага тооцож, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1 дэх заалтаар сахилгын шийтгэл ногдуулж сануулах арга хэмжээ авсан. Уг тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1.2 дахь заалт гэж оруулсан нь техникийн алдаа байсан бөгөөд сануулах арга хэмжээ авсан. Энэ тушаалыг Ц  өөрөө засаж засварласан. Ц  нь хариуцлагагүй, ёс зүйгүй, ажлын бүтээмж сул, үр дүнгүй ажиллаж байгаа тул үр дүнгийн урамшил олгоогүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Сөрөг шаардлагын тухайд Ц  нь байгуулагын эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангаж ажиллаагүй, байгууллагын өмч хөрөнгө болох 153 метр төмөр хашаанаас 78 метр 936.000 төгрөгийн үнэ бүхий төмөр хашааг дутаасан. Иймээс Сайнцагаан сумын 1 дүгээр цэцэрлэгийн хөдөлмөрийн дотоод журмын 3.3.1 дэх заалтын дагуу байгууллагын өмч хөрөнгө болох 78 метр төмөр хашааг Сайнцагаан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрийн дагуу 1 метрийг нь 12.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээгээр 936.000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

         Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 139/ШШ2017/00279 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц-ийг Дундговь аймгийн Сайнцагаан сумын 1 дүгээр цэцэрлэгийн нярвын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5-д зааснаар Дундговь аймгийн Сайнцагаан сумын 1 дүгээр цэцэрлэгээс ажилгүй байсан хугацааны олговор 1.060.494 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц т олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгч Ц т олговол зохих 1.060.494 төгрөгийн олговроос нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр төлж энэ тухай түүний нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Дундговь аймгийн Сайнцагаан сумын 1 дүгээр цэцэрлэгт үүрэг болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар нэхэмжлэгч Ц-ийн Дундговь аймгийн Сайнцагаан сумын 1-р цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 01 сарын 24-ний өдрийн Б/02 тоот тушаалыг хүчингүй болгуулах, үр дүнгийн урамшуулалд авах байсан 268.248 төгрөгийг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3-т зааснаар нэхэмжлэгч Ц ээс 78 метр хашааны үнэ болох 936.000 төгрөг гаргуулах шаардлага бүхий хариуцагч Дундговь аймгийн Сайнцагаан сумын 1-р цэцэрлэгийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

            Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 218/МА2017/00018 дугаар магадлалаар: Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Дундговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 139/ШШ2017/00279 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээжээ.

          Хариуцагчийн төлөөлөгч М.Борхүүхэний хяналтын журмаар гаргасан гомдолд: Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 139/ШШ2017/00279 тоот шийдвэр, Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 218/МА2017/00018 тоот магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Би 2016 оны 12 сарын 20-нд Дундговь аймгийн Сайнцагаан сумын 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн ажлыг хүлээн авч, нярав Ц тэй хамтран ажилласан. Энэ хугацаанд нярав Ц  нь ёс зүйгүй, ажлын хариуцлагагүй байдлыг удаа дараа гаргаж байсан.

Үйл ажиллагааны явцад байгууллагын камерийн хүчин чадлыг сайжруулах албан даалгаврыг авч, өөрийн байгууллагын мэдэлд байх Дундговь аймгийн Сайнцагаан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн шийдвэртэй өөрийн байгууллагын 153 метр төмөр хашааг худалдан борлуулж уг ажлыг хийхээр төлөвлөсөн. Энэ төмөр хашаа нь Дундговь аймгийн Сайнцагаан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 06 сарын 17-ны өдрийн 111 дүгээр тогтоолоор 1 дүгээр цэцэрлэгийн 1 төрлийн 2.830.500 төгрөгийн /төмөр хашаа/ хөрөнгийг акталж, тус байгууллагын данснаас хасах шийдвэр гарсан байдаг. Мөн Дундговь аймгийн Сайнцагаан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 06 сарын 17-ны өдрийн 114 дүгээр тогтоолоор 153 метр төмөр хашааг /1 метрийг нь 12.000 төгрөг/ нийт 1.836.000 төгрөгөөр дахин үнэлж, эд хөрөнгийг худалдан борлуулж, өөрийн орлогод оруулж, дансанд төвлөрүүлж, хөрөнгө бэлтгэхийг байгууллагын удирдлагад даалгасан шийдвэр гарсан байдаг. Иймд тус цэцэрлэгийн нягтлан Л.Буян-Эрдэнэ, нярав Ц нараас төмөр хашааг лавлаж асуухад хоёулаа 153 метр төмөр хашааг байгаа гэж хэлсэн. Ингээд уг хашааг борлуулахаар үнийг нь бууруулах саналыг Сайнцагаан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд хүргүүлж, үнэлгээний комисс ирж үзэхэд 153 метр төмөр хашаанаас 78 метр хашаа дутсан. Дутсан хашааг тодруулахаар нягтлан Л.Буян-Эрдэнэ, нярав Ц  нараас асуухад мэдэхгүй, бид авч ашиглаагүй, төлж чадахгүй гэсэн тайлбарыг өгсөн. Ийм учраас эрхлэгч М.Борхүүхэн би нярав Ц ийг байгууллагын эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангаж ажиллаагүй, ажилдаа хариуцлагагүй хандаж байгууллагын өмч хөрөнгө болох 78 метр төмөр хашааг дутаасан тул 2017 оны 05 сарын 12-ны өдрийн Б/12 тоот тушаалаар, хөдөлмөрийн хуулийн дагуу ажлаас нь чөлөөлж хуульд нийцсэн шийдвэр гаргасан. Нярав Ц  нь байгууллагын өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалтыг хариуцаж, хяналт тавьж, ажиллах үүрэгтэй бөгөөд ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээнд тусгаж өгсөн. Байгууллагын өмч, хөрөнгө дутааж үрэгдүүлсэн хүн хуулийн дагуу хариуцлага хүлээх ёстой байтал Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 07 сарын 31-ний өдрийн хурлаар “Ц  нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д зааснаар мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан бусад эд хариуцагч болох нь тогтоогдож байх боловч ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдохгүй байна” гэж дүгнэсэн нь хууль бус шийдвэр гэж үзэж байна. Ц  нь эд хөрөнгө хариуцагч болох нь хуулиар тогтоогдсон атлаа ажлын хариуцлага алдаж байгууллагын хөрөнгө /төмөр хашааг/ дутааж, үрэгдүүлсэн байхад буруутай үйлдэл гаргасан нь тогтоогдохгүй байгаа нь хачирхалтай байна. Ц  нь 153 метр хашааг эхлээд байгаа гэж хэлсэн. Дараа нь дутаад ирэхээр би мэдэхгүй, би авч идэж уугаагүй, төлж чадахгүй гэсэн. Дутсан хашаагаа тодруулаад өгөөч гэж өчнөөн гуйсан боловч нэг ч бичиг баримт үзүүлээгүй, өгөөгүй. Сүүлдээ шүүхэд хандахад 2 цэцэрлэгт хувааж өгсөн, тэр цэцэрлэгүүд засаж сэлбэсэн гэх зүйлийг ярьж шүүх хурлын өмнө 4-р цэцэрлэгийн эрхлэгч С.Алимаа, нярав н.Бадамцэцэг, 7-р цэцэрлэгийн эрхлэгч Л.Дэлгэрмаа, нярав нараас бичиг хийлгэж авчирч шүүхэд баримт болгон өгсөн. Тухайн албан байгууллагын өмч хөрөнгө болох төмөр хашааг 2 цэцэрлэгт өгөхдөө тухайн үед нь ямар ч бичиг баримт үйлдэж өгөөгүй, аваагүй, мөн засаж сэлбэсэн гэх баримт бичиг үйлдээгүй байдаг. Албаны ажил албан бичиг баримтаар хийгддэг баймаар гэтэл үрэгдүүлсэн хойноо хүнээр янз бүрийн бичиг хийлгэж авдаг, амаар яриа хийж байгууллагын хөрөнгийг үгүй хийж байгаа нь хуульд нийцэхгүй. Ажлын хариуцлага алдаж байгууллагын өмч хөрөнгийг ингэж үрэгдүүлээд байвал хэн хариуцлагыг нь хүлээх ёстой болж байна вэ. Энэ үрэгдүүлсэн хөрөнгийг хэн төлөх болж байна. Ийм хариуцлагагүй, хөрөнгө дутааж үрэгдүүлсэн хүнд хариуцлага тооцохгүйгээр түүний талд шийдвэр гаргаж байгаа нь хууль бус шийдвэр гэж үзэж байна. Иймд Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 139/ШШ2017/00279 тоот шийдвэр, Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 218/МА2017/00018 тоот магадлалд гомдолтой байгаа тул хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж, дээрх шийдвэрүүдийг хүчингүй болгож өгөхийг хүсч байна гэжээ.

ХЯНАВАЛ:

         Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

        Нэхэмжлэгч Ц  нь хариуцагч Дундговь аймгийн Сайнцагаан сумын 1 дүгээр цэцэрлэгт холбогдуулан тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 05 сарын 12-ны өдрийн Б/12 тоот тушаалыг хүчингүй болгуулж, няравын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, нярав Ц  нь байгууллагын өмч хөрөнгийг хамгаалах үүргээ биелүүлээгүй, 78 м хашааг дутаасан буруутай, хашааны үнэ 936.000 төгрөгийг гаргуулна гэж сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.  

           Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч сахилгын шийтгэл ногдуулсан 2017 оны 01 сарын 24-ний өдрийн Б/02 тоот тушаалыг хүчингүй болгож, үр дүнгийн урамшуулалд авах байсан 268.248 төгрөгийг гаргуулахаар шаардлагаа нэмэгдүүлсэн байна.  

        Ажил олгогч нь ажилтан Ц-ийн хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах тушаал гаргахдаа түүнийг 1 дүгээр цэцэрлэгийн 80 метр төмөр хашааг үрэгдүүлж, дутагдуулсан гэсэн үндэслэл заасан боловч уг хашаа нь тус цэцэрлэгийн өмч хөрөнгө болох баримтыг хариуцагч шүүхэд ирүүлээгүй, 80 метр хашааг Ц  үрэгдүүлсэн болох нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдохгүй байна.

      Нэхэмжлэгчийг ажил олгогчийн итгэл алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдоогүй гэж анхан шатны шүүх дүгнэн, няравын ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 1.060.494 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д нийцжээ.

         Харин нэмэгдүүлсэн шаардлагыг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7, 129 дүгээр зүйлийн 129.1 дэх заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

      Ажилтан Ц  нь 78 метр хашааг үрэгдүүлсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй гэж хашааны үнэ 936.000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй байна.

       Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн хөдөлмөрийн ганцаарчилсан маргааныг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд зааснаар үнэлж, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл зааалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул энэ шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч М.Борхүүхэний гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

          1. Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 139/ШШ2017/00279 дүгээр шийдвэр, Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 218/МА2017/00018 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

          2. Хариуцагч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хяналтын гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

    

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.ЦАГААНЦООЖ

                                    ШҮҮГЧ                                                      Д.ЦОЛМОН