Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 226

 

Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газрын

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Х.Батсүрэн, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгч Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга П.Бат-Өлзий нарыг оролцуулан хийж, Дорнод аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 08 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 302 дугаар магадлалтай, Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй, Дорнод аймгийн Аудитын газарт холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгч Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга П.Бат-Өлзийгийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч, Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга П.Бат-Өлзий шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Аймгийн Аудитын газраас аймгийн Хөгжлийн сан, аймгийн Засаг даргын нөөцийн сангийн 2014 оны зарцуулалтад хийсэн гүйцэтгэлийн аудитаар Ардчилсан хүчний холбоонд зүүн бүсийн чуулга уулзалтын зардал болох 3.0 сая төгрөг олгосон нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх заалт “төсвийг үр ашигтай хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулах”, Засгийн газрын 2014 оны “Төсвийн хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэмжээний тухай” 147 дугаар тогтоолын 6, 7 дугаар заалтын “улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр, ялангуяа төсвийн хэмнэлт орлого, хандив тусламжийн орлогоор гадаад дотоодын тойрон аялал зугаалга, ой тэмдэглэх арга хэмжээ, урлагийн наадам, уралдаан тэмцээн зохион байгуулахгүй байх, хурал зөвлөгөөний давтамжийг багасгах, зайлшгүй хийх тохиолдолд төлөөлөгчийн тоог цөөн, оновчтой, богино хугацаанд хийхээр эсхүл цахим хэлбэрээр зохион байгуулах” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна хэмээн Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.12, 15.2 дахь заалт, Ерөнхий аудиторын 2009 оны 47 дугаар тушаалаар батлагдсан “Төлбөрийн акт тавих, албан шаардлага өгөхөд баримтлах журам”-ыг үндэслэн 3.0 сая төгрөгийг төсөвт төвлөрүүлэхээр төлбөрийн акт тогтоосон. Энэхүү төлбөр тогтоосон акт нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд захиргааны актын хувьд утга агуулгын илэрхий алдаатай байгаа тул дараах үндэслэлийн дагуу Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

1. Төлбөр тогтоосон акт нь хууль зүйн үндэслэлгүй байна. Төлбөрийн актын тэмдэглэх хэсэгт: Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх заалт /Төсвийг үр ашигтай хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулах/, Засгийн газрын 2014 оны “Төсвийн хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэмжээний тухай” 147 дугаар тогтоолын 6,7 дугаар заалт /улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр, ялангуяа төсвийн нэмэлт орлого, хандив тусламжийн орлогоор гадаад дотоодын уралдаан тэмцээн зохион байгуулахгүй байх, хурал зөвлөгөөний давтамжийг багасгах, зайлшгүй хийх тохиолдолд төлөөлөгчийн тоог цөөн, оновчтой, богино хугацаанд хийхээр эсхүл цахим хэлбэрээр зохион байгуулах/-ыг зөрчсөн талаар дурдсан. Аймгийн Засаг дарга болон түүний Тамгын газрын зүгээс төсвийг үр ашигтай хэмнэлттэй байхаар төлөвлөж, төрийн чиг үүрэгт хамааралгүй төсөл, хөтөлбөр, арга хэмжээ санхүүжүүлсэн удаагүй билээ. Аймгийн Засаг даргын зүгээс Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6 “а” дах заалтад зааснаар хууль тогтоомж, Засгийн газар, Хурал, Засаг даргын шийдвэрийг сурталчлах, биелэлтийг хангах ажлыг нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд зохион байгуулах эрхтэй. Энэ эрхийн дагуу Төрийн бус байгууллагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь заалтын дагуу төрийн бус байгууллагын үйл ажиллагааг дэмжин Ардчилсан хүчний холбооноос зохион байгуулж байгаа “Монголоо хөгжүүлье” чуулганд 3.0 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн. Дэмжлэг хүссэн төрийн бус байгууллагын зүгээс чуулганд шаардагдах зардлыг анх 4.600.000 мянган төгрөгөөр тооцож ирүүлсэн бөгөөд аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс хэмнэлтийн горимд шилжүүлэх чиглэлийн дагуу шаардлагагүй зардлыг хасаж 3.0 сая төгрөгөөр төсөвлөсөн. Мөн Засгийн газрын 2014 оны Төсвийн хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолд “... хурал зөвлөгөөний давтамжийг багасгах” гэж зохицуулалт тусгаснаас хурал, зөвлөгөөнийг зохион байгуулахыг хориглосон заалт байхгүй болно. Төрийн бус байгууллага нь чуулганы үйл ажиллагааг дүгнэж, зохион байгуулсан ажил болон зардлын талаарх тайлан мэдээ, холбогдох материалыг аймгийн Засаг даргын Тамгын газарт ирүүлсэн.

2. Аймгийн Аудитын газрын 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 0295дор-2015/01/га дугаар төлбөрийн акт нь утга агуулгын хувьд илэрхий алдаатай байна. Монгол улсын Ерөнхий аудиторын 2009 оны 47 дугаар тушаалаар батлагдсан “төлбөрийн акт тавих, албан шаардлага өгөхөд баримтлах журам”-д төлбөрийн акт нь тэмдэглэх, тогтоох хэсгээс бүрдэнэ гэж заасан бөгөөд тогтоох хэсэг нь тэмдэглэл хэсгийн мэдээллийн агуулгад тулгуурласан, харилцан уялдаа бүхий үндэслэл байх нь зүйтэй. Гэтэл аймгийн Аудитын газрын 0295дор-2015/01/га дугаар төлбөрийн актын тэмдэглэх хэсэгт: Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх заалт /төсвийг үр ашигтай хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулах/, Засгийн газрын 2014 оны “Төсвийн хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэмжээний тухай 147 дугаар тогтоолыг зөрчсөн байна хэмээн дурдсан байтал тогтоох хэсэгтээ “зориулалт бусаар зарцуулсан” хэмээн тодотгож 3.0 сая төгрөгийг төсөвт төвлөрүүлэхээр төлбөрийн акт тогтоосон. Энэ нь актын талаарх ойлголтын зөрүүг бий болгох эрх зүйн үр дагавар үүсэж байгаа тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь заалт /Захиргааны актын аль нэг заалт илт хууль бус бөгөөд тухайн заалтгүйгээр захиргааны актын агуулга ойлгомжгүй болоход хүрвэл захиргааны актыг бүхэлд нь илт хууль бус гэж тооцно/ гэж заасны загуу илт хууль бус гэж тооцох үндэслэлтэй байна.

3. Монгол улсын Төрийн аудитын тухай хуулиар үндэсний аудитын байгууллага болон орон нутаг дахь салбар аудитын байгууллагын бүрэн эрхийг 5.1, 5.2 дахь заалтаар харилцан адилгүй заасан бөгөөд аймгийн Аудитын газрын 0295дор-2015/01/га дугаар төлбөрийн актыг үйлдэхдээ Үндэсний аудитын газрын бүрэн эрхэд хамаарах 15 дугаар зүйлийн 15.1.12 дахь заалтыг үндэслэн тогтоосон байгаа нь актыг гаргасан албан тушаалтан өөрийн эрх хэмжээнд хамааралгүй хуулийн заалтыг үндэслэж төлбөрийн актыг гаргасан байна. Монгол улсын Ерөнхий аудиторын 2009 оны 47 дугаар тушаалаар батлагдсан “Төлбөрийн акт тавих, албан шаардлага өгөхөд баримтлах журам”-ын 2.1-д ямар алдаа зөрчилд төрийн аудитын байгууллагаас төлбөрийн акт тавих үндэслэлүүдийг зааж журамласан байдаг. Эдгээр журамласан зохицуулалтад хамаарах зөрчил аймгийн Хөгжлийн сан, аймгийн Засаг даргын нөөцийн сангийн 2014 оны зарцуулалтад хийсэн гүйцэтгэлийн аудитаар илрээгүй тул төлбөрийн акт тавьсан шийдвэр нь үндэслэлгүй байна. Миний бие тус актыг хүлээн авч, төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй байгааг мэдэгдэн, дараагийн шатны арга хэмжээ авах эрхийг хүссэн албан тоот 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр аймгийн Аудитын газрын дарга тэргүүлэх аудитор Б.Болортуулд хүргүүлсэн. Албан бичгийн хариу аймгийн Аудитыг газраас 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр ирүүлж, үүнд “аймгийн Засаг даргын нөөцийн сангаас төрийн бус байгууллагын зохион байгуулсан арга хэмжээний зардал болох Улсын Их Хурлын гишүүдийн хоол, үйл ажиллагааны шагнал, бэлэг дурсгал, өргөмжлөл, пудволк, гэрийн түрээсийн үнэнд нийт 3.0 сая төгрөгийг зарцуулсан нь ажлын тайлан, баримтаар нотлогдож байна” хэмээн дурдсан байна. Тус төрийн бус байгууллагад 3.0 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн аймгийн Засаг даргын 2014 оны А/332 дугаар захирамжийн хавсралтаар баталсан зардлын тооцоо болон санхүүгийн тайланд хавсаргасан нийт зарлагын баримтаар Улсын Их Хурлын гишүүдийн хоол, үйл ажиллагааны шагнал, бэлэг дурсгал, өргөмжлөлд зориулсан зардал огт байхгүй бөгөөд баримтаар нотлогдоогүй асуудлыг нотолсон мэтээр мэдээлж албан бичиг ирүүлсэн байгаа нь төрийн аудитын хууль дээдлэх, шударга ёсыг хангах, ил тод, бодитой байх зарчимд нийцэхгүй үйлдэл байна хэмээн үзэж байна. Ардчилсан хүчний холбооны гүйцэтгэх захирал Б.Батхуягийн албан бичгийг судалж үзэхэд Улаанбаатар хотын Ардчилсан хүчний холбоо нь манай аймгаас дэмжлэг аваагүй гэсэн агуулга бүхий албан бичиг байна. Үүнийг хариуцагч тал төрийн мөнгийг хэсэг хүмүүс ашиглан шамшигдуулсан мэтээр тайлбарлаж байгаа нь буруу юм. Дэмжлэг үзүүлсэн 3.000.000 /гурван сая/ төгрөгийг Дорнод аймгийн Ардчилсан хүчний холбоо захиран зарцуулсан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна.

Иймд аймгийн Аудитын газрын 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 0295дор/2015/01/га дугаар төлбөрийн актыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч, Дорнод аймгийн Аудитын газрын дарга Б.Болортуулын шүүхэд гаргасан тайлбартаа: Захиргааны хэргийн шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж буй Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга нь албан тушаалтны хувьд хуулиар хүлээсэн эрх, үүргээ хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлаар Захиргааны хэргийн шүүхэд хандсан байх тул энэ тохиолдолд тэрээр Захиргааны хэргийн шүүхэд хандан нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд юм. Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1.5-д зааснаар шүүх уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үүрэгтэй. Төрийн аудитын байгууллагаас тавьсан акт шийдвэртэй холбогдуулан төрийн захиргааны байгууллага, түүний албан тушаалтанд шүүхэд хандан гомдол, нэхэмжлэл гаргах эрхийг түүнд хуулиар тусгайлан олгоогүй байна. Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга нь нэхэмжлэл гаргах хуулиар тогтоосон хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн.

2014 онд Засгийн газрын 147 дугаар тогтоол гарч улс орон даяар хэмнэлтийн горимд шилжсэн. Хурал зөвлөгөөний давтамжийг багасгаж онлайн хэлбэрээр явуулах талаар тодорхой тусгасан. Засаг даргын нөөцийн сангийн журамд гурван заалт бий. Төрийн бус байгууллагын үйл ажиллагааг дэмжих эрх нь байгаа ч цаг үеэ олоогүй, үр дүнгүй зарцуулалт хийсэн. Бэлэг дурсгалыг бол хориглочихсон байгаа сүүлд харахад пудволк 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр авчихсан байсан. Засаг даргын нөөцийн сангийн хөрөнгийг бэлэг дурсгалд зарцуулж болохгүй. Ардчилсан хүчний холбоо нь 3.000.000 /гурван сая/ төгрөг зарцуулсан харагдаад байна. Энэ мөнгийг зарцуулсан уу гээд Улаанбаатар хотод байдаг Ардчилсан хүчний холбоонд хандахад уг ажилд Дорнод аймгийн Тамгын газраас ямар нэгэн хөрөнгө зарцуулаагүй гэсэн. Ингээд дүгнэхэд төрийн мөнгийг Батчулуун хуурамч баримт бүрдүүлээд идчихсэн юм шиг харагдаж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дорнод аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 08 дугаар шийдвэрээр: Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29 дүгээр зүйлийн 29.1.6 ”а”, Төрийн бус байгууллагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3, Төрийн аудитын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж,  Дорнод аймгийн Аудитын газрын 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 02/95ДОР-2015/01-ГА дугаартай актыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 302 дугаар магадлалаар: Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 08 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын “Дорнод аймгийн Аудитын газрын 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 02/95ДОР-2015/01-ГА дугаар актыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга П.Бат-Өлзий хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Аймгийн Аудитын газар /Б.Болортуул/ хариуцагчтай, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 302 дугаар магадлалыг эс зөвшөөрч хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж байна.

Аймгийн хөгжлийн сан, аймгийн Засаг даргын нөөцийн сангийн 2014 оны зарцуулалтад хийсэн аудитаар Ардчилсан хүчний холбоонд Зүүн бүсийн чуулга уулзалт 3.000.000 сая төгрөг олгосон нь хууль зөрчсөн байна хэмээн Монгол улсын Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.12, 15.2 дахь заалт, Монгол улсын Ерөнхий аудиторын 2009 оны 47 дугаар тушаалаар батлагдсан "Төлбөрийн акт тавих, албан шаардлага өгөхөд баримтлах журам"-ыг үндэслэн 3.000.000 сая төгрөгийг төсөвт төвлөрүүлэхээр төлбөрийн акт тогтоосон.

Энэхүү төлбөр тогтоосон акт нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд захиргааны актын хувьд утга агуулгын илэрхий алдаатай, нотлогдоогүй баримтаар зөрчлийг тодорхойлон нотолсон мэтээр гаргасан акт байсан тул Захиргааны хэргийн анхан шатны шүүх тус маргааныг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж хариуцагчийн 0295дор-2015/01/га төлбөрийн актыг хүчингүй болгох 2016 оны 08 дугаар шийдвэрийг гаргасан. Энэхүү шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй.

Гэтэл захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх тус маргааныг хянан хэлэлцээд Дорнод аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар шийдвэрийг хүчингүй болгосон нь өөрөө хууль зүйн алдаатай бөгөөд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн.

1. Төрийн бус байгууллагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-д “төрийн байгууллага төрийн бус байгууллагын үйл ажиллагаанд санхүүгийн болон бусад хэлбэрийн дэмжлэг үзүүлж болох”-оор заасан боловч үүрэгжүүлсэн заалт бишээс гадна төсвийн нөхцөл хүндэрч, Засгийн газраас төсвийн хэмнэлтийн горимд шилжүүлсэн үед тодорхой нэг төрийн бус байгууллагын зохион байгуулж байгаа үйл ажиллагааг дэмжиж дэмжлэг үзүүлсэн нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1, 6.4.2 дахь зарчмуудыг зөрчиж, цаг үеийн шинжтэй зайлшгүй нөхцөл байдал бий болсон үед нөөц хөрөнгийг зарцуулах тухай "Засаг даргын нөөц хөрөнгийн зориулалт, зарцуулалтын нийтлэг журам"-ыг зөрчсөн гэж дурджээ. Аймгийн Засаг дарга нь харьяалах нутаг дэвсгэртээ төрийн удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий засаг төрийн төлөөлөгчийн хувьд нутаг дэвсгэрийн болоод ард иргэдийн эрх ашгийн төлөө төлөвлөгдөөгүй цаг үеийн шинжтэй буюу дээрх зардлыг журамд заасны дагуу Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэцүүлэн аймгийн Засаг даргын нөөцийн сангийн болзошгүй зардлаас гарган хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд төрийн бус байгууллагын үйл ажиллагааны зардалд дэмжлэг үзүүлсэн.

Монгол улсын Засгийн газрын 2014 оны "Төсвийн хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэмжээний тухай" 147 дугаар тогтоол, Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаалаар баталсан "Засаг даргын нөөцийн сангийн зориулалт, зарцуулалтын журам"-д аймгийн Засаг даргад үүрэгжүүлэн заасан заалт бүхий арга хэмжээнд дэмжлэг үзүүлнэ гэж заагаагүй байтал үүрэгжүүлээгүй заалтаар төрийн бус байгууллагад дэмжлэг үзүүлсэн нь хууль, журмыг зөрчиж байна хэмээн шүүх хуулийг буруу тайлбарлан магадлал гаргасан байна.

Мөн Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 /төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах/ төсвийн үндсэн зарчмын хэрэгжилтийг ханган ажилласан. Учир нь анх аймгийн Ардчилсан хүчний холбооны дэмжлэг хүссэн албан бичиг ирүүлэхдээ 4.500.000 төгрөгийн дэмжлэг үзүүлэхийг хүссэн боловч аймгийн Засаг дарга түүний Тамгын газрын зүгээс эдийн засгийн байдал хүндэрсэн төсвийн хэмнэлтийн горимд шилжсэнтэй холбогдуулан тус төсвийг хянаж 3.000.000 болгон хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд "Засаг даргын нөөц хөрөнгийн зориулалт зарцуулалтын нийтлэг журам"-д заасны дагуу тус төрийн бус байгууллагад дэмжлэг үзүүлсэн нь аймгийн Засаг даргын бүрэн эрх болоод хууль тогтоомжоор заасан төрийн чиг үүрэг буюу хууль ёсны үйл ажиллагаа юм. Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.3 /иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх боломжтой хөтөлбөр, арга хэмжээг тэдгээрээр гүйцэтгүүлэх чиглэл баримтлах/ гэсэн үндсэн зарчмыг хэрэгжүүлэн ажилласан үйл ажиллагаа буюу үйлдэл юм.

Тус зөвлөгөөнд газрын тосны хуулийн шинэчлэн найруулгын асуудал хариуцсан албаны хүмүүс оролцож байгаа тул тус хуулийн төсөлд газрын тосны баялаг бүхий Дорнод аймгийн иргэд, төрийн байгууллагын саналыг уламжлах нь зүй ёсны асуудал учир аймгийн төлөөлөл болон оролцож буй төрийн бус байгууллагад аймгийн Засаг дарга хууль тогтоомжоор олгосон бүрэн эрхийн хүрээнд дэмжлэг үзүүлсэн.

2.Аймгийн Аудитын газрын 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 0295дор-2015/01/га төлбөрийн акт нь утга агуулгын илэрхий алдаатай байхад шүүх тус актын хүчин төгөлдөр эсэх асуудалд дүгнэлт хийгээгүй.

Монгол улсын Ерөнхий аудиторын 2009 оны 47 дугаар тушаалаар батлагдсан "Төлбөрийн акт тавих, албан шаардлага өгөхөд баримтлах журам"-д төлбөрийн акт нь тэмдэглэх, тогтоох хэсгээс бүрдэнэ" гэж заасан бөгөөд тогтоох хэсэг нь тэмдэглэл хэсгийн мэдээллийн агуулгад тулгуурласан, харилцан уялдаа бүхий үндэслэл байх нь зүйн асуудал. Гэтэл аймгийн Аудитын газрын 0295дор-2015/01/га төлбөрийн актын тэмдэглэх хэсэгт: Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх заалт /Төсвийг үр ашигтай хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулах/, Засгийн газрын 2014 оны "Төсвийн хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэмжээний тухай" 147 дугаар тогтоолыг зөрчсөн байна хэмээн дурдсан байтал тогтоох хэсэгтээ "зориулалт бусаар зарцуулсан" хэмээн тодотгож 3.000.000 төгрөгийг төсөвт төвлөрүүлэхээр төлбөрийн акт тогтоосон.

Энэ нь актын талаарх ойлголтын зөрүүг бий болгох эрх зүйн үр дагавар үүсэж байгаа тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь заалт /Захиргааны актын аль нэг заалт илт хууль бус бөгөөд тухайн заалтгүйгээр захиргааны актын агуулга ойлгомжгүй болоход хүрвэл захиргааны актыг бүхэлд нь илт хууль бус гэж тооцно/ гэж заасны дагуу хууль бус гэж тооцож хүчингүй болгох үндэслэлтэй байна.

Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 302 дугаар магадлалыг хүчингүй болгон, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Дорнод аймгийн Аудитын газрын аудитын менежер Б.Дэлгэрмаа, аудитор Б.Одхүү нар Дорнод аймгийн Хөгжлийн сан, аймгийн Засаг даргын нөөц сангийн 2014 оны зарцуулалтад гүйцэтгэлийн аудит хийж, 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 02/95 ДОР-2015/01- ГА дугаартай актаар “...Ардчилсан хүчний холбоонд Зүүн бүсийн чуулга уулзалтын зардал болох 3 сая төгрөгийг олгосон нь Төсвийн тухай хуулийн 6.4.1..., Засгийн газрын 2014 оны ... 147 дугаар тогтоолын 6,7... /дахь/ заалтуудыг тус тус зөрчсөн” гэх үндэслэлээр “зориулалт бусаар зарцуулсан” 3 сая төгрөгийг төсөвт төвлөрүүлэхээр тогтоосон, Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга шүүхэд нэхэмжлэл гаргаж, “... 3 сая төгрөгийн ... дэмжлэг үзүүлсэн нь ... хууль зөрчөөгүй, ... мөнгийг зориулалт бусаар зарцуулаагүй” гэж, хариуцагч “... хууль зөрчсөн” гэж маргажээ.

Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан баримтуудаас үзвэл, Дорнод аймгийн Засаг даргын 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/332 дугаар захирамжаар “... “Монголоо хөгжүүлье” чуулган зохион байгуулж буй төрийн бус байгууллагын чуулганы үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, ...дэмжлэгт шаардагдах ... 3 сая төгрөгийг аймгийн Засаг даргын нөөц сангийн болзошгүй зардлаас гаргахыг Засаг даргын тамгын газрын дарга ...-д зөвшөөрч” шийдвэрлэсэн, уг 3 сая төгрөгийг  аймгийн Засаг даргын нөөц сангийн хөрөнгөнөөс гаргаж, “шатахуун, гэр түрээслэх, унаа хөлслөх, пудволк, лого хэвлүүлэх, анонс” зэрэгт зарцуулсан, нэхэмжлэгч, хариуцагч нар эдгээр үйл баримттай маргаагүй байна.

Төсвийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.19-д “Засаг даргын нөөц хөрөнгийн зориулалт, зарцуулалтын нийтлэг журмыг /Сангийн сайд/ тогтоох”-оор заасны дагуу Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаалаар батлагдсан “Засаг даргын нөөц хөрөнгийн зориулалт, зарцуулалтын нийтлэг журам”-ын 1.1-д “/Засаг даргын нөөц хөрөнгө нь/ урьдчлан төлөвлөх, нарийвчлан тооцож, төсөвт тусгах боломжгүй, тухайн төсвийн жилийн дундуур зайлшгүй санхүүжилт гаргах шаардлагатай зарим зардлыг санхүүжүүлэх болон ...Засаг даргад хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой цаг үеийн шинжтэй зарим арга хэмжээг санхүүжүүлэх”-ээр, 2.1-д “Засаг даргын нөөц хөрөнгийг 2.1.1... байгалийн гамшигт үзэгдэл тохиолдсон, нийтийг хамарсан ... осол гарсан үед..., 2.1.2 ... техникийн холбогдолтой томоохон осол гарсан үед түүний хохирлыг бууруулах, тархалтыг хязгаарлах, үр дагаварыг арилгах, 2.1.3... цаг үеийн шинжтэй зарим арга хэмжээг санхүүжүүлэх” зорилгоор Засаг даргын нөөц хөрөнгийг зарцуулахаар, мөн журмын 5.1-д “...журмын 2.1.1, 2.1.2 ...-т зааснаас бусад зориулалтаар ... зардал гаргах, ... зарцуулахыг хориглох”-оор тус тус заасан байна.

Түүнчлэн Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-д “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах”, 6.4.2-т “төрийн чиг үүрэгт хамаарахгүй хөтөлбөр, арга хэмжээг санхүүжүүлэхгүй байх” зарчмыг хуульчилсан, Засгийн газрын 2014 оны 147 дугаар тогтоолын 6-д “... төсвийн хөрөнгөөр ... аялал, зугаалга, ой тэмдэглэх арга хэмжээ,  урлагийн наадам, уралдаан тэмцээн зохион байгуулахгүй байх”, 7-д “хурал, сургалт, зөвлөлгөөний давтамжийг багасгах, зайлшгүй хийх тохиолдолд төлөөлөгчдийн тоог цөөн, оновчтой, богино хугацаанд хийхээр эсхүл цахим хэлбэрээр зохион байгуулах”-аар зааж, “...төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлсэн” байхад Дорнод аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс 3 сая төгрөг гаргаж, Ардчилсан хүчний холбоо төрийн бус байгууллагын Зүүн бүсийн чуулга уулзалтын зардалд “дэмжлэг үзүүлсэн” нь дээрх хууль, тогтоол, журамд нийцээгүй талаар давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Өөрөөр хэлбэл, Ардчилсан хүчний холбоо төрийн бус байгууллагын Зүүн бүсийн чуулга уулзалтыг Засаг даргын нөөц хөрөнгөнөөс санхүүжүүлэх “...төрийн чиг үүрэгт хамаарах, ... зайлшгүй санхүүжилт гаргах шаардлагатай, цаг үеийн арга хэмжээ” гэж үзэх боломжгүй, Засгийн газрын 2014 оны 147 дугаар тогтоолоор төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлсэн үед Засаг даргын нөөц хөрөнгөнөөс 3 сая төгрөгийг дээрх байдлаар зарцуулж, төрийн бус байгууллагын зохион байгуулсан арга хэмжээнд “дэмжлэг үзүүлсэн” нь “төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан” гэж үзэх үндэслэлтэй, Дорнод аймгийн Аудитын газрын 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 02/95 ДОР-2015/01-ГА дугаартай акт холбогдох хууль тогтоомжид нийцжээ.

Иймд, хариуцагчийн “...утга агуулгын илэрхий алдаатай, нотлогдоогүй баримтаар зөрчлийг тодорхойлон нотолсон мэтээр акт гаргасан”, “... /актын/ тэмдэглэх хэсэгт Төсвийн тухай хуулийн 6.4.1..., Засгийн газрын 147 дугаар тогтоол ...-ыг зөрчсөн гэж дурдсан атлаа тогтоох хэсэгтээ “зориулалт бусаар зарцуулсан” гэж тодотгосон” гэх хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Харин давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ магадлалын тогтоох хэсэгт холбогдох хуулийг баримтлаагүй байх тул магадлалд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай (2002) хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 302 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...шийдвэрийг хүчингүй болгож” гэсний дараа “...Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1, 6.4.2, 11 дүгээр зүйлийн 11.1.19-д заасныг тус тус баримтлан” гэж нэмэн, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар  хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                          Д.МӨНХТУЯА