Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 165

 

    Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

улсын яллагч Д.Ганчимэг

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Х..........а, түүний өмгөөлөгч Н.Жавзандолгор (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0205)

шүүгдэгч Ц.А...........л, түүний өмгөөлөгч Э.Ганбат (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0362)

гэрч Д.Наранмандах,

шинжээч Ц.Ганболд, М.Алтанхүү, Б.С................л нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Галт овогт Ц...........нгийн А...........лыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 2017 1190 0232 дугаартай, 3 хавтаст хэргийг 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Галт овогт Ц...........нгийн А...........л, Монгол Улсын иргэн, Ховд аймгийн Булган суманд 1966 оны 01 дүгээр сарын 19-ний төрсөн, эмэгтэй, 52 настай, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, .........................

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Шүүгдэгч Ц.А...........л нь Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах тус дүүргийн .................. жижүүр эмчээр ажиллах үедээ буюу 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 20 цаг 40 минутад иргэн Х.А..........дийн биед үзлэг хийхдээ хүүхдийн биеийн байдлыг ирэх үед нь дутуу үнэлснээс эмнэлгийн тусламж үйлчилгээ оройтуулж Эрүүл мэндийн сайдын 2012 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 375 тоот бөгөөд “Өвчтөн, үйлчлүүлэгчид үзүүлэх тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулья”, “Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн талаар авах зарим арга хэмжээний тухай” тушаалын 5 дугаар хавсралтын “Төв эмнэлэг, Төрөлжсөн мэргэжлийн төв, Бүсийн оношлогоо, эмчилгээний төв, Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасаг, нэгжийн ажиллах үргэлжилсэн журам”-ын 3.11 дэх заалтад: “Халдварт өвчин гэж сэжиглэсэн, оношилсон тохиолдолд үйлчлүүлэгчийг тусгаарлах өрөөнд тусгаарлаж, голомтын анхны арга хэмжээг авах ба холбогдох байгууллагад халдварт өвчнийг мэдээлэх хуудасны дагуу мэдээлж, халдвартын мэргэжлийн эмнэлэг, тасагт шилжүүлнэ” гэсэн заалтаар үйлчлүүлэгч Х.А..........дийг Халдварт өвчин судлалын үндэсний төвд шилжүүлэхдээ “Халдварт өвчнийг мэдээлэх хуудас”-ын дагуу мэдээлээгүй, мөн журмын 3.12 дахь заалтад заасан: “Үйлчлүүлэгчийг өөр эмнэлэгт шилжүүлэх асуудлыг дор дурьдсан зарчмаар шилжүүлнэ. Үүнд 3.12.1-д оношийг их эмчийн үзлэг, лабораторийн болон багажийн шинжилгээгээр баталгаажуулан, шилжүүлэх асуудлаар холбогдох эмнэлэг, нарийн мэргэжлийн эмчтэй урьдчилан зөвшилцөнө. 3.12.2-т Шилжүүлэхэд хүлээлгэн өгч буй эмнэлгийн эмч “Эмч дуудах хуудас”, “Яаралтай тусламжийн дуудлагын хуудас-ыг хөтлөн, хүлээн авч буй эмнэлгийн эмч нар гарын үсэг зурж баталгаажуулна” гэсэн заалтаас үйлчлүүлэгчийг илгээж буй тухайгаа ХӨСҮТөв рүү урьдчилан яриагүй. 3.13 дахь заалтад “Үйлчлүүлэгчийг нэг эмнэлгээс өөр эмнэлэгт шилжүүлэх тохиолдолд эмнэлгийн унаагаар үйлчилнэ” гэсэн заалтыг зөрчин халдвартын түргэний /100 дуудаж/ тэргээр шилжүүлээгүй зэрэг байдлаар эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч Х.А..........дийн биеийн байдал хүндэрч нас барсан гэмт хэрэгт холбогджээ.

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч, гэрч, шинжээч нар мэдүүлэхдээ:

1. Шүүгдэгч Ц.А...........лын өгсөн: “...Манай эмнэлэг 165 ортой. Жижүүр эмчээр 2 эмч хонож ажилладаг. Нэгдүгээр эмч нь эрчимт эмчилгээ болон нэгдүгээр тасгийг, хоёрдугаар эмч нь хоёрдугаар тасгаа хариуцаж ажилладаг. Гэхдээ хүлээн авахаар ирж байгаа өвчтөнөө 2 эмч үзэх үүрэгтэй ба 3 цагаар ээлжилж нэг нь тасагт, нөгөө нь хүлээн авахад сууж өвчтөн үзэх зохион байгуулалттай ажилладаг. Манай эмнэлэг 165 ортой боловч тухайн үед 195 хүүхэд, эрчимт эмчилгээнд 7 хүүхэд хэвтэн эмчлүүлж байсан. Тухайн үед би эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн төвд үзлэг хийж ажиллаж байсан. Ажлын 8 цаг дуусаад жижүүр эмч 16 цаг 30 минутаас ажлаа хүлээж авдаг. Надтай хамт гарч байсан Э...............а эмч 16:30-19:30 цагийн хооронд, би 19:30-22:30 цагийн хооронд хүлээн авах дээр сууж ажиллахаар үүргээ гүйцэтгэж байсан. Тухайн өдөр хүлээн авах тасаг ачаалал ихтэй 16:30-00:30 цагийн хооронд нийт 67 хүүхэд үзүүлсэн. Манай эмнэлэг тусгаарлах 2 өрөөтэй. Уг хоёр өрөөнд 5 хүүхэд хэвтэж эмчлүүлэх ортой байсан ч тухайн үед 7 хүүхэд хэвтэж байсан. Яаралтай тусламжийн хүүхэд ирдэг тул нэг өрөөг нь яаралтай тусламжийн хүүхэд хүлээж авахаар ашиглаж байсан. Тухайн өдөр  үзүүлэх хүүхэд маш их байсан. Хүлээлгийн өрөөнд 6, 7 эх хүүхдээ тэврээд зогсож байсан. Үзүүлэх хүүхэд болгон маш өндөр халуунтай орж ирдэг. Тусгаарлах 1 өрөө нь 1 ортой байсан. Нэг оронд нэг хүүхэд авна гэж байхгүй. Хүүхдийг ээжид нь тэврүүлээд нэг оронд 4, 5 хүүхэд авч хөшгөөр тусгаарладаг. Тухайн үед би ажлаа аваад хүүхэд үзээд өвчтөний түүх нээгээд сууж байсан. Гаднаас ээж нь 3 хүүхдээ дагуулж орж ирсэн. Өвчтөнд өвчтөний түүх нээх ажлаа түр орхиод тухайн орж ирсэн ээжээс “яасан хүүхдүүд бэ?” гэж асуухад “манай 3 хүүхэд ойр ойрхон хүндрээд байна” гэж хэлсэн. Өтгөн нь ямар гарч байна гэж лавлаж асуугаад эхний оношийг дизентерия буюу цусан суулга гэж оношилсон. Тухайн хүүхдүүдийн амин үзүүлэлтүүдийг нь үзсэн. Аминд аюултай зүйл байгаагүй тул өтгөнийг нь үзье гэсэн. Өтгөнийг нь үзэхэд хүүхдийн суултуурт хүндрэхээр шингэнтэйгээ холилдоод өтгөний өнгө өөрчлөгддөг тул гялгар уутанд өтгөнийг нь гаргаж харъя, хүүхдэд хангалттай хорсол найруулж өгөөрэй гэж хэлсэн. Учир нь хүүхэд өөрөө шингэн ууж чадахаар байсан. Би 19:30-22:30 цаг хүртэл суудлаасаа босолгүй хүүхэд үзсэн. Тэгсэн нөгөө эх манай хүүхэд өтгөнөө гаргачихлаа гэхээр нь өтгөнийг нь үзсэн чинь дизентерия өвчин байсан. Энэ бол халдварт өвчин, манай эмнэлэгт эмчлэгдэхгүй боломжгүй эхээс “өөрсдөө халдварын эмнэлэг явах боломжтой юу, та нар унаатай юу” гэж асуусан чинь “унаатай” гэхээр нь би бичгийг нь бичээд өгье, Халдвартын эмнэлэг явах шаардлагатай хүүхэд байна гэж хэлсэн. Асрагчдаа энэ хоёр хүүхдэд тусламжийн хүүхдийн живх өмсгөөд явуулаарай гэж хэлээд бичиг үйлдээд эхэд нь өгөхөд эх өрөөний дотор талын хаалгыг хаагаад буцаж эргээд “эмчээ би маргааш явж болох уу” гэхээр нь “юу гэсэн үг вэ?, хугацаа алдаж болохгүй, одоо Халдвартын эмнэлэг яв” гэж хэлэхэд эх “за эмчээ” гээд гарсан. Хүлээн авахад ажиллаж байхдаа тасралтгүй хүүхэд үзэж, өвчний түүх нээж суусан. Хүүхэд үзэж оношийг тавихдаа асуумж, бодит үзлэг, бактерлоги шинжилгээгээр үздэг. Асуумж, бодит үзлэгээр оношоо тависан. Манайх бактерлоги шинжилгээ хийгдэггүй. Бактерлоги шинжилгээ хийлгэхээр 2-3 хонож хариу гардаг. Улсын хэмжээнд 100-гийн машин нэг л явдаг. Манай эмнэлэгт дизентерия өвчтэй хүүхэд өдөр 3-4 удаа ирдэг. 100 дуудахад хүндрэлтэй байдаг. Тухайн үед олон хүүхдэд халдвар тархах эрсдлийг нь бодсон. Мөн хамгийн гол нь хугацаа хожих гэж ээжтэй нь ярилцаад эх нь өөрсдөө унаагаар Халдвартын эмнэлэг явахаар тохиролцсон. Эхтэй нь ямар нэгэн үл ойлголцол үүсээгүй эх нь “за эмчээ” гээд гараад явсан ...” гэх мэдүүлэг.

2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Х..........агийн өгсөн: “...Манай хүүхэд 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 16 цагийн үед сургуулийн хоолноос хордсон байдаг. 4 дүгээр сарын 10-ны шөнө нь манай эхнэр рүү утсаар залгаж хордсон талаар мэдэгдсэн байдаг. Сургуулийн эмч ажлын 8 цагаар ажилладаг сургуулийн эмч хүүхдийг маань үзээд хорсол найруулж өгчөөд явсан гэсэн. Би хөдөө мал дээрээ байсан. Манай эхнэр рүү 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр залгахад нь Улаанбаатар хотод байсан болохоор очиж чадаагүй. 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хот руу явуулчих гээд төмөр замын унаагаар хүүхдүүдийг маань Улаанбаатар хот руу явуулсан байсан. Батсоёл эмчийг шалгадаг газраар нь шалгасан байх. Ээж нь такси бариад тосож аваад гэрээрээ оролгүй 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр эмнэлэгт ирээд хүүхэд маань эмнэлгийн тусламж үйлчилгээг гүйцэд авч чадаагүй. Одоо хүнээрээ хохирсон маш их гомдолтой байна. Хохиролд 320.444.000 төгрөг нэхэмжилж байна. Оршуулгын зардалд баримт бүрдүүлээгүй тухайн үед буяны ажил явагдахад 11.700.960 төгрөг, сэтгэл санааны хохиролд 300.000.000 төгрөг, талийгаачийг нас барсны нэг жилийн ойн дээр хүнс 1.917.600 төгрөг, зэд 1.432.500 төгрөг, хөшөөны 110.000 төгрөг, эсгий хайрцаг нийт 483.000 төгрөг орсон. Хууль зүйн туслалцааны 4.500.000 төгрөгийн гэрээ байгуулсан үүнээс 1.000.000 төгрөг нь төлөгдсөн. Өмгөөллийн хөлсийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлд  зааснаар нэхэмжилж байгаа... “гэх мэдүүлэг.

3. Гэрч Д.Н................хын өгсөн: “...Манай хүүхдүүд Б................р сумаас ирэхдээ...Бие нь муу байсан...20 цагт үзүүлэхэд хорсол уулгаад баасыг нь харна гэсэн...тэгээд өтгөнийг нь үзүүлэхэд 23 цаг болж байсан. Надад бичиг өгөөд халдварт яваарай гэж хэлсэн. Би тухайн үед амь насанд нь аюултай гэж бодоогүй. Надад машин байгаагүй, шүүгдэгч Ц.А...........л эмч надаас машинтай юу гэж асуугаагүй...23:20 цаг болж байхад би эмнэлэгт байсан...Талийгаач өмдөндөө баасан байсан болохоор би эмнэлгээс такси бариад гэртээ очоод баасыг нь цэвэрлээд гарах хооронд талийгаач татаж эхэлсэн...Тангараг өргөсөн эмч миний хүүхэд ямар нэг эмчилгээ хийсэн бол амьд байсан байх, ямар ч эмчилгээ хийлгээгүй...Эмнэлэг рүү ороод тор, нэг удаагийн аяга авчир гэж хэлсэн. Тухайн үед хорсол уусан. Өөр эм тариа хэрэглээгүй...Надад цаас өгсөн. Халдварт яв гэсэн, яг одоо яв гэж хэлээгүй, би өрөө лавлаж асуухад одоо яв гэж хэлсэн...Надад хүүхдийн өвчний талаар аюултай... гэж хэлээгүй. Хэлсэн бол хүүхэд маань өмдөндөө баасан нь хамаагүй шууд эмнэлэг явах байсан...Тусгаарлах өрөөнд...Бид нарыг оруулаагүй... 4 дүгээр сарын 10-ны орой дунд хүүгийн маань ангийн багш нь яриад гүүлгэж байна гэж хэлсэн... Тухайн үед олон гүйлгэсэн гэж хэлээгүй. Гүйлгэсэн эмч дуудаж үзүүлсэн гэж хэлсэн ...Бичгийн цаасан дээр бичиг байсан. Үүнийг аваад халдварт яв гэж хэлсэн...Халдварт явах юм байна гэж бодсон ...Эмнэлэгт хэвтэхэд шаардлагатай зүйлийг авъя гэж бодсон. Манай 3 хүүхэд өмдөндөө баасан байсан...Эмнэлгээс гараад явж байхдаа өмдөндөө баасныг мэдсэн...Хүүхдийн бөгсийг нь угаахад толгой өвдөөд байна ээж ээ гэж хэлж байсан...Гэртээ ороод гарсан. Манай хоёр том хүү гэртээ байсан. Би эмнэлгээс гарахдаа жаахан бантан хийчих гэж хэлсэн гэрт ороход бантан бэлэн болсон байсан...” гэх мэдүүлэг.

4. Шинжээч Б.С................лын өгсөн: “...Халдварт өвчин салбар зөвлөл 9 хүний гишүүнтэй байдаг. Халдвартын нарийн бичигийн дарга Мө....цэг гэх хүнээр цохиулаад дарга нь Ба.....үү гэх хүн байдаг. Энэ хоёр шийдвэр гаргадаг. Халдвартаас С................л эмч, Алтанхүү доктор, Чинбаяр нарыг, дотрын эмч, мөн Б................а гэх нийт 5 эмчийн бүрэлдэхүүнтэй томилсон байдаг. Бид энэ хавтас хэрэгт удаан ажилласан. Ганцан энэ хүүхэд биш олон удаа Б................р суманд дараа нь ч олон хүүхэд хордсон байсан. Санал нэгтэйгээр дүгнэлтийг гаргасан...Шүүгдэгч хохирогч нарын танихгүй. Хавтас хэрэгт үндэслэж дүгнэлт гаргасан. Хүүхэд анхнаасаа хүнд өвчилсөн байсан. Тухайн өвдсөн өдрөө толгой өвдөөд байна гээд ангийн багшид хэлсэн байсан. Сумын эмчтэй холбогдож чадаагүй. Сургуулийн эмч бага эмч байсан хордлого тайлах халуун буруулах эмчилгээг хийсэн байсан. 2 ах нь суулгалттай бөөлжилттэй байсан. Энэ хүүхдээс гадна сумын эмнэлэгт 9 хүүхэд өвдсөн байсан. Сургуулийн эмчийн  хяналтад 7 хүүхэд байсан. Халдварт өвчин буюу ком, цахилгаан менингет зэрэг нь хэдхэн цагийн хооронд хүндэрч нас барах боломжтой. Цусан суулга өвчин нь хүндрэх, хүндээр өвдөх боломжтой. Суулгалтын эсрэг, шингэн алдалтын эсрэг эмчилгээ хийдэг... Тухайн хүүхэд Ц.А...........л эмчид үзүүлэхдээ амин үзүүлэлт С үнэлгээтэй буюу тогтвортой байсан тул шингэн уулгасан байх. Хэрвээ амин үзүүлэлт буувал шингэн заалгах байсан байх. Халдвартын түргэн хүлээхгүйгээр тухайн эмнэлэг маань түргэнтэй. Нэг эмчээс нөгөө эмчид шилжүүлэхгүйгээр өөр дээрээ авч, эмнэлгийнхээ өрөө тасалгаагаа зохицуулаад өвчтөнөө авч эмчилж болох юм. Яаралтай тусламжийн хүүхдийг тусгаарлах, шилжүүлэх заалт байдаг... Хүүхдийн маань хувьд өвчин хүндрэх шалтгаан байсан. Сүръеэ булчирхай томтой хүүхэд байсан. Сүрьеэ булчирхай томтой хүн нэг тариа хийхэд цочролт өгөөд нас барсан тохиолдлууд байдаг. Сүрьеэ булчирхай томтой байсан учраас бусад хүүхдээс илүү хүнд өвдсөн байж болох юм. 2 дахь удаагаа манай эмнэлэгт таталттай ирсэн бол амь насыг нь аврах боломжгүй байсан... Халдварт өвчин гэж оношилсон бол тусгаарлана гэсэн заалт байгаа. Амин үзүүлтээ үзээд яаралтай эмчилгээ хийнэ. Халдвартын эмчид мэдээлье, түргэнээр хүргүүлье гэж байдаг. Дүүргийн эмнэлэгт түргэн байдаг байх...” гэх мэдүүлэг

            5. Шинжээч М.Алтанхүүгийн өгсөн: “......Эмч нэг өвчтөнийг 20 минут үзнэ гэсэн олон улсын стандарт байдаг. Би хавтас хэрэгтэй танилцахад 20:40 цагт үзээд оношлоод явуулсан бичиг өгөөд явуулсан байна гэж танилцсан...Цаг хугацааны хувьд бактерлоги шинжлэгээ 72 цагийн дотор гардаг ...Хүүдийн амь нас эрдсэнд харамсаж байна. Халдварт өвчин гэж оношилж сэжиглэсэн тохиолдолд эмч халдвартын эмч дуудна гэсэн заалт байдаг ...Хүүхдийн өөрийн биеийн онцлог. Би хүүхдийг аврах ёстой байсан аврах ёсгүй байсан гэдгийг хэлж чадахгүй. Тухайн өвчний хувьд авах ёстой арга хэмжээг шат шатанд зөв авсан уу гэдэгт хариулах боломжтой. Тэнд очиход аврагдах боломжтой, энд ирвэл аврах боломжгүй гэж онолын хувьд хариулах боломжтой...Тохиолдол болгон өөр байдаг...Ходоод эмгэг орлоо гэхэд ходоодноос цусанд, дараа нь бүх биед тархана. Ямар  нэгэн байдлаар багаасаа эхлээд процесс явагдаж байсан...Гэдэсний хурц цочмог халдвар. Хооллолтоос үүссэн халдварыг анхны урьдчилсан байдлаар оношийг тавих боломжтой. Клиник урьдчилсан байдлаар оношийг тавидаг. 2, 3 дугаар шатлалын эмнэлэг дээр нарийн оношийг тавих боломжтой...Талийгаач сүүлд эмнэлэгт ирэхэд нь амь насыг нь аврах боломж маш бага, эхний үед амь насыг нь аврах боломж өндөр байсан...Гаргасан дүгнэлтээ дэмжиж байна...” гэх мэдүүлэг.

6. Шинжээч Ц.Ганболдын өгсөн: “...Эхлээд үзүүлчихээд богинохон хугацаанд амин үзүүлтүүд муудсан байдаг. Халдварт өвчний нууц үе, эд үе байдаг. Халдварт өвчнийг нууц үе, эд үед нь арга хэмжээ авахгүй бол эрүүл мэнд амь нас эрсдэх байдаг. Ийм богинохон хугацаанд хүүхэд хүндрээд ирнэ гэдэг цаг хугацаа алдсан байх, биеийн байдлыг үнэлж чадаагүй байна гэж үзсэн. Цогцост задлан шинжилгээгээр талийгаач өөр шалтгаанаар бус халдварт өвчин хүндрээд нас барсан байсан... Яаралтай тусламжийн хуудас, ангилана. Ангилна гэдэг нь зөвөлгөөд зармыг нь гэрт нь буцаана. Шаардлагатай бол эмчилгээ хийнэ. Сонгинохайрхан дүүрэг хүн ам ихтэй, хүүхдүүдээ үзүүлэх гэж байхад эмч гараад өөр хүн үзэх боломжгүй, орж ирсэн хүнээ үзнэ. Бүгдээрээ хүүхдээ үзүүлэх гэж байхад гараад аль нэгийг нь сонгоод үзэх боломж муутай...Халдвар өвчин нь анх нууц үеэс ил үе хүртэл, эрхтэн системд нь өөрчлөлд гарч эхэлдэг тул анх Сонгинохайрхан дүүргийн эмнэлэг дээр ирэхдээ олон эрхтний өөрчлөлт гарсан ирсэн байсан...Монгол улсад 1, 2, 3 дугаар шатлалын эмнэлэг байдаг. Халдварт өвчин судлалын эмч нар энэ мэргэжлээрээ маш олон жил мэргэшиж ажилласан байгаа. Халдварт өвчин бол халдварын эмнэлэгт хэвтэнэ. Сэжигтэй тохиолдолд өөр зэрэглэлийн эмнэлэг авч болно. Дүүргийн эмнэлэг хэвтүүлж эмчлүүлэх чиг үүрэггүй. Хэвтэх бичиг хийж өгсөн нь зөв үү...Дизентерия гэж оношилсон нь бактерлоги шинжилгээгээр батлагдсан...Прокурорын шинжээч томиолсон тогтоолын 2.5-д эмч Ц.А...........л нь ямар заалтыг зөрсөн эсэхийг тодорхой тусгах гэж асуусан байгаа тул асуултан хариулсан...Энэ тохиолдлоос бага  эд эсийн өөрчлөлтэй тохиолдолд нас барсан байдаг. Халдварт өвчин судлалын төвд очиход100 хувь амь насыг нь дэмжих боломжтой эмгэг өвчин гэж хэлж чадахгүй. Тухайн хүүхэд сүрье булчирхай нь том, тунгалагийн булчирхайтай, уушгиндаа суурь сүрьетэй хүүхэд байсан...Үхэлд хүргэхэд нөлөөлөх нэг хүчин зүйл болох боломжтой гэж дүгнэлт гаргасан байгаа ...Хүүхдийн халдварт өвчин элбэг байдаг.  Халдвартын эмч нар хүүхдийн эмч нар. Халдвартын эмч  нар ажил үүргийн хувиараар ихэвчлэн хүүхэдтэй их харьцдаг тул өөрсдөө хангана. Хүүхдийн зүрх судасны эмч Б................а оролцсон...Аливаа халдварт өвчний хувьд эрт эмчилгээ эхэлсэн бол амь насыг нь аврах боломжтой байсан...” гэх мэдүүлэг.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

1. Насанд хүрээгүй хохирогч Х.А................нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн... маргааш нь үүрээр халуураад өглөө нь бөөлжиж эхэлсэн юм. Мөн доошоо ганц нэг удаа шингэн гүйлгэсэн. Тэгээд ах дүү нарынхаа хамт Улаанбаатар хот руу вагоноор явахаар болоод...хотод 16 цаг өнгөрч байхад ирсэн. Вагон дотор Амартайван, А..........д бид нар халуураад доошоо гүйлгэж байгаад ирсэн. Сонгинохайрхан дүүргийн хүүхдийн эмнэлэгт 17 цагийн үед очоод 2 цаг гаран хүлээж байгаад үзүүлсэн тэр хооронд бид нар бүгдээрээ өмдөндөө шингэн алдсан...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 198-199),

2. Гэрч Д.Н................хын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 4 дүгээр сарын 11-ний орой хүү Х.А................нгийн ангийн багш залгаад “...Х.А..........д нэлээн халуунтай байна. Сургуулийн эмч дуудаад тариа хийлгэсэн, одоо гайгүй байх, өглөө биеийн байдлыг нь үзээд таньд хэлье” гэсэн. Тэгээд маргааш нь өглөө над руу залгаад “...Х.А..........д, Х.А................н, Х.А................н нар бүгд өвдсөн байна...” гэж хэлсэн. Тэгээд манай гурван хүү Б................рээс вагонд суугаад 16:15 минутад Улаанбаатарт ирээд 16:30 минутын орчим гэртээ ирсэн. Тэгээд ....би хүүхдүүдээ аваад Сонгинохайрхан дүүргийн хүүхдийн эмнэлэг рүү такси бариад 17:30 минутын орчим очсон. Тэгээд...2-3 цаг нэлээн удаан оочирлож байгаад хүүхдүүдээ үзүүлэхэд “халимаг үстэй А...........л гэх эмч манай гурван хүүхдэд хорсол уулгаад цаанаа суулгасан. ...Тэгээд манай хүүхдүүдийн хоёр ч баасыг үзээд “та нар халдварт луу яв” гэж бичиг хийж өгсөн. Тэр үед цаг 23:40 минут болж байсан. Эмнэлгээс гараад замдаа 2 том бандитайгаа яриад Х.А..........д, Х.А................н, Х.А................н нарын хувцсыг нь бэлдүүлсэн. Тэгээд гэртээ ороход манай хүүхдүүд өмдөндөө баасан байсан учир цэвэрлэсэн... 00 цагийн орчим Х.А..........дийн гар нь татахаар нь шууд хөнжилд ороогоод хамгийн ойрхоноор нь өмнө үзүүлсэн эмнэлэг рүү явсан. ...Миний хүү яаралтай түргэн тусламжийн өрөөнд эмнэлгийн тусламж авч байхдаа өнгөрсөн. Тухайн үед А...........л эмч өөрөө үзэж байсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 182-183),

3. Насанд хүрээгүй гэрч Х.А................нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...А..........дын бие өвдөөд тэгээд ээж, өвөөг дуудаад А..........дыг аваад эмнэлэг рүү явсан удалгүй ээж буцаж ирээд Амартайван бид хоёрыг аваад Сонгинохайрхан дүүргийн эмнэлэг дээр дахиж очоод эмчилгээ хийлгэсэн. Тэгээд маргааш нь Халдвартын эмнэлэгт өглөө 10 цагийн үед эмнэлгийн машинаар ирж хэвтсэн...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 198-199),

4. Гэрч Ж.Д...............вын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...орой 22-23 цагийн орчим...охин Н................х над руу утасдаад “...хүүхдүүдийн бие тааруу байна...Сонгинохайрхан дүүргийн Хүүхдийн эмнэлэгт үзүүлэхэд Халдвартын эмнэлэг рүү яв гэсэн. Та хурдан хүрээд ирээч...” гэж хэлсэн. ...Тэгээд намайг яваад очиход Н................х эмнэлэгт хэвтэнэ гээд хүүхдүүдийнхээ хувцас хунар, эмнэлэгт хэвтэх зүйлсийг бэлдчихээд... байтал А..........д таталт өгөхөөр нь сандраад хамгийн ойрын эмнэлэг болохоор нь Сонгинохайрхан дүүргийн Хүүхдийн .................. хүргэж ирсэн...Намайг охиныдоо очиход...талийгаачийн бие их сул, үлбэгэр байсан, аваад явах гэж байтал таталт өгсөн...” гэх мэдүүлэг (3 хавтаст хэргийн 51-53),

5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Х..........агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 4 дүгээр сарын 11-ний өглөө...манай эхнэртэй Б................р сумын сургуулийн багш Ар....эл утсаар яриад “танай 3 хүүхдийн чинь биеийн байдал, гурвуулаа халуунтай, халууныг нь үзэхэд 39.5 хүрч хүнд байна, сургуулийн эмч үзээд хоолны хордлогонд орсон” байна гэж хэлсэн байсан. ...тэгээд эхнэр Н................х руу утасдаж асуухад “...гэдэсний өвчин эдгээх...эм, тариа авсан гэж ярьсан. Тэгээд дараа нь 20:00 цагийн үед утасдаж асуухад “Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг дээр байна энд оочир ихтэй байна, ямар ч байсан үзүүлчихээд харина” гэж хэлсэн. Би 21 цагийн үед утасдаж асуухад эхнэр “Сонгинохайрхан дүүргийн эмнэлгийн эмч нь үзлээ 3 хүүхдийг баалгаж үзээд “Дизентрий” байна. Халдвартад хэвтэх шаардлагатай, манайх хэвтүүлэхгүй, халдвартын эмнэлэгт очихоор...хүүхдийг чинь хөнгөн гээд буцаана, тэндээ сууж байгаад хэвтээрэй. Буцаж ирвэл манайх эмнэлэг авахгүй шүү” гэж хэлсэн байсан. Тэгээд манай эхнэр гэрлүүгээ яваад 3 хүүхдийнхээ бөгсийг нь угааж баас, шээсийг нь цэвэрлээд, өмд хувцсыг нь солиод бантан хийж өгөхөд А................нгийн бие нь муудаад нүд, ам сонин болоод татах гээд байсан тул эхнэр хадам аав Д...............выг Сонсголонгоос дуудаад шууд хамгийн ойр байрлах Сонгинохайрхан дүүргийн эмнэлэгт очиж үзүүлэхэд А................н замдаа татаж байгаад гар, хөлийг нь бариад байсан чинь гайгүй болсон гэсэн, тэр үед А..........д таталт өгөөд эмнэлэгт ороод шууд амьсгалын аппарат залгуулсан чинь гайгүй болсон. Тэгээд зүрхний бичлэг хийж байх үед дахин таталт өгөөд...2 удаа ихэр татаад нас барсан гэж манай эхнэр хэлсэн. ...Сонгинохайрхан дүүргийн эмнэлэгт...гомдолтой байна... ” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 122-123),

“...хөшөөнд 110.000 төгрөг, эсгий хайрцаг 483.000 төгрөг, дотуур байрны хүүхдэд буян гээд өгөхөд 1.917.600 төгрөг, бусад хүмүүст зэд өгөхөд 1.432.500 төгрөгний зардал гарсан. Үүнтэй холбоотой баримтыг гаргаж өгч хавтаст хэрэгт хавсаргуулсан байгаа. Ажил явдлын үеэр болон 21, 49 хоногуудад буян хураахад 11.700.960 төгрөгний, ....өмгөөлөгч 4.500.000 төгрөгөөр, ....Сэтгэл санааны хохирол 300.000.000 төгрөг нэхэмжилж байна. Нийт 320.144.060 төгрөг болж байна...хүүгээ алдсандаа их гомдолтой байна...” гэх мэдүүлэг (3 хавтаст хэргийн 118-119),

6. Гэрч О.Э...............агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр би ээлжинд гарч байхад 00 цаг өнгөрч байхад хүлээн авахын яаралтай тусламжийн тасагт Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо Малчины 2 дугаар гудамжны 147б тоотод оршин суух хаягтай Х.А..........д 8 настай эрэгтэй хүүхдийг гэртээ татсан гээд ээж нь хөнжилд ороосон байдалтай авч ирсэн. Тэгээд үзэхэд хүүхдийн биеийн байдал хүнд, ухаантай, 2 гар чичирхийлсэн хөнгөн хэлбэрийн таталттай...зүрхний цохилт нь 1 минутад 101 удаа, халуун нь 38, амьсгал нь 1 минутад 24 удаа хэм нь жигд, захын судасны хүчдэл дүүргэлт дунд зэрэг, хэвлийн зүүн доод хэсгээр тэмтэрэхэд эмзэглэлтэй, уушиг, зүрхийг чагнаж үзэхэд онцгой мэдэгдэх эмгэг зүйлгүй байсан. ...Тэгээд хэсэг хугацааны дараа би сувилагчид Х.А..........дийн амин үзүүлэлтийг дахин үз гэж хэлээд үзүүлэхэд хүчил төрөгчийн ханамж 93, пүлс 133 гэж хэлсэн. Тэгэхээр нь яагаад түрүүнийхээсээ ихсэж байна гээд өөрөө очоод үзэхэд царай нь муудсан, шаргалтаж цонхийсон, зүрх нь дэлссэн байдалтай, амьсгалын хэм нь хэвийн бус харагдахаар нь А...........л эмчийг дуудуулаад хүүхдэд амьсгалын замыг чөлөөлж зүрхэнд нь массаж хийгээд, судсаар Декасаметазон, Витамин С, Рингер залга гэж хэлээд, тэр хооронд хүүхдийн амьсгал хурдан өөрчлөгдөж зүрхний ажиллагаа сулрахаар нь хажуугийн эрчимт эмчилгээний өөрөө рүү шилжүүлээд амьсгал, зүрх дэмжих тариануудыг...хийхэд үр дүн өгөөгүй 01 цаг орчмын үед нас барсан. ...Х.А..........дийг урьдчилсан байдлаар гэдэсний халдварт суулгалт өвчнөөр нас барсан гэж оношилсон. ...тухайн өдрийн 20 цагийн үед талийгаачийг ах, дүү нарынхаа хамт ирж үзүүлэхэд нь А...........л эмч үзээд Халдвартын эмнэлэгт очиж үзүүлэхийн зөвлөөд яаралтайгаар бичиг хийж өгсөн байсан. Тэгээд өөрсдөө явалгүй гэртээ очоод хүүхдийнхээ хувцас хунарыг угааж цэвэрлэж байтал талийгаачийг муудаж эхэлсэн талаар хэлээд...тэврээд ирсэн....” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 175-177), 

7. Яаралтай тусламж үйлчилгээний хуудаст “...СХДНЭ...Х.А..........д...2017 оны 4 сарын 11-ний өдөр 20 цаг 40 минутад үзэж 20 цаг 50 минутад дууссан. Шинжилгээ “Дизентери” Халдварт өвчин судлалын үндэсний төв....” гэх баримт (2 хавтаст хэргийн 18),

- Яаралтай тусламж үйлчилгээний хуудаст “...СХДНЭ...Х.А..........д...2017 оны 4 сарын 12-ны өдөр 00 цаг 10 минутад үзэж эхэлсэн....” гэх баримт (2 хавтаст хэргийн 95),

8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн шинжээчийн 90 дүгээр дүгнэлтэд “...Шүүх эмнэлгийн онош: Хоолны хурц хордлого: Нянгийн гаралтай E.coli O157:Н7, Shigella spp/flex-н үүсгэгдсэн хоолны хордлого: уушиг, элэг, бөөр, зүрх, нойр булчирхай, нарийн гэдэс, ходоод, бүдүүн гэдэсний үхжил 2. ....уушигны хаван, уушигны эдийн бактери...ДҮГНЭЛТ

...2. Талийгаач Х.А..........д нь хоолны хурц хордлогын улмаас уушиг, элэг, бөөр, зүрх, нойр булчирхай, нарийн гэдэс, ходоод, бүдүүн гэдэсний үхжилт өөрчлөлтийн улмаас олон эрхтний дутмагшилаар нас барсан байна...” гэх дүгнэлт (1 хавтаст хэргийн 215-225),

9. Эрүүл мэндийн яамны хүүхэд судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн шинжээчийн 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн дүгнэлт

“...Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн эмч Ц.А...........л нь “Цусан суулга” гэсэн халдварт өвчний онош тавьж, өвчтөнийг Халдварт өвчин судлалын үндэсний төвд илгээх шийдвэр гаргахдаа Эрүүл мэндийн сайдын 2012 оны 375 тоот тушаал “Өвчтөн, үйлчлүүлэгчид үзүүлэх тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулъя”, “Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн талаар авах зарим арга хэмжээний тухай” тушаалын 5 дугаар хавсралт “Төв эмнэлэг, Төрөлжсөн мэргэжлийн төв, Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасаг, нэгжийн ажиллах үлгэрчилсэн журам”-ын

- 3.11 дэх заалт “Халдварт өвчин гэж сэжиглэсэн, оношилсон тохиолдолд үйлчлүүлэгчийг тусгаарлах өрөөнд тусгаарлаж, голомтын анхны арга хэмжээг авах ба холбогдох байгууллагад “Халдварт өвчнийг мэдээлэх хуудас”-ын дагуу мэдээлж, халдвартын мэргэжлийн эмнэлэг, тасагт шилжүүлнэ” гэсэн заалтаас үйлчлүүлэгч Х.А..........дийг Халдварт өвчин судлалын үндэсний төвд шилжүүлэхдээ “Халдварт өвчнийг мэдээлэх хуудас”-ын дагуу мэдээлээгүй;

- ...3.12.2 дахь заалт “Шилжүүлэхэд хүлээлгэн өгч буй эмнэлгийн эмч “Эмч дуудах хуудас”, “Яаралтай тусламжийн дуудлагын хуудас”-ыг хөтлөн, хүлээн авч буй эмнэлгийн эмч нар гарын үсэг зурж баталгаажуулна” гэсэн заалтаас үйлчлүүлэгчийг илгээж буй талаараа Халдварт өвчин судлалын үндэсний төв рүү урьдчилан яриагүй,

- 3.13 дахь заалт “Үйлчлүүлэгчийг нэг эмнэлгээс өөр эмнэлэгт шилжүүлэх тохиолдолд эмнэлгийн унаагаар үйлчилнэ” гэсэн заалтыг зөрчин халдвартын түргэний /100 дуудаж/ тэргээр шилжүүлээгүй байна.

...Х.А..........дийг Халдварт өвчин судлалын үндэсний төвд илгээх тухай Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн өгсөн “Яаралтай тусламж, үйлчилгээний хуудсыг”-ыг гардан хүлээн авсан эх тэр үедээ “маргааш очиж болох уу” гэж асуусан өгүүлэмжтэй, эмч нь “болохгүй, одоо оч” гэж хариулсан өгүүлэмжтэй байдаг. Эмчийн шийдвэрийг эх нь биелүүлэлгүйгээр хүүхдээ авч гэртээ харьсан бөгөөд хүүхэд сульдаж гэртээ татаж эхлэх үед нь дахин Сонгинохайрхан дүүргийн .................. 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 00 цаг 10 минутад ирэхэд хүүхэд хүнд байдалд орсон байжээ. Эцэг, эхийн хайхрамжгүй байдал, эмчийн заавар, зөвлөгөөг биелүүлээгүй, Халдварт өвчин судлалын үндэсний төвд очоогүй нь халдвартын мэргэжлийн эмчийн тусламж авах үнэтэй цаг хугацааг алдсан, хүүхдийн үхэлд нөлөөлсөн гэж үзэж байна...” гэх шинжээч эмч А.Оюунчимэгийн дүгнэлт (1 хавтаст хэргийн 231-235),

10. Шинжээч А.Оюунчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Эмч Ц.А...........л нь оношийг зөв тавьж, тусгаарлах өрөөнд байрлуулан анхны тусламжийг зөв хийсэн хэрнээ ар гэрт нь өгч явуулсан нь буруу, тухайн үед шууд Халдварт өвчин судлалын үндэсний төвтэй холбогдож дуудлага өгөөгүй нь эмнэлгийн тусламж үйлчилгээг зохих ёсоор үзүүлээгүй гэж үзэж байна...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 237-238)

11. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 1007 дугаартай хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн гуравдугаар удаагийн шинжилгээний дүгнэлтэд

“...1. Эрүүл мэндийн яамны Хүүхэд судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүн А.Оюунчимэгийн гаргасан 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй

4.5. Яаралтай тусламжийн хуудсанд бичиж баримтжуулсан үзүүлэлтүүдээс харахад Сонгинохайрхан дүүргийн Хүүхдийн нэгдсэн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасгийн жижүүр эмч Ц.А...........л нь өвтөн Х.А..........дэд “Цусан суулга” оношийг зөв тавьсан, биеийн байдлыг дутуу үнэлсэн, хохирогчид яаралтай тусламжийн хуудас бичиж өгсөн боловч зааврын дагуу үйлчлүүлэгчийг нэг эмнэлгээс өөр эмнэлэгт шилжүүлэхдээ эмнэлгийн унаагаар үйлчилнэ гэсэн заалтыг хэрэгжүүлээгүй. Хэдийгээр Халдварт өвчин судлалын өвчний төврүү яаралтай явахыг зөвлөсөн боловч ар гэрт нь өгч явуулсны улмаас хохирогч халдвартын нарийн мэргэжлийн эмчийн тусламжийг цаг хугацаанд нь авч чадаагүй байна гэж үзэх үндэслэлтэй байна. (“Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Эрүүл мэндийн сайдын 2012 оны 375 тоот тушаалын 5 дугаар хавсралт буюу “Төв эмнэлэг, Төрөлжсөн мэргэжлийн төв, Бүсийн оношлогоо эмчилгээний төв, Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасгийн ажиллах үлгэрчилсэн журам”-ын 3.11 дэх заалт “...Халдварт өвчнийг мэдээлэх хуудсын дагуу мэдээлж, халдвартын мэргэжлийн эмнэлэг, тасагт шилжүүлнэ...” гэсэн “...өвчтөнг тусгаарлах өрөөнд тусгаарлана..” гэсэн, 3.12.1 дэх заалт “Оношийг их эмчийн үзлэг, лаборатори болон багажийн шинжилгээгээр баталгаажуулан шилжүүлэх асуудлаар холбогдох эмнэлэг, нарийн мэргэжлийн эмчтэй урьдчилан зөвшилцөнө.” гэсэн, 3.13 дахь заалт “Үйлчлүүлэгчийг нэг эмнэлгээс өөр эмнэлэгт шилжүүлэх тохиолдолд эмнэлгийн унаагаар үйлчилнэ.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн)...” гэх дүгнэлт (3 хавтаст хэргийн 228-229, 231-235, 237-244),

12. Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ “...Ц.А...........лд...эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл...олгов...” гэх баримт (2 хавтаст хэргийн 167),

13. Шүүгдэгч Ц.А...........лын мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр би Сонгинохайрхан дүүргийн .................. хүлээн авах, сэхээ, тасаг гурвыг хариуцан жижүүрээр ажиллаж байсан. 20 цаг 20 минутын үед үл таних эмэгтэй 3 хүүхдүүдтэйгээ манай хүлээн авах дээр орж ирсэн. Тэгээд би уг гурван хүүхдийн биед үзлэг хийж, амин үзүүлэлтүүдээ үзээд уг хүүхдүүдийг дизентри буюу цусан суулга өвчтэй байна гэсэн урьдчилсан онош тавьсан. Халдвартын эмнэлэг дуудахад заавал өтгөнийг нь үзэж байж авдаг учраас би тэр гурван хүүхдийг хүндрүүлж өтгөнийг нь харахаар шийдсэн. ...22 цагийн үед хүүхдүүд хүндэрсэн ба би өтгөнийг нь харахад цустай өтгөн буюу цусан суулга өвчний шинж бүхий өтгөн байсан. ...Тэгэхээр нь би ээжид нь “танай хүүхдүүдийн өтгөн бол халдварт өвчний шинжтэй өтгөн байна, манайд эмчлэгдэхгүй, Халдвартын эмнэлэг рүү явуулах шаардлагатай боллоо.” гээд би түүнд “та өөрийн унаатай байгаа юу” гэхэд “унаатай” гэхээр нь “өөрсдөө яаг одоо явчих боломжтой юу” гэж асуухад “боломжтой” гэж хариулсан. ...Тэгээд би гурван хүүхдэд яаралтай тусламж үйлчилгээний хуудас бичиж өгч ээжид нь өгсөн. Ээж нь гурван хүүхдээ дагуулаад гарчихаад буцаж орж ирээд “би гэртээ харьж хоночихоод маргааш Халдвартын эмнэлэг явж болох уу” гэж асуухаар нь “тийм юм байхгүй, яг одоо явна, хугацаа алдаж болохгүй шүү” гэж хэлсэн... Би өвчнийг оношилсон боловч утсаар мэдээлээгүй, дизентри өвчин болгоныг Халдварт өвчин судлалын үндэсний төвд мэдээлээд байдаггүй, яаралтай тусламжийн хуудсанд оношоо тавиад явуулдаг юм. Манай эмнэлэгт 24 цагаар ажилладаг эмнэлгийн машин байдаггүй, эмнэлэг 1 машинтай. Уг машин нь 24 цагаар ажилладаггүй. Энэ асуудлын тухайд хүүхдүүдийн ээж нь өөрсдөө машинтай, өөрсдөө явах боломжтой гэж хариулсан учраас өөрийн эмнэлгийн болон халдвартын түргэн 100 дуудаж машинаар үйлчлүүлээгүй. ...Би эмч дуудах хуудсаар эмч дуудаагүй, эмч дуудах шаардлагагүй онош тодорхой байсан. ...Холбогдох мэргэжлийн эмнэлэг, нарийн мэргэжлийн эмчтэй урьдчилан зөвшилцөөгүй. Манай эмнэлэгт хэвтэн эмчлүүлээгүй, зөвхөн хүлээн авах дээр хүрэлцэн ирсэн учруус Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс эмч дуудах, зөвшилцөх шаардлага байгаагүй...” гэх мэдүүлэг (3 хавтаст хэргийн 134-139),    

14. Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн нэгдсэн эмнэлгийн 2017 оны 4 дүгээр сарын жижүүр эмч нарын хуваарь (2 хавтаст хэргийн 77), яаралтай тусламж, үйлчилгээ үзүүлэгсдийн бүртгэл (2 хавтаст хэргийн 89), эмчлүүлэгчийг эмнэлэг (сувлалд) хүлээн авсан бүртгэл (2 хавтаст хэргийн 85), амь хохирогчийн өвчний түүх (2 хавтаст хэргийн 94, 96-106), хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүхийн шийдвэр (3 хавтаст хэргийн 150),

- Хохирлын 4.083.109 төгрөгийн баримт (2 хавтаст хэргийн 241-244, 4 хавтаст хэргийн 60), Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ “...ажлын хөлс 4.500.000 төгрөг...” гэх баримт (2 хавтаст хэргийн 137-138), өмгөөллийн хөлс төлсөн 1.000.000 төгрөгийн баримт (4 хавтаст хэргийн 58), хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нийт 320.144.060 төгрөгийн нэхэмжлэл (3 хавтаст хэргийн 124), хохирол, хор уршигт 30.000.000 төгрөг төлсөн баримт, тайлбар (4 хавтаст хэргийн 71)

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хорооны тодорхойлолт (2 хавтаст хэргийн 162, 163), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (2 хавтаст хэргийн 10), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа, тодорхойлолт (2 хавтаст хэргийн 12, 144-146, 149-151, 153), Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлгийн тодорхойлолт (2 хавтаст хэргийн 165), хувийн байдлын талаарх баримт (2 хавтаст хэргийн 166, 168-180, 3 хавтаст хэргийн 152-153), шүүгдэгч Ц.А...........лын нөхөр Б.Пүрэвийн иргэний үнэмлэхийн лавлагаа (4 хавтаст хэргийн 61), Хөгжлийн бэрхшээлтэй хүний үнэмлэх (4 хавтаст хэргийн 64), Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актад “...Б. Пүрэв ...H54 Сохор ба хараа муудах оношоор...хөдөлмөрийн чадвар алдалтыг 100 хувиар хугацаагүй сунгав...” гэх баримт (4 хавтаст хэргийн 63, 65) зэрэг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн яллагдагч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч, шинжээч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ц.А...........лд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар

Улсын яллагч шүүгдэгч Ц.А...........лыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, шүүгдэгчээс нийт 320.144.060 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгох дүгнэлтийг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг дэмжсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч миний үйлчлүүлэгч Ц.А...........лыг шинжээчийн дүгнэлт буюу “Халдвартын эмнэлэг рүү мэдээлээгүй” гэж буруутгаж байна. ...Халдварт өвчинг  ...мэдээлэх үүрэг нь Төв аймгийн Б................р сумын эмч, сургуулийн эмч нарт байсан. Учир нь бусад хүүхдэд халдвар тархах асуудлаас урьдчилсан сэргийлж мэдээлээгүйгээс олон хүүхдэд халдварт өвчин тарсан байхад үүнийг шалгалгүй, зөвхөн сүүлд мэдээлээгүй гэдгээр хэргийг шалгаж шүүхэд шилжүүлсэн. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шударга ёсны зарчим, хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг тус тус зөрчсөн гэж үзнэ. Мөн хүүхдийг үзэж оношийг зөв тавьсан гэж байгаа боловч өөрийн унаагаар хүргээгүй гэдгийг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогоогүй. Өөрийн унаа гэдэг нь эмнэлгийн унаа юм уу, түргэний машин юм уу, ямар машиныг хэлж байгааг шалгаагүй. ...Эмнэлгийн удирдлага зохион байгуулалт, шүүгдэгчийн ажиллаж байсан хөдөлмөрийн гэрээ зэргийг хэрэгт шалгалгүй орхигдуулсан. Эдгээрийг шалгасан бол шүүгдэгчид хамааралтай эсэхийг тогтоох боломжтой. Халдвартын эмнэлэгт мэдэгдээгүй гэж байна. Халдвартын эмнэлэгт мэдэгдсэн бол халдвартын түргэн гэх 100 нь ямар хугацаанд ирэх байсан, тухайн үед ямар ачаалалтай байсан, ямар хугацааны дараа ирэх байсан гэдгийг тогтоох зайлшгүй шаардлагатай. Дээрх нөхцөл байдлууд нь энэ хэргийг бүх талаас нь бодитой шалгах шаардлагыг хангаагүй. Үхлийн шалтгаанд хугацаа алдсан талаар тайлбарлуулахад шинжээч “...хэр эрт тусламж үзүүлнэ амь нас аврах боломж өндөр, Халдвартын эмнэлэгт очсон гэсэн энэ тохиолдолд амь насыг нь аврах боломжтой байсан” гэж хэлж чадахгүй гэж шинжээч мэдүүлсэн зэргээс үзэхэд шүүгдэгч Ц.А...........лд холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул хэргийг прокурорт буцааж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн 2 дугаар тасагт хүүхдийн их эмч ажилтай шүүгдэгч Ц.А...........л нь Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Сонгинохайрхан дүүргийн .................., 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр жижүүр эмчээр ажиллаж байхад амь хохирогчийн эх Д.Н................х нь өөрийн хүүхдүүд болох Х.А..........д, Х.А................н, Х.А................н нарыг жижүүр эмч болох түүнд үзүүлсэн байна. Улмаар Ц.А...........л нь үйлчлүүлэгч Х.А..........д, Х.А................н, Х.А................н нарыг мөн өдрийн 20 цаг 40 минутад үзэж 20 цаг 50 минутад үзлэгийг дуусгасан. Шинжилгээгээр тэдэнд “Дизентери” буюу Цусан суулга онош тавьж, яаралтай тусламж үйлчилгээний хуудас бөглөн Халдварт өвчин судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлэх баримтыг үйлдэн амь хохирогчийн эх Д.Н................хад өгч явуулжээ. Гэтэл Д.Н................х нь Халдварт өвчин судлалын үндэсний төвд яаралтай тусламж үйлчилгээний хуудсыг, хүүхдүүдийн хамт авч очилгүй, цаг хугацаа алдаж гэртээ харьж, эмнэлэгт хэвтэх бэлтгэлээ хангаж байхад амь хохирогч Х.А..........дийн биеийн эрүүл мэндийн байдал хүндэрч улмаар Сонгинохайрхан дүүргийн .................. 2017 оны 4 дүгээр сарын 12-ны 00 цаг 10 минутад эргэн ирж эмчлэгдэж байгаад амь насаа алдсан болох нь

- Насанд хүрээгүй гэрч Х.А................нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн... маргааш нь ...Сонгинохайрхан дүүргийн хүүхдийн эмнэлэгт 17 цагийн үед очоод 2 цаг гаран хүлээж байгаад үзүүлсэн тэр хооронд бид нар бүгдээрээ өмдөндөө шингэн алдсан...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 198-199),

- Гэрч Д.Н................хын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би хүүхдүүдээ аваад Сонгинохайрхан дүүргийн хүүхдийн эмнэлэг рүү такси бариад 17:30 минутын орчим очсон. Тэгээд...2-3 цаг нэлээн удаан оочирлож байгаад хүүхдүүдээ үзүүлэхэд “халимаг үстэй Ц.А...........л гэх эмч манай гурван хүүхдэд хорсол уулгаад цаанаа суулгасан. ...Тэгээд манай хүүхдүүдийн өтгөнийг хоёр удаа үзээд “та нар халдварт луу яв” гэж бичиг хийж өгсөн. Тэр үед цаг 23:40 минут болж байсан. Эмнэлгээс гараад...Х.А..........д, Х.А................н, Х.А................н нарын хувцсыг ...бэлдэхээр гэртээ ороход манай хүүхдүүд өмдөндөө хүндэрсэн байсан учир цэвэрлэсэн... 00 цагийн орчим Х.А..........дийн гар нь татахаар нь шууд хөнжилд ороогоод хамгийн ойрхоноор нь өмнө үзүүлсэн эмнэлэг рүү явсан. ...Миний хүү яаралтай түргэн тусламжийн өрөөнд эмнэлгийн тусламж авч байхдаа өнгөрсөн...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 182-183),

- Насанд хүрээгүй хохирогч Х.А................нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...А..........дийн бие өвдөөд тэгээд ээж, өвөөг дуудаад А..........дийг аваад эмнэлэг рүү явсан удалгүй ээж буцаж ирээд Амартайван бид хоёрыг аваад Сонгинохайрхан дүүргийн эмнэлэг дээр дахиж очоод эмчилгээ хийлгэсэн. Тэгээд маргааш нь Халдвартын эмнэлэгт өглөө 10 цагийн үед эмнэлгийн машинаар ирж хэвтсэн...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 198-199),

- Гэрч Ж.Д...............вын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...орой 22-23 цагийн орчим...охин Н................х над руу утасдаад “...хүүхдүүдийн бие тааруу байна... Сонгинохайрхан дүүргийн Хүүхдийн эмнэлэгт үзүүлэхэд Халдвартын эмнэлэг рүү яв гэсэн. Та хурдан хүрээд ирээч...” гэж хэлсэн. ...Тэгээд намайг яваад очиход Н................х эмнэлэгт хэвтэнэ гээд хүүхдүүдийнхээ хувцас хунар, эмнэлэгт хэвтэх зүйлсийг бэлдчихээд... байтал А..........д таталт өгөхөөр нь сандраад хамгийн ойрын эмнэлэг болохоор нь Сонгинохайрхан дүүргийн Хүүхдийн .................. хүргэж ирсэн...” гэх мэдүүлэг (3 хавтаст хэргийн 51-53),

- Гэрч О.Э...............агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Х.А..........дийг урьдчилсан байдлаар гэдэсний халдварт суулгалт өвчнөөр нас барсан гэж оношилсон. ...тухайн өдрийн 20 цагийн үед талийгаачийг ах, дүү нарынхаа хамт ирж үзүүлэхэд нь А...........л эмч үзээд Халдвартын эмнэлэгт очиж үзүүлэхийг зөвлөөд яаралтайгаар бичиг хийж өгсөн байсан....” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 175-177), 

- Яаралтай тусламж үйлчилгээний хуудаст “...СХДНЭ...Х.А..........д...2017 оны 4 сарын 11-ний өдөр 20 цаг 40 минутад үзэж 20 цаг 50 минутад дууссан. Шинжилгээ “Дизентери” Халдварт өвчин судлалын үндэсний төв....” гэх баримт (2 хавтаст хэргийн 18),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн шинжээчийн 90 дугаар дүгнэлтэд “...2. Талийгаач Х.А..........д нь хоолны хурц хордлогын улмаас уушиг, элэг, бөөр, зүрх, нойр булчирхай, нарийн гэдэс, ходоод, бүдүүн гэдэсний үхжилт өөрчлөлтийн улмаас олон эрхтний дутмагшилаар нас барсан байна...” гэх дүгнэлт (1 хавтаст хэргийн 215-225),

- Эрүүл мэндийн яамны хүүхэд судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн шинжээчийн 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн дүгнэлт “...Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн эмч Ц.А...........л нь...Эрүүл мэндийн сайдын 2012 оны 375 тоот тушаал “Өвчтөн, үйлчлүүлэгчид үзүүлэх тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулъя”, “Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн талаар авах зарим арга хэмжээний тухай” тушаалын 5 дугаар хавсралт “Төв эмнэлэг, Төрөлжсөн мэргэжлийн төв, Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасаг, нэгжийн ажиллах үлгэрчилсэн журам”-ын 3.11 дэх заалт “Халдварт өвчин гэж сэжиглэсэн, оношилсон тохиолдолд үйлчлүүлэгчийг тусгаарлах өрөөнд тусгаарлаж, голомтын анхны арга хэмжээг авах ба холбогдох байгууллагад “Халдварт өвчнийг мэдээлэх хуудас”-ын дагуу мэдээлж, халдвартын мэргэжлийн эмнэлэг, тасагт шилжүүлнэ” гэсэн заалтаас үйлчлүүлэгч Х.А..........дийг Халдварт өвчин судлалын үндэсний төвд шилжүүлэхдээ “Халдварт өвчнийг мэдээлэх хуудас”-ын дагуу мэдээлээгүй;, ...3.12.2 дахь заалт “Шилжүүлэхэд хүлээлгэн өгч буй эмнэлгийн эмч “Эмч дуудах хуудас”, “Яаралтай тусламжийн дуудлагын хуудас”-ыг хөтлөн, хүлээн авч буй эмнэлгийн эмч нар гарын үсэг зурж баталгаажуулна” гэсэн заалтаас үйлчлүүлэгчийг илгээж буй талаараа Халдварт өвчин судлалын үндэсний төв рүү урьдчилан яриагүй, 3.13 дахь заалт “Үйлчлүүлэгчийг нэг эмнэлгээс өөр эмнэлэгт шилжүүлэх тохиолдолд эмнэлгийн унаагаар үйлчилнэ” гэсэн заалтыг зөрчин халдвартын түргэний /100 дуудаж/ тэргээр шилжүүлээгүй байна...” гэх шинжээч эмч А.Оюунчимэгийн дүгнэлт (1 хавтаст хэргийн 231-235),

- Шинжээч А.Оюунчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Эмч Ц.А...........л нь оношийг зөв тавьсан...хэрнээ ар гэрт нь өгч явуулсан нь буруу, тухайн үед шууд Халдварт өвчин судлалын үндэсний төвтэй холбогдож дуудлага өгөөгүй нь эмнэлгийн тусламж үйлчилгээг зохих ёсоор үзүүлээгүй гэж үзэж байна...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 237-238)

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 1007 дугаартай хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн гуравдугаар удаагийн шинжилгээний дүгнэлтэд “...1. Эрүүл мэндийн яамны Хүүхэд судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүн А.Оюунчимэгийн гаргасан 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй...” гэх дүгнэлт (3 хавтаст хэргийн 228-229, 231-235, 237-244),

- Шүүгдэгч Ц.А...........лын мөрдөн байцаалтад өгсөн: “...20 цаг 20 минутын үед үл таних эмэгтэй 3 хүүхдүүдтэйгээ манай хүлээн авах дээр орж ирсэн. Тэгээд би уг гурван хүүхдийн биед үзлэг хийж, амин үзүүлэлтүүдээ үзээд уг хүүхдүүдийг дизентри буюу цусан суулга өвчтэй байна гэсэн урьдчилсан онош тавьсан. Халдвартын эмнэлэг дуудахад заавал өтгөнийг нь үзэж байж авдаг учраас би тэр гурван хүүхдийг хүндрүүлж өтгөнийг нь харахаар шийдсэн. ...22 цагийн үед хүүхдүүд хүндэрсэн ба би өтгөнийг нь харахад цустай өтгөн буюу цусан суулга өвчний шинж бүхий өтгөн байсан. ...Тэгэхээр нь би ээжид нь “танай хүүхдүүдийн өтгөн бол халдварт өвчний шинжтэй өтгөн байна, манайд эмчлэгдэхгүй, Халдвартын эмнэлэг рүү явуулах шаардлагатай боллоо.” гээд би түүнд “та өөрийн унаатай байгаа юу” гэхэд “унаатай” гэхээр нь “өөрсдөө яг одоо явчих боломжтой юу” гэж асуухад “боломжтой” гэж хариулсан. ...Тэгээд би гурван хүүхдэд яаралтай тусламж үйлчилгээний хуудас бичиж өгч ээжид нь өгсөн. ... Би өвчнийг оношилсон боловч утсаар мэдээлээгүй, дизентри өвчин болгоныг Халдварт өвчин судлалын үндэсний төвд мэдээлээд байдаггүй, яаралтай тусламжийн хуудсанд оношоо тавиад явуулдаг юм. Манай эмнэлэгт 24 цагаар ажилладаг эмнэлгийн машин байдаггүй, эмнэлэг 1 машинтай. Уг машин нь 24 цагаар ажилладаггүй. Энэ асуудлын тухайд хүүхдүүдийн ээж нь өөрсдөө машинтай, өөрсдөө явах боломжтой гэж хариулсан учраас өөрийн эмнэлгийн болон халдвартын түргэн 100 дуудаж машинаар үйлчлүүлээгүй. ...Би эмч дуудах хуудсаар эмч дуудаагүй, эмч дуудах шаардлагагүй, онош тодорхой байсан. ...Холбогдох мэргэжлийн эмнэлэг, нарийн мэргэжлийн эмчтэй урьдчилан зөвшилцөөгүй. Манай эмнэлэгт хэвтэн эмчлүүлээгүй, зөвхөн хүлээн авах дээр хүрэлцэн ирсэн учраас Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс эмч дуудах, зөвшилцөх шаардлага байгаагүй...” гэх мэдүүлэг (3 хавтаст хэргийн 134-139) нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Тодруулбал шүүгдэгч Ц.А...........л нь хууль зүйн хувьд гэм буруугийн хайхрамжгүй хэлбэрээр Сонгинохайрхан дүүргийн .................. жижүүр эмчээр ажиллаж байхдаа Эрүүл мэндийн сайдын 2012 оны 375 тоот тушаалын 5 дугаар хавсралт “Төв эмнэлэг, Төрөлжсөн мэргэжлийн төв, Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасаг, нэгжийн ажиллах үлгэрчилсэн журам”-ын 3.11 дэх заалт “Халдварт өвчин гэж сэжиглэсэн, оношилсон тохиолдолд үйлчлүүлэгчийг тусгаарлах өрөөнд тусгаарлаж, голомтын анхны арга хэмжээг авах ба холбогдох байгууллагад “Халдварт өвчнийг мэдээлэх хуудас”-ын дагуу мэдээлж, халдвартын мэргэжлийн эмнэлэг, тасагт шилжүүлнэ”, 3.12.2 дахь заалт “Шилжүүлэхэд хүлээлгэн өгч буй эмнэлгийн эмч “Эмч дуудах хуудас”, “Яаралтай тусламжийн дуудлагын хуудас”-ыг хөтлөн, хүлээн авч буй эмнэлгийн эмч нар гарын үсэг зурж баталгаажуулна”, 3.13 дахь заалт “Үйлчлүүлэгчийг нэг эмнэлгээс өөр эмнэлэгт шилжүүлэх тохиолдолд эмнэлгийн унаагаар үйлчилнэ” гэсэн заалтуудыг зөрчин эмнэлгийн тусламж үйлчилгээг зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хохирогч нас барсан болох нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Иймд улсын яллагчийн гэм буруугийн талаар гаргасан дүгнэлтийг хүлээн авч тус зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй.

Харин шүүгдэгчийн өмгөөлөгчийн гэм буруугийн талаар гаргасан дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй. Тодруулбал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар хэргийн талаар нотолбол зохих ажиллагааг хуульд заасны дагуу бүрэн гүйцэд хийсэн байх бөгөөд өмгөөлөгчийн мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэх “...Халдварт өвчинг мэдээлэх үүрэг нь Төв аймгийн Б................р сумын эмч, сургуулийн эмч нарт байсан, өөрийн унаагаар хүргээгүй, Эмнэлгийн удирдлага зохион байгуулалт, шүүгдэгчийн ажиллаж байсан хөдөлмөрийн гэрээг шалгах, халдвартын түргэн 100 нь ямар хугацаанд ирэх байсан, тухайн үед ямар ачаалалтай байсан, ямар хугацааны дараа ирэх байсан, амь хохирогчид хэр эрт тусламж үйлчилгээ үзүүлсэн тохиолдолд амь насыг нь аврах боломжтой байсан эсэхийг тогтоох шаардлагатай...” зэрэг нь тухайн хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй, шалган тогтоох шаардлагагүй гэж үзэв. Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн өмгөөлөгчийн мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоолгох үйл баримт нь шүүгдэгч Ц.А...........лын үйлдэлд хамаарахгүй, нөлөөлөхгүй  болно.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хохирол хор уршигт баримтаар 4.083.109 төгрөг (2 хавтаст хэргийн 241-244, 4 хавтаст хэргийн 60), өмгөөлөгчийн хөлсөнд 4.500.000 төгрөг (2 хавтаст хэргийн 137-138), амь хохирогчийн буяны ажилд 11.700.960 төгрөг, сэтгэл санааны хохиролд 300.000.000 төгрөг буюу нийт 320.284.069 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилсэн.

Шүүх бүрэлдэхүүн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нийт нэхэмжлэлээс нотлох баримттай зардал болох 4.083.109 төгрөгийг Иргэний хуулийн 497, 508 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгчээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгох нь зүйтэй.  Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлээс өмгөөлөгчийн зардал болох 4.500.000 төгрөг, буяны ажилд зарцуулсан гэх 11.700.960 төгрөг, сэтгэл санааны хохирол гэх 300.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв. Учир нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь сайн дурын үндсэн дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхээ эдэлж, өөрийн эрх ашгийг хамгаалуулахаар өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авсан зардал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад хамаарахгүй. Буяны ажилд зарцуулсан гэх 11.700.960 төгрөг нэхэмжлэл нь нотлох баримтгүй. Сэтгэл санааны хохиролд 300.000.000 төгрөгийн нэхэмжлэл нь Иргэний хуулийн 230 дугаар зүйлд заасан “Эдийн бус гэм хорд” хамаарах боловч тухайн эдийн бус гэм хорыг 230.2 дахь хэсэгт зааснаар “...хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж заажээ.

Өөрөөр хэлбэл эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлөх зохицуулалт нь Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт заасан “...Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан...” тохиолдолд хэрэглэгдэх зохицуулалт юм.

Нөгөө талаас Иргэний хуулийн 508 дугаар зүйлд хохирогч нас барснаас учирсан гэм хорыг арилгах хуулийн зохицуулалтад эдийн бус гэм хорыг арилгах талаар зохицуулаагүй буюу зөвхөн хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг гаргуулахаар хуульчилсан байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, түүнээс 4.083.109 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор шийдвэрлэсэнтэй холбогдуулан Ц.А...........л нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхээ эдэлж 5 хоногийн завсарлага авсан хугацаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 30.000.000 төгрөг төлсөн болох нь тогтоогдсон байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагч дүгнэлтдээ шүүгдэгч Ц.А...........лыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эмчлэх эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасч, 2 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулах,  ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр хөнгөрүүлж, тэнсэж өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж мэтгэлцэв.

Шүүгдэгч Ц.А...........л нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар ял шийтгэлгүй байх ба, шүүхээс Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн зардлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзсэн ба, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүхээс шүүгдэгч Ц.А...........лыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, мөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал буюу түүний нөхөр Б.Пүрэв нь “Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актад “...H54 Сохор ба хараа муудах оношоор...хөдөлмөрийн чадвар алдалтыг 100 хувиар...” алдсан гэх баримт (4 хавтаст хэргийн 61-64), тэрээр ам бүл ганцаараа хөдөлмөр эрхэлдэг, хор уршгийг нөхөн төлсөн, нөгөө талаас асран хамгаалагчийн хайхрамжгүй байдал энэ гэмт хэрэг гарахад нөлөөлсөн зэргийг харгалзан Ц.А...........лд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуульд зааснаар эмчлэх эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.А...........лд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэнтэй холбогдуулан шүүхийн шийдвэрээр Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн 2017 1190 0232 дугаартай дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй,  шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тогтоолд дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн CD-г Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасны дагуу хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж үлдээх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Галт овогт Ц...........нгийн А...........лыг эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хохирогч нас барсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А...........лын эмчлэх эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А...........лын эмчлэх эрхийг 1 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шүүхийн шийтгэл тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  Н.Х..........ад энэ тогтоолоор төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СD 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж хадгалсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлээс сэтгэл санааны хохирол 300.000.000 төгрөг, өмгөөлөгчийн зардал 4.500.000 төгрөгийг, буяны ажилд зарцуулсан 11.700.960 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Ц.А...........лд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөөр гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй.

9. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдвэл бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ц.А...........лд авсан хувийн баталгаа гаргах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

                                      

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.МӨНХЗУЛ