Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 292

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

улсын яллагч Э.Энхбат,

шүүгдэгч Ж.Б............нэ, түүний өмгөөлөгч Л.Батаа (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 1824) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Боржигон овогт Б............бын Б............нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1908 0020 30146 дугаартай, 1 хавтаст хэргийг 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овогт Б............бын Б............нэ, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1962 оны 6 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, эрэгтэй, 57 настай, бүрэн бус дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, хоёр ахын хамт амьдардаг, ..........................

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Яллагдагч Ж.Б............нэ нь Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “................” нэртэй тоглоомын газарт 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 19 цагийн үед З.Н............рыг хэл амаар доромжиллоо гэх шалтгаанаар зодож, эрүү ясны далд хугарал, эрүүний зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Б............нэ мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

1. Хохирогч З.Н............рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 15-16 цагийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “................” нэртэй автомат тоглоомын газар 19 цагийн үед очсон. Уг тоглоомын газар өмнө нь хамт мөрийтэй тоглож байсан Ж.Б............нэ гэх залуу 500 төгрөгөөр 16000 орчим мянган төгрөг хожихоор нь “чи надад 500 төгрөг зээлчих” гэж хэлтэл Ж.Б............нэ “надад мөнгө өгөхгүй” гэхээр нь “чи яасан заяа муутай, хөгийн харамч залуу бэ” гэсэн. Тэгтэл Ж.Б............нэ уурлаад “чи юу гээд байгаан бэ” гэж хэлээд миний нүүр рүү гараараа 1-2 удаа цохиод тэнд тоглож байсан танихгүй хүмүүс бид хоёрыг салгасан...Ж.Б............нийг...мөнгө зээлээч гэхэд үгүй гэхээр нь Ж.Б............нийг “чи яасан заяа муутай, хөгийн харамч залуу бэ” гээд хэлчихсэн юм. Тэгтэл Ж.Б............нэ уурлаад миний нүүр рүү гараараа 1-2 удаа цохисон...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11),

2. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 9346 дугаар дүгнэлт:

“...Хэсэг газрын үзлэгт: Эрүүний баруун их бие хэсэгт овойж хавдсан, тэмтрэлтээр эмзэглэл ихтэй,

2019.01.02-ны өдрийн ГССҮТ-ийн эмчийн үзлэгт: Эрүү ясны далд хугарал, дархи доргилт гэжээ.

2019.01.07-ны өдрийн эрүүний дэлгэмэл рентген зурагт: эрүү яс баруун их бие хэсэгт ташуу араа шүд дайрсан хугаралтай харагдана...ДҮГНЭЛТ

1. З.Н............рын биед эрүү ясны далд хугарал, эрүүний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 20)

3. Ж.Б............ний мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 19 цагийн үед би Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо Хархорингийн автобусны ард “................” нэртэй автомат тоглоомын газар жаахан архи уучихсан тоглоом тоглож байсан юм. Тэгэхэд хажууд тоглож байсан зүс таних Н............р гэгч дүү надаас мөнгө зээлээч, та гайгүй тоглож байна шүү дээ гэхээр нь би хариуд нь үгүй ээ ах нь мөнгө өгөхгүй гэхэд З.Н............р намайг яасан заяагүй новш бэ гэж хэлэхээр нь миний уур хүрээд юу гэнээ чи гэж хэлээд З.Н............рын эрүүнийх нь хэсэгт гараараа 2 удаа цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26),

4. Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 33, 31), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 30), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 29, 32, 34-38)  зэрэг  нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ж.Б............нэд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Ж.Б............нэ нь Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Хархорин захын автобусны буудлын хойд талд байрлах “................” нэртэй тоглоомын газарт 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 19 цагийн үед “хэл амаар доромжиллоо” гэх хувийн таарамжгүй харилцааны улмаас, шууд санаатай үйлдлээр, иргэн З.Н............рыг эрүүл мэндэд халдаж, эрүү ясны далд хугарал, эрүүний зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

- Хохирогч З.Н............рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр...Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “................” нэртэй автомат тоглоомын газар 19 цагийн үед очсон. Уг тоглоомын газар өмнө нь хамт мөрийтэй тоглож байсан Ж.Б............нэ гэх залуу 500 төгрөгөөр 16000 орчим мянган төгрөг хожихоор нь “чи надад 500 төгрөг зээлчих” гэж хэлтэл Ж.Б............нэ “надад мөнгө өгөхгүй” гэхээр нь “чи яасан заяа муутай, хөгийн харамч залуу бэ” гэсэн. Тэгтэл Ж.Б............нэ уурлаад “чи юу гээд байгаан бэ” гэж хэлээд миний нүүр рүү гараараа 1-2 удаа цохиод тэнд тоглож байсан танихгүй хүмүүс бид хоёрыг салгасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11),

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 9346 дугаар дүгнэлт: “...1. З.Н............рын биед эрүү ясны далд хугарал, эрүүний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 20)

- Ж.Б............ний мөрдөн байцаалтад өгсөн: “...Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо Хархорингийн автобусны ард “................” нэртэй автомат тоглоомын газар жаахан архи уучихсан тоглоом тоглож байсан юм. Тэгэхэд хажууд тоглож байсан зүс таних Н............р гэгч дүү надаас мөнгө зээлээч, та гайгүй тоглож байна шүү дээ гэхээр нь би хариуд нь үгүй ээ ах нь мөнгө өгөхгүй гэхэд З.Н............р намайг яасан заяагүй новш бэ гэж хэлэхээр нь миний уур хүрээд юу гэнээ чи гэж хэлээд З.Н............рын эрүүнийх нь хэсэгт гараараа 2 удаа цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26) зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч ...Ж.Б............нэ, хохирогч ...З.Н............р нар нь хоорондын хувийн шалтгаан нөхцөл буюу биеийн хэлэмжийн зохисгүй харилцсан “чи яасан заяа муутай, хөгийн харамч залуу бэ” гэх шалтгаан нөхцөлөөр, хохирогчийн нүүрэн тус газар цохисон шууд санаатай үйлдлийн улмаас гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ж.Б............нэ нь хохирогч З.Н............рыг санаатай цохисон, уг цохилтын улмаас хохирогчийн эрүүнд гэмтэл учирсан болох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба цохиулсны улмаас хохирогчид хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.

Иймд шүүгдэгч Ж.Б............нийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Хохирогч З.Н............р нь энэ гэмт хэргийн улмаас эмчилгээний зардалд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй байх тул шүүгдэгч Ж.Б............нийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч Ж.Б............нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэлд нь 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Б............нэ нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой сайн дураараа эвлэрсэн, тэрээр хувиараа барилгын ажил эрхэлдэг болох нь түүний “ХААН” банкны дансны хуулгаар тогтоогдож байх тул улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хөнгөрүүлж торгох ял оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг гаргаж мэтгэлцэв.

Шүүгдэгч нь улсын яллагчийн гаргасан дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ж.Б............нэ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан “хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн.”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Тиймээс шүүгдэгч Ж.Б............нийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчтой эвлэрсэн, тэрээр хувиараа барилгын ажил эрхэлдэг зэрэг болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг өөрчилж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжээр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар шүүхээс Ж.Б............нэд торгох ял оногдуулсантай холбогдуулан түүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан торгох ялыг 5 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.  

Эрүүгийн 1908 0020 30146 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Б............бын Б............нийг Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Б............нийг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б............нэ нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солиж болохыг анхааруулсугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус  дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Г.МӨНХЗУЛ