| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тумагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 178/2020/0007/Э/ |
| Дугаар | 80 |
| Огноо | 2020-05-06 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Э.Ууганзаяа |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 80
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.*******туяа, улсын яллагч Э.Ууганзаяа, хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч С.Цэрэнханд, шүүгдэгч Т.*******, түүний өмгөөлөгч Ж.Жаргалбаяр, М.Эрдэнэ-Оюун нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* овогт ******* *******т холбогдох эрүүгийн 1936003440261 дугаартай, 178/2020/0007/Э/ индекстэй хэргийг 2020 оны 02 сарын 19-ний өдөр хүлээн авч, 2020 оны 05 сарын 06-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1976 оны 08 сарын 10-ны өдөр Ховд аймгийн Чандмань суманд төрсөн, эрэгтэй, 43 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-5, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Чандмань сумын Сүлжээ багт оршин суух, Ховд аймгийн Чандмань сумын Сүлжээ багийн Засаг даргын ажилтай, ял шийтгэлгүй, ******* дугаарын регистртэй, ******* овогт ******* *******
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд тусгагдсанаар:
Шүүгдэгч Т.******* нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар багийн Засаг дарга нарын албан хэрэгцээнд ашиглуулах зориулалттайгаар 2018 оны 08 дугаар сард өөрт нь хариуцуулан олгосон БНХАУ-д үйлдвэрлэсэн “Chongoing Hongli” маркын улаан өнгийн мотоциклийг 2018 оны 10 дугаар сард Ховд аймгийн Чандмань сумын Сүлжээ багийн малчин Ц.Оргилсайханд 1900000 төгрөгөөр худалдан борлуулж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгээр дараахи нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.*******ын өгсөн...Би Ховд аймгийн Чандмань сумын Сүлжээ багийн Засаг даргаар 11 жил ажиллаж байна. Багийн засаг дарга нарт өгсөн мотоциклийг 2018 оны 08 сард Ховд аймгийн төв талбай дээрээс ирж гардан авсан. Тухайн мотоциклийг аймгийн төвөөс гардан аваад Чандмань сум хүртэл унаж явахад хатуу явдалтай, бензин идэж байсан. Мөн мотоциклийн хойд амаржин цохисон. 2018 болон 2019 оны тооллогонд амаар байгаа гэж тоолуулсан. Тухайн мотоциклийг сүүлд сумын Засаг даргын тамгын газрын хөрөнгийн бүртгэлд нөхөн бүртгэсэн. Би уг мотоциклийг анх өгөх үед нь Улсын Их хурлын гишүүдээс өгч байгаа гэж ойлгосон. 2018 оны 10 дугаар сард Сүлжээ багийн Ц.Оргилсайханд 1900000 төгрөгөөр зээлээр зараад хавар ямаагаа самнаад бэлнээр 1900000 төгрөг өгснийг нь авсан. Мотоциклийг Ц.Оргилсайханаас буцаан авч сумын Засаг даргын тамгын газарт хүлээлгэн өгсөн. Би биеийн эрүүл мэндээ бодоод тухайн мотоциклийг зарсан. Мотоцикль нь сумын Засаг даргын тамгын газрын хөрөнгө шүү гэж нэг ч хүн гарын үсэг зуруулаагүй. 2019 оны тооллогоор байгаа гэж амаар тоолуулсан. Бүх багийн Засаг дарга мотоциклио сайжруулаад унасан байгаа...гэх мэдүүлэг
Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч / Ховд аймгийн Чандмань сумын Урд гол багт оршин суух,дээд боловсролтой, нягтлан бодогчийн мэргэжилтэй, Чандмань сумын Төрийн сангийн төлөөлөгч ажилтай ******* регистрийн дугаартай / ******* овогт ******* *******өгсөн...Т.******* нь Ховд аймгийн Чандмань сумын Сүлжээ багийн Засаг даргаар 11 дэх жилдээ ажиллаж байна. Сүүлд 2016 оны 11 сарын 29-ний өдрийн Б/14 дугаартай тушаалаар Сүлжээ багийн Засаг даргаар томилогдон ажиллаж байна. 2018 оны 08 дугаар сард манай сумын 6 багийн Засаг дарга мотоциклио гардан авахаар Ховд аймгийн төвд ирээд мотоциклио авсан. 2018 оны 12 дугаар сард Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 12 сарын 26-ны өдрийн 133 дугаартай “ Хөрөнгө бүртгэх зөвшөөрөл олгох тухай “ тогтоолоор тухайн мотоциклийг сумдын Засаг даргын Тамгын газрын хөрөнгийн бүртгэлд бүртгэ гэснээр багийн Засаг дарга нараас бичиг баримтыг авч Тамгын газрын хөрөнгийн бүртгэлд бүртгэсэн. 2018 оны жилийн эцэс болон хагас жилээр хөрөнгийг тоолсон. 2019 оны тооллогын комиссыг миний бие даргалж тооллого хийсэн. Тухайн үед багийн дарга нар мотоциклио байгаа гэж амаар тоолуулсан. Гэтэл 2019 оны 12 сард мотоцикль зарсан асуудал яригдсан. Т.*******ыг мотоциклио зарсан гэдгийг мэдэхгүй байсан. Т.******* нь мотоциклийг авчирч хүлээлгэн өгсөн. Одоо хохирол нэхэмжлэх зүйл байхгүй. Багийн Засаг дарга нарт анх мотоциклийг хаанаас хэн гардуулж өгч байгаа талаар ямар нэгэн ойлголт байгаагүй. Гэтэл 2019 оны 12 сард Аймгийн ИТХТ-ийн тогтоол гарч ирснээр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар олгогдсон гэдгийг мэдсэн. Багийн Засаг дарга нар нь Сумын Засаг даргатай үр дүнгийн гэрээ байгуулан ажилладаг байгаа...гэх мэдүүлэг
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн...Уг мотоцикль нь улаан өнгийн Hongli нэртэй, БНХАУ-д үйлдвэрлэсэн мотоцикль байх бөгөөд мотор -200, үйлдвэрлэсэн он 2018, рамын дугаар LTDPCML8ХJ8631523 гэсэн дугаартай, Чандмань сумын Засаг даргын Тамгын газрын бүртгэлд авсан мотоциклийн рамны дугаартай тохирч байлаа. Уг мотоциклийн хянах самбарыг үзэж шалгахад 094390 км гүйлттэй, ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй байв...гэх үзлэгийг тэмдэглэл, гэрэл зураг / хэргийн 04- 07 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Гантөмөрийн өгсөн...Тухайн мотоциклийг 2018 оны 10 дугаар сард Чандмань сумын Засаг даргын Тамгын газрын эд хөрөнгийн бүртгэлд авсан. Хөрөнгийн тооллогыг хагас, бүтэн жилээр хоёр удаа явуулдаг. 2018 оны 12 сарын 21-ний өдрөөс 25-ны өдрүүдэд хөрөнгийн тооллого явуулсан. Тухайн тооллогонд 6 багийн Засаг дарга мотоциклио амаар тоолуулсан. Т.*******ын хувьд мотоциклийг албан ажлын хэрэгцээнд унаж ашиглаж байсан талаар мэдэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг / хэргийн 18-19 дүгээр хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Оргилсайханы өгсөн...Би 2018 оны 10 сарын дундуур Т.*******аас “Hongli” нэртэй мотоциклийг 1900000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн үед зээлээр худалдан аваад хавар ноолуураа тушаачихаад эхнэр З.Ариунаагийн хамт 1900000 төгрөгийг бэлнээр Т.*******т өгсөн. Мотоциклийг дүү Батзоригийн хамт очиж авсан. Мотоцикль нь Ховд аймгийн Чандмань сумын Сүлжээ багийн нутаг дэвсгэр Цагаан гол гэдэг газар манай гэрийн гадна байсныг Т.*******т буцаагаад өгсөн. Т.******* мотоциклийн үнийг өгсөн. Нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг / хэргийн 22-23 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч З.Ариунаагийн өгсөн...Т.******* ах өөрийн албанд хэрэглэж байсан Hongli маркын мотоциклийг зарсан. Манайх 1900000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн мотоциклийг 2018 оны 10 дугаар сард худалдаж авсан ... гэх мэдүүлэг / хэргийн 24 дүгээр хуудас/
Мотоцикль үнэлсэн тухай шинжээчийн.... Hongli маркын мотоцикль 1820000 төгрөг...гэх дүгнэлт/ хэргийн 28 дугаар хуудас/
Бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай тэмдэглэл, “Хөрөнгө бүртгэх зөвшөөрөл олгох тухай” Ховд аймгийн ИТХТ- ийн 2018 оны 12 сарын 26- ны өдрийн 133 дугаартай тогтоол, Ховд аймгийн Чандмань сумын Засаг даргын тамгын газрын даргын 2019 оны 01 сарын 25- ны өдрийн А/ 05 дугаартай “ Ажлын хэсэг байгуулах тухай “ тушаал, тээврийн хэрэгсэлийн 2019 оны бүртгэл, Ховд аймгийн Чандмань сумын Засаг даргын 2016 оны 11 сарын 29- ний өдрийн Б/14 дугаартай “ Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай “ захирамж, орлогын баримт/ хэргийн 75-81 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмыг дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, яллагдагч болон гэрч хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллгааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх хэрэгт авагдсан дээрхи нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлэн ирүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтыг үнэлж дүгнэхэд:
Шүүгдэгч Т.******* нь 2016 оны 11 сарын 29-ний өдрийн Ховд аймгийн Чандмань сумын Засаг даргын Б/14 дугаартай “ Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай “ захирамжаар Ховд аймгийн Чандмань сумын Сүлжээ багийн Засаг даргаар томилогдон ажиллаж байсан ба 2018 оны 08 сарын 02-ны өдөр Ховд аймгийн төв талбайд зохион байгуулагдсан Ховд аймгийн 17 сумын 91 багийн Засаг дарга нарт мотоцикль гардуулан өгөх ажиллагаанд оролцож БНХАУ-д үйлдвэрлэсэн “Hongli” маркын LTDPCML84J8631523 арлын дугаартай мотоциклийг гардан авч, өөрийн ажлын хэрэгцээндээ унаж хэрэглэж байгаад мотор нь 200, бензин идэж байна, хатуу явдалтай юм гэж Ховд аймгийн Чандмань сумын Сүлжээ багийн малчин Ц.Оргилсайханд 1900000 төгрөгөөр зарсан, Ховд аймгийн Цагдаагийн газраас 193600344 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээснээр Ховд аймгийн Чандмань сумын Засаг даргын Тамгын газарт мотоциклийг Ц.Оргилсайханаас буцаан авч хүлээлгэн өгсөн хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Т.******* нь уг мотоциклийг Их Хурлын гишүүн өгсөн гэж ойлгосон, хатуу явдалтай, бензин их хэрэглэгддэг байсан тул бусдад зарсан, тухайн мотоциклийг зарж болохгүй талаар хэн нэгэн хэлээгүй, бусдын итгэмжлэн хариуцсан эд хөрөнгийг завших санаа зорилго байгаагүй, тухайн мотоциклийг сайжруулсан гэж гэм буруугийн талаар маргаж байна.
Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь Эрүүгийг хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлоогүй тул шүүгдэгчийг гэм буруугүйд тооцож, цагаатгаж өгнө үү гэж гэм буруугийн талаар маргаж байгаа боловч энэ нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дараахи нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.
Шүүгдэгч Т.******* нь Ховд аймгийн Чандмань сумын Засаг даргын 2016 оны 11 сарын 29-ний өдрийн Б/14 дугаартай “ Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай “ тушаалаар Ховд аймгийн Чандмань сумын Сүлжээ багийн Засаг даргаар томилогдож, багийн Засаг даргаар ажиллаж байхдаа улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Ховд аймгийн 91 багийн Засаг дарга нарын албан хэрэгцээнд унаажуулах зориулалтаар мотоцикль олгосныг Ховд аймгийн Жаргалант сумын төв талбай дээрээс гаргуулан өгснөөр хүлээн авч өөрийн албан ажлын хэрэгцээндээ ашиглаж байсан нь ...хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч С.*******өгсөн...Ховд аймгийн 17 сумын 91 багийн Засаг даргад улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тендер зарлаж багийн Засаг дарга нарт мотоциклийг Ховд аймгийн төв дээр гардуулан өгсөн. Манай сумын 6 багийн Засаг дарга нь өөрсдөө ирж мотоциклио гардан авч, өөрсдийн албан ажлын хэрэгцээндээ хэрэглэж байсан. Бид анх уг мотоциклийг хэрхэн өгснийг мэдэхгүй байсан боловч 2018 оны 12 сард Аймгийн ИТХТ-ийн “Хөрөнгө бүртгэх зөвшөөрөл олгох тухай” тогтоол ирснээр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар багийн Засаг дарга нарыг унаажуулсан гэдгийг мэдсэн. Тухайн мотоциклийг Тамгын газрын хөрөнгийн бүртгэлд бүртгэн авсан. Тамгын газар нь хөрөнгөө жилд 2 удаа тоолдог, 2018 он болон 2019 оны эхний тооллогоор багийн Засаг дарга нар мотоциклио амаар тоолуулсан...гэх мэдүүлэг, гэрч С.Гантөмөрийн өгсөн.. 2018 оны 10 дугаар сард Чандмань сумын Тамгын газрын дансанд мотоциклийг бүртгэж авсан. 2018 оны жилийн эцсийн тооллогоор 6 багийн Засаг дарга мотоциклио амаар тоолуулсан...гэх мэдүүлэг, шүүгдэгч Т.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд хэргээ хүлээн мэдүүлсэн... 2018 оны 08 дугаар сард Ховд аймагт очиж мотоциклийг гардан авсан. 2018, 2019 оны тооллогонд Тамгын газарт мотоциклийг байгаа гэж амаар тоолуулсан. Би тухайн мотоциклийг Чандмань суманд унаж очсоны дараа сумын нягтлан бодогч Тунгалагбаяр нь мотоциклиудаа орон нутгийн бүртгэлд бүртгүүл гэж хэлсэн байсан. Тэгээд би бичиг баримтыг авч очоод мотоциклио бүртгүүлж, албандаа хэрэглэж байгаад 2018 оны 10 сарын дундуур Ц.Оргилсайхан нь манай суман дээр мотоцикль хайгаад олдохгүй байна. Та хоёр мотоцикльтой юм чинь нэгийг нь өгчихөөч, ноолуур гарахаар мөнгийг нь өгье гэхээр нь би ямарч байсан сумын төвөөр гараад мотоцикль сураглая гэсэн. Тэгээд сумын төвөөр зээлээр өгөх мотоцикль хайсан боловч олдохгүй байсан. Би өөрийн хувийн мотоциклио өгөхгүй, харин албаны мотоцикль 250 мотортой, миний мотоцикль 150 мотортой бензин бага иддэг гэхэд албаны мотоциклио зарчихаач гэхээр нь “ тэгвэл ахын дүү авбал ав “ гэж хэлсэн. Тэгээд Ц.Оргилсайхан нь мотоциклийг дүү Батзоригийн хамт ирж аваад хавар ноолуураа зараад надад 1900000 төгрөг авчирж өгсөн. Ц.Оргилсайханаас албаны мотоциклио буцааж аваад Тамгын газарт хүлээлгэж өгсөн...гэх мэдүүлэг зэрэг болно.
Шүүгдэгч Т.******* нь албаны мотоциклийг зарсан боловч завших санаа зорилго байгаагүй ... гэж мэдүүлж байгаа боловч улсын төсвийн хөрөнгө оруулалтаар түүний албан хэрэгцээнд өгсөн мотоциклийг бусдад 1900000 төгрөгөөр зарж тухайн мөнгийг хувьдаа завшсан нь...Ц.Оргилсайханы гэрчээр өгсөн...2018 оны 10 дугаар сард Т.*******аас Hongli маркын улаан өнгийн мотоциклийг 1900000 төгрөгөөр худалдан аваад, хавар ямаагаа самнаад эхнэр З.Ариунаагийн хамт очиж 1900000 төгрөгийг бэлэн өгсөн...гэх мэдүүлэг /хэргийн 22-23 дугаар хуудас/, З.Ариунаагийн гэрчээр өгсөн... Манайх Т.*******аас улаан өнгийн Hongli маркын мотоциклийг 2018 оны 10 дугаар сард 1900000 төгрөгөөр худалдан аваад, хавар ямаагаа самнаад мөнгийг нь бэлэн өгсөн...гэх мэдүүлгээр / хэргийн 24 дүгээр хуудас/ тогтоогдож байгаа ба шүүгдэгч Т.******* нь тухайн мотоциклийг албан хэрэгцээнд өгсөн гэдгийг мэдэж байсан нь гэрч С.Гантөмөрийн өгсөн... Манай сумын 6 багийн Засаг даргын мотоциклийг 2018 оны жилийн эцсийн тооллогоор тоолсон. Тухайн үед багийн дарга нар нь уг мотоциклийг амаар тоолуулсан... гэх мэдүүлэг болон хэргийн үйл баримтыг дүгнэж үзэхэд шүүгдэгч Т.******* нь Ховд аймгийн 17 сумын 91 багийн Засаг даргад мотоцикль гардуулан өгөх ажиллагаанд оролцож, мотоциклийг гардан авсан, тухайн мотоциклийг багийн Засаг даргын ажлыг эрхэлж байгаагийнх хувьд өгсөн гэдгийг мэдсээр байж ажил олгогч байгууллага болох Ховд аймгийн Чандмань сумын Засаг даргын Тамгын газрын зөвшөөрөлгүйгээр бусдад 1900000 төгрөгөөр зарж тухайн мөнгөө хувьдаа завшсан нөхцөл байдал тогтоогдсон гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Т.*******ын тухайн мотоцикль зарсан үйл явдал 2018 оны 10 дугаар сард болсон байхад уг үйл явдлын дараа Чандмань сумын Засаг даргын Тамгын газраас 2019 оны эхний хагас жилийн эд хөрөнгийн тооллогоор багийн Засаг дарга нарын мотоциклийг тоолоход мотоциклийг 1900000 төгрөгөөр зарсан атлаа байгаа гэж амаар тоолуулсан, үүнээс хойш 1 жилийн хугацаа өнгөрч 2019 оны 11 сарын 25-ны өдөр Эрүүгийн хэрэг бүртгэлтийн 193600344 дугаартай хэрэг нээсний дараа зарагдсан гэх мотоциклийг Ховд аймгийн Чандмань сумын Сүлжээ багийн Ц.Оргилсайханаас буцаан авч, Чандмань сумын Засаг даргын Тамгын газарт хүлээлгэн өгсөн нь албан ажлын хэрэгцээний мотоциклийг бусдад зарж, түүний үнэ 1900000 төгрөгийг хувьдаа завшсан гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Т.*******ыг өөрийн албан ажлын хэрэгцээнд нь зориулан өгсөн мотоциклийг ажил олгогч Чандмань сумын Засаг даргын Тамгын газрын зөвшөөрөлгүйгээр бусдад 1900000 төгрөгөөр зарж, уг мөнгийг хувьдаа хэрэглэсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан... бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан...гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзнэ.
Ховд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т.*******ыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар багийн Засаг дарга нарыг унаажуулах ажлын хүрээнд 2018 оны 08 сард өөрт нь хариуцуулан олгосон БНХАУ-д үйлдвэрлэсэн “ Chongoing Hongli “ маркын улаан өнгийн мотоциклийг 2018 оны 10 дугаар сард Ховд аймгийн Чандмань сумын Сүлжээ багийн Ц.Оргилсайханд 1900000 төгрөгөөр худалдан борлуулж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзнэ.
Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг...бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Т.******* нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон,хэргийн зүйлчлэл тохирсон,Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “ нотолбол зохих байдал”-ыг мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоосон тул шүүгдэгч Т.*******т мотоциклийг гардуулан өгсөн нь бичгийн нотлох баримтаар тогтоогдоогүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгах боломжгүй.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Ховд аймгийн 91 багийн Засаг дарга нарыг унаажуулах ажлын хүрээнд олгогдсон мотоциклийг Ховд аймгийн Засаг дарга, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, орлогч дарга нар нь Ховд аймгийн Жаргалант сумын төв талбай дээр 7 сумын 42 багийн засаг дарга, түүний дотор Чандмань сумын 6 багийн Засаг даргад гардуулан өгснийг Чандмань сумын Тамгын газар нь өөрийн хөрөнгийн бүртгэлдээ бүртгэхдээ хайнга хандсан, 2019 оны эхний хагас жилийн тооллогоор мотоциклийг бодитоор тоолоогүй, мотоциклийг бусдад шилжүүлж зарж болохгүй, зөвхөн ажлын хэрэгцээнд ашиглах талаар анхааруулаагүйн улмаас уг гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл болжээ.
Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар
Хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч С.Цэрэнханд нь шүүгдэгч Т.******* мотоциклийг Ховд аймгийн Чандмань сумын Засаг даргын Тамгын газарт хүлээлгэн өгсөн тул хохирол бодит байдлаар төлөгдсөн. Нэхэмжлэх зүйл байхгүй...гэж мэдүүлж байх тул шүүгдэгч Т.******* нь хохирлыг бодит байдлаар төлсөн гэж үзнэ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Т.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хэргийн 48 дугаар хуудас дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” болон хэргийн 28 дугаар хуудас дахь Б.Очирбатын өгсөн...Т.******* нь 1976 онд Ховд аймгийн Чандмань суманд ******* 3 дахь хүү болон төрсөн, 7 дүүтэй, Сүлжээ багийн Засаг дарга ажилтай, 10 жил багийн Засаг даргаар ажиллаж байгаа. Гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй...гэх мэдүүлэг, гэрч Д.Хүрэлбаатарын өгсөн... Т.******* нь ам бүл-5, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, цэргийн алба хаасан, Сүлжээ багийн Засаг даргаар 10 гаруй жил ажиллаж байгаа, гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй... гэх мэдүүлэгээр тогтоогдож байна.
Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Т.******* нь хохирлыг бодит байдлаар төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 – т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлт,тайлбартаа: Шүүгдэгч Т.*******ыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар багийн Засаг дарга нарыг унаажуулах ажлын хүрээнд 2018 оны 08 сард өөрт нь хариуцуулан олгосон БНХАУ-д үйлдвэрлэсэн “ Chongoing Hongli “ маркын улаан өнгийн мотоциклийг 2018 оны 10 дугаар сард Ховд аймгийн Чандмань сумын Сүлжээ багийн иргэн Ц.Оргилсайханд 1900000 төгрөгөөр худалдан борлуулж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж байгаа. Шүүгдэгч Т.*******т багийн Засаг дарга нарыг унаажуулах зорилгоор тендэр зарлан улсын төсвийн хөрөнгөөр худалдан авах ажиллагаа хийгдсэн мотоциклийг хүлээлгэн өгсөн. Тухайн мотоциклийг сумдын Тамгын газар нь хөрөнгийн бүртгэлдээ бүртгэж авах талаархи Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоол 2018 оны 12 сарын 26- ны өдөр гарсан. Шүүгдэгч Т.******* нь тухайн шийдвэр гарахаас өмнө уг мотоциклийг бусдад зарж 1900000 төгрөгийг хувьдаа завшсан. Шүүгдэгч Т.*******ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг шүүхээр тогтоосон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний арван дөрвөн сая төгрөгөөр торгох ял шийтгэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах, шүүгдэгч Т.******* нь гэмт хэрэг үйлдэж 1900000 төгрөг олсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3-т зааснаар хурааж улсын төсөвт шилжүүлэх дүгнэлт, тайлбар гаргав.
Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч нар гаргасан дүгнэлт тайлбартаа: Хэргийн талаар нотолбол зохих байдал бүрэн тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл хэдийгээр Ховд аймгийн 91 багийн Засаг дарга нарт мотоциклийг гаргуулан өгсөн боловч тухайн мотоцикль ямар эх үүсвэрээр бий болсон, Чандмань сумын тамгын газраас тухайн мотоциклийг шүүгдэгч Т.*******т итгэмжлэн хариуцуулахаар өгсөн эсэх, шүүгдэгчтэй эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулагдсан эсэх, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших санаа зорилго байсан эсэхийг шалган тогтоогоогүй тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгож , цагаатгаж өгнө үү...гэх дүгнэлт тайлбар гаргав.
Шүүх хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Т.******* нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар багийн Засаг дарга нарыг унаажуулах ажлын хүрээнд 2018 оны 08 дугаар сард өөрт нь хариуцуулан олгосон БНХАУ-д үйлдвэрлэсэн “Chongoing Hongli“ маркын улаан өнгийн мотоциклийг 2018 оны 10 дугаар сард Ховд аймгийн Чандмань сумын Сүлжээ багийн иргэн Ц.Оргилсайханд 1900000 төгрөгөөр худалдан борлуулж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон гэж үзэж гэм буруутайд тооцож, шүүгдэгч Т.*******ыг...бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, улсын яллагчийн дүгнэлт, тайлбар, хохирогч байгууллагын хууль ёсын төлөөлөгчийн санал болон эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хуулийн шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Т.*******т хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний хоёр сая долоон зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Т.*******т оногдуулсан 2700000 төгрөгний торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар...торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Т.*******т тайлбарлан өгөв.
Шүүгдэгч Т.******* нь өөрийн албан ажлын хэрэгцээнд зориулан өгсөн мотоциклийг бусдад зарж 1900000 төгрөгний орлого олсон гэж улсын яллагчаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,3-т зааснаар шүүгдэгчээс 1900000 төгрөгийг гаргуулан улсын төсөвт шилжүүлэх дүгнэлт тайлбар гаргасан болон гэрч нарын мэдүүлгээр тухайн мотоциклийг 1900000 төгрөгөөр зарсан нь тогтоогдож байх тул шүүгдэгч Т.*******аас гэмт хэрэг үйлдэж олсон орлого 1900000 төгрөгийг гаргуулан улсын төсөв шилжүүлэхээр тогтов.
Эрүүгийн 1936003440261 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,цагдан хоргдсон хоноггүй, хохирол бодит байдлаар төлөгдсөн болохыг дурдав.
Шүүгдэгч Т.*******ын 500000 төгрөг бүхий ХААН банкны 5860011891 дугаарын дансыг битүүмжилсэн прокурорын 2019 оны 12 сарын 23- ны өдрийн 5/135 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай “ тогтоолыг торгох ял болон хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ биелэгдэх хүртэл хэвээр үлдээв.
Шүүгдэгч Т.*******т цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8,36.10,36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Т.*******ыг хоёр манга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний хоёр сая долоон зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Т.*******т оногдуулсан 2700000 төгрөгний торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн 1936003440261 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирол бодит байдлаар төлөгдсөн болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,3-т зааснаар шүүгдэгч Т.*******аас 1900000 төгрөг гаргуулан улсын төсөвт шилжүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Т.*******т тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Т.*******т оногдуулсан 2700000 төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.
7. Шүүгдэгч Т.*******ын 500000 төгрөг бүхий ХААН банкны 5860011891 дугаарын дансыг битүүмжилсэн прокурорын 2019 оны 12 сарын 23- ны өдрийн 5/135 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай “ тогтоолыг торгох ял болон хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ биелэгдэх хүртэл хэвээр үлдээсүгэй.
8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Т.*******т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА