| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвээгийн Ариунболд |
| Хэргийн индекс | 186/2020/0319/Э |
| Дугаар | 335 |
| Огноо | 2020-04-27 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | М.Энхбаатар |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 27 өдөр
Дугаар 335
2020 04 27 2020/ШЦТ/335
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхтөр,
улсын яллагч М.Энхбаатар,
шүүгдэгч Т.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Рэнхүү овогт Төмөртогоогийн Мт холбогдох эрүүгийн 2011 0000 00371 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1976 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Төв аймгийн Бүрэн суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, хувийн мал аж ахуй эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 12-р хороо, Булгын 20-1112б тоотод оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй гэх Рэнхүү овгийн Төмөртогоогийн М, /РД: _______________/,
Шүүгдэгч Т.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Т.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12-р хороо, Булгын 20-1114б тоотод байх гэртээ эхнэр болох Я.Алтантуяатай маргаж улмаар түүний нүүр рүү нь цохих, цамцнаас татах зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь
Шүүгдэгч Т.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв
Шүүгдэгч Т.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Би Төв аймагт мал маллаж байгаад 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдөр гэртээ ирэхдээ нэг шил 0,75 граммын архи аваад өөрийн эхнэр Я.Алтантуяа, Нямаа нартай архиа хувааж уучихаад орой 21-22 цагийн үед унтах гээд хэвтэж байгаад Алтантуяад хандаад “Чи битгий архи уугаад гадуур битгий дэмий тэнээд бай, цүнхэн дотор чинь байсан бэлгэвч хаана байна” гэсэн Алтантуяа урдаас уурлаад хэл амаар доромжлоод байхаар нь уур хүрээд нүүр рүү нь цохиод цамцнаас нь зулгаасан чинь миний охин Бүжинлхам хүрч ирээд больцгоо гээд намайг Алтантуяагаас холдуулсан..." гэх /хх-ийн 36-38х/,
Хохирогч Я.Алтантуяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр манай нөхөр М Төв аймгаас 24-22 цагийн үед дэлгүүрээс 0,75 граммын архи аваад ороод ирсэн. Тэгээд Нямаа, М бид 3 авсан архиа ууж дуусгаад унтахаар болсон чинь М “...би Нямаатай унтана, өөр өрөөнд унт” гэхээр нь миний уур хүрээд “... Би амьд хүн байгаа биздээ, Нямаа чи ямар сонин хүүхэн бэ нөхрөө хөдөө орхиж ирээд миний нөхөртэй ..” гэж хэлж дуусаагүй байсан чинь М “ Чи Нямааг битгий доромжлоод бай” гэж хэлээд миний зүүн нүд рүү гараараа цохиод зүүн талын шуунаас татаж чангаагаад байсан чинь цаад талын өрөөнөөс миний охин Бүжинлхам гарч ирээд салгасан. Зүүн зовхи, зүүн хацар, зүүн бугалга, шуунд цус хуралт, зүүн бугалганд зулгаралт гэмтлийг манай нөхөр М учруулсан...” гэх /хх-ийн 9-10х/,
Гэрч М.Бүжинлхам мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр манай малчны эхнэр Нямаа, ээж нарын хамт байж байсан чинь аав төв аймгаас ирсэн. Ирэхдээ 0,75 граммын архи авч ирээд тэр 3 21-22 цаг хүртэл ууцгаасан. Би байшингийнхаа өөр өрөөнд сууж байсан чинь цаад талын өрөөнөөс аав “ чиний цүнхэнд байсан 3 ширхэг бэлгэвчийг 1 нь хаана байна яагаад 2 үлдчихсэн байгаан чи ер нь ажлаасаа яагаад оройтож ирээд байгаан битгий архи ууж тамхи тат гэх мэтээр ээж рүү орилж байгаа сонсогдож байсан чинь гэнэт ээж орилхоор нь яваад очсон чинь аав ээжийн хоолойг хананд шахаад зогсож байхаар нь би аавыг араас нь тэврээд холдуулах гэсэн чинь дийлэхгүй байсан. Тэгсэн аав баруун гараараа ээжийн нүд рүү нь цохиод авсан. Нямаа эгч бид хоёр аавыг ээжээс салгасан. Тэгээд ээж нүүрээ хүйтэн усаар угаагаад зогсож байсан. Миний ээж анхны төрөлтөөсөө хойш сэтгэцэд нь жоохон өөрчлөлт орсон. Сар бүр шар хадны эмнэлэгт очиж эмчээс эм авч уудаг хавар болохоор жоохон уурлаад сонин сонин юм яриад байдаг. Бүүр сэтгэц мэдрэлийн өвчтэй хүн бол биш ..” гэх /хх-ийн 16-17х/,
Гэрч Д.Нямаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Төв аймагт айлын мал малладаг юм. 2020 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод Алтантуяаг дагаж ирээд гэрт нь байсан юм. 2020 оны 03 дугаар сарын 24-ний оройн 19-20 цагийн үед Алтантуяагийн нөхөр М Төв аймгаас ирэхдээ 0,75 граммын нэг архи авч орж ирсэн. Тэгээд Алтантуяа, М бид 3 нөгөө архийг нь хувааж уугаад сууж байсан чинь М “...Алтантуяа чи архи, тамхи хэрэглээд, гадуур их дэмий тэнээд байна...” гээд уурлаад байсан чинь Алтантуяа урдаас нь уурласан чинь М Алтантуяагийн хоолойг нь хананд шахсан чинь цаад өрөөнөөс Бүжинлхам орж ирээд Мыг холдуулах гэсэн дийлэхгүй байхаар нь би босоод болиулах гэтэл шууд Алтантуяагийн зүүн нүд рүү нь цохиод авсан. Тэгэхээр нь Мыг Бүжинлхам бид хоёр нийлж байгаад Алтантуяагаас холдуулсан. Тэгсэн чинь М, Алтантуяагийн цамц, гарнаас нь татаж чангааж байгаад гэрээс гараад удалгүй буцаж орж ирээд бид нар унтсан...” гэх /хх-ийн 18-19х/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн №4068 дугаартай дүгнэлтэд:
Я.Алтантуяагийн биед зүүн зовхи, зүүн хацар, зүүн бугалга, шуунд цус хуралт зүүн бугалганд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги, алдалтанд нөлөөлөхгүй гэх /хх-ийн 21-22х/,
Шүүгдэгч Т.Мын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 43х/,
Шүүгдэгч Т.М хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт /хх-ийн 52х/,
Хохирогч Я.Алтантуяа хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт /хх-ийн 53х/,
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 57х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч Т.Мыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Т.М нь дөрвөн зуун далан нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун далан мянган төгрөгийн торгуулийн ял оногдуулах прокурорын саналыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул торгуулийн ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Рэнхүү овгийн Т Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Мыг 470 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 470,000 / дөрвөн зуун далан мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.АРИУНБОЛД