Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 2020/ШЦТ/25

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

нарийн бичгийн дарга Б.Азжаргал,

улсын яллагч Э.Нэргүй,

хохирогч С.Н,

шүүгдэгч Э.Э, түүний өмгөөлөгч С.Г  нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч З овогт Э-н Э-д холбогдох эрүүгийн 2017000400028 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1991 оны 11 дүгээр сарын 02-нд Дорноговь аймгийн Сүмбэр суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Г аймгийн С сумын  дугаар баг, Найрамдал хотхоны ... дугаар байрны ... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, урьд нь Сум дундын 6 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 02/А дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар, 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын баривчлах ялаар шийтгүүлж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан ялыг нэмж нэгтгэн 5 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлснийг Говьсүмбэр, Дорноговь аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 61 дугаартай магадлалаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, цагдан хоригдсон 190 хоногийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 сарын баривчлах ялыг эдэлсэнд оруулан тооцсон, Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоногийн баривчлах ялаар тус тус шийтгүүлсэн гэх З овогт Э-н Э РД:/ЕЙ/

 

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Яллагдагч Э.Э нь согтуугаар 2020 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Сүмбэр сумын 3 дугаар баг, Найрамдал хотхоны 5 дугаар байрны 4-52 тоот гэртээ хамтран амьдрагч С.Н-н хоолойг боох, толгой болон зүүн дал хэсэг рүү гараараа цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ. Шүүгдэгч Э.Э нь согтуугаар 2020 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Найрамдал хотхоны 5 дугаар байрны 4-52 тоот гэртээ хамтран амьдрагч С.Н-н хоолойг боох, толгой болон зүүн дал хэсэг рүү гараараа цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

1.1. Шүүгдэгч Э.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2020 оны 02 дугаар сарын 09-ний өдөр найз О, Ж 2-той таараад нэг шил архи аваад манайд орж уусан. Манайхаас гараад дэнжид очоод архи уусан. Тэгээд гэртээ ирсэн чинь эхнэр хардаад уурлаад байхаар нь уурандаа 2-3 удаа цохисон. Тэрнээс хүзүүг нь хугална гэж хэлээгүй гэв.

 

1.2. Хохирогч С.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2020 оны 02 дугаар сарын 09-ний орой 23 цагийн үед Э согтуу орж ирсэн. Тухайн үед би бага хүүгээ унтуулаад хэвтэж байсан. Тэгсэн Э хажуугаар орж ирээд хэвтсэн. Тухайн үед би малгайтай цамцтай байгаагүй нүцгэн байсан. Тэгсэн Э миний араас татаад хүзүүнээс боосон. Тэгэхээр нь би яагаад байгаа юм бэ гэсэн чинь Э миний толгой руу цохисон. Намайг босох гэсэн татаж унагаж байгаад боогоод цээжин дундуур цохисон. Тэгэхээр нь би босоод халаадаа өмсөөд гараад зугтаагаад 5 дугаар байрны дэлгүүрийн хажуунаас хүний утсаар цагдаа дуудсан. Одоо гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй гэв.

1.3. Гэрч Б.С мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2020 оны 02 дугаар сарын 10-ны үед манай охин Н над руу Э-г зодоод байна гэж хэлсэн. Тэгээд би нөхрөө явуулаад Н-н 4 хүүхдийнх нь хамт Улаанбаатар хотод гэртээ авчируулсан. Н надад ярихдаа Э шөнө гаднаас согтуу орж ирээд би Танай 2 гөлөгт юм хэлдэггүй шүү, давраад байгаа шүү гэж хэлээд Н-г зодсон гэсэн. Н Э-той суухдаа 2 дагавар хүүхэдтэй суусан юм. Н ер нь зодоод байдаг юм шиг байна лээ, надад хэлэхгүй нуугаад байдаг юм шиг байгаа юм. 2019 оны Боржигон наадмын үед л санагдаж байна. Би наадам үзэх гээд ирсэн байсан юм. Н цээжээр хөндүүрлээд байна, горьдоод хөх өвдөөд байх шиг байна гэж хэлсэн. Дараа нь өвдөөд болохгүй байна гэхээр нь дүү рүүгээ яриад очоод эмнэлэгт үзүүлээдэх гэсэн чинь Н-н хавирга нь хугарсан байна гэж хэлж байсан. Тухайн үед мөн зодсон юм шиг байна лээ... гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/,

 

1.4. Гэрч Д.Н мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр С-н Н гэх хүн үзүүлсэн байна. Хавирганы хугарал гэсэн оношоор үзүүлсэн байна. Үзлэгээр цээжний зүүн талд суганы дунд шугамаар 6, 7 дугаар хавирганы түвшинд эмзэглэл ихтэй байсан байна. Энэ анхны онош байгаа юм. Рентген зураг авахуулж байж эцсийн онош тодорхой болох ёстой. Маргааш нь надад үзүүлсэн байна. 1 хавирганы хугарал байсан байна. Хэддүгээр хавирга хугарсан байсныг тухайн өвчтөний картан дээр тодорхой бичсэн байх ёстой... гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/,

 

1.5. Гэрч Ц.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

Цагдаагийн шинжээч эмч Б.Сэргэлэн эмчийн бичгээр шинэ зураг авахуулж үзүүлсэн. Тухайн үед цээжний эгц рентген зураг авахуулсан. Тухайн үед урд оны хавирганы хугарал тодорхойлуулах гэж зураг авахуулсан. Зураг авч үзэхэд шинэ хугарал болон хуучин хугаралын бороололт гэх сүүдэр олоогүй.

            ...Ийм зөрөөтэй хугарал бороолсон бол харагдана. Харин цуурал зөрөөгүй хугарал байсан бол мэдэгдэхгүй байж болно... гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/,

 

1.6. Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 45 дугаартай дүгнэлтэд:

- С.Н-н биед толгойн баруун хэсгээр зөөлөн эдийн няцрал, зүүн бугалганд, зүүн далны орчимд, хүзүүний зүүн талаар цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

- Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

- Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй болно.

Дүгнэлт гаргасан: Ахлах зэргийн шинжээч эмч, ахмад Л.Жаргалтогтох гэжээ. /хх-ийн 31-32 дугаар хуудас/,

 

1.7. Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 107 дугаартай дүгнэлтэд:

- Н.С-н биед гэмтэл тогтоогдсонгүй.

Дүгнэлт гаргасан: Ахлах зэргийн шинжээч эмч, ахмад Л.Жаргалтогтох гэжээ. /хх-ийн 35 дугаар хуудас/,

 

1.8. Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 78 дугаартай дүгнэлтэд:

- С.Н-н биед гэмтэл тогтоогдсонгүй.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Б.Сэргэлэн гэжээ. /хх-ийн 39 дүгээр хуудас/,

 

1.9. Шинжээч Б.С мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

            С.Нандинцэцэгийн биед үзлэг хийхэд 2019 оны 08 дугаар сард бусдад зодуулсан, хавирга хугарч байсан гэх асуумжинд үндэслэн аймгийн нэгдсэн эмнэлгийн цээжний рентген зураг авахуулж ир гэж явуулсан бөгөөд тус шинжилгээний хариу цээжний эгц байрлалд авсан рентген зурагт хавирганы хугаралын сүүдэржилтгүй байна эмч Ц.Б гэж байсан. Ямар нэгэн ясны хугаралыг тодорхойлохдоо рентген зурагт үндэслэж дүгнэлтийг гаргадаг. 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн рентгений эмчийн шинэ тодорхойлтод үндэслэн дүгнэлтийг гаргасан юм. Хэрэг болсон үедээ үзүүлсэн эмнэлгийн бичиг баримт С.Н байхгүй байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 41 дүгээр хуудас/,

           

1.10. Хохирогч С.Н-н Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хх-ийн 6 дугаар хуудас/,

 

 1.11. Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 7-8 дугаар хуудас/ зэрэг болно.

Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Э.Э үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүгдэгч Э.Э нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.

Уг гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нь шүүгдэгч Э.Э нь согтууруулах ундааг зохистой хэрэглээгүйгээс гарсан байна гэж шүүхээс дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч Э.Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

ХОЁР. Шүүгдэгч Э.Э эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

2.1. Гэрч Б.С мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би хааяа нэг Чойрт ирдэг. Тэгэхэд Э-той уулзахад дуугай л сууж байдаг. Надад элдэв янзын ааш зан гаргаж байгаагүй. Ээж сайн уу гээд л байж байдаг... гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/,

 

2.2. Гэрч Ц.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Э-н хувьд гагнуурчин мэргэжилтэй. Хувиараа гагнуур хийж гэр орноо авч явдаг. Хүнтэй эвсэг, тусархаг, цайлган цагаан санаатай хүүхэд байгаа юм. Миний хувьд хүүгээ муу хэлэхээр зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/,

 

2.3. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 64 дүгээр хуудас/,

 

2.4. Сум дундын 6 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 67-78 дугаар хуудас/,

 

2.5. Сум дундын 6 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 02/А дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 79-91 дүгээр хуудас/,

 

2.6. Говьсүмбэр, Дорноговь аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 61 дугаартай магадлалын хуулбар /хх-ийн 92-107 дугаар хуудас/,

 

2.7. Шүүгдэгч Э.Э, хохирогч С.Н нараас Говьсүмбэр аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 118-119 дүгээр хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Э.Э эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

Прокуророос шүүгдэгч Э.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600 000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүхэд гаргасан байна.

 

Иймд шүүгдэгч Э.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-д оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг түүний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

 

Шүүгдэгч Э.Э нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

           

            Шүүгдэгч Э.Э нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болно.

           

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч З овогт Э-н Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Э.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Шүүгдэгч Э.Э нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Э.Э нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Т.ЭНХМАНДАХ