| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Өлзийн Уянга |
| Хэргийн индекс | 181/2016/01837/и |
| Дугаар | 44 |
| Огноо | 2017-01-02 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 02 өдөр
Дугаар 44
2017 оны 01 сарын 02 өдөр Дугаар 181/ШШ2017/00044 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 18-49 тоотод оршин суух, Сартуул овогт Бухаагийн Ганхүү /РД:СЕ77122917/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Бага тойруу 24-01, Монре даатгалын байранд байрлах, “Монре даатгал” ХХК /РД:2027933/-д холбогдох,
Даатгалын нөхөн төлбөрт 4,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Алтансүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Отгонбаатар нь нэхэмжлэгч Б.Ганхүүг төлөөлж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Б.Ганхүү миний бие “Монре даатгал” ХХК-тай 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 1 жилийн хугацаатай Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээг байгуулсан. Тус гэрээгээр “Монре даатгал” ХХК нь гэрээний 8.2.2-т “Даатгалын тохиолдол болсон үед мөнгөн төлбөрийг хууль болон гэрээгээр тохиролцсон хугацаа, хэмжээнд олгох” заасан үүргийг даатгуулагч Б.Ганхүүгийн өмнө хүлээсэн.
Б.Ганхүү нь 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Багануур дүүргийн нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн 13-63 УНГ улсын дугаартай тоёота королла маркийн автомашиныг жолоодон явахдаа талийгаач Ц.Гүндэгмааг мөргөж амь хохироосон гэмт хэрэгт холбогдож, Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 111 тоот шийтгэх тогтоолоор ял шийтгэгдэж, өршөөл үзүүлэх тухай 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн хуульд хамрагдсан юм.
Тэрээр үйлдсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж, талийгаачийн буяны ажлын зардалд 4,500,000 төгрөгийг хохирогчийн ар гэрийнхэнд төлсөн байдаг. Энэхүү мөнгийг “Монре даатгал” ХХК-аас 2015 оны 11 дүгээр сард нэхэмжилсэн боловч тус компаниас Б.Ганхүү нь зам тээврийн осол болсон даруйд даатгагч болон замын цагдаагийн газарт хандалгүй ослын газрыг орхин явсан нь Жолоочийн даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2-т даатгалын тохиолдол гарсан талаар даатгагч, цагдаагийн байгууллага болон даатгагчид мэдэгдэх, даатгалын баталгааг шалгуулах гэсэн заалтыг зөрчин цагдаагийн байгууллага болон даатгагчид мэдэгдэх үүргээ биелүүлээгүй байх тул мөн хуулийн 13.5-д Даатгуулагч энэ хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.4-т заасан үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүйн улмаас үүсэх үр дагаврыг даатгагч, жолоочийн даатгалын сан хариуцахгүй бөгөөд хохирлыг даатгагч өөрөө хариуцна гэж заасны дагуу даатгалын нөхөн төлбөр олгох үндэслэлгүй болохыг мэдэгдэж байна гэсэн хариу өгсөн болно. Энэхүү шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна.
Б.Ганхүү нь ослын газрыг орхин яваагүй бөгөөд осол гарсан даруйд цагдан хоригдож даатгалын тохиолдлын талаар мэдэгдэх боломжгүй байсан. Мөн Жолоочийн даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2-т мэдэгдэх үүрэгтэй гэсэн болохоос мэдэгдэх хугацааны хэмжээ хязгаарлалтыг тогтоогоогүй байна. Б.Ганхүү нь даатгалын тохиолдол болон нөхөн төлбөр хүссэн талаар шүүхээс бүх асуудал шийдэгдэж дууссаны дараа буюу 2015 оны 11 дүгээр сард даатгалын компанид бичгээр мэдэгдсэн. Мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.4-т заасан хүндэтгэн үзэх шалтгаан гэдэгт цагдан хоригдсон нөхцөл байдал орно гэж үзэж байна.
Жолоочийн даатгалын тухай хуулийн 2.1-т Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хуулиас бүрдэнэ гэж заасан байх бөгөөд Иргэний хуулийн 439 дүгээр зүйлийн 439.3-т “Даатгуулагч даатгалын тохиолдол бий болсны мэдээллэх үүргээ биелүүлээгүй боловч энэ нь даатгагчийн ашиг сонирхолд ноцтой хохирол учруулаагүй бол даатгагч үүргээс чөлөөлөгдөхгүй” гэж заасан байна. “Монре даатгал” ХХК-д ноцтой хохирол учраагүй байхад даатгалын нөхөн төлбөрийг олгохоос татгалзсан нь хууль зүйн үндэслэлгүй.
Тиймээс Монгол Улсын Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-т “Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөнд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж заасныг үндэслэн “Монре даатгал” ХХК-аас даатгалын нөхөн төлбөр 4,500,000 төгрөг шаардаж байна.
Иймд хариуцагч “Монре даатгал” ХХК-аас 4,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч Б.Ганхүү нь “Монре Даатгал” ХХК-тай 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 13-63 УНГ улсын дугаартай “Toyota Corolla” маркийн автомашинд 14101000410431 тоот дугаартай Жолоочийн хариуцлагын даатгалын гэрээг 1 жилийн хугацаатай байгуулан даатгуулсан бөгөөд энэхүү гэрээний нөхцөлд даатгалын эрсдэл, осол хохирлын газарт авах арга хэмжээ, нөхөн төлбөр олгох хугацаа, даатгалд хамрагдахгүй байх нөхцөл болон даатгалтай холбогдох бусад харилцааны талаар харилцан тохиролцож тусгасан.
Нэхэмжлэгч Б.Ганхүү нь “Toyota Corolla” маркийн 13-63 УНГ улсын дугаартай автомашиныг 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Багануур дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Багануур зоогийн газрын орчимд байрлах замаар зорчин явах үедээ Ц.Гүндэгмааг мөргөж, амь насыг нь хохироосон зам тээврийн осол гаргасан бөгөөд ослын газрыг орхин яваагүй бөгөөд осол гарсан даруйд цагдан хоригдож даатгалын тохиолдлын талаар мэдэгдэх боломжгүй байсан талаар нэхэмжлэлдээ дурдсан байна.
Уг зам тээврийн осолд Замын цагдаагийн газар нь Замын хөдөлгөөний дүрмийн 15.1.А заалт буюу “Замын гэрэлтүүлэггүй хэсэгт холын буюу ойрын гэрлийг асаана. Өөдөөс ирж яваа тээврийн хэрэгсэл хүртэл 150 метрээс багагүй зайд буюу жолоочийг гялбуулж болзошгүй бусад тохиолдолд холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлнэ. Мөн өөдөөс яваа жолооч гэрлээ үе үе шилжүүлэн дохивол зайн хэмжээг үл харгалзан холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлнэ. Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэсэн заалтыг зөрчсөн гэж дүгнэлт гаргасан байна.
Тухайн осол хэргийн хянан шийдвэрлэсэн Багануур дүүгийн Прокурорын газрын яллах дүгнэлтэд Б.Ганхүүгийн мэдүүлэг хэсэгт “Багануур орох гэж явж байгаад хурц гэрэлтэй машинтай зөрсөн. Тэр агшинд нэг юман дээгүүр гараад яваад өгсөн. Тэгээд жоохон явж байгаад эргэж юун дээгүүр гарснаа харах гээд эргээд замаа гэрэлтүүлж харахад зам дээр пивор шиг юм харагдсан. Тэгэхлээр нь өө пивор дээр гарсан байна гээд буцаад эргэсэн. ... Тэгээд би тэр түгээгчийн утасны дугаарыг аваад өөрийнхөө машины дугаарыг утасны дугаартай үлдээгээд явсан. Тэгээд Улаанбаатар хот руу ороод шууд манай гэрийн гадаа ирсэн”, мөн Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын Тодорхойлох хэсгийн Б.Ганхүүгийн мэдүүлэг хэсэгт “Тухайн өдөр Багануур орох гээд явж байхдаа хурц гэрэлтэй машинтай зөрөхдөө нэг юман дээгүүр “түк” гэж дуугараад гараад явчихсан. Эргэж очоод машиныхаа гэрлийг тусгаад харахад 70 см орчим хар өнгийн хуванцар зүйл дээгүүр гарсан байсан. Тухайн шөнө саргүй харанхуй байсан. Хотод очоод хүргэн Г.Цолмонбаатарт машинаа угаалгахаар өгөөд явуулсан” гэж тусгагдсанаар ослын газрыг орхин явсан нь тогтоогдож байна.
Мөн Багануур дүүгийн Прокурорын газрын яллах дүгнэлтийн 9 дүгээр хуудасны Техникийн шинжээчийн 458 дугаартай дүгнэлт хэсгийн 15, 16, 17 дугаар мөр “...Талийгаач нас бараад 08-12 цаг болсон байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь талийгаачийг босоо байрлалд эхэлж үүссэн улмаар дайрагдсан байх боломжтой байна” гэж тусгагдсан нь даатгуулагч Б.Ганхүү нь ослын газарт Замын цагдаагийн газар болон Даатгагч нарт хандаагүй нь тогтоогдож байгаа бөгөөд Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын Тогтоох хэсэгт Б.Ганхүү нь 13 хоног хоригдсон талаар тусгагдсан байна.
Дээрх дүгнэлтээс харахад Б.Ганхүү нь “Toyota Corolla” маркийн 13-63 УНГ улсын дугаартай автомашиныг 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Багануур дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Багануур зоогийн газрын орчимд байрлах замаар зорчин явах үедээ Ц.Гүндэгмааг мөргөж амь насыг нь хохироосон зам тээврийн осол гаргасан гэх бөгөөд ослын газарт Замын цагдаагийн газар болон Даатгагчдаа мэдэгдэлгүй ослын газрыг орхин явсныг прокурор болон шүүхийн шийдвэрээр тогтоосон.
Б.Ганхүү нь зам тээврийн ослын талаар даатгагчид мэдэгдэх боломжтой байсан энэ үүргээ биелүүлээгүй бөгөөд 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр манай компанид нөхөн төлбөрийн материалын бүрдүүлэн ирүүлсэн.
Б.Ганхүү зам тээврийн осол гаргасан даруйдаа ослын газрыг орхин явсан нь 14101000410431 тоот дугаартай Жолоочийн хариуцлагын даатгалын гэрээний 9 дүгээр хэсэг Даатгуулагчийн эрх, үүрэг хэсгийн 9.6 “Даатгуулагч Жолоочийн даатгалын тухай хуулийн 13.1, 13.4 болон энэ гэрээний 9.2.3, 9.2.6, 9.5-д заасан үүргээ хүндэтгэх шалтгаангүйгээр биелүүлээгүйн улмаас үүсэх үр дагаварыг даатгагч хариуцахгүй бөгөөд хохирлыг даатгуулагч өөрөө хариуцна”, Жолоочийн даатгалын тухай хуулийн 13.1.2 “Даатгалын тохиолдол гарсан талаар даатгагч, цагдаагийн байгууллагад мэдэгдэх, даатгалын баталгааг шалгуулах” гэсэн заалтыг зөрчин цагдаагийн байгууллага болон даатгагчид мэдэгдэх үүргээ биелүүлээгүй байх тул мөн хуулийн “13.5 Даатгуулагч энэ хуулийн 13.1, 13.4-т заасан үүргээ хүндэтгэх шалтгаангүйгээр биелүүлээгүйн улмаас үүсэх үр дагаварыг даатгагч, жолоочийн даатгалын сан хариуцахгүй бөгөөд хохирлыг даатгуулагч өөрөө хариуцна” гэж заасны дагуу даатгалын нөхөн төлбөр олгох үндэслэлгүй байна.
Б.Ганхүүгийн нэхэмжлэлд дурдагдсан Иргэний хуулийн 439 дүгээр зүйлийн 439.3-д “Даатгуулагч даатгалын тохиолдол бий болсныг мэдээлэх үүргээ биелүүлээгүй боловч энэ нь даатгагчийн ашиг сонирхолд ноцтой хохирол учруулаагүй бол даатгагч үүргээс чөлөөлөгдөхгүй” гэж заасны дагуу тухайн зам тээврийн ослын нөхөн төлбөрийг олгохоос татгалзах нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж дурджээ.
Даатгалын компани нийт даатгуулагчийн даатгалын хураамжаар нөхөн төлбөрийн санг бүрдүүлдэг. Даатгагч нь даатгалын тохиолдлоор үүссэн эрсдэл хохирлыг даатгалын гэрээ, Даатгалын тухай хууль, Иргэний хууль болон бусад хууль тогтоомжид заасны дагуу нөхөн төлөх үүргийг хүлээдэг. Тухайн гэрээ болон хуулиудад нөхөн төлбөрийг олгохоос хориглосон байхад уг хохирлын нөхөн төлбөрийг олгох боломжгүй бөгөөд ийм тохиолдолд хохирлын нөхөн төлбөрийг олгох нь нийт даатгуулагчдын өмнө хүлээсэн үүрэг болон даатгагч компани өөрийн ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн үйлдэл болно.
Даатгуулагч Б.Ганхүү нь Жолоочийн даатгалын тухай хууль болон Даатгалын гэрээ болон хууль дүрэмд заагдсан даатгуулагчийн хүлээх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч Б.Ганхүүгийн хариуцагч “Монре Даатгал” ХХК-д холбогдуулан тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй болно.
Иймд Б.Ганхүүгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Ганхүү нь хариуцагч “Монре даатгал” ХХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 4,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Б.Ганхүү нь Жолоочийн даатгалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасны дагуу 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр “Монре даатгал” ХХК-тай 14101000410431 дугаартай жолоочийн албан журмын даатгалын гэрээг 1 жилийн хугацаатай байгуулж, даатгалын хураамжид 45,738 төгрөг төлсөн байна.
Зохигчдын хооронд байгуулагдсан жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ нь Жолоочийн даатгалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.4-т заасанд нийцсэн байх ба Б.Ганхүүгээс даатгалын хураамж төлснөөр хүчин төгөлдөр болжээ. Талууд үүнд маргаагүй.
Хууль буюу гэрээгээр даатгагч “Монре даатгал” ХХК нь даатгуулагч Б.Ганхүүг автотээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ бусад этгээдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учруулсан хохирлыг гэрээнд заасан нөхцөл, хэмжээгээр хохирогчид нөхөн төлөх, даатгуулагч Б.Ганхүү нь даатгалын хураамж төлөх, түүнчлэн даатгалын тохиолдол гарсан талаар даатгагч, цагдаагийн байгууллагад мэдэгдэх, даатгалын баталгааг шалгуулах үүрэг хүлээсэн байх ба хэрэв энэ үүргээ хүндэтгэх шалтгаангүйгээр биелүүлээгүйн улмаас үүсэх үр дагаврыг даатгагч, жолоочийн даатгалын сан хариуцахгүй бөгөөд хохирлыг даатгагч өөрөө хариуцах үүрэг хүлээжээ.
Нэхэмжлэгч Б.Ганхүү нь жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний хугацаанд буюу 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдөр өөрийн өмчлөлийн 13-63 УНГ улсын дугаартай “Тоёота королла” маркийн автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1.А-д заасан заалтыг зөрчсөнөөс явган зорчигч Ц.Гүндэгмааг мөргөж, амь насыг нь хохироосон байх ба оршуулгын зардалд 4,500,000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Алтантуяад төлсөн болох нь Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 111 тоот шийтгэх тогтоолоор тогтоогдсон байна.
Талууд гэрээний хугацаанд ийнхүү жолоочийн даатгалын тохиолдол бий болсонд, мөн даатгуулагч Б.Ганхүү энэ ослын улмаас учирсан хохиролд 4,500,000 төгрөгийг хохирогчид төлсөн байдалд маргаагүй.
Харин даатгуулагч Б.Ганхүү өөрийн хохиролд тооцож төлсөн 4,500,000 төгрөгийг даатгагч “Монре даатгал” ХХК-аас даатгалын гэрээгээр тохирсон нөхөн төлбөр гэх үндэслэлээр хариуцагчаас гаргуулахаар шаардсан бол хариуцагч нь гэрээний 9.2.4 болон Жолоочийн даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2-т заасан “даатгалын тохиолдол гарсан талаар даатгагч, цагдаагийн байгууллагад мэдэгдэх, даатгалын баталгааг шалгуулах” үүргээ хүндэтгэх шалтгаангүйгээр биелүүлээгүй тул хохирлыг даатгуулагч өөрөө хариуцна гэх үндэслэлээр нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.
Жолоочийн даатгалын тухай хуулийн 3.1.3, 3.1.10, 4.1.2, 19.2, гэрээний 2.1.1, 2.1.7, 10.2.1-д тус тус заасны дагуу жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний үндсэн дээр даатгагч “Монре даатгал” ХХК нь даатгуулагч Б.Ганхүүгийн буруутай үйлдлийн улмаас даатгалын тохиолдол үүссэн нөхцөлд жолоочийн даатгалын нөхөн төлбөрийг хохирогчид шууд олгох үүргийг хүлээсэн байх тул даатгуулагч нь даатгагчаас нөхөн төлбөр шаардах хууль зүйн үндэслэлгүй байна.
Хэдийгээр даатгуулагч Б.Ганхүү нь хууль болон гэрээгээр даатгагч “Монре даатгал” ХХК-ийн хүлээсэн хохирогчид нөхөн төлбөр төлөх үүргийг түүний өмнөөс гүйцэтгэсэн үйл баримт тогтоогдсон боловч хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч Б.Ганхүү нь даатгалын тохиолдол гарсан талаар даатгагчид мэдэгдэх үүргээ 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл биелүүлээгүйд хүндэтгэх шалтгаан тогтоогдоогүй тул даатгалын тохиолдол бий болсноос хохирогчид учирсан хохирлыг Жолоочийн даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-д зааснаар өөрөө хариуцах үндэслэлтэй тул нэхэмжлэгч Б.Ганхүү аль ч үндэслэлээр хариуцагч “Монре даатгал” ХХК-аас нөхөн төлбөр шаардах эрхгүй юм.
Нэхэмжлэгч нь 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдөр осол гаргасан даруйдаа 13 хоног цагдан хоригдсоныг хүндэтгэх шалтгаан гэж тайлбарласан боловч 2015 оны 5 дугаар сарын 21-ээс 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэлх 5 сар 12 хоногоос 13 хоногт цагдан хоригдсон гэж үзэхэд үлдэх 4 сар 29 хоногт хүндэтгэх шалтгааны улмаас даатгалын тохиолдол гарсан талаар даатгагчид мэдэгдэх боломжгүй байсныг нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.
Иймд Б.Ганхүү нь бусдад учруулсан хохирлоо өөрөө хариуцах үүрэгтэй тул “Монре даатгал” ХХК-аас даатгалын нөхөн төлбөрт 4,500,000 төгрөг гаргуулахыг хүссэн Б.Ганхүүгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Жолоочийн даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-д заасныг баримтлаг “Монре даатгал” ХХК-аас даатгалын нөхөн төлбөрт 4,500,000 төгрөг гаргуулах тухай Б.Ганхүүгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл 7 хоногийн дараа шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Ө.УЯНГА