Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2018/00451

 

Д.М-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 09 дүгээр сарын 21-ий өдрийн 181/ШШ2017/02329 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2465 дугаар магадлалтай,

Д.М-ын нэхэмжлэлтэй,

Н-нд холбогдох,

2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн мэдэгдлийг хүчингүй болгуулах тухай тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Д.М- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 4984 дугаартай захирамжаар Хас банкинд 61.728.639 төгрөг төлөх төлбөртэй. Уг захирамжийн дагуу миний өмчлөлийн Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 171 дүгээр байрны 21 тоот байрыг Ннаас үнэлгээ тогтоож 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 10 цагт хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай мэдэгдлийг өгсөн. Тус мэдэгдэлд үл хөдлөх хөрөнгийн хэмжээ, зориулалт, дуудлага худалдаа хаана болох нь мэдэгдэхгүй байснаас гадна орон сууцыг зах зээлийн үнээс хэт доогуур буюу 100.000.000 төгрөгөөр худалдан борлуулах гэж буй нь хууль зөрчиж байна гэж үзэж байна. Иймд Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 171 дүгээр байрны 21 тоот байрыг 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн мэдэгдлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Н шүүхэд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 28-ны 4984 тоот захирамжаар Д.М-, М.Амармэнд нараас 61.728.639 төгрөгийг гаргуулж Хас банкинд олгохоор шийдвэрлэсэн. Төлбөрийг төлж барагдуулаагүй байх тул үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу битүүмжлэн хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу харилцан тохиролцсон үнэ буюу 200.000.000 төгрөгийн 70 хувиар анхны албадан дуудлага худалдаанд 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр оруулсан боловч худалдан борлогдоогүй тул талуудын харилцан тохиролцсон үнэ буюу 200.000.000 төгрөгийн 50 хувиар хоёр дахь дуудлага худалдаанд 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр оруулсан боловч мөн худалдан борлогдоогүй. Төлбөр төлөгч нар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34.3, 37.3-т заасан хугацаанд гомдлоо гаргаагүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 21-ий өдрийн 181/ШШ2017/02329 дүгээр шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Нны 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн мэдэгдлийг хүчингүй болгуулах нэхэмжлэгч Д.М-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Д.М-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2465 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 181/ШШ2017/02329 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.М- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 сарын 21-ны өдрийн 181/ШШ2017/02329 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 сарын 04-ны өдрийн 2465 дугаар магадлалыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул дараах хяналтын шатны гомдлыг гаргаж байна. 2016 оны 6 дүгээр сарын 28-ны өдрийн 4984 дугаартай захирамжийн дагуу Д.Мөнх- Оргил миний өмчлөлийн Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дүгээр хороолол, 171 дүгээр байрны 21 тоот байрыг Ннаас үнэлгээ тогтоож 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 10 цагт хоёр дах албадан дуудлага худалдаанд оруулах тухай мэдэгдлийг өгсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43 дугаар зүйл 43.3 дах хэсэгт зааснаар Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг төлбөр төлөгч болон Улсын бүртгэлийн газарт явуулах байтал надад тийм тогтоол огт ирээгүй мөн хуулийн 46 дугаар зүйлд заасан шаардлага хангаагүй мэдэгдэл байсан бөгөөд тус мэдэгдэлд үл хөдлөх хөрөнгийн хэмжээ, зориулалт, дуудлага худалдаа хаана болох нь мэдэгдэхгүй байснаас гадна миний өмчлөлийн орон сууцыг зах зээлийн үнээс хэт доогуур буюу 100.000.000 төгрөгөөр худалдан борлуулах гэж буй нь хууль зөрчиж байна гэж үзэж байна. Иймд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 сарын 21-ний өдрийн 181\ШШ2017X02329 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 сарын 04-ний өдрийн 2465 дугаар магадлалд өөрчлөлт оруулж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож, миний үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                     ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Д.М-ын “...албадан дуудлага худалдаанд оруулах тухай мэдэгдлийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг хариуцагч Н эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэжээ.

Нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрээр “Хас банк” ХХК-д 61.728.639 төгрөг төлөх төлбөрөө төлөөгүй, НШГА шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, шүүгчийн захирамжид заасны дагуу барьцааны зүйл болох Баянзүрх дүүргийн 18 хороо, 13 дугаар хороолол, 171А байр, 21 тоотын орон сууцыг битүүмжилж, хураан авсан боловч төлбөр төлөгч төлбөрөө төлөөгүй байна.

Төлбөр төлөгч Д.М- нь албадан дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг 200.000.000 төгрөгөөр тогтоосныг төлбөр авагч хүлээн зөвшөөрч, албадан дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх хөрөнгийн доод үнийг талууд харилцан тохиролцсон нь хэргийн баримтаар тогтоогджээ.

Анхны албадан дуудлага худалдаа 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр болсон боловч үнийн санал ирээгүй байна.

Н 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 5/11 тоот тогтоол гаргаж, дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 2 дах дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэж, энэ тухайгаа 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 3/13914 тоот албан бичгээр төлбөр төлөгчид мэдэгджээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002/ 34 дүгээр зүйлийн 34.3.-т төлбөр авагч, төлбөр төлөгч нь шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаа, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөхгүй бол ажиллагаа явагдсан өдрөөс, уг ажиллагаа хэзээ, хаана явагдсаныг мэдээгүй бол өөрт мэдэгдсэн өдрөөс хойш гомдлоо долоо хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргана. Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж тогтоол гаргах бөгөөд энэ тогтоолыг эс зөвшөөрвөл долоо хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно гэж заасан, нэхэмжлэгч шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар гомдол гаргажээ.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны талаар хуульд нийцсэн дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв боловч хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байхад давж заалдах шатны шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т нийцээгүй байна.

2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр батлагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульд заасан бөгөөд нэхэмжлэгч уг хууль батлагдахаас өмнө явагдсан шийдвэр гүйцэтгэлийн үйл ажиллагаанд гомдол гаргажээ.

Дээрх үндэслэлээр шийдвэр, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2465 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 181/ШШ2017/02329 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002/ 34 дүгээр зүйлийн 34.3-т заасныг баримтлан Нны 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн мэдэгдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Д.М-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.М-ын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ