Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 816

 

   А.Г, Т.Т, Х.Д нарт

      холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Д.Гансүх, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

шүүгдэгч А.Г, түүний өмгөөлөгч Ц.Т ,

нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 298 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан А.Гийн гаргасан давж заалдах гомдлоор А.Г, Т.Т, Х.Д нарт холбогдох 201725030580 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овогт А.Г, 1993 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эх, дүү нарын хамт ___________ тоотод оршин суух,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1236 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр эдлээгүй үлдсэн 3 сар 24 хоногийг хугацааны өмнө тэнсэн суллагдсан, /РД: ....................../;

Б  овогт  Т.Т, 1991 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Дорноговь аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, одоо “Сэнтээхий Монгол” ХХК-д машинистаар ажиллаж байгаа, ам бүл 3, эх, ахын хамт _______________тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: .................../,

Б овогт Х.Д, 1992 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Авто засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эх, эхнэр, 2 хүүхдийн хамт _______________ тоотод оршин суух,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 259 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 5 сарын хорих ялаар шийтгүүлж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, /РД: ........................./,

А.Г, Т.Т нар нь бүлэглэн 2017 оны 3 дугаар сарын 4-ний өглөө Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 23-25-02 тоотод оршин суух иргэн Л.С-ийн гэрийн цонхоор нэвтрэн орж 2 ширхэг дэлгэмэл бурхан, Алтангэрэл судар, 2 ширхэг оёдлын машин зэргийг хулгайлж 383.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

Х.Д нь А.Г, Т.Т нарыг бүлэглэн 2017 оны 3 дугаар сарын 4-ний өглөө Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 23-25-02 тоотод оршин суух иргэн Л.С-ийн гэрийн цонхоор нэвтрэн орж 2 ширхэг дэлгэмэл бурхан, Алтангэрэл судар, 2 ширхэг оёдлын машин зэргийг хулгайлж 383.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэдгийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага албан тушаалтанд мэдээлээгүй гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Чингэлтэй дүүргийн Прокурорын газар: А.Гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар, Т.Тгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар, Х.Дий үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос Х.Дд холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Прокуророос А.Гд холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэг болгон нийцүүлэн өөрчилж, А.Г нь Т.Ттай бүлэглэн, орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Т.Т нь А.Гтэй бүлэглэн, орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, А.Гийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар, Т.Тг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр, 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.Г, Т.Т нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Гийн 107 хоног цагдан хоригдсныг түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тоолох, Т.Т, Х.Д нар цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Т.Тд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж биелэлтэд хяналт тавихыг Хэнтий аймгийн цагдаагийн газарт даалгаж, Х.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч А.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би бие муутай эх, 5 дүүгийн хамт амьдардаг. Эх маань бөөрний дутагдалтай, эрхэлсэн тодорхой ажилгүй. Би бусадтай нийлж хулгай хийсэн. Үүнийгээ ухаарч маргааш нь өөрийн санаачилгаар хулгайлсан эд зүйлийг цагдаад мэдэгдэхээс өмнө бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн. Би өөрийн хийсэн үйлдэлдээ үнэхээр их харамсаж, гэмшиж байна. Ар гэрийн байдал болон хохирогчийг хохирол гомдолгүй болгосныг минь харгалзан үзэж надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч А.Гийн өмгөөлөгч Ц.Т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... А.Гийн гаргасан давж заалдах гомдлыг өмгөөлөгчийн хувьд дэмжиж байна. Гэм буруугийн хувьд маргахгүй. Авсан эд зүйлээ буцааж өгсөн тул хохирол төлбөр бүрэн барагдсан гэж үзэх бүрэн боломжтой. Миний үйлчлүүлэгчийн ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан үзэж оногдуулсан хорих ялыг багасгаж өгнө үү ...” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

А.Г, Т.Т нар нь бүлэглэн 2017 оны 3 дугаар сарын 4-ний өглөө Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 23-25-02 тоотод оршин суух иргэн Л.С-ийн гэрийн цонхоор нэвтрэн орж 2 ширхэг дэлгэмэл бурхан, Алтангэрэл судар, 2 ширхэг оёдлын машин зэргийг хулгайлж 383.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

Х.Д нь А.Г, Т.Т нарыг бүлэглэн 2017 оны 3 дугаар сарын 4-ний өглөө Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 23-25-02 тоотод оршин суух иргэн Л.С-ийн гэрийн цонхоор нэвтрэн орж 2 ширхэг дэлгэмэл бурхан, Алтангэрэл судар, 2 ширхэг оёдлын машин зэргийг хулгайлж 383.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэдгийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага албан тушаалтанд мэдээлээгүй гэмт хэрэгт тус тус үйлдсэн болох нь:

хохирогч Л.С-ийн “... Би 2017 оны 3 дугаар сарын 2-ны өдөр нөхөр Г , хүү У нарын хамт Өвөрхангай аймаг руу сар шинийн золголт хийхээр явсан. Тэгээд байшингаа цоожлоод, дэргэд амьдардаг дүү Б-т захиж хэлээд явсан. 2017 оны 3 дугаар сарын 4-ний өдөр манай охин Б  утсаар яриад гэрт хулгай орсон талаар хэлсэн. Манай охин цагдаад дуудлага өгсөн байсан ба би 2017 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Улаанбаатар хотод ирсэн. Гэртээ ирэхэд байшингийн цонхоор хулгай орсон байсан ба эд зүйлээ бүртгээд үзэхэд гэрийн баруун талд байсан авдар дээрээс даалинтай хөөрөг, зүүн талын шүүгээнд байсан мөнгөн ээмэг, даавуун бурхан 2 ширхэг, судар 1 ширхэг, 2 шил архи, гар оёдлын машин алдагдсан байсан. Манай гэрээс алдагдсан хөөрөг бор өнгийн манан, дунд гарын чулуун хөөрөг байсан ба миний эцгээс үлдсэн юм. Хөөргийг 500.000 төгрөгөөр үнэлнэ. Хөөрөгний даалин нь хөх өнгийн эмжээртэй, уут шиг загвартай, луун хээтэй байсан. Мөнгөн ээмэг нь ягаан өнгийн шигтгээтэй, бөөрөнхий дугариг хийцтэй, 925 сорьцтой, 5 гр хэмжээтэй ээмэг байсан, 40.000 төгрөгөөр үнэлж байна. Дэлгэмэл бурханы нэг нь Жанрайсаг, нөгөөх нь Цагаан дарь эх бурхан байсан. 1990 онд миний эхээс өвлөгдөж ирсэн, хуучин үеийн дэлгэмэл бурхан байсан. Би нэг бурханаа 100.000 төгрөгөөр үнэлнэ. Судар нь Алтангэрэл судар байсан ба 70*10*10 хэмжээтэй, гадуураа шар өнгийн баринтагтай, дээр үеийн хуучны судар байсан. Энэ судар нь 1990 онд миний эцэг, эхээс өвлөгдөж ирсэн ба 50.000 төгрөгөөр үнэлж байна. Гар оёдлын машин нь “Westlake” нэртэй, орос машин байсан. 1992 онд худалдаж авч байсан, 280.000 төгрөгөөр үнэлнэ. Хоёр шил архины нэг нь 0.75 литрийн “Болор” нэртэй архи, нөгөө нь 0.75 литрийн “Eden” нэртэй архи байсан. “Болор” архи нь 21.000 төгрөг, “Eden” архи нь 38.000 төгрөгийн үнэтэй. Уг хоёр архийг задлаад нэг нэг хундагыг авсан байсан. Би хөдөө явахдаа хөөргөө мартаад бурханы хажуу талд тавиад явсан байсан юм. Мөн адвар дотор жижиг цагаан өнгийн уутанд боогоод хийсэн мөнгөний өөдөснүүд байсан. Ойролцоогоор 2 лан мөнгө байсан. Уг мөнгийг 80.000 төгрөгөөр үнэлж байна. 2 ширхэг бугуйвч хийлгэх гэж байсан юм. Манай байшингийн цонхоор хулгайч орохдоо ширээн дээр байсан оросын Мечта плетка дээр гишгээд ширэмийг нь доод төмөртэй нь эвдэлсэн. Ширэмийг нь солиход гарах зардал нь 20.000 төгрөг, мөн хоёр хаалганы цоожийг эвдэлчихсэн байсан. Уг цоожийг солих зардал 20.000 төгрөгийг тус тус нэхэмжилж байна...” /хх-38-39/,

хохирогч Б.Д-ийн “... Би Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 23-25 тоотод байрлах нийтийн байрны 5 тоот өрөөнд амьдарч байгаад болиод хувиараа барилгын ажил эрхэлдэг болоод уг нийтийн байрыг агуулахын зориулалтаар ашигладаг болсон. Тэгээд хааяа ирж эд зүйлээ шалгаад явдаг болсон. Хулгай гарахаас 7 хоногийн өмнө ирж шалгахад ямар нэгэн зүйл алдагдаагүй байсан. Харин хулгай орсон гэж сонсоод ирэхэд газын плетка, газын хошуу зэрэг алдагдсан байсан. цагдаа нар тус нийтийн байрны манай хажуу айлын гэрээс манай өрөөнөөс алдагдсан газын плетка, хошуу зэргийг хураан авч надад хүлээлгэж өгсөн. Өөр эд зүйл алдагдаагүй тул надад учирсан хохирол байхгүй...” /хх-42-43/,

гэрч Т.Х-гийн “... 2017 оны 3 дугаар сарын 3, 4-ний үед байх үдээс хойш Т.Т, А.Г, Х.Д гурав архи уучихсан орж ирсэн. Тухайн үед тэр гурав гаднаас орж ирэхдээ хайрцагтай оёдлын машин, 2 ширхэг улаан өнгийн, хуйлсан бурхан, судар барьчихсан орж ирсэн. Тэгэхээр нь би “юу аваад ирсэн юм бэ, хулгай хийсэн юм биш биз” гэхэд тэр 3 “хулгай хийгээгүй” гэж хэлсэн. Тэгэхээр нь би уурлаад “айлын бурхан гэртээ оруулахгүй, наадахаа гарга” гээд Т.Тгаар гаргуулсан. Би тэр гурвыг яв гэхэд яваагүй унтаад 2 цаг орчим болсон. Тэгээд манай нөхөр ирж байна гэхээр нь би Х.Д, Т.Т нарыг сэрээгээд яв гэхэд автобусны мөнгө өгөөч гэхээр нь 1000 төгрөг өгсөн. Гэтэл орой нь Хэрлэнтуяа эгч утсаар яриад “манай хажуу айлд хулгай орчихсоон” гэж хэлсэн. Хэрлэнтуяа эгчийг утсаар ярихаас өмнө би А.Гээс авчирсан эд зүйлийнх нь талаар асуухад юм хэлэхгүй байсан. Тэгээд би утсаар ярьчихаад “хулгай хийсэн гэж байна шүү дээ. Авсан эд зүйлээ аваачиж өг” гэхэд 2 бурхан, судрыг нь аваад явсан. Тухайн үед хайрцагтай оёдлын машин, улаан өнгийн даавуун бурхан 2 ширхэг, шар өнгийн дөрвөлжин урт судар байсан...” /хх-44-45/,

гэрч Б.Г-ын “... 2017 оны 3 дугаар сарын 4-ний өдөр гэртээ байж байхад манай хадам ах Б залгаад хадам ээж Л.С-гийн гэрт хулгай орсон байна гэж хэлсэн. Б нь манай хадмын байшингийн зэргэлдээ хаалганд амьдардаг юм. Намайг яваад очиход байшингийн хаалга, цонх нь онгорхой байсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Тухайн үед хадам ах Б байшинд ороод үзчихсэн, цагдаад дуудлага өгчихсөн байсан. Тэр үед хадам аав, ээж 2 байгаагүй тул алдагдсан эд зүйлийг тодорхой мэдээгүй. Тэгээд цагдаа ирээд байшинд ороод үзлэг хийхэд нь ороод эд зүйлийг нь бүртгэхэд оёдлын машин, дэлгэмэл бурхан хоёр ширхэг байсан нь алга байхаар нь тэмдэглүүлсэн. Тэгтэл цагдаа нар “зэргэлдээ байшингаас хулгайд алдагдсан эд зүйл олдсон. Хүмүүс нь ирэхээр хэлээрэй” гэж хэлээд явсан...” /хх-47/,

шүүгдэгч Т.Тгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... 2017 оны 3 дугаар сарын 2-ны өдөр би Хэнтий аймгаас Улаанбаатар хотод ирсэн. Тэгээд А.Гийн гэрт очиж байж байгаад бид хоёр Х.Дий гэрт очиход Х.Д эхнэр хүүхэдтэйгээ байсан ба бид гурав хоол идчихээд биллъяард тоглох гээд гарсан. Тэгээд биллъяард тоглож байгаад 17 дугаар сургуулийн автобусны буудал дээр байдаг бааранд орсон. Тэндээсээ 03 цаг болж байхад гараад Х.Дий гэрт очиж хоносон. Маргааш өглөө нь босоод бид гурав Сансарт байдаг биллъяардны газарт өдөржингөө биллъяард тоглож байгаад 23 цаг өнгөрч байхад Х.Дий гэрт очоод 0.75 литрийн “Стандарт” нэртэй архи уучихаад унтах гээд хэвтэж байтал А.Г гараад явчихсан. Тэгээд удалгүй орж ирчихээд буцаад гараад явсан. Тэгээд би унтаж байхад үүрээр орж ирээд намайг явъя гээд байсан. Тэгээд би эрт яах гэж байгаа юм бэ гэхэд манайд очъё гэж хэлсэн. Тэгэхээр нь хамт хашаанаас гарах гээд явж байтал хашааны хаалганы дэргэд шар өнгийн баринтагтай судар, улаан өнгөтэй даавуун бурхан, 2 шил архи, хүрэн хайрцагтай оёдлын машин зэргийг тавьчихсан байсан. Тэгээд А.Г надад хоёр шил архи, бурханыг өгөөд барьчих гэхээр нь би хаанаас авсан юм бэ гэхэд “айлаас авчихсан юмаа, явъя” гэж хэлсэн. Тухайн үед би А.Гийн гэрээс хувцсаа авах гэж байсан юм. Тэгээд бид хоёр такси бариад Баруун салаанд байдаг гэрт нь очсон. Би зардалдаа хэрэглэх гэж байсан 8.600 төгрөгөө таксинд өгсөн. А.Г ээж хараад уурлах байх гээд хоёр шил архийг нь гудамжинд хаясан, бусад эд зүйлсийг үүднийнх нь амбаарт тавьсан. Тэгээд гэрт нь ороод байж байтал А.Г гадаа байгаа эд зүйлсийг оруулаад ир, алга болчино гэж хэлэхээр нь оруулахад А.Гийн ээж нь “ямар учиртай бурхан, оёдлын машин бэ, наад зүйлсээ гарга” гэсэн. Тэгээд А.Г ээжтэйгээ маргалдаад, ээж нь “чи хулгай хийгээд байгаа юм уу” гэхэд А.Г “хамаагүй” гэснээ гэрийнхээ баруун талын орон дээр хэвтээд унтаад өгсөн. Ээж нь наад бурханаа гаргаж тавь гэхээр нь би гадаа үүдний амбаарт нь тавьчихаад ээжээс нь автобусны 500 төгрөг аваад, автобусанд суугаад Х.Дий гэрт очсон. Х.Дий гэрт хоол идэж байж байгаад биллъяард тоглохоор явсан. Тэгээд бид хоёр биллъяард тоглоод байж байтал Х.Дий ээж нь яриад “чи хулгай хийсэн байна, хулгайд алдагдсан зүйлс манай гэрээс гарсан, танай найз А.Г үнэнээ хэлсэн” гэж хэлсэн. Тэр орой 18 цаг болж байхад А.Г айлаас авсан бурхан, сударыг бариад биллъяардны газарт хүрээд ирсэн. Харин Х.Д уурлаад чи хаяагаа хадарлаа гэхэд А.Г авсан эд зүйлээ аваачиж өгье гэж хэлсэн. Тэгээд бид 3 авсан эд зүйлээ өгөх гэхэд тухайн айл нь цоожтой байсан Бид нар гэрийн эзэнийг нь ирэхийг хүлээж байтал А.Г гарч яваад буцаад ороод ирсэн. Тэгэхээр нь нөгөө бурхан, судараа яасан бэ гэхэд ойрхон нуучихлаа, ирэхээр нь өгнө гэж хэлсэн...” /хх-80-81/,

шүүгдэгч Х.Дий мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... 2017 оны 3 дугаар сарын 3-ны өдөр би гэртээ найз А.Г, Т.Т нарын хамтаар хоносон юм. Тэгээд 2017 оны 3 дугаар сарын 4-ний өглөө гэртээ унтаж байтал А.Г нь намайг сэрээсэн. Намайг сэрээд харахад Т.Т гал тогоонд зогсож байсан. Тэгээд А.Г манай гэр лүү явчихаад ирье гэхээр нь гэрийнхээ хаалгыг цоожлоод “гэртээ очиж яах гэж байгаа юм бэ” гэж асуусан чинь хашааны хаалганы дэргэд хайрцагтай оёдлын машин тавьчихсан байсан. Тэгэхээр нь би хаанаас авсан юм бэ гэхэд айлаас авсан гэж хэлсэн. Би уг эд зүйлийг хулгайн эд зүйл гэдгийг гадарласан. Гэхдээ хулгайн эд зүйл юм уу гэж асуугаагүй. Тэгээд А.Г оёдлын машинаа бариад бид гурав такси бариад Баруун салаа явсан. Би хулгайн гэмт хэрэг үйлдээгүй. Сүүлд нь хашааны үүдэнд тавьсан оёдлын машин болон А.Гийн гэртээ очоод энгэрээсээ гаргаж ирсэн бурхан, судар зэргийг хараад хулгайн гэмт хэрэг хийснийг нь мэдсэн. А.Г, Т.Т нарыг хулгай хийснийг зохих байгууллагад мэдэгдээгүй нь миний алдаа болсон...” /хх-96-97/,

шүүгдэгч А.Гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... 2017 оны 3 дугаар сарын 2-ны өдөр гэртээ байж байтал манай найз Т.Т Хэнтий аймгаас ирсэн. Тэгээд Т.Тгийн хамт гэрээс гараад хамаатан Х.Дий утас руу залгахад Сансарт биллъяарданд байна гэхээр нь очсон. Тэнд Х.Дөөр пиво авахуулж ууж байгаад, Х.Дий гэрт очиж бууз жигнэж идсэн. Х.Дий гэрт ууж идэж 2 хоносон. Харин Т.Т 3 дугаар сарын 3-ны өдөр Хэнтий аймаг буцаж явна гээд зардлын мөнгө хэрэгтэй, яаж олох вэ гэж байсан. Тэгээд маргааш нь үүрийн 04 цагийн үед Т.Т бид хоёр Х.Дий гэрээс бие засахаар гарсан. Х.Д гэртээ үлдсэн. Тэгээд Т.Т бид хоёр хулгай хийхээр ярьж тохироод, Х.Дий байрны хажуу айлаас хулгай хийхээр болсон. Х.Дий байр нь нийтийн байр шиг, тус тусдаа хаалгатай, нэг давхар урт байшин байсан. Х.Дий гэрийн хаалганы зүүн талын айлын цонхоор би орсон. Т.Т цонхны дэргэд хүн харж зогссон. Т.Тгийн ээж нь их ууртай хүн байдаг болохоор би байшин руу оруулаагүй гадаа хүн харуулж зогсоосон юм. Намайг цонхоор ороход ширээ харагдсан ба би уг ширээгээр дамжиж орсон. Тэр айлын том өрөөний хэсэгт идээ будаа тавьчихсан байсан. Би тэр үед нилээн согтуу манарсан байдалтай байсан. Тэр айлаас Болор нэртэй архи, буганы зурагтай нэрийг нь мэдэхгүй архи, орос оёдлын машин нэг ширхэг, даавуун бурханы зураг, судар зэргийг хулгайлж аваад гарсан. Би бурханы зураг, судар зэргийг хүрэн өнгийн шкафны дээд тавцангаас авсан, архийг ширээн дээрээс авсан. Тухайн үед цагаан сар болж байсан болохоор архи нь ил байсан. Тэгээд Х.Дий гэр лүү орчихоод, Х.Д, Т.Т бид гурав Баруун салаа руу манай гэр лүү явсан. Тухайн үед би архи барьчихсан, Т.Т оёдлын машин барьчихсан, Х.Д юу барьсныг мэдэхгүй байна. Гэртээ ороход ээж, дүү нар байсан ба би шууд унтаад орой сэрсэн. Намайг сэрээд удаагүй байж байтал ээжийн утас дуугараад Х.Дий ээж ярьж байна, чи айлаас хулгай хийчихсэн юм уу гэхээр нь би одоо юмыг нь аваачиж өгье гэж хэлсэн. Намайг сэрэхэд Т.Т, Х.Д хоёр байхгүй байсан. Тэгэхээр нь би хулгай хийсэн эд зүйлсийг аваад шууд Х.Дий гэрт очиход хүн байгаагүй, хулгай хийсэн айл р уу ороход мөн хүн байгаагүй. Би хулгай хийсэн эд зүйлсээ бариад Х.Дийг биллъяардан дээр байгаа байх гэж бодоод очсон. Тэгэхэд Х.Д Т.Т нар биллъяард тоглоод байж байхаар нь дагуулаад Х.Дий гэрт ирсэн. Нөгөө хулгай хийсэн айлынхаа хүмүүст авсан эд зүйлээ өгчихөөд Х.Дий гэрт ороод унтаж байтал цагдаа нар ирээд бид гурвыг барьсан...” /хх-86-88/ гэх мэдүүлгүүд,

хэргийн газрыг хамгаалсан тэмдэглэл /хх-5/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-6-13/, эд зүйлийн үнэлгээ хийлгэх баримт /хх-35-37/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

А.Г, Т.Т, Х.Д нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан ба мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх Х.Дд холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар хэрэгсэхгүй болгосон, А.Гд холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэг болгон хуульд нийцүүлэн хэргийн зүйлчлэлийг өөрчилсөн нь тус тус үндэслэлтэй байна.

Харин Т.Тгийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан ял нь 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан ялаас хөнгөн байх тул 2002 оны Эрүүгийн хуульд зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж үндэслэлтэй дүгнэсэн атлаа 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заалт буюу хууль буцаан хэрэглэх заалтыг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Түүнчлэн шүүхээс Т.Тд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж шийдвэрлэсэн нь хуулийн шаардлагыг хангаж байна.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэхэд А.Гд 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 5 сар хорих ял оногдуулсан нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, түүний хувийн байдалд тохирсон байх ба давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр түүнд оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлэх үндэслэлгүй байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч А.Гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 298 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт гэж хуулийн зүйл, хэсэг, заалтыг зөв бичих ёстой атал анхан шатны шүүх “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэг” гэх мэтчилэн хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу бичиж байгааг цаашид анхаарвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.5 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 298 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

  - 4 дэх заалтад “А.Гийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар, Т.Тг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр, 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй” гэснийг “А.Гийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар, Т.Тг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргаж, эсэргүүцэл бичиж болохыг мэдэгдсүгэй. 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.ОЧ

ШҮҮГЧИД                                                       Д.ГАНСҮХ

                                                                        Д.ОЮУНЧУЛУУН