Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 02

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч ******* даргалж, тус шүүхийн А танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: Дундговь аймгийн Сайнцагаан сумын ******* дугаар баг ******* ******* тоотод оршин суух ******* овогт Б. Т

Хариуцагч: Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Э.Ч хариуцагдах, 

Нэхэмжлэлийн шаардлага: “Аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Б/0******* тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай”

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Т, түүний өмгөөлөгч Д.Г, хариуцагч Э.Ч, түүний өмгөөлөгч С.Т, гэрч Б.Б, Ц.У, Т.Н, Д.Г, нарийн бичгийн дарга ******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Б.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... хууль бус, хувийн сэдэлтээр үндэслэлгүйгээр ажлаас халж миний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөнд туйлын гомдолтой байна. ГХБХБГ-ын дарга Э.Ч ёс зүйгүй талаар дурьдвал:

1.ГХБХБГ-ын дарга Э.Ч нь миний биеийг амаржсаны дараа ажилдаа орох гэхэд элдэв шалтгаанаар хойшлуулан байж ажилд оруулсны дараа албан тушаал, мэргэжлийн дагуу дээд газраас зохион байгуулсан мэргэжил, мэдлэг дээшлүүлэх сургалт, семинарт огт явуулахгүй, өөр албан тушаалтан, мэргэжлийн бус хүн явуулах, албан ажлаар хөдөө явахаар томилогдох, хэрэгцээ шаардлага гарсан ч явуулахгүй, түүнчлэн эрүүл мэндийн байдлаас чөлөө авч яаралтай Улаанбаатар хот явж эмчлүүлээд ирэхэд албан бичиг хойшлуулсан гэх үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулах зэргээр зүй бус үйлдэл гарган дарамталж байсан. ...

2.Төрийн албан хаагч Б.Т би ГХБХБГ-ын дарга Э.Ч найз болох иргэн Д.Г 2 жилийн өмнө “2 сарын хугацаатай мөнгө зээлээч” гэж гуйсны дагуу банкнаас 14 сая төгрөгийн цалингийн зээл авч зээлдүүлсэн боловч одоог хүртэл авч чадаагүй тул аймгийнхаа Сум дундын 11 дүгээр шүүхэд гомдол гаргасан билээ. /Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 сарын 19-ны өдрийн 139/ШШ2017/00206 тоот шийдвэрийг хавсаргав/. Ийнхүү шүүхэд гомдол гаргасан үеэс эхлэн Д.Г нь хувийн асуудлаа албан ажилтай хутгаж, өөрийн найз Э.Ч үгсэн тохирч, Д.Г дүү Б.Б 2013 оны гэрчилгээний мөнгө 115200 төгрөг тушаалгаагүй гэрчилгээ олгогдсон байна хэмээн дарамталж, мөнгийг нь тушаахыг шаардсан. Миний бие нь уг баримтыг архиваас үзэж шалгах болоход материал нь байхгүй харин дарга Э.Ч нь өөрөө авсан байсан, баримт нотолгоог устгасан эсхүл нэмсэн байх. Энэ байдал үргэлжилсээр 2017 оны ээлжийн амралтаа эдлээд ажилдаа орсон өдрөөс эхлэн дахин “хална” гэж дарамтлаж ажлаас халах үндэслэл хайж улмаар өөрийн найз, бизнесийн хамтрагч Д.Н нь эхнэр Д.Г гаргасан худал, гомдол мэдээлэл 42,000,000 төгрөг гэх үндэслэлгүй баримтыг нягтлан шалгалгүй бусадтай нийлж, хуурамч бичиг, баримт бүрдүүлэн хилс хэрэгт гүтгэн Төрийн албаны тухай хуулийн 25, 26.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-ийг тус тус зөрчин 2017 оны 9 сарын 15-ны өдөр төрийн албанд 1 жилийн хугацаагаар эргэж орох эрхгүйгээр халах тухай Б/0******* дугаар тушаал гаргасан байна.

Б/0******* дугаар тушаалын үндэслэл гэж үзээд байгаа нь: Д.Г дүү Б.Б 2013 оны гэрчилгээний мөнгө 115200 төгрөг тушаагаагүй байгаа нь төрийн захиргааны албан хаагч Б.Т би төрийн жинхэнэ албан хаагчийн ёс зүйн дүрэм зөрчсөн гэж үзэхгүй байна. Учир нь: Газар эзэмших аймгийн Засаг даргын захирамж батлагдсаны дараа тус албаны дарга гэрчилгээнүүдийг баталгаажуулж гарын үсэг зурдаг, тухайн газар эзэмшиж буй иргэн, аж ахуй нэгж нь гэрчилгээний төлбөрийг өмнө эсвэл хойно тушаах талаар зохицуулсан эрх зүйн акт байхгүй, ийм учраас гэрчилгээгээ авснаас хойш сүүлд нь төлбөрөө тушаах явдал гарч л байдаг. Иймд ГХБХБГ-ын дарга Э.Ч 2017.09.15-ны өдөр гаргасан сахилгын шийтгэл ногдуулах тушаалыг эс зөвшөөрч Дундговь аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлд хандсан боловч Дундговь аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн тогтоол ГХБХБГ-ын дарга Э.Ч тушаалыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзсэнийг эс зөвшөөрч байгаа тул өөрийн зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандлаа” гэжээ.  

Нэхэмжлэгч Б.Т шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “ ...  Би цалингийн зээл хийж 2015 оны 11 сард Г 14 сая төгрөгийг 2 сарын хугацаатай зээлдүүлсэн. Гэвч Г өгөлгүй жил болсон. Ингээд би шүүхэд хандсан. Энэ шүүхэд хандсан үеэс буюу 2017 оны 4 сараас эхлэн ******* нь намайг ажлаас халах ажлаа эрчимжүүлж гэдэг хүний үгээр намайг худлаа гүтгэж гэрчилгээний үнэ тушаалгаагүй гэдэг үндэслэлээр ажлаас халсан. Мөн зөрчил гаргаснаас хойш 6 сар, зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар өнгөрсөн бол шийтгэл ногдуулж болохгүй гэж хуульд заасан байхад хуулийг зөрчиж сахилгын шийтгэл ногдуулсан. Ч архиваа шалгаж үзсэн нь үнэн. Энэ үед зөрчилтэй асуудал их байсан бөгөөд олон айл гэрчилгээний үнийг төлөөгүй байсан юм. Тухайн үед хүмүүс мөнгөө эргээд тушаая, одоо байдаггүй гэдэг байсан. Гэтэл яагаад зөвхөн энэ 3 айлд анхаарлаа хандуулж сонгож авсан юм бэ?

2013 онд үнэлэгдсэн D үнэлгээний тухайд тэр үед манай байгууллагад дэд даргын асуудал яригдаж байсан юм. Б дарга Р дэд дарга болгохын тулд миний хийсэн ажлыг үгүйсгэж үнэлсэн. Би тухайн үед нь үнэлгээг хүлээн зөвшөөрч гарын үсгээ зураагүй. Аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн А/567 тоот захирамжийн тухайд тайлбар хэлье. Би даргатай хамт захирамжийн төслөө төлөвлөөд Засаг дарга дээр ордог байсан. Засаг дарга захирамж дээр гарын үсэг зурсан захирамжийг хянаж үзээд намайг дуудаж бүх хүмүүсийн талаар асуухад би эхнээс нь бүгдийг хэлж, Б би манай хамаатан гэж хэлж байсан. Гэтэл Засаг дарга чи хамаатандаа газар авах ёсгүй гэсэн. Ингээд би Б нэрийг хасч, тэр үед хүсэлт өгсөн байсан *******ын нэрийг оруулж хавсралтыг дахин солиулсан. Тамгын газрын архивт нэр нь өөрчлөгдсөн хавсралт нь яагаад ороогүйг би мэдэхгүй. Хавсралтыг солиулаад он, сар, дугаарыг бичээд тамгыг даруулах эрх надад байхгүй учраас би хууль бусаар захирамж үйлдээгүй. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Ч нь чи сайн ажилтан, чамайг ажлаас халахгүй, харин Г хал гээд байна. Тиймээс мэдүүлгээ санамсаргүй гаргасан алдаа гээд өг гэхээр нь би ажлаас халагдахгүйн тулд даргын үгэнд итгээд эхний тайлбарыг өгсөн. Ч нь хална гэж байнга дарамдалдаг байсан. Сүүлийн тайлбарыг бол би үнэн зөвөөр нь бичиж өгсөн.

... 2015 оны 4 сарын 5-ны өдөр У, Бат нартай байгуулсан газар эзэмших гэрээ нь нэг өдөр хийгдээд нэг хүн гарын үсэг зурсан байдал сайн харвал анзаарагдахаар байдаг. Энэ гарын үсэг зурсан хүн нь Р бичиг юм. Би бичиг танина. Тэгэхээр Ча Р хоёр нь Т Авилгатай тэмцэх газар буюу Цагдаад өгөх зорилгоор энэ гэрээг нөхөж үйлдэх замаар хийсэн. Үүнийг би баттай мэдэж байна. Энэ гэрээг би хийлгээгүй. Шүүх энэ гэрээн дээрх гарын үсгийг сайн шалгаарай. Одоо Ц.У, Б.Б нараар гарын үсэг зуруулахад ямар бичигтэй нь харагдах байх. Өөрсдөө нөхөж хийчихээд хийсэн гэж хэлж болохгүй байх. Б консртакшн, До, Ё.М нарын хувийн хэргээс үзэхэд тэдэнд гэрчилгээний үнийг тушаа гэж мэдэгдэх хуудсыг өгөөгүй байдаг. Энэ гурван газар эзэмшигч нар нь Б адилхан байдаг юм. Гэтэл Б мөнгөө тушаа гэж гурван удаа гуйсан байдаг. Газрын тухай хуульд энэ асуудлыг дэс дараалан зохицуулсан заалт байдаггүй. Харин Газрын харилцаа, Геодизи зураг зүйн газрын *******3 тоот журам гэж байдаг. Тэрийг би анзаарсангүй. Журамд зааснаар бол мөнгийг тушаах ёстой. Ч нь Г гэдэг хүн мөнгөө тушаагаагүй байна, тушаалга гэсэн. Би Ган энэ тухай хэлсэн. Тэгээд надад өртэй хүн тушаахгүй нь ойлгомжтой байх гээд улсыг хохиролгүй болгох үүднээс би өөрөө *******ын гэрчилгээний үнэ болон газрын үнийг 2017 оны 4 сарын 7-ны өдөр тушаасан. Ч 4 сард мөнгө тушаасан тухайгаа хэлсэн. ******* энэ үед мэдэж байсан.

Ц.У мэдүүлэгт тайлбар хэлэхэд олон хүн үйлчлүүлдэг байсан болохоор би энэ талаар сайн мэдэхгүй байна. Манай эгч, дүү байгаа юм гээд өмнөөс нь өөр хүн газар эзэмших гэрчилгээг авдаг. 2012, 2013 онд би газар эзэмших асуудлыг хариуцдаг байсан. ... Н ярьж байгаа зүйлтэй холбогдуулж хэлэхэд би материалуудыг авсан болохоор холбоотой байх. Б газар эзэмших гэрээ, гэрчилгээгээ мэдэхгүй гэж байна. Үүнд тайлбар алга. Бас л Б иргэний үнэмлэхийг бариад ирж байгаа болохоор нь тухайн хүний бие төлөөлөгч гэж үзэж материалыг авсан байх. Тухайн үед авсан болохоор холбоотой. ... Г нэг бүрийг нь 10 сая төгрөгөөр үнэлж газар худалдаж авсан гэж байна. Энэ бол үндэслэлгүй. 2012, 2013 онд одоогийнх шиг газар байхгүй, төлөвлөгөөнд тусгагдаагүй гэж хойшлогддог зүйл байгаагүй. Хүсэлт өгсөн иргэн бүрт олгогддог байсан. Би Г гэрт нь очиж үзээгүй. Харин өөрийн зээлдүүлсэн мөнгөө авахын тулд сүүлийн үед Ө Дундговь ХХК-ийн тэнд баригдсан байшинд нь очиж байсан. Г мөнгөө өгөхгүй болохоор нь би шүүхэдсэн. Энэ үеэс эхлэн Г намайг яаж чадах уу гэж *******той хуйвалдаж худал зүйлд гүтгэж байна. Өргөдөл орж ирснээр даргаар цохогдож над руу ирдэг. Тухайн үед Г нь Н, Б нарын иргэний үнэмлэхийг аваад явж байсан учраас Г, Б, Н нарын итгэлтэй хүн, хамаатан садан, бие төлөөлөгч нь юм байна гэж үзэж тэдний газар эзэмших эрхийн гэрчилгээг нь Г өгсөн байх. Хуулийн талаар би сайн мэдэхгүй. Гэхдээ манай байгууллагын мөрддөг хууль, журмаас тухайн иргэн газар эзэмших эрхийн гэрчилгээгээ өөрийн биеэр ирж авна гэсэн зүйлийг олж хараагүй учраас бие төлөөлөгч нь байж болох байх. Ийм учраас үүнийг хууль зөрчсөн гэж үзэхгүй байна. Харин иргэний үнэмлэхгүй хүн энэ хүний нэр дээр газар авна гэж ирэх юм бол болохгүй. Ажлаас халах үед манай хүүхэд 2 нас хүрээгүй байсан. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-ийг зөрчсөн. Байгууллагын дотоод журмыг бол би олж хараагүй, мэдэхгүй юм байна. Үүнийг нөхөөд хийх боломжтой гэж үзэж байна.  

.... Иймд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Б/0******* тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Г шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ”... Хариуцагч нь 42 сая төгрөгөөр газар зарсан нь тогтоогдсон гэж яриад байх юм. Гэм буруутай эсэхийг гагцхүү шүүх тогтооно. Ч нь мобикомоос яаж утасны дугаарыг авсныг ойлгохгүй байна. Хэн дуртайд нь хэлж өгдөггүй байх. Эндээс харахад Ч энэ хүнийг ажилгүй болгох зорилгоор яаж хүчтэй чиглэж байсныг харуулж байна. Б нь Т хамаатан гэсэн баримт байна уу. Мөн аймгийн Засаг даргын 2012 оны 11 сарын 5-ны өдрийн захирамжийг хуурамчаар үйлдсэнийг нотолсон баримт байна уу. Үүнийг шүүх тогтооно. Б хувьд 4 жил 4 сар 1 хоног, ийн хувьд 4 жил 4 сар 20 хоног өнгөрсөн байхад сахилгын шийтгэл ногдуулсан нь Төрийн албаны тухай хуулийг зөрчиж байна. Энэ тушаал илт хуулийг зөрчиж гарсан. Тушаалын үндэслэлд Б.Т нь 42 сая төгрөг авч, 4 газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон гэх гомдлыг хянан шалгасан гэж байдаг. Энэ бол цэвэр шүүх эрх мэдэлд халдаж байгаа явдал. Үүнд гэмт хэргийн шинжтэй асуудал шалгагдана. Энэ 42 сая төгрөгийг өгсөн, авсан асуудал нь тогтоогдоогүй ба одоо Авилгатай тэмцэх газарт шалгагдаж байгаа юм. Хэргийг хэрэгсэхгүй болгох санал аймгийн прокурорын газарт ирсэн сураг байсан. Гэтэл хариуцагч энэ хүний эрхэнд нь шууд халдсан. Хүн алсан байсан ч шүүхийн шийтгэх тогтоолгүйгээр хэнийг ч буруутгаж болохгүй. Үүнтэй нэг адил. Энэ асуудал яаж ч шийдэгдэж болно.

Зөрчил 2013 оны 5 дугаар сарын 14, 2013 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр гарсан. Хариуцагч 2017 оны 4 сарын 7-ны өдөр шалгахад Б мөнгө тушаасан баримт байсан. Иймд хариуцагч 2017 оны 4 сарын 7-ны өдөр мэдсэн. Б.Т нь үр дүнгийн гэрээгээр дүгнүүлж ажилладаг байхад сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-ийг үндэслэсэн нь үндэслэлгүй байна. Хөдөлмөрийн тухай хууль нь төрийн албаны тухай хуулиар зохицуулагдаагүй харилцааг зохицуулахад хэрэглэгдэнэ. Иймд энэ сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалд үндэслэл байхгүй байна. .... Аливаа байгууллагад гаргасан өргөдөл, хүсэлт нь даргын цохолтоор шийдэгддэг. Гэтэл мэргэжилтэн хийсэн юм шиг яригдаад байна. Тэгвэл даргын хяналт яасан юм бэ? Мөн энэ асуудал Авилгатай тэмцэх газарт очоогүй байхад нь Ч энэ үндэслэлээр халсан нь үндэслэлгүй юм. Г гомдолдоо Авилгатай тэмцэх газарт хандах болно гэж бичсэн байдаг. Дахин хэлэхэд энэ 4 хүний газар эзэмших материал Авилгатай тэмцэх газарт шалгагдаж байгаа” гэв.

Хариуцагч Э.Ч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Тус байгууллагад иргэн Д.Г 2017 оны ******* дугаар сарын 29, 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрүүдэд Инженер хайгуул, мониторингийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Т нь 42000000 төгрөг авч, 4 газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон гэх гомдол ирүүлсэн. Уг гомдлын дагуу байгууллагын ёс зүйн хороо хянан шалгасан ба Б. нь улсад тушаалгах газрын үнэ, тэмдэгтийн хураамж, гэрчилгээний үнийг төлүүлэлгүй газар эзэмших гэрчилгээг бичиж өгсөн байсан. Иймд Б.Т Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйл, 26 дугаар зүйл, Засгийн газрын 2010 оны 2************** дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 5 дугаар зүйлийн 5.2.3 дахь хэсэг, байгууллагын дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.10, 6.12 дахь заалтыг тус тус зөрчсөн тул байгууллагын даргын 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Б/0******* дугаар тушаалаар ажлаас халсан болно. Б.Т гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна”.

Хариуцагч Б.Ч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “ ... Би ажлаа авснаас хойш 45 га газрын асуудлыг эмхэлж цэгцэлсэн. Энэ нь хуульд зааснаар 2 жил дараалан газраа зориулалтын дагуу ашиглаагүй, мөн хувийн хэргийн бүрдэл дутуу гэдэг үндэслэлээр газрын гэрчилгээг цуцалсан. 2016 онд архивыг шалга гэж үүрэг даалгавар өгч комисс байгуулсан. Энэ шалгалтын явцад иргэн өргөдөл, хүсэлт гаргаагүй байхад газар олгосон, мөн газрын суурь болон гэрчилгээний  үнийг төлүүлээгүй, даргын цохолтгүй газар олгосон гэх мэт зөрчлүүд гарч байсан. Газрын харилцаа, Геодизи, зураг зүйн газрын 200******* оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн гэрчилгээ олгох *******3 тоот журам гэж байдаг. Гэтэл энэ журмыг огт баримтлаагүй байсан. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд эхлээд иргэддээ мэдэгдэх хуудас хүргүүлсэн. Ингээд иргэн Б газрын суурь үнэ болон гэрчилгээний үнийг төлөөгүй, мөн өргөдөл гаргаагүй байна гэдэг үндэслэлээр 3 удаагийн мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн юм. Гэвч Б хариу арга хэмжээ аваагүй. Ийнхүү аймгийн Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн А/124 тоот захирамжаар тус газрын эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон. Гэтэл Г гэдэг хүн ирээд Б, Н нарын газар эзэмших эрхийн гэрчилгээг яагаад хүчингүй болгов гэж амаар бидэнд гомдсон. Ийнхүү 2017 оны ******* дугаар сарын 29-ний өдөр Г нь мэргэжилтэн Т нэрийг өргөдөл дээрээ тодоос тод бичээд энэ хүнтэй холбогдуулан албан ёсоор гомдлоо гаргасан. Гомдлын дагуу Б хувийн хэрэг дэх материалыг хянахад хамгийн сүүлийн мэдэгдэлд 3 сарын 1-ний дотор газрын суурь үнийг тушаахаар заасан байхад 2017 оны 4 дүгээр сарын 7-ний өдөр гэрчилгээний болон газрын суурь үнийг тушаагаад архивт байгаа хувийн хэрэгт баримтыг нь хууль бусаар нөхөж хийсэн байсан. Ингээд энэ мөнгийг хэн тушаагаад баримтыг хувийн хэрэгт хууль бусаар хийв гэдэг асуудал гарч баримтыг үзэхэд баримт дээр 9906*******060 гэсэн дугаар тэмдэглэгдсэн байсан. Үүнийг мобикомоос хувийн журмаар судлахад Т ээжийн төрсөн дүү Б утасны дугаар байсан. Иймээс энэ асуудалтай Т холбоотой юм байна гэдгийг мэдээд байгууллагынхаа ёс зүйн хороонд өгсөн. Би хуулийг нарийн мэдэхгүй ч Захиргааны ерөнхий хуулийг баримталж ажиллахыг хичээсэн. 2017 оны 9 сарын 11-ний өдөр ёс зүйн хороо хуралдаад Т сахилгын шийтгэл ногдуулах нь зүйтэй гэж үзсэн. Т 2017 оны 9 сарын 11-ний өдөр ёс зүйн хороонд тайлбар гаргахдаа Г мөнгөөр газар өгсөн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй, харин иргэн Б газрын гэрчилгээний үнийг тушаагаагүй байхад газрын гэрчилгээг анзаараггүй байдлаасаа болж өгч явуулсан нь миний ажлын алдаа. Бурууг хүлээн зөвшөөрч байна гэсэн байдаг. Ингээд 2017 оны 9 сарын 15-ны өдөр даргын дэргэдэх зөвлөл хуралдаж сонсох ажиллагааг явуулахад нь би ямар ч буруугүй, ажлын байрны тодорхойлолт, үр дүнгийн гэрээ, албаны даргаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухай бүрд нь хийж гүйцэтгэж А, B үнэлгээтэйгээр одоог хүртэл ажиллаж байна гэж өмнөхөөсөө тэс өөр тайлбарыг өгдөг. Эндээс энэ хүн худлаа яриад байгаа хоёр тохиолдлыг анзаарсан.

Г-н өргөдлийн дагуу хувийн хэргийг шүүж үзэхэд Т нь хувийн ашиг сонирхлын үүднээс гэрчилгээний үнийг төлүүлэхгүй, мөн газар эзэмших гэрээ байгуулахгүйгээр Б, У нарын газрын гэрчилгээг шууд өгч явуулсан байсан. Ийнхүү Т албан тушаалаа ашигласан байсан учир түүнд сахилгын шийтгэл ногдуулсан. Т нь А, В үнэлгээтэй үнэлэгдэж ажиллаж байсан гэдэг боловч 2013 онд D үнэлгээтэй үнэлэгдэж байсан. Энэ тухай үр дүнгийн гэрээний биелэлт дээр Б-д дарга ажлын цагийг маш ихээр хийдүүлдэг, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй гэж тодорхой бичсэн байдаг. Энэ нь хоёр дах удаагаа худлаа ярьж байгааг харуулж байна. Бас нэг ноцтой зөрчлийг хэлье. Энэ нь аймгийн Засаг даргын 2012 оны 11 сарын 5-ны өдрийн А/567 тоот захирамжаар нэр бүхий 32 иргэнд газрыг эзэмшүүлсэн байдаг. Захирамжийн хавсралтын дээд талаасаа 3-т Б овогтой Б-т газар олгогдсон байна. Гэтэл Засаг даргын захирамж 2 өөр байдаг. Нэг захирамж нь манай архивт, нэг нь тамгын газрын архивт бий. Тамгын газарт байгаа захирамжийн эхээс шүүж үзэхэд Б овогтой Б гэж Т-ын ээжийн дүү болох ХААН банкинд мөнгө тушаасан хүний нэр дээр олгогдсон байдаг юм. Энэ захирамжаа сольж, устгаж чадаагүй. Т нь Б, Г нарт газрыг зарахдаа эрх зүйн актыг өөрчилсөн. Энэ Б гэдэг хүний нэр дээр гарсан захирамжийг Б сольсон. Энэ нь аймгийн Засаг даргын захирамжийг хууль бусаар гаргаж байсныг харуулдаг.

... Мөн энэ нь газрын наймаа хийдэг хүмүүсийн арга юм. Энэ үед бүх юм замбраагүй байсан. Замбраагүй байх нь ч эд нарт ашигтай байсан. Намайг хувийн хэргийг цэгцэлж ирэхэд дотроосоо дургүйцсэн. Т-ын яриад байгаа Б констракшн, Ё.М, Д нарын газар эзэмших эрхийн гэрчилгээ цуцлагдсан. шүүх хуралдаан дээр эхлээд гэрчилгээг олгоод дараа нь төлбөр төлсөн баримтыг шаарддаг гэж байна. Энэ бол худлаа юм. Гэрчилгээ олгох тухай журам дээр тодорхой бий. Мөн хуульд гэрээ байгуулсны дараа гэрчилгээг олгоно гэж заасан байхад Б, У нарын гэрчилгээг 2012 онд олгочихоод 2015 онд гэрээг байгуулсан байдаг. Энэ талаар кадастрын мэргэжилтэнгээс тодруулахад Т эгч манай найз нарын гэрээ алга болчихсон, гэрээ байгуул гэсэн учраас хийсэн гэдэг. Б-д дарга бол өрөөндөө л сууж байдаг байсан. Гэрчилгээ бол үнэт цаас. Тиймээс зөвхөн өөрт нь өгнө. Тэр үед Т 10 гэрчилгээний үнэт цаасыг няраваас гарын үсэг зурж аваад дөрөв дээр нь Г-д гэрчилгээ бичиж өгсөн байдаг. Няраваас гарын зурж авсан тухай баримт байдаг. Б.Б, Ц.У нартай байгуулсан гэрээг бид нөхөж хийгээгүй. Ингэх шаардлага ч байхгүй. Маргаан бүхий ийн газар өмнө нь Т-ын төрсөн ах Б-ын нэр дээр байсан.

2017 оны 4 сарын 7-ны өдөр мөнгө тушаагаад хэн Б-ын хувийн хэрэгт баримтыг хийчихэв гэтэл Т тушаагаад хийсэн байсан. Энэ зөрчлийг 2017 оны ******* сарын 29-нд өргөдлийн дагуу мэдсэн. Т-ыг дөрвөн гэрчилгээг 4200000 сая төгрөгөөр зарсан байх магадлалтай гэсэн. Энэ газрын албаны тухайн үеийн замбраагүй үйл ажиллагаа нь ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан тай шууд холбоотой. Н-ын нэр дээр газар олгох асуудлыг Т өөрөө гардаж хийсэн. Б-т газар олгох үед ажиллаж байсан болохоор мөн холбоотой байх. Шүүх хуралдаан дээр өмгөөлөгч, нэхэмжлэгч хоёр зөрчлөө хүлээн зөвшөөрч байна.

Аймгийн засаг даргын захирамжийг 2 хувь үйлдээд гарын үсгээ зурдаг. Т бүгд дээр гарын үсгээ зурсан байдаг. Албан тушаалаа урвуулан ашигладаг явдлыг таслан зогсоох зорилгоор миний бие ажиллаж байна. Үргэлжлүүлэн шалгах учраас дараа дараагийн юм гарч ирнэ. Өнөөдөр би буруугүй гээд зогсож байгаа нь тухайн хүний хувийн ёс суртахууныг харуулж байна. Гаргасан тушаал үндэслэлтэй. Шүүх хуулийн дагуу шийдэх байх” гэв. 

Хариуцагчийн өмгөөлөгч С.Т шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “ Т-ыг Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлд зааснаар шууд халаагүй. Өмнө нь сахилгын шийтгэл хүлээж байсан болохоор 25 дугаар зүйлд зааснаар халах боломж байсан. Гэвч түүнийг хүүхэд төрүүлсөн гэдгийг нь мэдэж байсан болохоор төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулсан юм. Банкны мөнгө тушаасан баримт дээр утасны дугаар бичигдсэн байсан ба энэ утасны эзнийг тодруулах амархан. Дундговь аймаг жижиг учраас захын хүн утасны эзнийг хэлээд өгнө. Б нь Т-ын ах дүү юу үгүй юу гэдгийг аймгийн бүх хүмүүс мэднэ. Иймээс заавал шалгах шаардлага байхгүй. Аймгийн Засаг даргын захирамжийг сольсон гэж яриагүй. Хавсралт нь өөрчлөгдсөн гэж хэлсэн. Үүнийг зөв ойлгоосой. Иргэн Г нь Т-аас 42 сая төгрөгөөр дөрвөн газар эзэмших эрхийн гэрчилгээг худалдаж авсан гэдэг. Тиймээс гэрч нараас аас газар худалдаж авсан талаар нь асуулгасан юм. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3, байгууллагын Ёс зүйн хорооны дүгнэлт зэргийг үндэслэн д сахилгын шийтгэл ногдуулсан. 2003 оноос эхэлж газрын албанд ажилласан. Иймээс хууль, журмаа сайн мэдэх ёстой. Ган-Эрдэнийн гуйлтаар тухайн иргэний өргөдөл, хүсэлтгүйгээр зөвхөн иргэний үнэмлэхээр газар олгосон нь Т-ын өөрийн мэдүүлэг, хэрэгт авагдсан баримтууд, гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байна. Хуульд зааснаар газар эзэмших гэрээг байгуулахын тулд гэрчилгээний үнэ, газрын төлбөрийг төлсөн байх шаардлагатай. Хувийн хэргийн баяжилт маш муу хийгдсэн байна. Б.Т хийсэн бүх үйлдлээ сайн мэдэж байсан мөртлөө буруугүй гээд байх юм.

... Хариуцагч Б-ыг 2017 оны 4 сарын 7-ны өдөр мөнгө тушаасныг мэдээгүй. Газар эзэмших гэрчилгээгээ аваагүй хүн яаж төлөхөв дээ. 2017 оны ******* сарын 29-ны өдөр Г өргөдөл гаргаснаар Т газрын үнийг төлөөд баримтыг нөхөж хийсэн байна гэдгийг нь мэдсэн” гэв.

Гэрч Б.Б шүүхэд өгсөн мэдүүлэгтээ: “ Манай ээжийн дүү Г газар авъя гээд миний үнэмлэхийг надаас авсан. Тэгээд болчихлоо гээд өгсөн. Өөрийн нэр дээрх газар эзэмших эрхийн гэрчилгээгээ одоо харж байна. Би газрын албан дээр очиж ямар нэгэн гэрээ хийгээгүй. Ямар нэгэн байдлаар мөнгө төлөөгүй. Бичгээр газар авах тухай хүсэлтээ ч өгөөгүй ...” гэв

Гэрч Ц.У шүүхэд өгсөн мэдүүлэгтээ: “НИК-ийн колонкийн наана талд буюу эмнэлгийн урд талд байршилтай газрыг өргөдөл хүсэлтээ өгөөд аас авсан. Мөнгөний асуудлын хувьд сайн мэдэхгүй байна. Манай дүү очиж уулз гэсэн. Тэрний дагуу газрын алба дээр очиж үнэмлэхээ аваачиж өгөнгөө хүсэлтээ Т-д өгчөөд явсан. Хэрэгт авагдсан газар эзэмших гэрчилгээг би мэдэхгүй. Энэ гэрчилгээг ерөөсөө хараагүй юм байна. Хэрвээ өгсөн бол надад байх ёстой. Энэ гэрчилгээний эх хувь хэнд байгааг мэдэхгүй. Миний хүсэлтийг Б.Т авч үлдсэн. Надад газрын асуудал шийдэгдсэн талаар эргээд ямар нэгэн хариу өгөөгүй. Миний хувьд газрын суурь үнэ гэж мөнгө тушааж байсан зүйл байхгүй ... ” гэжээ.

Гэрч Т.Н-т шүүх хуралдаан дээр гаргасан мэдүүлэгтээ: “... Г миний паспортыг газар авъя гээд гуйж авсан. Г-х байшин барилга бариад ахин газар аваад байдаг болохоор болдоггүй юм байна гэж ойлгоод үнэмлэхээ өгсөн. Би Г-ийн нөхөртэй найз юм. Би газар эзэмших тухай ямар нэгэн хүсэлтийг өгөөгүй. Энэ талаар өвөл Авилгатай тэмцэх газраас хүмүүс ирж надаас мэдүүлэг авсан. Тэгэхэд би газар авсан юм байна гэдгээ мэдсэн. Надад энэ газар эзэмших эрхийн гэрчилгээ байхгүй ...” гэв. 

Гэрч Д.Г шүүх хуралдаан дээр гаргасан тэдүүлэгтээ “... Би гурван хүний нэрээр 4 газар эзэмших эрхийн гэрчилгээг Т-с 40 сая төгрөгөөр худалдаж авсан. Үүнтэй холбоотой ямар нэгэн гэрээ байгуулж байгаагүй. Т дансанд мөнгө хийж болохгүй. Бидний дансыг хянаж байдаг гэж хэлж байсан. Т гэрчилгээг бэлэн болсон үед орой ажил тараад манай гэрт ирээд гэрчилгээгээ өгөнгөө надаас мөнгөө бэлнээр авдаг байсан. Энэ нь шатахуун түгээх станцын хойд талд нөхөр Н-ын нэр дээр, зочид буудлын хойд талд дүү Б-ын нэр дээр, Петровис шатахуун түгээх станцын хажууд 300 метр кв газрыг , Т нараас 10 сая төгрөгөөр, хуучин модны үйлдвэрийн хашаанд байрлах 200 м.кв газрыг Н-ийн нэр дээр авсан юм. Одоо 2 газрын эзэмших эрх цуцлагдсан.

Би Т-аас нэг газрыг 10 сая төгрөгөөр худалдаж авсан болохоор газартай холбоотой ямар нэгэн төлбөр төлдөг гэдгийг мэдээгүй. Тиймээс мөнгө тушаасан зүйл байхгүй. Б, Н нарын газар зэмших эрхийн гэрчилгээг би авсан. Би газрын албан дээр өөрийн биеэр очиж авч байгаагүй. Б-ын гэрчилгээ одоо надад байгаа. Хоёр нь ашиглагдсан, нэг нь газрын албан дээр цуцлагдсан байгаа. Тэр үед би Т-ыг өөрөө газар зарж байгаа гэж боддогүй байсан. Т надад газар зарах хүн байна, би зуучилж байна, би өөрөө газрын албанд ажилладаг болохоор бүх бичиг баримтыг нь янзлаад та нарын нэр дээр шилжүүлээд өгье гэж хэлдэг байсан. ... Би Б, Н, Н нарын иргэний үнэмлэхийг өгсөн. Өргөдөл, хүсэлт бол өгөөгүй. Шууд газар эзэмших эрхийн гэрчилгээг авсан. ...” гэв.  

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Б.Т нь тус шүүхэд Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Б/0******* тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг гаргасан байна.

Дундговь аймгийн Газрын харилцаа, Барилга, хот байгуулалтын газар нь Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйл, 26 дугаар зүйлийн 26.1.3, 26.4 дэх заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт, Засгийн газрын 1995 оны 97 дугаар тогтоолын хавсралт “Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журмын 5а дахь хэсэг, Засгийн газрын 2010 оны 2************** дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 5.2.3 дахь заалт, байгууллагын дотоод журмын 6.10 дахь заалт, 6.12 дахь заалт, байгууллагын ёс зүйн хорооны 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 03 дугаар дүгнэлт, тус байгууллагын даргын дэргэдэх зөвлөлийн 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн хурлын шийдвэрийг тус тус удирдлага болгон инженер хайгуул, мониторингийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Т-ыг Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн заалтаар хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж, ёс зүйн зөрчил гаргасан гэх үндэслэлээр төрийн албанд 1 жилийн хугацаагаар эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулжээ.

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, өмгөөлөгч нарын тайлбар, гэрч Ц.У, Б.Б, Т.Н, Д.Г нарын мэдүүлгийг тал бүрээс нь үнэлж дүгнээд Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн “Төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/0******* тоот тушаалыг хуульд нийцсэн байна гэж дүгнэлээ. 

1.Иргэн Д.Г-с тус байгууллагад инженер хайгуул, мониторингийн асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан Б.Т-д холбогдуулан 2017 оны ******* дугаар сарын 29-ний өдөр бичгээр гомдол гаргасан байх бөгөөд уг гомдолтой холбогдох асуудлыг 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Ёс зүйн хороо, 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр даргын дэргэдэх зөвлөл хуралдаанаараа тус тус шийдвэрлэсэн байна. Тус хуралдааны тэмдэглэлээс үзэхэд ёс зүйн хороо нь иргэн Д.Г-ийн гомдолд тусгагдсан байсан асуудалтай нь холбогдуулж Б.Б-ын газрын болон гэрчилгээний үнэ төлөгдөөгүй байхад яагаад гэрчилгээ олгогдсон, мөн 2017 оны 4 сарын 7-ны өдөр Б.Б нь дээрх үнийг төлсөн байсан эсэх тухай асуудлыг авч хэлэлцсэн байх бөгөөд тус байгууллагад инженер хайгуул, мониторингийн асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан Б.Т нь 2017 оны 4 сарын 7-ны өдөр иргэн Б.Б-ын газрын болон гэрчилгээний үнийг түүний нэрийн өмнөөс өөрөө банкинд тушаасан болохоо шүүх хуралдаан дээрх тайлбартаа  мэдүүлжээ. Иймээс аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын ёс зүйн хорооны дүгнэлт, даргын дэргэдэх зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэл бүхий байна гэж үзлээ.

Учир нь Газрын харилцаа, Геодизи, зураг зүйн газрын даргын 200******* оны *******3 дугаар тушаалын хавсралтын 14.2-т “нэгж талбарын хувийн хэрэгт дараах материалуудыг хавсаргана”, 14.2.13-т “газрын төлбөр төлөлтийн талаархи баримт” байна гэж тодорхой нэрлэн заасан байх бөгөөд түүнчлэн нэхэмжлэгчийн шүүх хуралдаан дээр гаргасан “... би 2012, 2013 онд газар эзэмших асуудлыг хариуцдаг байсан. ... Бас л Б-ын иргэний үнэмлэхийг бариад ирж байгаа болохоор нь тухайн хүний бие төлөөлөгч гэж үзэж материалыг авсан байх. Тухайн үед авсан болохоор холбоотой ..., ... надад өртэй хүн тушаахгүй нь ойлгомжтой байх гээд улсыг хохиролгүй болгох үүднээс би өөрөө Б-ын гэрчилгээний үнэ болон газрын үнийг 2017 оны 4 сарын 7-ны өдөр тушаасан ... ” гэх тайлбараас нь үзэхэд тухайн байгууллагын өөрийн үйл ажиллагаандаа мөрдлөгө болгон ажилладаг журмыг Б.Т-с хэрэгжүүлээгүйгээс гадна тухайн үед Б-ын хувийн хэрэгт хавсаргагдах байсан баримтыг сүүлд буюу 2017 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр Б.Т  өөрөө бүрдүүлсэн нь хувийн хэрэг дэх баримтыг нөхөж үйлдсэн гэж үзэх үндэслэл болж байна. 

2.Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т “Иргэн, аж ахуй нэгж байгууллага, газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана”, мөн энэ хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “... газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуй нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ” гэж тус тус заажээ.

Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Б/0******* тоот тушаалын үндэслэлд дурьдагдсан иргэн Б.Б, Ц.У нарын нэгж талбарын хувийн хэргээс үзэхэд Ц.У, Б.Б нар нь дээрх хуульд заасны дагуу газар эзэмших тухай хүсэлтийг гаргаагүй, мөн гэрчилгээ олгогдохоос өмнө газар эзэмших гэрээг байгуулаагүй байхад нь Ц.У, Б.Б нарт газар эзэмших гэрчилгээ олгогдсон, мөн уг гэрчилгээнүүдийг иргэн Д.Г нь Б.Т-с хүлээн авсан ба уг үйлдлүүдтэй холбоогүй болохоо нэхэмжлэгч нь өөрөө үгүйсгэж маргадаггүй төдийгүй шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч нь “... 2012, 2013 онд би газар эзэмших асуудлыг хариуцдаг байсан. ... Н-ийн ярьж байгаа зүйлтэй холбогдуулж хэлэхэд би материалуудыг авсан болохоор холбоотой байх. Б газар эзэмших гэрээ, гэрчилгээгээ мэдэхгүй гэж байна. Үүнд тайлбар алга. Бас л Б иргэний үнэмлэхийг бариад ирж байгаа болохоор нь тухайн хүний бие төлөөлөгч гэж үзэж материалыг авсан байх. ... Тухайн үед Г нь Н, Б нарын иргэний үнэмлэхийг аваад явж байсан учраас Г-ийг Б, Н нарын итгэлтэй хүн, хамаатан садан, бие төлөөлөгч нь юм байна гэж үзэж тэдний газар эзэмших эрхийн гэрчилгээг нь Г-д өгсөн ...”, гэрч Б.Б“ ... Өөрийн нэр дээрх газар эзэмших эрхийн гэрчилгээгээ одоо харж байна. Би газрын албан дээр очиж ямар нэгэн гэрээ хийгээгүй. Ямар нэгэн байдлаар мөнгө төлөөгүй. Бичгээр газар авах тухай хүсэлтээ ч өгөөгүй ...” гэрч Ц.У-ийн “... Хэрэгт авагдсан газар эзэмших гэрчилгээг би мэдэхгүй. Энэ гэрчилгээг ерөөсөө хараагүй юм байна. Хэрвээ өгсөн бол надад байх ёстой. Энэ гэрчилгээний эх хувь хэнд байгааг мэдэхгүй...” гэж, гэрч Т.Н “... Г-ийх байшин барилга бариад ахин газар аваад байдаг болохоор болдоггүй юм байна гэж ойлгоод үнэмлэхээ өгсөн. Би Г-ийн нөхөртэй найз юм. Би газар эзэмших тухай ямар нэгэн хүсэлтийг өгөөгүй. Энэ талаар өвөл Авилгатай тэмцэх газраас хүмүүс ирж надаас мэдүүлэг авсан. Тэгэхэд би газар авсан юм байна гэдгээ мэдсэн. Надад энэ газар эзэмших эрхийн гэрчилгээ байхгүй ...” гэж тус тус мэдүүлсэн байна.  

Иймд нэхэмжлэгч Б.Т-ын дээрх үйлдлийг Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 13.1.5-д “төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг дээдлэх”, Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5.1.4-т “өргөсөн тангарагтаа үнэнч байж, эх орон, ард түмнийхээ эрх ашгийг хувийн ашиг сонирхлоос ямагт дээгүүр тавьж, өөрт олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ ашиг сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй аливаа нөхцөл байдлаас татгалзах” гэж заасныг тус тус зөрчсөн гэж үзлээ.

Нэхэмжлэгч Б. Т, түүний өмгөөлөгч шүүх хуралдаан дээр  “... Газрын харилцаа, Геодизи зураг зүйн газрын *******3 тоот журам гэж байдаг. Тэрийг би анзаарсангүй. Журамд зааснаар бол мөнгийг тушаах ёстой. ... Газрын тухай хуульд энэ асуудлыг дэс дараалан зохицуулсан заалт байдаггүй ... ”, “... Аливаа байгууллагад гаргасан өргөдөл, хүсэлт нь даргын цохолтоор шийдэгддэг. Гэтэл мэргэжилтэн хийсэн юм шиг яригдаад байна. Тэгвэл даргын хяналт яасан юм бэ ...” гэх тайлбарыг гаргадаг хэдий ч инженер хайгуул, мониторингийн асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан Б.Т-ын ажлын байрны тодорхойлолтод “... албан ёсны батлагдсан эрх зүйн баримт бичгийг сурталчилах, мөрдөх хэрэгжүүлэх, ... Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийг цаг хугацаанд нь хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан үйл ажиллагаа, ерөнхий сайдын захирамж, эрхэлсэн сайд, төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга нарын тушаал, шийдвэрийг цаг хугацаанд нь хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, мөрдөгдөж буй заавар, журам, норм, стандартын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллах... “ гэж тусгагдсан байна. Иймээс нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан тайлбарыг тухайн ажилтан ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан байсан үүрэгт ажлаа гүйцэтгэж хэрэгжүүлээгүй байсныг нь зөвтгөх үндэслэл гэж үзсэнгүй.    

Нэхэмжлэгч “... 2015 оны 4 сарын 5-ны өдөр У, Б нартай байгуулсан газар эзэмших гэрээ нь нэг өдөр хийгдээд нэг хүн гарын үсэг зурсан байдал сайн харвал анзаарагдахаар байдаг. Энэ гарын үсэг зурсан хүн нь Р-ийн бичиг юм. Би бичиг танина. Тэгэхээр Ч, Р хоёр нь Т-ыг Авилгатай тэмцэх газар буюу Цагдаад өгөх зорилгоор энэ гэрээг нөхөж үйлдэх замаар хийсэн. Үүнийг би баттай мэдэж байна. ... Шүүх энэ гэрээн дээрх гарын үсгийг сайн шалгаарай. Одоо У, Б нараар гарын үсэг зуруулахад ямар бичигтэй нь харагдах байх. Өөрсдөө нөхөж хийчихээд Т хийсэн гэж хэлж болохгүй байх...”, хариуцагч “... Б.Б, Ц.У нартай байгуулсан гэрээг бид нөхөж хийгээгүй. Ингэх шаардлага ч байхгүй...” гэж маргадаг ба талууд энэ асуудлаа зохих шатны байгууллагаар шалгуулах эрх нь нээлттэй болно. 

3. Мөн нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч “... Ажлаас халах үед манай хүүхэд 2 нас хүрээгүй байсан. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-ийг зөрчсөн. Байгууллагын дотоод журмыг бол би олж хараагүй, мэдэхгүй юм байна,  ... Б.Т нь үр дүнгийн гэрээгээр дүгнүүлж ажилладаг байхад сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-ийг үндэслэсэн нь үндэслэлгүй байна. Хөдөлмөрийн тухай хууль нь төрийн албаны тухай хуулиар зохицуулагдаагүй харилцааг зохицуулахад хэрэглэгдэнэ...” гэх тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасан байна.

Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Хөдөлмөрийн дотоод журмын 1.2-т “Дотоод журмыг хэрэгжүүлэх ажлыг газрын дарга зохион байгуулж, гүйцэтгэлд хяналт тавьж дарга, ажилтан бүр дагаж мөрдөх үүрэгтэй”, 6.10-т “Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар 15.1.7 дахь заалтад “албаны бус зорилгод төрийн байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл, санхүүгийн эх үүсвэр, мэдээллийн хангамж болон албаны мэдээллийг ашиглах”-ыг хориглоно. Энэ нь тогтоогдсон тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасан ноцтой зөрчилтэйд тооцож, энэ тухай гэрээнд тусгаж, ёс зүйн хороогоор хэлэлцүүлэн сануулах, 6 сар хүртэл цалингийн 20 хувь хүртэл бууруулах, мөн ажлаас шууд халах хүртэл арга хэмжээ авна” гэж тус тус зааснаас нь үзэхэд тухайн байгууллага сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг удирдлага болгосон нь хуульд харшлаагүй байх бөгөөд энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуй нэгж байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно” гэж заасныг зөрчөөгүй байна. 

4. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хуралдаан дээр гаргасан тайлбартаа ” ... Б-ын хувьд 4 жил 4 сар 1 хоног, ийн хувьд 4 жил 4 сар 20 хоног өнгөрсөн байхад сахилгын шийтгэл ногдуулсан нь Төрийн албаны тухай хуулийг зөрчиж байна. Хариуцагч 2017 оны 4 сарын 7-ны өдөр шалгахад Б-ын мөнгө тушаасан баримт байсан. Иймээс зөрчлийг 2017 оны 4 сарын 7-ны өдөр мэдсэн ...” гэж маргадаг ч нэхэмжлэгчийн хувийн хэрэгт баримт бүрдүүлсэн үеийг буюу 2017 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийг зөрчил  гаргасан өдөр гэж үзэх нь үндэслэлтэй байна. Мөн аймгийн Засаг дарга 2017 оны 4 дүгээр сарын 21-ны өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/124 тоот захирамжаар иргэн Б.Б-ын эзэмшлийн газрыг “... газрын суурь болон гэрчилгээний үнийг төлөөгүй...” гэдэг үндэслэлээр хүчингүй болгосон байх ба энэ захирамжаас үзвэл хариуцагч 2017 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр энэ зөрчлийг олж мэдсэн байх боломжгүй байна. Иймд сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т ” сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол  сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж заасныг зөрчөөгүй байна.       

5. Хариуцагчийн хуралдаан дээр гаргаж өгсөн “Хэрэглэгчийн үнэлгээний тайлан, түүний мөрөөр хийсэн ажлын тайлан”-г нотлох баримтаар үнэлээгүй хэдий ч энэ тайлангийн судалгааны дүнд тусгагдсан Дундговь аймгийн иргэдийн аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, түүний албан хаагчдын талаарх санал сэтгэгдлээс нь үзвэл тухайн байгууллагын албан хаагчид иргэддээ үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаа явуулахдаа төрийн албаны зарчмыг алдагдуулан ажиллаж байсны тод илрэл байна. 

Иймээс дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Б.Т-ын Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Б/0******* тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч “... 42 сая төгрөгийг өгсөн, авсан асуудал нь тогтоогдоогүй ба одоо Авилгатай тэмцэх газарт шалгагдаж байгаа юм. Хэргийг хэрэгсэхгүй болгох санал аймгийн прокурорын газарт ирсэн сураг байсан. .. Энэ асуудал яаж ч шийдэгдэж болно...” гэж тайлбарладаг ч энэ тухайгаа нотолсон өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.*******-д зааснаар шүүхийг буруутгах үндэслэл болохгүй бөгөөд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарт дурьдагдсан асуудал нь харъяалах байгууллагаар шийдвэрлэгдсэн эсэх талаар шүүх тодруулах шаардлагагүй гэж үзээд энэхүү хэргийг шийдвэрлэсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 106.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.5, 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3, 26.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Т-ын Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн “Төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/0******* тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Т-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Т, түүний өмгөөлөгч Д.Г, хариуцагч Э.Ч, түүний өмгөөлөгч С.Т нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай. 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ