Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2021/0467

 

         

Ц.О-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч А.Сарангэрэл, Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, нэхэмжлэгч Ц.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А, хариуцагч Завхан аймгийн Завханмандал сумын Засаг дарга Г.М, хариуцагчийн өмгөөлөгч Б.Э нарыг оролцуулан Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 29 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлоор Ц.О-ын нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Завханмандал сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 29 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3, 28 дугаар зүйлийн 28.5-д заасныг баримтлан Завхан аймгийн Завханмандал сумын Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/08, “Түр томилон ажиллуулах тухай” Б/10 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгож, Ц.О-ыг Завханмандал сумын Олонтүрүү багийн Засаг даргын албан тушаалд эгүүлэн тогтоож,

2 дахь заалтаар: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, 41 дүгээр зүйлийн 41.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Завханмандал сумын Засаг даргын Тамгын газраас нэхэмжлэгч Ц.О-ын ажилгүй байсан 58 хоногийн цалинтай тэнцэх 2 468 654 төгрөгийн олговроос зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: “ ...Анхан шатны шүүх Ц.О-ыг Завханмандал сумын Олонтүрүү багийн Засаг даргын ажилд эгүүлэн тогтоосон нь үндэслэлгүй гэж үзэж шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Ц.О нь 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Завханмандал сумын Олонтүрүү багийн Засаг даргаар томилогдож 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өрийн Б/08 дугаартай захирамжаар чөлөөлөгдсөн бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн 60 дугаар зүйлийн 2, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т хуульчилсан улсын төрийн албан тушаал юм.

Мөн өвөл, хавар буюу цаг хэцүү үед багийнхаа айл өрхөөрөө ороогүй, өгсөн үүрэг даалгавар биелүүлдэггүй, төрийн ажлыг цалгардуулж сул цалин авч ажлын тайлан ирүүлээгүй нь хамтарч ажиллах боломжгүй байдал нь ажлаас чөлөөлөх үндэс болсон юм.

Улс орон даяар үүссэн коронавирус халдварт өвчний улмаас хууль тогтоомжид зааснаар багийн иргэдийн Нийтийн Хурлыг хуралдуулах боломжгүй нөхцөл байдал үүсч Завхан аймгийн Завханмандал сумын Олонтүрүү багийн Засаг дарга Ц.О-ын бүрэн эрхийн хугацаа дууссан учир ажлаас нь чөлөөлсөн нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нийцсэн байгаа гэж үзэн гомдол гаргаж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хариуцагчийн давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Завхан аймгийн Завханмандал сумын Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/08 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, 29 дүгээр зүйлийн 29.2, 32 дугаар зүйлийн 32.1, 38 дугаар зүйлийн 38.1, Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т заасныг тус тус үндэслэн Ц.О-ыг Олонтүрүү багийн Засаг даргын үүрэгт ажлаас чөлөөлж, тус өдрийн Б/10 дугаар захирамжаар Ш.М-гийг Олонтүрүү багийн Засаг даргаар түр томилжээ.

Нэхэмжлэгчээс дээрх захирамжуудыг эс зөвшөөрч хүчингүй болгуулж, ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж, нөхөн бичилт хийлгүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “...багийн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэж томилж, чөлөөлдөг гэдгийг мэдсээр байж ... хуулийн шаардлага хангаагүй хүнийг багийн иргэдийн Нийтийн хурлын тогтоол, шийдвэргүй томилж байгаа нь хууль бус” хэмээн тайлбарласан бол хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй татгалзлын үндэслэлээ “нэхэмжлэгчийн бүрэн эрхийн хугацаа нь дууссан”-тай холбон тайлбарласан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргааны тохиолдолд хэрэглэвэл зохих Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасанд нийцжээ.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4-д “Баг, хорооны Засаг даргыг энэ хуулийн 32.1, 32.2-т заасан үндэслэл, журмаар ажлаас нь чөлөөлөх буюу огцруулна”, 28.5-д “Баг, хорооны Засаг даргыг чөлөөлөх, огцруулах асуудлыг тухайн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн сум, дүүргийн Засаг дарга шийдвэрлэнэ” гэж заасны дагуу багийн Засаг даргыг иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн сумын Засаг дарга чөлөөлж, огцруулахаар хуульчилсан байна.

Хэрэгт авагдсан хариуцагчийн тайлбар, Завхан аймгийн Завханмандал сумын Олонтүрүү багийн иргэдийн Нийтийн Хурлын 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 01 дүгээр “...2021 онд Олонтүрүү багийн иргэдийн Нийтийн Хурал хуралдаагүй болно” гэсэн албан бичиг зэргээс үзэхэд хариуцагчийн гаргасан маргаан бүхий акт нь дээрх хуулийн шаардлагыг хангаагүй болох нь тогтоогдож байна.

Мөн Завхан аймгийн Завханмандал сумын Засаг дарга нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д “Энэ хуулийн 26.2-т зааснаар нэр дэвшүүлсэн бол ... 4 жилийн хугацаагаар томилох бөгөөд нөхөн томилогдсон Засаг даргад энэ хугацаа хамаарахгүй”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлт гаргасан бол ... түүнийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө үүрэгт ажлаас нь чөлөөлнө” гэж заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.О-ыг Олонтүрүү багийн Засаг даргын үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь хуульд нийцээгүй байна.

Тодруулбал, хариуцагчаас нэхэмжлэгчийг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д заасан бүрэн эрхийн хугацаа дууссан эсхүл мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлт гаргасан гэсэн үндэслэлийн аль үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлж байгаа нь тодорхойгүйн дээр хэрэгт авагдсан баримтаас үзэхэд маргаан бүхий актыг гаргах цаг хугацаанд уг актын үндэслэл болсон нөхцөл байдлуудын аль, аль нь бүрдээгүй болох нь тогтоогдож байна.

Түүнчлэн хариуцагч нь давж заалдах гомдолдоо “...Мөн өвөл, хавар буюу цаг хэцүү үед багийнхаа айл өрхөөрөө ороогүй, өгсөн үүрэг даалгавар биелүүлдэггүй, төрийн ажлыг цалгардуулж сул цалин авч ажлын тайлан ирүүлээгүй, хамтарч ажиллах боломжгүй байдал нь ажлаас чөлөөлөх үндэс болсон” хэмээн маргаан бүхий актын үндэслэл болоогүй буюу нэхэмжлэгчийг чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүйтэй холбон шийдвэрийн үндэслэлээ нөхөн тайлбарлаж байгааг хүлээн авах үндэслэлгүй.

Нэгэнт шүүхээс нэхэмжлэгчийг Олонтүрүү багийн Засаг даргын үүрэгт ажлаас нь чөлөөлсөн хариуцагчийн 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/08 дугаар захирамжийг хууль бус хэмээн дүгнэж буй энэ тохиолдолд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг даган гарсан Олонтүрүү багийн Засаг даргаар Ш.М-ийг түр томилсон мөн өдрийн Б/10 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Иймд хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 29 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                           Д.БААТАРХҮҮ

 

ШҮҮГЧ                                                           А.САРАНГЭРЭЛ

 

ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН