Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 45

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 01 сарын 02 өдөр          Дугаар 181/ШШ2017/00045            Улаанбаатар хот

    

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,                      

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Хос өргөө хотхон үйлдвэрийн гудамж, 29б байрны 3 тоотод оршин суух, Манал овогт Өлзийхишигийн Наранцэцэг /РД:ФА62022805/-ийн нэхэмжлэлтэй,      

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж 3-д байрлах, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох,

 

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.                                  

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ө.Наранцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батцэрэн, нарийн бичгийн даргаар Г.Наранхүү нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Хос өргөө хотхоны 29Б байрны 3 тоот 44,6 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг шинжээчээр үнэлүүлсэн. Шинжээч 81,510,800 төгрөгөөр буюу зах зээлийн үнээс хямд үнэлсэн. Би энэ үнэлгээг зөвшөөрөхгүй байна. Албадан дуудлага худалдааны санал болгох доод үнэ нь энэ үнээс 70 хувь, 50 хувиар буурч тогтоогдож байгаа тул би 2 өрөө байрыг 40,000,000 төгрөгөөр худалдахад хүрээд байна.

Би байраа зарахгүй, өгөхгүй өвлийн хүйтэнд хаана хонож өнжих вэ? Энэ байдлыг харгалзан үзээд үнэлгээ хүчингүй болгож өгнө үү. Би цагаан сараас өмнө төлбөрөө төлнө гэж бодож байна. Хүмүүсээс авлагаа авч чадахгүй байна.

Иймд үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2016/00427 дугаар захирамжаар Өлзийхишигийн Наранцэцэгээс 48,679,418 төгрөгийг гаргуулж “Транс Трейд Би Би Эс Би ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

Дээрх шийдвэрийн дагуу төлбөр авагч хүсэлт гаргасан тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр үүсгэн төлбөр төлөгч Ө.Наранцэцэгт шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацаатай мэдэгдэл гардуулсан.

Шийдвэр гүйцэтгэгчийн заасан хугацаанд төлбөрийг барагдуулаагүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр /17060/, Үйлдвэрийн гудамж 29/Б байрны 3 тоот 2 өрөө орон сууцыг битүүмжлэн хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу өмчлөгч болон талуудаас үнийн санал авахад төлбөр төлөгч Ө.Наранцэцэг, хамтран өмчлөгч Б.Даваачулуун нараас 250,000,000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч “Транс Трейд Би Би Эс Би ББСБ” ХХК зөвшөөрөөгүй тул хөндлөнгийн шинжээч томилуулах хүсэлтийг гаргасан болно.

Үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн /17060/, Үйлдвэрийн гудамж, 29/Б байрны 3 тоот 2 өрөө орон сууцыг хөндлөнгийн шинжээч томилон үнэлгээг хийлгэхэд 81,510,800 төгрөгөөр үнэлэгдсэнийг төлбөр төлөгч Ө.Наранцэцэг, хамтран өмчлөгч Б.Даваачулуун нарт 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 3/19119 тоот мэдэгдлийг баталгаат шуудангаар хүргүүлсэн.

Үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаанд үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэ болох 81,510,800 төгрөгийн 70 хувь болох 57,057,560 төгрөгөөр дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 10 цагт анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар нийтэд мэдээллэсэн боловч үнийн санал ирээгүй худалдан борлогдоогүй.

Иймд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т заасны дагуу үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэ болох 81,510,800 төгрөгийн 50 хувь болох 40,755,400 төгрөгөөр дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахаар нийтэд мэдээлэхэд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШЗ2016/01147 дугаар хүсэлтийг шийдвэрлэж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн.

Төлбөр төлөгч Ө.Наранцэцэгийн нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 181/ШЗ2016/04304 дүгээр захирамжаар нэхэмжлэлийг буцаан шийдвэрлэсэн тул Иргэний хуулийн 177 дугаар 177.1-т заасны дагуу үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэ болох 81,510,800 төгрөгийн 50 хувь болох 40,755,400 төгрөгөөр дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 10 цагт хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахаар нийтэд мэдээлэхэд үнийн санал ирээгүй худалдан борлогдоогүй болно.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ө.Наранцэцэг нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн “Итгэлт Эстимэйт” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 00427 дугаар захирамжаар Ө.Наранцэцэгээс 48,679,418 төгрөг гаргуулж “Транс трейд Би Би Эс Би ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн ба уг шийдвэрт 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдөр 970 тоот гүйцэтгэх хуудас бичигдэж, улмаар 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, одоо явагдаж байна.

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба ажиллагааны явцад зээлийн барьцаа хөрөнгө болох Ө.Наранцэцэг болон хамтран өмчлөгч Б.Даваачулуун нарын                                                                                                                                                                                                                                өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206012963 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр /17060/, Үйлдвэрийн гудамж 29/Б байрны 3 тоотод байрлах 44,6 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 178/970 тоот актаар битүүмжилж, 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 178/427 тоот актаар хурааж, эд хөрөнгийн үнийг төлбөр төлөгч болон өмчлөгч нар 250,000,000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч “Транс трейд Би Би Эс Би ББСБ” ХХК зөвшөөрөөгүй үндэслэлээр ”Итгэлт-Эстимэйт” ХХК-ийг 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 88 дугаар тогтоолоор шинжээчээр томилж, үнэлгээ хийлгэсэн байна.

 

Шүүхийн шийдвэрээр түүнээс гаргуулахаар заасан төлбөрийг төлбөр төлөгч Ө.Наранцэцэг сайн дураар төлөөгүй үндэслэлээр барьцаа хөрөнгийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба битүүмжилж, хурааж, эд хөрөнгийг үнэлүүлэхээр шинжээч томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 36 дугаар зүйлийн 36.1, 36.5, 37 дугаар зүйлийн 37.2.2-т нийцжээ.

 

Шинжээч “Итгэлт-Эстимэйт” ХХК-ийн 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн үнэлгээний тайлангаар эрхийн улсын бүртгэлийн Ү-2206012963 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр /17060/, үйлдвэрийн гудамж 29/Б байр, 3 тоотод байрлах 44.6 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зах зээлийн үнийг 81,510,800 төгрөгөөр тогтоосон ба Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 3/19119 тоот мэдэгдлээр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоогдсон дээрх үнэлгээ /нийт 81,510,800/-ний 70 хувь болох 57,057,560 төгрөгөөр тогтоох болсныг Ө.Наранцэцэгт мэдэгджээ.

 

Энэхүү 3/19119 тоот мэдэгдлийг төлбөр төлөгч Ө.Наранцэцэг 2016 оны 5 дугаар сарын 22-ны өдөр гардан авсан гэх ба үнэлгээний талаарх гомдлоо шүүхэд анх 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр гаргасныг шүүх хүлээн авч, зохих ажиллагааг явуулж, 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжиж ирээгүй үндэслэлээр нэхэмжлэлийг 4304 тоот шүүгчийн захирамжаар буцаажээ.

 

Нэхэмжлэгч нь үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдлоо шүүхэд дахин 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр гаргаснаар шүүх хэргийг хянан хэлэлцэж байгаа бөгөөд шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх үед нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасан хугацааг хэтрүүлэн гомдлоо  гаргасан гэж үзэх үйл баримт тогтоогдож байх тул шүүх Ө.Наранцэцэгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Тодруулбал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “төлбөр төлөгч, төлбөр авагч эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо үнэлгээ тогтоосон өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасан тул төлбөр төлөгч Ө.Наранцэцэг нь “Итгэлт-Эстимэйт” ХХК-ийн 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн үнэлгээний талаарх 3/19119 тоот мэдэгдлийг гардан авсан 2016 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс хойш 7 хоногийн дотор буюу 2016 оны 5 дугаар сарын 29-ний дотор шүүхэд хандаж, гомдлоо гаргах журамтай байхад энэ хугацааг 8 хоногоор хэтрүүлсэн байх ба үүнд хүндэтгэх шалтгаантайг нотлосон баримт хэрэгт авагдаагүй, түүнчлэн шүүх нэхэмжлэлийг буцааснаас хойш 1 сарын дараа шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан байдалд хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдоогүй тул хуульд заасан гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн гэж үзсэн болно.

 

Иймд хуульд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн үндэслэлээр “Итгэлт Эстимэйт” ХХК-ийн 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн Ө.Наранцэцэгийн гомдлыг хэрэгсэхгүй болгов.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасныг баримтлан “Итгэлт Эстимэйт” ХХК-ийн 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн Ө.Наранцэцэгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал нь энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа гардан авах үүрэгтэй бөгөөд эс зөвшөөрвөл түүнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.  

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                       Ө.УЯНГА