Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 295

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

улсын яллагч А.Ганзориг /томилолтоор/,

шүүгдэгч Ю.П.........ж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Хүйлий Хаан овогт Ю.........нгийн П.........жийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн, эрүүгийн 1908 0048 30244 дугаартай, 1 хавтаст хэргийг 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Хүйлий хаан овогт Ю.........нгийн П.........ж, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1962 оны 10 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, .......................

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Яллагдагч Ю.П.........ж нь 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ................ тоот хашааны гадна хохирогч К.Б.........дын толгойн тус газар нь хүрзээр цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, Ю.П.........ж мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

1. Хохирогч К.Б.........дын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 22-ны өглөө 9 цагийн үед гэрээсээ эхнэр Ш..............агийн хамт гараад гудамжныхаа ойролцоо явж байтал жалганы цаана нэг эрэгтэй бие засаж байсан. Тэгсэн манай эхнэр тэр хүнтэй хэрэлдээд байсан. Тэгсэн нөгөө хүн нь өөдөөс нь хэрэлдээд байх шиг байсан. Тэгсэн манай эхнэр нөгөө танихгүй хүн дээр очоод хэрэлдээд байхаар нь очоод болиулах гэтэл нөгөө танихгүй хүн намайг очсон чинь хүрзээр толгой руу цохисон...Би тухайн хүнийг танихгүй манай эхнэр бие засаж байхад нь хэл, амаар доромжилсон байсан. ...Манай эхнэр бид хоёр архи уусан байсан...миний толгойг хүрзээр нэг удаа цохисон...Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11-13),

2. Гэрч Г.Ш..............агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 22-ны өглөө би нөхөр Б.........дын хамт 9 цагийн орчим гараад явж байсан. Тэгээд миний утасны баттерей болохгүй байсан ба манай нөхөр болохгүй бол наадхыг чинь шатаагаад хаячихъя гэж хэлсэн. Тэгтэл манай гэрийн доод талын хашааны гадаа машин байсан ба хажууд нь эрэгтэй хүн бие засаад зогсож байсан. Тэгтэл тэр хүн чи миний машиныг яахаараа баттерей гэдэг юм гэж хэлсэн. Тэгтэл тэр хүн хашаа руу ороод хүрз гаргаж ирээд манай нөхрийн толгой руу нь цохичихсон. Манай нөхрийн толгойноос цус гараад байсан ба тэр хүн манайд орж цусаа угаа хороондоо зохицье гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16),

3. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 1678 дугаар дүгнэлт:

“...Хэсэг газрын үзлэгт: Зүүн шанааны дээд хэсэгт 5х0.2см шархтай. Шархны эргэн тойронд хавдартай.

2019.01.24-ний КТГ-д тархины бор ба цагаан эдийн ялгарал буурсан буюу бага зэргийн хавантай...зүүн чамархай хэсгийн зөөлөн эдэд хаван хавдартай бөгөөд хий тодорхойлогдоно...ДҮГНЭЛТ

1. К.Б.........дын биед тархи доргилт, зүүн шанааны шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаас сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 21)

4. Шүүгдэгч Ю.П.........жийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 22-ны өглөө 9 цаг өнгөрч байхад Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо хустай гэх газарт ахындаа очоод зогсож байтал эрэгтэй, эмэгтэй хоёр жалганы цаана маргалдаад явж байсан. Би жалганы нөгөө талд ахынхаа хашааны гадаа ирээд шээс хүрээд байхаар нь жалганы тэнд бие засах гээд зогсож байтал миний утас дуугарахаар нь би утсаа аваад чихэвчээр ярьсан. Тэгтэл нөгөө хоёр эрэгтэй, эмэгтэй хүмүүс холоос хэл амаар доромжлоод цаанаас хашгираад орилоод байсан. Тэгэхээр нь би “чи өвчтэй, солиотой юм уу цаашаа зайлаач” гэж хэлсэн. Тэгсэн нөхөр нь над руу гүйж ирэхээр нь би ахынхаа хашааны хаалгыг онгойлгоод хашааны хаалга тулсан байсан хүрзийг аваад тэр залуугийн толгой руу цохисон. Тэгсэн нөгөө залуугийн толгойноос нь цус гараад байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 56-57)

5. Эд зүйл түр хураан авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 4), эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 5-7), Хойшлуулашгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол (хавтаст хэргийн 9), эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоолд “...1.50см урттай модон иштэй хүрзийг эд мөрийн баримтаар тооцсугай...” гэх баримт (хавтаст хэргийн 3), эвлэрлийн гэрээ (хавтаст хэргийн 58),

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 26, 31), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 38), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 27, 28, 33-34), хувийн байдлын талаарх баримт (хавтаст хэргийн 29, 30, 32, 37) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ю.П.........жид холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Ю.П.........ж нь Сонгинохайрхан дүүргийн ................ тоот хашааны гадна, 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр, хувийн таарамжгүй харилцааны улмаас, шууд санаатай үйлдлээр хохирогч К.Б.........дын толгойн тус газар нь хүрзээр цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

- Хохирогч К.Б.........дын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 22-ны өглөө 9 цагийн үед гэрээсээ эхнэр Ш..............агийн хамт гараад гудамжныхаа тэнд явж байтал жалганы цаана нэг эрэгтэй бие засаж байсан. Тэгсэн манай эхнэр тэр хүнтэй хэрэлдээд байсан. Тэгсэн нөгөө хүн нь өөдөөс нь хэрэлдээд байх шиг байсан. Тэгсэн манай эхнэр нөгөө танихгүй хүн дээр очоод хэрэлдээд байхаар нь очоод болиулах гэтэл нөгөө танихгүй хүн намайг очсон чинь хүрзээр толгой руу цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11-13),

- Гэрч Г.Ш..............агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тэр хүн хашаа руу ороод хүрз гаргаж ирээд манай нөхрийн толгой руу нь цохичихсон. Манай нөхрийн толгойноос цус гараад байсан ба тэр хүн манайд орж цусаа угаа хороондоо зохицье гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16),

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 1678 дугаар дүгнэлт: “...1. К.Б.........дын биед тархи доргилт, зүүн шанааны шарх гэмтэл тогтоогдлоо. ...3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаас сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 21)

- Шүүгдэгч Ю.П.........жийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 22-ны өглөө 9 цаг өнгөрч байхад Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Хустай гэх газарт ахындаа очоод зогсож байтал эрэгтэй, эмэгтэй хоёр жалганы цаана маргалдаад явж байсан. Би жалганы нөгөө талд ахынхаа хашааны гадаа...утсаа аваад чихэвчээр ярьсан. Тэгтэл нөгөө хоёр эрэгтэй, эмэгтэй хүмүүс холоос хэл амаар доромжлоод цаанаас хашгираад орилоод байсан. Тэгэхээр нь би “чи өвчтэй, солиотой юм уу цаашаа зайлаач” гэж хэлсэн. Тэгсэн нөхөр нь над руу гүйж ирэхээр нь би ахынхаа хашааны хаалгыг онгойлгоод хашааны хаалга тулсан байсан хүрзийг аваад тэр залуугийн толгой руу цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 56-57)

- Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоолд “...1.50см урттай модон иштэй хүрзийг эд мөрийн баримтаар тооцсугай...” гэх баримт (хавтаст хэргийн 3) зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч ...Ю.П.........ж хохирогч ...К.Б.........д нар нь хоорондоо хувийн шалтгаан нөхцөл буюу биеийн хэлэмжийн зохисгүй харилцсан шалтгаан нөхцлөөр, “хэл амаар доромжиллоо” гэх сэдэлтээр, хохирогчийн толгойн тус газар хүрзээр цохиж шууд санаатай үйлдлийн улмаас гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч ...Ю.П.........ж нь хохирогч ...К.Б.........дыг цохисон уг цохилтын улмаас хохирогчийн эрүүл мэндэд гэмтэл учирсан болох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба цохиулсны улмаас хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.

Иймд шүүгдэгч Ю.П.........жийн гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Хохирогч К.Б.........д нь энэ гэмт хэргийн улмаас эмчилгээний зардалд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй боловч шүүгдэгч Ю.П.........ж нь хохирогчид 400.000 төгрөгийг хохиролд тооцож өгсөн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч Ю.П.........жийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан санаатай учруулсан үйлдэлд нь 500 нэгж буюу 500 төгрөгөөр торгорх ял оногдуулах дүгнэлтийг,

Шүүгдэгч нь улсын яллагчийн гаргасан дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Ю.П.........ж, хохирогч К.Б.........д нар нь хоорондоо эвлэрч, хэн аль нь гомдол саналгүй гэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ. Ийнхүү хүсэлтийг хангаж Ю.П.........жид ял оногдуулах санал гаргахдаа улсын яллагчаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасныг баримталсан байна.

Иймд шүүгдэгч Ю.П.........жийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо төлсөн, хохирогчтой эвлэрсэн гэх хувийн байдал болон түүний хөдөлмөрийн чадвар алталд тогтоолгосон зэрэг байдлыг харгалзан улсын яллагчийн торгуулийн ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Ю.П.........жид торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.  

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 150 см урттай, модон иштэй, урд талын ажлын хэсэг нь дөрвөлжин хэлбэртэй, төмөр хүрзийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар устгуулахаар зохих байгууллагад шилжүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн 1908 0048 30244 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй, энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хүйлий Хаан овогт Ю.........нгийн П.........жийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ю.П.........жийг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 5 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.П.........ж нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солиж болохыг анхааруулсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн “150 см урттай, модон иштэй, урд талын ажлын хэсэг нь дөрвөлжин хэлбэртэй, төмөр хүрз”-ийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар зохих байгууллагад шилжүүлсүгэй.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус  дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Г.МӨНХЗУЛ