Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 303

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

улсын яллагч  О.Пүрэвсүрэн,

шүүгдэгч Э.Ц...........д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны шүүх хуралдааны А-1 танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Алаг адуу овогт Э...........гийн Ц...........дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808 0437 41289 дугаартай 1 хавтаст хэргийг 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Алаг адуу овогт Э...........гийн Ц...........д, Монгол Улсын иргэн, Завхан аймгийн Алдархаан суманд 1991 оны 10 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, эрэгтэй, 27 настай, дээд боловсролтой, тайз дэлгэцийн найруулагч мэргэжилтэй, “.............................

Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Яллагдагч Э.Ц...........д нь 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ................. тоотод өөрийн эхнэр Х.О...............гийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Ц...........д өгсөн мэдүүлэгтээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг гаргах шаардлагагүй...”

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

1. Хохирогч Х.О...............гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 09 дүгээр сарын 18-ны орой...гэртээ...ороход орон гэрээ цэвэрлээгүй ор дэрээ хураагаагүй байхаар нь би дотроо жоохон дургүйцсэн. Тэгээд гэр орноо цэвэрлээд, цайгаа чанаад байж байхад манай хүүхэд баасан...гэтэл нөхөр хүү чинь баачихлаа...бөгсийн арчаарай гэж хэлэхээр нь би “чи хүүхдийнхээ бөгсийг арчиж болдоггүй юм уу”...гэж хэлэхэд нөхөр надад хандаж “чи ер нь давраад байгаа шүү, чиний хийх ёстой ажил” гээд над руу уурласан...би тэр үед хоол ундаа хийх гээд түмпэн шанагаа дугаргахад нөхөр уурлаад босож ирээд чи ер нь давраад байгаа шүү чамд одоо хэдэн төгрөг хэрэгтэй юм...мөнгө авах уу гөлөг минь гэж хэлээд зодох шинжтэй над руу дайраад гараа далайгаад ирэхээр нь би чимээгүй болсон...мөн махаа хөшиглөөд сууж байхад би нусаа татахад нөгөө өрөөнөөс уурлаж гарч ирээд чи дандаа уйлж байдаг чиний хэрүүлтэй хоолыг идэхгүй би өөрөө хоолоо хийнэ гээд хутга булаацалдаад хутга булааж аваад ширээ рүү хутга шидсэн. Би чимээгүй болоод хоолоо хийж байхад хадам ээж гаднаас орж ирсэн. Хоол хийж дуусаад аягалаад сууж байхад нөхөр нөгөө өрөөнөөс орж ирэхээр нь би аягатай хоолоо аваад нөгөө өрөө рүү ороход нөхөр миний араас орж ирээд чи яагаад хамт хоол унд иддэггүй юм бэ. Чи ийм санаатай гөлөг байхгүй юу гэж хэлээд намайг үсдэж чирээд хоол хийсэн өрөө рүү чирж оруулаад чи энд хоолоо ид гэж хэлээд миний толгой руу гараа атгаж байгаад 2-3 удаа цохиод миний мөр рүү нэг удаа цохисон. Намайг сандал дээр суусан байхад төмөр амны халбагаар толгойн орой хэсэг рүү нэг удаа хүчтэй цохиод хэл амаар доромжлоод энэ муу пиздаг алчихсан ч яадаг юм гэж хэлээд миний баруун мөр рүү өшиглөхөд би толгойныхоо зүүн нүд хөмсөг хэсгээрээ паар мөргөсөн. Миний зүүн нүд тэр үед хавдаад бондойсон байсан....намайг 2015 онд Завхан аймагт нөхөр зодож байсан...ер нь манай нөхөр жижиг асуудлаас болоод байнга гар хүрдэг...би нөхрөө сануулах юм уу, шүүмжлэхээр уурлаад тэрнээсээ болж надад гар хүрдэг намайг сар гарны өмнө ...зодоод миний гар, хөл хөхөрч байсан...би 120.000 төгрөгөөр томографийн зураг авахуулсан. Энэ үзүүлж харуулсан мөнгийг нөхөр Ц...........дээс авсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 08-09),

“...Надад энэ хэргийн улмас нэхэмжлэх зүйл байхгүй. Э.Ц...........д бид хоёр хоорондоо эвлэрч хэвийн амьдарч байгаа. Одоо надад ямар ч нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10, 99)

2. Гэрч Д.Э...........гийн (Э.Ц...........дийн эх) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 18-ны орой ажлаасаа ирэхэд Ц...........д О...............г хоёр хоорондоо хэрэлдэж маргасан бололтой. Хоёр өрөөнд сууж байсан. Би хүү Ц...........дийн өрөөнд ороод яагаад эхнэртэйгээ хэрүүл хийгээд байгаа юм гэж хэлэхэд О...............гийг хоол хий гэж хэлсэн чинь уурласан гэж хэлсэн. Би О...............гээс юу болсон талаар асуухад надтай юм яриагүй. Тэгээд хоол болоод би хоолоо аягалж байхад О...............г нөгөө өрөө рүү явахад Ц...........д яах гээд чи гарч яваад байгаа юм гэж хэлэхэд О...............г халбаг аваад ирье гэж хэлээд буцаад орж ирэхэд Ц...........д амны халбагаар О...............гийн толгой руу цохих гэж байхад нь гарнаас нь бариад холдуулсан. Би хоолоо авах гээд сууж байхад Ц...........д О...............гийг сандал дээр нь сууж байхад нь түлхсэн юм уу, цохисоныг нь би анзаараагүй хан мөргөсөн юм шиг байна лээ. О...............гийн зүүн талын нүд толгой нь хавдаад бондойсон байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17)

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 11455 дугаар дүгнэлт

“...Хэсэг газрын үзлэгт: Зулайн баруун ар хэсэгт бага зэрэг хавдартай, эмзэглэлтэй, зүүн хөмсөгний дунд дээд хэсэгт 0.1х1.5см, 0.1х1см хүрэн улаан зулгаралттай, зүүн хөмсөг, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар хавдартай, гүн хүрэн ягаан цус хуралттай, зүүн хөмсөгний дунд дээд хэсэг өндөг дарам газар хонхойж бамбалзана, эмзэглэлтэй, баруун сарвууны ар дээд хэсэгт бага зэрэг хавадартай, 1.5х2см хөх ягаан цус хуралт, 0.2х0.5см улаан хүрэн зулгаралттай.

2018.09.21-ний Натур эмнэлгийн толгойн КТГ-д ...баруун талын хөхлөг сэртэнгийн агааржилт буурсан буюу склероз өөрчлөлттэй, зүүн талын хөхлөг сэртэнгийн агааржилт ердийн зүүн нүд болон шанаа орчмын хэсгийн зөөлөн эдэд бага хэмжээний хаван хавдартай...ДҮГНЭЛТ

1.2. Х.О...............гийн биед зулай, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөгний дээд хэсгийн, зулгаралт, зүүн хөмсөг, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун сарвууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

...4.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 19),

4. Шүүгдэгч Э.Ц...........дийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 18-ны орой гэртээ байж байгаад эхнэртэйгээ гэр бүлийн хоорондын үл ойлголцолоос болж маргалдсан. Тэгээд манай эхнэр бид хоёр хоорондоо хэрэлдсэн юм. Эхнэр О...............г хоол хийчихээд хоолоо бариад нөгөө өрөө рүү орохоор явахаар нь халуун ам бүлээрээ ширээгээ тойрч байгаад хоолоо идье гэсэн юм. Тэгээд дахиж хэрэлдээд би уурандаа эхнэрийгээ үснээс нь татсанаа буцааж тавиад халааднаас нь татаад гал тогооны өрөөнд оруулсан. Тэгээд ороод дахиад хэрэлдээд хүүхдийнхээ хоолыг өгөхдөө надад уурласан уурандаа хөргөх гэж байна гээд халбагаар самраад асгаад байсан. Тэгэхээр нь би амьдрах гэж бүхнийг болгох гэж яваад байхад чи ойлгохгүй юм аа гээд бухамдаад хоол идэж байсан амны халбагаар толгойд нь цохисон юм. Тэгээд дахиад урдаас хэрэлдэхээр нь цээжний орчимд нь түлхтэл хажуу тийшээ харсан чигээрээ ардаа байсан хананы булан мөргөсөн. Тэгтэл түүний духны хажуу хэсэг хавдсан...ноцолдож байхдаа өшиглөсөн байх санахгүй байна...би Халдун Батзул ХХК-ний Face студийн “Like продакшн”-ы жүжигчийн ажилтай байгаа. Би энэ продакшнд 2013 оноос хойш ажиллаж байгаа. Сарын 800.000 төгрөгний цалин авдаг...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28-30,102-104),

5. Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт (хавтаст хэргийн 41-42),

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 32, 33), урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 37), “Халдун Батзул” ХХК-ийн тодорхойлолт (хавтаст хэргийн 36), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 34, 35) зэрэг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Э.Ц...........дэд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Э.Ц...........д нь Сонгинохайрхан дүүргийн ................. тоотод гэртээ, 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр, хувийн таарамжгүй сэдэлтээр, шууд санаатай үйлдлээр, хамтран амьдрагч Х.О...............гийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь;

- Хохирогч Х.О...............гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 09 дүгээр сарын 18-ны орой...Хоол хийж дуусаад аягалаад сууж байхад нөхөр нөгөө өрөөнөөс орж ирэхээр нь би аягатай хоолоо аваад нөгөө өрөө рүү ороход нөхөр миний араас орж ирээд чи яагаад хамт хоол унд иддэггүй юм бэ. Чи ийм санаатай гөлөг байхгүй юу гэж хэлээд намайг үсдэж чирээд хоол хийсэн өрөө рүү чирж оруулаад чи энд хоолоо ид гэж хэлээд миний толгой руу гараа атгаж байгаад 2-3 удаа цохиод миний мөр рүү нэг удаа цохисон. Намайг сандал дээр суусан байхад төмөр амны халбагаар толгойн орой хэсэгрүү нэг удаа хүчтэй цохиод хэл амаар доромжлоод энэ муу пиздаг алчихсан ч яадаг юм гэж хэлээд миний баруун мөр рүү өшиглөхөд би толгой...хэсгээрээ паар мөргөсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 08-09),

- Гэрч Д.Э...........гийн (Э.Ц...........дийн эх) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 18-ны орой ажлаасаа ирэхэд Ц...........д О...............г хоёр хоорондоо хэрэлдэж маргасан бололтой. Хоёр өрөөнд сууж байсан. ...хоол болоод би хоолоо аягалж байхад О...............г нөгөө өрөө рүү явахад Ц...........д яах гээд чи гарч  яваад байгаа юм гэж хэлэхэд О...............г халбаг аваад ирье гэж хэлээд буцаад орж ирэхэд Ц...........д амны халбагаар О...............гийн толгой руу цохих гэж байхад нь гарнаас нь бариад холдуулсан. Би хоолоо авах гээд сууж байхад Ц...........д О...............гийг сандал дээр нь сууж байхад нь түлхсэн юм уу, цохисоныг нь би анзаараагүй хан мөргөсөн юм шиг байна лээ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17)

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 11455 дугаар дүгнэлт “...1.2. Х.О...............гийн биед зулай, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөгний дээд хэсгийн, зулгаралт, зүүн хөмсөг, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун сарвууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. ...4.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 19) зэрэг нотлох баримтуудаар хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Э.Ц...........д нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр “гэр бүлийн таарамжгүй харилцаа, хоолоо халуун ам бүлээрээ хамт идсэнгүй” гэх сэдэлтээр, хохирогч О...............гийн толгойн тус газар цохиж гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Э.Ц...........д нь хохирогч ...О...............гийн толгойн тус газар гараараа цохисон болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба цохиулснаас болж хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

Мөн Э.Ц...........д нь хохирогч Х.О...............гтэй 2014 оноос эхлэн хамтран амьдарсан. Улмаар дундаасаа нэг хүүхэдтэй болох нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн тэдний мэдүүлгээр тогтоогдож байгаа нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээдэд хамаарч байна.

Тиймээс шүүгдэгч Э.Ц...........дийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Х.О...............г нь эмчилгээний зардалд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй байх тул шүүгдэгч Э.Ц...........дийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч Э.Ц...........дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг,

Шүүгдэгч нь улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Э.Ц...........д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Э.Ц...........д, хохирогч О...............г нар нь хоорондоо эвлэрч, хэн аль нь гомдол саналгүй гэх хүсэлт гаргасан мөн шүүгдэгч Ц...........д нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн гэх хувийн байдал болон тэрээр “Халдун Батзул” ХХК-нд ажил хөдөлмөр эрхэлдэг зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн торгуулийн ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хөнгөрүүлж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Э.Ц...........дийг торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.  

Эрүүгийн 1808 0437 41289 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Алаг адуу овогт Э...........гийн Ц...........дийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ц...........дийг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ц...........д оногдуулсан 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Э.Ц...........дийг нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч нь гомдол, саналгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус  дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Г.МӨНХЗУЛ