Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 304

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

Улсын яллагч Р.Очирсүрэн,

Шүүгдэгч Ө.Г..............т, түүний өмгөөлөгч А.Очбадрал (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2215) нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А-1 танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Боржигон овогт Ө..............рын Г..............тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808 0562 60095 дугаартай 1 хавтаст хэргийг 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овгийн Ө..............рын Г..............т, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1974 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, .............., урьд

1. (Т..............х овогтой Г..............т нэрээр) Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 1998 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 425 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял шийтгүүлж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан.

2. (Т..............х овогтой Г..............т нэрээр) Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхийн 1999 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 887 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ял оногдуулж, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан энэ тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ял дээр Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 1998 оны 425 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялаас 8 сарыг нэмж бүгд 1 жил 8 сарын хорих ял шийтгэгдсэн.

3. (Т..............х овогтой Г..............т нэрээр) Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2000 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 262 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 14, 39 дүгээр зүйлд заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 2 дахь зааснаар 8 сарын хорих ял шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 38 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолоор оногдуулсан 8 сарын хорих ял дээр Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхийн 1999 оны 887 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 1 жил 8 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жилийн хорих ялыг нэмж нийт 1 жил 8 сарын хорих ял шийтгэгдэж 2001 оны 11 сарын 08-ны өдөр суллагдсан.

4. Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхийн 2004 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 143 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сар хорих ялаар шийтгүүлж, Төв аймаг дахь сум дунын 1 дүгээр шүүхийн 2008 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 127 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасныг журамлан Ө.Г..............тад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сар хорих ялаар шийтгэснийг хорих ялын доод хэмжээнд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ял болгон хөнгөрүүлэн өөрчилж ялаас чөлөөлсөн.  

5. Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхийн 2008 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 279 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж, 2011 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр суллагдсан.

6. Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 172 дугаар  шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 7 жилийн хорих ял, 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял тус тус шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүндэд нь багтааж биечлэн эдлэх хорих ялыг 7 жилийн хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн.

- Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 261 дүгээр шүүгчийн захирамжаар Анхны ардчилсан сонгууль болж байнгийн ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг баримтлан 7 жилийн хорих ялаар шийтгүүлсэн Ө.Г..............тын эдлээгүй үлдсэн 03 жил 19 хоногийн хорих ялаас 2 жилийг өршөөн хасч үлдэх 1 жил 19 хоногийн хорих ялыг бичлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

7. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 53 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 10 хоногийн хорих ял шийтгэгдсэн.

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 269 дүгээр шүүгчийн захирамжаар 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад нийцүүлж, түүний эдлэх хорих ялыг 2 жил 2 сарын ялтай дүйцүүлж, тэрээр 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдөр суллагдсан. 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Яллагдагч Ө.Г..............т нь 2018 оны 12 дугаар сарын 05-ны орой 18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо Дунд Нарангийн 04 дүгээр гудамжны ............... тоот өрөөнд оршин суух иргэн А.Б.............мын орон байранд нэвтэрч “BSB” брэндийн 40 инчийн зурагт хулгайлж 504.320 төгрөгийн хохирол учруулсан,

 - Мөн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 14 цагийн үед Баянгол дүүргийн 10 дугаар хороо Зүүннарангийн ............... тоотод оршин суух иргэн Д.У..............үгийн гэрт нэвтэрч “Panasonic” маркийн 42 инчийн LCD зурагт, хромон гутал зэрэг эд зүйлийг хулгайлж 574.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.Г..............т мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

1. Ө.Г..............т нь 2018 оны 12 дугаар  сарын 05-ны өдөр 18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо Дунд Нарангийн 04 дүгээр гудамжны ............... дугаартай өрөөнд оршин суух иргэн А.Б.............мын орон байранд нэвтэрч “BSB” брэндийн 40 инчийн зурагт хулгайлж 504.320 төгрөгийн хохирол учруулсан,

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 03-06),

- Мөрдөн шалгах ажиллагаа явуулах тухай прокурорын зөвшөөрөл (хавтаст хэргийн 7, 8),

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “...2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн... 18 цаг 18 минут 36 секундэд цайвар өнгийн саравчтай малгайтай, хар өнгийн савхин куртиктэй, бэлтгэлийн канттай өмдтэй, хар гуталтай 30-35 орчим насны эрэгтэй тус нийтийн байр руу ороод 18 цаг 21 минут 20 секундэд зүүн гартаа хар өнгийн зурагт барьж гарч ирсэн...” гэх баримт (хавтаст хэргийн 14),

- эд мөрийн баримт хураан авсан мөрдөгчийн тэмдэглэлд “...2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 16 цаг 04 минутад “Sky” ломбарднаас...хар өнгийн “BSB” маркийн 39 инчийн зурагт хураан авав...” гэх баримт (хавтаст хэргийн 11),

- Хохирогч А.Б.............мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 12 сарын 05-ны өдөр манай гэр болох Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо Дунд Нарангийн ............. тоот өрөөнд хулгай орж 39 инчийн bsb зурагт алдагдсан. Манайх тухайн зурагтыг 6 сарын өмнө авсан одоо 700.000 төгрөгийн үнэлж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20), -“Этүгэний Хөх Ус” ХХК-ийн “SKY” ломбардны барьцаат зээлийн үйлчилгээний 2631 дугаар гэрээнд “... Цэцэгчимэг овогтой Анхбаяр...2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр...BSB брэндийн...39 LED зурагтыг....180.000 төгрөг тавьсан...” тухай баримт (хавтаст хэргийн 12),

- Гэрч Ж.Ч.............тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 05-ны өглөө 7 цагийн үед охин хичээлдээ явахаар гарсны дараа 15 цаг 40 минутын үед би хүү, эхнэрийн хамт гадагшаа ажлаар гарахдаа 12 тоот өрөөгөө цоожоор нь цоожлоод явцгаасан. Гэтэл 18 цаг 10 минутын үед миний 8870...960 дугаарын утас руу манай амьдардаг нийтийн байрны эзэн Г.............а...залгаад “Танай гэрт хулгай орчихсон байна. Танай зурагт чинь алга болчихсон байна” гэхээр нь бид нар шууд гэртээ...иртэл манай гэрийн хаалга онгойсон байдалтай байсан...манай гэрээс зөвхөн зурагт хулгайд алдагдсан байсан...Манайх 12 тоот гэрээ Хятад улсад үйлдэврэлсэн саарал өнгийн жижиг цоожоор цоожилсон байсан. ...Камерийн бичлэгийг харахад цоожийг тайлаад...цоож газар унахад хулгайч цоожийг газраас авч халаасандаа хийж байгаа харагдсан. ...Манайх BSB брэндийн хар өнгийн 40 инчийн LED зурагтаа 2017 оны 10 дугаар сард 700.000 төгрөгөөр худалдан авч байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26),

- Гэрч Д.Г.............агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо Дунд Нарангийн .......... тоот хашаанд байрлах 2 давхар 20 өрөөтэй нийтийн байрыг ажиллуулаад 3 жилийн хугацаа өнгөрч байна. 2018 оны 12 нугаар сарын 05-ны өдөр ажлаасаа тараад 18 цаг 20 минутын үед нийтийн байрны түрээслэгч нартай уулзахаар ирээд 12 дугаарын өрөөг хартал онгорхой байхаар нь шагайж үзтэл хүн байхгүй мөн зурагт нь байхгүй байхаар нь түрээслэгч рүүгээ утастаад гэр чинь онгорхой, зурагт чинь байхгүй байна танайд хүн ирсэн юм уу гэсэн чинь тэгвэл манайд  хулгай орсон байна гэж хэлэхээр нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн... Намайг камер шүүж үзэхэд 18 цаг 30 минутын үед гаднаас үл таних эрэгтэй хүн орж ирж хаалгыг нь хөшиж онгойлгоод зурагтыг нь аваад гарч байгаа бичлэг бичигдсэн байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29),

-Гэрч Б.Д..........үүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 16 цагийн үед тус нийтийн байрнаас хүүхдээ авахаар яваад ойролцоогоор 17 цагийн үед нийтийн байрандаа буцаж ирээд байж байтал байрны эзэн Д.Г.............а манайд орж ирээд энэ 12 тоотод хэн ирсэн юм бэ хаалга нь онгорхой мөртлөө хүн байхгүй байх шиг байна гэж хэлэхээр нь бид хоёр хамт 12 тоотод очоод Д.Г.............а хаалгыг нь онгойлгож гэрт ороод хартал зурагт нь алга болчихсон байхаар нь Д.Г.............а 12 тоотыг түрээслэгч Ж.Ч.............т руу залгаад танайд хэн ирсэн юм бэ гэрийн хаалга чинь онгорхой бас зурагт чинь алга болчихсон байна гэсэн чинь манайд хүн ирэх ёсгүй тэгвэл хулгайч орчихсон байна гэхээр нь бид цагдаа дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27-28),

- Иргэний нэхэмжлэгч П.Б..........нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Манайхаар үйлчлүүлдэг Г..............т гэх залуу Анхбаяр гэх залуугийн хамт орж ирээд Анхбаярын нэр дээр тухайн зурагтыг тавьсан. Мөнгийг нь Г..............т тоолж аваад манай барьцаанд байгаа өөрийн зурагтын хугацааг сунгаад гарсан. Би тухайн үед Г..............тад мөнгийг нь авч байгаа учир түүнийг тавиулж байгаа юм байна гэж бодсон...хэний зурагт болох талаар тодруулахад Ө.Г..............т манай найзын зурагт байгаа юм гэж хариулсан. Ө.Г..............т манай байнгын үйлчлүүлэгч урьд ийм асуудал гаргаж байгаагүй учир би зурагтыг шалгаад авсан...180.000 төгрөгөөр барьцаанд тавьсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24),

- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн СХ3-18-642 дугаартай тайланд “...BSB брэндийн хар өнгийн LED 40 инчийн зурагт ...504.320 төгрөг...” гэх баримт (хавтаст хэргийн 33-34),

- Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлд “...BSB маркийн 39 инчийн зурагтыг иргэн А.Б.............мд хүлээлгэн өгөв...” гэх баримт (хавтаст хэргийн 13),

2. 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 14 цагийн үед Баянгол дүүргийн 10 дугаар  хороо Зүүннарангийн 10-146А тоотод оршин суух иргэн Д.У..............үгийн орон байранд нэвтэрч Панасоник маркийн 42 инчийн ЛСД зурагт, хромон гутал зэрэг эд зүйлийг хулгайлж 574.000 төгрөгийн хохирол учруулсан,

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 105-106, 109-110),

- Хохирогч Д.У..............үгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 14 цагт би гэрээ түгжээд доошоо дэлгүүр ороод буцаад ирэхэд хашааны гадаа нэг хүн зурагт, хромон гутал барьсан явж байсан би тэр хүнээс хөөе наад чинь манай юм байна гээд хэлсэн. Тэгтэл нөгөө хүн юу яриад байна. Би өөрийнхөө юмыг аваад явж байна гэсэн би өөрийнхөө эд зүйлийг таниад тэр хүнийг татаад хашаа руугаа ороод гэрийн амбаарын гадаа очиход цоожны цүү суг татсан байсан би цагдаа дуудсан удалгүй цагдаа нар... ирээд зурагт гутал хоёрыг надад хүлээлгэж өгсөн...манай төрсөн ах Д.Б..........р миний өмнөөс өргөдөл бичиж өгсөн. Надад нэхэмжлэх зүйл байхгүй алдсан эд зүйлээ буцаагаад авсан санал гомдол байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 115-116),

- Гэрч Д.Б..........рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 22-ны өглөө 8 цагийн үед...ээж Цэрэннадмид...над руу залгаад дүү У..............үгийн гэрт хулгай орсон гэнэ хурдан оч гэхээр нь би такси бариад дүү У..............үгийн гэрт ирсэн чинь монгол гэрийн хаалганы цоожийг хөшсөн байдалтай онгорхой байсан дотор нь байсан зурагт байхгүй байсан...Paninsonic загварын 42 инчийн LCD зурагт, 38 размерын хромон гутал зэрэг зүйл алдагдсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 117-118),

- Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлд “...саарал өнгийн “Panasonic” загварын 42 инчийн зурагт, 38 размерийн хромон гутлыг...иргэн Д.Б..........рт хүлээлгэн өгөв...” гэх баримт (хавтаст хэргийн 111),

- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн БГ2-19-73 дугаартай тайланд “...Panasonic брэндийн 42 инчийн LCD дэлгэцтэй зурагт ...496.000 төгрөг, Дотоод хромон гутал 78.000 төгрөг нийт 574.000 төгрөг” гэх баримт (хавтаст хэргийн 121-122),

3. Шүүгдэгч Ө.Г..............тын мөрдөн байцаалтад өгсөн:

- “....2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо Дунд Нарангийн 4-91 тоотод байрлах нийтийн байрнаас 40 инчийн зурагт хулгай хийсэн юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 50-51)

- “...2019 оны 01 дүгээр сарын 22-ны өглөө Баянгол дүүргийн 10 дугаар хороо хорооллын эцсээр архи ууж явсан 12 цагийн үед байсан би согтуу байсан болохоор цагийг нь сайн санахгүй байна хашааны хаалга нь онгорхой дотор нь нэг гэр байсан гэрийнх нь гадаа очоод амбаарын хаалгыг татсан чинь цоожны цүү нь муу байсан байх онгойсон би гэр рүү ороод хойморт байсан брендийг нь сайн мэдэхгүй том хавтгай зурагт байсан зурагтыг салгаж аваад гарч байхдаа баруун талын орны хажууд хромон гутал байсныг хараад бас аваад гарсан гэрийг тойрч гараад явж байхад гэрийн эзэн гэх нэг залуу өөдөөс ирээд намайг бариад авсан...би тухайн үед согтуу байсан архины мөнгө олох санаатай явж байсан учир мөнгө олох гэж хулгай хийсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 132-133)

4. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах прокурорын тогтоол (хавтаст хэргийн 45-46, 48-49), Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол (хавтаст хэргийн 96-97), Яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах прокурорын тогтоол (хавтаст хэргийн 98-99), Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 125), цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүхийн шийдвэр (хавтаст хэргийн 42-43),

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 57), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 58), шүүхийн шийдвэрийн хуулбар (хавтаст хэргийн 68-70, 72-74, 76-77, 79-84, 86-89, 163), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 55) зэрэг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ө.Г..............тад холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар.

Улсын яллагч: Шүүгдэгч Ө.Г..............тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт,

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Шүүгдэгч Ө.Г..............т нь Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо Дунд Нарангийн 04 дүгээр гудамжны 91 тоот хашаанд байрлах нийтийн байрны 12 дугаартай өрөөнд оршин суух, 2018 оны 12 дугаар сарын 05-ны орой 18 цагийн үед нууц аргаар, шунахайн сэдэлтээр, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн шалтгаан нөхцөлөөр, шууд санаатай үйлдлээр, иргэн А.Б.............мын орон байранд нэвтэрч “BSB” брэндийн 40 инчийн LED зурагт хулгайлж 504.320 төгрөгийн хохирол учруулсан,

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 03-06, 105-106, 109-110),

- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2018 оны СХ3-18-642 дугаартай тайлан, 2019 оны  БГ2-19-73 дугаартай тайлан (хавтаст хэргийн 33-34, 121-122),

- Эд зүйл хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 13, 121-122),

- Хохирогч А.Б.............м, Д.У..............үгийн мэдүүлэг  (хавтаст хэргийн 20, 115-116),

- Гэрч Ж.Ч.............тын (хавтаст хэргийн 26), Д.Г.............агийн (хавтаст хэргийн 29), Б.Д..........үүгийн (хавтаст хэргийн 27-28), Д.Б..........рын (хавтаст хэргийн 117-118) өгсөн мэдүүлгүүд,

- Иргэний нэхэмжлэгч П.Б..........нгийн (хавтаст хэргийн 23-24) өгсөн мэдүүлэг,

- Камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 14), эд мөрийн баримт хураан авсан мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 11), “Этүгэний Хөх Ус” ХХК-ийн “SKY” ломбардны барьцаат зээлийн үйлчилгээний 2631 дугаар гэрээ (хавтаст хэргийн 12) зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд улсын яллагчаас шүүгдэгч Ө.Г..............тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах талаар гаргасан дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн дээрх зүйл, хэсэг, заалтад зааснаар гэм буруутайд тооцов.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Ө.Г..............т нь хохирогч А.Б.............м, Д.У..............ү нарт учруулсан нийт 1.078.320 төгрөгний үнэлгээ бүхий эд зүйлсийг биет байдлаар буцаан өгсөн болох нь хавтаст хэрэгт авагдан мөрдөгчийн (хавтаст хэргийн 13, 121-122) тэмдэглэлээр тогтоогдож байх тул хохирогч нарт энэ тогтоолоор төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй. Харин шүүгдэгч Ө.Г..............т нь хохирогч А.Балжинямынхаас хулгайлсан зурагтыг “Этүгэний Хөх Ус” ХХК-ийн “SKY” ломбардад 180.000 төгрөгөөр тавьж иргэний нэхэмжлэгч П.Б..........нд хор уршиг учруулсан байна. Иймд Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчээс 180.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгчид олгох хууль зүйн үндэслэлтэй.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

- Улсын яллагчаас Ө.Г..............тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг,

- Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч Ө.Г..............т нь гэм буруугийн хувьд маргахгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тиймээс улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтээс доогуур хэмжээгээр хорих оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ө.Г..............тад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.   

Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг удирдлага болгон гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг харгалзан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хөнгөрүүлж, шүүгдэгч Ө.Г..............тыг 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх зүйтэй гэж үзэв. Өөрөөр хэлбэл гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ, хохирогчид учруулсан хохирлыг гэмт хэрэг үйлдсэн даруй хохирогч нарт буцаан өгсөн зэргийг харгалзан ял оногдуулсан болно.

Шүүгдэгч Ө.Г..............т нь энэ хэрэгтээ 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан. Мөн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байна.

Тодруулбал шүүгдэгч нь 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр баривчлагдсан байх боловч түүнийг хэзээ, хэн, хэрхэн сулласан талаарх баримт байхгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан түүний шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан хоногийг хоёр хонгоор тооцож, 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс мөн оны 3 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл 43 хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан хоногт оруулан тооцож шийдвэрлэх нь зүйтэй. Иймд шүүгдэгчийн нийт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 43 хоногийг Эрүүгийн хуулийн 6.10 дүгээр зүйлд заасны дагуу шүүгдэгч Ө.Г..............тыг эдлэх ялд оруулан тооцож, түүний эдлэх ялаас хасах нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн SOMEI CD-R 730MB 80MIN 52 гэж бичигдсэн CD дээрээ хоёр ширхэг улаан өнгийн сарнай цэцгийн дүрстэй цагаан өнгийн хар өнгийн бичигч бодисоор “88709960, .......... тоот Ч.............т” гэж бичигдсэн СD-ийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар тус хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалахаар шийдвэрлэв.

Эрүүгийн 1808 0562 60095 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нар нь гомдолгүй, хэрэгт шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Ө..............рын Г..............тыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Шүүгдэгч Ө.Г..............тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 (гурван) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Г..............тад оногдуулсан 3 жил 6 сарын хорих хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ө.Г..............тын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 43 (дөчин гурав) хоногийг түүний ял эдэлсэнд хугацаанд оруулан тооцож, эдлэх ялаас хассугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон CD-ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,  510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ө.Г..............таас 180.000 (зуун наяан мянган) төгрөгийг хуульд заасан хугацаанд гаргуулж, иргэний нэхэмжлэгч П.Б..........нд олгосугай. 

7. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Ө.Г..............тад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн тоолсугай.

9. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Г.МӨНХЗУЛ