Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 320

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

улсын яллагч Д.Ганчимэг,

шүүгдэгч Т.Г...............х

шүүгдэгч Г.Б...............х,

шүүгдэгч Ө.Н...............ий, тэдний өмгөөлөгч Д.Бурмаа (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0025) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Боржигон овогт Т...............рын Г...............х, Модон овогт Г...............агийн Б...............х, Баяуд овогт Ө...............хийн Н...............ий нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1808 0306 31108 дугаартай, 1 хавтаст хэргийг 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Боржигон овгийн Т...............рын Г...............х,  Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1987 оны 3 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, автын засварчин мэргэжилтэй, “.........................

2. Модон овогт Г...............агийн Б...............х, Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Мандалговь суманд 1990 оны 6 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, .............................................

3. Баяуд овогт Ө...............хийн Н...............ий, Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд 1989 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн, 29 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, ..........................

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Яллагдагч Ө.Н...............ий, Г.Б...............х, Т.Г...............х нар нь бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо Зүүнбаянцагааны 5 дугаар гудамжинд 2018 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Портект ватт ХХК-ний суурилуулсан цахилгааны 5 ширхэг төмөр бетонон тулгуур шонгуудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахдаа учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдэхийг завдсан бусдад 1.200.000 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирлыг учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар мэдүүлэхдээ:

1. Шүүгдэгч Т.Г...............хын өгсөн: “...Н...............ий надад шонгийн хэрэг байна гэж хэлж байсан. Энд тэнд хаягдсан шонгууд байдаг. Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо Зүүнбаянцагааны 5 дугаар гудамж дахь айлууд газарт ороод нүүсэн байсан. Тэнд шон харагдаж байсан. Тухайн шонгуудыг эзэнгүй хаягдсан юм байх гэж бодсон...” гэв.

2. Шүүгдэгч Г.Б...............хийн өгсөн: “...Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо Зүүнбаянцагааны 5 дугаар гудамж дахь айлууд нь нүүсэн байсан. Тухайн гудамжинд 5 шон байсан. Өмнө нь тухайн 5 шонг харж байсан болохоор очиж авсан. Энд тэнд хаягдсан шон байдаг болохоор хаягдсан шон байна гэж бодсон. Хулгай хийж байна гэж ухамсарласангүй миний буруу...” гэв.

3. Шүүгдэгч Ө.Н...............ийн өгсөн: “...2018 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Б...............х, Г...............х бид гурав уулзаад “манай гэрийн ойролцоо хүн тог тавиулъя гэж байна. Шонгийн хэрэг байна” гэж хэлсэн. Зүүн баян цагааны 8 дугаар гудамжинд ойр хавьд нь айл байхгүй, утасгүй шон байсан. Түрээсийн кран машин хөлслөөд шонгуудыг сугалж авсан. 4, 5 шонгоо ачиж байсан чинь хүмүүс ирээд манай шон гээд цагдаад дуудсан...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

1. Хохирогч Б.Б...............дын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би “Проект Ватт” ХХК-ийн захирал ажилтай, манай компани 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Эрчим хүчний яамтай гэрээ байгуулсаны үндсэн дээр Сонгинохайрхан дүүргийн 7, 8 дугаар хорооны айл өрхийг цахилгаан тенээр халаах, утааг бууруулах чиглэлээр цахилгааны 0.4 КВ-ын агаарын шугам болон айл өрхийн цахилгааны кабель оруулгын утас, тоолуурыг шинэчлэх ажлыг өвлийн турш хийж гүйцэтгэсэн. Ингээд 2018 оны 6 дугаар сард ажлаа хийгээд дуусгаад техникийн комисс болон улсын комисст хүлээлгэн өгч байх хугацаанд 2018 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 5 бетон тулгуур шонг хэсэг нөхөд хулгайлж байсныг манай ажилтнууд үйлдэл дээр нь барьж зогсоосон байсан. Бид нар хулгай хийгээд машин дээр ачсан байсан 5 ширхэг бетон тулгуурыг буцааж авч босгуулсан. Одоогийн байдлаар манай компанид учирсан хохирол байхгүй болохоор ямар нэгэн санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17),

2. Гэрч Б.Г...............хийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 12 цаг өнгөрч байхад компанийхаа нягтлан Г.О...............лын хамтаар Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлуулсан байсан цахилгааны шонгуудаа шалгаад зурагжуулаад явж байтал тус хорооны Баянцагааны гудамжинд цагаан өнгийн крантай машинтай 4 хүн цахилгааны шонг яг сугалаад машиныхаа ачаан дээр ачиж байхад тааралдсан юм. Тэгээд явж очтол тэр хүмүүс манай компани шонг хулгайлж байсан. Тухайн хүмүүс нийтдээ 4 ширхэг цахилгааны шонг аччихсан, харин сүүлийнхээ шонг яг сугалаад өргөчихсөн ачих гэж байхад нь барьж авсан. Тэгээд тэр хүмүүс дээр явж очоод юу болж байгаа юм бэ гэж хэлтэл тэр хүмүүс “35-84 УНВ улсын дугаартай хажуудаа зогсож байсан машиныг заагаад дотор нь сууж байгаа хүнтэй очоод уулз” гэхээр нь би явж очтол тэр машин дотор 2 хүн сууж байсан бөгөөд шууд зугтаагаад явчихсан. Харин тэр кран машины жолооч болон оосорлогч 2 хүнийг тэр хүмүүс түрээсэлсэн байсан. .. тэгээд шууд удирдлага руугаа залгаад шон хулгайлж байсан хүмүүсийн талаар хэлсэн...Цахилгааны  шон 1 ширхэг 250.000 төгрөгөөр үнэлж байна. 5 ширхэг шон бол 1.250.000 төгрөг болж байгаа...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21)

3. Гэрч Г.О...............лын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би “Преокт Ватт” ХХК-д нягтлангийн ажил эрхэлдэг бөгөөд 2018 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 12 цаг өнгөрч байхад тус компанийхаа цахилгаанчин Г...............хийн хамт Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлуулсан байсан цахилгааны шонг шалгаад зурагжуулаад явж байтал крантай машин манай цахилгааны шонг ачиж байсан бөгөөд хажууд нь приус 10, приус 20 маркийн машин зогсож байсан. Приус 20 маркийн машин дотор 2 хүн сууж байсан...тэгээд приус-20 маркийн машин дээр явж очиход дотор нь Улаанбаатар цахилгаан түгээх гэсэн улаан хувцастай 1 хүн байсан хажууд нь 1 хүн сууж байсан бөгөөд та нар хаанаас явж байгаа юм бэ гэтэл тэр хүмүүс шууд машинаа хөдөлгөөд яваад өгсөн. Тэгээд тэр хүмүүс кран дээр нийтдээ 4 ширхэг шон аччихсан байсан ба сүүлийнх нь 1 шонг яг ачих гээд өрөгчихсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22),

4. Гэрч Д.О...............лын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би хувиараа өөрийн эзэмшлийн ............... улсын дугаартай Hino ranger маркийн өөр дээрээ крантай ачаатай машинаар ачаа ачдаг ажил эрхэлдэг юм. Тэгээд 2018 оны 06 дугаар сарын 23-ны өглөө 10 цагийн орчим Баянбүрдэд сэлбэг үзээд явж байтал миний 96040410 дугаарын утас руу 88080704 гэсэн дугаараас...Батчөдөр гэх залуу над руу яриад хүмүүс шон ачуулья гэж байна чи ачих юм уу гэхэд нь би зөвшөөрөөд надтай хамт явж байсан Б...............н тэр хүмүүсийн утсыг тэмдэглэж авсан. Тэгээд Б...............н ачаа ачуулья гэсэн дугаар руу нь залгахад бид хоёрыг Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт хүрээд ир гэхээр нь явж очиход приус-20 маркийн машинтай 3 хүн зогсож байсан. Тэгээд тэр хүмүүс дагаад явж гэж хэлсэн бөгөөд тэр хүмүүсийг дагаж явж байхдаа утсаар ярихад 6 цахилгааны шон ачна 350.000 төгрөгөөр ачих уу гээд мөнгөө тохироод тэр хүмүүс Санзай гэж зусланд аваачина гэж хэлсэн. Тэгээд тэр хүмүүсийг дагаж явж байгаад Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэг гудамжинд очиж цахилгааны утас байхгүй 1 ширхэг дан шон бас А хэлбэртэй тулаастай 2 ширхэг шон байсныг сугалаад авчих гэж хэлсэн бөгөөд тэр шонгуудыг сугалж машин дээрээ ачсан юм. Тухайн шон ачуулж байсан 3 хүн гурвуулаа эрчим хүчний цахилгаан түгээх гэсэн хувцастай байсан. Тэгээд тухайн 3 шонг аччихаад дахиад 100 метр газар яваад өөр гудамжинд очиж бас А хэлбэртэй 2 ширхэг шон байсныг сугалж ачаад байж байтал тухайн шонгийн компанийн бас өөр нэг эрэгтэй, эмэгтэй хоёр хүн ирсэн. Тэгээд манай шонг ачлаа гэж хэлэхэд тэр шонг ачуулж байсан гэх хүн шууд машинаа асаагаад зугтаасан. Гэхдээ тэр хүн дээр сүүлд бас 1 хүн нэмэгдэж ирсэн байсан бөгөөд 2 хүн нь бид нартай хамт үлдсэн. Харин 2 хүн нь тэр приус маркийн машинтай зугтаагаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24)

5. Гэрч Х.Б...............нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 6 дугаар сарын 23-ны өдөр найз О...............лын хамт Дэнжийн мянга орж Тормз Моторс гээд машин ооруулж ирдэг компани дээр очоод японоос машин захиалах гээд байж байтал Батчөдөр 11 цагийн үед О...............л руу утсаар яриад “Баянхошуунаас цементэн цахилгааны 6 ширхэг шон буулгаж ачаад Хандгайтад босгож өгөх ажил байна та нар утсыг нь аваад захиалга өгсөн хүмүүстэй ярих уу гэж хэлсэн...тэгээд О...............л утсыг нь аваад...захиалга өгсөн гэх хүнтэй ярихад “Баянхошууны 67-р сургууль дээр хүрээд ир гэж хэлсэн. О...............л бид хоёр 67 дугаар сургууль дээр ирэхэд Приус-20 автомашинтай эрчмийн хувцас өмссөн 3 залуу зогсож байсан. Тэгээд...шон ачна гээд дээшээ ойрхон 1 км орчим газар дагуулж яваад газар зоосон цахилгааны цементэн шон ачуулна гэж хэлсэн. Тэр хүмүүс 350.000 төгрөгөөр ачуулна гэж байна гэж Батчөдөр хэлж байсан. Гудамжинд зоосон байсан эхний 3 ширхэг шонг машин дээр ачсан. Тэр гурван залуу шонгийн модыг нь оосорлож өгөөд О...............л болохоор кранаа ажиллуулаад цементэн цахилгааны шонгуудыг ачиж байсан. Тэгээд цаашаа 100 метр орчим яваад А хэлбэртэй 2 ширхэг шон зэрэгцээ байсныг буулгаад ачиж байхад Приус 10 маркийн машинтай нэг энгийн хувцастай залуу ирээд нөгөө 3 залуутай хамтарч шонгийн модноос ачилцаад байсан. Энэ үед нэг дунд гарын жийп машин давхиад ирсэн. Эрэгтэй, эмэгтэй хоёр машинаас бууж ирээд энэ шонг ачуулж байгаа эзэд нь хаана байна гэхээр нь тэр байна гээд эрчмийн хувцастай 3 залууг зааж өгсөн. Энэ үед нөгөө эрчмийн хувцастай 3 залуугийн хоёр нь приус-20 маркийн машиндаа суугаад зугтаасан. Сүүлд ирсэн приус-10 машинтай энгийн хувцастай залуу, үлдсэн эрчмийн хувцастай нэг залуу хоёр нь приус-10 машиндаа суугаад зугтах гэхээр нь би уг машины копудан дээр нь хэвтээд чирэгдэж машиныг зогсоосон. Нөгөө жийптэй ирсэн эрэгтэй бас хамтарч Приус-10 машины жолоочоос чангааж байгаад түлхүүрийг нь сугалж аваад явуулаагүй бариад авсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31-32),

6. Гэрч Г.Б...............айгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 11 цагийн үед Н...............ий над руу утсаар яриад Баянхошууны 7 дугаар хороонд хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд 7 дугаар хорооны автобусны буудал дээр Н...............ийтэй уулзахад хойноос цахилгааны шон ачуулж байгаа, газар шорооны ажил гарч магадгүй гэж хэлээд намайг авч явсан. Н...............ий бид хоёр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо 5 дугаар гудамж руу ороход крантай том машин дээр 4 ширхэг шонгоо ачиж байхад нь ирсэн. Би ирээд тулаасны бэхэлгээний боолтыг нь тайлалцаж өгөөд ачилцаж байтал эмэгтэй, эрэгтэй хоёр хүрээд ирсэн. Шонг кранаар өргөж машин дээр ачиж байсан юм удаагүй цагдаа нар ирсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34)

7. “Арвижих-Эстимейт” ХХК-ийн 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 18/120 дугаартай тайланд “...Hino Ranger /өөр дээрээ крантай/, 1993 онд үйлдвэрлэгдсэн 2018 оны 6 дугаар сарын 23-нд орж ирсэн автомашин...35.000.000 төгрөг” гэх баримт (хавтаст хэргийн 104-105),  

8. Тээврийн хэрэгслийн гэрчилгээнд “...9223 УБҮ улсын дугаартай Hino Ranger...өмчлөгч нь Даринчулууны О...............л...”  гэх баримт (хавтаст хэргийн 129)

 

9. Т.Г...............хын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 23-ны өглөө 10 цагийн орчим Б...............х над руу “яриад гэртээ байна уу, яваад очьё” гэж асуугаад манайд Приус 20 маркийн, машин унаж ирсэн. Хойшоо Баянхошуу яваад 6 ширхэг шон авъя гэж хэлсэн. Тэгээд Н...............ийгийн гэр лүү Б...............х бид 2 явсан. Өмнө нь Б...............х бид хоёр Сонгинохайрхан дүүргийн 8-р хороо Баянцагааны тэр хавиар ажлаар явж байгаад ажиллагаагүй, сул шонгууд байхыг харж байсан. Тэгээд тэр газраас цахилгааны шонгууд авъя гээд Н...............ийгийн гэр лүү явсан. Н...............ийг туслалцаад өгөөч гэж гуйсан. “Н...............ий надад ойр зуур хийх ажил байна ардаас чинь очьё” гэж хэлсэн. Тэгээд Б...............х бид 2 Баянцагааны гудамж руу яваад тэндээ оччихоод хөлсний кран хайж утсаар нэг машин олоод дуудсан. Уг машины жолооч нь крантай Хино маркийн машин байна гэхээр 350.000 төгрөгөөр зуслан руу ачуулахаар тохирсон. Тэгээд уг машины жолооч О...............л машинтайгаа ирээд кранаараа оосорлож цахилгааны шонгуудыг ачсан. Сүүлийн 2 шонг ачиж байх үед Н...............ий бас Приус машинтай нэг залуутай ирсэн. Уг Приус машины жолоочийг Н...............ий таньдаг, таксигаар хүргүүлж ирж байгаа юм байна гэж би ойлгосон. Тэгээд 5 дахь шонгоо ачих гэж байх үед “Проект ватт” компани эрэгтэй, эмэгтэй 2 хүн ирээд “ Юун шон ачаад байгаа юм, манай шон байгаа юм, хаанаас ачиж байгаа юм” гэхээр нь Б...............х бид хоёр айгаад Б...............хийн машинтай зугтаагаад яваад өгсөн. Үүнээс 30-40 минутын дараа цагдаагаас ярьж байна, цагдаа дээр хүрээд ир, хулгай хийсэн байна гээд утсаар дуудахаар нь Б...............х бид 2 цагдаа дээр ирсэн юм...Крантай том тэргээр цахилгааны шонгоо оосорлож байгаад кранаар нь өргөөд машин дээрээ ачдаг. Үндсэндээ том машины өргөгч краныг ашиглаж уг машин дээр ачдаг. Өөр тоног төхөөрөмж ороод байдаггүй. Тухайн үед Б...............х болон краны туслах ажилчин хоёр цахилгааны шонг оосорлож өгсөн санагдаж байна. Би урд өдөр нь гагнуур хийж ажилласан болохоор нүд өвдөөд шонг оосорлолцоогүй, хэн оосрлосныг нь сайн анзаараагүй...Зуслангийн айлууд хувиараа гэртээ тог тавиулдаг, шон сураглаж асуудаг. Тэгээд хэрэг болох байх гэж бодоод шон авъя гэж ярилцсан юм. Тэр газарт цахилгааны утас татаагүй, тоноглоогүй, хоосон шон 5 ширхэг байхаар нь л ачихаар болсон юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 73-75)

10. Г.Б...............хийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 23-ны өглөө 10 цагийн орчим Г...............хтай утсаар ярихад “гэртээ байна” гэхээр нь гэрээс нь очиж Г...............хыг авсан. Г...............х бид хоёр бас Н...............ийтэй утсаар яриад гэрт нь очсон. Тэгээд Г...............х бид 2 Н...............ийгийн гэрт нь очиж уулзаад Баянхошууны гудамжнаас цахилгааны шонгийн 5 ширхэг тулгуур шон ачна гэж ярилцсан. Тэндээсээ Г...............х бид хоёр Баянхошууны тойрог өнгөрөөд 8-р хороо Зүүнбаянцагааны 05 дугаар гудамжинд очиж цахилгааны утасгүй 5 ширхэг шонгийн модон дээр очсон. Тэр хавьд явж байсан танихгүй хүнээс “энэ юун эзэнгүй шонгууд байгаа юм бэ” гэж асуухад мэдэхгүй ээ, хаягдсан шонгууд юм байлгүй гэж хэлсэн. Тэгээд Г...............х бид хоёр уг шонгуудыг хэрэггүй, актлагдсан шонгууд юм байна гэж ойлгоод крантай ачааны машины утасны дугаар олж байгаад О...............л гэх жолоочтой утсаар холбогдож яриад 6 ширхэг шон ачуулна, 350.000 төгрөг хөлсөнд нь өгнө гэж ярилцсан. О...............л удалгүй 12 цагийн үед ирээд цахилгааны бетон шонгуудыг ачиж эхэлсэн. Эхний 3 шонг ачиж дууссан дараа 4 дэх шонг ачиж байх үед Н...............ий такситай ирсэн. Сүүлийн 2 шон бол А хэлбэртэй тулаастай шон байсан. Тэгтэл “Проект ватт” компани 2 хүн ирээд “энэ манай компани шонгуудыг ямар хүмүүс ачиж байна вэ? “ гэж асуусан. Энэ үед хүний юм ачиж байгаагаа мэдээд Г...............х бид 2 манай эхнэрийн 35-84 УНВ улсын дугаартай Приус 20 машинд сууж байгаад айсандаа болоод машинаа асаагаад зугтаасан. Удалгүй цагдаагаас над руу утсаар яриад хүрээд ир гэхээр нь Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэс дээр ирсэн...Г...............х бид хоёр хулгай хийхээс 2-3 хоногийн өмнө тэр хавиар ажлаар явж байгаад цахилгааны утасгүй шонгууд байхыг хараад авъя гэж ярилцсан. Энэ тухайгаа Н...............ийд хэлэхэд зөвшөөрсөн. Тэгээд 5 ширхэг цахилгааны шон авч байгаа баригдсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 78-79),

11. Ө.Н...............ийгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Б...............х, Г...............х хоёр 2018 оны 06 дугаар сарын 23-ны өглөө 10 цагийн орчим манай гэрийн гадна ирээд надтай уулзсан. Жоохон ажил байна, тус болооч гэсэн. Дөрвөөс таван шон сугалах ажил байна, хамт элбэлцээд өгөөч гэхээр нь “Би яг одоо завгүй байна, ардаас чинь очьё” гэж би хэлсэн. Би гэртээ ойр зуурын ажил амжуулж байгаад 11-12 цагийн орчимд Б...............ай гэдэг танилыгаа дуудаад Б...............х, Г...............х хоёртой утсаар нь ярьж байгаад Сонгинохайрхан дүүргийн 8-р хороо Зүүнбаянцагааны 05 дугаар гудамжинд очсон. Тэд нар сүүлийн 5 дахь шонгоо газраас сугалж авч байхад нь очсон. Тэнд очоод 5-10 минут орчим болж байхад хүмүүс ирээд “юун шон ачаад байгаа юм” гэсэн чинь Г...............х, Б...............х 2 Приус-20 маркийн машинд сууж байснаа машинаа асаагаад яваад өгчихсөн. Манай нөгөө 2 мэдэж байгаа гээд цагдаа нар ирэхээр нь Б...............хийн утсыг нь өгч дуудуулсан. Тэгээд тэр хоёр цагдаа дээр хүрээд ирсэн...Б...............х, Г...............х 2 бараг актлагдсан хэрэггүй болж байгаа шон байгаа юм гэж хэлж байсан. Яагаад 6 ширхэг шон ачуулна гэж ярьсныг нь мэдэхгүй байна...Б...............х, Г...............х хоёр Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компанид ажилладаг. Цахилгааны шон авахаас 2-3 хоногийн өмнө тэр хавиар Б...............х, Г...............х хоёр дуудлагатай явж байгаад цахилгааны утас татаагүй шонгууд байна хэрэг болох байх авъя гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 82-83),

12. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 05-10), тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 11-12), “Арвижих-Эстимейт” ХХК-н хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 49-50), “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 158-160), хохирогч Б.Б...............дын мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19, 153), гэрч А.Алтанхуяг, С.Энхтуул, Д.Энхтамир нарын мэдүүлэг (хавтаст хэргийн 43-46), шинжээч Б.Батсайханы мэдүүлэг (хавтаст хэргийн 151) “Проект Ватт” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тодорхойлолт (хавтаст хэргийн 14, 52),

- Шүүгдэгч Т.Г...............хын иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 118, 117), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 165), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 116, 119-127, 132),

- Шүүгдэгч Г.Б...............хийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 102, 101), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 166), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 99, 100, 106-115),

- Шүүгдэгч Ө.Н...............ийгийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 91, 92), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 167), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 90, 93-98), гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 107) зэрэг  нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Т.Г...............х, Г.Б...............х, Ө.Н...............ий нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар

Улсын яллагчаас шүүгдэгч Т.Г...............х, Г.Б...............х, Ө.Н...............ий нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авахдаа учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдэхийг завдсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Шүүгдэгч нарын гэм буруу дээр маргах зүйлгүй. Харин улсын яллагчийн яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй. Улсын яллагч яллах дүгнэлт үйлдэхдээ шүүгдэгч нарыг хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдэхийг завдан бусдад 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэсэн нь үндэслэлгүй. Хохирогчийн удаа дараагийн өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, бусад нотлох баримтаар цахилгааны бетон шонгууд нь эвдрэл гэмтэлтэй, ашиглах боломжгүй болох нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл мөрдөн байцаалтын шатанд тухайн шонгууд нь нийтдээ 80.000 төгрөгөөр үнэлэгдсэн. Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн гэсэн нь үндэслэлгүй, тухайн машин нь өөрөө тусгайлан тоноглогдсон автомашин байдаг. Хавтаст хэрэгт 3 удаа шинжээч томилж үнэлгээ тогтоолгосон. Өөрөөр хэлбэл “Арвижих-Эстимейт” болон “Дамно” ХХК-аар тухайн шонгуудын зах зээлийн үнэлгээг хийлгэж харин “Мастер үнэлгээ” ХХК-р тухайн шонгийн бодит үнэлгээг хийлгэсэн байдаг. Тодруулбал прокурор яллах дүгнэлт үйлдэхдээ хэргийн бодит байдалтай нийцэхгүй зах зээлийн үнэлгээ хийсэн үнэлгээг үндэслэн яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар 80.000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэж байна. Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бодитой хор хохирол учраагүй, гэмт хэргийн хэлбэрийн төдий агуулсан тул шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх дүгнэлтийг гаргаж тус тус мэтгэлцэв.

Шүүгдэгч нарын өмгөөлөгчийн дүгнэлтийг шүүх хүлээн авах үндэслэлгүй.

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг нь хэдэн төгрөгийн хохирол учирснаас үл хамааран машин механизм ашигласнаар төгсдөг. Мөн улсын яллагч яллах дүгнэлт үйлдэхдээ “учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж” гэж гэмт хэргийн хүндрүүлэх шинжээр яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлгүй байна. Тодруулбал ямар эд зүйлийг тусгайлан бэлтгэж зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн гэдгийг тодорхойлоогүйгээс гадна хэрэгт энэ талаар авагдсан баримтгүй байх тул хэргийн зүйлчлэл, шүүгдэгч нарын эрх зүйн байдалд нөлөөлөхөөргүй байх тул шүүх тухайн хүндрүүлсэн шинжийг зөвтгөн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Шүүгдэгч Т.Г...............х, Г.Б...............х, Ө.Н...............ий нар нь бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Зүүнбаянцагааны 5 дугаар гудамжинд, 2018 оны 6 дугаар сарын 23-ны өдөр, Д.О...............лын 9223 УБҮ улсын дугаартай Hino Ranger маркийн /өөр дээрээ крантай/ тээврийн хэрэгслийг түрээслэн, шунахайн сэдэлтээр, хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шууд санаатай үйлдлээр, “Проект Ватт” ХХК-ийн эзэмшлийн 1.200.000 төгрөгийн үнэлгээ бүхий 5 ширхэг, цахилгаан тулгуур төмөр бетон шон хулгайлахыг завдсан болох нь:

- Хохирогч Б.Б...............дын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би “Проект Ватт” ХХК-ийн захирал ажилтай, манай компани 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Эрчим хүчний яамтай гэрээ байгуулсаны үндсэн дээр Сонгинохайрхан дүүргийн 7, 8 дугаар хорооны айл өрхийг цахилгаан тенээр халаах, утааг бууруулах чиглэлээр цахилгааны 0.4 КВ-ын агаарын шугам болон айл өрхийн цахилгааны кабель оруулгын утас, тоолуурыг шинэчлэх ажлыг өвлийн турш хийж гүйцэтгэсэн. ...2018 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 5 бетон тулгуур шонг хэсэг нөхөд хулгайлж байсныг манай ажилтнууд үйлдэл дээр нь барьж зогсоосон байсан. Бид нар хулгай хийгээд машин дээр ачсан байсан 5 ширхэг бетон тулгуурыг буцааж авсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17),

- Гэрч Б.Г...............хийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 12 цаг өнгөрч байхад компанийхаа нягтлан Г.О...............лын хамтаар Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлуулсан байсан цахилгааны шонгуудаа шалгаад зурагжуулаад явж байтал тус хорооны Баянцагааны гудамжинд цагаан өнгийн крантай машинтай 4 хүн цахилгааны шонг яг сугалаад машиныхаа ачаан дээр ачиж байхад тааралдсан юм. Тэгээд явж очтол тэр хүмүүс манай компани шонг хулгайлж байсан. Тухайн хүмүүс нийтдээ 4 ширхэг цахилгааны шонг аччихсан, харин сүүлийнхээ шонг яг сугалаад өргөчихсөн ачих гэж байхад нь барьж авсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21)

- Гэрч Г.О...............лын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 12 цаг өнгөрч байхад тус компанийхаа цахилгаанчин Г...............хийн хамт Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлуулсан байсан цахилгааны шонг шалгаад зурагжуулаад явж байтал крантай машин манай цахилгааны шонг ачиж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22),

- Гэрч Д.О...............лын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би хувиараа өөрийн эзэмшлийн ............... улсын дугаартай Hino ranger маркийн өөр дээрээ крантай ачаатай машинаар ачаа ачдаг ажил эрхэлдэг. ...2018 оны 06 дугаар сарын 23-ны өглөө ...Б...............н ачаа ачуулья гэсэн дугаар руу нь залгахад бид хоёрыг Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт хүрээд ир гэхээр нь явж очиход приус-20 маркийн машинтай 3 хүн зогсож байсан. ...Тэгээд тэр хүмүүсийг дагаж явж байгаад Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэг гудамжинд очиж цахилгааны утас байхгүй 1 ширхэг дан шон бас А хэлбэртэй тулаастай 2 ширхэг шон байсныг сугалаад авчих гэж хэлсэн бөгөөд тэр шонгуудыг сугалж машин дээрээ ачсан юм. ...дахиад 100 метр газар яваад өөр гудамжинд очиж бас А хэлбэртэй 2 ширхэг шон байсныг сугалж ачаад байж байтал тухайн шонгийн компанийн бас өөр нэг эрэгтэй, эмэгтэй хоёр хүн ирсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24)

- Гэрч Х.Б...............нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...О...............л бид хоёр 67 дугаар сургууль дээр ирэхэд Приус-20 автомашинтай эрчмийн хувцас өмссөн 3 залуу зогсож байсан. Тэгээд...шон ачна гээд дээшээ ойрхон 1 км орчим газар дагуулж яваад газар зоосон цахилгааны цементэн шон ачуулна гэж хэлсэн. ...Гудамжинд зоосон байсан эхний 3 ширхэг шонг машин дээр ачсан. Тэр гурван залуу шонгийн модыг нь оосорлож өгөөд О...............л болохоор кранаа ажиллуулаад цементэн цахилгааны шонгуудыг ачиж байсан. Тэгээд цаашаа 100 метр орчим яваад А хэлбэртэй 2 ширхэг шон зэрэгцээ байсныг буулгаад ачиж байхад...нэг дунд гарын жийп машин давхиад ирсэн. Эрэгтэй, эмэгтэй хоёр машинаас бууж ирээд энэ шонг ачуулж байгаа эзэд нь хаана байна гэхээр нь тэр байна гээд эрчмийн хувцастай 3 залууг зааж өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31-32),

- Гэрч Г.Б...............айгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 11 цагийн үед Н...............ий над руу утсаар яриад Баянхошууны 7 дугаар хороонд хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд 7 дугаар хорооны автобусны буудал дээр Н...............ийтэй уулзахад хойноос цахилгааны шон ачуулж байгаа, газар шорооны ажил гарч магадгүй гэж хэлээд намайг авч явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34)

- Т.Г...............хын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 23-ны өглөө 10 цагийн орчим Б...............х над руу “яриад гэртээ байна уу, яваад очьё” гэж асуугаад манайд Приус 20 маркийн, машин унаж ирсэн. Хойшоо Баянхошуу яваад 6 ширхэг шон авъя гэж хэлсэн. Тэгээд Н...............ийгийн гэр лүү Б...............х бид 2 явсан. Өмнө нь Б...............х бид хоёр Сонгинохайрхан дүүргийн 8-р хороо Баянцагааны тэр хавиар ажлаар явж байгаад ажиллагаагүй, сул шонгууд байхыг харж байсан. Тэгээд тэр газраас цахилгааны шонгууд авъя гээд Н...............ийгийн гэр лүү явсан. Н...............ийг туслалцаад өгөөч гэж гуйсан. ...Тэгээд Б...............х бид 2 Баянцагааны гудамж руу яваад тэндээ оччихоод хөлсний кран хайж утсаар нэг машин олоод дуудсан. ...машины жолооч О...............л машинтайгаа ирээд кранаараа оосорлож цахилгааны шонгуудыг ачсан. Сүүлийн 2 шонг ачиж байх үед Н...............ий...ирсэн. ...Тэгээд 5 дахь шонгоо ачих гэж байх үед “Проект ватт” компани эрэгтэй, эмэгтэй 2 хүн ирээд “ Юун шон ачаад байгаа юм, манай шон байгаа юм, хаанаас ачиж байгаа юм” гэхээр нь Б...............х бид хоёр айгаад Б...............хийн машинтай зугтаагаад яваад өгсөн. ...Крантай том тэргээр цахилгааны шонгоо оосорлож байгаад кранаар нь өргөөд машин дээрээ ачдаг. Үндсэндээ том машины өргөгч краныг ашиглаж уг машин дээр ачдаг. Өөр тоног төхөөрөмж ороод байдаггүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 73-75)

- Г.Б...............хийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 23-ны өглөө 10 цагийн орчим Г...............хтай утсаар ярихад “гэртээ байна” гэхээр нь гэрээс нь очиж Г...............хыг авсан. Г...............х бид хоёр бас Н...............ийтэй утсаар яриад гэрт нь очсон. Тэгээд Г...............х бид 2 Н...............ийгийн гэрт нь очиж уулзаад Баянхошууны гудамжнаас цахилгааны шонгийн 5 ширхэг тулгуур шон ачна гэж ярилцсан. Тэндээсээ Г...............х бид хоёр Баянхошууны тойрог өнгөрөөд 8-р хороо Зүүнбаянцагааны 05 дугаар гудамжинд очиж цахилгааны утасгүй 5 ширхэг шонгийн модон дээр очсон. ...Тэгээд Г...............х бид хоёр уг шонгуудыг хэрэггүй, актлагдсан шонгууд юм байна гэж ойлгоод крантай ачааны машины утасны дугаар олж байгаад О...............л гэх жолоочтой утсаар ярилцсан. О...............л удалгүй 12 цагийн үед ирээд цахилгааны бетон шонгуудыг ачиж эхэлсэн. Эхний 3 шонг ачиж дууссан дараа 4 дэх шонг ачиж байх үед Н...............ий...ирсэн. Сүүлийн 2 шон бол А хэлбэртэй тулаастай шон байсан. Тэгтэл “Проект ватт” компани 2 хүн ирээд “энэ манай компани шонгуудыг ямар хүмүүс ачиж байна вэ? “ гэж асуусан. ...Г...............х бид хоёр хулгай хийхээс 2-3 хоногийн өмнө тэр хавиар ажлаар явж байгаад цахилгааны утасгүй шонгууд байхыг хараад авъя гэж ярилцсан. Энэ тухайгаа Н...............ийд хэлэхэд зөвшөөрсөн. Тэгээд 5 ширхэг цахилгааны шон авч байгаа баригдсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 78-79),

- Ө.Н...............ийгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Б...............х, Г...............х хоёр 2018 оны 06 дугаар сарын 23-ны өглөө 10 цагийн орчим манай гэрийн гадна ирээд надтай уулзсан. Жоохон ажил байна, тус болооч гэсэн. Дөрвөөс таван шон сугалах ажил байна, хамт элбэлцээд өгөөч гэхээр нь “Би яг одоо завгүй байна, ардаас чинь очьё” гэж би хэлсэн. тэгээд ...11-12 цагийн орчим...Б...............х, Г...............х хоёртой утсаар нь ярьж байгаад Сонгинохайрхан дүүргийн 8-р хороо Зүүнбаянцагааны 05 дугаар гудамжинд очсон. Тэд нар сүүлийн 5 дахь шонгоо газраас сугалж авч байхад нь очсон. Тэнд очоод 5-10 минут орчим болж байхад хүмүүс ирээд “юун шон ачаад байгаа юм” гэсэн чинь Г...............х, Б...............х 2 Приус-20 маркийн машинд сууж байснаа машинаа асаагаад яваад өгчихсөн. Цахилгааны шон авахаас 2-3 хоногийн өмнө тэр хавиар Б...............х, Г...............х хоёр дуудлагатай явж байгаад цахилгааны утас татаагүй шонгууд байна хэрэг болох байх авъя гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 82-83),

- Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 05-10), тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 11-12) зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд хууль зүйн хувьд шүүгдэгч нарыг бүлэглэн, машин механизм ашиглаж  бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авахыг завдсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Энэ гэмт хэргийн улмаас “Проект Ватт” ХХК-ийн эзэмшлийн 1.200.000 төгрөгийн үнэлгээ бүхий 5 ширхэг, цахилгаан тулгуур төмөр бетон шонг шүүгдэгч нар нь хохирогчид буцаан өгсөн. Хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх тул шүүгдэгч нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ө.Н...............ийд 2 жил 6 сарын хугацаагаар, шүүгдэгч Т.Г...............х, Г.Б...............х нарыг тус бүр 2 жил 9 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар хорих ялын хэмжээг 1 жилийн хугацаагаар тогтоож өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч  Т.Г...............х, Г.Б...............х, Ө.Н...............ий нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.   

Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг удирдлага болгон гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг харгалзан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч тус бүрийг 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх...энэ хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулна.” гэж, мөн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг зургаан сараас хорин жил хүртэл хугацаагаар нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад тусгаарлаж хугацаатай хорих ялыг эдлүүлнэ.” гэж тус тус хуульчилсан байна.

Тиймээс дээрхээс дүгнэж үзвэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан 2-8 жилийн хорих ялын дээд хэмжээ болох 8 жилийн хорих ялын гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр буюу 5 жил 6 сараас хэтрүүлэхгүйгээр хорих ялын доод хэмжээ болох 6 сарын хооронд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зохицуулалттай байх тул шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан тэдэнд тус бүр 6 сарын хорих ял оногдуулсан болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж ...энэ хуулийн тусгай ангид заасан...нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно.” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “...Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ.” гэж тус тус заасан байна.

Тиймээс шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхээр завдахдаа ашигласан иргэн Д.О...............лын эзэмшлийн 9223 УБҮ улсын дугаартай Hino Ranger маркийн /өөр дээрээ крантай/ 35.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгслийн үнийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзэв. Тодруулбал шүүгдэгч тус бүрээс 11.666.666 төгрөг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэв.

Эрүүгийн 1808 0306 31108 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.12, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Т.Г...............х, Г.Б...............х, Ө.Н...............ий нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авахдаа учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдэхийг завдсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг

- Шүүгдэгч Т.Г...............х, Г.Б...............х, Ө.Н...............ий нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар бүлэглэн, машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авахаар завдсан гэж хөнгөрүүлэн өөрчилсүгэй. 

2. Шүүгдэгч Боржигон овогт Т...............рын Г...............х, Модон овогт Г...............агийн Б...............х, Баяуд овогт Ө...............хийн Н...............ий нарыг бүлэглэн, машин механизм ашиглаж  бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авахаар завдсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Т.Г...............х, Г.Б...............х, Т.Н...............ий нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар тус бүрийг 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Г...............х, Г.Б...............х, Ө.Н...............ий нарт оногдуулсан 6 (зургаа) сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Г...............х, Г.Б...............х, Ө.Н...............ий нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Hino Ranger” маркийн 92 23 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 35.000.000 (гучин тав сая) төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлж буюу шүүгдэгч тус бүрээс 11.666.666 (арван нэгэн сая зургаан зуун жаран зургаан мянга зургаан зуун жаран зургаа) төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хараагдаж ирсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т.Г...............х, Г.Б...............х, Ө.Н...............ий нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, тэдний эдлэх ялыг 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8. Шийтгэх тогтоолыг хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.МӨНХЗУЛ