| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2019/0343/Э |
| Дугаар | 354 |
| Огноо | 2019-03-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Сансарсайхан |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 354
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам
улсын яллагч М.Сансарсайхан,
шүүгдэгч Ц.А.......а нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Харгана овогт Ц.......вын А.......аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн, эрүүгийн 1808 0177 60329 дугаартай, 1 хавтаст хэргийг 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Харгана овогтой Ц.......вын А.......а, Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Цагаан Овоо суманд 1989 оны 02 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, дүү, 2 хүүхдийн хамт амьдардаг, ............................
Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)
Яллагдагч Ц.......вын А.......а нь 2018 оны 03 дугаар сарын .......-нээс 4 сарын 01-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ....... дугаар хороо, хилчний .......-....... тоотод иргэн М.Т..............рыг өөрийг нь оролдлоо гэх шалтгаанаар хутгалан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.А.......а мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хохирогч М.Т..............рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын .......-ний орой ажлаа тараад хамт ажилладаг хүмүүстэй 1-2 шил архи уучихаад гэртээ харих замдаа ....... цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ....... дугаар хороо Хилчингийн гудамжинд амьдардаг зүс танил болох Д.........а ахын гэрт орсон. Тэднийд зүс танил Э..............д, Г..............г, Х..............ээ, А.........а, А.......а нар Д.........а ахтай нийлээд архи уугаад сууцгааж байсан. Би тэдэнтэй нийлээд байсан архинаас нь уугаад цаг орчим болж байтал хамт архи ууж байсан нэг нь “А.......а чиний нурууг чинь хутгаар хатгачихлаа” гэж хэлсэн. Би тэндээс шууд гарч яваад гэртээ ороод ээж Г.........вд нуруугаа үзүүлсэн чинь цагдаа дуудаж удалгүй түргэн ирж намайг госпиталь эмнэлэгт авч ирээд шархыг цэвэрлэж оёдол тавиад явуулсан. ... Бүгд хамт архи ууцгааж байсан намайг А.......а гэдэг эмэгтэй хутгаар баруун дал орчимд нэг удаа хатгасан ямар шалтгаанаар хутгалсан үгүйг мэдэхгүй байна. ...Хэнийг нь мэдэхгүй байна “А.......а чамайг хутгаар хатгачихлаа л” гэж байсан би нилээн согтуу байсан болохоор мэдэхгүй байна. Одоо ямар нэгэн гэмтэл байхгүй нуруундаа оёдол тавиулаад зүгээр болсон. ...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25)
2. Гэрч М.Г.........вын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын .......-нээс 4 дүгээр сарын 1-нд шилжих шөнө хүү Т..............р Д.........а гэдэг айлд хүмүүстэй архи ууж байгаад тэнд байсан эмэгтэйд баруун даландаа хутгалуулсан гээд ороод ирсэн... Тэгээд гэмтлийн эмнэлэг ороход хутганы шархтай байна Госпиталь орж гэсний дагуу очиж шархыг цэвэрлүүлж 3 ширхэг оёдол тавиад эмнэлгээс гарсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26),
3. Гэрч Б.Ц.........хын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2007 онд...А.......а гэдэг эмэгтэйтэй танилцаад түүнээс хойш манайд А.......а 3 жил амьдарч байгаад салаад явсан. ...А.......а надтай амьдарч байхдаа архи уугаад л алга болчихдог байсан. Хамгийн сүүлд 2018 оны 3 дугаар сарын 15-ны үед би Өвөрхангай аймагт ...ажлаар явсан хойгуур А.......а манайд ирж байж байгаад манай тэнд амьдардаг Д.........а ахын гэрт архи ууж байгаад Т..............рыг хутгалчихлаа хүрээд ир гээд дуудаад байхаар эь би ажлаа орхиод иртэл манайхаас явчихсан байсан. ...Тухайн үед Т..............ртай Д.........а ахынд архи ууж байх үед л А.......аг Т..............р оролдохоор нь хутгаар даланд нь нэг удаа хатгачихсан гэж ярьж байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33),
4. Гэрч Ш.Г.........гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би хөдөө байхдаа хамар хашаанд амьдардаг Т..............ртай утсаар ярьтал намайг согтуу Солонгоо даланд хутгалчихсан гэж ярьж байсан. ...Согтуу Солонгоог ...бүгд мэднэ жинхэнэ нэр нь Ц.......вын А.......а гэдэг. ...архи ууж, биеэ үнэлдэг эмэгтэй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34),
5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 4412 дугаар дүгнэлт
“...Хэсэг газрын үзлэгт: ...баруун далны дотор ирмэгт 1.5см зах ирмэг тэгш мэс заслын оёдол бүхий шархтай...ДҮГНЭЛТ
1. М.Т..............рын биед баруун далны дотор ирмэг дэх хатгагдсан шарх гэмтэл учирсан нь тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19)
6. Шүүгдэгч Ц.А.......агийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын .......-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ....... дугаар хорооны нутагт амьдардаг Д.........а ахын гэрт А.........а, /Хандгай хочит/ Х..............ээ, Г..............г, Э..............д, Т..............р нарын хамт архи ууж байтал Х..............ээ, Т..............р хоёр намайг оролдоод байхаар нь би Т..............ртай маргалдаж “болиоч чи муу” гээд олон удаа хэлээд хэл авахгүй дахин өгзөгнөөс илээд авахаар нь ширээн дээр байсан хар иштэй хоол иддэг хутгийг аваад баруун талын далны орчимд нэг удаа хатгачихсан чинь цус гараад ирсэн. Т..............р харилаа гээд яваад өгсөн. Удалгүй цагдаа нар ирээд намайг хүн хутгалсан байна гээд саатуулсан. Ийм л асуудал болсон.... Надтай хамт архи ууж байхдаа хүмүүсийн дэргэд намайг оролдож хөх дэлэн барьж аваад байхаар нь боль гэж зөндөө хэлтэл дахин өгзөг гараараа илээд авахаар нь уур хүрээд ширээн дээр байсан хутгийг аваад баруун дал орчимд нэг удаа хатгаж гэмтэл учруулсан өөр нэмж хатгасан удаа байхгүй. Бид хоёрын дунд өр авлага өс хонзон байхгүй...би дээрх гэмтлийг хар өнгийн иштэй хутгаар нэг удаа хатгаж байхдаа учруулсан гэмтэл байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 47-48)
7. Тань олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл...гэрч Н.Д.........аар...1-5 хүртэл дугаарласан хутганаас таньж олуулах ажиллагааг хийхэд...3 гэж дугаарласан хутгыг манайд байсан хутга мөн байна гэснээр таньж олуулах ажиллагааг дуусгав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 29-30),
8. Хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол (хавтаст хэргийн 16), эд мөрийн баримтаар тооцох мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 14), яаралтай тусламжийн хуудас (хавтаст хэргийн 36), оргодол эрэн сурвалжлах тухай баримт (хавтаст хэргийн 60-64), сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 40-42),
- Оролцогч нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт (хавтаст хэргийн 72, 73), Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх прокурорын тогтоол (хавтаст хэргийн 76), Хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал (хавтаст хэргийн 75),
- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 50, 51), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 66), гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 52), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 53, 54) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн, хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Гурав. Шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Ц.А.......ад холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:
I. Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Ц.А.......а нь Сонгинохайрхан дүүргийн ....... дугаар хороо, Хилчний ....... дүгээр гудамжны ....... тоотод, 2018 оны 03 дугаар сарын .......-нээс 4 дүгээр сарын 01-нд шилжих шөнө, хувийн таарамжгүй сэдэлтээр, хохирогчийн зүй бус үйлдлийг зогсоох зорилгоор, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн шалтгаан нөхцөлийн улмаас, шууд санаатай үйлдлээр иргэн М.Т..............рын баруун далны дотор хутгаар хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
- Хохирогч М.Т..............рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын .......-ний орой...хүмүүстэй 1-2 шил архи уучихаад гэртээ харих замдаа ....... цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ....... дугаар хороо Хилчингийн гудамжинд амьдардаг... Д.........а ахын гэрт орсон. Тэднийд зүс таних Э..............д, Г..............г, Х..............ээ, А.........а, А.......а нар Д.........а ахтай нийлээд архи уугаад сууцгааж байсан. Би тэдэнтэй нийлээд байсан архинаас нь уугаад цаг орчим болж байтал хамт архи ууж байсан нэг нь “А.......а чиний нурууг чинь хутгаар хатгачихлаа” гэж хэлсэн. Би тэндээс шууд гарч яваад гэртээ ороод ээж Г.........вд нуруугаа үзүүлсэн чинь цагдаа дуудаж удалгүй түргэн ирж намайг госпиталь эмнэлэгт авч ирээд шархыг цэвэрлэж оёдол тавиад явуулсан. ... А.......а гэдэг эмэгтэй хутгаар баруун дал орчимд нэг удаа хатгасан ямар шалтгаанаар хутгалсан үгүйг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25)
- Гэрч М.Г.........вын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...хүү Т..............р Д.........а гэдэг айлд хүмүүстэй архи ууж байгаад тэнд байсан эмэгтэйд баруун даландаа хутгалуулсан гээд ороод ирсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26),
- Гэрч Б.Ц.........хын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 3 дугаар сарын 15-ны үед би Өвөрхангай аймагт ...ажлаар явсан хойгуур А.......а манайд ирж байж байгаад манай тэнд амьдардаг Д.........а ахын гэрт архи ууж байгаад Т..............рыг хутгалчихлаа хүрээд ир гээд дуудаад байхаар нь би ажлаа орхиод иртэл манайхаас явчихсан байсан. ...Тухайн үед Т..............ртай Д.........а ахынд архи ууж байх үед л А.......аг Т..............р оролдохоор нь хутгаар даланд нь нэг удаа хатгачихсан гэж ярьж байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33),
- Гэрч Ш.Г.........гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би хөдөө байхдаа хамар хашаанд амьдардаг Т..............ртай утсаар ярьтал намайг согтуу Солонгоо даланд хутгалчихсан гэж ярьж байсан. ...Согтуу Солонгоог ...бүгд мэднэ жинхэнэ нэр нь Ц.......вын А.......а гэдэг...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 4412 дугаар дүгнэлт “...1. М.Т..............рын биед баруун далны дотор ирмэг дэх хатгагдсан шарх гэмтэл учирсан нь тогтоогдлоо. ...3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19)
- Шүүгдэгч Ц.А.......агийн мөрдөн байцаалтад өгсөн: “...би Т..............ртай маргалдаж “болиоч чи муу” гээд олон удаа хэлээд хэл авахгүй дахин өгзөгнөөс илээд авахаар нь ширээн дээр байсан хар иштэй хоол иддэг хутгийг аваад баруун талын далны орчимд нэг удаа хатгачихсан чинь цус гараад ирсэн. ...Надтай хамт архи ууж байхдаа хүмүүсийн дэргэд намайг оролдож хөх дэлэн барьж аваад байхаар нь боль гэж зөндөө хэлтэл дахин өгзөг гараараа илээд авахаар нь уур хүрээд ширээн дээр байсан хутгыг аваад баруун дал орчимд нэг удаа хатгаж гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 47-48) зэрэг нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Ц.А.......ад нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр “намайг оролдлоо” гэх сэдэлтээр, хохирогч Б.Т..............рыг хутгаар хутгалж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис хэрцгийгээр учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ц.А.......а нь хохирогч Б.Т..............рын эрүүл мэндэд баруун далан тус газар нь нэг удаа хутгалж гэмтэл учруулсан болох нь хохирогч, гэрч, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.
Иймд шүүгдэгч Ц.А.......аг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Т..............р нь эмчилгээний зардалд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, гомдол саналгүй гэсэн байх тул шүүгдэгч Ц.А.......аг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Улсын яллагчаас шүүгдэгч Ц.А.......аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 260 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх дүгнэлтийг,
Шүүгдэгч улсын яллагчийн гаргасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг хүлээн зөвшөөрч байна гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ц.А.......ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Ц.А.......а нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хутгыг зэвсгийн чанартай ашиглаж, хохирогчийн биед шарх гэмтэл учруулсан байгааг буюу гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирогчид хохирол, хор уршгийг ихэсгэж болох зүйлээр гэмт хэрэг үйлдсэн байдлыг харгалзан шүүхээс улсын яллагчийн санал болгосон нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлтийг өөрчилж түүнийг 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Ц.А.......а нь 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдөр шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдаж, хэзээ суллагдсан нь тодорхойгүй хэрэгт энэ талаарх баримтгүй байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ........4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүхийн зөвшөөрлөөр баривчилж саатуулах хугацаа 48 цагаас хэтэрч болохгүй” гэж заасан байх тул шүүгдэгч Ц.Алмаагийн 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдөр баривчлагдан хэзээ суллагдсан нь тодорхойгүй байдлыг түүнд ашигтайгаар шийдвэрлэж 48 цаг буюу 2 хоног баривчлагдсан гэж үзэх үндэслэлтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт “Шүүх баривчлагдсан...хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Баривчлагдсан... нэг хоногийг ...нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар...тооцож эдлэх ялаас хасна.” гэж заасан байна. Иймд түүний баривчлагдсан 2 хоног буюу нийтэд тустай ажил хийлгэх ялын 16 цагийг ял эдэлсэнд тооцож ялаас хасаж шийдвэрлэв.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх энэ хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан ялын зорилгыг хангахад шаардлагатай гэж үзвэл гэмт хэрэг үйлдсэн хүнд...оногдуулсан ял дээр нэмж албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.” гэж заасан байна. Иймд шүүгдэгч Ц.А.......ад мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан “согтууруулах ундааны хэрэглэхийг хориглох” хязгаарлалтыг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелэгдэж дуусах хүртэл хугацаанд авахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.А.......ад нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.
Эрүүгийн 1808 0177 60329 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон хэргийн газрын үзлэгээр хураан хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэж, энэ хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Харгана овогт Ц.......вын А.......аг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.А.......аг 400 (дөрвөн зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдрийн 4 (дөрвөн) цагийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.А.......агийн шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 2 хоног буюу нийтэд тустай ажил хийлгэх ялын 16 цагийг эдэлсэнд тооцож, ялаас хассугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Ц.А.......ад мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан “согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” хязгаарлалтыг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелэгдэж дуусах хүртэл хугацаагаар тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.А.......а нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулж болохыг анхааруулсугай.
7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэргийн газрын үзлэгээр хураан авсан хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах орон тооны бус комисст шилжүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
11. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХЗУЛ