| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвээгийн Ариунболд |
| Хэргийн индекс | 186/2020/0342/Э |
| Дугаар | 362 |
| Огноо | 2020-05-06 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Б.Сод-Эрдэнэ |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 362
2020 05 06 2020/ШЦТ/362
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Ариунболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,
улсын яллагч Б.Сод-Эрдэнэ,
шүүгдэгч Ж.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Жавзмаагийн Ход холбогдох эрүүгийн 2011 00684 0376 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1987 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, халх, 33 настай, бүрэн дунд боловсролтой, сантехникч, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамтаар Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 46-2 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогтой Жавзмаагийн Х, /РД: __________/,
Шүүгдэгч Ж.Х нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ж.Х нь 2020 оны 02 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 57 дугаар сургуулийн автобусны буудлын орчимд таксигаар үйлчлүүлэхдээ мартаж буусан “ай фоне 6 эс” загварын гар утсыг иргэн А.Золжаргалийн өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж, бусдад 355,000 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь
Шүүгдэгч Ж.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв
Шүүгдэгч Ж.Х мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2020 оны 02 дугаар сарын 29-ний өдөр буюу хэрэг гарах үед яг тогтсон ажил хөдөлмөр байгаагүй. Зун цагт барилгын ажил хийдэг болохоор өвөл ажил зогсонги байдалтай байсан болохоор өөрийн 67-81 УНК улсын дугаартай “Тоёота приус-20” загварын тээврийн хэрэгслээр 17 цагийн орчимд такси үйлчилгээнд явдаг байсан юм. Тэгээд тухайн өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр “Сандэй плаза” орчмоос үл таних охин ганцаараа гараа өргөөд зогсож байхаар нь авсан чинь 9 дүгээр дэлгүүр орно гэсэн тэгээд явах замдаа та цаашаа явах уу хүн гарч ирэхээр нь аваад явах юм гэхээр нь болно гэж хэлээд 9 дүгээр дэлгүүрээс үйлчлүүлж байсан охины эмээ, дүү хоёр нь гэх хүмүүс гарч ирээд машинд суугаад цаашаа яваад Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 57 дугаар сургуулийн орчимд байх арын засмал замаар яваад гэр хорооллын гудамжинд ороод очих ёстой газраа ирээд машинаас эхлээд эмээ нь буугаад цаашаа дахиж яваад 25 дугаар гудамжны дараа нь анх суусан охин болон дүүгийн хамтаар ирэх ёстой газраа ирээд таксины төлбөр төлөөд буусан. Тэгээд намайг тухайн хүмүүсийг буулгаад цааш явж байгаад цагаан байрны автобусны орчимд явж байгаад тухайн үйлчлүүлж байсан хүмүүсийн дүү нь сууж байсан сандлын урд шалавч дээр “Ай фоне 6 эс” загварын саарал, ягаан өнгийн гэмээр юм уу гар утас байхаар нь уг гар утсыг өөртөө аваад явж байгаад танил найзаасаа асуугаад надад мөнгөний хэрэг гараад байна гар утас зарах гэсэн юм гээд нөгөө олсон гар утасны загварыг хэлсэн чинь 250,000 төгрөгөөр авах байх асууж өгье гээд тэр өдрөө зарж чадаагүй өөртөө хадгалж байгаад маргааш нь буюу 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдөр дэнжийн “1000”-д байдаг найз Мэнд-Амарын гэрт очоод гар утсаа үзүүлээд эхлээд 250,000 төгрөгөөр зарах байх шүү гэж хэлсэн чинь сүүлд хэлэхдээ 230,000 төгрөөр зарсан шүү гэж хэлээд надад 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 15 цагийн орчимд ирээд мөнгөө аваарай гэхээр нь Мэнд-Амар гэрээс очиж гар утасны мөнгө болох 230,000 төгрөгийг авсан. Тэгээд уг мөнгийг нь би тухайн үед 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр банкны зээл төлөх хугацаа болоод хэтэрсэн байсан болохоор банкны мөнгө болох 204,500 төгрөгийг төлж барагдуулж хувьдаа ашигласан...” гэх /хх-ийн 51-54х/,
Хохирогч А.Золжаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2020 оны 02 дугаар сарын 29-ний өдөр 17:00 цагийн үед Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр “Халдвартын” автобусны буудлаас таксинд суугаад 100 айлын 9 дүгээр дэлгүүрийн автобусны буудлаас өөрийн эмээ, дүү хоёрыг суулгаад Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, 57 дугаар сургуулийн хажууд эмээгээ буулгачихаад хойд талын гудамжинд дүүтэйгээ хамт таксинаас буусан бөгөөд тухайн үед жолоочийн хажуу талд нь өөрийн гар утсаа үлдээж бууснаа санаад араас нь гүйсэн боловч нөгөө машин яваад өгчихсөн. Тэгээд би сүүлд дүүтэйгээ ярилцсан чинь манай дүү Амарбаясгалан урд талын суудал дээр сууж байгаад жолоочийн хажуу талд миний гар утсыг үлдээгээд эмээг буухад эмээгийн тортой эд зүйлийг өгчихөөд буцаад харсан чинь гар утас байгаагүй гэсэн. Тэгээд намайг авсан юм байна гэж бодоод буусан гэсэн. Тухайн үед миний гар утсыг манай дүү барьж байсан бөгөөд жолоочийн хажуу талд тавьчихаад эргээд харсан чинь гар утас байгаагүй гэсэн миний бодлоор тэр хооронд таксины жолооч авсан байх. Тэгээд бас утсаа үлдээчихээд машиных нь араас гүйсэн чинь хурдаа нэмээд явчихсан ...” гэх /хх-ийн 32-33х/,
Иргэний нэхэмжлэгч С.Энхболд мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Мэнд-Амар надад хэлэхдээ тухайн гар утсыг худалдан авч байсан талаар огт яриагүй бөгөөд найз нь заруулж байгаа чи авах юмуу гэж хэлсэн. Тэгээд би худалдаж авсан. Би ямар найз заруулж байгаа талаар нь сайн мэдэхгүй байна. Би тухайн гар утсыг худалдан авсан мөнгөө олж авах юм бол надад ямар нэгэн гомдол санал байхгүй ...” гэх /хх-ийн 35х/,
Гэрч А.Мэнд-Амар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Миний багийн найз болох Энхтамир гэх залуугийн найз нь байгаа юм. Би Хтой нэг их харьцдаггүй байсан бөгөөд зүс таних төдий мэддэг юм. Ямар ч байсан миний мэдэж байгаагаар хар өнгийн “приус 20” маркийн машинтай гэдгийг нь мэдэж байна. Тэгээд тухайн гар утас зарж байх үед өөрийн гар утас гэж хэлж байсан бөгөөд өнөөдөр би Хтой уулзаад цагдаагаас залгаад байна хулгайн утас юм уу гэж хэлсэн чинь ямар нэгэн хулгайн утас биш машинд хүн үлдээсэн утас байгаа юм тэгээд би авчихсан гэсэн ... Тэгээд би Хоос цагдаад юу гэж хэлэх юм бэ гэж асуусан чинь сайн мэдэхгүй байна. Танихгүй хүнээс худалдаж авсан мэдэхгүй гэж хэлээд өгөөч гээд гуйгаад байсан...” гэх /хх-ийн 37-38х/,
Дамно ХХК-ийн үнэлгээний тайлан: “... 355,000 төгрөг...” гэх /хх-ийн 46-47х/,
Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 28-29х/,
Шүүгдэгч Ж.Хын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 56х/,
Шүүгдэгч Ж.Х хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт /хх-ийн 86х/,
Хохирогч А.Золжаргал хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт /хх-ийн 76х/,
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 79х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч Ж.Хыг гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Ж.Х нь дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгийн торгуулийн ял оногдуулах прокурорын саналыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул торгуулийн ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч А.Золжаргалд эд зүйлийг биет байдлаар буцаан өгсөн /хх-ийн 28-29х/, иргэний нэхэмжлэгч С.Энхболдод 230,000 төгрөгийн мөнгөн шилжүүлэг хийсэн баримт /хх-ийн 87х/ зэрэг нотлох баримт хэрэгт авагдсан тул шүүгдэгч Ж.Хыг бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогтой Жавзмаагийн Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгаа гэдгийг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Хыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 / дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.АРИУНБОЛД