Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 0004

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Бугат сумын иргэн Ө.Э-ны нэхэмжлэлтэй

            Хариуцагч: Булган аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны санхүүгийн хяналтын улсын ахлах байцаагч Д.С-д холбогдох

            “Улсын ахлах байцаагчийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 20-02/13/85 дугаарын “Төлбөр хариуцуулан төлүүлэх тухай” актыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий 158/2018/0001/З дугаарын индекстэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ө.Э, хариуцагч  Д.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Гончигбал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэхэмжлэгч Ө.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Санхүүгийн хяналтын улсын ахлах байцаагч Д.С нь Булган аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт аудитын албаны даргын баталсан 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 01/19 дугаар удирдамжийн дагуу Бугат сумын Засаг даргын тамгын газрын санхүүгийн анхан шатны баримтуудад хяналт шалгалт хийж, сумын мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Д.Э надад үндэслэлгүйгээр 1256175 төгрөгийн төлбөр хариуцуулж акт тогтоосон байна. Ингэхдээ Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг зөрчсөн, хяналт шалгалт хийж байгаа тухайгаа надад мэдэгдээгүй, хувийн ашиг сонирхолоор удаа дараа ганцхан надад акт тавьж, сэтгэл санааны хохирол учруулж байгаад гомдолтой. Өмнө тавьсан актаар надад буцаан олгох ёстой байсан цалингийн зөрүүг олгоогүй, миний цалингаас актын төлбөрийн суутгал хийж, би 2017 онд цалингүй ажилласан. Холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцоогүй, төлбөрийн тооцооллыг буруу гаргасан, өмнө гаргасан актыг үндсээр нь өөрчилсөн байх тул Монгол улсын хуулийн хүрээнд хянан шийдвэрлэж, актыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

     Хариуцагч Булган аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт аудитын албаны санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Д.С шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Ө.Э-ны тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Бугат сумын Засаг даргын Тамгын газрын 2015-2016 оны санхүүгийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт хяналт шалгалт хийсэн. Төлөвлөгөөт шалгалт хийхдээ Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Ө.Э-д холбогдуулан 1256175 төгрөгийн акт тогтоосон. Нэхэмжлэгчийн төрийн албанд ажилласан хугацааг харгалзахгүйгээр түүний гаргасан хүсэлтийн дагуу сумын Засаг даргын захирамжаар төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг олгохоор шийдвэрлэсэн нь Засгийн газрын 1995 оны 96 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтад төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг тухайн ажилтны төрийн байгууллагад ажилласан хугацааг харгалзан түүний албан тушаалын сарын үндсэн цалингаас бодож олгох заалтыг зөрчсөн. Төрийн албан хаагч нь өөрийн төрийн албанд ажилласан хугацааг тооцож өргөдөл гаргаж өгөхдөө үндэслэлгүйгээр илүү жил оруулан тооцсон байгаа. Засгийн газрын тогтоолын дагуу нэхэмжлэгч нь төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг 10 хувиар авах ёстой байтал 20 хувиар авсан нь хууль бус тул 2015 оны 1 дүгээр сараас 2016 оны 12 дугаар сарыг дуусталх хугацаанд нийт 1256175 төгрөгийг илүү олгосон нь хяналт шалгалтын явцад тогтоогдсон тул илүү авсан мөнгийг буцаан гаргуулж, байгууллагыг хохиролгүй болгохоор акт тогтоосон” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

             Нэхэмжлэгч Ө.Э-с Булган аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт аудитын албаны санхүүгийн улсын ахлах байцаагч Д.С-д холбогдуулан “Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагчийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 20-02/13/85 дугаарын “Төлбөр хариуцуулан төлүүлэх тухай” актыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ. Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмгөөлөгч авах хүсэлт гаргасны дагуу шүүх хуралдааныг хойшлуулж, түүний өмгөөлөгч авах, эрхээ хамгаалуулах эрхийг эдлүүлэхээр шүүхээс боломжит хугацаагаар хангасан боловч нэхэмжлэгч өмгөөлөгч сонгон аваагүй, тэдний хооронд хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулагдаагүй, гэрээ болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоор хэн нэг өмгөөлөгч шүүхэд хандаагүй болно.  

            Нэхэмжлэгч урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийлгэхээр Санхүүгийн хяналт аудитын албанд хандаж, тус албанаас 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1/91 тоот албан бичгээр хариу өгсөн байна.[1]

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч, хариуцагч нарын гаргасан тайлбар, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримт, хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад баримтууд болон хуульд заасан үндэслэлээр санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагчийн 20-02/13/85 дугаартай актаар нэхэмжлэгч Ө.Э-д ногдуулсан төлбөрийн хэмжээг багасгаж шийдвэрлэлээ.

Булган аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт аудитын албанаас 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 10 дугаар сарын 17-ны өдрийг дуусталх хугацаанд Бугат сумын Засаг даргын Тамгын газрын  2015-2016 оны санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийжээ. Уг шалгалтыг хийхдээ Санхүүгийн хяналт аудитын албаны даргаар батлуулсан 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1/19 тоот удирдамжийн дагуу тус албаны 2017 онд хийгдэх хяналт шалгалтын графикт тусгагдсан Бугат сумын төсөвт албан байгууллагууд хамрагдсан байна.[2] 

Хяналт шалгалтын явцад төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг олгохдоо төрийн албанд ажилласан хугацааг тооцолгүй илүү олгосон байсныг Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Ө.Э-р төлүүлэхээр шийдвэрлэж акт тогтоосон нь  хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогджээ.[3]

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тус албаны Санхүүгийн хяналтын улсын ахлах байцаагч Д.С нь удаа дараа хувийн ашиг сонирхлоор надаар төлүүлэхээр тавьсан 20-02/13/85 дугаарын акт нь “төлбөрийн тооцооллыг буруу гаргасан, өмнөх актыг үндсээр нь өөрчилсөн, холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцоогүй, тухайн хяналт шалгалтын талаар надад мэдэгдээгүй нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг буруу хэрэглэсэн” гэж тодорхойлжээ. 

Хариуцагчаас Бугат сумын Засаг даргын Тамгын газрын 2015 оноос 2016 оныг дуусталх хугацааны санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд санхүүгийн анхан шатны баримт, санхүүгийн тайлан, эд хөрөнгийн дэлгэрэнгүй бүртгэл, нийгмийн даатгалын төлөлтөд  хяналт шалгалтыг хийж, шалгалтын явцад нэхэмжлэгч нь төрийн алба хаасан хугацааг илүү тооцож, нэмэгдлийг илүү авсан нь илэрсэн ба зөрчил дутагдлыг Төрийн хяналт шалгалтын тухай хууль болон бусад холбогдох хууль, дүрэм журмуудад нийцүүлэн арга хэмжээ авч, төсөвт учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр хуульд заасан эрхийн дагуу акт бичсэн гэж маргасан байна.

Нэхэмжлэгч Ө.Э нь 1983 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 1985 оны 7 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл Булган аймгийн Хүнсний үйлдвэрт ажилчнаар, 1994 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс 1999 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хүртэл Бугат сумын Мал эмнэлэг, үржлийн албаны ариун цэвэр лабраторийн их эмчээр, 2010 оны 7 дугаар сарын 5-ны өдрөөс 2011 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хүртэл Сайхан сумын Засаг даргын Тамгын газарт Мал эмнэлгийн үржлийн тасгийн улсын байцаагчаар, 2011 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүртэл Сайхан сумын мал эмнэлэг, үржлийн тасагт хяналтын улсын байцаагчаар, 2014 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс Бугат сумын Засаг даргын Тамгын газрын Мал эмнэлэг, үржлийн тасгийн даргаар томилогдон ажиллаж байгаад 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр мал эмнэлгийн хяналтын улсын байцаагчийн албан тушаалд томилогдон ажилласан нь нэхэмжлэгчийн 060843 дугаарын хөдөлмөрийн дэвтэр, 004648, 0979555 дугаарын Нийгмийн даатгалын дэвтрүүд, хэлэлцүүлэгт эх хувиар нь шинжлэн судалсан төрийн албан хаагчийн хувийн хэрэгт авагдсан Бугат сумын Засаг даргын захирамж зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогджээ.[4] Санхүүгийн хяналт аудитын албанаас хийсэн хяналт шалгалтад Бугат сумын Засаг даргын Тамгын газрын 2015-2016 оны санхүүгийн баримт хамрагдсан байх ба 2015 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөр тасалбар болгон тооцоход нэхэмжлэгч нь төрийн албанд нийт 15 жил 7 сар 10 хоног ажилласан болох нь нэхэмжлэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбар, түүний нийгмийн даатгалын дэвтэр зэргээр нотлогдож байх ба нэхэмжлэгч төрийн алба хаасан хугацааны тооцооллын талаар маргаагүй.

Маргаан бүхий төлбөр хариуцуулсан актыг тавих болсон үндэслэл нь төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг олгохдоо төрийн алба хаасан хугацаа, өмнө гаргасан шийдвэрийг харгалзалгүй ажилтны бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэж илүү тооцож олгосон зөрчилтэй гэж дүгнэсэн. Бугат сумын Засаг даргын 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн Б/16 дугаарын захирамжаар нэхэмжлэгчид төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг 20 хувиар бодож олгохоор шийдвэрлэсэн байх ба уг захирамжийн нэгдүгээр хавсралтанд Мал эмнэлгийн үржлийн тасгийн дарга, мал амьтан, хорио цээр, чанарын хяналтын улсын байцаагч Ө.Э-ны албан тушаалын зэрэглэлийг ТЗ-6-2, улсад ажилласан жилийг 23 жил, нэмэгдэл олгох хувийг 20 гэжээ.

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Төрийн албан тушаалыг эрхэлж, бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг төрийн албан хаагч гэнэ”, 28 дугаар зүйлийн 28.2.2-д “Төрийн албан хаагчийн цалин хөлс нь төрийн захиргааны албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон төрийн алба хаасан хугацааны, цол, зэрэг дэвийн, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ” гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч нь анх Бугат сумын Засаг даргын Тамгын газрын мал эмнэлэг, үржлийн тасагт мал амьтан, хорио цээр, чанарын хяналтын улсын байцаагч, тасгийн даргаар ажилд орохдоо сарын үндсэн цалин нь ТЗ-6-2 шатлалаар цалинжихаар орсон байх ба 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Б/04 дугаарын сумын Засаг даргын захирамжаар цалингийн зэрэглэл нь ТЗ-6-1 болж бууран 2015, 2016 онуудад түүний үндсэн цалин ТЗ-6-1 шатлалаар буюу 547759 /таван зуун дөчин долоон мянга долоон зуун тавин ёс/ төгрөг болсон байна.

Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.8-д “Төрийн захиргааны албан хаагчийн нэмэгдэл олгох журам, хэмжээг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно” гэж заасны дагуу Монгол улсын Засгийн газрын 1995 оны 6 дугаар сарын 14-ны өдрийн 96 дугаар “Төрийн албан хаагчид нэмэгдэл олгох журам батлах тухай” тогтоолын 2 дугаар хавсралтын 2-т “Төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг тухайн ажилтны төрийн байгууллагад ажилласан хугацааг харгалзан түүний албан тушаалын сарын үндсэн цалингаас дор дурдсан хувиар бодож олгоно:  11-15 жил төрийн алба хаасан бол үндсэн цалингийн 10 хувь. 16-20 жил ажилласан бол 15 хувь” гэжээ. Дээрх хуулийн заалт болон Засгийн газрын тогтоолоор баталсан журмын дагуу нэхэмжлэгчийн албан тушаалын үндсэн цалин ТЗ-6-1 шатлалаар буюу 547759 /таван зуун дөчин долоон мянга долоон зуун тавин ёс/ төгрөг, төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг 10 хувиар бодож олгох нь зүйтэй юм. Гэтэл нэхэмжлэгчийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг үндсэн цалингийн 20 хувиар бодож олгосон нь үндэслэлгүй болжээ.

Нэхэмжлэгчээс өөрт олгогдох нэмэгдлийн хэмжээг өөрөө тогтоогоогүй, эрх бүхий албан тушаалтнаас гаргасан шийдвэрийн дагуу авсан нь хууль зөрчөөгүй гэж маргаж байгаа боловч Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3 /цалин хөлсөө нэмэгдүүлэх, албан тушаалын зэрэглэл дэвших, ажиллах нөхцөл баталгаагаа сайжруулахтай холбогдсон саналыг дээд шатныхаа албан тушаалтанд амаар буюу бичгээр тавих/ -д заасан эрхийн дагуу нэмэгдэл авах хүсэлтээ Бугат сумын Засаг даргад уламжилсан байх ба уг өргөдөлд өөрийн ажилласан хугацааг 23 жил гэж илүү тооцож хүсэлт гаргасан байна.[5]  Үүний дагуу сумын Засаг даргаас нэхэмжлэгчид төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг олгохоор шийдвэрлэж 2015 оны 4 дүгээр сарын 21-ны өдөр Б/16 тоот захирамжийг гаргасан байх ба уг захирамжийн хавсралтад нэхэмжлэгч Ө.Э-ны ажилласан хугацааг түүний өргөдлийг үндэслэн 23 жилээр тооцсон ба албан тушаалын зэрэглэлийг тогтоохдоо 2015 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн Б/04[6] тоот шатлал бууруулсан захирамжийг харгалзалгүй түүний нэмэгдэл олгох үндсэн цалинг ТЗ-6-2[7]  гэсэн нь ойлгомжгүй байх ба сумын Засаг даргын шатлал бууруулсан Б/04 тоот захирамжийг өөрчилсөн, хүчингүй болгосон шийдвэр гараагүй байна.

 Төрийн албан хаагчид олгох цалингийн шатлал, нэмэгдлийг эрх бүхий албан тушаалтны шийдвэрийн дагуу олгох боловч төрийн албан хаагч өөрийн цалингийн шатлал, албан тушаалын зэрэг дэв болон нэмэгдлийн хэмжээг хуулийн дагуу тооцож, өөрт илүү олгогдсон цалин бусад нэмэгдэл болон илүү олгохоор шийдвэрлэсэн шийдвэрийн талаар эрх бүхий албан тушаалтанд мэдэгдэж, хууль зөрчсөн аливаа үйлдэл, хууль бус шийдвэрийг биелүүлэхгүй байх төрийн албан хаагчийн үүргийг биелүүлээгүйн дээр илүү мөнгө авсан нь шийдвэр гаргасан албан тушаалтны буруу гэж тайлбарлаж байгаа нь зохимжгүй, төрийн албан хаагчийн ёс зүйд нийцэхгүй үйлдэл юм. Хэдийгээр шийдвэр гаргасан албан тушаалтан нэхэмжлэгчийн төрийн алба хаасан хугацааг нягтлан шалгалгүй нэхэмжлэгчийн хүсэлтээр шийдвэр гаргасан нь буруу боловч уг шийдвэрийн дагуу төрөөс илүү цалин хөлс авч, захиран зарцуулагч нь тухайн төрийн албан хаагч тул түүнд илүү авсан цалингийн зөрүүг буцаан төлүүлэхээр акт тавьсан нь хууль зөрчсөн үйлдэл биш гэж үзлээ.

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 /Засаг даргын захирамж хууль тогтоомжинд нийцээгүй бол өөрөө эсхүл ...өөрчлөх буюу хүчингүй болгоно/-д заасан эрхийнхээ дагуу Бугат сумын Засаг дарга 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б/30 дугаар захирамжаар нэхэмжлэгчид төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг 20 хувиар бодож олгох эрх олгосон сумын Засаг даргын 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн Б/16 тоот захирамжийг хүчингүй болгосон байх ба дээрх Б/30 тоот Засаг даргын захирамжид нэхэмжлэгч гомдол гаргаагүйг дурьдах нь зүйтэй.[8]

Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагчийн “Төлбөр хариуцуулан төлүүлэх тухай” 20-02/13/85 дугаартай актанд нэхэмжлэгч Ө.Э-р төлүүлэх төлбөрийн үнийн дүнг 1256175 /нэг сая хоёр зуун тавин зургаан мянга нэг зуун далан таван/ төгрөгөөр тогтоосон[9] байх ба Бугат сумын Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн нэхэмжлэгчийн 2015, 2016 оны цалингийн картанд тулгуурлан бодолт хийхэд улсын байцаагчийн тавьсан төлбөрийн үнийн дүнтэй зөрж байх тул актаар тавьсан төлбөрийг багасгаж цалингийн картанд үндэслэж[10], төлбөрийг тооцон багасгах үндэслэлтэй байна.

Тооцоолол:

 

 

2015

 

 

 

2016

 

 

 

Сар

Үндсэн цалин

Олгосон нэмэгдэл /20 хувь/

Олгох ёстой нэмэгдэл /10 хувь/

Илүү олгосон зөрүү

Сар

Үндсэн цалин

Олгосон нэмэгдэл /20 хувь/

Олгох ёстой нэмэгдэл /10 хувь/

Илүү олгосон зөрүү

1

580710

 

58071

 

1

547759

109552

54776

54776

2

547759

 

54776

 

2

547759

109552

54776

54776

3

298778

 

29877

 

3

547759

109552

54776

54776

4

547759

464568

54776

267068

4

547759

109552

54776

54776

5

438207

109552

43820

65732

5

547759

109552

54776

54776

6

438237

109552

43823

65729

6

547759

109552

54776

54776

7

82164

14938

8216

6722

7

286921

57384

28692

28692

8

339089

67818

33908

33910

8

166709

33342

16670

16672

9

438207

109552

43820

65732

9

547759

109552

54776

54776

10

547759

109552

54776

54776

10

286921

57384

28692

28692

11

547759

109552

54776

54776

11

248981

49796

24898

24898

12

547759

109552

54776

54776

12

547759

109552

54776

54776

Дүн

 

1204636

535415

669221

Дүн

 

1074322

537160

537162

Нийт

669221 + 537162 =1206383 /нэг сая хоёр зуун зургаан мянга гурван зуун наян гурав/

 

Нэхэмжлэгч нь санхүүгийн хяналтын улсын ахлах байцаагч хяналт шалгалт хийх тухайгаа болон ямар учраас төлбөр төлүүлэхээр акт тавьж байгаагаа надад мэдэгдээгүй, тайлбарлаж өгөөгүй удаа дараа дахин дахин акт тавьсан гэж маргаж байгаа боловч нэхэмжлэгч өмнө нь төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг илүү авсан гэж улсын байцаагчийн тавьсан 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 20-02/59 дугаарын актыг эс зөвшөөрч Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж шүүхээс маргаан бүхий уг актыг түдгэлзүүлж, дахин шинэ акт гаргах шийдвэр гаргасан байх ба 20-02/59 дугаарын акттай холбоотой маргааныг шийдвэрлэх шүүх хуралдаанд нэхэмжлэгч өөрийн биеэр оролцсон, хяналт шалгалт хийж байх хугацаанд нэхэмжлэгчийг дуудсан мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч нэхэмжлэгч хүлээн авахаас татгалзсан нь эрх бүхий албан тушаалтны албан бичгээр[11] нотлогдож байх тул нэхэмжлэгчийн хяналт шалгалт хийж байгаа талаар болон маргаан бүхий акт ямар үндэслэлээр гарсныг мэдээгүй гэх тайлбар няцаагдаж байна.  

Иймд Булган аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт аудитын албаны санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагчийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 20-02/13/85 дугаарын төлбөр тогтоосон акт нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг зөрчөөгүй, улсын ахлах байцаагч нь хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2 /аж ахуйн нэг, байгууллага, иргэний хууль бусаар олсон орлого, эд хөрөнгийг акт үйлдэж улсын орлого болгох, түүнчлэн бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх/-д заасны дагуу арга хэмжээ авсан нь хуульд нийцсэн гэж дүгнэж маргаан бүхий актыг хэвээр үлдээн, үнийн дүнг 1206383 болгон багасгаж шийдвэрлэлээ. 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.6, 107, 108 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2, Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.2, 28.8-д заасныг тус тус баримтлан Булган аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “Төлбөр хариуцуулан төлүүлэх тухай” 20-02/13/85 дугаарын актаар тогтоосон 1256175 /нэг сая хоёр зуун тавин зургаан мянга нэг зуун далан таван” төгрөгийн төлбөрийн хэмжээг 1206383 /нэг сая хоёр зуун зургаан мянга гурван зуун наян гурван/ төгрөг болгон багасгасугай. 
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  
  3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.3, 108.4 -т заасны дагуу шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч нар 14 хоногийн дараа шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.МӨНХЖАРГАЛ

 


[1] Хавтаст хэргийн 44 дүгээр тал

[2] Хавтаст хэргийн 29 -31 дүгээр талууд

[3] Хавтаст хэргийн 32-42 дугаар талууд

[4] Хавтаст хэргийн 55-56, 61-64 дүгээр талууд

[5] Хавтаст хэргийн 20 дугаар тал

[6] Хавтаст хэргийн 47, 94 дүгээр тал

[7] Хавтаст хэргийн 48, 49 дүгээр тал

[8] Хавтаст хэргийн 53 дугаар тал

[9] Хавтаст хэргийн 43 дугаар тал

[10] Хавтаст хэргийн 50, 52 дугаар тал

[11] Хавтаст хэргийн 22 дугаар тал