Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 817

 

Э.Бт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Д.Гансүх, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор С.Мөнхгэрэл,

шүүгдэгч Э.Бын өмгөөлөгч А.Э,

нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 797 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор С.Мөнхгэрэлийн бичсэн улсын яллагчийн эсэргүүцлээр Э.Бт холбогдох 201725021341 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овогт Э.Б, 1985 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ Улаанбаатар их дэлгүүрийн эрэгтэй бэлэн хувцасны тасагт худалдагчаар ажиллаж байсан, одоо “Эко алтан заамар” ХХК-д усан буучин ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ___________ тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ............................../;

Э.Б нь 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдрөөс 3 дугаар сарын 27-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар их дэлгүүрийн эрэгтэй бэлэн хувцасны тасагт худалдагчаар ажиллаж байхдаа итгэмжлэн хариуцуулсан орлогоос 5.790.000 төгрөг завшсан гэмт хэрэгт холбогджээ.

            Сүхбаатар дүүргийн Прокурорын газар: Э.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагч нь өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гаргана. 3 дахь хэсэгт хүсэлтэд хохирлоо нөхөн төлсөн бөримт, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн талаарх баталгааг хавсаргана гэж тус тус хуульчилжээ.

Хэдийгээр шүүгдэгч Э.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн боловч хохирогчтой зээлийн гэрээ /хугацаандаа төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцохоор/ бичгээр /хх-51/ байгуулсны гадна тэдгээр нь эвлэрсэн баримт хэрэгт байхгүй мөн шүүгдэгч Э.Б нь дээрх хугацаанд хэдэн төгрөгийн бараа материал хүлээн авсан, хэдэн төгрөгийн бараа дутагдуулсан болохыг хэрэгт авагдсан дэвтрийн хуулбараар тооцох боломжгүй байна. Түүнчлэн шүүх хуралдаанд прокурор хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд ирүүлсэн. Ялын саналаасаа татгалзаж шүүгдэгчийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулж, 2015 оны Эүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялаас чөлөөлүүлэхээр санал гаргасан болно. Хэдийгээр шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх ёстой боловч хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэх хуулийн заалттай зөрчилдөж байна. Энэ талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлт үндэслэлгүй тул шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрснөөс үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгоогүй гэж үзнэ. Иймд Э.Бт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдаагүй тул хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж үзлээ. Хэрэгт шүүгдэгчийн эхнэр П.Азжаргал хүсэлт гаргасан /хх-38/, Б.Болд гэгч гар утсаа алдсан асуудалд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан санал /хх-22/, хавсарган ирүүлснийг дурдах нь зүйтэй байна. Иймд Э.Бт холбогдох эрүүгийн хэргийн прокурорт буцааж, Э.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор С.Мөнхгэрэл бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Э.Бт холбогдох хэргийг прокурорт буцаасныг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Тооллого хийсэн талаарх баримтыг хэрэгт хавсаргасан бөгөөд аудитын дүгнэлт болон шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагагүй бөгөөд хохирогч, яллагдагч нараас гэмт хэргийн хохирол 5.790.000 төгрөгөнд маргадаггүй. Э.Баас 5.790.000 төгрөг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ прокурорт гаргасан тул эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмын дагуу хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Э.Б нь хохирогч Э.Энхболдод хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж төлбөрийг төлөх талаар зээлийн гэрээ байгуулсан нь эвлэрсэн баталгаа гэж үзэх үндэслэлтэй. Учир нь баталгаанд тусгавал зохих асуудал, бүрдэл, хэлбэрийн талаар хуульд тодорхой тусгаагүй болно. Хэдийгээр прокуророос Э.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжээр буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно” гэж зааснаар 2002 болон 2015 оны Эрүүгийн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байхад гаргасан ч шүүхийн шатанд 2002 оны Эрүүгийн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа буюу 6 сар өнгөрсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд заасан Эрүүгийн хууль буцаан хэрэглэх үндэслэл тогтоогдсоноор хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргасан нь прокурорын зүгээс эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналаа өөрчилсөн асуудал бус, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх асуудлаар гаргасан санал учир Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгон баталгаа сайн дураараа гарган өгсөн, ойлгуулах үүрэгтэй оролцогчийг заагаагүй байна. Мөн шүүгчийн захирамжинд гомдол гаргах эрхийг заасан атлаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрт улсын яллагч эсэргүүцэл бичих эрхийг эдлүүлэлгүй орхигдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 797 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү ...” гэв.

Шүүгдэгч Э.Бын өмгөөлөгч А.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өнөөдрийн шүүх хуралдаанд прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Энэ хэргийг анхан шатны шүүх дээр хэрэгсэхгүй болгох бүрэн боломж байсан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 797 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү ...” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ улсын яллагчийн эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Э.Бт холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 797 дугаар шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байна.

Э.Б нь 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдрөөс 3 дугаар сарын 27-ны өдрийн хооронд “Улаанбаатар” их дэлгүүрийн эрэгтэй бэлэн хувцасны тасагт худалдагчаар ажиллаж байхдаа итгэмжлэн хариуцуулсан орлогоос 5.790.000 төгрөг завшсан гэмт хэрэгт холбогдож, прокуророос Э.Бын үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Э.Быг гэмт хэрэг үйлдэх үед 2002 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан ба 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт “Нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн дагуу шийдвэрлэнэ.” гэж заасан.

Гэтэл прокуророос Э.Бын үйлдлийг гэмт хэрэг үйлдэгдэх үед байгаагүй, 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна.

Прокурор С.Мөнхгэрэл нь шүүхийн шатанд шүүгдэгч Э.Быг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулж, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх санал гаргасан байх ба давж заалдах шатны шүүх хуралдаанд 2002 оны Эрүүгийн хуулиар хөөн хэлэлцэх хугацаа дууссантай холбогдуулан дээрх саналыг гаргасан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэл бүхий боловч прокуророос Э.Быг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, ял сонсгоогүй, Э.Быг ямар хэрэгт ял сонсгож, яллагдагчаар татсан нь тодорхойгүй байх тул давж заалдах шатны шүүх энэ хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан эсэх асуудал дээр хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй юм.

 Иймд прокурор С.Мөнхгэрэлийн бичсэн 2017 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 29 тоот улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 797 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.    

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 797 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор С.Мөнхгэрэлийн бичсэн 2017 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 29 дүгээр улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Хэргийг прокурорт очтол Э.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.   

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Ц.ОЧ  

ШҮҮГЧИД                                                                   Д.ГАНСҮХ

                                                                                    Д.ОЮУНЧУЛУУН