Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2021/0205

 

 

 

 

 

 

 

 

 

“И з ч г” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийг хянасан тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Буяндэлгэр, цахимаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө, хариуцагч Р.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э-О нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 113 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Өын гаргасан давж заалдах гомдлоор, “И з ч г” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сбд Тх туб Р.Б, Р.Д нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 113 дугаар шийдвэрээр:

“Татварын ерөнхий хууль /2008 оны/-ийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.4, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай  хууль /2006/-ийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-т заасныг тус тус баримтлан Сбд Тх тубийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 250012605 тоот актыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Хоёр. Нэхэмжлэгч “И з ч г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...1.Чингэлтэй дүүргийн татварын улсын байцаагч Ч.С, Р.Б нар 2010-2012 оны хооронд Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хэсэгчилсэн шалгалт хийхдээ Татварын Ерөнхий газрын даргын 2013 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 1/678 тоот албан бичиг, 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 26/898 тоот албан бичигт тусгагдсан (Хавтас 1-ийн 104-105 тоот албан бичиг) Нэмэгдсэн өртгийн албан татварын падааны хуурамч бичилт бүхий аж ахуйн нэгжийн жагсаалтад нэр дурдагдсан “Ж”, “Д”, “Г х О”, “Д н с” ХХК-иудын мэдээллийг үндэслэн “Ж” ХХК-иас 2012 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 0011112142 дугаартай падаанаар 5,727.3, “Д” ХХК-иас 2012 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 0012241599 дугаартай падаанаар 5,818.2, “Г х О” ХХК-иас 2012 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 001270452 дугаартай падаанаар 1,454.5, “Д н с” ХХК-иас 2012 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 0012354101 дугаартай падаанаар 171,463.6, 11 дүгээр сарын 12-ны өдрийн 0012354106 дугаартай падаанаар 100,312.7, 11 дүгээр сарын 30-ны өдрийн 0012354110  дугаартай падаанаар 107,454.5, нийт 392,230.9 мянган төгрөгийн барилгын материал худалдан авсныг төсөвт төлөх НӨАТ-аа 39,223.090 төгрөгөөр бууруулж тайлагнан, Татварын Ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх”, 18.1.3-т “анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам болон нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хөтөлж, санхүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэл гаргах”, 18.1.14-т “хуульд заасан бусад үүрэг” гэж заасныг зөрчсөн хэмээн мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.6-д заасныг үндэслэн цагдаагийн байгууллагад шалгуулахаар 2013 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 250034 дугаар дүгнэлт бичсэн.

Иймд уг дүгнэлтийг эс зөвшөөрч Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Татварын Маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан боловч тус зөвлөлөөс 2013 оны 12 сарын 17-ны өдрийн “Гомдол маргаан буцаах тухай” 01/278 тоотод “...Магадлах ажиллагааны явцад Цагдаагийн Ерөнхий газрын улсын мөрдөн байцаах газраас 2013 оны 11 сарын 11-ны өдөр 10/5-9581 тоот албан бичиг ирсэн бөгөөд 250034 тоот дүгнэлтэд эрүүгийн 201201000553 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж шалгагдаж байгааг дурджээ.

Иймд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болоогүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т “эрүү, иргэний, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх, арбитрын журмаар шийдвэрлэгдвэл зохих өөр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй” гэсэн заалтын дагуу эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж буй асуудлаар ...хэргийг шийдвэрлэтэл түдгэлзүүлэхээр хуульчилсан байхад ...татварын алба ...хэрэг үүсгэн шалгаж буй асуудлыг захиргааны журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн боломжгүй байна” гэж гомдлыг буцаасан.

Татварын Ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3, 42 дугаар зүйлийг тус тус үндэслэн гаргасан тухайн үед мөрдөгдөж байсан Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 22 дугаар тогтоолоор батлагдсан “Татварын Маргаан таслах зөвлөлийн ажиллах журам”-ын 1.5-д “Маргаан таслах зөвлөл гомдлыг Татварын ерөнхий хуулийн 42.1-д заасан үндэслэлээр хянан шийдвэрлэнэ”, 5.1-д “Маргаан таслах зөвлөл гомдлыг хянан хэлэлцээд дараах шийдвэрийн аль нэгийг гаргана”, 5.1.1-д “....дүгнэлтийг өөрчлөх”, 5.1.2-т “....дүгнэлтийг хүчингүй болгох”, 5.1.3-т “...дүгнэлтийг хэвээр үлдээх”, 5.3-т “Маргаан таслах зөвлөлийн шийдвэр тогтоол хэлбэртэй байна...” гэж тус нарийвчлан журамласан байхад Маргаан таслах зөвлөл татвар төлөгч “И з ч г” ХХК-ийн гаргасан гомдлыг хянан үзэхээс татгалзаж, буцаасан нь дээрх хууль болон журмын заалтуудад нийцээгүй шийдвэр гаргасан ойлгодог.

Дээрхи маргаан таслах зөвлөлийн тогтоолд дурдагдсан “...эрүүгийн 201201000553 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж шалгагдаж байгаа” гэсэн нь Цагдаагийн Ерөнхий газрын улсын мөрдөн байцаах газраас 2012 онд үүсгэгдсэн эрүүгийн хэрэгтэй холбогдох өөрийн илрүүлсэн татварын хууль тогтоомжийн зөрчлийн мэдээллийг татварын албанд шилжүүлж өгснөөр татварын улсын байцаагчид уг мэдээллийг үндэслэн 250034 тоот дүгнэлтийг бичсэн гэж ойлгогдохоор байна.

Цагдаагийн Ерөнхий газрын Улсын мөрдөн байцаах газрын албан тоотод дурдагдсан аж ахуйн нэгжүүдийн нэрсийн жагсаалтад орсон “И з ч г” ХХК нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилттэй падаан ашигласан эсэхийг бараа материал худалдан авсан холбогдох анхан шатны баримтуудыг үндэслэн шалгаж, нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам болон нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хөтөлж, санхүү, татварын тайлангаа хуулийн дагуу гаргасан эсэхийг тогтоон, шийдвэрээ гаргах байтал албан тоотод нэр нь дурдагдсан гэх үндэслэлээр хэсэгчилсэн шалгалтыг хийж, үндсэн баримтыг үзэж, шалгалгүйгээр Татварын улсын байцаагч Ч.С, Р.Б нар 2013 оны 5 дугаар сарын 23-ны өдөр цагдаагийн байгууллагад шалгуулахаар 250034 тоот дүгнэлт, Р.Д, Р.Б нар 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 250012605 тоот акт тогтоосон нь Татварын Ерөнхий хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасан “Үндэсний татварын алба, татварын улсын байцаагч нь үйл ажиллагаандаа хууль дээдлэх, бусдын нөлөөнд үл автах, татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх” гэсэн үйл ажиллагааныхаа үндсэн зарчмыг гажуудуулсан гэж үзэхээр байна.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 200 дугаар “Ш.Ж нарт холбогдох 201201000553 дугаартай эрүүгийн хэрэгт шинжилгээ хийсэн тухай” шинжээчийн дүгнэлтийн хоёр дахь хэсэгт “Хавтаст хэрэгт авагдсан нэр бүхий 15 байгууллагын татварын улсын байцаагчийн дүгнэлт, Татварын ерөнхий газрын эрсдэлийн удирдлагын хөндлөнгийн мэдээлэл дээр үндэслэн шинжилгээг хийсэн” гэсэн байх бөгөөд уг дүгнэлтийн хавсралт болох 2012 оны “Ж”, “Д”, “Г х О”, “Д н с” ХХК нарын борлуулалтын мэдээнд тус компанийн бараа материалын худалдан авалтын дүнгүүд бүрэн тусгагдсан байна. Гэхдээ нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилттэй падаан ашигласан эсэхийг холбогдох компаниудын бараа материал худалдан авсан нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтуудыг үндэслэн шалгаж тогтоосон гэх үйл баримт байхгүй байна.

Ийнхүү нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилттэй падаан ашигласан эсэхийг зөвхөн цагдаагийн байгууллагын хавтаст хэрэгт авагдсан нэр бүхий 15 байгууллагын татварын улсын байцаагчийн дүгнэлт, Татварын албаны мэдээллийг үндэслэн гаргасан шинжээчийн дүгнэлтээр худалдан авагч талыг буруутгах үндэслэлгүй гэж үзэж байна.

Мөн Нийслэлийн татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл нь ижил үйл баримттай, нэг тогтоолоор эрүүгийн хэрэг нь хүчингүй болсон татварын маргааныг шийдвэрлэхдээ 2 өөр шийдвэр гаргаж байгааг дурдах нь зүйтэй байна. (Холбогдох 2019 оны 048 тоот шийдвэрийг нотлох баримтаар өгсөн болно)

2.Татварын улсын байцаагчийн 250034 тоот дүгнэлтийг цагдаагийн байгууллагад шалгуулахаар шилжүүлснээс хойш 3 жил 3 сарын дараа тус дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д Н С, Б.Бнар тус компанийн 2012 оноос 2015 оныг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд “Татварын хяналт шалгалт хийх томилолт”, “Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж”-аар төлөвлөгөөт иж бүрэн шалгалтыг тус компанийн аж ахуйн нэгж, иргэдтэй байгуулсан гэрээ, хэлцэл, татварын ногдуулалт, төлөлттэй холбоотой төлбөр тооцоо, харилцах дансны гүйлгээ, анхан шатны баримт, татварын албаны цахим тайлангийн болон хөндлөнгийн мэдээ, бусад материалд үндэслэн хийж 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 250022956 тоот татварын улсын байцаагчийн акт, Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан актыг үйлдсэн. (Шүүхэд актуудыг гаргаж өгсөн). Энэ шалгалтын Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан 250022956 дугаарын актын 4-р хэсгийн “Худалдан авалт болон түүнд ногдох нэмэгдсэн өртгийн албан татвар”-ын тооцооллын хүснэгтийн 4, 5, 6 дугаар баганын нийт худалдан авалтаас бэлтгэн нийлүүлэгчид төлсөн хэсэгт худалдан авсан бараа, ажил үйлчилгээний дүн, төлсөн НӨАТ-ын дүн 2012 оны 6 дугаар сарын худалдан авалтын 13-т “Ж” ХХК-ийн 5,727,272.70 төгрөгт 572,727.30, 8 дугаар сарын худалдан авалтын 13-т “Д” ХХК-ийн 5,818,181.80 төгрөгт 581,818.20, 10 дугаар сарын худалдан авалтын 17-д “Г х О” ХХК-ийн 1,454,545.50 төгрөгт 145,454.60, 11 дүгээр сарын худалдан авалтын 1-т “Д н с” ХХК-ийн 171,463,636.40 төгрөгт 17,146,363,6, мөн 5 болон 22-т тус компанийн 100,312,727.30 болон 107,454,545.50 төгрөгт 10,031,272.70, болон 10,745,454.50 төгрөг, нийт 392,230,900.00 төгрөгийн худалдан авалтад 39,223,090 төгрөг тус тус төлснийг баталгаажуулжээ.

Мөн Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэст тайлагнаж, тухай бүр татварын улсын байцаагчийн хянаж, баталгаажуулсан Нэмэгдсэн өртгийн албан татварын 2012 оны 7, 8, 10, 11 сарын тайлан, худалдан авалтын дэвтэр дэх дүн Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан 250022956 дугаар актын дүнтэй тохирч байгаа бөгөөд хяналт шалгалтад хамрагдсан нягтлан бодох бүртгэлийн анхан шатны болон санхүү, татварын тайлангаар ч баталгаажиж байна. (Холбогдох анхан шатны нотлох баримтуудыг жагсаалтаар шүүхэд жагсаалтаар гаргаж өгсөн болно)

Тухайн үед тус компанийн тайланг хүлээн авахдаа татварын алба, татварын улсын байцаагч тайланд хамаарах хөндлөнгийн мэдээллийг хянаж, баталгаажуулахдаа Татварын Ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.4, 46.4.6, 46.5, 46.5.1-д1 заасан хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж үзэж байна.

3.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлд “14.1... энэ хуулийн 72, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн дор дурдсан нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасаж тооцно”, 14.3-т “Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй”, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлд “...3.1.4.“анхан шатны баримт” гэж ажил гүйлгээ гарсныг нотолж бичгээр бүрдүүлсэн болон бусад нотолгоог” ойлгохоор тус тус заасан.

Тус компани санхүүгийн үйл ажиллагаандаа тухайн үед мөрдөгдөж байсан 2008 онд батлагдсан Татварын Ерөнхий хуулийн 18 дугаар зүйл, 2001 онд батлагдсан Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйл, 2006 онд батлагдсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3 заалтуудыг баримтлан дээрх нэр бүхий компаниудаас бараа материалын худалдан авалт хийхдээ тус компаниудын санхүүгийн болон компанийн тамга, тэмдэг дарагдаж гарын үсэг нь зурагдсан бараа материалын зарлагын баримт, кассын орлогын ордер, татварын албанаас олгосон нэгдсэн дугаар бүхий НӨАТ-ын падаан бүхий нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт бичиг болон хамтран ажиллах гэрээ, тус гэрээг дүгнэсэн акт, НӨАТ-ын падааны бичигдсэн огноо, дугаар, компанийн нэр, барааны үнэ, төлсөн татварын дүнг үндэслэн бараа, материалын тайланд орлогын гүйлгээг, мөнгөн хөрөнгийн тайланд төлбөр төлсөн зарлагын гүйлгээг, НӨАТ-ын өглөг, авлагын дансанд бараа материалын худалдан авалтад төлсөн татварын хасагдуулга зэргийг тус тус бүртгэж нягтлан бодох бүртгэлийн тайлан тооцоог хийж, санхүүгийн тайлан болон холбогдох Нэмэгдсэн өртгийн албан татварын 2012 оны 6, 7, 8, 10, 11 дүгээр сарын тайланг гаргаж, худалдан авалтын дэвтэртээ тусгасан нь НӨАТ-аа бууруулж тайлагнан, Татварын Ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.1, 18.1.3 заалтад тусгагдсан анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам болон нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хөтөлж, санхүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэл гаргах, татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх татвар төлөгчийн үүргээ биелүүлээгүй гэж буруутгах хууль эрх зүйн үндэслэлгүй байна. (Иж бүрэн шалгалтад болон хэсэгчилсэн шалгалтад хамрагдсан холбогдох анхан шатны баримт, татварын тайланг жагсаалтаар шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн).

4.Татварын улсын байцаагч Р.Д, Р.Б нар тус компанийн 2012 оноос 2015 оны хоорондох хугацааны татвар ногдуулалт, төлөлтийн байдалд төлөвлөгөөт иж бүрэн шалгалт хийж дууссанаас хойш 3 сарын дараа тус компанид 2010 оноос 2012 оныг хоорондох хугацааны нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хэсэгчилсэн шалгалтыг дахин хийж Гааль, Татварын Ерөнхий газрын даргын 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн “Хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах ажлын чиглэл хүргүүлэх тухай” 03/807 тоот, Татварын Ерөнхий газрын 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 02/769 тоот хуулийн хэрэгжилтийг хангуулах ажлын чиглэл, 2016 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн “Чиглэл өгөх тухай” 07/1131 тоот, Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын прокурорын 2016 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 1736 тоот тогтоолыг үндэслэн 2013 оны 5 дугаар сарын 23-ны өдөр бичсэн 250034 дугаар дүгнэлтийг Татварын Ерөнхий хуулийн 35.3 заалтын дагуу татварын улсын байцаагчийн акт болгон үйлдсэн.

Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын 2016 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн прокурорын 1736 дугаарын тогтоолын 14-т “Сүхбаатар дүүргийн татварын хэлтэстэй харьцдаг 2874873 регистртэй “И з ч г” ХХК-ийн нягтлан бодогч Д.Д нь "Ж" ХХК -иас..., “Д” ХХК -иас..., “Г х О” ХХК -иас, “Д н с” ХХК -иас...нийт 392,230.900 төгрөгийн хий бичилттэй падааныг авч ашиглан 39,223.1 мянган төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн үйлдэлд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166 дугаар зүйлийн 166.2 дахь хэсэгт зааснаар сэжигтнээр тооцон мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахад гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулиар татвараа тайлагнасан байх тул... 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

“И з ч г” ХХК Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Албан татвар ногдох орлого, орлогоос бусад албан татвар ногдох зүйлийг 2015 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнөх хугацаанд нуун дарагдуулсан боловч энэ хуулийн 3.1-д заасан хугацаанд сайн дурын үндсэн дээр ил болгож, санхүүгийн болон албан татварын, ...тайланг шинээр гаргаж харьяалах татварын албад сайн дурын үндсэн дээр мэдүүлсэн бол тухайн хувь хүн, хуулийн этгээдийг энэ хуулийн 4.1-д заасан хуульд заасан хариуцлагаас нэг удаа чөлөөлнө” гэж заасны дагуу Нэмэгдсэн өртгийн албан татварын шинээр мэдүүлсэн тайланг гаргахдаа дээрх хий бичилттэй гэх бараа материалын худалдан авалтыг тусгаагүй.

Учир нь тус компани бараа материалын бодит худалдан авалт хийж, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу анхан шатны баримт материалыг бүрдүүлэн нягтлан бодох бүртгэлээ хөтөлж, тайлангаа үнэн зөв гаргасан. (Тайланг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн).

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8-д “Энэ хуулийн 10.7-д заасан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн нь тухайн хохирлын хэмжээгээр маргах эрхийг хязгаарлахгүй” гэж заасан.

Ийнхүү тус компанийн 2010 оноос 2012 оныг дуусталх хугацааны нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хэсэгчилсэн шалгалтыг хийхдээ нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилттэй падаан ашигласан эсэхийг бараа материал худалдан авсан холбогдох анхан шатны баримтуудыг үндэслэн шалгаж, нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам болон нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хөтөлж, санхүү, татварын тайлангаа хуулийн дагуу гаргасан эсэхийг тогтоон, шийдвэрээ гаргах байтал албан тоотод нэр нь дурдагдсан гэх үндэслэлээр хэсэгчилсэн шалгалтыг хийж, үндсэн баримтыг үзэж, шалгалгүйгээр татварын улсын байцаагч Р.Д, Р.Б нар 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 250012605 тоот акт тогтоосон байх тул тус компанийн шүүхэд гаргаж өгсөн нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт, холбогдох нотлох баримтуудыг үндэслэн татварын улсын байцаагчийн актыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгов.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд “И Э Ч г” ХХК 2012 онд доорх нэр бүхий 4 компаниас барилгын бараа материал худалдан авсан талаарх санхүүгийн анхан шатны баримтыг тодорхой хэмжээнд бүрдүүлсэн байх боловч тэдгээр худалдан авалтад НӨАТ шингэсэн гэж үзэх боломжгүй буюу хий бичилттэй падаан болох нь бусад баримтаар тогтоогдож байна.

Тухайлбал “Д” ХХК болон “Ж” ХХК-ийн захирал Ш.Ж сэжигтнээр татагдсан 2013 оны 2 дугаар сарын 10, 3 дугаар сарын 12, 7 дугаар сарын 30-ын өдрийн, яллагдагчаар татагдсан 2013 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн байцаалтдаа өөрийн компанийн бүртгэлтэй падаанууддаа хий бичилт хийн тарааж, үнийн дүнгийн тодорхой хувийг авч байснаа, мөн энэхүү гэмт үйлдэлдээ сонгосон ялыг хүлээн зөвшөөрсөн,

-“Д н с” ХХК-ийн захирал Т.Н НӨАТ-ийн падаан дээр хий бичилт хийн бусдад ашиглуулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн 233 дугаар зүйлд 233.2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татагдсан 2013 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн байцаалтдаа өөрт сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн төдийгүй ойролцоогоор 4 багц буюу 200 орчим НӨАТ-ын хий бичилттэй падаан тараасан, эдгээрээс зөвхөн “Ц з” ХХК, “Б С” ХХК-иудын худалдан авалт бодитой, бусад нь бүгд хуурамч буюу хий бичилттэй болохыг гэрчилсэн,   

-“Г х О” ХХК-ийн захирал Д.Э сэжигтнээр татагдсан 2012 оны 12 дугаар сарын 26, 2013 оны 10 дугаар сарын 15, 2014 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн, яллагдагчаар татагдсан мөн оны 12 дугаар сарын 11-ний өдрийн байцаалтдаа “…тус компани 2012 онд БНСУ-аас 5 тн-ын түлшний автомашин оруулж ирснээс өөр үйл ажиллагаа явуулаагүй болохыг, тухайн үед гэрээт нягтлангаар ажиллаж байсан Хүдэрбаатар “Д” ХХК-ийн захирал Ш.Жтай хамтарч компанийн тамга тэмдгийг ашиглан НӨАТ-ын хий бичилттэй падаан бусдад тараасныг, түүнчлэн тамга тэмдгээ бусдад ашиглуулсан гэм буруутай болохоо тус тус хүлээн зөвшөөрчээ.

Түүнчлэн иргэн Ш.Жгийн 2011-2012 онд Д.Э, Т.Н, Л.Х, …нартай бүлэглэн “Д н с” ХХК, “Д” ХХК, “Г х О” ХХК, “Ж” ХХК, … гэсэн 15 аж ахуйн нэгжийн НӨАТ-ын падаан дээр хий бичилт хийж бусдад ашиглуулах зорилгоор хуурамчаар үйлдсэн, ашигласан, борлуулсан, энэ хэргийг байнга үйлдсэн, аж ахуйн нэгжүүдэд татвар төлөхөөс зайлсхийх боломж олгосон эрүүгийн хэрэгт эдгээр компаниудаас бараа худалдсан авсан гэх нэхэмжлэгч “И з ч г” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч Д.Д нь сэжигтнээр татагдсан 2016 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн, яллагдагчаар татагдсан мөн оны 7 дугаар сарын 4-ний өдрийн байцаалтдаа “…100 айл дахь барилгын материалын дэлгүүрүүдээс тухайн үед бараа материалаа авдаг байсан, дараа нь сонсоход тэр хавиар хуурамч НӨАТ-ын падаан ихээр тархсан байсныг мэдсэн, сонсгож байгаа ялын зүйл, ангийг хүлээн зөвшөөрөхгүй, хуурамч падаанаар худалдан авалт хийж санхүүгийн тайландаа тусгасан зүйл байхгүй…” гэх зэргээр мэдүүлж байсан боловч Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын 2016 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 1736 дугаар тогтоолоор эрүүгийн хэрэгт шалгагдах явцдаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэсэн үндэслэлээр Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу Д.Дд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон байх тул эдгээр нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгосныг буруутгахгүй.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 оны/ 14 дүгээр зүйлийн 14.3, мөн хуулийн /шинэчилсэн найруулга/ 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт “Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй” гэж заасан.

Давж заалдах гомдолд “И з ч г” ХХК-ийн нэр бүхий 4 компаниас НӨАТ-тай худалдан авалт хийсэн болохыг нотлох санхүүгийн анхан шатны баримтууд хэрэгт хангалттай авагдсан, тэдгээрийг үнэлсэнгүй гэдэг ч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж тус тус заасны дагуу тэдгээр санхүүгийн анхан шатны баримтуудыг үгүйсгэх, өөрөөр хэлбэл НӨАТ-ийн хий бичилттэй падаан болохыг нотлох хангалттай үйл баримт дээрх байдлаар тогтоогдож байхад шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй юм.

Иймд шүүх шийдвэр гаргахдаа зөвхөн татварын улсын байцаагчийн дүгнэлт, татварын албаны мэдээллийг үндэслэн гаргасан шинжээчийн дүгнэлтээр худалдан авагч буюу нэхэмжлэгчийг буруутгасан гэж дүгнэж болохгүй.

Хэлбэрийн хувьд НӨАТ-ын падаан хуурамч биш, иймд тусдаа регистрийн дугаар бүхий үнэт цаас болохын тухайд тухайн үед хий бичилттэй падааны үнийн дүн татварын албаны цахим бүртгэлд тусгагдах нь зайлшгүй, НӨАТ-ын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт ч үйлдэгдэх нь тодорхой бөгөөд гагцхүү нэхэмжлэгчийн барилгын бараа, материал бусдаас худалдан авсан нь бус, харин татварын албанд тайлагнасан тэрхүү худалдан авалтад НӨАТ төлөгдөөгүй, нэр бүхий компаниудаас худалдан авалт хийгдээгүй болох нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад худалдагч гэх талын сэжигтнээр болон яллагдагчаар татагдсан мэдүүлгүүд, мөн худалдан авагч талын эрх бүхий этгээдэд үүсгэсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээр тус тус батлагдаж байна. 

Эрүүгийн хэрэг хянан шалгах ажиллагааны явцад тогтоогдсон эдгээр үйл баримтыг захиргааны хэрэгт үүнээс өөрөөр дахин үнэлэх шаардлагагүй. 

Харин Нийслэлийн татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөл ижил асуудлаар 2 өөр дүгнэлт хийсэн гэх гомдлын тухайд тус зөвлөлийн 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 48 дугаар тогтоолоор нэхэмжлэгчтэй адил зөрчил бүхий “Очир тэнхлэг” ХХК-ийн гомдлоор татварын улсын байцаагчийн 350017776 дугаар актаар 31.148.080 төгрөгийн нөхөн татвар төлүүлэхээр тогтоосныг бүхэлд нь хүчингүй болгосонд шүүхээс дүгнэлт өгөх эрхгүй, учир нь маргаан таслах зөвлөлийн тогтоол Захиргааны хэргийн шүүхэд хянагдахгүйгээс гадна нэг зөрчилд ногдуулсан актын талаар чухам ямар үндэслэлээр ийнхүү өөрөөр дүгнэх болсныг маргаан таслах зөвлөлийн тухайн хуралдааны гишүүд тайлбарлах боломжтойгоос бус шүүх энэ эрхэд халдахгүй.

Тэр тусмаа өөр компанийн гомдлыг шийдвэрлэсэн маргаан таслах зөвлөлийн тогтоолыг энэ хэрэгт хамаатуулж харьцуулан дүгнэх байдлаар хэргийг шийдвэрлэх боломжгүй.

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8-д “Энэ хуулийн 10.7-д заасан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн нь тухайн хохирлын хэмжээгээр маргах эрхийг хязгаарлахгүй” гэсэн нь нөхөн төлөх дүн, тооцооллын хувьд маргах эрхийг хуульчилснаас бус улсад учруулсан хохирлоо төлөхөө илэрхийлж, эрүүгийн хариуцлагаас өршөөгдсөнийхөө дараа тухайн төлбөрийг огт төлөхгүй гэх агуулгаар маргах эрх олгосон зохицуулалт биш болно.

Үнэхээр нэр бүхий хуулийн этгээдүүдээс НӨАТ-тай худалдан авалт хийсэн боловч тэдгээр нь зохих татварыг төлөөгүйгээс хохирол учирлаа гэж үзвэл актаар тогтоосон төлбөрийг худалдагч талаас шаардах эрхийг энэхүү магадлал хязгаарлахгүй.

Нэхэмжлэгчээс анх татварын Маргаан таслах зөвлөлд гаргасан гомдолдоо НӨАТ-ын хий бичилттэй гэх худалдан авалтыг Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу гаргасан НӨАТ-ын шинэчилсэн тайланд залруулга хийх байдлаар тусгасан гэж маргаж байсан атлаа давж заалдах гомдолдоо “…НӨАТ-ын шинээр мэдүүлсэн тайланг гаргахдаа дээрх хий бичилттэй гэх бараа материалын худалдан авалтыг тусгаагүй, учир нь манай компани бараа материалын бодит худалдан авалт хийсэн…” гэж өмнөхөөсөө эсрэг тайлбар гаргасан, гэхдээ 2-р хавтаст хэргийн 132-135 дахь талд авагдсан нэхэмжлэгчийн НӨАТ-ын шинээр гаргасан тайланд актаар тогтоосон 39.230.900 төгрөгийн төлбөр тусгагдсан гэж үзвэл ийнхүү тайлагнахаас өмнө 2013 онд татварын улсын байцаагчийн дүгнэлтээр тухайн зөрчлийг илрүүлсэн байх тул Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд заасан “сайн дурын үндсэн дээр мэдүүлсэн байх” шаардлага энэ тохиолдолд хангагдахгүй, иймд тайлагнасан эсэх нь актаар тогтоосон нөхөн татвараас чөлөөлөх үндэслэл болохгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 113 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “И з ч г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Өын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                               Д.БАТБААТАР

   ШҮҮГЧ                                                                    Д.БААТАРХҮҮ

   ШҮҮГЧ                                                                    Э.ЛХАГВАСҮРЭН