Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 001/ХТ2018/00930

 

“Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШШ2017/03682 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 332 дугаар магадлалтай,

“Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Т.Г, Г.О нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 125.532.260 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай үндсэн,

зээлийн хүүг сарын 1.7 хувь хүртэл бууруулахыг даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Г.О-гийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагч Г.О, өмгөөлөгч Б.Борхүү, нарийн бичгийн дарга Э.Боролдой  нар оролцов.

Нэхэмжлэгч “Т” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Т.Г, Г.О нар тус банктай 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр №31/11тоот зээлийн гэрээ байгуулан 100.000.000 төгрөгийг жилийн 26,4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2, 6.2.1, барьцааны гэрээний 6 дугаар зүйлийн 6.1, 6.2-т тус тус зааснаар гэрээг хугацаанаас өмнө цуцлах талаар зээлдэгчид мэдэгдсэн. Хариуцагч нар зээлийн гэрээний үүрэгт эргэн төлөлтийн хуваарьт тусгагдсаны дагуу үндсэн зээлд 3.769.462.27 төгрөг, хүүд 8.245.442.08 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 5.975.05 төгрөг, нийт 12.218.278.96 төгрөг төлсөн, 2017.09.20-ны өдрөөс зээлийн эргэн төлөлтийн хуваарь зөрчигдсөн.  Т.Г, Г.О нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж үндсэн зээлийн үлдэгдэл 96,230,537.73 төгрөг, хуримтлагдсан үндсэн хүүний үлдэгдэл 17.640.589,97 төгрөг, хуримтлагдсан торгуулийн хүүний үлдэгдэл 544.168,01 төгрөг, нотариатын зардал 11.600 төгрөг, нийт 114,426,895.71төгрөг гаргуулж өнө үү.  

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж: 2017.05.01-ний өдрөөс 2017.09.25-ны өдрийн 147 хоногийн хугацааны хуримтлагдсан хүү нь 1 хоногт 68,155.78 төгрөг, торгууль хүү өдрийн 8,047.93 төгрөгөөр бодогдож байна. Хариуцагч нар нэхэмжлэл гаргаснаас хойш 4.000.000 сая төгрөг төлснөөс үндсэн зээлээс 3.000.000 төгрөгийг, үлдэх 1.000.000 төгрөгийг хуримтлагдсан торгуулийн хүүний үлдэгдэл 544.168.01 төгрөг, үндсэн хүүнээс хассан. 2017.05.01-ний өдрөөс хойш 2017.09.25-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 147 хоногийн хуримтлагдсан хүүний дүн 9,567,074.85 төгрөг, хуримтлагдсан торгуулийн хүүний дүн 934,641.43 төгрөг болж нэмэгдсэн. Ингээд хуримтлагдсан үндсэн хүүний үлдэгдэл нэмэгдсэн дүнгээр 27,207,664.82 төгрөг, хуримтлагдсан торгуулийн хүүний үлдэгдэл 934,641.43 төгрөг, нийт 121,372,843.98 төгрөг болсон тул улсын тэмдэгтийн хураамжийн зөрүү болох 34,730.21 төгрөг төлсөн. 2017.09.25-ны өдрөөс 2017.11.16-ны өдөр хүртэлх  52 хоногийн хугацааны хуримтлагдсан хүү нь хоног тутам 71,322.83 төгрөг, торгууль хүүний дүн нь өдрийн 8,442.86 төгрөгөөр бодогдож байна. Хуримтлагдсан хүүний дүн 3,708,787.42 төгрөг, хуримтлагдсан торгуулийн хүүний дүн 439,029.19 төгрөгөөр нэмж хуримтлагдсан. Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 93.230.537.73 төгрөг, үндсэн хүүний үлдэгдэл 30.916.452.24 төгрөг, хуримтлагдсан торгуулийн хүүний үлдэгдэл 1.373.670.63 төгрөг, нотариатын зардал 11.600 төгрөг, нийт 125.532.260.60 төгрөг гаргуулж, хариуцагч нар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны гэрээгээр барьцаалсан хөрөнгүүдээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэжээ.                                    

Хариуцагч Т.Г, Г.О нар шүүхэд гаргасан тайлбартаа: 2016 оны 04 сарын 25-ны өдөр 100.000.000 төгрөгийг, жилийн 24,6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай Тнаас зээлж авсан бөгөөд 2016 оны 9 дүгээр сараас зээлийг төлж чадалгүй өдий хүрсэн. Т.Г сахарын өвчний 2-р үе буюу хүндрэлийн улмаас хөл тайруулах мэс засалд орох оноштойгоор хэвтэрт орж, ажлаа үргэлжлүүлж хийх чадваргүй болсон. Банк 2017.05.01-ний өдөр зээлийн гэрээг цуцална гэж нэхэмжлэл гаргасан болохоор зээлийн хүү зогссон гэж бодсон. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээг 2017.05.01-ний өдрөөр тооцож цуцлахаар шаардсаныг зөвшөөрч байна. Энэ өдрөөр тооцож нэхэмжлэл гаргасан байсан ба зээлийн гэрээний үүрэгт 114.426.895.71 төгрөгөөс 2017.06.20-ноос эхлэн төлсөн 4.000.000 төгрөгийг хасч үлдэх хэсгийг төлөхийг зөвшөөрч байна. Мөн банкнаас ирүүлсэн баримтад хүүг зогсоосон гэсэн мөртлөө дахин хүү нэхэмжлээд байгааг зөвшөөрөхгүй. Иймд нэмэгдүүлсэн шаардлагыг хангахгүй орхиж, зээлдэгч нараас төлсөн 4.000.000 төгрөгийг анхны нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцож өгнө үү гэжээ.

Хариуцагч  Г.О, Т.Г  нар  шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: нэхэмжлэгч нь зээлийн гэрээг 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон цуцалж байгааг зээлдэгч нар зөвшөөрч байх тул шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийнхээ шаардлагаас татгалзаж байна.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Т.Г, Г.О нар сөрөг нэхэмжлэлийнхээ шаардлагаас татгалзсаныг баталж өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н.Энхтайван шүүхэд гаргасан тайлбартаа: Би 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Т.Г-ид Тнаас зээл авахад нь өөрийн байрыг барьцаанд тавихыг зөвшөөрч итгэмжлэл өгсөн. Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 30 дугаар байр, 55 тоот хаягт байршилтай, Y-2205016217 тоот бүртгэлтэй, 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц болно. Миний хувьд Тны өрийг өөрийн байраараа үүргийн гүйцэтгэл хангуулах үүднээс зарж борлуулахыг зөвшөөрөхгүй байна гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Э.Улсболд шүүхэд гаргасан тайлбартаа: би 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Т.Г-ид Тнаас зээл авахад нь өөрийн байрыг барьцаанд тавихыг зөвшөөрч итгэмжлэл өгсөн. Тны өрийг өөрийн байраараа үүргийн гүйцэтгэл хангуулах үүднээс зарж борлуулахыг зөвшөөрөхгүй байна гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШШ2017/03682 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д тус тус зааснаар хариуцагч Г.О, Т.Г нараас зээлийн гэрээний үүрэгт 110.424.395.73 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Т” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 15.107.865 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Т.Г, Г.О нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Т.Г, Г.О нарын хамтран өмчлөх Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204000762 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 11 дүгээр байр, 78 тоот хаягт байршилтай, №000102969 тоот гэрчилгээтэй, орон сууцны зориулалттай, 2 өрөө орон сууц, Н.Энхтайван, Э.Улсболд нарын хамтран өмчлөх Эрхийн улсын бүртгэлийн Ү-2205016217 дугаарт бүртгэгдсэн, Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 30 дугаар байр, 55 тоот хаягт байршилтай, №000235655 тоот гэрчилгээтэй, орон сууцны зориулалттай, 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөний үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар хангуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5-д тус тус зааснаар Т ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний 2.1.4-д заалтад зээлийн хүүг сарын 1.7 хувь хүртэл бууруулж өгөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийнхээ шаардлагаас хариуцагч Т.Г, Отгонтуяа нар татгалзсаныг баталж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 730.085 төгрөг гаргуулан нэхэмжлэгч "Т" ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 785 553.30 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 332 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШШ2017/03682 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...үл хөдлөх эд хөрөнгөний үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар хангуулсугай.” гэснийг “үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу хангасугай.” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233.490 төгрөгийг, хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч Г.О- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 сарын 17- ны өдрийн Дугаар 03682 тоот шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дугаар сарын 29-ны өдрийн 332 дугаартай магадлалд нэхэмжлэгчийн зүгээс нотариатын зардал 9100 төгрөг шүүх хохиролд тооцон хариуцагч нараас гаргахаар болсон. Үүнийг хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь уг нотариатын зардал нь хэрэгт байгаа нотлох баримтыг нотариатаар хуулбарлаж өгсөн, нотариатад өгсөн төлбөр. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн зүйл, шаардлагаа нотлох баримтаа эх хувиар нь эсхүл хуулбар хувийг нь нотариатаар гэрчлүүлэн өгөх эсэх нь хэргийн оролцогч нарын өөрсдийнх нь сонголтын асуудал. Үүнийг хохиролд тооцох боломжгүй юм.

Иймд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 сарын 29-ны өдрийн 332 дугаарт магадлалд хүлээн зөвшөөрөхгүй байгаа 9100 төгрөгийн хүрээнд хуулийн дагуу өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Т ХХК нь хариуцагч Т.Г, Г.О нараас зээлийн төлбөрт 125.532.260 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардахдаа нэхэмжлэлийн үндэслэлийг гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан гэжээ. Хариуцагч нар гэрээ цуцалснаас хойших хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг эс зөвшөөрчээ.

Хариуцагч нар нь Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 11 дүгээр байр, 78 тоотын 2 өрөө, Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 30 дугаар байр, 55 тоотын  2 өрөө орон сууцыг тус тус барьцаалан нэхэмжлэгчээс 2016 оны 04 дүгээр сарын 25-ний өдөр 100.000.000 төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 26.40 хувийн хүүтэй зээлсэн ба зээлийн төлбөрт 12.218.278 төгрөг төлсөн нь хэргийн баримтаар тогтоогджээ.

Талууд зээлийн гэрээг бичгээр байгуулж, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2, 156 дугаар зүйлийн 156.2-т заасан шаардлагад нийцсэн, гэрээ хүчин төгөлдөр байна.     

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1.-т  “үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ” гэж заасан ба зээлийн гэрээнд зээлдэгч Т.Г, хамтран үүрэг гүйцэтгэгч Г.О нар гарын үсэг зурж, гэрээний зүйлийг хүлээн авсан, энэ талаар маргаагүй тул тэдгээрийг хамтран үүрэг гүйцэтгэгч гэнэ.

Хариуцагч нар зээлийн төлбөрийг тогтмол төлөх үүргээ тасалдуулсан, нэхэмжлэгч үүргээ гүйцэтгэх талаар сануулж, хугацаа өгч байсан нь хэргийн баримтаар тогтоогдсон тул Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3., 225 дугаар зүйлийн 225.1.-д зааснаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах үндэслэл бүрдсэн гэж үзнэ.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, банкнаас зээл олгох гэрээний харилцааг зохицуулсан Иргэний хуулийн холбогдох зүйл, заалтад нийцүүлэн зохигчийн хоорондох гэрээний нөхцөл, хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлээс 110.424.395 төгрөгийн шаардлагыг хангасан нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1., 451 дүгээр зүйлийн 451.1.-г зөрчөөгүй байна.

Үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдахаар Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т заасан, анхан шатны шүүх барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг шийдвэрлэхдээ хуульд заасан дарааллыг баримтлаагүйг давж заалдах шатны шүүх залруулж, энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулсан нь хуульд нийцжээ.

Нэхэмжлэгч нотариатын зардалд 11.600 төгрөг нэхэмжилсэн, шүүх хэрэгт авагдсан баримтад тулгуурлан уг шаардлагаас 9.100 төгрөгийг хангасан нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-г зөрчөөгүй тул энэ талаарх гомдлыг хангах үндэслэлгүй.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Г.О-гийн гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 332 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Г.О-гийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр төлсөн 4.900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ