| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2019/0344/Э |
| Дугаар | 356 |
| Огноо | 2019-03-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 356
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг
улсын яллагч Д.Ганчимэг
шүүгдэгч Б.Ц.............аа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Боржигон овогт Б.............рийн Ц.............ааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1808 0579 30143 дугаартай, 1 хавтаст хэргийг 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Боржигон овогтой Б.............рийн Ц.............аа, Монгол Улсын иргэн, Орхон аймгийн Баян-Өндөр суманд 1997 оны 10 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, 21 настай, эмэгтэй, суурь боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг, .............................
Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)
Яллагдагч Б.Ц.............аа нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “.............с” караоке, бааранд 2018 оны 12 дугаар сарын 07-ноос 8-нд шилжих шөнө зочид буудлын ажилтан Л.О.............гтэй маргалдаж, улмаар түүний үснээс зулгааж, цохин түүний биед зүүн зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал үсний халцралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ц.............аа мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:
1. Хохирогч Л.О.............гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр би өөрийнхөө ажил дээр ээлжиндээ гараад байж байтал шөнө 23 цаг өнгөрч байх үед манай буудлын доор байдаг караокены зөөгч охин З.............о орж ирээд надаас тусламж гуйсан. Караокед согтуу эмэгтэй агсам тавиад хаалга эвдчихээд төлж өгөхгүй байна гэхээр нь би туслах зорилгоор хамт караоке руу ороход №1 тоот караокены өрөөний хаалганы бариулаас доош хоёр талын хавтас нь салчихсан байсан. Өрөөн дотор 2 эрэгтэй, 2 эмэгтэй хүмүүс байсан. Тэр хүмүүсээс арай залуу эмэгтэй нь согтуу орилж чарлаад байхаар нь би тэр эмэгтэйд хаалга эвдчихсэн байна. Энийг нь төлж өг гэхэд тэр эмэгтэй угаасаа эвдэрхий хаалгатай өрөөнд оруулсан биз дээ гэснээ над руу ундаа усны сав чулуудаад миний нүүр рүү нулимсан. Тэгэхээр нь би цагдаа дуудна гээд караокены үүдэнд гараад зогсож байтал өнөөх эмэгтэй араас гарч ирээд бид хоёр хэрэлдсэн. Тэгтэл гэнэт миний толгойтой үснээс зулгаагаад доош дарахад нь би урагшаагаа унасан, тэр эмэгтэй миний үснээс бараг 20 гаруй минут зулгаасан, миний хуйх их өвдөж байсан болохоор би хоёр гараа өөрийнхөө толгойны хуйхыг барьж байтал өөр өрөөнд үйлчлүүлж байсан хүмүүс гарч ирээд тэр эмэгтэйг болиулсан...мөн намайг үсдэж байхдаа миний хоёр хөл рүү болон давсаг руу хэд хэдэн удаа өшиглөсөн бас караокены зөөгч З.............ог цохиж зодож байсан...миний хоёр хөл хөхөрч няцарсан зүйл байгаагүй, давсаг мөн гайгүй байгаа, миний зүүн талын хуйх хэсэгт үс ихээр халцарч унасан, тэрнээс хойш миний үс их шингэхэн болсон одоо самнахад үс унаад байдаг болчихсон тухайн үед толгой болон хуйх их өвчтэй байсан одоо гайгүй болж байгаа...үс ургуулдаг тос болон үс уналтын эсрэг эмчилгээ хийлгэх 150.000 төгрөг шүүх эмнэлэгт үзүүлсэн 8000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19),
2. Гэрч Н.Э.............агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 08-ны өдөр ажил дээрээ ирэхэд №1 дугаартай караокены өрөөний модон хаалганы хоёр талын хавтаст нь салчихсан байсан...Манай дүүгийн хүзүү улаасан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21)
3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 80 дугаар дүгнэлт
Хэсэг газрын үзлэгт: Зүүн зулай хэсгийн хуйх хавдартай, зүүн зулайд 4х1.5см талбайд үс халцарсан байв...ДҮГНЭЛТ
1. Л.О.............гийн биед зүүн зулайн хуйхны зөөлөн эдийн няцралт, үсний халцралт гэмтэл учирсан нь тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 26)
4. Шүүгдэгч Б.Ц.............аагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 06-ны орой би нөхөр Болдбаатар, нийтийн байранд хамт амьдардаг хажуу өрөөний Б.............а, Б.............э гэх ах эгчтэй дөрвүүлээ................с нэртэй караокед орж 0.5 литрийн 1 шил архи дараа нь 0.75 литрийн архи, ус ундаа авсан. Тэгээд эхлээд нэг цаг дуулаад дараа нь нэг цаг сунгуулаад архи, ус ундаагаа ууж дуусгаад караокены цаг дууссаны дараа гарах гэж байсан чинь манай нөхөр тус караоке нь дотор бөөлжчихсөн. Тэгтэл манай нөхөр бөөлжсөн дээрээ хальтирч унахдаа хаалганы панерыг хугалсан. Тэрнээс болж ресепшин гэх эмэгтэй ирж юундаа хэрэлдээд байгаан гараач гэж хэлсэн. Харин бармен нь хаалга эвдчихлээ төлж өг гаргахгүй гэж хаалга алдлан таглаад зогсож байсан...ресепшин эгч дундуур орж ирэн хэрүүл хийж байсан. Тэгээр нь би тэр хүүхнийг чинь одоо дуугай бай би барментэй чинь юм ярьж байна гэж хэлсэн чинь би чамаас эгч хүн шүү гэж намайг түлхсэн, тэгэхээр нь би уурандаа үснээс нь зулгаасан чинь тэр эмэгтэй бас намайг үсдсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35-36)
“...Би О.............гт хандаж би барментай чинь ярьж байна. Та дуугай байгаарай гэж хэлэхэд би чамаас эгч хүн чи юу яриад байгаа юм бэ гэж хэлээд миний баруун мөр рүү гараараа түлхсэн. Би О.............гт хандаж чи зүгээр байгаарай гэж хэлээд хоёр гараараа үснээс нь зулгаахад миний үснээс зөрүүлж хоёр гараараа зулгаахад бид хоёр хөл алдаад газар унасан. Би газар унасан байхдаа хөлөөрөө О.............гийн хөл, гэдэс рүү нь жийж өшиглөсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38-39),
5. Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 41), урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 45), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 42, 49), хувийн байдлын талаарх баримт (хавтаст хэргийн 69-73) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Ц.............аад холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:
I. Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Б.Ц.............аа нь Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “.............с” караоке бааранд 2018 оны 12 дугаар сарын 07-ноос 8-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, танхайн сэдэлтээр, шууд санаатай үйлдлээр зочид буудлын ажилтан Л.О.............гтэй маргалдаж, улмаар түүний үснээс зулгааж, цохин биед зүүн зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, үсний халцралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:
- Хохирогч Л.О.............гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр...23 цаг өнгөрч байх үед манай буудлын доор байдаг караокены зөөгч охин З.............о орж ирээд надаас тусламж гуйсан. ...караоке руу ороход №1 тоот өрөөний хаалганы бариулаас доош хоёр талын хавтас нь салчихсан...дотор 2 эрэгтэй, 2 эмэгтэй хүмүүс байсан. Тэр хүмүүсээс арай залуу эмэгтэй нь согтуу орилж чарлаад байхаар нь би тэр эмэгтэйд хаалга эвдчихсэн байна. Энийг нь төлж өг гэхэд тэр эмэгтэй угаасаа эвдэрхий хаалгатай өрөөнд оруулсан биз дээ гэснээ надруу ундаа усны сав чулуудаад миний нүүр рүү нулимсан. Тэгэхээр нь би цагдаа дуудна гээд караокены үүдэнд гараад зогсож байтал өнөөх эмэгтэй араас гарч ирээд бид хоёр хэрэлдсэн. Тэгтэл гэнэт миний толгойны үснээс зулгаагаад доош дарахад нь би урагшаагаа унасан, тэр эмэгтэй миний үснээс бараг 20 гаруй минут зулгаасан, миний хуйх их өвдөж байсан болохоор би хоёр гараа өөрийнхөө толгойны хуйхыг барьж байтал өөр өрөөнд үйлчлүүлж байсан хүмүүс гарч ирээд тэр эмэгтэйг болиулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 80 дугаар дүгнэлт
Хэсэг газрын үзлэгт: Зүүн зулай хэсгийн хуйх хавдартай, зүүн зулайд 4х1.5см талбайд үс халцарсан байв...ДҮГНЭЛТ “...1. Л.О.............гийн биед зүүн зулайн хуйхны зөөлөн эдийн няцралт, үсний халцралт гэмтэл учирсан нь тогтоогдлоо. ...3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 26)
- Шүүгдэгч Б.Ц.............аагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 06-ны орой би нөхөр Болдбаатар, нийтийн байранд хамт амьдардаг хажуу өрөөний Б.............а, Б.............э гэх ах эгчтэй дөрвүүлээ................с нэртэй караокед орж 0.5 литрийн 1 шил архи дараа нь 0.75 литрийн архи, ус ундаа авсан. ...манай нөхөр тус караоке нь дотор бөөлжчихөөд...бөөлжсөн дээрээ хальтирч унахдаа хаалганы панерыг хугалсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35-36)
“...Би О.............гт хандаж би барментай чинь ярьж байна. Та дуугай байгаарай гэж хэлэхэд би чамаас эгч хүн чи юу яриад байгаа юм бэ гэж хэлээд миний баруун мөр рүү гараараа түлхсэн. Би О.............гт хандаж чи зүгээр байгаарай гэж хэлээд хоёр гараараа үснээс нь зулгаахад миний үснээс зөрүүлж хоёр гараараа зулгаахад бид хоёр хөл алдаад газар унасан. Би газар унасан байхдаа хөлөөрөө О.............гийн хөл, гэдэс рүү нь жийж өшиглөсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38-39) зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Б.Ц.............аа нь хууль зүйн хувьд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “танхайн” сэдэлтээр хохирогч Л.О.............гийг үснээс зулгааж, шууд санаатай үйлдлээр, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Ц.............аа нь хохирогч Л.О.............гийн үснээс зулгаасан болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба үсдүүлсэнээс болж хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.
Иймд шүүгдэгч Б.Ц.............ааг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч ....Л.О.............гт эмчилгээний зардалд баримтаар 158.000 төгрөг (хавтаст хэргийн 19 ) нэхэмжилж мэдүүлэг гаргасан байх боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүх эмнэлэгт үзүүлсэн гэх 8000 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн байна. Тиймээс шүүгдэгч Б.Ц.............аагаас баримттай хохирол болох 8000 төгрөгийг Иргэний хуульд заасны дагуу гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй. Харин хохирогч Л.О.............г нь өөрт учирсан бусад хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлсэний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх нь зүйтэй байх тул нэхэмжлэлийг хангахгүй орхиж шийдвэрлэв.
lI. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Улсын яллагчаас шүүгдэгч Б.Ц.............ааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Ц.............аад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Ц.............аа нь эрхэлсэн тодорхой ажилгүй болох нь түүний мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн биеийн байцаалтаар тогтоогдсон. Нөгөө талаар тэрээр 01-04 насны хүүхдүүдтэй болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хөнгөрүүлж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зохимжтой гэж үзэв.
Шүүхээс шүүгдэгч Б.Ц.............аад нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан учир шүүгдэгчийн хувийн байдлыг буюу бага насны хүүхдүүдтэй байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлд зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдрийн 2 (хоёр) цагийн хугацаагаар хийлгэхээр тогтоох нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх энэ хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан ялын зорилгыг хангахад шаардлагатай гэж үзвэл гэмт хэрэг үйлдсэн хүнд...оногдуулсан ял дээр нэмж...албадлагын арга хэмжээг хэрэглэж болно” гэж заасан байна. Тиймээс шүүгдэгч Б.Ц.............аагийн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөөгүй, бага насны хүүхэдтэй атлаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэгт холбогдсон байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “ гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах” үүрэг хүлээлгэж, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан “согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” хязгаарлалтыг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелэгдэж дуусах хүртэл авахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Ц.............аа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулж болохыг анхааруулав.
Эрүүгийн 1808 0579 30143 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, түүний гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлээгүй, хэрэгт шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид энэ тогтоолоор төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Б.............рийн Ц.............ааг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц.............ааг 300 (гурван зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Ц.............аа нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 2 цагийн хугацаагаар хийлгэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч Б.Ц.............аад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах” үүрэг хүлээлгэж, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан “согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” хязгаарлалтыг нийтэд тустай ажил хийлгэх ял биелэгдэж дуусах хүртэл хугацаагаар авсугай.
5. Шүүгдэгч Б.Ц.............аа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц.............аагаас 8000 төгрөг гаргуулж хохирогч Л.О.............гт олгож, хохирогч нь өөрт учирсан хор уршгийн зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХЗУЛ