Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 357

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

улсын яллагч Ц.Хашбаатар

шүүгдэгч Б.Н............х, түүний өмгөөлөгч С.Санжаажамц (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 1788) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Шаазгай овогт Б...........гын Н............хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1903 0006 10094 дугаартай 1 хавтаст хэргийг 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шаазгай овогт Б...........гын Н............х, Монгол Улсын иргэн, Булган аймгийн Орхон суманд 1991 оны 02 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, компьютерийн операторчин мэргэжилтэй, “...................

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр):

Яллагдагч Б.Н............х нь 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өглөө 06 цаг 30 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, “Драгон” төвийн баруун уулзварт Toyota Verosa маркийн .......... УБВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.2. “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчин гарцаар зам хөндлөн гарч явсан зорчигч Э.А..........нг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Н............х мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв, дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

1. Хохирогч Э.А..........нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 12-ны өглөө 6 цагийн үед гэрээсээ гараад таксинд суугаад 5 шарын буудал дээр буугаад цагдаагийн постны урд талын гарцаар урдаасаа хойшоо чиглэлтэй зам хөндлөн гарч байгаад эхний гэрлэн дохиогоор гараад дараагийн гэрлэн дохиогоор гарч байтал жижиг машин ирж мөргөсөн. Тэгээд би ухаан алдсан...Толгойндоо цус хуралттай, баруун хөлний дээд тал нь тэр чигээрээ хуулагдсан... намайг машин зүүн урд талаараа мөргөсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн  28),

“...толгой жаахан өвдөж байгаа болохоос гайгүй болсон...одоо намайг хэд хоног эмнэлэгт хэвтэх хэрэгтэй гэсэн байгаа...гомдолтой байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31),

2. Гэрч Б.У..........хын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...өглөө гэрээсээ гараад А..........н ахтай...5 шарын автобусны буудал дээр буусан. Тэгээд замын цагдаагийн постны урд талаас хойшоо зам хөндлөн гарахаар явж байсан. Тэр үед явган хүний гэрлэн дохиог замын пост таглаад харагдахгүй байсан. Бид хоёрыг явж байхад машины улаан гэрэл асчихсан машинууд хөдөлгөөнгүй зогсож байсан. Тэгээд гүйгээд зам хөндлөн гарчихаад эргээд хартал А..........н ах мөргүүлсэн байсан. Тэгээд буцаж очсон чинь жолооч залуугийн хамт байж байсан...тэр үед А..........н ахыг өргөөд шууд машин дотор суулгаад гэмтлийн эмнэлэг рүү явсан...хэдэн хувийн хараа муутайг мэдэхгүй, харин грүппэд байдгыг мэднэ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40)

3. Гэрч Д.Бат-А..........нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Намайг өглөө Н............х гэрээс очиж авсан. Тэгээд бид хоёр 5 шарын гэрлэн дохион дээр ирж байхад гэрлэн дохио нь улаан асаж байсан. Тэгээд хурдаа сааруулаад зөөлхөн явж байтал ногоон гэрэл ассан. Тэгээд гарцан дээр нэг хүн урдуур гүйгээд гарсан. Тэгээд ахиад нэг хүн зүүн урд талаас гүйж гарч ирээд мөргүүлсэн. Нэг хөл нь дугуй зам хоёрын хооронд хавчуулагдсан байсан. Тэгээд өргөж машиндаа суулгаад гэмтлийн эмнэлэг рүү аваачиж үзүүлсэн...зүүн урд талаар хохирогчийг мөргөсөн. Хохирогч болохоор гэнэт гарч ирээд мөргүүлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 47),

4. Гэрч С.Б..........ний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын үүрийн 06 цагийн үед Драгон дээр ачаа аваад Драгоны баруун талын уулзвараар зүүн гар тийш эргэх гээд зогсож байтал баруун талаас зүүн тийшээ явах постны урд талын зам дээр .......... УБВ улсын дугаартай хар өнгийн Т.Веросса маркийн автомашин хүн мөргөж унагаасан. Тэгээд жолооч нь гарч ирж хараад жаахан ухрах үйлдэл хийж зогсож байгаад машинаас 2 хүн гарч ирээд машиндаа суулгаад аваад явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 45),

5. Иргэний хариуцагч Б.Баярмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Т.Веросса маркийн .......... УБВ дугаартай автомашин миний өөрийн машин мөн. Ерөнхийдөө манай нөхөр Б.Н............х бид хоёр ээлжлэн унадаг... бодит учирсан хохирлыг төлж брагдуулна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38)

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 1269 дугаар дүгнэлт

“...Хэсэг газрын үзлэгт: баруун тавхайнд цэвэр боолттой. Зүүн гуяны гадна дээд хэсэгт 5х1см, зүүн саруувны 3-р хурууны 1-р үений дээд хэсэгт 0.5х0.5см 4-р хурууны 1-р үений дээд хэсэгт 0.5х0.5см улаан хүрэн өнгийн зулгаралттай. Баруун сарвууны 2-р хурууны 2-р үений дээд хэсэгт 1х0.5см, 3-р хурууны 2-р үений дээд хэсэгт 1.1х0.5см 4-р хурууны 2-р үний дээд хэсэгт 0.5х1см арьсны өнгөц давхар хууларсан язарч хууларсан шархтай.

2019.01.12-ны Рентгенд: баруун тавхай ясны 4-р шивнүүр хугаралтай харагдана.

ГССҮТ-н №00531 тоот өвчний түүхээс: Эмнэлэгт хэвтсэн 2019.01.12. хэвтэх үеийн зовиур: баруун хөл тавхай орчмоор өвдөнө. Хүзүү өвдөнө, толгой өвдөнө, дотор муухай оргино...хэсэг газрын үзлэгт: баруун хөлний тавхай орчим ил шархтай, арьсны дутмагшилтай, баруун гарын 2,3,4 хуруу зулгарсан шархтай.

2019.01.12-ны ГССҮТ-н КТГ-д: зүүн чамархай яс шугаман хугаралтай. Баруун нүдний ухархайн дотор хана хамар ясны хуучин хугаралтай. Баруун нүдний ухархайн дотор хана хамар ясны хуучин хугаралтай. 2 талын гайморын хөндийн салст зузаарсан. Зүүн чамархай хэсэгт хугарлын харалдаа 5.5см өргөн 1.3см гүн зузаан эпидурал цус хуралттай...тархины бор ба цагаан эдийн ялгарал буурсан, хавантай. Субарахнойдаль зайнуудад цус харвалттай. 2 талын хажуугийн овдол /D>S/ 3-р ховдол их хэмжээгээр өргөссөн...онош баруун тавхайн 4-р шивнүүрийн ил арьсны дутагдал үүсгэсэн ил хугарал, тархи доргилт гэжээ...ДҮГНЭЛТ

1. Э.А..........нгийн биед зүүн чамархайн ясны хугарал, хатуу хальсан доорх цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт, баруун тавхайн 4-р шивнүүрийн ил хугарал, тархи доргилт, баруун тавхай, баруун гарын хуруунд шарх, зүүн гуя, зүүн гарын хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүгнээс хамаарна....” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 52),

7. “Автотээврийн Үндэсний төв” төрийн өмчит үйлдвэрийн газрын Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн шинжээчийн 2305 дугаар дүгнэлт

1...Уг автомашин нь ерөнхий байдал, иж бүрдлийн хувьд: ...Зүүн гэрлийн ойрын тусгалын хэмжээ 5000 кандел, баруун гэрлийн ойрын тусгалын хэмжээ 600 кандел, зүүн холын гэрлийн тусгалын хэмжээ 5600 кандел, баруун холын гэрлийн тусгалын хэмжээ 4300 кандел / 10000-225000 кандел / стандартын шаардлага хангахгүй байна...ослоос өмнө ашиглалтын явцад үүссэн гэмтэл байна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 56-60),

8. Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 82 дугаар дүгнэлт

“...1. “Toyota Verosa” маркийн .......... УБВ дугаартай автомашиныг жолоодож явсан жолооч Б...........гын Н............х нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн

- 3.4 дүгээр зүйл “Жолооч дараах үүргийг хүлээнэ” -ийн а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралт “Тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглох, эвдрэл, гэмтэл, техникийн зөрчлийн жагсаалт”-ын 5.2 дугаар зүйл “Хол, ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан;”,

- 16.2 дугаар зүйл “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. ...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 62-63),

9. Шүүгдэгч Б.Н............хын мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 12-ний өглөө би 06 цагийн үед гэрээсээ гараад эхнэрийнхээ авсан Т.Веросса маркийн .......... УБВ дугаарын автомашинаа жолоодоод ажлынхаа Бат-А..........нг Орбитын тойрог дээрээс аваад ажил руугаа явах замдаа 5 шарын гэрлэн дохион дээр очиход улаан гэрэл асаж байсан. Нэг хоёрдугаар эгнээн дээр автобуснууд зогсож байсан. Би гуравдугаар эгнээгээр хурдаа хасаад явган хүний гарцан дээр дөхөж очиход замын ногоон гэрэл ассан. Энэ үед нэг хүн гүйгээд гарсан. Автобуснууд зөвшөөрсөн ногоон гэрлээр хөдлөх шиг болсон. Би дагаад хөдөлдтөл автообусны урдаас нэг хүн гэнэт гүйж гарч ирээд миний баруун урд талын дугуйнд хөлөө дайруулж унасан. Би сандарсандаа шууд гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан...нэг, хоёрдугаар эгнээд 2 автобус зогсож байсан болохоор би хараагүй...одоогийн байдлаар хохирогчийн ар гэрээс хэлсний дагуу эмчилгээнд 2.000.000 төгрөгийн ам тариа болон бэлэн мөнгө өгсөн. Эмчилгээнд болохоор одоо би баримтаар хохирол гаргах юм бол төлж барагдуулна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 65-67),

10. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоогдсон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 03-10), тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 79), жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 20), эд мөрийн баримтаар тооцох тогтоол (хавтаст хэргийн 22),

- Хохирогчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 29-30), хохирогчийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 21) хохирогчийн өвчний түүх (хавтаст хэргийн 97-105), хувийн байдлын талаарх баримтууд (хавтаст хэргийн 32-36)

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоочийн лавлагаа, мэдээлэл, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 76, 77, 78), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 75), хувийн байдлын талаарх баримтууд (хавтаст хэргийн 69, 73, 74, 76, 77), хохиролд 10.000.000 төгрөг төлсөн талаарх хохирогчийн тодорхойлолт (хавтаст хэргийн 106-107), шүүгдэгчээс хохирогчийн хохирол, хор уршигт  1.662.290 төгрөг зарцуулсан баримтын хуулбар (хавтаст хэргийн 124-129) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн яллагдагч, хохирогч, гэрч,  иргэний хариуцагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Н............хад холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

I. Гэм буруугийн талаар.

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Н............хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах, бусдад төлөх төлбөргүй гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй, гэм буруу дээр маргаагүй болно.

Шүүгдэгч Б.Н............х нь Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, Драгон төвийн баруун урд уулзвар, Таван шарын автобусны буудлаас Хархорин худалдааны төв орох чиглэлтэй Энтайваны өргөн чөлөөгөөр 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өглөө 06 цаг 30 минутын орчим, Toyota маркийн Verosa загварын .......... УБВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа болгоомжгүйгээр Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.2 дахь хэсэгт заасан “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчин гарцаар зам хөндлөн гарч явсан зорчигчид Э.А..........нг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь;

- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоогдсон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 03-10),

- Хохирогч Э.А..........нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 12-ны өглөө 6 цагийн үед гэрээсээ гараад...5 шарын буудал дээр буугаад цагдаагийн постны урд талын гарцаар урдаасаа хойшоо чиглэлтэй зам хөндлөн гарч байгаад эхний гэрлэн дохиогоор гараад дараагийн гэрлэн дохиогоор гарч байтал жижиг машин ирж мөргөсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн  28),

- Гэрч Б.У..........хын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...А..........н ахтай...5 шарын автобусны буудал дээр буусан. Тэгээд замын цагдаагийн постны урд талаас хойшоо зам хөндлөн гарахаар явж байсан. ...Бид хоёрыг явж байхад машины улаан гэрэл асчихсан машинууд хөдөлгөөнгүй зогсож байсан. Тэгээд гүйгээд зам хөндлөн гарчихаад эргээд хартал А..........н ах мөргүүлсэн байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40)

- Гэрч Д.Бат-А..........нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Намайг өглөө Н............х гэрээс очиж авсан. Тэгээд бид хоёр 5 шарын гэрлэн дохион дээр ирж байхад гэрлэн дохио нь улаан асаж байсан. Тэгээд хурдаа сааруулаад зөөлхөн явж байтал ногоон гэрэл ассан. Тэгээд гарцан дээр нэг хүн урдуур гүйгээд гарсан. Тэгээд ахиад нэг хүн зүүн урд талаас гүйж гарч ирээд мөргүүлсэн....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 47),

- Гэрч С.Б..........ний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Драгон дээр ачаа аваад Драгоны баруун талын уулзвараар зүүн гар тийш эргэх гээд зогсож байтал баруун талаас зүүн тийшээ явах постны урд талын зам дээр .......... УБВ улсын дугаартай хар өнгийн  Тoyota Verosa маркийн автомашин хүн мөргөж унагаасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 45),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 1269 дугаар дүгнэлт “...1. Э.А..........нгийн биед зүүн чамархайн ясны хугарал, хатуу хальсан доорх цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт, баруун тавхайн 4-р шивнүүрийн ил хугарал, тархи доргилт, баруун тавхай, баруун гарын хуруунд шарх, зүүн гуя, зүүн гарын хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна....” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 52),

- Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 82 дугаар дүгнэлт “...1. “Toyota Verosa” маркийн .......... УБВ дугаартай автомашиныг жолоодож явсан жолооч Б...........гын Н............х нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.2 дугаар зүйл “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. ...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 62-63),

- Шүүгдэгч Б.Н............хын мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 12-ний өглөө би 06 цагийн үед гэрээсээ...Toyota Verosa маркийн .......... УБВ дугаарын автомашинаа жолоодоод ажлынхаа Бат-А..........нг Орбитын тойрог дээрээс аваад ажил руугаа явах замдаа 5 шарын гэрлэн дохион дээр очиход улаан гэрэл асаж байсан. Нэг хоёрдугаар эгнээн дээр автобуснууд зогсож байсан. Би гуравдугаар эгнээгээр хурдаа хасаад явган хүний гарцан дээр дөхөж очиход замын ногоон гэрэл ассан. Энэ үед нэг хүн гүйгээд гарсан. Автобуснууд зөвшөөрсөн ногоон гэрлээр хөдлөх шиг болсон. Би дагаад хөдөлдтөл автообусны урдаас нэг хүн гэнэт гүйж гарч ирээд миний баруун урд талын дугуйнд хөлөө дайруулж унасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 65-67) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь захиргааны хэм хэмжээ тогтоосон акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.2 дугаар зүйлд заасан “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө” гэснийг зөрчсөн болохыг Тээврийн цагдаагийн албаны техникийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон. Мөн явган зорчигчийг мөргөснөөс болж хохирогчид хүнд зэргийн гэмтэл учирсныг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байна. Дээрх нөхцөл байдлууд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Иймд улсын яллагчаас шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн дээрх зүйл хэсэг, заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй боловч Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Б.Н............х нь хохирогчийн хохирол, хор уршигт 10.000.000 төгрөгний эмчилгээ, үйлчилгээ үзүүлж (хавтаст хэргийн 107) өгсөн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

- Улсын яллагчаас шүүгдэгч Б.Н............хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялын нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Н............х нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн,  гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, урчруулсан хохирлыг төлсөн, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь болгоомжгүйгээр үйлдэгддэг тул түүнийг тэнсэж хянан харгалзаж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Н............х нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугийн талаар маргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтээс шүүх тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасах талаар гаргасан дүгнэлтийг Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хүлээн авч, бусад дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзэв.

Тодруулбал шүүгдэгч Б.Н............хад холбогдсон эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах ба тухайн гэмт хэрэг нь мөн хуулийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар болгоомжгүй үйлдэгддэг. Нөгөө талаас хохирогч нь анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг үндэслэн заавал хорих эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зохимжгүй гэж үзэж шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас хохирогч Э.А..........нд учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж, хор уршгийг арилгасан үндэслэлээр хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх энэ хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан ялын зорилгыг хангахад шаардлагатай гэж үзвэл гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахгүйгээр тэнсэж, эсхүл нэмэгдүүлсэн ял дээр нэмж албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.” гэж заасан байна. Иймд шүүгдэгч Б.Н............хад ял оногдуулахгүйгээр тэнссэнтэй холбогдуулан мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4 дэх заалтад заасан “тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулахыг хориглох” буюу бүх төрлийн механикжсан тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглох хязгаарлалтыг тэнссэн хугацаанд авах нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад чиглэгдэнэ гэж үзэв.

Эрүүгийн 1903 0006 10094 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлээр хэргийн эд мөрийн баримтыг шийдвэрлэх талаар зохицуулсан байна. Иймд тус хэрэгт хураагдаж ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг CD-г мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэргийн хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хадгалахаар шийдвэрлэх нь зохимжтой гэж үзэв.

Шүүгдэгч Б.Н............хад Эрүүгийн хуульд заасан эрх хасах ял хэрэглэсэнтэй холбогдуулан хэрэгт хураагдан ирсэн түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн “В, С, D” ангиллын 944961 дугаартай үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Шаазгай овогт Б...........гын Н............хыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Н............хын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасч, хорих ялыг оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н............хын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Н............хад мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4 дэх заалтад заасан “тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулахыг хориглох” буюу бүх төрлийн механикжсан тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглох хязгаарлалтыг тэнссэн хугацаанд тогтоосугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хураагдсан шүүгдэгч Б.Н............хын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн “В, С, D” ангиллын 944961 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлээр хэргийн эд мөрийн баримтыг шийдвэрлэх талаар зохицуулсан байна. Иймд тус хэрэгт хураагдаж ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг CD-г мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай. 

7. Хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, эрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй,  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй

9. Шийтгэх тогтоолыг, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.МӨНХЗУЛ