Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 369

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,

Улсын яллагч  Ц.Оюун-Эрдэнэ,

Шүүгдэгч М.Б..........ш нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Боржигон овогт М...............рын Б..........шийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1903 0014 20126 дугаартай 1 хавтаст хэргийг 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянав.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овогт М...............рын Б..........ш, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1995 оны 10 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, 23 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Хүрээ” дээд сургуулийн 4 дүгээр курст холбооны инженер мэргэжлээр суралцдаг, ам бүл 4, эгч, 2 дүүгийн хамт ............................. 

Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Яллагдагч М.Б..........ш нь 2019 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 16 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Энхжин худалдааны төвийн баруун талын замд Тоёота Прадо маркийн .............. улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” 11.5 “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөнөөс жолооч Б.Б..............ай, зорчигч Б.С..............р /11 настай/ нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Б..........ш мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг гаргах шаардлагагүй...”

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 7-16),

2. Хохирогч Б.Б..............айгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 2 дугаар сарын 05-ны өдөр 16 цагийн орчимд эхнэр Х..........э, 3 хүүхдийнхээ хамтаар дүүгийн эзэмшлийн .......... УНҮ дугаартай Т.Приус маркийн автомашиныг жолоодоод “Энхжин” худалдааны төвийн баруун урд замаар 3 дугаар эгнээгээр ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийшээгээ явж байсан. Зам түгжрэлтэй байсан учраас зогсож байсан. Энэ үед саарал өнгийн жийп маркийн автомашин маш их хурдтай зүүнээс баруун зүг рүү өөрийнхөө эгнээгээр буюу 3 дугаар эгнээгээр ирж яваад гэнэт зүүн гар тийшээгээ жолоогоо дараад эсрэг урсгалд орж ирээд миний машины урдаас мөргөсөн. Түүнээс хойш юу болсныг мэдэхгүй байна. Нэг ухаан ороход хаалга онгойчихсон байсан. Эхнэр хүүхэд рүүгээ харахад бүгд ухаангүй байсан. Замын цагдаа ирээд машинаас намайг гаргаад миний гарыг хадагаар сойж боож өгсөн...зүүн гар хугаралтай. Хагалгаанд орсон. Одоогоор биеийн байдал гайгүй л болж байна. Тухайн өдөр зүүнээс баруун тийшээгээ замаар машины хөдөлгөөн байхгүй байсан. Харин баруунаас зүүн тийшээгээ урсгал түгжрэлтэй байсан...хоёр охин гайгүй байгаа. Том хүү Б.С..............рын эрүүл мэндэд хохирол учирсан. Үүдэн хоёр шүд байхгүй болсон. Шүд хийх боломжгүй гэсэн....1.400.000 төгрөг эмчилгээнд гараад байгаа. Баримтуудыг бүрдүүлсэн байгаа...Гомдолтой байна. Зүгээр явж байгаад осолд орж биедээ гэмтэл авсан. Одоо гарсан болон цаашид гарах эмчилгээний зардлыг буруутай жолоочоос нэхэмжлэнэ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23),

- Хохирогч Б.Б..............айгийн иргэний үнэмлэхийн хуулбар, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийн хуулбар (хавтаст хэргийн 24), согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 28),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2088 дугаар дүгнэлт

“...хэсэг газрын үзлэгт: ...Зүүн бугалганд ариун боолттой. Биед ил харагдах гэмтэлгүй.

2019.02.05-ны өдрийн зүүн атгаал ясны рентген зурагт атгаал ясны дунд 1/3 хэсэгт хугаралтай байна.

...ГССҮТ-н эмчлүүлж буй өвчний түүхээс...хэвтэх үеийн зовиур: Зүүн гарын бугалга орчим өвдөнө. Зүүн бугалгаар хөдөлгөөн хийхэд ясны хавиралдах чимээ мэдрэгдэнэ.

...Хэсэг газрын үзлэгт: Зүүн бугалганы дунд хэсгээр хаван, хавдартай, мөчний хэлбэр дүрс алдагдсан, ясны хавиралдах чимээтэй, хөдөлгөөн хязгаарлагдсан.

2019.02.08-ны өдрийн мэс заслын тэмдэглэлээс: ...Зүүн мөрний атгаалын төвгөрийн дээд талд 2 см орчим зүслэг хийн зөөлөн эдийг ялгаж атгаал ясанд хүрч цоологчоор цоолж каналыг өрөмдөж өргөсгөн түгжээт хадаасыг шургуулж хийн дээр болон доор хөндлөн шургаар түгжив. Шархыг угааж үечлэн хааж ариун боолт хийв.

Клиникийн төгсгөлийн онош: Зүүн атгаал ясны дунд 1/3 хэсгийн далд хугарал гэжээ...ДҮГНЭЛТ:

1. Б.Б..............айн биед зүүн атгаал ясны далд хугарал, зүүн бугалганд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийн удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 96),

2. Насанд хүрээгүй хохирогч Б.С..............рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Цагаан сараар аав, ээж, дүү нарын хамтаар Нисэхээс гараад айлд очих гээд явж байсан. Машиныг манай аав жолоодож явсан. Би аавынхаа хажуу талын сандалд сууж явсан. Арын сандалд ээж, 2 дүү сууж явсан. Би сандалтайгаа хойшоогоо налаад суусан байсан. Нэг мэдсэн чинь миний нүд юм харахгүй байсан. Тэгээд түргэн ирээд авч явж байна гэж байсан...би осол болохыг мэдээгүй. Би сандлын хамгаалах бүсээ зүүсэн явсан...шүд өвчтэй байгаа. Хичээлдээ явахгүй байгаа. Нүд зүгээр юм харж байгаа...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19),

- Өсвөр насны хохирогч Б.С..............рын төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 25),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2089 дугаар дүгнэлт

“...Хэсэг газрын үзлэгт: ...баруун нүдний доод зовхинд 4.0х2.0см зүүн нүдний дээд зовхинд 4.0х1.5см хэмжээтэй захаараа бор шаргал туяа бүхий хүрэн өнгийн цус хуралт, зүүн доод зовхи, хацар хамарсан 4.0х4.0см хэмжээтэй бор шаргал өнгийн цус хуралттай. Зүүн дээд үүдэн 1-р шүд унасан, буйлны оромд мэс заслын оёдолтой, зүүн дээд 3-р шүд унасан, буйланд хонхойсон хүрэн оромтой, баруун дээд 1-р шүд талласан хугаралтай /бэхэлгээтэй/ дээд эрүүний шүднүүдэд металл бэхэлгээтэй. Эрүү толгойны боолттой. Биед ил харагдах өөр гэмтэлгүй.

Эмнэлгийн бичиг баримтанд...Гэмтлийн Согог Судлалын Үндэсий төвийн эмчийн үзлэгт:...Онош: Тархи доргилт, Шүд болон хамар ясын хугарал. 2019.02.05...гэжээ.

2019.02.05-ны өдрийн ГССҮТ-н толгойн компьютерт томографийн шинжилгээнд: ...Хамар ясны зүүн хажуу хана хугаралтай, хамрын болон хоншоор хэсгийн зөөлөн эд хаван, хавдартай, хийтэй...тархины бор ба цагаан эдийн ялгарал буурсан, бага зэргийн хавантай...Түмэнжаргал гэжээ..

2019.02.06-ны өдрийн ЭХЭМҮТ-н ЭНМЗ-н эмчийн үзлэгт: Зовиур: баруун гар, 2 хөл өвдөнө, шүд өвдөнө, хамар битүүрнэ. Хэсэг газрын үзлэгт: Зүүн хацар, хамар хэсэгт хавантай. Дээд уруул бага зэрэг хавдартай. 21-р шүд хүзүүлвч хэсгээр хугарсан, 11-р шүд цөгцний 2/3-г хамарсан ташуу хугаралтай, буйл шалбарсан.

Онош: 21, 11-р шүдний гэмтлийн гаралтай хугарал. Хамар ясны хугарал гэжээ.

Амбулаторийн картанд: 2019.02.08-ны өдрийн Эрүү нүүрний мэс заслын эмчийн үзлэгт: Үзлэгээр: Дээд уруул хавдсан, ам хагас ангайсан. Аман доторх зүлэгээр 11-р шүд цөгц-зөөлц ил хугарсан, 21-р шүд хүзүүвчээр цөгц ташуу хугарсан, цөгц тагнай талд налж буйланд тогтсон, 12-21-р шүдний хооронд шүднүүд түүшингийн хамт хөдөлгөөнтэй, тагнай талд налж далийсан. Зөөлөн эдийн гэмтэл 12-21-р шүдний хооронд урагдсан, 24-25-р шүдний түвшинд урагдсан. Рентгенд: 21-р шүд цөгцний доогуур хүзүүвч орчим ташуу хугаралтай. Цөгц нь хөндлөн байрлалд харагдана. Онош : 21-р шүдний хугарал / түүшин ирмэгээс 3 мм дор, ташуу / 11-р шүд / зөөлц ил гарсан/ 12. 11-н харалдаа түүшин хугарал / түүшин ирмэгээс 1 см зайд / 13, 12, 11, 21, 22-р шүдний түүшин хугарал /түүшин ирмэгээс 2 см зайд /. Зөөлөн эдийн гэмтэл, буйл салст урагдсан /12-22, 23-24 харалдаа/ Эмчилгээ 21-р шүдийг авав, 53-р шүдийг авав. 11-р шүдний зөөлцийг авч FC хийж түр ломбодов. 55-24-р шүд хүртэл металл...бэхлэв /хөдөлгөөн хязгаарлах боломжгүй тул эрүү толгойны боолт хийж үлдээв. Зөөлөн эдийн шархыг цэгцлэж...утсаар оёдол тавив. Эмч Мөнхдөл гэжээ...ДҮГНЭЛТ

1. Б.С..............рын биед баруун дээд үүдэн 1, 2, 3-р шүд, зүүн дээд үүдэн 1, 2-р шүднүүдийн түүшин сэртэнгийн хугарал, зүүн дээд үүдэн 1, 3-р шүдний булгарал, баруун дээд үүдэн 1-р шүдний талласан хугарал, хамар ясны далд хугарал, тархи доргилт, буйланд урагдсан шарх, уруулд зөөлөн эдийн няцрал нүүрний хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Хоёр шүдний булгарал гэмтэл нь цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтонгд 10%-р алагдуулна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 93-94),

3. Иргэний нэхэмжлэгч Д.Х..........эгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 2 дугаар сарын 05-ны өдөр нөхөр 3 хүүхдийнхээ хамтаар .......... УНҮ дугаартай Т.Приус маркийн автомашиныг манай нөхөр Б.Б..............ай жолоодоод жолоочийн хажуу талын урд сандалд манай том хүү Б.С..............р суугаад би арын сандалд хоёр багатайгаа сууж явсан. Ингээд ...“Энхжин” худалдааны төвөөр буцаж эргээд Орбит орохоор ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийшээгээ 3-р эгнээнд түгжрээд зогсож байснаа мэдэж байна. Нэг ухаан ороход түргэний машинд явж байсан. Эмчилгээ хийлгэж байгаа. Мэдрэлийн эмчийн хяналтанд байгаа. Цээж нуруу, гар болон зүүн талаараа зовиуртай байгаа...мөнгө орж ирсэн 7.500.000 төгрөгийг машины хохирол гэж Б.Х..........аад өгсөн. Үлдсэн мөнгө нь манай нөхөр Б.Б..............ай, хүү Б.С..............р, Б.Биндэрьяа бид нарын эмчилгээнд зарцуулагдсан хохирлын баримтаар гарсан мөнгө байсан...Гомдолтой байна. Одоо гарч байгаа болон цаашид гарах эмчилгээний зардал бусад зардлыг буруутай жолоочоос нэхэмжлэнэ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30-31),

- иргэний нэхэмжлэгч Д.Х..........эгийн иргэний үнэмлэхийн хуулбар (хавтаст хэргийн 32),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2087 дугаар дүгнэлт

“...Хэсэг газрын үзлэгт: ...Духанд 9.0х0.2 см хэмжээтэй, ташуу хэлбэртэй мэс заслын олон оёдол бүхий шархтай. Духны доод хэсгээс хамрын нурууны дээд хэсэг хүрсэн 5.0х1.5см хэмжээтэй хүрэн бор өнгийн зулгаралттай. Зүүн нүдний салстад хүрэн өнгийн цус хуралт, зүүн дээд зовхинд 4.0х1.0 см, доод зовхинд 3.0х0.8см баруун дээд зовхинд 1.5х1.0см доод зовхинд 2.5х2.0 см хамрын нуруунд 2.0х0.8см хэмжээтэй захаараа бор шаргал туяа бүхий хүрэн өнгийн цус хуралттай. Баруун сарвууны ар гадаргууд 12х9.0см бүдэг бор өнгийн цус хуралт, 0.7х0.5 см хэмжээтэй хүрэн өнгийн зулгаралт, зүүн мөрөнд 5.0х3.0 см, 3.0х3.0см бор шаргал, цээжний зүүн хажуу доод хэсэгт 10х3.0см захаараа бор шаргал туяа бүхий хүрэн өнгийн, зүүн шилбэний дотор доод хэсэгт 3.0х3.0 см баруун шилбэний дотор дунд хэсэгт 7.0х1.5 см захаараа бор шаргал туяа бүхий хүрэн өнгийн цус хуралттай...ДҮГНЭЛТ

1. Д.Х..........эгийн биед тархи доргилт, зүүн нүдний салст, нүүр, их бие, дээд доод мөчинд цус хуралт, шарх, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 107),

4.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2390 дугаар дүгнэлт

“...Хэсэг гарын үзлэгт: ...биед ил  харагдах гэмтэлгүй.

ГССҮТ-н 2019.02.05-ны үзлэгт: Онош: Тархи доргилт гэжээ.

2019.02.06-ны Медтравм эмнэлгийн Толгойн КТГ: өөрчлөлтгүй...ДҮГНЛТ

1.3.Б.Биндэрьяа-н биед тухайн үед тархи доргилт гэмтэл учирчээ.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 109)

5. Хохирогч Б.Б..............ай, Б.С..............р, иргэний нэхэмжлэгч Д.Х..........э нарын хохирол, хор уршигт 2019 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 19-ний өдрийн хооронд 1.446.479 төгрөг  (хавтаст хэргийн 36-41), 2019 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс мөн оны 3 дугаар сарын 18-ны өдрийн хооронд 1.650.290 төгрөг (хавтаст хэргийн 44-48) буюу нийт  3.096.769 төгрөгний баримтууд,

6. Иргэний нэхэмжлэгч Б.Х..........аагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний эзэмшлийн автомашиныг манай ах Б.Б..............ай миний зөвшөөрөлтэй жолоодож явсан. Би тухайн өдөр хамт яваагүй...Үнэлгээ хийлгэсэн. Машиныг засаж янзлуулаагүй байгаа. Машинаа үзэж харсан. Тухайн өдрөө осолд орсон талаар мэдээд шууд гэмтлийн эмнэлэг дээр явж очсон...машины хохирлыг нэхэмжлэнэ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 50)

- Иргэний нэхэмжлэгч Б.Х..........аагийн иргэний үнэмлэхийн хуулбар (хавтаст хэргийн 51), .......... УНҮ...Бэрс Капитал ХХК-ний....эзэмшлийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 52), тээврийн хэрэгслийн лавлагаа (хавтаст хэргийн 53), барьцаат зээлийн гэрээний хуулбар (хавтаст хэргийн 54-55),

- “Итгэлт-Эсимэйт” ХХК-ийн 2019 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 475 дугаартай тайланд “...Эзэмшигч: Б.Х..........аа...Toyota Prius 20 загварын .......... УНҮ улсын дугаартай мөнгөлөг өнгийн тээврийн хэрэгсэлд ...шууд 6.400.000, шууд бус 1.100.000 төгрөг, үнэлгээгээр тогтоогдсон үнэ 7.500.000 төгрөг...” гэх баримт, гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэргийн 113-115),

7. Иргэний нэхэмжлэгч Т.Э..........аны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Э.Ө.........р нь миний зөвшөөрөлтэй ......... УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан. Би хамт яваагүй...Үнэлгээ хийлгэсэн. Машиныг засаж янзлуулсан. Буруутай жолоочоос эвдрэлийн үнэлгээгээр гарсан мөнгийг гаргуулж авсан...жолоочоос үнэлгээгээр гарсан мөнгийг авсан...одоо надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 57),

- Иргэний нэхэмжлэгч Т.Э..........аны иргэний үнэмлэхийн хуулбар (хавтаст хэргийн 58),

- ......... УНҮ...Тоёота Crown…маркийн тээврийн хэрэгсэл...ХАС Банк ХХК-ний...эзэмшил гэх тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 59-60), Хасбанкны зээлийн гэрээний хуулбар (хавтаст хэргийн 61-69), хохирлын...1.372.800 төгрөг хүлээн авсан тухай баримт (хавтаст хэргийн 70),

- “ВЕНДО” ХХК-ийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 24030 дугаартай тайланд “...Эзэмшигч: Хас банк ХХК...Toyota Crown загварын ......... УНҮ улсын дугаартай мөнгөлөг өнгийн тээврийн хэрэгсэлд ...шууд 1.170.000, шууд бус 187.800 төгрөг, үнэлгээгээр тогтоогдсон үнэ 1.357.000 төгрөг...” гэх баримт, гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэргийн 117-118)

- Гэрч Э.Ө.........рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 2 дугаар сарын 05-ны өдөр 16 цагийн орчимд аавынхаа эзэмшлийн ......... УНҮ дугаартай Т.Кровн маркын автомашиныг жолоодоод манай эхнэр, эхнэрийн эгч, нөхөр нарын хамтаар 61-ийн гармаас Улаанбаатар хот орж ирээд Энхжин худалдааны төвийн урд замаар 3-р эгнээнд түгжрээд зогсож байхад урдаас түс тас гэх чимээ гарсан. Тэгээд машинаасаа буугаад харахад Т.Прадо маркийн автомашин эсрэг урсгалд онхолдсон байдалтай миний урд талын хоёр машиныг мөргөсөн байдалтай байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 84),

8. Гэрч Д.С........дын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 2 дугаар сарын 05-ны өдөр 16 цагийн орчимд...миний өөрийн эзэмшлийн 36-30 УНО дугаартай Т.Марк-2 маркийн автомашиныг би өөрөө жолоодоод эхнэр, хүүхэд, дүү нарынхаа хамтаар Баянхошуу орохоор Сонгинохайрхан дүүргийн нутаг Энхжин худалдааны төвийн баруун урд замаар 3-р эгнээгээр түгжрэлд ороод ертөнцийн зүгээр зүүн зүг рүү харсан байдалтай зогсож байхад миний урд талд 3-р эгнээнд зогсож байсан цагаан өнгийн Т.Приус маркийн автомашин гэнэт хойшоогоо ухраад миний машины урд талаас мөргөсөн. Мөн би арынхаа саарал өнгийн Т.Кровн маркийн машиныг мөргөсөн. Тэгээд машинаасаа буугаад хартал Т.Прадо маркийн автомашин эсрэг урсгалд баруун хажуу талаараа онхолдсон байдалтай болчихсон миний урд зогсож байсан цагаан өнгийн Т.Приус маркын машиныг урдаас нь урсгал сөрж орж ирээд мөргөсөн байдалтай...зогсож байсан. Миний болон манай эхнэр, хүүхэд, дүү нарын биед гэмтэл учраагүй...машинд эвдрэлийн үнэлгээ хийлгээгүй. Машиныг мөргөсөн машины жолооч нь засаж янзалж өгсөн...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Энэ оны цагаан сарын өнмөхөн 4.200.000 төгрөгөөр худалдан авсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 71),

- Сумъяахадын иргэний үнэмлэхийн хуулбар (хавтаст хэргийн 72), жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 73), хохирлын 3.815.000...авсан гомдол санал үгүй гэх баримт (хавтаст хэргийн 74), тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 75),   

9. Иргэний хариуцагч Н.Баатарсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Үнэлгээ хийлгэхгүй...хохирогч нарт учирсан хохирлыг төлж барагдуулах болно...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 90),

10. Тээврийн цагдаагийн албаны 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 47 дугаар мөрдөгчийн магадалгаа

“...Т.Прадо маркийн ............. УБП улсын дугаартай автомашины жолооч М...............рын Б..........ш нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “...Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол, учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” 11.5 “Эсрэг хөдөлгөөнтэй, дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 120-121),

11. Шүүгдэгч М.Б..........шийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 2 дугаар сарын 04-ний орой 21 цагийн орчимд Баатарсүрэн ахын гэрээс ............. УБП дугаартай Т.Прадо маркын автомашиныг авсан. Маргааш нь 16 цагийн орчимд Баатарсүрэн ахын эзэмшлийн ............. УБП дугаартай. Т.Прадо маркын автомашиныг жолоодоод төрсөн дүүгийнхээ хамтаар баруун салаанаас Хан-Уул дүүрэг гэртээ харихаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийшээгээ төмөр замын гарам өнгөрөөд Энхжин худалдааны төвийн баруун урд талын замаар 3-р эгнээгээр 50 орчим км цагийн хурдтай явж байгаад юу болсныг мэдэхгүй түс тас хийгээд л явсан. Нэг харахад миний жолоодож явсан машин хажуу талаараа уначихсан байсан...Би Т.Приус маркын автомашины эвдрэлийн үнэлгээгээр гарсан мөнгө, хохирогч Б.Б..............ай, Д.Х..........э, Б.С..............р нарын...баримтаар гаргаж өгсөн эмчилгээнд гарсан мөнгө зэргийг нийлүүлээд өгсөн байгаа...Осол миний буруугаас болсон...2 машины хохирлыг бүрэн төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 131-132),

12. Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоочийн лавлагаа, мэдээлэл, оршин суугаа хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 133, 137, 134), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 140), “Хүрээ Мэдээлэл холбоо Технологийн” дээд сургуулийн тодорхойлолт (хавтаст хэргийн 141), хохирол, хор уршиг төлсөн баримт (хавтаст хэргийн 145, 154, 155),

- Оролцогч нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт (хавтаст хэргийн 156, 157), Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх прокурорын тогтоол (хавтаст хэргийн 158), Хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал (хавтаст хэргийн 159-160) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч М.Б..........шид холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

I. Гэм буруугийн талаар.

Улсын яллагчаас шүүгдэгч М.Б..........шийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй, гэм буруу дээр маргаагүй болно.

Шүүгдэгч М.Б..........ш нь Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Энхжин худалдааны төвийн баруун талын замд, 2019 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 16  цагийн үед, болгоомжгүйгээр, иргэн Н.Баатарсүрэнгийн “Toyota Prado” маркийн .............. улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн

- 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”,

- 11.5 “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөнөөс Б.Б..............айн жолоодон явсан, иргэн Б.Халинунаагийн эзэмшлийн “Toyota Prius 20” маркийн .......... УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, тээврийн хэрэгслийн жолооч Б.Б..............ай, зорчигч Б.Санжидсүрэн нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, зорчигч иргэний нэхэмжлэгч Д.Х..........э, Б.Бидэрьяа нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, тухайн тээврийн хэрэгслийн ард хөдөлгөөнд оролцож явсан “Toyota Магк-2” маркийн 36-30 УНО, “Toyota Crown” маркийн ......... УНҮ тээврийн хэрэгслүүдэд хохирол учруулсан болох нь:

- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 7-16),

- Хохирогч Б.Б..............айгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 2 дугаар сарын 05-ны өдөр 16 цагийн орчимд эхнэр Х..........э, 3 хүүхдийнхээ хамтаар дүүгийн эзэмшлийн .......... УНҮ дугаартай Т.Приус маркийн автомашиныг жолоодоод “Энхжин” худалдааны төвийн баруун урд замаар 3 дугаар эгнээгээр ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийшээгээ явж байсан. Зам түгжрэлтэй байсан учраас зогсож байсан. Энэ үед саарал өнгийн жийп маркийн автомашин маш их хурдтай зүүнээс баруун зүг рүү өөрийнхөө эгнээгээр буюу 3 дугаар эгнээгээр ирж яваад гэнэт зүүн гар тийшээгээ жолоогоо дараад эсрэг урсгалд орж ирээд миний машины урдаас мөргөсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2088 дугаар дүгнэлт “...1. Б.Б..............айн биед зүүн атгаал ясны далд хугарал, зүүн бугалганд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийн удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 96),

- Насанд хүрээгүй хохирогч Б.С..............рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Цагаан сараар аав, ээж, дүү нарын хамтаар Нисэхээс гараад айлд очих гээд явж байсан. Машиныг манай аав жолоодож явсан. Би аавынхаа хажуу талын сандалд сууж явсан. Арын сандалд ээж, 2 дүү сууж явсан. Би сандалтайгаа хойшоогоо налаад суусан байсан. Нэг мэдсэн чинь миний нүд юм харахгүй байсан. ...би осол болохыг мэдээгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2089 дугаар дүгнэлт “...1. Б.С..............рын биед баруун дээд үүдэн 1, 2, 3-р шүд, зүүн дээд үүдэн 1, 2-р шүднүүдийн түүшин сэртэнгийн хугарал, зүүн дээд үүдэн 1, 3-р шүдний булгарал, баруун дээд үүдэн 1-р шүдний талласан хугарал, хамар ясны далд хугарал, тархи доргилт, буйланд урагдсан шарх, уруулд зөөлөн эдийн няцрал нүүрний хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ....3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 93-94),

- Иргэний нэхэмжлэгч Д.Х..........эгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 2 дугаар сарын 05-ны өдөр нөхөр 3 хүүхдийнхээ хамтаар .......... УНҮ дугаартай Т.Приус маркийн автомашиныг манай нөхөр Б.Б..............ай жолоодоод жолоочийн хажуу талын урд сандалд манай том хүү Б.С..............р суугаад би арын сандалд хоёр багатайгаа сууж явсан. ...Нэг ухаан ороход түргэний машинд явж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30-31),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2087 дугаар дүгнэлт “...1. Д.Х..........эгийн биед тархи доргилт, зүүн нүдний салст, нүүр, их бие, дээд доод мөчинд цус хуралт, шарх, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 107),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2390 дугаар дүгнэлт “...1. Б.Биндэрьяа биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. ...3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна....” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 109),

- Хохирогч Б.Б..............ай, Б.С..............р, иргэний нэхэмжлэгч Д.Х..........э нарын хохирол, хор уршигт 2019 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 19-ний өдрийн хооронд 1.446.479 төгрөг  (хавтаст хэргийн 36-41), 2019 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс мөн оны 3 дугаар сарын 18-ны өдрийн хооронд 1.650.290 төгрөг (хавтаст хэргийн 44-48) буюу нийт  3.096.769 төгрөгний баримтууд,

- “Итгэлт-Эсимэйт” ХХК-ийн 2019 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 475 дугаартай тайланд “...Эзэмшигч: Б.Х..........аа...Toyota Prius 20 загварын .......... УНҮ улсын дугаартай мөнгөлөг өнгийн тээврийн хэрэгсэлд ...шууд 6.400.000, шууд бус 1.100.000 төгрөг, үнэлгээгээр тогтоогдсон үнэ 7.500.000 төгрөг...” гэх баримт, гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэргийн 113-115),

 - “ВЕНДО” ХХК-ийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 24030 дугаартай тайланд “...Эзэмшигч: Хас банк ХХК...Toyota Crown загварын ......... УНҮ улсын дугаартай мөнгөлөг өнгийн тээврийн хэрэгсэлд ...шууд 1.170.000, шууд бус 187.800 төгрөг, үнэлгээгээр тогтоогдсон үнэ 1.357.000 төгрөг...” гэх баримт, гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэргийн 117-118)

- Гэрч Э.Ө.........рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 2 дугаар сарын 05-ны өдөр 16 цагийн орчимд аавынхаа эзэмшлийн ......... УНҮ дугаартай Т.Кровн маркын автомашиныг жолоодож явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 84),

- Гэрч Д.С........дын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 2 дугаар сарын 05-ны өдөр 16 цагийн орчимд...миний өөрийн эзэмшлийн 36-30 УНО дугаартай Т.Марк-2 маркийн автомашиныг жолоодож явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 71),

- Д.С........дад хохиролд 3.815.000...авсан гомдол санал үгүй гэх баримт (хавтаст хэргийн 74),

- Тээврийн цагдаагийн албаны 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 47 дугаар мөрдөгчийн магадалгаа

“... “Toyota Prado” маркийн ............. УБП улсын дугаартай автомашины жолооч М...............рын Б..........ш нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “...Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол, учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” 11.5 “Эсрэг хөдөлгөөнтэй, дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” Гэсэн заалтыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 120-121),

- Шүүгдэгч М.Б..........шийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 2 дугаар сарын 04-ний орой 21 цагийн орчимд Баатарсүрэн ахын гэрээс ............. УБП дугаартай Т.Прадо маркын автомашиныг авсан. Маргааш нь 16 цагийн орчимд Баатарсүрэн ахын эзэмшлийн ............. УБП дугаартай. Т.Прадо маркын автомашиныг жолоодоод төрсөн дүүгийнхээ хамтаар баруун салаанаас Хан-Уул дүүрэг гэртээ харихаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийшээгээ төмөр замын гарам өнгөрөөд Энхжин худалдааны төвийн баруун урд талын замаар 3-р эгнээгээр 50 орчим км цагийн хурдтай явж байгаад юу болсныг мэдэхгүй түс тас хийгээд л явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 131-132) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь захиргааны хэм хэмжээ тогтоосон акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “...Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол, учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” 11.5 “Эсрэг хөдөлгөөнтэй, дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэсэн заалтыг зөрчсөнийг Замын цагдаагийн албаны техникийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон. Мөн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөний улмаас жолооч Б.Б..............ай, зорчигч Б.С..............р нарын эрүүл мэндэд хүндэвтэр зэргийн гэмтэл учирсныг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байна. Дээрх нөхцөл байдлууд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Иймд улсын яллагчаас шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн дээрх зүйл хэсэг, заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б..............ай Б.С..............р нарын хохирол, Д.Х..........э, Б.Бидэрьяа нарын хор уршигт нийт 3.096.769 төгрөг, Б.Х..........аагийн “Toyota Prius 20” маркийн .......... УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 7.500.000 төгрөг, Хас банк ХХК буюу Э.Ө.........рын жолоодон явсан “Toyota Crown” маркийн ......... УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 1.357.000 төгрөг, Д.С........дын жолоодон явсан “Toyota Мarк-2” 36-30 УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 3.815.000 төгрөгийн тус тус хохирол, хор уршиг учирсан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч нь хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учруулсан дээрх хохирлыг мөнгөн хэлбэрээр төлж барагдуулсан  (хавтаст хэргийн 154). Нөгөө талаар хохирогч Б.Б..............ай, Б.С..............р нар нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлтийг бичгээр илэрхийлсэн (хавтаст хэргийн 155, 157) байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

- Улсын яллагчаас шүүгдэгч М.Б..........шийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжээр торгох ял оногдуулах дүгнэлтийг,

Шүүгдэгч нь улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болон.  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч М.Б..........ш нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч нарт шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч М.Б..........ш нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт тус тус заасны дагуу гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлж, хохирогчтой эвлэрсэн баталгааг гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ. Ийнхүү хүсэлтийг хангаж М.Б..........шид эрүүгийн хариуцлага хүлээлгэх санал гаргахдаа улсын яллагчаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасныг баримталсан байна.

Иймд шүүгдэгч М.Б..........шийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн торгох ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжээр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.Б..........шд торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж, тэрээр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногийн хорих ялаар тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулав.

Эрүүгийн 1903 0014 20126 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах хуулийн зохицуулалтгүй тул шүүгдэгч М.Б..........шийн В ангиллын 1015782 дугаартай жолоочийн үнэмлэх хэрэгт хураагдаж ирснийг тогтоол хүчин төгөлдөр болмогц түүнд буцаан олгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт М...............рын Б..........шийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б..........шийг 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б..........шид оногдуулсан 800 нэгж буюу 800.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан М.Б..........ш нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хэрэгт шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч М.Б..........шийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 1015782 дугаартай В ангиллын жолоочийн үнэмлэхийг буцаан олгосугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Г.МӨНХЗУЛ