Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 370

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

улсын яллагч  Э.Энхбат,

шүүгдэгч Л.Б..............н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны А-1 танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Сартуул овогт Л..............рын Б..............нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1908 0122 40413 дугаартай 1 хавтаст хэргийг 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянав.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Сартуул овогт Л..............рын Б..............н, Монгол Улсын иргэн, Завхан аймгийн Нөмрөг суманд 1982 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, суурь боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, ..............................  

Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Яллагдагч Л.Б..............н нь 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр ........... УББ улсын дугаартай Приус-20 загварын тээврийн хэрэгслээр иргэн Г.Б.............аг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, Хүнсний 4 дүгээр дэлгүүрээс Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 34-р байр хүртэл хүргэж өгөхдөө Г.Б.............агийн тээврийн хэрэгсэлд нь гээсэн хэтэвчийг авч, хэтэвчинд байсан бэлэн 415.000 төгрөгийг авч хэтэвчийг хаясан буюу бусдын гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж Г.Б.............ад 576.750 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Б..............н өгсөн мэдүүлэгтээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг гаргах шаардлагагүй...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

1. Хохирогч Г.Б.............агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 02-нд Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн орчим байдаг “King Krown” гэх нэртэй газраас...23 цагийн үед...Бя.............гал гэх найзтайгаа гарсан. Тухайн үед би замын хажууд найзтайгаа зогсож байхад ........... УББ улсын дугаартай цайвар өнгийн приус-20 маркийн автомашин ирж зогссон. ...Манай найз намайг таксинд суулгаж өгөөд машины дугаарыг нь харж үлдсэн...би...зоогийн газраас түрүүвчээ гартаа бариад гарсан...тэгээд хүнсний 4 дүгээр дэлгүүрээс таксинд суугаад Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо 34 дүгээр байрны урд ирсэн тухайн үед би нилээн согтуу байсан учир таксинд унтсан байсан. Тэгээд би таксинаас буухдаа түрүүвчтэй мөнгөө үлдээсэн байсан. ...Маргааш нь цүнхэндээ түрүүвчээ үзэхэд байхгүй байхаар нь гайхаад байж байтал миний дугаар луу танихгүй нэг дугаар залгаад... “чиний түрүүвчийг олсон хүн байна. Түрүүвчээ ирж аваарай” гэсэн. Тэгээд би...миний бичиг баримт болон түрүүвчийг өгсөн хүнээс “та миний түрүүвч бичиг баримтыг хаанаас авсан юм бэ” гэхэд тэр хүн надад хэлэхдээ “Дэнжийн мянгын ойролцоо гүүрэн доор явж байсан чинь газар түрүүвч байхаар нь авсан чинь бичиг баримттай байсан. Тэгээд ломбардны бичиг дээрээс өөрийн чинь дугаарыг хараад залгасан юм.” гэсэн. Тухайн үед би миний түрүүвчтэй баримтыг өгсөн хүнд хандаж түрүүвчинд нилээн мөнгө байсан юм дотор нь юу байсан юм бэ гэсэн чинь ганцхан бичиг баримтууд байсан мөнгө төгрөг байгаагүй гэж хэлсэн. Тэгээд би тэр хүнд түрүүвч бичиг баримт олж өгсөн гээд 20.000 төгрөг өгөөд түрүүвчтэй бичиг баримтаа аваад явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 05-06),

“..Бэлэн 415.000 төгрөг, хаан банкны виза карт, төрийн банкны виза карт, иргэний цахим үнэмлэх байсан...эд зүйлсээ бүрэн бүтэн авсан ба тэр хүнд 20.000 төгрөг өгч түрүүвчээ авсан...би 415.000 төгрөг түрүүвчтэй эд зүйлээ авсан байгаа надад нэхэмжлэх зүйл байхгүй гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 61-62)

2. “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2019 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн СХЗ-19-152  дугаартай дүгнэлтэд “....576.750...” төгрөг гэх үнэлгээ (хавтаст хэргийн 12-13),

3. Шүүгдэгч Л.Б..............нгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 2 дугаар сарын 02-нд өөрийн эзэмшлийн ........... УББ улсын дугаартай Тоуота Приус-20 маркийн авто машинтай таксинд явж байгаад хүнсний 4 дүгээр дэлгүүрээс хүн гар өргөхөөр нь тухайн хүнийг авсан. Тэр хүн надад хэлэхдээ Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороолол 34 дүгээр байр орно гэж хэлсэн ба тэр эмэгтэй нилээн согтолттой байсан юм. Тэгээд би хүнсний 4 дүгээр дэлгүүрээс хөдлөөд 30 орчим минутын дараа 1 дүгээр хорооллын 34 дүгээр байрны ард ирсэн чинь нөгөө эмэгтэй унтаж байсан. Тэгээд босоорой гэж хэлсэн чинь тэр эмэгтэй сэрэхгүй унтаад л байсан ба сэрэхгүй нилээн удсан. Тэгээд тэр эмэгтэй гэнэт сэрхээр нь 34 дүгээр байрны гадаа ирчихлээ гэж хэлээд энэ байр мөн үү гэхэд тэр эмэгтэй надад үг хэлэлгүй...таксины 7000 төгрөгөө өгөлгүй буугаад яваад өгсөн. Тэгээд би гайхаад хөдлөөд яваад өгсөн ба таксинд цааш үргэлжлүүлэн явж байгаад Гэмтэл өгсөөд явж байхдаа арагшаа харсан чинь тэр эмэгтэйн сууж байсан газар түрүүвч байсан. Тэгээд би тэр түрүүвчийг аваад дотор байгаа эд зүйлийг нь үзэхэд 415.000 төгрөг түрүүвчинд байсан ба тэр мөнгөнийг нь аваад таксинд шөнөжингөө явж байгаад өглөө гэр рүүгээ явж байхдаа Дэнжийн мянга захын гүүрнийх хажууд тухайн түрүүвчийг хаясан. Тэгээд би гэр рүүгээ харьсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 58-59),

4. Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл...2019 оны 02 дугаар сарын 16-ны өдөр...415.000 төгрөг хүлээлгэн өгсөн...тухай баримт (хавтаст хэргийн 16, 17),

5. Оролцогч нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт (хавтаст хэргийн 67), Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх прокурорын тогтоол (хавтаст хэргийн 68), Хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал (хавтаст хэргийн 73),

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 24, 23), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 28), тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 20), суурь боловсролын гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 21),  хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 22, 29-44), хохирол төлсөн баримт (хавтаст хэргийн 17) зэрэг  нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн, хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Гурав. Шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Л.Б..............нд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

I. Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Л.Б..............н нь Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 34 дүгээр байрны орчим, 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр, өөрийн “Toyota Ptius-20” маркийн ........... улсын дугаартай тээврийн хэрэгслээр үйлчлүүлсэн иргэн Г.Б.............аг эд зүйлээ орхиж буусан гэдгийг мэдсээр байж, шунахайн сэдэлтээр, баригдахгүй гэсэн зорилгоор, хохирогчийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн шалтгаан нөхцөлийг далимдуулан, шууд санаатай үйлдлээр, түүний 576.750 төгрөгийн үнэлгээ бүхий гээгдэл эд зүйлсийг завшсан болох нь

- Хохирогч Г.Б.............агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би замын хажууд найзтайгаа зогсож байхад 2088 УББ улсын дугаартай цайвар өнгийн приус-20 маркийн автомашин ирж зогссон. ...Манай найз намайг таксинд суулгаж өгөөд машины дугаарыг нь харж үлдсэн...би...зоогийн газраас түрүүвчээ гартаа бариад гарсан...тэгээд хүнсний 4 дүгээр дэлгүүрээс таксинд суугаад Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо 34 дүгээр байрны урд ирсэн тухайн үед би нилээн согтуу байсан учир таксинд унтсан байсан. Тэгээд би таксинаас буухдаа түрүүвчтэй мөнгөө үлдээсэн байсан. ...Маргааш нь цүнхэндээ түрүүвчээ үзэхэд байхгүй байсан... ...Миний бичиг баримт болон түрүүвчийг өгсөн хүнээс “та миний түрүүвч бичиг баримтыг хаанаас авсан юм бэ” гэхэд тэр хүн надад хэлэхдээ “Дэнжийн мянгын ойролцоо гүүрэн доор явж байсан чинь газар түрүүвч байхаар нь авсан...гэсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 05-06),

- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2019 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн СХЗ-19-152  дугаартай дүгнэлтэд “....576.750...” төгрөг гэх үнэлгээ (хавтаст хэргийн 12-13),

- Шүүгдэгч Л.Б..............нгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 2 дугаар сарын 02-нд өөрийн эзэмшлийн ........... УББ улсын дугаартай Тоуота Приус-20 маркийн авто машинтай таксинд явж байгаад хүнсний 4 дүгээр дэлгүүрээс хүн гар өргөхөөр нь тухайн хүнийг авсан. Тэр хүн надад хэлэхдээ Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороолол 34 дүгээр байр орно гэж хэлсэн ба тэр эмэгтэй нилээн согтолттой байсан юм. Тэгээд би хүнсний 4 дүгээр дэлгүүрээс хөдлөөд 30 орчим минутын дараа 1 дүгээр хорооллын 34 дүгээр байрны ард ирсэн чинь нөгөө эмэгтэй унтаж байсан. Тэгээд босоорой гэж хэлсэн чинь тэр эмэгтэй сэрэхгүй унтаад...нилээн удсан. Тэгээд тэр эмэгтэй гэнэт сэрхээр нь 34 дүгээр байрны гадаа ирчихлээ гэж хэлээд энэ байр мөн үү гэхэд тэр эмэгтэй надад үг хэлэлгүй...таксины 7000 төгрөгөө өгөлгүй буугаад яваад өгсөн. ...Гэмтэл өгсөөд явж байхдаа арагшаа харсан чинь тэр эмэгтэйн сууж байсан газар түрүүвч байсан. Тэгээд би тэр түрүүвчийг аваад дотор байгаа эд зүйлийг нь үзэхэд 415.000 төгрөг түрүүвчинд байсан ба тэр мөнгөнийг нь аваад таксинд шөнөжингөө явж байгаад өглөө гэр рүүгээ явж байхдаа Дэнжийн мянга захын гүүрнийх хажууд тухайн түрүүвчийг хаясан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 58-59) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Л.Б...........н нь гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж хохирогч Г.Б.............агийн түрүүвчин дэх мөнгийг завшсан болох нь хохирогч, яллагдагч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

Тиймээс улсын яллагчаас шүүгдэгч Л.Б..............нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын гээгдэл эд хөрөнгө буюу бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч нь, улсын яллагчаас гаргасан гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүйг тэмдэглэх нь зүйтэй байна

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.Б.............ад 576.750 төгрөгийн хохирол учирснаас хохирогч нь зарим эд зүйлсийг биет байдлаар буцаан авч, 415.000 төгрөгийг шүүгдэгч нь бүрэн төлж барагдуулсан болох нь тогтоогдож байх тул шүүгдэгч Л.Б..............нг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч Л.Б..............нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг,

Шүүгдэгч улсын яллагчийн гаргасан торгох ялыг хүлээн зөвшөөрч байна. Иймд торгох ялын доод хэмжээгээр торгуулийн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Л.Б..............н нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн” байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Л.Б..............н нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт тус тус заасны дагуу гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлж, хохирогчтой эвлэрсэн баталгааг гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ. Ийнхүү хүсэлтийг хангаж Л.Б..............нд эрүүгийн хариуцлага хүлээлгэх санал гаргахдаа улсын яллагчаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасныг баримталсан байна.

Иймд шүүгдэгч Л.Б...........нг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн торгох ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Л.Б..............н нь торгох ял оногдуулсантай холбогдуулан дээрх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.  

Эрүүгийн 1908 0122 40413 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сартуул овогт Л..............рын Б..............н нь гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б..............нг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянган) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б..............нд оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Л.Б..............н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус  дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Г.МӨНХЗУЛ