Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 32

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч  Л.Батжаргал даргалж,  тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Капитал банкны Замын-Үүд салбарын нэхэмжлэлтэй, Л.Батболдыг эрэн сурвалжлуулж, оршин суугаа хаягийг тогтоолгох тухай иргэний хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтансүх, нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Б.Отгонцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Голомт банкны Замын-Үүд салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Капитал банк нь иргэн Лхамсүрэнгийн Батболдтой 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 624 дугаартай лизингийн барьцаат зээлийн гэрээ байгуулан 1300.000 /Нэг сая гурван зуун мянга/ төгрөгийг 24 сарын хугацаатайгаар, сарын 2,5 хувийн хүүтэйгээр зээлсэн байдаг.

Зээлийн барьцаанд- Toshiba 32 led телевизор 1ш, sharр хөргөгч 1ш

Зээлдэгч Л.Батболд нь зээл авсанаас хойш зээлийн гэрээний үүргээ удаа дараа зөрчин зээл, зээлийн хүүний төлбөрийг төлөхгүй банкийг өнөөдрийг хүртэл хохироосоор байна.

Хариуцагч Л.Батболд нь үндсэн зээлийн үлдэгдэл 906.806,81 төгрөг нэмэгдүүлсэн хүү 889.098,8 төгрөг нийтдээ 1795.896,61 /Нэг сая долоон зуун ерэн таван мянга найман зуун ерэн зургаан төгрөг жаран нэгэн мөнгө/ төгрөгийн үлдэгдэлтэй байгаа бөгөөд оршин суугаа газар болон хаяг нь тодорхойгүй байгаа тул эрэн сурвалжлах захирамжийг гаргаж өгнө үү  гэжээ.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгч байгууллагын шүүхэд гаргасан  нэхэмжлэлийг  хангаж шийдвэрлэх  үндэслэлтэй гэж үзлээ.

Л.Батболд нь 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 624 дугаартай лизингийн барьцаат зээлийн гэрээ байгуулан 1300.000 /Нэг сая гурван зуун мянга/ төгрөгийг 24 сарын хугацаатайгаар, сарын 2,5 хувийн хүүтэйгээр зээл авсан нь 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн лизингийн барьцаат зээлийн гэрээний хуулбар, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт,  нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Зээлдэгч Л.Батболд нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, хаана байгаа нь тодорхойгүй байх тул түүнийг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрын хаягыг нь тогтоох үндэслэлтэй байна гэж үзлээ.

Л.Батболд нь Замын-Үүд сумын 1 дүгээр баг Цаг Уурын байрны 1-23 тоот  оршин сууж байсан бөгөөд одоогоор Булган аймгийн Хутаг-Өндөр суманд байж болзошгүй. Холбоо барих утасны дугаар нь 99233086  /Эхнэр Нарангэрэлийн гар утасны дугаар 99739314,  Бэр дүүтэй нь холбоо барих утасны дугаар 88500095/ зэргийг  дурдах нь зүйтэй байна. 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-т заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Боржигон овогт  Лхамсүрэнгийн Батболд /РД:ЙР80101815/-ыг  эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Л.Батболдыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрмөгц зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурдсугай.

5.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч,  түүний өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор  Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ   Л.БАТЖАРГАЛ