Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 345

 

 

                                                           

 

 

 

 

 

 

  2020        04            30                                    2020/ШЦТ/345

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,

улсын яллагч Б.Чимгээ,

шүүгдэгч Х.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Монгол овогт Хатанбаатарын Тд холбогдох эрүүгийн 2011 0000 00356  дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1992 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машины жолооч мэргэжилтэй, “Берна партнер” ХХК-д ковшийн оператор ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хорооллын 10-58 дугаар байрны 52 тоотод оршин суух,

-урьд нь 2012 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 111 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулсныг 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсаж байсан, Монгол овогт Хатанбаатарын Т, /РД:______/,  

/Холбогдсон хэргийн талаар/

Шүүгдэгч Х.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.                                                      

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүгдэгч Х.Т нь 2020 оны 4 дүгээр сарын 09-ний шөнийн 02 цагийн үед Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутагт байх нийтийн байранд амарч байсан А.Пүрэвбатыг танил Б.Энхчимэгээр нь дуудуулж гаргаж ирээд хамтран амьдрагч Ц.Солонготой хардсаны улмаас зүүн шанаа толгой хэсэгт цохиж, жийж унагаад өшиглөх, өвдөглөх зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Т мэдүүлэхдээ “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...”  гэв,

Шүүгдэгч Х.Т мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Пүрэвбат “Акума төвийн үүдэнд гараад ирэхээр нь би цээжрүү нь жийгээд бөгсрүү нь өшиглөөд хавирч унагаагаад цээжрүү нь 3 удаа өшиглөөд толгойруу нь өшиглөөд гараараа хаахаар нь гарлуу нь өшиглөж байтал Пүрэвбат “та юу ч мэдэхгүй байж яагаад байгаан гэхээр” нь би андуураад буруугаар ойлгосноо мэдээд уучлалт гуйгаад яваад өгсөн...” гэх /хх-н 14х/,  

Хохирогч А.Пүрэвбат мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... 2020 оны 4 дүгээр сарын 09-ний шөнийн 02 цагийн үед Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутагт байх нийтийн байранд унтаж байтал манай найз Отгончимэгийн эгч Энхчимэг залгаад аниагийн дүү хаана байгаа юм, Отгончимэг, Солонго 2 хаана байна гэхээр нь мэдэхгүй ээ би унтаж байна гэхэд чи яг одоо гараад ирээ, гарч ирэхгүй бол лай болно шүү гэсэн. Тэгэхээр нь би гараад иртэл нэг танихгүй ах намайг шууд жийж унагаад толгой руу олон удаа өшиглөсөн. Тэгэхдээ чи миний эхнэрийг уруу татаж архи уулаа гээд байсан, би цуг архи уугаагүй гэхэд ахыгаа уучлаарай гээд яваад өгсөн. Эхнэртэйгээ хардсан юм шиг байна билээ. Тэр хүн архи уугаагүй байсан... би гомдолгүй, миний эмчилгээний зардлыг төлсөн” гэх /хх-ийн 8-10х/,

Гэрч Б.Энхчимэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... 2020 оны 4 дүгээр сарын 08-ны шөнө 23:45 цагийн үед Солонгоогийн нөхөр Т залгаад та Пүрвээ гэх залуугийн гэрийг мэдэх үү, Пүрвээтэй уулзмаар байна гэхэд нь би мэдэхгүй гэсэн. Тэгтэл шөнө 01 цагийн үед дахиж залгаад Солонго, Пүрвээгийнд байна ирээд ав гэнэ, би 32 дээр ирчихлээ, та хүрээд ирэх үү гэхээр нь 02 цагийн үед 32 дээр иртэл Т зогсож байсан. Тэгээд бид 2-г уулзаж байхад Солонго Акумагийн арын гудамжнаас согтуу гараад ирсэн. Би Отгончимэг хаана байна гэхэд Пүрвээ тэр 2-той хамт байсан ч юм шиг худлаа юм ярьж байснаа таксинд суугаад зугтаачихсан. Тэгээд Пүрэвээ рүү залгаад гараад ир гээд гарч ирэхэд нь Т шууд чи яагаад нөхөр хүүхэдтэй хүнийг дагуулаад архидаад байгаа юм гээд хавирч унагаад өшиглөсөн. Пүрэвбат би хамт архи уугаагүй, яагаад намайг зодоод байгаа юм гэхэд Т болиод ахыгаа уучлаарай гээд яваад өгсөн. Пүрэвбат манай дүү Отгончимэгийн багын нь найз байгаа юм... ” гэх /хх-ийн 11-12х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Н.Туяагийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 4496 дугаартай дүгнэлтэд:

А.Пүрэвбатын биед сарвуунд зөөлөн эдийн няцрал, сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдсон,

дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн,

Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна,

цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй,

дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэх /хх-ийн 18-19х/,

Шүүгдэгч Х.Тгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 28х/,

Шүүгдэгч Х.Т хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт /хх-ийн 41х/,

Хохирогч А.Пүрэвбат хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт /хх-ийн 40х/,

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 43х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.   

Иймд шүүгдэгч Х.Тэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.  

Шүүгдэгч Х.Т нь 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах прокурорын саналыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Тэг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон 

 

                                                                                                          ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Монгол овогт Хатанбаатарын Тэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Тд 500 /таван зуун /цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч Х.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.

6. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   П.АРИУНБОЛД