| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 137/2017/0046/И |
| Дугаар | 33 |
| Огноо | 2017-01-19 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 33
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Л.Батжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Капитал банкны Замын-Үүд салбарын нэхэмжлэлтэй, Г.Доржрагчааг эрэн сурвалжлуулж, оршин суугаа хаягийг тогтоолгох тухай иргэний хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтансүх, нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Б.Отгонцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Голомт банкны Замын-Үүд салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Капитал банк нь иргэн Гансүхийн Доржрагчаатай 2012 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 366 дугаартай лизингийн барьцаат зээлийн гэрээ байгуулан 1400.000 /Нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг 24 сарын хугацаатайгаар, сарын 2,5 хувийн хүүтэйгээр зээлсэн байдаг.
Зээлдэгч Г.Доржрагчаа нь зээл авсанаас хойш зээлийн гэрээний үүргээ удаа дараа зөрчин зээл, зээлийн хүүний төлбөрийг төлөхгүй банкийг өнөөдрийг хүртэл хохироосоор байна.
Хариуцагч Г.Доржрагчаа нь үндсэн зээлийн үлдэгдэл 1025.814,08 төгрөг, үндсэн зээлийн хүү 1031.584,76 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12.255,81 төгрөг, нийт 2069.654,65 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа бөгөөд оршин суугаа газар болон хаяг нь тодорхойгүй байгаа тул эрэн сурвалжлах захирамжийг гаргаж өгнө үү гэжээ.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэгч байгууллагын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Г.Доржрагчаа нь 2012 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 366 дугаартай лизингийн барьцаат зээлийн гэрээ байгуулан 1400.000 /Нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг 24 сарын хугацаатайгаар, сарын 2,5 хувийн хүүтэйгээр зээл авсан нь 2012 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн лизингийн барьцаат зээлийн гэрээний хуулбар, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Зээлдэгч Г.Доржрагчаа нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, хаана байгаа нь тодорхойгүй байх тул түүнийг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрын хаягыг нь тогтоох үндэслэлтэй байна гэж үзлээ.
Г.Доржрагчаа нь Замын-Үүд сумын 2 дугаар баг Борхойн 2-44 тоот хаяг дээр талх, нарийн боовны цех ажиллуулж байсан бөгөөд одоогоор Сэлэнгэ аймгийн Шаамар суманд байх магадлалтай, дүү Билгүүний холбоо барих утасны дугаар 99594432 зэргийг дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Номгон овогт Гансүхийн Доржрагчааг /РД:МТ83100514/ эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Г.Доржрагчааг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрмөгц зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ